Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 183/шш2021/02257

 

 

 

 

 

     
                         

2021 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2021/02257

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 16 дугаар гудамжны 283-1 тоотод оршин суух Бэсүд овогт ************** -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 6-2 дугаар гудамжны 626А тоотод оршин суух Тайжууд овогт************** ,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уулын 7 дугаар гудамжны 38 тоотод оршин суух Намсрай овогт**************  нарт холбогдох

2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн газар болон хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах, үндэслэлгүй хөрөнгөжсөн 42.429.000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Одончимэгийн зээлийн гэрээний үүрэгт 8.701.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

ан

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Золзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхтуяа /ШТЭҮД:2515/, хариуцагч А.Одончимэг, хариуцагч А.Одончимэгийн өмгөөлөгч А.Билгүүн /ШТЭҮД:3186/, хариуцагч М.Санчир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Хэрлэнбаатарын шүүхэд анх гаргасан нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Хэрлэнбаатар нь 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр М.Санчирын эгч болох А.Одончимэгээс 10.000.000 төгрөг зээлсэн. Гэтэл А.Одончимэг нь зээлийн мөнгөний оронд өөрийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, 1 дүгээр гудамжны 33 тоот хаягт байрлах 542 м.кв газар, 47.25 м.кв хувийн сууцыг дүү болох М.Санчирын нэр дээр шилжүүл, мөнгөө төлж дууссаны дараа хашаа байшинг буцааж шилжүүлэхээр тохиролцсон. Г.Хэрлэнбаатар нь А.Одончимэгээс зээлсэн төлбөрөө бүрэн төлсөн боловч түүний өмчлөлийн хашаа байшинг өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөхгүй байна. Анхнаасаа хашаа, байшингаа худалдах санаа зорилго байгаагүй бөгөөд одоогоор хашаа, байшиндаа амьдарч байгаа болно. М.Санчир Г.Хэрлэнбаатар нарын хооронд ямар нэгэн зээлийн харилцаа үүсээгүй. А.Одончимэг нь өөрийн иргэний үнэмлэхийг олохгүй байсан учир хүргэн дүү М.Санчирт дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн нь хууль зөрчсөн хэлцэл учир уг гэрээ мөн хүчин төгөлдөр бус юм. Иймд 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 3.000.000 төгрөгийн үнэ бүхий газар худалдах, худалдан авах гэрээ, мөн өдөр байгуулсан 7.000.000 төгрөгийн үнэ бүхий хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр М.Санчир, А.Одончимэг нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Г.Хэрлэнбаатарт буцаан шилжүүлэхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү. Мөн зээлийн гэрээний дагуу Г.Хэрлэнбаатар нь А.Одончимэгээс 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 10.000.000 төгрөг, түүний дараа цувуулан 22.800.000 төгрөг, нийт 32.800.000 төгрөгийг авсан. Гэтэл А.Одончимэг нь зээлийн төлбөр, хүү гэж нийт 62.229.000 төгрөгийг авсан нь үндэслэлгүй байна. Учир нь тус гэрээгээр хүү, алданги тохиролцоогүй байж үндэслэлгүйгээр хашаа, байшинг шилжүүлж өгөхгүй, аавын чинь хашаа, байшинг зарлаа гэж дарамтлаад нэмж мөнгө аваад байсан. Иймд Г.Хэрлэнбатаар нь А.Одончимэгээс зээлсэн мөнгөө төлчихөөд байхад илүү мөнгө авч үндэслэлгүй хөрөнгөжсөн 29.429.000 төгрөгийг буцаан шаардаж байгаа тул хариуцагч А.Одончимэгээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч М.Санчир шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Г.Хэрлэнбаатар гэгчийг танихгүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, 1 дүгээр гудамж, 33 тоотод байх хашаа байшин нь одоо миний нэр дээр байхгүй, 2018 онд А.Одончимэгт шилжүүлэн өгсөн. Учир нь хэдэн онд байсныг нь санахгүй байна, миний хуучин эхнэр Нандинчимэгийн эгч******* нь над руу залгаж чамд иргэний үнэмлэх чинь байна уу гэж асуусан, би байна гэсэн чинь тэгвэл чи Хан-Уул дүүрэг дээр яаралтай хүрээд ирээч, би хүнд мөнгө зээлсэн юм, барьцаанд нь өөрийн хашаа байшингаа тавьж байгаа юм, тэгсэн чинь миний иргэний үнэмлэх олддоггүй, өнөөдөр мөнгө нь хэрэгтэй гээд байгаа, чи ирээд өөрийнхөө нэр дээр энэ хашаа байшинг шилжүүлээд авчих, би чамаас дараа нь иргэний үнэмлэхээ олчхоод шилжүүлээд авчихъя гэсэн юм. Тэгээд би Хан-Уул дүүргийн ойролцоо явж таараад очсон. Очиход******* хоёр хүний хамт үүдэн дээр хүлээгээд зогсож байсан. Би тэр гурав дээр очоод ямар учиртай юм гэж дахиж лавлаж асуухад урд нь болон тэр өдрөөс хойш нэг ч харж байгаагүй, жижиг биетэй, харавтар бор царайтай залуу, дүү нь Одноо эгчээс мөнгө аваад хашаа байшингаа нэр дээр нь шилжүүлж өгч байгаа юм, Одноо эгч иргэний үнэмлэхгүй гээд таныг дуудсан юм, дүүд нь мөнгө маш их хэрэг болоод гээд өмнө минь сөхөрчих гэсэн сайхан зантай, инээсэн залуу тэгж хэлсэн. Би*******ийн дүүгээс салсан болохоор*******тэй одоо ямар нэгэн холбоо байдаггүй. Би тэд нарын хоорондох тохироо болон хэдэн төгрөг авч өгөлцөж байгааг мэдэхгүйгээр, хаана байдгийг нь ч мэдэхгүйгээр хашаа байшингийн гэрчилгээгээр нь өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Гэрчилгээ тэд хоногийн дараа гарна, өөрийн биеэр ирж аваарай гээд жижиг цаас өгч байсныг санаж байна. Хэд хоногийн дараа бас л ажил болгож очиж аваад*******т миний нэр дээр гарсан гэрчилгээг өгсөн. Тэр нэр шилжүүлэхэд тааралдсан өдрөөс хойш дахиж би тэр залуу болон надтай мэндэлж инээснээс өөр юм ярилцаагүй хүүхэн хоёрыг дахиж хараагүй. Нэрийг нь ч мэдэхгүй, гар барилцаж нэр усаа хэлж танилцаагүй. Тэр өдрөөс хойш би ч тэр,******* ч тэр мартаж байгаад гэнэт санаж, би*******т хэлж буцааж тэр очиж үзээгүй, хаана байдгийг нь мэдэхгүй хашаа байшингаа*******ийн нэр дээр шилжүүлсэн. Яагаад гэнэт санасан бэ гэхээр энэ хашаа байшин миний нэр дээр шилжиж ирснээрээ надад болон манай хүүхдүүдэд их гай болсныг мэдээд санасан юм. Учир нь улсаас иргэн бүр газар өмчлөх эрхтэй гээд сугалаа явуулж хэд хэдэн газар сугалаагаар өгсөн, тэр сугалаанд гэх юм уу тохируулгад гэх юм уу манай гэр бүлээс нэг ч хүн орохгүй байсан, ямар учиртай юм бол гэж бодож байгаад миний нэр дээр******* хашаа байшин шилжүүлснийг санаад гай болсон хашаа байшинг*******т хурдан шилжүүлж өгсөн юм. Г.Хэрлэнбаатар нь зээлсэн мөнгөнийхөө барьцаа болгож хашаа байшингаа шилжүүлсэн учир А.Одончимэг бид хоёрын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулна гэж байгааг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч А.Одончимэг шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: А.Одончимэг миний би иргэн Г.Хэрлэнбаатарын гуйсны дагуу 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 10.000.000 төгрөг зээлсэн болно. Уг мөнгийг зээлж авахдаа Г.Хэрлэнбаатар Хан-Уул дүүрэгт байрлах өөрийн эзэмшлийн хашаа байшинг миний нэр дээр шилжүүлье гэсний дагуу шилжүүлсэн. Би тухайн үед нийтийн хоолны газар ажиллуулдаг, ачаалал ихтэй, завгүй байсан учир өөрийн хүргэн дүү болох М.Санчирыг нэр дээрээ шилжүүлж өгөөч гэж хүссэний дагуу М.Санчирын нэр дээр шилжсэн. Г.Хэрлэнбаатар миний гэр бүлийн хүн Г.Адъяа нар бизнесийн хамтрагчид, мөн найзууд байсан. 2014 оны хавар Г.Адъяа, Г.Хэрлэнбаатар нар хамтран Яармагийн Вива ситид махны павильон түрээслэн ажиллуулахаар болж нэмээд надаас 12.000.000 төгрөг зээлсэн. Удалгүй махны павильон нь дампуурсан учир авсан мөнгөө төлж чадаагүй. Би Г.Адъяа, Г.Хэрлэнбаатар хоёрт зээлсэн мөнгөө тав таван саяар хуваан төлөөрэй гээд хоёр сая төгрөгөө бүр орхиж нэхээгүй болно. Г.Хэрлэнбаатар 2017 оны 06 дугаар сарын 06-нд лангуу нь хоосроод наймаагаа хийж чадахгүй боллоо гэж гуйсаар байгаад нэмж 3.000.000 төгрөг дахин зээлж авсан. Надаас мөнгө зээлж авах бүрдээ миний хашаа байшингийн бичиг баримт нэр дээр чинь байгаа юм чинь санаа зовох зүйлгүй, би найдвартай гэж хэлдэг байсан. Би ч итгээд зээлдэг байсан. Зээлсэн мөнгөний хүүг өгч байсан нь үнэн. Би 2017 оны 06 дугаар сарын 20-нд одоо мөнгөө авъя, бичиг баримтаа шилжүүл гэхэд Г.Хэрлэнбаатар авсан 18.000.000 төгрөгөө 3 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй тохироод 2017 оны 07 дугаар сарын 20-ноос эхлэн төлье гэж гуйхаар нь зөвшөөрсөн. Ингээд сар бүр үндсэн төлбөрт 500.000 төгрөг, хүүгийн төлбөрт 900.000 төгрөг, нийт 1.400.000 төгрөгийг төлж байгаад 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 680.000 төгрөгийг хийгээд, 2019 оны 8 дугаар сараас мөнгөө төлөхгүй, утас руу нь залгахаар авахгүй, гэрт нь очоод байхгүй, махны лангуун дээр нь очоод байхгүй, ор сураггүй алга болсон. Би оюутны цайны газар 10 жил хөлсөө урсгаж хуушуурын халуун тогоон дээр ажиллаж, зовж байж олсон бүх мөнгөө энэ хүнд луйвардуулсан. Г.Хэрлэнбаатар мөнгө зээлж авах бүртээ би найдвартай, бүх өрөө төлөөд бичиг баримтаа шилжүүлж авна гэж хэлдэг, би ч тэр үгэнд нь итгээд мөнгөө өгсөөр байсан. 2019 оны 8 дугаар сараас хойш мөнгөө өгөхгүй болохоор нь утас руу нь зогсоо зайгүй залгаад байхад аваагүй байж, гэнэт нэхэмжлэл гаргасан гайхаж байна. Мөн Г.Хэрлэнбаатар нь 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нийт 30.850.000 төгрөгийг нэмж зээлсэн. Лангуу ажиллуулж байгаа, хашаа, байшингийн бичиг баримт таны нэр дээр байгаа учир найдвартай, нотариат орж гэрээ хийгээд байх шаардлагагүй гэж хэлсэн үгэнд нь итгэж байсан. Одоо би энэ хүнээс зээлийн төлөөгүй үлдэгдэл төлбөр болох 49.000.000 төгрөгийг нэхэмжлэхээр тооцсон ч шүүх өмнөх шүүх хуралдаанаар тооцоод 8.701.000 төгрөг үлдсэн байна гэж үзсэн учир уг хэмжээгээр нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргасан учир хашаа, байшинг шилжүүлэн өгөх боломжгүй. Зээлийн төлбөрөө төлж дуусгасны дараа буцаан шилжүүлж өгөхөөр тохиролцсон. 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойш Г.Хэрлэнбаатар нь надад 37.780.000 төгрөгийг шилжүүлсэн байх ба үүний зарим хэсэг нь тохиролцсоны дагуу хүүгийн төлбөрт тооцогдож байгаа учир буцаан өгөхийг зөвшөөрөхгүй. Би ажилтай, дээр нь иргэний үнэмлэх олдохгүй байсан учир хүргэн дүү М.Санчирын нэр дээр хашаа, байшинг нь шилжүүлсэн байсныг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр М.Санчираас хашаа байшингийн бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Би мөнгө зээлсэн болохоос түүнд өртэй биш. Миний бие Г.Хэрлэнбаатарт нийт 50.350.000 төгрөг ззээлүүлснээс 41.649.000 төгрөгийг буцаан авсан тул үлдэгдэл 8.071.000 төгрөгийг авах ёстой. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч А.Одончимэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Хэрлэнбаатар нь 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр А.Одончимэг надаас 10.000.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, хугацаагүйгээр зээлж авсан. Улмаар дээрх зээлийн гэрээний хугацаанд буюу 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 3.000.000 төгрөгийг тус тус нэмж зээлж авсан. Г.Хэрлэнбаатар нь дээрх зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр түүнтэй тохиролцсоны дагуу зээлийн үндсэн төлбөр болох 18.000.000 төгрөг дээр тооцоо нийлж, дээрх мөнгийг Г.Хэрлэнбаатар нь 3 жилийн хугацаанд, 5 хувийн хүүтэйгээр төлж барагдуулахаар болж бид харилцан тохиролцсон. Хэрэгт нотлох баримтаар авагдсан зээлийн тооцооны дэвтэрт Г.Хэрлэнбаатар нь зээлийн төлбөрийг төлж барагдуулах хуваарь бичигдсэн байдаг бөгөөд тус хуваарийн дагуу Г.Хэрлэнбаатар нь 2019 олны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр үндсэн төлбөр болох 500000 төгрөг дээр нэмж сарын 5 хувиар тооцсон зээлийн хүүгийн төлбөрийг төлж байсан. Зээлийн гэрээний хугацаанд Г.Хэрлэнбаатар нь дүү нь мөнгөгүй болчихлоо, дахиад мөнгө хэрэгтэй байна, удахгүй бүх мөнгийг чинь буцааж төлнө гэх зэргээр цувуулж мөнгө зээлж авсан бөгөөд цувуулж зээлж авсан мөнгийг тооцож үзэхэд 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 11 удаагийн гүйлгээгээр 32.350.000 төгрөгийг Г.Хэрлэнбаатар нь надаас зээлж авсан байдаг. Өмнө нь тооцоо нийлж зээлсэн мөнгө болох 18.000.000 төгрөг дээр 32.350.000 төгрөгийг нэмж тооцоход А.Одончимэг миний бие хариуцагч Г.Хэрлэнбаатарт нийт 50.350.000 төгрөгийг зээлсэн байсан. Г.Хэрлэнбаатар нь анх тохиролцож зээл авсан 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хамгийн сүүлд төлбөр төлсөн өдөр буюу 2019 лны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд надад зээлийн төлбөрт нийт 41.649.000 төгрөгийг төлж барагдуулсан. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр дуусах ёстой байсан боловч Г.Хэрлэнбаатар нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс хойш мөнгө төлөхөө больсон. Г.Хэрлэнбаатартай зээлийн төлбөрийг төлж барагдуулах талаар холбогдоход утсаа авдаггүй, очиж уулзахад надтай уулзахгүй зугтах зэргээр зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй учир зээлийн үлдэгдэл төлбөр 8.701.000 төгрөгийг Г.Хэрлэнбаатараас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч хүү тохиролцсон талаар ямар ч баримт байхгүй, хүүгүй зээлж байсан учир 2014-2017 онд ямар ч хүү төлж байгаагүй. А.Одончимэг нь зээлсэн 10.000.000 төгрөгийн барьцаанд Г.Хэрлэнбаатарын хашаа, байшинг барьцаалсан гэж байгаа боловч түүний хүргэн дүү М.Санчир, Г.Хэрлэнбаатар нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байдаг. Талууд 18 сая төгрөг дээр тооцоо нийлсэн ямар ч баримт байхгүй. Г.Хэрлэнбаатарт 50.350.000 төгрөг зээлсэн гээд байгаа боловч 22.800.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн байна. Уг 22.800.000 төгрөг дээр анх зээлсэн 10.000.000 төгрөгийг нэмэхээр нийт 32.800.000 төгрөг авсан харагдаж байна. Г.Хэрлэнбаатар нь А.Одончимэгт 48.654.000 төгрөг, түүний нөхөр Г.Адъяагийн дансанд 13.575.000 төгрөг, нийт 62.229.000 төгрөг төлж, зээлсэн мөнгөнөөс илүү мөнгө төлчихсөн байгаа учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Хэрлэнбаатар нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч А.Одончимэг, М.Санчир нарт холбогдуулан 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн газар болон хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн газар болон хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах, үндэслэлгүй хөрөнгөжсөн 29.429.000 төгрөг гаргуулахаар, хариуцагч А.Одончимэгээс сөрөг нэхэмжлэл гаргаж зээлийн гэрээний үүрэгт 8.701.000 төгрөг гаргуулахаар тус тус шаардаж байх ба шүүх 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн газар болон хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах, хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт 8.701.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж, нэхэмжлэгчийн үндэслэлгүй хөрөнгөжсөн 29.429.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Үндсэн нэхэмжлэлийн талаар:

 

2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн газар болон хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах шаардлагын тухайд:

 

Зохигчдын хооронд 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ аман хэлбэрээр байгуулагдаж, нэхэмжлэгч Г.Хэрлэнбаатар нь нэхэмжлэгч А.Одончимэгээс 10.000.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, хугацаагүйгээр зээлэхдээ өөрийн өмчлөлд байсан Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 1 дүгээр гудамжны 33 тоот хаягт байрлах 542 м.кв газар, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, 1 дүгээр гудамж, 33 тоот хаягт байрлах 47.25 м.кв талбай бүхий хувийн сууцыг тус тус барьцаалж, барьцааны зүйл болох газар, хувийн сууцыг зээлийн төлбөрийг төлж барагдуулсны дараа буцаан шилжүүлж авах нөхцөлтэйгөөр 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зээлдэгчийн хүргэн дүү болох М.Санчирын өмчлөлд шилжүүлж, худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ.

Хариуцагч А.Одончимэг нь дээрх маргаан бүхий газар, хувийн сууцыг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр М.Санчираас өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан болох нь хариуцагчийн тайлбар, улсын бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч Г.Хэрлэнбаатар нь хариуцагч А.Одончимэгээс зээлсэн төлбөрөө бүрэн төлж барагдуулсан боловч миний өмчлөлийн хашаа байшинг шилжүүлж өгөхгүй байгаа, анхнаасаа хашаа байшингаа худалдах санаа зорилго байгаагүй, барьцааны гэрээ байгуулагдаагүй гэсэн үндэслэлээр 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн газар болон хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, М.Санчир, А.Одончимэг нарын хооронд байгуулагдсан 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, газар болон хувийн сууцын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгахаар шаардсан бол хариуцагч А.Одончимэг нь хариуцагчаас зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй учир хашаа, байшинг шилжүүлэн өгөх боломжгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Г.Хэрлэнбаатар нь хариуцагч А.Одончимэгээс 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зээлсэн 10.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 1 дүгээр гудамжны 33 тоот хаягт байрлах 542 м.кв газар, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, 1 дүгээр гудамж, 33 тоот хаягт байрлах 47.25 м.кв талбай бүхий хувийн сууцыг тус тус барьцаалахаар тохиролцсон боловч тэдгээрийн хооронд барьцааны гэрээ байгуулагдаагүй байна.

Харин нэхэмжлэгч Г.Хэрлэнбаатар нь хариуцагч М.Санчиртай 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, өөрийн өмчлөлийн хувийн сууц болон газрыг түүний өмчлөлд шилжүүлжээ.

Хариуцагч А.Одончимэг нь иргэний үнэмлэхээ олохгүй байсан учраас тухайн хувийн сууц болон газрыг хүргэн дүү М.Санчирын өмчлөлд шилжүүлснийг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Г.Хэрлэнбаатар нь өөрийн өмчлөлийн хувийн сууц, газрыг зээлийн барьцаанд барьцаалахаар зээлдэгчтэй тохиролцсон атлаа Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасны дагуу барьцааны гэрээ байгуулаагүй байх тул хариуцагч М.Санчиртай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, хариуцагч нарын хооронд байгуулсан 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2, 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно.

Учир нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан барьцааны гэрээг бичгээр байгуулсан байх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан байх ба энэхүү шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасныг зөрчиж, барьцааны гэрээ байгуулаагүй атлаа барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэн авчээ.

Өөрөөр хэлбэл, худалдагч болон худалдагч авагчийн хэн алинд хувийн сууц болон газрыг худалдах, худалдан авах хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй атлаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсныг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

Иймд зохигчдын хооронд 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хийгдсэн хувийн сууц болон газар худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоох нь зүйтэй.

Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан тул хариуцагч М.Санчир, хариуцагч А.Одончимэг нарын хооронд хийгдсэн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т зааснаар энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Талууд маргаан бүхий хувийн сууц болон газрыг барьцаалж барьцааны гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэгч Г.Хэрлэнбаатар нь хариуцагч А.Одончимэгтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийг бүрэн төлж барагдуулаагүй нь хувийн сууц болон газрыг буцаан шилжүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй юм.

Иймд зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн газар болон хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч А.Одончимэгт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 1 дүгээр гудамжны 33 тоот хаягт байрлах 542 м.кв газар, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, 1 дүгээр гудамж, 33 тоот хаягт байрлах 47.25 м.кв талбай бүхий хувийн сууцны өмчлөх эрхийг тус тус нэхэмжлэгч Г.Хэрлэнбаатарт буцаан шилжүүлж өгөхийг даалгах нь зүйтэй байна.

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 29.429.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Зохигчдын хооронд 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ аман хэлбэрээр байгуулагдаж, нэхэмжлэгч Г.Хэрлэнбаатар нь нэхэмжлэгч А.Одончимэгээс 10.000.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, хугацаагүйгээр, 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 3.000.000 төгрөгийг тус тус хүү, хугацаагүйгээр зээлдэн авсан болох нь зохигчийн тайлбар, гэрч Г.Адъяагийн мэдүүлэг, дансны хуулга зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Г.Хэрлэнбаатар нь 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гэрч Г.Адъяагийн хамт махны павильон ажиллуулахаар хариуцагч А.Одончимэгээс тус бүр 5.000.000 төгрөг буюу нийт 10.000.000 төгрөгийг зээлдэн авсан боловч бизнес нь амжилтгүй болсноос уг мөнгийг одоог хүртэл төлж барагдуулаагүй гэж мэдүүлсэн хариуцагчийн тайлбар, гэрч Г.Адъяагийн мэдүүлгийг үгүйсгэж, түүнтэй холбоотой баримтаа гаргах өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй тул үнэн зөвд тооцох үндэстэй.

Хариуцагч А.Одончимэгээс зээлдэн авсан мөнгө 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт 18.000.000 төгрөг болсныг нэхэмжлэгч Г.Хэрлэнбаатар нь 3 жилийн хугацаанд, 5 хувийн хүүтэйгээр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

Учир нь нэхэмжлэгч Г.Хэрлэнбаатар нь зээлсэн 18.000.000 төгрөгийг сар бүр үндсэн төлбөр 500.000 төгрөг дээр 5 хувиар тооцсон хүүгийн төлбөрийн хамт 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл төлж барагдуулж ирсэн болох нь зохигчдын дансны хуулга, хариуцагчийн тооцооны дэвтэр зэргээр тогтоогдож байна.

Мөн талууд хэзээ, хэдэн төгрөг зээлдүүлсэн, зээлийн гэрээний үүрэгт хэзээ, хэдэн төгрөг төлсөн талаар маргаж байх тул шүүх нэхэмжлэгч Г.Хэрлэнбаатар, хариуцагч А.Одончимэг, гэрч Г.Адъяа нарын дансны хуулгыг судлан үзэхэд нэхэмжлэгч Г.Хэрлэнбаатар нь хариуцагч А.Одончимэгээс дээрх 18.000.000 төгрөгөөс гадна 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд нэмж 32.350.000 төгрөгийг зээлдэн авсан болох нь нотлогдож байх ба хариуцагч А.Одончимэгийн нэхэмжлэгч Г.Хэрлэнбаатарт зээлдүүлсэн мөнгөн хөрөнгийг тооцоход нийт 50.350.000 төгрөг болж байна.

Нэхэмжлэгч Г.Хэрлэнбаатараас хариуцагч А.Одончимэгийн нөхөр Г.Адъяагийн дансаар дамжуулан нийт 13.575.000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч А.Одончимэгээс уг мөнгийг аваагүй, гэрч Г.Адъяа нь уг төлбөрүүд нь тэдний хооронд хийсэн бизнесийн болон зээлийн гэрээний харилцаатай холбоотой гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгч Г.Хэрлэнбаатар, хариуцагч А.Одончимэг нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний төлбөрт оруулан тооцох үндэслэлгүй байна.

Харин нэхэмжлэгч Г.Хэрлэнбаатарын хариуцагч А.Одончимэгээс анх 10.000.000 төгрөгийг зээлдэн авсан 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс сүүлд төлбөр төлсөн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны төлбөрийг тооцон үзэхэд 41.649.000 төгрөгийн зээлийн төлбөр, 6.943.000 төгрөгийн хүүгийн төлбөр, нийт 48.592.000 төгрөгийг төлсөн байна.

Нэхэмжлэгч Г.Хэрлэнбаатар 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 380.000. төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 400.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 780.000 төгрөг 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 580.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 780.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 780.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1.350.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 780.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1.175.000 төгрөг, нийт 6.943.000 төгрөгийг хүү, зээлийн хүү нэрээр тус тус төлсөн байх тул үндсэн зээлээс хасаж тооцох боломжгүй юм.

Учир нь талуудын хооронд хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулагдаагүй боловч зээлдэгч нь өөрөө хүлээн зөвшөөрч хүү төлж байсан байна.

Иймд хариуцагч А.Одончимэгийн нэхэмжлэгч Г.Хэрлэнбаатарт зээлдүүлсэн нийт 50.350.000 төгрөгөөс зээлийн төлбөрт төлсөн 41.649.000 төгрөгийг хасаж тооцоход нэхэмжлэгч Г.Хэрлэнбаатар нь зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 8.701.000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч А.Одончимэгийг зээлийн гэрээний үүрэгт төлсөн 29.429.000 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

Шүүхээс нэхэмжлэгч Г.Хэрлэнбаатарын хариуцагч А.Одончимэг, хариуцагч М.Санчирт нарт шилжүүлсэн хувийн сууц болон газар худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосон нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Г.Хэрлэнбаатарын хариуцагч А.Одончимэгт холбогдох үндэслэлгүй хөрөнгөжсөн 29.429.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

Хариуцагч А.Одончимэг нь нэхэмжлэгч Г.Хэрлэнбаатарт холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаж, зээлийн гэрээний үүрэгт 8.701.000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хангах нь үндэслэлтэй байна.

Учир нь нэхэмжлэгч Г.Хэрлэнбаатарын хариуцагч А.Одончимэгээс зээлдэн авсан мөнгө 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт 18.000.000 төгрөг болсныг нэхэмжлэгч Г.Хэрлэнбаатар нь 3 жилийн хугацаанд, 5 хувийн хүүтэйгээр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, сар бүр үндсэн төлбөр 500.000 төгрөгийг хүүгийн хамт төлөх явцдаа 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд нэмж 32.350.000 төгрөгийг зээлдэн авсан болох нь зохигчдын дансны хуулгаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Г.Хэрлэнбаатар нь хариуцагч А.Одончимэгээс нийт 50.350.000 төгрөг зээлдэн авснаас 48.592.000 төгрөгийг төлсөн байх ба уг 48.592.000 төгрөгөөс 6.943.000 төгрөгийг хүү, зээлийн хүү нэрээр тус тус төлсөн байх тул үндсэн зээлээс хасаж тооцох боломжгүй юм.

Иймд хариуцагч А.Одончимэгийн нэхэмжлэгч Г.Хэрлэнбаатарт зээлдүүлсэн нийт 50.350.000 төгрөгөөс зээлийн төлбөрт төлсөн 41.649.000 төгрөгийг хасаж тооцоход нэхэмжлэгч Г.Хэрлэнбаатар нь зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 8.701.000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Г.Хэрлэнбаатараас зээлийн гэрээний үүрэгт 8.701.000 төгрөг гаргуулж хариуцагч А.Одончимэгт олгох нь зүйтэй гэж үзэв.

Дээр дурдсан үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 929.809 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154.166 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Одончимэгээс нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 491.150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Хэрлэнбаатарт, нэхэмжлэгч Г.Хэрлэнбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 154.166 төгрөг гаргуулж хариуцагч А.Одончимэгт тус тус олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.10, 56.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын хооронд 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан газар болон хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, эрхийн улсын бүртгэлийн Г-2206003530 дугаартай, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 1 дүгээр гудамжны 33 тоот хаягт байрлах 542 м.кв газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206009776 дугаартай, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, 1 дүгээр гудамж, 33 тоот хаягт байрлах 47.25 м.кв талбай бүхий хувийн сууцны өмчлөх эрхийг тус тус нэхэмжлэгч Г.Хэрлэнбаатарын өмчлөлд буцаан шилжүүлж өгөхийг хариуцагч А.Одончимэгт даалгаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Хэрлэнбаатараас 8.701.000 төгрөг гаргуулж хариуцагч А.Одончимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үндэслэлгүй хөрөнгөжсөн 29.429.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 929.809 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154.166 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Одончимэгээс улсын тэмдэгтийн хураамжид 491.150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Хэрлэнбаатарт, нэхэмжлэгч Г.Хэрлэнбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 154.166 төгрөг гаргуулж хариуцагч А.Одончимэгт тус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР