Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2021/01966

 

 

 

 

 

 

 

 

 

   2021         09          07                                     182/ШШ2021/01966

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ТБ ХХК-нд холбогдох,

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Г, түүний өмгөөлөгч П.Е, хариуцагчийн төлөөлөгч Ч.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие “ТБ” ХХК-д 2018.12.12-ны өдрөөс 2021.03.24-ны өдрийг хүртэл Баянзүрх дүүрэг салбарын Н*******тооцооны төвийн захирлаар ажилласан. Энэ хугацаанд хариуцсан тооцооны төвийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, бизнесийн үйл ажиллагааг сайжруулах, зээлийн багц, мөнгөн хадгаламж болон татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээг өсгөх замаар банкны ашигтай ажиллагааг нэмэгдүүлэх үйлсэд өөрийн эрдэм мэдлэг, авьяас чадвар, ажлын туршлага зэрэг бүх нөөц, боломжоо дайчлан зүтгэж ирсэн бөгөөд ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй. Гэтэл намайг ТБны гүйцэтгэх захирлын 2021.03.24-ний өдрийн Б/267 тоот “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, ТБны хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5 16.1, 5.28.1 дэх заалтуудыг үндэслэн хууль бусаар ажлаас халсан. 2021.03.21-ний өдөр буюу 5 дахь өдөр Дотоод хяналт, шалгалтын газраас бүрэн ажлын удирдамжтай ирсэн мөртлөө 1 өдөр шалгаад, тайланг танилцуулж, намайг ажлаас хална гэсэн, би тайлантай танилцаад гарын үсэг зурсан, харин ажлаас халахыг зөвшөөрөөгүй. 2020 оны 12 сард дотоод хяналт, шалгалт ороод 2021 оны 01 сард дууссан, дараагийн шалгалт орох хугацаа болоогүй байсан, тэгэхлээр байгууллагын зүгээс хэтэрхий субъектив байдлаар асуудалд хандсан гэж үзэхээр байгаа. Ажлаас халсан тушаалын үндэслэлийг үзвэл:

 

1.намайг хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ямар чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн нь тодорхойгүй, энэ нь тогтоогдоогүй. Ажлын байрны тодорхойлолтод 30-40 төрлийн чиг үүргийг тогтоосон байгаа, тухайн чиг үүргүүдээс яг ямар чиг үүргийг нь зөрчсөн, хэрэгжүүлж ажиллаагүй талаар ажлаас халсан тушаал дээр тодорхой дурдаагүй энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дүгээр зүйлд заасанд хамаарч байгаа гэдэг нь ойлгомжгүй. Мөн хөдөлмөрийн дотоод журмын 12.2 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үздэг. 12.2 дугаар зүйл бол ажилтан холбогдох дүрэм журмыг зөрчиж болохгүй гэх агуулга бүхий заалт байдаг. Гэтэл Г.Г нь Н*******тооцооны төвийн захирлаар ажиллаж байх хугацаандаа ТБны ямар дүрэм, журмыг хэзээ, ямар байдлаар зөрчсөн талаар огт дурдагдаагүй. Хяналт шалгалтын тайланд ч тэр, ажлаас халах тушаал дээр ч тэр байхгүй.

2.намайг хүний нөөцийн программд ирцээ бусдаар бүртгүүлсэн гэж байгаа. Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.5, 9.26, 9.27 гэх заалт дээр ажилтан өглөө оройдоо явахдаа хуруугаа тоног төхөөрөмжид бүртгүүлнэ гэх зохицуулалттай. Энэ зохицуулалтын дагуу Г.Г нь ажиллаж байх хугацаанд бол өглөө, оройдоо ирсэн, гарсан ирцээ цаг тухайд нь бүртгүүлдэг байсан. Тухайн цаг үед байгууллага цар тахал гарах хүртэл ирцээ хуруугаар бүртгүүлж байгаад цар тахал гарсантай холбоотойгоор хүний нөөцийн программаар дамжуулан бүртгүүлдэг болсон, цагийн хуваарьт ч өөрчлөлт орсон. Миний компьютер өмнөх захирлын хэрэглэж байсан 2012 онд өгсөн компьютер. Маш их гацдаг, өглөөдөө асах гэж хугацаа авдаг байсан учир би өглөө орж ирэхдээ асаалттай байгаа компьютероор орж ирцээ бүртгүүлдэг байсан, түүнээс биш эрхээ бусдад дамжуулсан, ажил тасалсан зүйл байхгүй. Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.26, 9.27 зүйлд зааснаар бол ирц бүртгэлтэй холбоотой ямар нэгэн асуудал гарах юм бол ажил олгогч нь ажилтнаасаа тэр талаар нь тодруулж, анхааруулах хуудас өгөхөөр заасан юм байна. Ажилтан нэг жилд 3 болон түүнээс дээш удаа анхааруулах хуудас авсан тохиолдолд Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу сахилгын арга хэмжээг авах эсэх талаар тодорхой зохицуулалтыг хийсэн байдаг юм байна. Гэтэл 34 удаа эрхээ бусдаар дамжуулсан гэж буруутгасан боловч ямар шалтгааны улмаас яагаад ингэж дамжуулах болсон, үнэхээр дамжуулсан эсэх талаар тодруулалгүйгээр шууд энэ үндэслэлээр ажлаас халсныг бол хүлээн зөвшөөрөхгүй байна.

3.гадуур ажлын ирц бүртгэлийн дэвтрийг 2021.01.17-ны өдрөөс хойш бүртгүүлээгүй гэх боловч би гадуур явах бүрдээ бүртгүүлж байсан. Тухайлбал би 2021.03.17-ны өдөр бүртгүүлсэн байгаа нь дэвтрээс харагдана.

4.таван зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээн дээр зээл олгосон, тамга тэмдэг дараагүй, гарын үсэг зураагүй гэх боловч хэрэгт авагдсан баримтаар тэтгэврийн зээлд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан. Тэгэхлээр энэ нь мөн тогтоогдохгүй байна. Энэ бүгдийг ноцтой гэж үзсэн нь ойлгомжгүй, үүний улмаас байгууллагын нэр хүндэд яаж нөлөөлж, ямар хохирол учирсан, учирч болох байсан нь тодорхойгүй, тушаал хууль зүйн үндэслэлгүй байна.

Тиймээс нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгч Г.Гыг Баянзүрх дүүрэг салбарын харьяа, Н*******тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, энийг 8,275,714 төгрөг гэж, ажлаас халагдсан 2021.03.24-2021.09.07-ны өдөр хүртэлх 116 өдөр, нэг өдрийн цалин 71,428 төгрөг гэж тооцоолсон байдлаар шүүхэд санал болгож байгаа юм. Мөн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Г нь ТБны Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.1-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 2 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, эсхүл ажлын цагаас удаа дараа хоцорсон, эрт тарсан нь нийлбэр дүнгээр нэг сард 8 цаг болсон, 2 буюу түүнээс дээш удаа цахимаар болон ирц бүртгэх программд бусдаар дамжуулан ирцээ бүртгүүлсэн эсхүл өөр этгээдийн хурууны хээг ирц бүртгүүлэх программд бүртгүүлсэн” бол ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халах гэсэн заалтыг зөрчиж, хүний нөөцийн ирц бүртгэлийн программаар өөр хүнээр ирцээ бүртгүүлсэн гэдэг нь баталгаажиж байгаа. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Эндээс харвал тасалсан өдөр нь 9, хоцорсон минут нь 432 гэдэг нь харагдана. Айпи /IP/ хаягийн хувьд 6 өөр компьютероор орж, ирцээ бүртгүүлсэн нь дотоод хяналт, шалгалтаар тогтоогдсон. Бусад зүйлийн талаар тусгайлан хэлэх зүйлгүй, гаргасан тушаал хууль зүйн үндэслэлтэй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

          Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч ТБ ХХК-нд холбогдуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд нэхэмжлэгч Г.Г нь уг нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2‑т заасан хугацаа буюу 1 сарын дотор шүүхэд гаргасан байна.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг би ажлаас халах хэмжээний ноцтой зөрчил гаргаагүй, ямар чиг үүргийг хангалттай биелүүлээгүй гэж үзсэн нь тодорхойгүй, бүтэн 1 сарын хяналт, шалгалтын удирдамжтай ирчихээд 1 өдөр шалгаад зөрчил илрүүлсэн гэж байгаа нь хэтэрхий субъектив байна, миний ажлын компьтерийн хурд муу, өглөө асахдаа удаан байдгаас шалтгаалж би бусад ажилчдын компьютер дээр ажлын цагаа бүртгүүлдэг байсан, түүнээс биш бусдад эрхээ шилжүүлсэн зүйл байхгүй, гадуур ажлын ирц бүртгэлийн дэвтэрт бүх бичилтүүд нь байгаа, түүнчлэн 5 зээлдэгч буюу тэтгэврийн зээл авсан хүмүүсийн гэрээнд гарын үсэг зурагдсан, тамга тэмдэг дарагдсан нь харагдана, тиймээс ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан, нэхэмжлэгч нь өөрийн ирцийн бүртгэлийг бусад ажилчдадаа дамжуулж цагаа бүртгүүлдэг байсан нь дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон, ирц бүртгэлийн программын баримтаас харвал 6 өөр төрлийн IP хаяг байгаа, бусад зөрчлийн хувьд тусгайлан хэлэх зүйлгүй гэж мэтгэлцсэн.

 

Нэхэмжлэгч Г.Г нь 2018.12.12‑ны өдрөөс ТБ ХХК-ийн Баянзүрх дүүрэг салбарын харьяа, Н*******тооцооны төвийн захирлаар ажиллаж эхэлсэн байх ба, хамгийн сүүлд 2020.01.09‑ний өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулан ажиллаж байгаад ТБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.03.24‑ний өдрийн Б/267 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

Хариуцагч ТБ ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3‑т зааснаар дээрх тушаалыг 2021.03.25‑ны өдөр нэхэмжлэгч Г.Год хүлээлгэн өгч, ажлыг нь хүлээлцсэн гэх боловч энэ талаар бичгийн баримтгүй, гэхдээ зохигчид маргасангүй.

 

Дурдсан үйл баримтууд зохигчдын гаргасан тайлбар, ажлаас чөлөөлсөн тухай тушаал, 2020.01.09‑ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдсон.

 

          Хариуцагч ТБ ХХК нь 2021.03.24‑ний өдрийн Б/267 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.1, 5.28.1 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.1 дэх заалтыг удирдлага болгон,

          “‑...Г.Г нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалттай биелүүлж ажиллаагүй, хөдөлмөрийн дотоод журмын 12.12 дахь заалтыг зөрчсөн,

          ‑2021.01.04‑ний өдрөөс эхлэн 2021.03.19‑ний өдрийг дуустал хугацааны ирцийг Хүний нөөцийн программ болон камерын бичлэгтэй тулган шалгахад хүний нөөцийн программын эрхээ бусдад дамжуулан ирцээ 34 удаа бүртгүүлүүлсэн,

          ‑ тус тооцооны төвийн “гадуур ажлын ирц бүртгэлийн дэвтэр”‑т 2021.01.17‑ны өдрөөс хойш гадуур ажилласан талаар бүртгэл хийгдээгүй,

          ‑ Зээлийн үйл ажиллагааны журмын 17.2.4 дэх заалтыг зөрчиж 5 зээлдэгчид нийт 5,063,452 төгрөгийн тэтгэврийн зээлийг олгохдоо зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг хянаж, тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй, хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн зээл олгосон зэрэг зөрчлүүдийг гаргасан нь дотоод хяналт, шалгалтаар тогтоогдсон...” гэсэн үндэслэлүүдийг заажээ.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан”,

 

          Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн ажилтныг ажилд авах, хөдөлмөрийн гэрээ байгуулах, дуусгавар болгох цуцлах гэсэн хэсгийн 5.16.1-д “энэ журмын 1.5.2-т заасан удирдлага /гүйцэтгэх захирал, орон нутгийн тооцооны төвийн захирлаас бусад/ болон газар, хэлтсийн ахлах ажилтан/мэргэжилтэнтэй холбоотой асуудлыг ХНГ хариуцан ХНХ-д танилцуулж, шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захирал тушаал гаргана”,

          5.28-т “дараах зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилтэй адилтган үзэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болно”, 5.28.1‑т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 2 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, эсхүл ажлын цагаас удаа дараа хоцорсон, эрт тарсан нь нийлбэр дүнгээр нэг сард 8 болсон, 2 буюу түүнээс дээш удаа цахимаар болон ирц бүртгэх программд бусдаар дамжуулан ирцээ бүртгүүлсэн эсхүл өөр этгээдийн хурууны хээг ирц бүртгүүлэх программд бүртгүүлсэн” гэж тус тус зохицуулсан.  

 

          Энэхүү зохицуулалт тэр чигтээ зохигчдын хооронд байгуулагдсан 2020.01.09-ний хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4, 7.4.1-т тусгагдсан байна.

 

         

          Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмын дээр дурдсан заалтууд хоорондоо адилхан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтын агуулга нь зохигчид хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, түүний үндсэн дээр ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох талаар, ямар зөрчил гаргавал сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх талаар тухайлан тохиролцсон байхыг ойлгох бөгөөд ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас халсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм.

 

 

          Хариуцагч ТБ ХХК-ийн Дотоод хяналт, шалгалтын газар нь 2021.01.06‑ны өдрийн баталсан Дотоод хяналт, шалгалтын газраас 1 дүгээр улиралд орон нутаг болон Улаанбаатар хотын нэгжүүдэд шалгалт хийх ажлын ерөнхий удирдамжийг үндэслэн, тус газраас 2021.03.22‑ны өдөр Баянзүрх дүүрэг салбарын харьяа, Н*******тооцооны төвд хэсэгчилсэн шалгалтыг явуулж, өдрийн гүйлгээний баримтын архивлалт, түүнд тавих хяналт, ажлын цаг ашиглалт гэсэн чиглэлээр шалгасан байх бөгөөд уг хяналт, шалгалтын тайлангаар нэхэмжлэгч Г.Гыг ажлаас нь чөлөөлсөн тушаалын дээр дурдсан үндэслэлүүдийг тогтоосон гэж үзжээ.

 

          Харин энэхүү хэсэгчилсэн шалгалт нь Баянзүрх дүүрэг салбарын харьяа, Н*******тооцооны төвийн үйл ажиллагаа нь Монгол улсад мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомж болон Монгол банк, ТБнаас баталсан эрх зүйн баримт бичигт нийцэж байгаа эсэхийг шалган нягталж, зөрчил дутагдлыг арилгуулах, алдаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүрэг даалгавар өгч, дүгнэх зорилготой байх бөгөөд тайлангийн 4 дүгээр хэсэгт дүгнэлт, зөвлөмжийг дурдаж, тайланд холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурж, танилцсан байна.

 

          Тайланд болон ажлаас чөлөөлсөн тушаалд дурдсан зөрчлүүдийг авч үзвэл:

 

          1.Г.Г нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалттай биелүүлж ажиллаагүй, хөдөлмөрийн дотоод журмын 12.12 дахь заалтыг зөрчсөн гэжээ.

 

          Зохигчдын хооронд байгуулагдсан 2020.01.09‑ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлд ажилтны эрх, үүргийг зохицуулсан, энэхүү зохицуулалтаар нэхэмжлэгч Г.Г нь 15 эрхийг хэрэгжүүлж, 22 үүрэг хүлээсэн байх ба, тэрээр ажлын байрны тодорхойлолтод заасан “банкны зорилго, страгтегид нийцүүлэн хариуцсан нэгжийн бизнес, санхүүгийн төлөвлөгөөний биелэлтийг хангуулах, харилцагч байгууллага, иргэдэд банкны үйлчилгээг хүргэх, нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг холбогдо хууль тогтоомж, банкны дотоод дүрэм, журам зааврын хүрээнд удирдан зохион байгуулж, шат дараалсан хяналт тавьж, банкны ашигт ажиллагаа, зах зээл эзлэлтийг бодитоор, тогтмол нэмэгдүүлэх, шууд удирдлагыг мэдээллээр хангах” зорилгод хүрэхийн тулд 5 үндсэн чиг үүрэгт хамаарах 44 чиг үүргийг хэрэгжүүлж ажиллахаар байна.

 

          Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлд ажилтанд хориглох зүйлсийг зохицуулсан байх ба, 12.12‑т “албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байх” гэж заасан.

 

          Энэ талаар тайланд дурдагдсан ямар нэгэн зөрчил байхгүй ба, энэ зөрчил яаж тогтоогдсон нь тодорхойгүй, нэхэмжлэгч Г.Г нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чухам ямар чиг үүргийг, хэзээ, хэрхэн, яаж биелүүлээгүй болох, үүнийг хэн, хэрхэн тогтоосон болох нь ойлгомжгүй, Хөдөлмөрийн дотоод журмын дээр дурдсан заалт нэхэмжлэгч Г.Гын ажил үүрэгтэй буюу тогтоосон гэх зөрчилтэй яаж холбогдож байгаа нь ойлгомжгүй байна.

 

          Иймд энэ зөрчил тогтоогдсон гэж үзэхгүй, энэ талаар хариуцагчийн төлөөлөгч тусгайлсан тайлбаргүй, үүнийг няцаасан баримтгүй болно.

 

          2.2021.01.04‑ний өдрөөс эхлэн 2021.03.19‑ний өдрийг дуустал хугацааны ирцийг Хүний нөөцийн программ болон камерын бичлэгтэй тулган шалгахад хүний нөөцийн программын эрхээ бусдад дамжуулан ирцээ 34 удаа бүртгүүлүүлсэн гэдгийг дотоод хяналт, шалгалтын хэсэгчилсэн тайлангийн 3 дугаар хэсэгт дурджээ.

 

          Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.5-д “банкны гүйцэтгэх захирлаас бусад захирал, ажилтан бүр ажлын өдрүүдэд ажилд ирсэн, явсан цагаа цаг бүртгэлийн төхөөрөмж /цаашид ЦБТ гэх/ болон хүний нөөцийн программаар бүртгүүлнэ. Ажилтны хурууны арьс хуурах, эд эс өөрчлөгдөх зэрэг эрүүл мэндээс шалтгаалан хурууны хээ танигдахгүй тохиолдолд ЦБТ-д тусгай кодоор бүртгүүлж болно” гэж заасан.

 

          Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.Г нь хөдөлмөрийн дотоод журмын дээрх заалтын дагуу 2021.01.04‑ний өдрөөс эхлэн 2021.03.19‑ний өдрийг дуустал теллер А.А-н 203 дугаараар төгссөн Ай пи /IP/ хаяг, ахлах теллер А.О-н 200 дугаараар төгссөн IP, харилцааны менежер Ж.С-н 205 дугаараар төгссөн IP, теллер Н.Ц-н 207 дугаараар төгссөн IP, Ч.О-н 202 дугаараар төгссөн IP эрх буюу нийт 5 хүний IP хаягаар өөрийн ирцээ бүртгүүлсэн байна.

 

          Дээрх байдал нь хүний нөөцийн программаас хэвлэсэн ирцийн мэдээгээр давхар харагдаж байх ба, 198 дугаараар төгссөн IP хаяг нэхэмжлэгч Г.Гынх, бусад 200, 203, 205, 207, 202 зэрэг дугаараар төгссөн IP хаягууд нь тайланд дурдсан ажилчдын хаяг болохыг нэхэмжлэгч Г.Г хүлээн зөвшөөрсөн, энэ нь Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.1, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.1‑т зааснаар “...2 буюу түүнээс дээш удаа цахимаар болон ирц бүртгэх программд бусдаар дамжуулан ирцээ бүртгүүлсэн...” гэсэн ноцтой зөрчлийн шинжийг агуулсан гэж ойлгогдохоор болжээ.

 

          Харин ТБ ХХК нь хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.26, 9.27-д зааснаар энэ талаар буюу яагаад бусдын IP хаягаар ирцээ бүртгүүлэх болсныг нэхэмжлэгч Г.Гоос тодруулж асуух, үүний үндсэн дээр “анхааруулах хуудас” өгөх, жилд 3 удаа “анхааруулах хуудас” авсан тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулахаар байхад журамд заасан энэхүү ажиллагааг хийгээгүй байна.

 

          Иймд шүүх нэхэмжлэгчийн гаргасан “ковидын нөхцөл байдлаас өмнө бид хурууны хээ уншдаг машинаар цагаар бүртгүүлдэг байсан, ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор, ажлын цагийн зохион байгуулалт өөрчлөгдөж, 2021 оны 01 сараас эхлэн хүний нөөцийн программд өөрсдийн хаягаар ирцээ бүртгүүлдэг болсон, миний ажлын компьютер хурд муутай, удаан, гацдаг байдлаас шалтгаалж би бусад ажилчдын компьютер дээр ирцээ бүртгүүлдэг байсан нь үнэн, харин бусдад эрхээ дамжуулсан, шилжүүлсэн зүйл огт байхгүй” гэх тайлбарыг бодит байдалд нийцэж байна гэж үзлээ.

 

          Хариуцагч ТБ ХХК‑ийн гүйцэтгэх захирлын 2021.01.05‑ны өдрийн А/02 тоот тушаал, 2021.01.29‑ний өдрийн А/23 тоот тушаал, 2021.02.10‑ны өдрийн А/48, 2021.02.25‑ны өдрийн А/57, Санамж бичиг гэсэн баримтуудаас үзвэл, ТБ ХХК нь коронавируст халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор ажилчдын цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан, зайлшгүй ажиллах хүмүүсийн нэрсийг гаргасан, ажилчид 2‑3 багт хуваагдаж биетээр болон зайнаас 7 хоногийн хугацаатай ажиллах болсон, 50‑иас ихгүй хувийг биечлэн ажиллуулах үүргийг шууд удирдлагуудад үүрэг болгон, үүний дагуу салбар, хэлтэс, тооцооны төвүүд ажлын цагийн өөрчлөгдсөн зохион байгуулалтад орж, богиносгосон цагаар биечлэн болон зайнаас ажиллаж, ажиллах бүртээ шинжилгээнд хамрагдаж байсан нөхцөл байдал ажилчдын цагийн бүртгэлд нөлөөлж байсан гэж үзэхээр байна.

 

          Өөрөөр хэлбэл, хариуцагч ТБ ХХК нь дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзаагүй, бүтэн 1 сарын ажлын удирдамжаар 1 өдөрт хяналт, шалгалт явуулсан нь хэт субъектив байдалтай гэж үзэхээр байх ба, энэ байдлыг хариуцагч талаас няцааж чадаагүй тул нэхэмжлэгч Г.Гыг Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.1, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.1‑т заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэхгүй болно.

 

          3.Тус тооцооны төвийн “гадуур ажлын ирц бүртгэлийн дэвтэр”‑т 2021.01.17‑ны өдрөөс хойш гадуур ажилласан талаар бүртгэл хийгдээгүй гэдгийг тайлангийн 3 дугаар хэсэгт дурджээ.

 

          Н*******тооцооны төвийн “гадуур ажлын ирц бүртгэлийн дэвтэр”‑ийн хуулбараас үзвэл, захирал Г.Г нь 2021.01.18‑ны өдөр зээлийн судалгаанд харилцагчтай уулзахаар 12 цагт гарсан тухай тэмдэглэгдсэн, 2021.02.17 /сар нь засвартай, өмнөх бичилт нь 2021.02.05 гэсэн байгаагаас 02 сарын 17 гэж үзсэн/ Баянзүрх дүүрэг рүү албан ажлаар уулзахаар 11 цаг 23 минутад гарсан тухай тэмдэглэгдсэн, түүнчлэн бусад ажилчдын энэ талаарх тэмдэглэл хийгдсэн байгаа зэргээс үзвэл тайланд дурдсан дээрх үйл баримт үгүйсгэгдэж байна.

 

          Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.Г нь 2021.01.17‑ны өдрөөс хойш 2021.01.18, 2021.02.17‑ны өдрүүдэд гадуур гарахдаа “гадуур ажлын ирц бүртгэлийн дэвтэр”‑т зохих бүртгэлийг хийсэн болох нь тогтоогдсон тул тэрээр энэ зөрчлийг гаргасан гэж үзэхгүй юм.

 

          4.Зээлийн үйл ажиллагааны журмын 17.2.4 дэх заалтыг зөрчиж 5 зээлдэгчид нийт 5,063,452 төгрөгийн тэтгэврийн зээлийг олгохдоо зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг хянаж, тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй, хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн зээл олгосон талаар тайлангийн 2 дугаар хэсэгт дурджээ.

 

          Зээлийн үйл ажиллагааны журмын 17 дугаар зүйлийн зээлийн гэрээ байгуулах, зээл олгох гэсэн хэсгийн 17.2.4‑т “зээлийн ажилтан нь холбогдох зээлийн хорооны шийдвэрийг үндэслэн зээлийн төрлөөс хамааруулан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ, фидуцийн гэрээг хавсралт 4.1‑4.17‑д заасны загварын дагуу зээлдэгчтэй байгуулж, нэг талаас банкны эрх олгогдсон албан тушаалтан, нөгөө талаас зээлдэгч иргэн, хуулийн этгээдийг төлөөлж буй эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга тэмдэг дарна” гэж зохицуулсан.

 

          Нэхэмжлэгч Г.Г нь Н*******тооцооны төвийн захирлаар ажиллаж байх хугацаандаа 2021.03.17‑ны өдөр тайланд дурдагдсан Н.Бт тэтгэврийн зээлийн зориулалтаар 1,112,243 төгрөг, Г.Бд 721,011 төгрөг, Н.Пд 318,780 төгрөгийн зээлийг, 2021.03.18‑ны өдөр Л.Дд 1,496,319 төгрөг, Г.Жд 1,415,099 төгрөгийн зээл, нийт 5,063,452 төгрөгийн тэтгэврийн зээлийг тус тус олгосон байх бөгөөд, эдгээр зээлийн гэрээнүүдэд захирлын хувиар гарын үсэг зурж, байгууллагын тамга дарагдсан болох нь нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, тэтгэврийн зээлийн гэрээнүүд, зээлийн эргэн төлөлтийн хуваариуд, зээлдэгч нарын иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдсон.

 

          Иймд нэхэмжлэгч Г.Г нь Зээлийн үйл ажиллагааны журмын 17 дугаар зүйлийн 17.2.4‑т заасныг зөрчөөгүй, энэ талаар хариуцагчийн төлөөлөгч үндэслэл бүхий тайлбар гаргаагүй, тайланд дурдагдсан зөрчил үгүйсгэгдэж байна.

 

          Дээрх дурдсан үндэслэл, холбогдох баримтуудаар хариуцагч ТБ ХХК‑ийн дотоод хяналт, шалгалтын тайланд дурдсан үйл баримт, зөрчлүүд үгүйсгэгдэж байх бөгөөд, нэхэмжлэгч Г.Г нь дурдсан ноцтой зөрчлүүдэд ямар гэм буруутай болох, үүний улмаас байгууллагад ямар хохирол учруулсан, эсхүл учрахаар байсан, нэр хүндэд нь хэрхэн нөлөөлсөн болох нь тогтоогдохгүй, түүнийг ажлаас халсан үйл баримт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4‑т заасантай нийцсэнгүй.

 

          Иймд нэхэмжлэгч Г.Гыг ажлаас нь чөлөөлсөн үндэслэл, тушаалд баримталсан хуулийн зохицуулалт хоорондоо тохирохгүй, тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул Г.Гын нэхэмжлэлийг хангаж, түүнийг Баянзүрх дүүрэг салбарын харьяа, Н*******тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

          Нэхэмжлэгч Г.Гын нэг сарын дундаж цалин хөлсийг түүний нийгмийн даатгалын дэвтэр буюу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хариуцагч ТБ ХХК‑ийн 2021.09.03‑ны өдрийн 28‑331 дугаар цалин хөлсний талаарх тодорхойлолт бүхий албан бичиг зэргийн үндэслэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцвол 1,280,183 /2021 оны 03 сард 1,491,473 төгрөг, 02 сард 966,545 төгрөг, 01 сард 1,382,531 төгрөг = 3,840,549 төгрөг : 3/ төгрөг болов.

 

Нэхэмжлэгч Г.Гыг ажлаас нь чөлөөлсөн 2021.03.24-ний өдрөөс тус шүүхийн шийдвэр гарсан 2021.09.07-ны өдрийг хүртэл тооцвол, 04, 05, 06, 07, 08 сарын 24‑ний өдрийг хүртэл 5 сар /1,280,183 төг * 5 сар = 6,400,915 төг/,

2021.08.24‑ний өдрөөс 09 сарын 07‑ны өдрийг хүртэл ажлын 8 өдөр /1,280,183 төг : 21,5 өдөр = 59,543 төг * 8 өдөр = 476,344 төг/ - ийн ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нийт 6,877,259 /6,400,915 төг + 476,344 төг/ төгрөг байна.

 

Иймд хариуцагч ТБ ХХК-иас 5 сар, 8 өдрийн олговорт нийт 6,877,259 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Год олгож, уг олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ТБ ХХК-нд үүрэг болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Гыг хариуцагч ТБ ХХК‑ийн Баянзүрх дүүрэг салбарын харьяа, Н*******тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч ТБ ХХК-иас 6,877,259 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Год олгосугай.

   

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Гын дээрх олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ТБ ХХК-нд үүрэг болгосугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Г нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч ТБ ХХК-иас 124,986 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.ЭНХТУЯА