Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 700

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг Н.Энхнаран хөтлөн,

улсын яллагч Х.Онолт,

шүүгдэгч Э.С , өмгөөлөгч Г.Буянбадрал /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 3095/,

гэрч Ө.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Боржигон овогт Э.С г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0415 70665 дугаартай, нэг хавтас хэргийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Э.С , Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үед “..........” эмнэлэгт асрагч сувилагчаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, гурван  хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, ..... байрны ...... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...........).

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Э.С  нь 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 11 цаг 32 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “..........” эмнэлгийн хүлээлгийн танхимд иргэн М.М гээгдүүлсэн хар өнгийн түрийвчтэй эд зүйлсийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 1.536.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг:

Шүүгдэгч Э.С  мэдүүлэхдээ: Мэдүүлэг гаргахгүй гэв.

            Гэрч Ө.Х мэдүүлэхдээ: Тэр өдөр “..........” эмнэлэгт манай нөхөр хөлөө үзүүлэхээр очсон. Бид хамт хоол идье гээд гарч явсан. Манай нөхрийн хөл нь өвдөөд байсан тул ард хоцорч яваад үлдсэн. Тэгээд нөхөр булан эргээд явж байснаа миний түрийвч алга байна гэхээр нь би зогсож байсан газраа буцаж очоод түрийвчийг нь хайсан боловч байгаагүй. Ингээд цагдаад мэдэгдээд “..........” эмнэлгийн камерын бичлэг шүүж үзэхэд энэ шүүгдэгч гэх эмэгтэй авсан бичлэг байсан. Тухайн үед камерын бичлэг нь байгаа болохоор өгчихнө л гэж бодсон. Үнэхээр гомдолтой байна. Нөхрийн түрийвч дотор жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, алт байсан. Тухайн алтыг гэр бүл болж тусдаа гарахад нөхөрт маань эцгээс нь өвлөгдөж ирсэн, 5-6 жил болж байгаа юм. Мөнгөний хувьд манай нөхөр эмнэлэгт хэвтэнэ гээд хүнээс 500.000 төгрөгийг авсан байсан. Б гэдэг хүнээс урьд өдөр нь цалин гэж авсан. М.М  Б гэдэг хүний морийг уядаг учраас цалин гэж авч байсан. Манай нөхөр хохирол төлбөрт мөнгө аваагүй гэв.

Хоёр. Эрүүгийн 1908 0415 70665 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1.Хохирогч М.М мөрдөн шалгах ажиллагаанд:

2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр өгсөн:

“...2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр би Баянхонгор аймгаас эхнэр Х гийн хамт Улаанбаатар хотод ирээд “..........” эмнэлэгт хөлөө үзүүлэхэд хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэсэн. 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “..........” эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээр уг эмнэлэгт байж байгаад халааснаасаа бэлэн 500.000 төгрөг, 8 грамм алт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх хийсэн байсан түрийвчээ гээгдүүлсэн. Ингээд  түрийвчээ алга болчихоор нь эмнэлгийн хяналтын камерыг шүүж үзэхэд би сандал дээр сууж байгаад босож явах үед миний өмдний халааснаас түрийвч унасныг би анзаараагүй цааш алхаж явахад эмнэлгийн ажилтан эмэгтэй надтай зөрж өнгөрөхдөө миний гээгдүүлсэн түрийвчийг авч байгаа бичлэг байсан. Миний түрийвчийг авсан эмнэлгийн ажилтан эмэгтэй газраас миний түрийвчийг аваад миний алхсан зүг рүү алхаж, булан эргээд хамгийн эхний нэг өрөө рүү миний түрийвчийг гартаа бариад орж байгаа бичлэг байхаар нь шууд цагдаад хандсан. Гэтэл тухайн эмэгтэй би түрийвчийг чинь булан эргээд нэг хүнд өгсөн гээд худлаа яриад байгаа. Миний түрийвч эрэгтэй хүний, бор өнгөтэй, том хэмжээтэй, арьсан түрийвч байсан. Уг түрийвчийг 10 жилийн өмнө 15.000 төгрөгөөр Баянхонгор аймгийн зах дээрээс худалдаж авч байсан. Түрийвч дотор бэлэн 500.000 төгрөг, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, 8 грамм алт байсан. Иргэний үнэмлэх 20.000 төгрөг, жолооны үнэмлэх 50.000 төгрөг, 8 грамм алтыг 400.000 төгрөг хавьцаа байх гэж бодож байна, алтыг зах зээлийн ханшаар үнэлнэ. 500.000 төгрөгийг банкнаас аваагүй, бэлэн байсан. Хөдөө орон нутгаас эмчилгээ хийлгэж, эмнэлэгт хэвтэхээр ирээд түрийвчээ алдчихлаа. Камерын бичлэгт эмнэлгийн ажилтан эмэгтэй миний түрийвчийг газраас аваад өөр хэн нэгэнд өгч байгаа зүйл огт байдаггүй. Баруун гартаа миний түрийвчийг бариад булан эргээд хамгийн эхний өрөө рүү орж байгаа нь бичлэгээс харагдаж байгаа. Миний хохирлыг барагдуулаад өгчихвөл надад гомдол байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар тал),

-хохирогчоор 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дахин өгсөн:

“...Миний түрийвч бор өнгөтэй, эрэгтэй загварын, гол хэсгээр нь нуглардаг жижиг түрийвч байгаа. Дотор нь миний өөрийн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, янз бүрийн нэрийн хуудас, 500.000 төгрөг, хорин мянгатын дэвсгэрт, арван мянгатын дэвсгэрт, бүхэл мөнгө байсан. Мөн түрийвчний дотор жижиг дөрвөлжин загвартай, нээгддэг коноптой, тасалгаатай хэсэгт миний аав Т.Монхороос уламжлагдаж ирсэн байгалийн цэвэр 1 ширхэг бөөрөнхий загвартай 0.8 граммын цэвэр алт байсан. Тухайн 500.000 төгрөгийг энэ зун хамтран морь уясан нутгийн хуурхай ах Монгол Улсын алдарт уяач Д.Б надад эмчилгээгээ сайн хийлгээрэй, баярлалаа гээд өгсөн. Үүнийг нотлох хүн бол Д.Б , манай эхнэр Ө.Х нар юм. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 0.8 грамм алтны зах зээлийн үнийг “Монгол банк”-аас залгаж асуухад 1.031.000 төгрөг болж байна гэсэн. Учирсан хохирлоо нөхөн төлүүлэх хүсэлттэй байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дугаар тал),

-хохирогчоор 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр дахин өгсөн:

“...2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “..........” эмнэлэг дээр эмчилгээ хийлгэхээр ирэхдээ эд зүйлээ гээсэн. Би эд зүйлээ алдсанаас хойш хэд хоногийн дараа “..........” эмнэлгийн эмчилгээ хариуцсан захиралтай уулзаад “танай сувилагч миний эд зүйлийг авчихаад өгөхгүй байна, камерын бичлэгт танай сувилагч авч явж байгаа бичлэг бичигдсэн байна, би танайд эмчилгээ хийлгэж байгаа, эмчилгээний мөнгөө алдчихлаа” гэж хэлсэн чинь “манай ажилтны гэм буруутай нь тогтоогдвол таныг манай эмнэлгийн зүгээс хөнгөлөлттэй эмчилгээ хийж өгнө, ажилтанд хариуцлага тооцож цалингаас нь хохирол мөнгийг нь барагдуулж өгнө” гэж хэлсэн. Миний түрийвчийг авсан эмэгтэй тухайн үед надад хэлэхдээ “та тэр үедээ надтай тохирчихгүй, би таньд туслаад эмчилгээ хийлгэж болох байсан шүү дээ, би таныг юмыг авах хүн биш, миний дансанд мөнгө байгаа, шалгаж үзэх үү, би тийм аргаа барсан хүн” биш гээд байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дүгээр тал),

2. Гэрч Ө.Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Манай нөхөр М  өнөөдөр өглөө “..........” эмнэлэгт үений шингэн соруулахаар ирсэн. Тэгээд манай нөхөр цүнхэнд өөрийнхөө бор өнгийн түрийвчээ хийсэн. Бид яаралтай тусламжийн өрөөний сандал дээр сууж байгаад би нөхөртөө утас болон түрийвчийг нь өгсөн. 20 гаруй минут хүлээж байгаад эмчийг нь ирсэн эсэхийг асуухад ирээгүй байна гэхээр нь би нөхөртөө цай уугаад явлаа, унаанаасаа хоцрох нь гэж хэлээд босоод булан тойроод явахад манай нөхөр түрийвч байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд гайхаад очоод үзэхэд түрийвч байхгүй, дөрвөн хүн байсан. Тухайн хүмүүсээс асуухад мэдэхгүй гэж хэлэхээр нь цагдаад хэлсэн. Нөхрийн түрийвчийнд иргэний болон жолоочийн үнэмлэх, 500.000 төгрөг байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр тал),

3. Гэрч Ш.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Намайг өрөөндөө сууж байхад өнөөдрийн 11 цаг 32 минутад С  залгаад “та хаана байгаа юм бэ, би сэхээний тасгийн бичиг хэргийн хангамж авах гэсэн юм” гэхээр нь би “дээшээ гарч ирээд шаардахаа бичээд юмаа ав” гэж хэлтэл удалгүй өрөөнд ирээд шаардахаа бичсэн. ...С тай хамт өрөөнөөс гараад рентген өнгөрөөд шатаар бууж байхад С  лабораторын үүдэн дээр хүнтэй юм яриад үлдсэн. Тэр газар нь яаралтай тусламжийн хүлээлгийн танхим байсан. Тэгээд над руу бууж ирээд “Д  эгчээ гэдэс өвдөөд байна, ариун цэврийн өрөөний түлхүүрээ өгөөч” гэхээр нь би түлхүүр өгөөд ариун цэврийн өрөө рүү ороход хүн байсан. С  болиод уутанд юмнуудаа хийгээд аваад явсан. Тэр үед гарт нь ямар нэгэн юм байгаагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал),

4. Гэрч Д.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...М  нь уяач бөгөөд 2019 оны зун над дээр хоёр сар миний морийг уяж өгсөн. 8 дугаар сард хот руу явахад нь би цалин гэж 500.000 төгрөг өгч байсан. М  цалингаа аваад шууд Улаанбаатар хот руу явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дугаар тал),

5. Шүүгдэгч Э.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...Миний бие 2018 оны 4 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "..........” эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан. 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 11 цагийн үед хоёр давхрын сэхээний тасгаас доод давхраас цус авах гээд 1 давхрын лабораторын коридорт явж байтал шалан дээр хар өнгийн юм харагдахаар нь ойртоод хартал нэг хэтэвч байхаар нь аваад эргэж хараад тэр хавийн хүмүүсээс “энэ хэний хэтэвч вэ” гэж асуухад үл таних, 50 орчим настай, махлагдуу эмэгтэй “миний хэтэвч байна” гээд авсан. Тэгээд хэтэвчийг нь өгснийхөө дараа би бие засах өрөө ороод үргэлжлүүлээд цус авахаар явсан. Ямар ч байсан хар өнгийн хэтэвч байсан. Эрэгтэй, эмэгтэй хүнийх эсэх болон ямар материалтай байсныг анзараагүй. Би хэтэвчийг олоод булан эргэлгүйгээр олсон газраасаа ойролцоогоор хоёр алхаад л тэр үл таних эмэгтэйд өгсөн. Дотор эд зүйлсийг нь хараагүй. Хэрхэн эргэж холбогдох талаар мэдэхгүй, огт танихгүй эмэгтэй байсан. Хохирлоос 30.000 төгрөгийг тэр явдлаас хойш нэг сарын дараа цагдаа дээр очиж мэдүүлэг өгсний дараа хохирогчийн хэлснээр дансаар нь шилжүүлж өгсөн. Тэр хэтэвчинд үнэхээр 500.000 төгрөг байсан эсэхэд эргэлзэж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84-85 дугаар тал),

6. 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд:

“...Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “..........” эмнэлэг байх ба тус эмнэлгийн яаралтай хүлээн авах тасгийн танхимын ертөнцийн зүгээр хойд талын 3 ширхэг залгаа ногоон өнгийн зөөлөн порлоноор бүрхсэн сандал дээр сууж байхад халаасанд хэтэвч байсан гэж хохирогч М.М  заав. ...” гэсэн хэсэг, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 14-16 дугаар тал),

7. 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:

“...Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “..........” эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн хүлээн авахын хяналтын камерын бичлэгийн 1 дүгээр хэсгийг эхлүүлэхэд коридорын ногоон өнгийн сандал дээрээс улбар шаргал өнгийн саравчтай малгай, цамцтай, хар бараан өнгийн өмд, гутал өмссөн эрэгтэй 2019.8.07-ны өдрийн 11 цаг 32 минут 27 секундэд босох үед өмднийх нь халааснаас хар бараан өнгийн түрийвч унах ба түүнийгээ анзааралгүй цааш алхахад 11 цаг 32 минут 30 секундэд цэнхэр өнгийн эмнэлгийн хувцастай, шар үстэй эмэгтэй хүн хүлээн авах тасгийн танхимын голд унасан хэтэвчийг аваад хар өнгийн хувцастай эмэгтэйтэй 11 цаг 32 минут 38 секундэд юм ярьж зогсох бөгөөд 11 цаг 32 минут 43 секундэд төв хүлээн авах руу эргэсэн коридороор эмнэлгийн хувцастай, шар үстэй эмэгтэй хэтэвчийг гартаа атгасан чигээр ганцаараа явав.

2 дугаар бичлэг буюу “..........” эмнэлгийн төв хүлээн авах тасгийн яаралтай тусламжийн хүлээн авах руу харсан хяналтын камерын бичлэгийг эхлүүлэхэд 2019.8.07-ны өдрийн 11 цаг 32 минут 43 секундэд яаралтай тусламжийн хүлээн авахын танхимаас газраас авсан хэтэвчээ гартаа барьсан хэвээр алхаж байгаад бор өнгийн хаалга татаж орж байгаа дүрс бичигдсэн байв. …” гэсэн хэсэг, схем зураг (хавтаст хэргийн 54-55 дугаар тал),

8. 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр камерын бичлэгт дахин үзлэг хийсэн тэмдэглэлд:

“...Хохирогч М.М  нь 11 цаг 32 минут 27 секундэд хүлээлгэний сандлаас босох үед өмндний халааснаас нь хар өнгийн хэтэвч шалан дээр унаж байх ба хэтэвчээ унагасан гэж анзааралгүй цааш хаалга руу явах үед уг эмнэлгийн сувилагч С тай зөрөөд орж ирж байна. С  хохирогч М.М газар унагасан хар өнгийн хэтэвч рүү шууд очоод 11 цаг 32 минут 32 секундэд газар унасан хэтэвчийг баруун гараараа газраас авч байх бөгөөд эргээд М , түүний эхнэр Х гийн араас алхах үед хаалганы наана хар бараан өнгийн хувцастай, 40-45 орчим насны эмэгтэй хүн С гаас ямар нэгэн зүйл асуугаад уг эмэгтэй наашаа баруун талын хаалга руу чиглээд алхаад явав. Энэ үед С  баруун гартаа барьсан хар өнгийн хэтэвчийг барьсан чигээрээ булан тойроод коридор руу алхав.

Үзлэг 2: Үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд 11 цаг 33 минут 04 секундэд хохирогч М , түүний эхнэр Х нар хүлээлгийн заал руу орж ирэн гээсэн түрийвчээ хайж байгаа бололтой сандлын доогуур болон цүнхээ үзэж шалгаад зогсож байх үед буюу 11 цаг 33 минут 41 секундэд сувилагч С  орж ирээд М , Х хоёрыг хараад хажуугаар нь зөрөөд, зүүн баруун гар талын хаалгаар гараад явж байгаа бичлэг байв.

Үзлэг 3: Үзлэгийг үргэлжлүүлэхэд хохирогч М , Х хоёр хүлээлгийн заалнаас гарч коридороор нааш алхаад коридорын наад талын үзүүрт зогсоод өмднийхөө халаас, цүнхээ тэмтрээд зогсож байх үед С  баруун гартаа хар өнгийн хэтэвч барьсан чигээр араас нь явж байгаад зог тусан коридорын баруун талд байх бор өнгийн хаалгыг татаад орж байгаа бичлэг байна. Хохирогч М  халаасаа тэмтрээд буцаад хүлээлгэний заал руу явж байхад Х түрүүлж гүйгээд хүлээлгийн заал руу очив. Төд удалгүй 8 секундын дараа С  бор өнгийн хаалгыг онгойлгон гарч ирээд хүлээлгийн заал руу чиглээд булан тойрч байх ба гартаа ямар нэгэн зүйл бариагүй байв. ...” гэсэн хэсэг, тус хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 56-57, 53 дугаар тал),

9. Э.С гаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд:

“...Асуулт: Та тухайн хяналтын камерт бичигдсэн өөрийгөө хараад таньж чадах уу? Ямар содон шинж байдал, онцлогоор нь таних вэ гэхэд

Хариулт: Өөрийгөө таньж зааж өгч чадна. Хөх өнгийн эмнэлгийн сувилагчийн хувцастай байсан, урьд өмнө нь эмнэлгийн камерын бичлэгт миний явж байгаа бичлэг байсан гэв.

Асуулт: Танд үзүүлсэн 2 ширхэг камерын бичлэгт явж байгаа хөх цэнхэр өнгийн эмнэлгийн сувилагчийн хувцастай явж байгаа хүн та мөн үү гэхэд

Хариулт: Би мөн байна, тэр үед байнга лаборатор руу явдаг учир тийшээ явж байсан. Би камерын бичлэгт лабораторын өрөө рүү явж байгаад хар юм харагдаад байхаар нь авсан. Энэ камерын бичлэгт бичигдсэн хүн бол би байна. 2 дахь камерын бичлэгт булан тойроод гарч ирж байгаа хөх өнгийн эмнэлгийн сувилагчийн хувцастай явж байгаад ариун цэврийн өрөө рүү орж бие зассан. Энэ камерын бичлэгт газраас авсан түрийвч болон өөрийн барьж байсан 2 гар утсыг хамт барьсан явж байгаад ариун цэврийн өрөө рүү ороод гарч байгаа байдалтай бичигдсэн хүн би байна, өөрийгөө хараад шууд таньж байна гэв.

Асуулт: Та хоёр камерын бичлэгийг үзлээ. Тэр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “би хүлээлгийн танхимын хажуугаар 2, 3 удаа явсан. Тэгээд яаралтай тусламжийн хүлээлгийн танхимд явж байтал нэг эгч надаас юм асуухаар нь би хариулчихаад цааш эргээд нэг эмэгтэй хүнд хэтэвчийг өгсөн гэж мэдүүлсэн. Энэ хоёр камерын бичлэгт түрийвч өгсөн эмэгтэй байна уу гэхэд

Хариулт: Миний үзэж байгаа хоёр камерын бичлэгт миний хэтэвч өгсөн эмэгтэй хүн алга гэв.

Асуулт: Та хүн андуурч таньж байгаа асуудал гаргаж байгаа юм биш биз дээ гэхэд

Хариулт: Андуураагүй. Би өөрийгөө хараад таньж байна. Өөрийнхөө хувцас болон үсээр таньж байна. ...” гэсэн хэсэг, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 73-77 дугаар тал),

10. 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр яллагдагч Э.С гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд:

“...Яллагдагч Э.С  “би хэтэвч олоод шууд булан эргэлгүйгээр олсон газраасаа ойролцоогоор хоёр алхаад л тэр үл таних эмэгтэйд хэтэвчийг өгсөн. Өөрөөр хэлбэл булан эргэхээс өмнө өгсөн” гэж мэдүүлсний дагуу Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “..........” эмнэлгийн үүдээр орж нэг давхрын коридороор яван яллагдагч Э.С  “нөгөө хэтэвч олсон газар нь энд байна” гэсний дагуу өөрөөр нь хэтэвч олсон гэх газар руу нь заалгаж, гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч, ажиллагааг үргэлжлүүлэн яллагдагч Э.С  “тэгээд би олсон хэтэвчээ аваад яг энд хүнд нь буцааж өгсөн” гэснийг өөрөөр нь буцааж өгсөн гэх газар руу нь заалгаж, гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. ...” гэсэн хэсэг, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 89-91 дүгээр тал),

11. “Дамно” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн СХД-3-19-628 дугаартай “...иргэний үнэмлэхийг 18.300 төгрөгөөр, жолооны үнэмлэхийг 12.500 төгрөгөөр, хэтэвчийг 5600 төгрөгөөр, 8 гр алтыг 1.000.000 төгрөгөөр, мөнгө 500.000 төгрөгөөр тус тус үнийг тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 46-47 дугаар тал),

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

            12. Гэрч Ц.Энхсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

            “...Би С гийн төрсөн эх нь байгаа юм. С  нөхөр болон 4-10 насны 3 хүүхэдтэйгээ Баянгол дүүргийн 12 дугаар хороонд амьдардаг. Одоо “..........” эмнэлэгт сувилагч хийдэг. Бүрэн дунд боловсролтой. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дүгээр тал),

            13. Шүүгдэгч Э.С гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 59 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн  68 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 60 дугаар тал), түүний нэр дээр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 61-62 дугаар тал), 2018 оны 4 дүгээр сараас 2019 оны  дугаар сар хүртэлх хугацааны Нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 63 дугаар тал), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 64 дүгээр тал),

хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 94-95 дугаар тал), түүний “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 96-114 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.С д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.С  нь 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 11 цаг 32 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “..........” эмнэлгийн хүлээлгийн танхимд иргэн М.М гээгдүүлсэн хар өнгийн түрийвчтэй эд зүйлсийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 1.536.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.  

Шүүгдэгч Э.С  нь хохирогчийн эд зүйлийг газраас олсон, цаашид өөр хүнд дамжуулсан гэж маргадаг ч хэрэгт авагдсан баримтуудаар энэ нөхцөл байдал үгүйсгэгддэг. Хяналтын камерын бичлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа зэргээр хохирогчийн гээгдүүлсэн эд зүйлийг бусдад дамжуулсан үйлдэл харагддаггүй, эд хөрөнгийг завшсан болох нь тогтоогдсон. Алтны хэмжээний хувьд хохирогчоос анх гэмт хэргийн талаар гомдол гаргахдаа л алтны талаар дурдсан. Мөн хоёр удаа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө мөн энэ талаар мэдүүлсэн. 500.000 төгрөгийг гэрч Б өгсөн талаар мэдүүлэгт нь байгаа тул хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримтгүй. Шүүгдэгч тухайн эд зүйлийг аваагүй гэх боловч дотор нь байгаа зүйл дээр маргадаг. Хэрвээ нээж үзээгүй, дотор нь юу байсан талаар мэдээгүй байсан бол дотор нь алт байсан, байгаагүй гэдэг асуудалд маргаад байгаа нь эргэлзээтэй. Иймд Э.С г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай  гэсэн” дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Буянбадрал дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.С  2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “..........” эмнэлэгт сувилагчаар ажилд орсон, 1 жил 2 сар гаруй хугацаанд ажиллаж байсан, хяналтын камер хаана байгааг мэддэг, бичлэг хадгалагддаг талаар сайн мэдэх хүний хувьд хяналтын камерын бүсэд бусдын эд хөрнгийг хууль бусаар авч завших үйлдэл хийсэн гэдэг нь ойлгомжгүй, эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байна. Хохирогчийн зүгээс Э.С г түрийвчтэй эд зүйлийг авч байгааг хараагүй. Э.С гийн хувьд түрийвчтэй эд зүйлийг олоод эзэнд нь өгсөн гэж бодсон боловч жинхэнэ эзэнд нь өгөөгүй.

Хохирлын хувьд хохирогчийн түрийвчинд 500.000 төгрөг, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, 0.8 грамм алт байсан гэдэг боловч алтны грамм нь тодорхойгүй. Гэрч Х гаас ямар сорьцтой, ямар хэмжээтэй алт бэ гэдгийг асуухад тодорхой хариулт өгөөгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслээд үзэхэд 8 грамм байсан уу үгүй юу, сорьц нь хэд байсан, эд хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдаад байгаа шиг 1 грамм нь 125.000 төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний сорьцтой алт мөн үү, биш үү гэдэг эргэлзээтэй. Мөн хохирогчид 500.000 төгрөг түрийвчинд нь байсан эсэх эргэлзээтэй.  Хохирогч М.Мөнх-Эрдэнийг 2019 оны 8 дугаар сарын 05 болон 06-ны өдөр “..........” эмнэлэгт үзүүлсэн, ямар нэгэн төлбөр тооцоо төлсөн эсэх талаарх лавлагааг аваагүй нь өнөөдрийн байдлаар гэрч Б гэдэг хүнээс хохирогч М.М д шилжүүлсэн мөнгө бодитой байсан эсэх, энэ хүмүүс үнийн дүнг зохиосон эсэх нь эргэлзээтэй. Иймд эргэлзээтэй нотлох баримтууд байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Э.С гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Э.С  нь “..........” эмнэлэгт 2018 онд ажилд орж, тус байгууллагад сувилагчаар ажиллаж байхдаа 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 11 цаг 32 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “..........” эмнэлгийн хүлээлгийн танхимд иргэн М.М гээгдүүлсэн хар өнгийн түрийвчтэй эд зүйлсийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 1.536.400 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

-хохирогч М.М мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр өгсөн “... “..........” эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээр уг эмнэлэгт байж байгаад халааснаасаа бэлэн 500.000 төгрөг, 8 грамм алттай, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх хийсэн байсан түрийвчээ гээгдүүлсэн. ...эмнэлгийн хяналтын камерыг үзэхэд би сандал дээр сууж байгаад босож явах үед миний өмдний халааснаас түрийвч унасныг би анзаараагүй цааш алхаж явахад уг эмнэлгийн ажилтан эмэгтэй надтай зөрж өнгөрөхдөө миний гээгдүүлсэн түрийвчийг авч байгаа бичлэг байсан. ...Камерын бичлэгт эмнэлгийн ажилтан эмэгтэй миний түрийвчийг газраас аваад өөр хэн нэгэнд өгч байгаа зүйл огт байдаггүй. Баруун гартаа миний түрийвчийг бариад булан эргээд хамгийн эхний өрөө рүү орж байгаа нь бичлэгээс харагдаж байгаа. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар тал),

-2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дахин хохирогчоор өгсөн “...түрийвчний дотор ...миний аав Т.Монхороос уламжлагдаж ирсэн байгалийн цэвэр нэг ширхэг бөөрөнхий загвартай 0.8 граммын цэвэр алт байсан. 500.000 төгрөгийг ...Д.Б надад эмчилгээгээ сайн хийлгээрэй, баярлалаа гээд өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дугаар тал), 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дүгээр тал),

-гэрч Ө.Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Манай нөхөр М  өнөөдөр өглөө “..........” эмнэлэгт үений шингэн соруулахаар ирсэн. ...манай нөхөр түрийвч байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд гайхаад очоод үзэхэд түрийвч байхгүй, дөрвөн хүн байсан. Тухайн хүмүүсээс асуухад мэдэхгүй гэж хэлэхээр нь цагдаад хэлсэн. Нөхрийн түрийвчийнд иргэн болон жолоочийн үнэмлэх, 500.000 төгрөг байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр тал) болон шүүхийн хэлэлуүүлэгт гэрчээр өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),

-гэрч Д.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М  нь уяач бөгөөд 2019 оны зун над дээр ...8 дугаар сард хот руу явахад нь би цалин гэж 500.000 төгрөг өгч байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дугаар тал),

-шүүгдэгч Э.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 11 цагийн үед ...1 давхрын лабораторын коридорт явж байтал шалан дээр хар өнгийн юм харагдахаар нь ойртоод хартал нэг хэтэвч байхаар нь авсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84-85 дугаар тал),

-2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 14-16 дугаар тал),

-2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс “...Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “..........” эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн хүлээн авахын хяналтын камерын бичлэгийн 1 дүгээр хэсгийг эхлүүлэхэд коридорын ногоон өнгийн сандал дээрээс  улбар шаргал өнгийн саравчтай малгай, цамцтай, хар бараан өнгийн өмд, гутал өмссөн эрэгтэй 2019.8.07-ны өдрийн 11 цаг 32 минут 27 секундэд босох үед өмднийх нь халааснаас хар бараан өнгийн түрийвч унах ба түүнийгээ анзааралгүй цааш алхахад 11 цаг 32 минут 30 секундэд цэнхэр өнгийн эмнэлгийн хувцастай, шар үстэй эмэгтэй хүн хүлээн авах тасгийн танхимын голд унасан хэтэвчийг авсан. ...хэтэвчийг гартаа атгасан чигээр ганцаараа явав. ...11 цаг 32 минут 43 секундэд яаралтай тусламжийн хүлээн авахын танхимаас газраас авсан хэтэвчээ гартаа барьсан хэвээр алхаж байгаад бор өнгийн хаалга татаж орж байгаа дүрс бичигдсэн байв. …” гэсэн хэсэг, схем зураг (хавтаст хэргийн 54-55 дугаар тал),

-2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр камерын бичлэгт дахин үзлэг хийсэн тэмдэглэл, тус хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 56-57, 53 дугаар тал), таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 73-77 дугаар тал),

-2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр яллагдагч Э.С гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 89-91 дүгээр тал)  “Дамно” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн СХД-3-19-628 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 46-47 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Э.С  нь хохирогчийн гээгдсэн эд хөрөнгийг аваагүй, хэтэвч газар хэвтэж байхад нь авсан боловч тухайн хугацаанд өөр хүнд дамжуулж өгсөн гэж гэм буруугийн талаар маргасан, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нь гээгдэл эд хөрөнгө завшсан гэдэг нь эргэлзээтэй байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлт гаргасныг шүүх тус тус дараах үндэслэлээр хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв. Үүнд:

Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Э.С  нь 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр “..........” эмнэлэг дотор ажил үүргээ гүйцэтгэж явахдаа хохирогчийн гээсэн хэтэвчийг олж авсан, цааш явахдаа гартаа хэтэвчийг барьж явж байсан болох нь “..........” эмнэлгийг 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн хяналтын камерын бичлэгээр нотлогдсон. Тус бичлэг нь дүрсийн хувьд тод, өнгийг тодорхой харуулсан бичлэг байх ба, уг бичлэгт мөрдөн шалгах ажиллагаанд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, улмаар бичлэгийг шүүгдэгч Э.С д үзүүлж, таньж олуулах ажиллагаа явуулахад тухайн бичлэгт гарч байгаа үйл явц буюу ..........” эмнэлгийн үүдээр орж нэг давхрын коридороор явж байхдаа гээгдэн орхигдсон хэтэвчийг авч байгаа этгээд нь өөрөө болох талаар тайлбарласан, мөн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар хэтэвчийг олж авсан талаар мэдүүлсэн зэргээр хангалттай тогтоогдсон байна. Шүүгдэгч Э.С  нь хэтэвчийг олж гартаа авсан гэдэг хэсэгт маргадаггүй, энэ хэсэг нь бусад эх сурвалж баримтуудаар тогтоогдсон учраас энэхүү мэдүүлгийг хэсгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

Харин шүүгдэгч Э.С  нь тухайн гээгдэл эд хөрөнгө болох хэтэвчийг өөр этгээдэд шилжүүлсэн гэж мэдүүлэх боловч энэхүү мэдүүлэг нь бусад баримтаар тогтоогдоогүй, харин хэрэгт цугларсан нотлох баримтуудаар няцаагдсан тул түүний энэ талаарх мэдүүлэг, өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Гээгдэл эд хөрөнгө завших гэдэг нь өмчлөгч, эзэмшигч ашиглагчийн хайхрамжгүй, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхисон, санамсаргүй хаягдсан эд хөрөнгийг авч ашигласан үйлдлийг ойлгоно. Шүүгдэгч Э.С  нь тухайн үед гээгдэл эд хөрөнгийг бусдын эд хөрөнгийг гэдгийг мэдсээр байж завшиж байгаа нь шууд санаатай, шунахай сэдэлттэйгээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Мөн хохирогч М.М гээсэн хэтэвчинд 500.000 төгрөг, 8 гр алт байсан гэдэг нь нотлогдохгүй байна гэж шүүгдэгч, өмгөөлөгч нар маргах боловч хохирогч өөрт байсан 500.000 төгрөгийн эх сурвалжаа заасан буюу иргэн Д.Б гаас авсан талаар мэдүүлсэн, мөн гэрч Д.Б нь “М.М д 2019 оны 8 сард эмнэлэгт хэвтэхээр явахад нь 500.000 төгрөг цалин гэж өгсөн” талаараа мэдүүлсэн. Түүнчлэн 8 гр алтны тухайд хохирогч М.М д эцэг эхээс нь уламжлагдан өвлөгдөж ирсэн талаар мэдүүлсэн ба, хохирогч анх цагдаагийн байгууллагад гаргасан гомдолдоо /хх13/ 8 гр алт байсан талаар тэмдэглэсэн, мөн хохирогчид алт байсан эсэх талаар гэрч Ө.Х мэдүүлэхдээ “М.М  биднийг гэр бүл болоход түүний эцэг эхээс өвлүүлж алтыг өгсөн, бидэнд 5-6 жил болж байсан” гэж мэдүүлсэн зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудыг үгүйсгэх няцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул хөрөнгийн үнэлгээгээр хохирлын хэмжээг шүүх тодорхойлсон болно.

Иймд шүүгдэгч Э.С гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг дээрх зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт гэм  буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

“Дамно” ХХК нь хохирогч М.М иргэний үнэмлэхийг 18.300 төгрөгөөр, жолооны үнэмлэхийг 12.500 төгрөгөөр, хэтэвчийг 5600 төгрөгөөр, 8 грамм алтыг 1.000.000 төгрөгөөр тогтоосон, мөн бэлэн мөнгө 500.000 төгрөг байх ба, нийт 1.536.400 төгрөгийн хохирол хохирогч М.М д нийт учирсан байна.

Шүүгдэгч Э.С  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч М.М д 30.000 төгрөг өгсөн гэж мэдүүлэх боловч энэ талаар хохирол төлсөн болох нь баримтаар тогтоогдоогүй. Иймээс шүүгдэгч Э.С гаас 1.536.400 төгрөгийг гаргуулж хохирогч М.М д олгох үндэстэй.

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Э.С д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг;

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Буянбадрал дүгнэлтдээ “шүүгдэгчийн хувийн байдал буюу бага насны 3 хүүхэдтэй байдлыг харгалзан торгох ялыг багасгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна

Шүүгдэгч Э.С  нь Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолтоор урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Э.С г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн хохирол, хор уршиг арилаагүй зэрэг байдал, улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг багасах, өөрчлөх үндэслэлгүй тогтоогдоогүй тул түүнийг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.С  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

3. Бусад асуудлаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирүүлсэн “..........” эмнэлгийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.С  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Э.С г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С г 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С  нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн 1908 0415 70665 дугаар хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, ирүүлсэн “..........” эмнэлгийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С гаас 1.536.400 (нэг сая таван зуун гучин зургаан мянга дөрвөн зуу) төгрөгийг гаргуулж хохирогч М.М д олгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Э.С д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор тогтоолыг гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА