Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00207

 

Г.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2021/02257 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Х-ын хариуцагч А.О , М.С нарт холбогдуулан гаргасан 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн газар болон хувийн сууц худалдах-худалдан авах гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах, үндэслэлгүй хөрөнгөжсөн 29,429,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт 8,701,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга болон сөрөг нэхэмжлэлийн талаарх тайлбарын агуулга: Г.Х нь 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр М.С ын эгч болох А.О ээс 10,000,000 төгрөг зээлсэн. Гэтэл А.О нь зээлийн мөнгөний оронд өөрийн 542 м.кв газар, 47.25 м.кв хувийн сууцыг дүү болох М.С ын нэр дээр шилжүүл, мөнгөө төлж дууссаны дараа хашаа байшинг буцааж шилжүүлэхээр тохиролцсон. Г.Х нь А.О ээс зээлсэн төлбөрөө бүрэн төлсөн боловч түүний өмчлөлийн хашаа байшинг өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөхгүй байна. Анхнаасаа хашаа, байшингаа худалдах санаа зорилго байгаагүй бөгөөд одоогоор хашаа, байшиндаа амьдарч байгаа болно. М.С , Г.Х нарын хооронд ямар нэгэн зээлийн харилцаа үүсээгүй. А.О нь өөрийн иргэний үнэмлэхийг олохгүй байсан учир М.С т дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн нь хууль зөрчсөн хэлцэл учир уг гэрээ мөн хүчин төгөлдөр бус юм. Иймд 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 3,000,000 төгрөгийн үнэ бүхий газар худалдах-худалдан авах гэрээ, мөн өдөр байгуулсан 7,000,000 төгрөгийн үнэ бүхий хувийн сууц худалдах-худалдан авах гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр М.С , А.О нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Г.Х т буцаан шилжүүлэхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү. Мөн зээлийн гэрээний дагуу Г.Х нь А.О ээс 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 10,000,000 төгрөг, түүний дараа цувуулан 22,800,000 төгрөг, нийт 32,800,000 төгрөгийг авсан. Гэтэл А.О нь зээлийн төлбөр, хүү гэж нийт 62,229,000 төгрөгийг авсан нь үндэслэлгүй байна. Учир нь тус гэрээгээр хүү, алданги тохиролцоогүй байж үндэслэлгүйгээр хашаа, байшинг шилжүүлж өгөхгүй, хашаа, байшинг худалдлаа гэж дарамтлаад нэмж мөнгө авч байсан. Иймд Г.Х нь А.О ээс зээлсэн мөнгөө төлчихөөд байхад илүү мөнгө авч үндэслэлгүй хөрөнгөжсөн 29,429,000 төгрөгийг буцаан шаардаж байгаа тул хариуцагч А.О ээс гаргуулж өгнө үү.

Зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч хүү тохиролцсон талаар баримтгүй, хүүгүй зээлж байсан учир 2014-2017 онд ямар ч хүү төлж байгаагүй. А.О нь зээлсэн 10,000,000 төгрөгийн барьцаанд Г.Х-ын хашаа, байшинг барьцаалсан гэх боловч түүний хүргэн дүү М.С , Г.Х нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. Талууд 18 сая төгрөгт тооцоо нийлсэн ямар ч баримт байхгүй. Г.Х т 50,350,000 төгрөг зээлсэн гээд байгаа боловч 22,800,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн ба 22,800,000 төгрөгт анх зээлсэн 10,000,000 төгрөгийг нэмэхээр нийт 32,800,000 төгрөг авсан. Г.Х нь А.О т 48,654,000 төгрөг, түүний нөхөр Г.А-ийн дансанд 13,575,000 төгрөг, нийт 62,229,000 төгрөг төлж, зээлсэн мөнгөнөөс илүү мөнгө төлсөн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

2. Хариуцагч М.С ын татгалзал, тайлбарын агуулга: Миний бие Г.Х ыг танихгүй бөгөөд  хашаа байшин нь одоо миний нэр дээр байхгүй, 2018 онд А.О т шилжүүлэн өгсөн. Би тэд нарын хоорондох тохироо болон хэдэн төгрөг авч өгөлцөж байгааг мэдэхгүйгээр, хаана байдгийг нь ч мэдэхгүйгээр хашаа байшингийн гэрчилгээгээр нь өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Очиж үзээгүй, хаана байдгийг нь мэдэхгүй хашаа байшингаа А.О ийн нэр дээр шилжүүлсэн. Г.Х нь зээлсэн мөнгөнийхөө барьцаа болгож хашаа байшингаа шилжүүлсэн учир А.О бид хоёрын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулна гэж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч А.О ийн татгалзал, тайлбарын агуулга болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: А.О би Г.Х-ын гуйсны дагуу 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 10,000,000 төгрөг зээлсэн болно. Уг мөнгийг зээлж авахдаа Г.Х Хан-Уул дүүрэгт байрлах өөрийн эзэмшлийн хашаа байшинг миний нэр дээр шилжүүлье гэсний дагуу шилжүүлсэн. Би тухайн үед нийтийн хоолны газар ажиллуулдаг, ачаалал ихтэй, завгүй байсан учир өөрийн хүргэн дүү болох М.С ыг нэр дээрээ шилжүүлж өгөөч гэж хүссэний дагуу М.С ын нэр дээр шилжсэн. Г.Х миний гэр бүлийн хүн Г.А нар бизнесийн хамтрагчид, мөн найзууд байсан. 2014 оны хавар Г.А, Г.Х нар хамтран Яармагийн Вива ситид махны павильон түрээслэн ажиллуулахаар болж нэмээд надаас 12,000,000 төгрөг зээлсэн. Удалгүй махны павильон нь дампуурсан учир авсан мөнгөө төлж чадаагүй. Би Г.А, Г.Х хоёрт зээлсэн мөнгөө тав таван саяар хуваан төлөөрэй гээд хоёр сая төгрөгөө бүр орхиж нэхээгүй болно. Г.Х 2017 оны 06 дугаар сарын 06-нд лангуу нь хоосроод наймаагаа хийж чадахгүй боллоо гэж гуйсаар байгаад нэмж 3,000,000 төгрөг дахин зээлж авсан. Зээлсэн мөнгөний хүүг өгч байсан нь үнэн. Би 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “одоо мөнгөө авъя, бичиг баримтаа шилжүүл” гэхэд Г.Х “18,000,000 төгрөгөө 3 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй тохироод 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн төлье” гэж гуйхаар нь зөвшөөрсөн. Ингээд сар бүр үндсэн төлбөрт 500,000 төгрөг, хүүгийн төлбөрт 900,000 төгрөг, нийт 1,400,000 төгрөгийг төлж байгаад 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 680,000 төгрөгийг хийгээд, 2019 оны 08 дугаар сараас мөнгөө төлөхгүй, утас руу нь залгахаар авахгүй, гэрт нь очоод байхгүй, махны лангуун дээр нь очоод байхгүй, ор сураггүй алга болсон. Би оюутны цайны газар 10 жил хөлсөө урсгаж хуушуурын халуун тогоон дээр ажиллаж, зовж байж олсон бүх мөнгөө энэ хүнд луйвардуулсан. Г.Х мөнгө зээлж авах бүртээ би найдвартай, бүх өрөө төлөөд бичиг баримтаа шилжүүлж авна гэж хэлдэг, би ч тэр үгэнд нь итгээд мөнгөө өгсөөр байсан.  Г.Х нь 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нийт 30,850,000 төгрөгийг нэмж зээлсэн. Зээлийн төлөөгүй үлдэгдэл төлбөр болох 49,000,000 төгрөгийг нэхэмжлэхээр тооцсон ч шүүх өмнөх шүүх хуралдаанаар тооцоод 8,701,000 төгрөг үлдсэн байна гэж үзсэн учир уг хэмжээгээр нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргасан учир хашаа, байшинг шилжүүлэн өгөх боломжгүй. Зээлийн төлбөрөө төлж дуусгасны дараа буцаан шилжүүлж өгөхөөр тохиролцсон. 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойш Г.Х нь надад 37,780,000 төгрөгийг шилжүүлсэн байх ба үүний зарим хэсэг нь тохиролцсоны дагуу хүүгийн төлбөрт тооцогдож байгаа учир буцаан өгөхийг зөвшөөрөхгүй. Би ажилтай, дээр нь иргэний үнэмлэх олдохгүй байсан учир хүргэн дүү М.С ын нэр дээр хашаа, байшинг нь шилжүүлсэн байсныг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр М.С аас хашаа байшингийн бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Би мөнгө зээлсэн болохоос түүнд өртэй биш. Миний бие Г.Х т нийт 50,350,000 төгрөг ззээлүүлснээс 41,649,000 төгрөгийг буцаан авсан тул үлдэгдэл 8,071,000 төгрөгийг авах ёстой. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч Г.Х нь 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр А.О надаас 10,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, хугацаагүйгээр зээлж авсан. Улмаар дээрх зээлийн гэрээний хугацаанд буюу 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 3,000,000 төгрөгийг тус тус нэмж зээлж авсан. Г.Х нь дээрх зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр түүнтэй тохиролцсоны дагуу зээлийн үндсэн төлбөр болох 18,000,000 төгрөг дээр тооцоо нийлж, дээрх мөнгийг Г.Х нь 3 жилийн хугацаанд, 5 хувийн хүүтэйгээр төлж барагдуулахаар болж бид харилцан тохиролцсон. Хэрэгт нотлох баримтаар авагдсан зээлийн тооцооны дэвтэрт Г.Х нь зээлийн төлбөрийг төлж барагдуулах хуваарь бичигдсэн байдаг бөгөөд тус хуваарийн дагуу Г.Х нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр үндсэн төлбөр болох 500,000 төгрөг дээр нэмж сарын 5 хувиар тооцсон зээлийн хүүгийн төлбөрийг төлж байсан. Зээлийн гэрээний хугацаанд Г.Х нь “дүү нь мөнгөгүй болчихлоо, дахиад мөнгө хэрэгтэй байна, удахгүй бүх мөнгийг чинь буцааж төлнө” гэх зэргээр цувуулж мөнгө зээлж авсан бөгөөд цувуулж зээлж авсан мөнгийг тооцож үзэхэд 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 11 удаагийн гүйлгээгээр 32,350,000 төгрөгийг Г.Х нь надаас зээлж авсан. Өмнө нь тооцоо нийлж зээлсэн мөнгө болох 18,000,000 төгрөг дээр 32,350,000 төгрөгийг нэмж тооцоход А.О миний бие хариуцагч Г.Х т нийт 50,350,000 төгрөгийг зээлсэн байсан. Г.Х нь анх тохиролцож зээл авсан 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хамгийн сүүлд төлбөр төлсөн өдөр буюу 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд надад зээлийн төлбөрт нийт 41,649,000 төгрөгийг төлж барагдуулсан. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дуусах ёстой байсан боловч Г.Х нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс хойш мөнгө төлөхөө больсон. Г.Х тай зээлийн төлбөрийг төлж барагдуулах талаар холбогдоход утсаа авдаггүй, очиж уулзахад надтай уулзахгүй зугтах зэргээр зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй учир зээлийн үлдэгдэл төлбөр 8,701,000 төгрөгийг Г.Х аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.10, 56.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын хооронд 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан газар болон хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож. эрхийн улсын бүртгэлийн Г-2206003530 дугаартай,  542 м.кв газар,  47.25 м.кв талбай бүхий хувийн сууцны өмчлөх эрхийг тус тус нэхэмжпэгч Г.Х-ын өмчлөлд буцаан шилжүүлж өгөхийг хариуцагч А.О т даалгаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Х аас 8,701,000 төгрөг гаргуулж хариуцагч А.О т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үндэслэлгүй хөрөнгөжсөн 29,429,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 929,809 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,166 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.О ээс улсын тэмдэгтийн хураамжид 491,150 төгрөг гаргуулж нэхэмжпэгч Г.Х т, нэхэмжлэгч Г.Х аас улсын тэмдэгтийн хураамжид 154,166 төгрөг гаргуулж хариуцагч А.О т тус тус олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрээс 29,429,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасныг хүчингүйд тооцож нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүй хөрөнгөжсөн 26,429,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

а/ Нэхэмжлэгч тал гэрээ байгуулагдахад 10,000,000 төгрөгийг бэлэн авсан талаар хэлдэг ба хүү хоорондоо тохиролцоогүй байдаг. Мөн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөгийг А.О ээс аваагүй талаар маргадаг гэтэл шүүхээс А.О ийн нөхөр Г.А-ийн гэрчийн мэдүүлгийг үндэслэн махны павилион ажиллуулахаар А.О ээс тус бүр 10,000,000 төгрөг авсан гэдэг баримтыг үнэлж Г.А-ийн мэдүүлгийг үгүйсгэж, түүнтэй холбоотой баримтаа гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул үнэн зөвд тооцох үндэстэй гэжээ. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс Г.А-ийн дансанд шилжүүлсэн 13,575,000 төгрөгийг төлсөн баримтыг гаргаж өгсөн ба уг баримтыг гэрчээр асуугдах үедээ бизнесийн болон зээлтэй холбоотой талаар тайлбарладаг. Шүүхээс Г.Х-ын дансаар орж ирээгүй 5,000,000 төгрөгийг Г.А-тай хамт бизнесийн зээлд авсан гэж дүгнэж байгаа тохиолдолд мөн баримтаар гаргаж өгсөн 13,500,000 төгрөгийг үнэлж тооцох байсан. 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдөр А.О Г.Х т 5,000,000 төгрөгийг зээлсэн талаар “нөхөр нь хамт зээлсэн” гэсэн мэдүүлгээс өөр нотлох баримтгүй байхад Г.А, Г.Х нарын хоорондын асуудлыг А.О ийн төлбөрт оруулж тооцдог нь шүүхээс хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь судалж дүгнээгүй. Хэрэв Г.А-ийн мэдуүлгээр хэрэгт хамааралтай дундын тооцоо энэ 3-т байсан байна гэж дүгнэж байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс Г.А-д шилжүүлсэн 13,500,000 төгрөгийн баримтыг үнэлэх байсан.

Гэрч Г.А-ийн дансанд 13,575,000 төгрөгийг шилжүүлсэн талаар баримтыг өгсөн байхад шүүхээс энэ баримтыг үнэлэхгүйгээр харин эхнэр нөхрийн хоорондын тайлбарыг үндэслэж 5,000,000 төгрөгийг зээлсэн байна гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөг зээлсэн талаар ямар нэгэн баримт байдаггүй ба харин нэхэмжлэгчийн зүгээс 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 13,575,000 төгрөгийг гэрч Г.А-ийн харилцах банкуудын дансанд хийсэн баримтуудыг гаргаж өгсөн байдаг.

Шүүхийн дүгнэлт нь хоорондоо зөрүүтэй эргэлзээтэй бөгөөд нэхэмжлэгч нь тогтмол нэг дүнгээр огт төлж байгаагүй ба сарын орлогоосоо хамаарч зээлийг төлж барагдуулсан байдаг. Анхан шатны шүүхээс зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байхад ямар үндэсэлээр хэдэн төгрөгийн хүү тооцож байгаа нь тодорхой бус байна. Талуудын гаргаж өгсөн баримтаар А.О ийн Хаан банкны 5447046882 тоот данснаас Г.Х-ын  дансанд 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 3,000,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 4,000,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сард 3,150,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 700,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 09-ний 3,000,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 2,950,000 төгрөг, нийт 25,800,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Гэтэл ямар баримыг үндэслэж 32,350,000 шилжүүлсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Нийт А.О ээс 35,800,000 төгрөгийг зээлж авсан байхад нийт 50,350,000 төгрөгийг зээлдүүлсэн гэж тооцсон нь тооцооны илэрхий алдаатай үндэслэлгүй дүгнэлт байна. Нэхэмжлэгч Г.Х аас А.О ийн дансанд нийт 48,592,000 төгрөгийг шилжүүлсэн Г.А-ийн дансанд 13,575,000 төгрөгийг төлсөн ба нийт 26,429,000 төгрөгийг илүү төлсөн байна гэжээ.

 

5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

          1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Г.Х нь хариуцагч А.О , М.С нарт холбогдуулан 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн газар болон хувийн сууц худалдах- худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн газар болон хувийн сууц худалдах-худалдан авах гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах, үндэслэлгүй хөрөнгөжсөн 29,429,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснийг хариуцагч нар эс зөвшөөрч А.О нь зээлийн гэрээний үүрэгт 8,701,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

2. Г.Х , А.О нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ амаар байгуулагдаж, Г.Х нь А.О ээс 10,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, хугацаагүйгээр зээлэхдээ өөрийн өмчлөлд байсан  542 м.кв газар, 47.25 м.кв талбай бүхий хувийн сууцыг тус тус барьцаалж, барьцааны зүйл болох газар, хувийн сууцыг зээлийн төлбөрийг төлж барагдуулсны дараа буцаан шилжүүлэх нөхцөлтэйгөөр Г.Х , М.С нар 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр худалдах-худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээгээр дээрх газар болон хувийн сууцыг М.С ын өмчлөлд шилжүүлсэн үйл баримт хэргийн 1 дүгээр хавтасны 4-5 дахь талд авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

Г.Х нь 10,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн  542 м.кв газар, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, 1 дүгээр гудамж, 33 тоот хаягт байрлах 47.25 м.кв талбай бүхий хувийн сууцыг тус тус барьцаалахаар тохиролцсон боловч талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдаагүй нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан барьцааны гэрээг бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангаагүй байх тул мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар уг гэрээ хүчин төгөлдөр бус байх талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Иймд зохигчдын хооронд 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан хувийн сууц болон газар худалдах-худалдан авах гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасантай нийцжээ.

 

Худалдах-худалдан авах гэрээ байгуулснаас хойш дээрх маргаан бүхий газар болон хувийн сууцыг бэлэглэлийн гэрээгээр 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр М.С аас А.О ийн өмчлөлд шилжүүлсэн болох нь хэргийн 2 дугаар хавтасны 13, 16 дахь талд авагдсан газар өмчлөх эрхийн болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж зохицуулсан. Г.Х , М.С нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан хувийн сууц болон газар худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох нь тогтоогдсон тул уг хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр М.С , А.О нарын хооронд байгуулагдсан тул 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ. Энэ талаар шүүх зөв дүгнэсэн.

 

Мөн шүүх талууд маргаан бүхий хувийн сууц болон газрыг барьцаалж барьцааны гэрээ байгуулаагүй болон Г.Х нь А.О тэй байгуулсан зээлийн гэрээний үүргийг бүрэн төлж барагдуулаагүй нь хувийн сууц болон газрыг буцаан шилжүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй талаар зөв дүгнэжээ.

 

Анхан шатны шүүх Г.Х , М.С нарын хооронд байгуулагдсан 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн газар болон хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, М.С , А.О нарын хооронд байгуулагдсан 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж,  542 м.кв газар,  хувийн сууцны өмчлөх эрхийг тус тус нэхэмжлэгч Г.Х т буцаан шилжүүлж өгөхийг хариуцагч А.О т даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна. Энэ талаар зохигчийн хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

3. Г.Х , А.О нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр бус амаар байгуулагдсан тул шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн хэмжээнд зээлийн гэрээг байгуулагдсан гэж дүгнэх учиртай.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Х , хариуцагч А.О , гэрч Г.А нарын дансны хуулгаар нэхэмжлэгч Г.Х нь хариуцагч А.О ээс 18,000,000 төгрөгөөс гадна 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд 32,350,000 төгрөгийг зээлдэн авсан болох нь нотлогдсон тул А.О ийн Г.Х т зээлдүүлсэн мөнгөн хөрөнгийг 50,350,000 төгрөг гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тул шүүх тооцооллыг алдаатай хийсэн гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй. /4а/

 

Учир нь А.О нь Г.Х т дансаар 30,800,000 төгрөг, бэлнээр 15,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрч Г.А-ийн мэдүүлэг, хэрэгт авагдсан банкны дансны хуулгын баримтаар тогтоогдсон тул А.О нь Г.Х т нийт 45,800,000 төгрөгийг зээлдүүлсэн гэж дүгнэнэ.

                                                                                           /1-р хх-123-130,  194-199 тал/

 

Нэхэмжлэгч Г.Х “А.О нь зээлийн төлбөр, зээлийн хүүд нийт 62,229,000 төгрөгийг авсан нь үндэслэлгүй” гэж тайлбарладаг боловч хариуцагч А.О т 48,654,000 төгрөг төлсөн болох нь хэргийн 1-р хавтасны 58-94, 105-108, 123-155, 178-180 тал дахь дансны хуулгаар тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч Г.Х нь хариуцагч А.О т шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтаас үзвэл “7,925,000 төгрөгийг зээлийн хүү” гэж тодорхойлж хүсэл зоригоо илэрхийлж шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т “төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас 7,925,000 төгрөгийг буцаан шаардах эрхгүй.

 

Харин Г.Х “А.О ийн нөхөр Г.А-ийн дансаар дамжуулан нийт 13,575,000 төгрөгийг төлсөн” гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч А.О нь уг мөнгөн хөрөнгийг аваагүй, гэрч Г.Х нь “уг төлбөрүүд нь тэдний хооронд хийсэн бизнесийн болон зээлийн гэрээний харилцаатай холбоотой” гэж тус тус тайлбарлаж байх тул Г.Х , А.О нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний төлбөрт оруулан тооцох үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

Анхан шатны шүүх хариуцагч А.О ийн нэхэмжлэгч Г.Х т зээлдүүлсэн нийт 50,350,000 төгрөгөөс зээлийн төлбөрт төлсөн 41,649,000 төгрөгийг хасч тооцож нэхэмжлэгч Г.Х нь зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 8,701,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч А.О ийг зээлийн гэрээний үүрэгт төлсөн 29,429,000 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй гэж дүгнэж, үндэслэлгүй хөрөнгөжсөн 29,429,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 48,654,000 төгрөг төлсөн, үүнээс зээлийн хүүд төлсөн 7,925,000 төгрөгийг хасч тооцвол зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн мөнгөн хөрөнгө нь 40,729,000 төгрөг байх ба нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт гүйцэтгэвэл зохих 45,800,000 төгрөгөөс уг 40,729,000 төгрөгийг хасч тооцвол 5,071,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт гүйцэтгээгүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч Г.Х аас 5,071,000 төгрөгийг гаргуулж хариуцагч А.О т олгож, үлдэх 3,360,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Мөн давж заалдах шатны шүүхээс хариуцагч А.О ийг 3,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэж хариуцагч А.О ээс 3,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Х т олгож, 26,429,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав. /4а/

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн      167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2021/02257 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Х аас 8,701,000 төгрөг гаргуулж хариуцагч А.О т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үндэслэлгүй хөрөнгөжсөн 29,429,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй...” гэснийг “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч А.О ээс 3,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Х т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26,429,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Г.Х аас 5,071,000 төгрөгийг гаргуулж хариуцагч А.О т олгож, үлдэх 3,360,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын дугаарыг “2” гэж, 2 дахь заалтын “нэхэмжлэгч Г.Х аас улсын тэмдэгтийн хураамжид 154,166 төгрөг гаргуулж хариуцагч А.О т тус тус олгосугай” гэснийг “хариуцагч А.О ээс 62,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Х т олгож, нэхэмжлэгч Г.Х аас 96,086 төгрөгийг гаргуулж хариуцагч А.О т олгосугай.” гэж, 4 дэх заалтын дугаарыг “3” гэж, 5 дахь заалтын дугаарыг “4” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                    ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

                                             

                                                                            Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ