Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 1986

 

 

“ТЖХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2018/01760 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ТЖХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Н, Б.Ц нарт холбогдох

 

Түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 96 732 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны цахилгааны зардал 110 987 төгрөг, алданги 25 960 000 төгрөг, нийт 122 802 987 төгрөг гаргуулж, Б.Ц-тай байгуулсан 2014/02 тоот түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ТЖХ” ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр түрээслэгч Б.Нтой харилцан тохиролцож, Чингэлтэй дүүргийн 2 дугаар 40 мянгат 7/14 дүгээр байрны 1 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай, 250 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг орифлеймын сургалт, худалдааны чиглэлээр 1 сарын төлбөр 6 500 000 төгрөг байхаар түрээсийн төлбөрийн сар бүрийн 05-ны дотор төлөхөөр, 3 жилийн хугацаатай 2014/02 тоот түрээсийн гэрээ байгуулсан. Түрээслэгч Б.Н нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, мөн хуулийн 320.1 дэх заалт болон түрээсийн гэрээний 1.2 дахь заалтыг зөрчиж, заасан хугацаанд түрээсийн төлбөрийг өгөхгүй, хугацаа хоцроож, дутуу өгч, их хэмжээний түрээсийн төлбөрийн үлдэгдэл үүсгэсэн тул 2017 оны 8 дугаар сарын 17-нд харилцан тохирч гэрээг цуцалж, түрээсийн байрыг чөлөөлсөн. Мөн гэрээгээр ашиглалтын зардлыг түрээслэгч тал хариуцах тул 2017 оны 7 дугаар сарын цахилгааны мөнгө 110 987 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийг 35 сар түрээсэлсэн дутуу төлсөн төлбөрийн үлдэгдэл 96 732 000 төгрөг, алданги 48 366 000 төгрөг, нийт 145 208 987 төгрөгийг төлөх ёстой. Мөн тухайн үед түрээслэгчийн нөхцөл байдал, хүсэлтийг харгалзан харилцан тохиролцож, Б.Н эхнэр Б.Ц-тай дээрх объектыг 2014/02 тоот түрээсийн гэрээг 2 000 000 төгрөгөөр давхар үндсэн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн ба энэ гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус гэрээ байсан. Иймд Б.Н-с түрээсийн гэрээний төлбөрийн үүрэгт 96 732 000 төгрөг, алданги 48 366 000 төгрөг, нийт 145 208 987 төгрөгийг гаргуулж, Б.Ц-тай байгуулсан 2014/02 тоот түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэлд тооцуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 6 500 000 төгрөгийн түрээсийн гэрээнд Б.Н гарын үсэг зурсан. Анх 5 000 000 төгрөгийн түрээсийн гэрээг амаар байгуулсан. Орифлемийн сургалт явуулдаг байсан. Тус байранд зохион байгуулалт хийж 28 иргэн өрөө тус бүрт сууж, түрээс болон урсгал зардлыг төлдөг байсан. 2017 оны 2 дугаар сараас эхлэн Б.Н-той Ц.Н банкинд гэрээ батлуулан өгөх шаардлагатай байна гэж хэлээд 6 500 000 төгрөгийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Ингээд Хан-Уул дүүргийн шүүхэд түрээсийн төлбөрийн үлдэгдэл нэхэмжилж шүүхэд хандсан. 28 иргэний тооцоо үлдэгдэл байсан бөгөөд тус тусаас нь түрээсийн төлбөрөө авдаг. Б.Н-той холбоотой асуудлаар 28 иргэний ашиг сонирхол зөрчигдөөд байгаа. Түрээсийн гэрээний төлбөр 122 000 000 төгрөг нэхэж байгаа нь учир дутагдалтай, 28 иргэн янз янзаар түрээсийн төлбөрөө төлж байсан. Нийт иргэдийн түрээс төлсөн блансаас үзэхэд 5 000 000 төгрөгийн түрээс төлдөг байсан нь харагддаг. Түүнд 6 500 000 төгрөгийн төлбөр төлөх ёстой гээд төлсөн 5 000 000 төгрөгийг зоож, 6 500 000 төгрөгт зөрүү гаргаж нэхэмжилсэн. Түрээслэгч нар урсгал зардлаа цаг тухайд нь төлдөг байсан. Түрээслүүлэгч Ц.Н 5 000 000 төгрөгийн түрээсийг 2,3 хуваагаад өөрийн дансанд мөнгө авдаг байсан. Б.Н биш 28 ажилтан маань тус тусдаа дансанд нь хийсэн. Татварын албанд шалгуулж, нэхэмжлэгч компани их хэмжээний төлбөрийн акт тавигдсан гэж байна. Энэ 28 иргэнээс татварын байгууллагад хандсан. Бид нар 3 жил ажиллаж байна, түрээслүүлэгч улсад татвараа төлдөг эсэх гомдол гаргасан. Мөн 2 000 000 төгрөг, 3 000 000 төгрөг, 5 000 000 төгрөг, 6 500 000 төгрөгийн түрээсийн гэрээ байдаг. Б.Н-г хасаад 27 иргэний хэнээс нь ямар төлбөр тооцоо дутуу авснаа Ц.Н мэдэж байгаа. Тус тусдаа шүүхэд хандах байсан. “ТЖХ” ХХК-ийг түрээсийн ашиг олоод улсад татвараа төлдөггүй болохоор акт тавьсан. Түрээс авчихаад татвараа төлөхгүй байна гэдэг нь өөрөө хууль бус. Б.Ц-тай 2 000 000 төгрөгийн гэрээ байгуулсан. Татварын албанд бага төлбөр төлөх гэж хууль бус гэрээ байгуулж байгаа нь харагдаж байна. Энэ байдлаас харахад түрээслэгч нараас мөнгө аваад улсад татвараа төлдөггүй. Б.Н-той байгуулсан гэрээ нь 27 иргэний эрх ашгийг зөрчсөн хэлбэр төдий гэрээ байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ТЖХ ХХК-ийн хариуцагч Б.Н-с түрээсийн гэрээний үүрэгт 96 732 000 төгрөг, алданги 48 366 000 төгрөг, нийт 145 208 987 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан ТЖХ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Ц-д холбогдох 2014/02 тоот түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаарзүйлийн 56.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ТЖХ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 842 415 төгрөгөөс 771 965 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70 450 төгрөгийг улсын орлогоос /Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас/ гаргуулан нэхэмжлэгч ТЖХ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2014/02 тоот түрээсийн гэрээг иргэн Б.Н-той байгуулсан байдаг. Уг гэрээг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нотариатаар батлуулж, үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлж уг гэрээг баталгаажуулсан байдаг. Уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах талаар хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гаргаагүй, хариуцагчаас түрээсийн төлбөрийг би төлөөгүй уг байранд үйл ажиллагаа явуулж байсан хүмүүс төлсөн гэснээс өөр тайлбар гаргаагүй. Иймд шүүх уг /2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2014/02/ гэрээний хүчин төгөлдөр эсэх байдалд дүгнэлт өгөөгүй атлаа нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон нэг талыг барин шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нөгөө талаас шүүх хариуцагчийн тайлбарт хэт хөтлөгдсөн. Түрээсийн төлбөрийг хэн төлсөн байдалд илүү анхаарч нотлох баримтыг зөв үнэлж, дүгнээгүй. "ТЖХ" ХХК-ийн захирал Ц.Соёл-Эрдэнээс 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Б.Т надад олгосон итгэмжлэлээр иргэн Б.Ц-тай байгуулсан 2014/02 тоот түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагад итгэмжлэл олгоогүй гэж шүүхээс буруу дүгнэлт хийсэн. Учир нь уг нэхэмжлэлийн шаардлагатай холбоо бүхий гэрээ нөгөө талаас нэг обьектын талаарх түрээсийн гэрээний маргаан байсан зэрэг нь уг нэхэмжлэлийн 2 шаардлагад олгосон гэж үзэж болно. Уг итгэмжлэлд заавал тухайн шаардлагыг дурдан бичих шаардлага байгаагүй. Иймд шүүх маргааныг бүхэлд нь буруу шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн зохих заалтуудыг зөв тайлбарлан хэрэглээгүй, нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулсан тул хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой.

 

            Нэхэмжлэгч “ТЖХ” ХХК нь хариуцагч Б.Н, Б.Ц нарт холбогдуулан түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 96 732 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны цахилгааны зардал 110 987 төгрөг, алданги 25 960 000 төгрөг, нийт 122 802 987 төгрөг гаргуулах, Б.Ц-тай байгуулсан 2014/02 тоот түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч “ТЖХ” ХХК нь хариуцагч Б.Н-той 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2014/02 тоот түрээсийн гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний агуулгаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна.

 

Өмнө нь дээрх гэрээтэй холбоотой асуудлаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШЗ2018/06497 дугаар захирамжаар нэхэмжлэгч “ТЖХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Н, Б.Ц нарт холбогдох 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээг 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болгож, гэрээг цуцалсан болохыг тогтоолгох, уг түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний үүргийн гүйцэтгэлд 143 970 474 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй Б.Н-ийн 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2014/02 дугаартай 6 500 000 төгрөгийн үнэ бүхий түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Дээрх шүүхийн шийдвэртэй холбоотойгоор тухайн үед уг байрыг түрээсэлж байсан Д.Ванчинсүрэн, У.Тунгалаг, Б.Янжинлхам, Н.Гантөгс нарыг гэрчээр асуусан тухай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, Б.Нийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргаж байсан тайлбар, хэргийн 54 дүгээр тал дахь Төрийн банкны деспозит дансны харилцагчийн хуулга болон талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээ зэрэг нотлох баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2014/02 тоот түрээсийн гэрээгээр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 40, 50 мянгат, Энхтайваны өргөн чөлөө 7/4 дүгээр байрны 1 давхарт байрлах үйлчилгээний зориулалттай 250 м.кв талбайг “”Oriflame”-ын сургалт, худалдаа”-ны чиглэлээр 3 жилийн хугацаагаар түрээслүүлэх, нэг сарын түрээс 6 500 000 төгрөг, түрээсийн төлбөрийг сар бүрийн 1-5-ны өдрийн хооронд хийхээр талууд тохиролцжээ.

 

Гэрээний 1.3-т “түрээсийн төлбөрийг тухайн сар бүрийн 1-5-ны өдрийн хооронд хийгээгүй тохиолдолд хоцроосон хоног тутамд 20 000 төгрөгийг түрээслүүлэгчид алданги болгон төлнө” гэж талууд тохиролцсоноос үзэхэд алдангийг тодорхой хувиар шууд илэрхийлээгүй боловч зохигчдын дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн, хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон алданги шаардах эрхтэй.

 

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчид 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн зүйл болох үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэж өгсөн байх ба 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр нь 96 732 000 төгрөг болох нь талуудын төлбөр төлсөн талаарх тооцооны баримтуудтай /хх40-54 дахь тал/ нийцэж байх тул нэхэмжлэл үндэслэлтэй байна.

 

Мөн хариуцагчийг эд хөрөнгө эзэмшиж байх хугацаанд цахилгааны зардал гарсан болох нь хэргийн 38-39 дүгээр талд авагдсан “УБЦТС” ХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн төлбөрийн нэхэмжлэл, Төрийн банкинд цахилгааны төлбөр төлсөн баримт зэргээр тогтоогдож байх бөгөөд талууд гэрээний 5.3 дахь хэсэгт “түрээслэгч тал нь уур ус, дулаан, хог, цахилгаан болон ажил үйлчилгээ явуулахтай холбогдон гарах элдэв зардлыг бүрэн хариуцаж төлбөрийг харьяалагдах газарт төлж барагдуулж байна” гэж цахилгааны зардлыг хариуцагч буюу түрээслэгч өөрөө төлөхөөр тохиролцжээ.                                                                                                    /хх-10 дахь тал/

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасны дагуу хариуцагч Б.Н нь 96 732 000 төгрөгийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй, гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй байна.

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагч Б.Ноос түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 96 732 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны цахилгааны зардал 110 987 төгрөг, алданги 25 960 000 төгрөг, нийт 122 802 987 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ноос түрээсийн төлбөрийн үлдэгдэл 96 732 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны цахилгааны зардал 110 987 төгрөг, алданги 25 960 000 төгрөг, нийт 122 802 987 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ТЖХ” ХХК-д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Алданги 25 960 000 төгрөгийг нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн хэмжээнд гаргасан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй тул “ТЖХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Ц-д холбогдох 2014/02 тоот түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2018/01760 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Н-с түрээсийн төлбөрийн үлдэгдэл 96 732 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны цахилгааны зардал 110 987 төгрөг, алданги 25 960 000 төгрөг, нийт 122 802 987 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ТЖХ” ХХК-д олгосугай” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “олгосугай” гэснийг “олгож, хариуцагч Б.Н-с 771 965 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ТЖХ” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ТЖХ” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 842 415 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ