Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00335

 

 

 

Г.Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/03034 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Хын хариуцагч А.О, М.С нарт холбогдуулан гаргасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах, үндэслэлгүй хөрөнгөжсөн 42 429 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би анх 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр А.Оээс 10 000 000 төгрөг зээлсэн. А.О нь зээлийн мөнгөний оронд миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо, 1 дүгээр гудамж, ... тоот, 542 м.кв талбай бүхий газар, 47.25 м.кв талбай бүхий хувийн сууцыг дүү М.Сын нэр дээр шилжүүлж, мөнгөө төлж дууссаны дараа хашаа байшинг надад буцааж шилжүүлэхээр тохиролцсон. Гэвч А.Оээс зээлсэн төлбөрөө бүрэн төлсөн байхад хашаа байшинг өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүй. Миний бие анхнаасаа хашаа, байшингаа худалдах санаа зорилго байгаагүй бөгөөд одоогоор хашаа, байшиндаа амьдарч байгаа болно.

Иймд 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан газар, хувийн сууц худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, өмчлөх эрхийн гэрчилгээг Г.Х миний нэр дээр шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү.

Би А.Оээс зээлийн гэрээний дагуу нийт 25 800 000 төгрөгийг зээлж авсан. Гэтэл А.О нь надаас хүү, алданги гэж нийт 73 355 000 төгрөгийг авсан нь үндэслэлгүй. Учир нь хүү, алданги тохиролцоогүй. Иймд миний бие А.От төлсөн 73 500 000 төгрөгөөс илүү төлсөн 42 429 000 төгрөгийг буцаан шаардаж байгаа тул хариуцагч гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Хыг танихгүй. 2014 онд хуучин эхнэрийн эгч А.О нь “би хүнд мөн зээлсэн чинь барьцаанд хашаа, байшингаа тавьсан. Миний иргэний үнэмлэх олддоггүй, өнөөдөр мөнгө нь хэрэгтэй гээд байгаа, чи өөрийн нэр дээр шилжүүлээд авчих, дараа нь чамаас шилжүүлж авъя” гэж хэлсний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Дараа нь дээрх эд хөрөнгийн өмчлөх эрхийг А.От шилжүүлж өгсөн. Би нэхэмжлэлд дурдагдаж байгаа хашаа байшин, мөнгө өгч, авсныг харж үзэж байгаагүй, ярианд нь ч оролцож байгаагүй учир хариуцагч биш гэжээ.

Хариуцагч А.О шүүхэд гаргасан хариу тайлбараа: Би Г.Хын гуйсны дагуу түүнд 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 10 000 000 төгрөг зээлсэн. Уг мөнгийг зээлж авахдаа тэрээр Хан-Уул дүүрэгт байрлах өөрийн эзэмшлийн хашаа, байшинг миний нэр дээр шилжүүлье гэсэн. Би тухайн үед ажилтай, мөн иргэний үнэмлэх олдохгүй байсан учир хүргэн дүү М.Сын нэр дээр хашаа, байшинг нь шилжүүлсэн авсан. 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр М.Саас үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан учир энэ хэрэгт М.С хамааралгүй.

 Г.Х миний гэр бүлийн хүн Г.А нар бизнесийн хамтрагчид, мөн найзууд байсан. 2014 оны хавар Г.А, Г.Х нар хамтран яармагийн Вива ситид махны павильон түрээслэн ажиллуулахаар болж надаас 12 000 000 төгрөг зээлсэн. Удалгүй махны павильон нь дампуурсан учир авсан мөнгөө төлж чадаагүй. Би Г.А, Г.Х хоёрт зээлсэн мөнгөө 5 000 000, 5 000 000 төгрөгөөр хуваан төлөөрэй гээд 2 000 000 төгрөгөө бүр орхиж нэхээгүй. Г.Х нь 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр лангуу нь хоосроод наймаагаа хийж чадахгүй боллоо гэж гуйсаар байгаад нэмж 3 000 000 төгрөг зээлж авсан. Надаас мөнгө зээлж авах бүрдээ миний хашаа байшингийн бичиг баримт нэр дээр чинь байгаа юм чинь санаа зовох зүйлгүй, би найдвартай гэж хэлдэг байсан. Би ч итгээд зээлдэг байсан. Зээлсэн мөнгөний хүүг өгч байсан нь үнэн. Би 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр мөнгөө авъя, бичиг баримтаа шилжүүл гэхэд Г.Х авсан 18 000 000 төгрөгөө 3 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй тохироод 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн төлнө гэж гуйхаар нь зөвшөөрсөн. Ингээд сар бүр үндсэн төлбөрт 500 000 төгрөг, хүүгийн төлбөрт 900 000 төгрөг, нийт 1 400 000 төгрөгийг төлж байгаад 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 680 000 төгрөгийг хийгээд, мөн оны 8 дугаар сараас мөнгөө төлөхгүй, ор сураггүй алга болсон. Г.Х нь 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нийт 30 850 000 төгрөгийг зээлсэн. Г.Х нь 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс хойш зээлийн төлбөрт 37 780 000 төгрөгийг шилжүүлсэн, одоо 49 000 000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй учир хашаа, байшинг шилжүүлэн өгөх боломжгүй. Зээлийн төлбөрөө төлж дуусгасны дараа буцаан шилжүүлж өгөхөөр тохиролцсон гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.10, 56.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын хооронд 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан газар болон хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, эрхийн улсын бүртгэлийн Г-2206003530 дугаартай, Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, Буянт-Ухаа 1 дүгээр гудамжны ... тоот, 542 м.кв талбай бүхий газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206009776 дугаартай, Хан-Уул дүүргийн ...дүгээр хороо, 1 дүгээр гудамж, ... тоот, 47.25 м.кв талбай бүхий хувийн сууцны өмчлөх эрхийг тус тус нэхэмжлэгч Г.Хын өмчлөлд буцаан шилжүүлж өгөхийг хариуцагч А.От даалгаж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Г.Хын хариуцагч А.От холбогдох гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулсантай холбоотой 42 429 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 683 809 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Оээс улсын тэмдэгтийн хураамжид 245 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Хт олгон шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Х, түүний өмгөөлөгч Н.Энхтуяа давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна.

Талуудын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зохигчдын хэн алинд нь хувийн сууц болон газар худалдах-худалдан авах хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй. Шүүх дүгнэхдээ талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн нь зөв.     Нэхэмжлэгчийн өгсөн мөнгөнөөс хүү төлсөн гэж 6 943 000 төгрөг хасаж тооцох үндэслэлгүй. Талууд гэрээ байгуулагдахад 10 000 000 төгрөгийг бэлэн авсан талаар хэлдэг ба хүү хоорондоо тохиролцоогүй. Мөн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 5 000 000 төгрөгийг А.Оээс аваагүй талаар маргадаг гэтэл шүүхээс ямар баримтыг үндэслэж 5 000 000 төгрөгийг Г.Хыг зээлсэн гэж үзсэн нь тодорхойгүй байна.

Г.Хын зүгээс 5 000 000 төгрөгийг зээлж авсан талаар үгүйсгэдэг ба харин гэрч Г.Агийн дансанд 13 575 000 төгрөгийг шилжүүлсэн талаар баримтыг өгсөн байхад шүүхээс энэ баримтыг үнэлэхгүйгээр харин эхнэр нөхрийн хоорондын тайлбарыг үндэслэж 5 000 000 төгрөгийг зээлсэн байна гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.

Шүүхээс 18 000 000 төгрөгийг сар бүр үндсэн төлбөр болох 500 000 төгрөг дээр 5 хувиар тооцсон хүүгийн төлбөрийн хамт 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл төлж байсан байна гэжээ. Гэтэл дээр дүгнэхдээ 6 хувийн хүүтэй зээл авсан болох нь тогтоогдож байна гэсэн байтал энэ дүгнэлтэндээ 5 хувийн хүү гэж заажээ. Шүүхийн дүгнэлт нь хоорондоо зөрүүтэй эргэлзээтэй байдал харагдаж байна. Нэхэмжлэгч нь тогтмол нэг дүнгээр огт төлж байгаагүй ба сарын орлогоосоо хамаарч зээлийг төлж барагдуулсан үйлдэл харагддаг. Анхан шатны шүүхээс зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байхад ямар үндэслэлээр хэдэн төгрөгийн хүү тооцож байгаа нь тодорхой бус байна.

Анхан шатны шүүхээс 18 000 000 төгрөгөөс гадна 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 16-ны хүртэл өдөр хүртэл 32 350 000 төгрөгийг зээлдэж авсан нь Г.Х, А.О, Г.А нарын дансны хуулгаар тогтоогдож байна гэжээ. Гэтэл талуудын гаргаж өгсөн баримтаар А.Оийн ХААН банкны 5447046882 тоот данснаас Г.Хын 5027410692 тоот дансанд нийт 22 800 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Гэтэл ямар баримтыг үндэслэж 32 350 000 төгрөг шилжүүлсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

А.Оээс 32 800 000 төгрөгийг зээлж авсан байхад нийт 50 350 000 төгрөгийг зээлдүүлсэн гэж тооцсон нь тооцооны илэрхий алдаатай үндэслэлгүй дүгнэлт байна. Нэхэмжлэгч Г.Хаас А.Оийн дансанд нийт 48 592 000 төгрөгийг шилжүүлсэн ба 15 792 000 төгрөгийг илүү төлсөн байна

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс 42 492 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүй хөрөнгөжсөн 15 792 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.Х нь хариуцагч А.О, М.С нарт холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах, үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр 42 429 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, 1 дүгээр гудамж, .. тоот 542 м.кв талбай бүхий газар, 47.25 м.кв талбай бүхий хувийн сууц нь Г.Х, М.С нарын хооронд байгуулагдсан 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн газар болон хувийн сууц худалдах-худалдан авах гэрээний дагуу хариуцагч М.Сын өмчлөлд, 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 317 дугаартай бэлэглэлийн гэрээгээр хариуцагч А.Оийн өмчлөлд тус тус шилжсэн болох нь худалдах-худалдан авах гэрээнүүд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн албан бичиг зэрэг баримтаар нотлогдсон байна. /хх-4-5,74-75/

Дээрх баримтаас үзвэл маргааны зүйл болох газар, хувийн сууц нь М.Сын өмчлөлөөс А.Оийн өмчлөлд шилжсэнээр Г.Х, М.С нарын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах боломжгүй болжээ. Гэтэл анхан шатны шүүх 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэн, нэхэмжлэгч Г.Хын өмчлөлд тус газар, хувийн сууцыг шилжүүлэхийг хариуцагч А.От даалгаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 Энэ тохиолдолд нэхэмжлэгч нэхэмжлэлээрээ ямар үр дүн хүсч байгааг өөрөөр хэлбэл, дүр үзүүлэн хийсэн уг хэлцлийн үр дагаврыг арилгах боломжтой эсэх, үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрх шилжих үндэслэл болсон 317 дугаартай бэлэглэлийн гэрээг байгуулсан талуудын хүсэл зоригийг тодруулж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар мэтгэлцүүлэх нь хэргийн үйл баримтыг тогтоож, маргааныг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой  байжээ.

Түүнчлэн зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 42 429 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх “гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулсантай холбоотой” гэж буруу тодорхойлон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасанд нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн        167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/03034 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246 910 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

 

                                         ШҮҮГЧИД                                     Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Ч.ЦЭНД