Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01219

 

  

 

...-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2022/01251 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ...-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ...- ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ...-, түүний өмгөөлөгч П.Еркебулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль, Ж.Болорчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

...- нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс ...- ХХК-ийн Нарантуул тооцооны төвийн захирлаар ажилласан. Ажиллаж байх хугацаандаа тооцооны төвийн өдөр тутмын үйл ажиллагаа, зээлийн багц, нийгмийн даатгалыг нэмэгдүүлж, нэгжийг ашигтай ажиллуулсан. ...- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/267 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Ажил олгогч тушаалын үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дүгээр зүйл, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.1, 5.28.1, хөдөлмөрийн гэрээний 7.4.1-д заасныг баримталж ...-ыг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн гэрээний 7.4-д ажил тасалсан, ирцээ бүртгүүлээгүй, удирдлагаас зөвшөөрөл аваагүй ажилдаа ирээгүйг ноцтой зөрчилд тооцохоор заасан. ...- нь Нарантуул тооцооны төвийн захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хугацаанд ажил таслаагүй. Түүний ирцийг харьяа Баянзүрх дүүрэг дэх салбарын захирал цаг тухай бүрд нь хянаж баталгаажуулсан. Ажил олгогч байгууллага ажилтан ...-ыг буруутгаж ажлаас халсан үндэслэлээ баримтаар нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Ажлаас халсан тушаалд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс мөн оны 03 дугаар сарын 19-ний өдөр дуусах хүртэл хугацааны эрхийг хүний нөөцийн программ болон камерын бичлэгтэй тулган шалгахад программын эрхээ бусдад дамжуулж ирцээ 34 удаа бүртгүүлсэн нь хүний нөөцийн программ болон камерын бичлэгээр тогтоогдсон гэж ажлаас халсан боловч энэ нь баримтаар нотлогдоогүй. Иймд ...-ыг ...- ХХК-ийн Нарантуул тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацааны олговор 16,910,212 төгрөг гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн дотоод журмын 5.13.1, 5.28.1, хөдөлмөрийн гэрээний 7.4.1-д заасныг тус тус баримтлан ...-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Б/267 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар цуцалсан. ...- нь өөрийн хэрэглэж байсан нэвтрэх эрхээ 5 хүнд нийт 34 удаа дамжуулж ирцээ бүртгүүлсэн ноцтой зөрчил гаргасан нь дотоод хяналт, шалгалтаар тогтоогдсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 он) 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч ...-ын хариуцагч ...- ХХК-д холбогдуулан гаргасан ...- ХХК-ийн Баянзүрх дүүрэг салбарын Нарантуул тооцооны төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх ажил олгогч ...- ХХК нь ...-ыг программын эрхээ бусдад дамжуулан ирцээ 34 удаа бүртгүүлсэн болохыг хүний нөөцийн программ болон камерын бичлэгээр тогтоосон гэж ажлаас халсан. Уг тушаалд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн дуустал хугацааны ирцийг хүний нөөцийн программ болон камерын бичлэгтэй тулган шалгахад программын эрхээ бусдад дамжуулан ирцээ 34 удаа бүртгүүлсэн" гэж, ...- ХХК-ийн дотоод, хяналтын шалгалтын газрын шалгалтын тайлангаар Нарантуул тооцооны төвийн захирал ...-ын ажлын байрны цаг ашиглалтыг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаагаар хүний нөөцийн ирц бүртгэлийн программ болон камерын бичлэгтэй тулган шалгахад хүний нөөцийн программын эрхийг бусдад дамжуулан ирц бүртгүүлдэг зөрчил илэрсэн гэж дүгнэсэн. Талуудын хооронд үүссэн маргааны зүйл нь ...- ирцээ бусдаар дамжуулан бүртгүүлсэн эсэх байсан. Гэвч шүүх зохигчийн хооронд үүссэн хөдөлмөрийн харилцааг зөв тодорхойлж чадаагүй. ...- ирцээ 34 удаа бусдад дамжуулан бүртгүүлсэн нь баримтаар нотлогдоогүй байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хэрэгт авагдсан ...- ХХК-ийн хүний нөөцийн программын гэх баримт нь он, сар, өдөр тодорхойгүй, ямар эх үүсвэрээс хэн, хэзээ, яаж хэвлэсэн нь ойлгомжгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан шаардлыг хангаагүй. Хариуцагч хүний нөөцийн программд үзлэг хийлгүүлж, баталгаажуулах ажиллагаа хийлгээгүй учраас программын эрхээ 4 бусдад дамжуулан ирцээ 34 удаа бүртгүүлсэн болох нь хүний нөөцийн программаар тогтоогдсон гэж үзэхгүй. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд камерын бичлэг устсан талаар тайлбарласан. ...- ХХК ...-ыг программын эрхээ бусдад дамжуулан ирцээ 34 удаа бүртгүүлсэн болохыг камерын бичлэгээр тогтоосон гэж ажлаас халсан боловч камерын бичлэг байхгүй болох нь үзлэгийн тэмдэглэл, хариуцагчийн тайлбараар нотлогдож байхад шүүх программын эрхээ бусдад дамжуулан ирцээ бүртгүүлсэн болох нь камерын бичлэгээр тогтоогдсон гэж дүгнэсэн.

...- ХХК-ийн дотоод хяналт шалгалтын газраас Баянзүрх дүүрэг, Нарантуул тооцооны төвд 2021 оны 03 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд хийсэн шалгалтын үед 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацааны камерын бичлэг байгаагүй болох нь үзлэгээр тогтоогдсон. Хэрэв камерын бичлэг байсан бол шалгалтын тайланд хавсаргах байсан. Мөн гэрч А.Бямбадоржоос камерын бичлэг хаана байгаа талаар асуухад ...мэдэхгүй... гэж хариулсан. Бичлэгийг баталгаажуулж тайландаа хавсаргасан уу гэхэд гэрч А.Бямбадорж ...санахгүй байна... гэж хариулсан. Дотоод хяналт, шалгалтын газраас Нарантуул тооцооны төвийн үйл ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 1 хоногийн хугацаанд шалгасан. Энэ тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгч Нарантуул тооцооны төв дээр хэдий хугацаа зарцуулсан бэ гэсэн асуултад гэрч А.Бямбадорж ... 1,2 хоног шалгасан гэж хариулсан. Энэ хугацаанд Нарантуул тооцооны төвийн захирал ...-ын ажлын байрны цаг ашиглалтыг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаагаар камерын бичлэгтэй тулган шалгасан тухай шалгалтын тайлангийн 3.1-д бичсэн байна. Гэтэл шалгалт хийсэн 1 хоногийн хугацаанд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаа (хоногоор тооцоход 75 хоног, цагаар ч тооцоход 600 цаг)-ны камерын бичлэгийг нэг бүрчлэн тулган шалгах боломжгүй.

Шүүх ...-ыг хөдөлмөрийн гэрээний 7.4.1-д заасан .... 2 буюу түүнээс дээш удаа цахимаар болон ирц бүртгэх программд бусдаар дамжуулан ирцээ бүртгүүлсэн ... гэх зөрчлийг гаргасан гэж дүгнэхдээ ...- ХХК-ийн дотоод, хяналтын шалгалтын газрын шалгалтын тайланг үндэслэл болгожээ. Шүүх ...-ын ажлын байрны цаг ашиглалтыг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаагаар хүний нөөцийн ирц бүртгэлийн программ болон камерын бичлэгтэй тулган шалгахад хүний нөөцийн программын эрхийг бусдад дамжуулан ирц бүртгүүлдэг зөрчил илэрсэн гэж дүгнэсэн. Үүнээс үзэхэд дотоод, хяналт шалгалтын газар ажилтан ...-ыг хүний нөөцийн программын эрхийг бусдад дамжуулан ирц бүртгүүлдэг гэж дүгнэхдээ хүний нөөцийн ирц бүртгэлийн программ болон камерын бичлэгийг үндэслэл болгосон. Гэтэл дотоод хяналт шалгалтын тайлангийн үндэслэл болсон хүний нөөцийн ирц программын баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацааны камерын бичлэг бичигдээгүй болох нь үзлэгийн тэмдэглэл болон хариуцагчийн тайлбараар нотлогдсон.

Ажлаас халсан тушаалд дурдсан Гадуур ажлын ирц бүртгэлийн дэвтэрт 2021 оны 01 дүгээр сарын. 17-ны өдрөөс хойш бүртгэл хийгээгүй. Уг бүртгэлийг дурдсан хугацаанаас хойш хөтөлж байсан нь дэвтэрт хийсэн тэмдэглэл, бусад ажилчдын адил төстэй үйлдлийн талаар хийсэн тэмдэглэлээр тус ажиллагааны журмын 17.2.4-т заасныг зөрчиж 5 зээлдэгчид нийт 5,063,452 төгрөгийн тэтгэврийн зээлийг олгохдоо зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг хянаж, тэмдэг дарж баталгаажуулаагүй, хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн зээл олгосон, эдгээр зээлийн гэрээнүүдэд захирлын хувиар гарын үсэг зурж, байгууллагын тэмдэг дарсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүдийг хуулбараар тогтоогдож байна гэж шүүх дүгнэсэн. Шүүх энэхүү дүгнэлтийг хийхдээ дотоод хяналтын шалгалтын тайланг дангаар нь нотлох баримтаар үнэлээгүй, хэрэгт авагдсан бусад баримтуудыг үндэслэжээ. Гэвч шүүх ...-ыг программын эрхээ бусдад дамжуулан ирцээ бүртгүүлсэн гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хүний нөөцийн программ, камерын бичлэгээр давхар нотлогдож тогтоогдоогүй дотоод хяналт шалгалтын тайланг дангаар нь шийдвэрийн үндэслэл болгосон.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, өөрийн санаачилгаар Нарантуул тооцооны төвийн ахлах теллер А.Оюунбилэгийг гэрчээр оролцуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт Гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэж заасан. Хэргийн оролцогчид А.Оюунбилэг, А.Алтантуул нарыг гэрчээр оролцуулах тухай хүсэлт гаргаагүй. Гэрч А.Оюунбилэг, А.Алтантуул нарын гэрчийн мэдүүлэг нь зохигчдын хооронд үүссэн маргаанд хамааралгүй. Учир нь ажил олгогч ...- ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Гантөр ажилтан ...-ыг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 03 дугаар 19-ний өдрийг дуустал хугацааны ирцийг хүний нөөцийн программ болон камерын бичлэгтэй тулган шалгахад программын эрхээ бусдад дамжуулан ирцээ 34 удаа бүртгүүлсэн гэж дүгнэсэн.

...- ХХК-ийн Нарантуул тооцооны төвийн ахлах теллер А.Оюунбилэгийн тайлбарыг нотариатаар гэрчлүүлэн хэрэгт өгсөн. Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дахь хэсэгт Үйлчлүүлэгч биечлэн ирж тухайн баримт бичиг болон нотариатын үйлдлийн бүртгэлд гарын үсгээ зурна гэж, 49 дүгээр зүйлийн 49.3-д Анхны хуулбар урьд нь нотариатчаар гэрчлэгдсэн, эсхүл уг баримт бичгийг олгосон иргэн, хуулийн этгээд түүний үнэн зөвийг тодорхойлсон тохиолдолд баримт бичгийн хуулбарын хуулбарыг гэрчилнэ гэж тус тус заасан. Энэхүү хуулийн зохицуулалтаас үзэхэд ...- ХХК-ийн Нарантуул тооцоон төвийн ахлах теллер А.Оюунбилэгийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ...- ХХК-ийн хяналт, шалгалтын газарт гаргасан тайлбар хуулбар үнэн болох-ыг нотариат гэрчлэхийн тулд А.Оюунбилэг нотариатад биечлэн очиж, тухайн баримт бичгийн үнэн зөвийг тодорхойлж, нотариатын үйлдлийн бүртгэлд гарын үсэг зурсан байх шаардлагатай. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувиар анхан шатны шүүхэд 2022-03-31-ний өдөр А.Оюунбилэг нь 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн нотариатч Х.Цогзолмаа дээр биечлэн очсон эсэх, 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ...-ны хяналт, шалгалтын газарт бичиж өгсөн баримт бичгийн үнэн зөвийг тодорхойлсон эсэх, нотариатын үйлдлийн бүртгэлд гарын үсэг зурсан эсэх тухай лавлагааг холбогдох нотлох баримтуудын хамт нотариатч Х.Цогзолмаагаас гаргуулах хүсэлт гаргасныг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шүүгчийн захирамжаар ... нотариатчаас баримт гаргуулах шаардлагагүй... гэж хэрэгсэхгүй болгосон атлаа Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. ...-ыг программын эрхээ бусдад дамжуулан ирцээ 34 удаа бүртгүүлсэн гэж дүгнэхдээ хөдөлмөрийн дотоод журмын 9.26, 27-д заасныг анхаараагүй.

Ажил олгогч ...- ХХК ажилтан ...-ыг буруутгаж ажлаас халахаас өмнө Хөдөлмөрийн дотоод журмын 9.26-д заасан ажилтан цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлээгүй тохиолдолд ХНГ-аас ажилтны бүртгээгүй шалтгааныг тодруулах ажиллагааг хүний нөөцийн газар болон дотоод хяналт, шалгалтын газраас явуулж ...-оос тайлбар, мэдүүлэг аваагүй. Ажил олгогч энэхүү үйлдлийг тодруулсны үндсэн дээр төхөөрөмжид бүртгүүлээгүй тохиолдолд ХНГ-аас ажилтны бүртгүүлээгүй шалтгааныг тодруулах ажиллагааг Хүний нөөцийн газар болон Дотоод хяналт, шалгалтын газраас огт явуулаагүй, энэ талаар ажилтан ...-оос ямар нэгэн тайлбар, мэдүүлэг аваагүй. Ажил олгогч ...- ХХК-ийн энэхүү үйлдэлд нь Хөдөлмөрийн дотоод журмын 9.26-д "... шалтгааныг тодруулсаны үндсэн дээр Анхааруулах хуудас-ыг ажилтанд өгнө гэж, 9.2.7-д Ажилтан хагас жилд 3 удаа Анхааруулах хуудас авсан тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулна гэж тус тус заасныг ноцтой зөрчсөн. Гэтэл анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг тодруулаагүй.

Ажил олгогч ...- ХХК нь ажилтан ...-ыг ажлаас халахдаа Хөдөлмөрийн дотоод журмын 5.16.1-д заасныг үндэслэл болгожээ. Хөдөлмөрийн дотоод журмын 5.16.1-д энэ журмын 1.5.2-т заасан удирдаага /гүйцэтгэх захирал, орон нутгийн тооцооны төвийн захирлаар бусад/ болон газар, хэлтсийн ахлах ажилтан/ мэргэжилтэнтэй холбоотой асуудлыг ХНГ хариуцан ХНХ-д танилцуулж, шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захирал тушаал гаргана гэж заажээ. Энэхүү зохицуулаптаас үзэхэд ...- ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Нарантуул тооцооны төвийн захирал ...-ыг ажлаас халах тушаал гаргахаас өмнө Хүний нөөцийн газар ажилтанд ...-той холбоотой асуудлыг танилцуулж, шийдвэр гаргах байсан.

...- нь ...- ХХК болон түүний харилцагчид ямар нэгэн эд хөрөнгийн хохирол учруулаагүй, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах үйлдэл гаргаж байгаагүй байхад шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Нарантуул тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан ...- нь компьютерын хурд удаан учраас өөр компьютерээр ирцээ бүртгүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Энэхүү хэрэг маргаан 2 удаа анхан шатны шүүхэд хэлэлцэгдсэн. Эхний анхан шатны шүүх хуралдаанд камерын бичлэг гаргаж өгөх гэтэл шүүх хүлээж аваагүй. 2 дахь удаагаа анхан шатны шүүхэд хэлэлцэгдэх үеэр камерын бичлэг устсан талаар тайлбарласан. Үүний дагуу шүүх үзлэг хийхдээ Нарантуул тооцооны төвийн ажилчдаас тайлбар авсан. Камерын бичлэг урт хугацаанд хадгалах боломжгүйг нэхэмжлэгч мэдэж байгаа. Гэрч А.Алтантуул Би ...-ын өмнөөс хийж байгаагүй, бусад нь хийсэн эсэхийг мэдэхгүй гэж мэдүүлсэн. Гэрч А.Оюунбилэг 2 удаа өмнөөс нь ирцийг нь хийж байсан талаараа багасгаж бичсэн гэж мэдүүлсэн. Анхан шатны шүүх 2 удаа өмнөөс нь ирцийг хийсэн гэдэг нь тогтоогдож байна гэж дүгнэсэн. Хөдөлмөрийн гэрээний 7.4.1-д бусдаар дамжуулж ирцээ бүртгүүлбэл хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан. ...-ыг ажилдаа ирсэн ирээгүй, хоцорч ирсэн талаар яриагүй, зөвхөн бусдаар дамжуулж ирцээ бүртгүүлсэн гэх асуудлыг ярьсан. Тус асуудлууд нь А.Оюунбилэгийн тайлбараар тогтоогдож байгаа учир шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийнм 167.1.1-д зааснаар хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1. Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар

 

1.а. Нэхэмжлэгч ...- нь хариуцагч ...- ХХК-д холбогдуулан тус банкны гүйцэтгэх захирлын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/267 дугаар тушаалыг хүчингүй болгуулж ...- ХХК-ийн Нарантуул тооцооны төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч маргасан байна.

 

...- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/265 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 5.16.1, 5.28.1, Хөдөлмөрийн гэрээний 7.4.1, Хүний нөөцийн хорооны 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр хурлын шийдвэрийг үндэслэн ...- нь Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалттай биелүүлж ажиллаагүй, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацааны ирцийг Хүний нөөцийн программ болон камерын бичлэгтэй тулган шалгахад хүний нөөцийн программын эрхээ бусдад дамжуулан ирцээ 34 удаа бүртгүүлсэн, тус тооцооны төвийн гадуур ажлын ирц бүртгэлийн дэвтэрт 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш гадуур ажилласан талаар бүртгэл хийгдээгүй, 5 зээлдэгчид нийт 5,063,452 төгрөгийн тэтгэврийн зээлийг олгохдоо зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг хянаж, тамга, тэмдэг дарж баталгаажуулаагүй хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн зээл олгосон зэрэг зөрчил гаргасан нь Дотоод хяналт, шалгалтаар тогтоогдсон гэж ...-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна. (1хав-17х)

 

...- ХХК-ийн Нарантуул тооцооны төвд хийсэн шалгалтаар нэхэмжлэгч ...- нь нийт 3 зөрчил гаргасан гэж дүгнэжээ. Үүнд:

1. Зээлийн үйл ажиллагааны журмын 17.2.4-т Зээлийн ажилтан нь холбогдох зээлийн хорооны шийдвэрийг үндэслэн зээлийн төрлөөс хамааруулан зээлийн гэрээ, барьцааны гэрээ батлан даатгалын гэрээ, фидуцийн гэрээг хавсралт 4.1-4.17-д заасан загварын дагуу зээлдэгчтэй байгуулж, нэг талаас банкны эрх олгогдсон албан тушаалтан, нөгөө талаас ээлдэгч иргэн, хуулийн этгээдийг төлөөлж эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тэмдэг дарна гэснийг зөрчиж 5 зээлдэгчид нийт 5,063,452 төгрөгийн тэтгэврийн зээлийг олгохдоо зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэгжийн захирал хянаж, тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн зээл олгосон.

2. Нарантуул тооцооны төвийн Гадуур ажлын ирц бүртгэлийн дэвтэр хөтлөлтийг шалгахад тооцооны төвийн захирал ...- нь 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш гадуур ажилласан талаар бүртгэл хийгдээгүй гэж дүгнэсэн байна.

3. Тус төвийн захирал ...-ын ажлын байрны цаг ашиглалтыг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс мөн оны 03 дугаар сарын 19-ний өдрийг дуусталх хугацаагаар хүний нөөцийн ирц бүртгэлийн программ болон камерын бичлэгтэй тулган шалгахад хүний нөөцийн программын эрхийг бусдад дамжуулан 34 удаа ирц бүртгүүлсэн. (1хав-116-117)

 

1.б. ...- ХХК-ийн Нарантуул тооцооны төв нь 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Н.Бямбадолгорт 1,112,243 төгрөгийн, Г.Баянжаргалд 721,011 төгрөгийн, Н.Пүрэвсүрэнд 318,780 төгрөгийн, 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Л.Дэнсмаад 1,496,319 төгрөгийн, Г.Жангуудад 1,415,099 төгрөгийн, нийт 5,063,452 төгрөгийн зээл олгосон байна. Эдгээр зээлийн гэрээнүүдэд ...- ХХК-ийн Нарантуул тооцооны төвийн захирал ...- гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр тогтоогдсон тул тэтгэврийн зээлийг олгохдоо зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг хянаж тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн зээл олгосон зөрчил гаргасан гэх ажил олгогчийн тайлбар үндэслэлгүй. (1хав-148-169х)

 

Мөн ...- ХХК-ийн Нарантуул тооцооны төвийн Гадуур ажлын ирц бүртгэлийн дэвтэрт ... захирал ...- нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн судалгаанд харилцагчтай уулзахаар 12 цагт гарсан тухай тэмдэглэсэн, 2021 оны 02 дугаар сарын 17-ны Баянзүрх дүүрэг рүү албан ажлаар уулзахаар 11:23 минутад гарсан гэж тэмдэглэсэн. Иймд нэхэмжлэгч ...-ыг гадуур ажилласан талаар бүртгэл хийгээгүй зөрчил гаргасан гэж үзэхгүй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч дээрх 2 зөрчлийг гаргасан нь тогтоогдоогүй талаар дүгнэсэн нь үндэслэлтэй.

1.в. Хөдөлмөрийн гэрээний 7.4.1-д 2 буюу түүнээс дээш удаа цахимаар болон ирц бүртгэх программд бусдаар дамжуулан ирцээ бүртгүүлсэн эсхүл өөр этгээдийн хурууны хээг ирц бүртгүүлэх программд бүртгүүлсэн бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ. (1хав-4-11)

 

1.г. Нэхэмжлэгч ...- нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс мөн оны 03 дугаар сарын 19-ний өдрийг дуусталх хугацаанд нийт 34 удаа цахимаар болон ирц бүртгэх программд бусдаар дамжуулан ирцээ бүртгүүлсэн болох нь ...- ХХК-ийн Нарантуул тооцооны төвд хийсэн шалгалтаар тогтоогдсон байна.

 

1.д. Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос хүсэлт гаргаагүй байхад А.Оюунбилэг, А.Алтантуул нарыг гэрчээс оролцуулж мэдүүлэг авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн, улмаар гэрч А.Оюунбилэгийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь мөн хуулийн 38.5 дахь хэсэгт нийцээгүй байна. Энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын 4, 5-д заасан зарим хэсэг үндэслэлтэй.

 

1.е. Гэвч хариуцагч талын хүсэлтээр гэрчээр асуугдсан хянан шалгагч А.Бямбадорж ...компьюьтерийн лог, ай пи хаяг, камерийн бичлэгээр тулгаж харж байгаа юм... гэж, Даргалагчийн ......- захирлыг байхгүй байхад энэ 2 дээр нэмээд 21 удаа бүртгэж байхыг харсан юм уу гэсэн асуултад тийм гэж хариулсан, ... камерын бичлэгийг яаж үзсэн юм бэ.. гэсэн асуултад ...нэг хянан шалгагчаа томилоод үзчих гэсэн. Үзэхдээ ажилд ирэх цаг, орой тарах цагийг үзэж байгаа юм, хэдий хугацаа шаардагдсан бэ гэсэн асуултад өглөө очоод 18 цаг хүртэл гэж тус тус хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан ба түүнд худал мэдүүлэг өгсөн тохиолдолд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулж гарын зуруулсан байна. (хх-ийн 246, 2хх-ийн 15)

 

...- ХХК-ийн Нарантуул тооцооны төвд хийсэн шалгалтын тайлангийн 3.1-д заасан дүгнэлт нь гэрч А.Бямбадоржийн мэдүүлгээр давхар нотлогдсон тул Хөдөлмөрийн гэрээний 7.4.1-д заасан зөрчлийг ажилтан гаргасан гэж үзсэн ажил олгогчийн тушаал үндэслэлтэй.

 

1.ж. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан" бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан тул ...- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/267 дугаар тушаалаар ...-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлтэй болжээ.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч ...-ын хариуцагч ...- ХХК-д холбогдуулан гаргасан ...- ХХК-ийн Баянзүрх дүүрэг салбарын Нарантуул тооцооны төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж холбогдор дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 он) 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцсэн байна.

 

2. Давж заалдах гомдлын талаар

2.а. Нэхэмжлэгч ...- нь ...- ХХК-ийн Нарантуул тооцооны төвийн захирлаар ажиллаж байх хугацаанд компьютерийн хурднаас шалтгаалан бусдын компьютероор дамжин хүний нөөцийн программд нэвтрэх үйлдэл хийдэг байсан гэх тайлбар гаргасан боловч энэ талаар ажил олгогчид мэдэгдэж байсан гэх байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

2.б. Гэрч А.Оюунбилэгийн мэдүүлгийг дээр дурдсанаар үнэлээгүй тул түүний гараар бичсэн тодорхойлолтыг мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй талаар өмгөөлөгч давж заалдах гомдолдоо заасан үндэслэлтэй.

 

2.в. Хөдөлмөрийн дотоод журмын 9.26, 9.27-д тус тус заасан журам нь мөн журмын 5.28.1, хөдөлмөрийн гэрээний 7.4.1-д зааснаас өөр тохиолдолд илүү хамааралтай буюу цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлээгүй нэг тохиолдлыг зохицуулсан гэж үзэхээр байх тул Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг зөрчсөн гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

 

2.г. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан зарим хэсэг үндэслэлтэй боловч ...- ХХК-ийн Нарантуул тооцооны төвд хийсэн шалгалтын тайлангийн 3.1-д заасан дүгнэлт, гэрч А.Бямбадоржийн мэдүүлгийг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэлийг хангаж шүүхийн шийдвэрт өөрлөлт оруулахыг хүссэн гомдлыг бүхэлд нь хангах боломжгүй гэж үзэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2022/01251 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Н.БАТЗОРИГ