Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2083

 

 

Б.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/01609 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Н” ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 227 320 650 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр авбал зохих урамшууллын зөрүү болох 67 665 113 төгрөгийг 0.3 хувийн алдангийн хамт гаргуулах, цалин 77 431 200 төгрөгийг 0.3 хувийн алдангийн хамт гаргуулах, 8 болон 10 дугаар анги төгссөн гэрчилгээ гаргуулах, 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Т,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.У,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Х.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн “Н” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тус компанийн Эрх зүйн газрын Авлага барагдуулах албанд хуулийн зөвлөхийн ажил, албан тушаалд ажиллаж байсан. “Н” ХХК-ийн Эрх зүйн газарт Авлага барагдуулах хуулийн зөвлөхөөр 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж эхэлсэн. Ажиллах хугацаанд буюу 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд тус компанид хуулийн зөвлөхөөр 1 жил 1 сар ажиллаж байх хугацаандаа сар бүр Барагдуулсан авлагын тайлан гаргаж ажиллаж байсан бөгөөд тайлангаар 8 503 946 641 төгрөгийн авлагуудыг барагдуулж ажилласан. “Н” ХХК-ийн Эрх зүйн газрын Авлага барагдуулах албаны үйл ажиллагааны онцлогийг харгалзан, авлага барагдуулалтыг эрчимжүүлэх, идэвхжүүлэх тогтолцоог оновчтой болгох зорилгоор уг тушаалыг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхлэсэн бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл бодитоор хэрэгжиж байсан. Хэдийгээр анх уг тушаалыг хэрэгжүүлж эхлэх тухайн үед “Н” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Ш.Баярсайханаас 2016 оныг дуустал ба эрсдэл гарвал дахин хэлэлцэхээр нэвтрүүлж үзэх гэж тушаал дээр дурдан 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан байх боловч “Н” ХХК-ийн 2016 оны сүүлийн тайлангийн хурлаар уг тушаалыг 2016 онд хэрэгжүүлснээр авлага барагдуулах албаны үйл ажиллагаанд нааштайгаар нөлөөлж, урьд өмнөх онуудтай харьцуулахад авлага барагдуулалт 20-30 хувийн өсөлттэй, амжилттай ажилласан байна хэмээн үзэж дүгнэлт хийн, энэхүү урамшуулал олгох тушаалыг 2017 онд мөн адил хэрэгжүүлэхээр тайлангийн хурлаар хэлэлцэж, зөвшилцсөн боловч шийдвэр нь бичгээр хараахан гараагүй байсан. Хэдийгээр тушаалын сунгалт бичгээр гараагүй байгаа боловч уг тушаал 2017 онд ч мөн адил хэрэгжихээр болсон гэдгийг Эрх зүйн газрын захирал Л.Б манай газрын 2017 оны эхний шуурхай хуралдаануудад удаа дараа ажилчин, алба хаагчдын өмнө танилцуулж, нэгэнт энэхүү урамшууллын тушаал хэрэгжих болсонтой холбоотойгоор авлага барагдуулах албаны хуульч, хуулийн зөвлөх нараас урамшууллын тушаалын хувь хэмжээг нэмэх асуудлаар санал хүсэлтээ өгч ажиллахыг 7 хоногийн 1 дэх өдөр бүр болдог шуурхай хурал дээр амаар үүрэг болгож байсан. Ийнхүү Эрх зүйн газрын захирал Л.Б Авлага барагдуулах албаны хуульч нараас санал хүсэлтийг авч, уг тушаалыг улам боловсронгуй болгож, хувь хэмжээг ихэсгэх асуудлыг дээш нь танилцуулж шийдвэрлүүлж байж, тушаалын сунгалтыг хийх болсон тул одоогоор бичгээр гараагүй байгаа. Тиймээс бичгээр гарах хүртэл хугацаанд өмнөх 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн урамшуулал олгох тушаалын хувь хэмжээний дагуу Авлага барагдуулах хуулийн зөвлөх, хуульч нарт урамшууллыг нь олгох болно гэж тайлбарлаад хамгийн сүүлчийн байдлаар 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хэвийн хэрэгжиж, Эрх зүйн газрын Авлага барагдуулах албаны хуульч, хуулийн зөвлөх нар 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн урамшууллын тушаалын дагуу сар бүр барагдуулсан авлагын тайлангаас хамаарч тус тусын урамшууллаа авч байсан. Гэтэл гэнэт 2017 оны 6 дугаар сарын Авлага барагдуулалтын тайлангаар 2017 оны 7 дугаар сарын 03-ны цалин, урамшуулал олгох үед урамшуулал олгох тушаалыг цаашид хэрэгжүүлэхгүйгээр шийдлээ, тиймээс 2017 оны 7 дугаар сарын 03-ны цалин, урамшууллыг бодоход хамгийн сүүлчийн байдлаар ашиглана, дахин цаашид ашиглахгүй хэмээн компанийн удирдлагуудын зүгээс амаар тайлбарлаж, 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн цалингаас эхлэн урамшуулал бодож олгоогүйгээс гадна, өмнө нь хэрэгжиж байсан цалингийн системээс огт өөр системээр /Тухайн сард хийж гүйцэтгэсэн ажиллагаа-40 хувь, тухайн сард барагдуулбал зохих авлагын төлөвлөгөө-60 хувь/ цалин бодож эхэлсэн. Ийнхүү дээрх байдлаар цалингийн систем өөрчилсөн болон урамшууллын тушаалыг 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс хойш хэрэгжүүлэхгүй болсонтой холбоотой ямар нэгэн тушаал шийдвэр албан ёсоор өнөөдрийг хүртэл “Н” ХХК гараагүй байгаа бөгөөд зөвхөн компанийн удирдлагуудын зүгээс амаар хэлж, цалин хөлс бодож олгохдоо 2017 оны 8 дугаар сарын 03-ны цалингаас эхлэн урамшуулал бодолгүй, мөн сүүлд хэрэгжихээр болсон гэх 60, 40 хувь гэх цалингийн системээр цалин хөлс бодож олгож байгаа бодит үйлдлээр илэрхийлэгдэж байгаа. Дээр дурдсанчлан миний бие 2017 оны 6 дугаар сарын тайлангаар 8 материалаас нийт 7 915 311 141 төгрөгийн авлагыг барагдуулсан бөгөөд үүнээс Эрүүл мэндийн яаманд холбогдох хэргээс 7 914 048 391 төгрөгийг, харин бусад 7 материалаас нийт 1 262 750 төгрөгийг барагдуулсан тул дээрх урамшуулал олгох тушаалын дагуу бусад 1 262 750 төгрөгийн авлагаас 78 460 төгрөгийн урамшуулал, Эрүүл мэндийн яамны хэргээс барагдуулсан 7 914 048 391 төгрөгийн авлагаас түүний 0.95 хувь буюу 75 183 459 төгрөгийн урамшууллыг тус тус авахаар байсан. Гэтэл ажил олгогчийн зүгээс ажилтан миний 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн цалинтай хамт бодож олгох урамшууллыг дараах байдлаар бодож олгосон. 7 материалаас барагдуулсан 1 262 750 төгрөгийн авлагад ногдох урамшуулал нийт 78 460 төгрөг, Эрүүл мэндийн яамны хэрэг дээр барагдуулсан 7 914 048 391 төгрөгийн авлагад ногдох урамшуулал 7 518 346 төгрөг гэж бодож олгосон бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ажилтны гар дээр олгох байсан урамшууллаас 7 518 346 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Б.Т миний Голомт банкны цалингийн данс руу тусад нь шилжүүлсэн бөгөөд яагаад цалинтай хамт олгоогүй талаар асуухад нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон татвараас зайлсхийж байгаа юм гэж надад тайлбарлаад миний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт үнэн зөвөөр нь бичилт хийж өгөөгүй. Иймд тухайн үед бодитоор хэрэгжиж байсан “Н” ХХК-ийн Эрх зүйн газрын Авлага барагдуулах хуульч, хуулийн зөвлөхөд олгох урамшууллын тушаалын дагуу тус компанийн хуулийн зөвлөх миний 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн цалинтай хамт авбал зохих урамшууллын хэмжээ нийт 78 460+75 183.459=75 261 919 төгрөг байсан тул үүнээс “Н” ХХК-ийн зүгээс олгосон урамшуулал болох 78 460+7 518 346=7 596 806 төгрөгийг хасч, өнөөдрийг хүртэл олгоогүй байгаа урамшуулал болох зөрүү 67 665 113 төгрөгийн урамшууллыг гаргуулж өгнө үү.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Н” ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст цалин хөлс, урамшууллын асуудлаа шийдвэрлүүлэхээр албан ёсоор хандсан боловч “Н” ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисс хурал хийлгүйгээр 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01/654 дугаартай цалин хөлстэй холбоотой гомдлыг ХМТКомиссоор хэлэлцүүлэх шаардлагагүй гэсэн албан мэдэгдлийг гардуулж өгсөн. Ажил олгогч нь ажилтан надтай 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан тус компанийн Эрх зүйн газарт Авлага барагдуулах хуулийн зөвлөхийн байнгын ажлын байранд авч ажиллуулж эхэлсэн бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн туршилтын хугацаагаар ажиллуулах, харин 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн туршилтын хугацаанд ажилласан тайланг үндэслэж хуулийн зөвлөхийн үндсэн ажилтнаар томилсон тушаал гарч, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тус компаний хуулийн зөвлөхөөр ажилласаар байсан. 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Эрх зүйн газрын захирал Л.Б намайг өрөөндөө дуудаж Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасныг буруутгасан. 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажлаа хийж байтал хүний нөөц М.Нарантунгалаг над дээр ирж, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/841 дугаартай Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны үйлчилгээ үзүүлэх гэрээг дуусгавар болгох тухай гэх нэртэй “Н” ХХК-ийн Эрх зүйн газрын захирал Л.Б гэх гарын үсэгтэй тушаалыг, тойрох хуудасны хамт гардуулж, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс ажилдаа ирэх шаардлагагүй, өнөөдрөөс эхлэж өөрийг чинь ажлаас халж байна гэсэн. Дээрх 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/841 дугаартай тушаалтай танилцахад ажилтан Б.Т миний урьд өмнө нь хэзээ ч “Н” ХХК-тай огт байгуулж байгаагүй Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны үйлчилгээ үзүүлэх гэрээг дуусгавар болгох тухай гэх нэртэй тушаал гаргасан байсан. Тушаалыг ажил олгогчийн зүгээс 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр надад гардуулан өгч, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу тушаал гаргалгүйгээр, ажилтан миний ажил үүргээ хэвийн хийх нөхцөл байдлыг минь боож, ажил хийлгэхгүйгээр хөөж, ажилдаа ирэхгүй байхыг шаардаж, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн цалин өгөлгүй хаасан энэ бүх үйлдлээрээ ажил олгогчийн санаачилгаар намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Иймд Хөдөлмөрийн тухайн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 1 сард багтаан хуульд заасан хугацаандаа нэхэмжлэл гаргаж байгаа тул урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох “Н” ХХК-ийн Эрх зүйн газрын Авлага барагдуулах албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Мөн ажлаас үндэслэлгүй халагдсан өдөр болох 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш, шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилогдох хүртэлх хугацааны цалинд 227 320 650 төгрөгийг гаргуулж, хөдөлмөрийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү. 8 болон 10 дугаар анги төгссөн гэрчилгээг гаргуулж өгнө үү.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн дараах шаардлагуудаа дэмжиж байна. Үүнд 2017 оны 9 дүгээр сарын тайлангаар 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гарт олгогдох байсан цалин 77 431 200 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн ажил олгогч “Н” ХХК-тай 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тус компанийн Эрх зүйн газрын Авлага барагдуулах албанд хуулийн зөвлөхийн байнгын ажлын байранд ажиллаж байсан. Ажил олгогч нь ажилчдаа тухайн эрхлэж буй ажил, албан тушаалыг нь харгалзан цалингийн шатлал, ур чадварын зэргийг үндэслэн үндсэн цалингийн хэмжээг тогтоож цалинжуулдаг бөгөөд “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар “Н” ХХК-ийн хэмжээнд 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилчдын цалин ур чадварын зэрэгт ногдох цалингийн хэмжээ нийтээрээ нэмэгдсэн. Ийнхүү цалин болон ур чадварын зэрэг нийтээр нэмэгдсэнийг нотлох баримт бол хэрэгт авагдсан “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 01/158 тоот тушаалыг үндэслэн гаргасан 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 01/210 дугаартай цалин ур чадварын зэрэгт өөрчлөлт оруулах тухай тушаал бөгөөд хэдийгээр тушаалын огноо нь 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хэмээн бичигдсэн байгаа боловч 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цалин, ур чадварын зэргийг нэмэгдсэн байдлаар мөрдөж эхэлсэн гэдэг нь тушаах хэсгийн 1 дэх заалтаас харагдаж байна. Дээр дурдсанаар 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Н” ХХК-ийн цалингийн хэмжээ бүх алба хаагчдын хэмжээнд нэмэгдэж, бодит байдалд хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хүний нөөцийн менежерүүдийн зүгээс хариуцсан салбар, нэгжийнхээ алба хаагч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах ажил өрнөсөн юм. Гэтэл манай “Н” ХХК-ийн эрх зүйн газрын албан хаагчдыг хариуцан ажилладаг хүний нөөцийн менежер М.Нарантунгалаг Эрх зүйн газрын алба хаагч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах нэрийдлээр 2 өөр төрлийн гэрээний төслийг Эрх зүйн газрын алба хаагч нарт өгч, тус гэрээнд гарын үсэг зурахыг шаардсан. Тус байгууллагатай хөдөлмөрийн гэрээгээр ажилласаар ирсэн ажилтан надад гарын үсэг зуруулахаар өгсөн гэрээ нь 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ гэх нэртэй гэрээ байсан. Иймд би тэр даруй хүний нөөцийн менежер М.Нарантунгалагийг дуудаж учрыг нь тайлбарлаж, түүнд ойлгуулахыг оролдоход миний тайлбарлаад байгааг ойлголгүй манай компани хуульчийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн хуульчийн гэрчилгээ авсан ажилтан бүртэй өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсаар ирсэн жишиг тогтсон тул гарын үсэг зураад өг гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ, өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээ гэх 2 өөр эрх зүйн үр дагаврыг агуулдаг гэрчилгээнүүдийн нарийн ялгааг ойлголгүй гарын үсэг зурахыг шаардаж надаар гарын үсэг зуруулж авсан. Иймд дээрх өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56.1.3 дахь хэсэгт заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул хуулийн дагуу хүчин төгөлдөр бус байна. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, урьд өмнө нь “Н” ХХК болон Б.Т нарын хооронд байгуулагдсан 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр үйлчилсээр байтал, мөн ажилтан Б.Т би анх ажилд орсон байнгын ажлын байрандаа хэвийн ажилласаар байтал тэрхүү хөдөлмөрийн гэрээг халхавчлах зорилгоор Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэх гэрээнд гарын үсэг зуруулан авч улмаар бидний хоорондох Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах хөдөлмөрийн харилцааг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа мэтээр харагдуулах гэсэн ажил олгогчийн явуургүй санаа юм. Иймд 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм.

2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ гэх гэрээнд гарын үсэг зурагдсан боловч уг гэрээ нь бодит байдал дээр ганц ч удаа үйлчилж байгаагүй хэлбэрийн төдий байгуулагдсан гэрээ юм. Учир нь анх ажил олгогч “Н” ХХК болон ажилтан Б.Т нарын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн үүссэн хөдөлмөрийн харилцаа нь 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ гэх дүр үзүүлэн хийсэн гэрээнд гарын үсэг зурагдсан эсэхээс үл хамааран хөдөлмөрийн харилцаа хамгийн сүүлд ажлаас үндэслэлгүйгээр хөөгдөх хүртэл буюу 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл бодит байдал дээр үргэлжилсээр л байсан. Ажилтан Б.Т би анх ажилд орсон Авлага барагдуулах хуулийн зөвлөхийн байнгын ажлын байрандаа ажилласаар л байсан буюу Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээнд гарын үсэг зурагдсан эсэхтэй холбоотойгоор ямар нэгэн өөр албан тушаал, түр ажлын байр, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллах өөр ямар нэгэн ажлын байранд шилжиж, албан тушаал өөрчлөгдөж ажилласан удаа байхгүй. Ямар нэгэн байдлаар 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээнд гарын үсэг зурагдсантай холбоотойгоор “Н” ХХК болон Б.Т нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал, шийдвэр гэх зүйл ганц ч удаа гарч байгаагүй бөгөөд ажилтан надад албан ёсоор танилцуулж байсан зүйл огт байхгүй. Гэтэл хариуцагч “Н” ХХК-ийн зүгээс хариу тайлбартаа тухайн үед хөдөлмөрийн гэрээний ажилтан намайг 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 01/219 тоот тушаалаар ажлаас чөлөөлж, 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 01/259 тоот тушаалаар Б.Т намайг Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээгээр ажиллуулахаар болсон гэх тушаал, мөн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 01/496 тоот Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ дуусгавар болгох тухай" гэх тушаал гэх урьд өмнө нь бодит байдал дээр огт гарч байгаагүй тушаалуудыг, нэхэмжлэгч Б.Т намайг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нөхөж, хуурамчаар үйлдэж, хариу тайлбартаа хавсаргаж өгсөн. Эдгээр хуурамч баримтуудыг нотлох баримтаас хасуулах хүсэлттэй байгаа болно. 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээнд гарын үсэг зурагдсанаас үл хамааран ажилтан Б.Т би “Н” ХХК-ийн Авлага барагдуулах хуулийн зөвлөхийн байнгын ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хувиар сар бүр Авлага барагдуулах ажлын тайлан гаргаж, удирдлага болох Эрх зүйн газрын захирал Л.Б-р хянуулж, батлуулсны үндсэн дээр тэрхүү сар бүрийн тайланг үндэслэн цалингаа бодуулан авч ажилласаар ирсэн. Энэ нь хавтаст хэргийн 28-45-р хуудаст авагдсан 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх бүх хугацааны сар бүрийн тайлангаар нотлогдож байгаа юм.

Ажилтан Б.Т би 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээнд гарын үсэг зурагдсанаас үл хамааран 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5.1-д зааснаар ажлын 18 хоногоор ээлжийн амралтаа эдэлсэн бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ээлжийн амралтын олговрыг мөн адил ажил олгогчийн зүгээс ажилтан Б.Т миний Голомт банкны цалингийн данс руу бодож шилжүүлсэн. Ийнхүү 2017 оны 8 дугаар сард ажилтан Б.Т би ээлжийн амралт авахын өмнө “Н” ХХК нь ажилчидаа Голомт банкны дансаар цалинжуулж, Голомт банктай хамтран ажилладаг тул Голомт банкнаас цалингийн зээл авах зорилгоор цалингийн тодорхойлолтоо авсан бөгөөд энэ нь хавтаст хэргийн 48 дугаар хуудаст авагдсан тодорхойлолтоос мөн адил Б.Т намайг 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар хөдөлмөрийн гэрээний ажилтан хэвээр байсан гэдгийг, үндсэн цалин 924 000 төгрөг авдаг, байнгын ажлын байранд ажилдаг, хуулийн зөвлөх гэдгийг харж болохоор байгаа юм. Дээр дурдсан 5 жишээ баримтаар хязгаарлагдахгүйгээр хавтаст хэрэгт авагдсан бүхий л баримтуудаар ажил олгогч “Н” ХХК болон ажилтан Б.Т нарын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаа үргэлжилсээр байсан бөгөөд Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ нь дүр үзүүлэн хийсэн, хэлбэрийн төдий хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэдэг нь нотлогдсон. 

Хавтаст хэрэгт авагдсан хариуцагч талаас гаргаж өгсөн хариу тайлбарт Б.Т намайг “Н” ХХК-д ажиллаж байх хугацаандаа Хуульчийн сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн хэмээн бичсэн байдаг. Энэ нь огт үндэслэлгүй худал зүйл бөгөөд миний бие анх тус компанид ажилд орохоос өмнө л 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг албан ёсоор авсан байсан. Энэ тухай анх “Н” ХХК-д Анкет бөглөж өгөхдөө Хуульчийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн тухайгаа илэрхийлсэн байдаг. Ийнхүү Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээтэй хуульч хүн ямар ч байгууллагад Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах эрх нь нээлттэй, ямар нэгэн хуулиар хориглосон зүйл байдаггүй. Гэтэл үүнийг Хүний нөөцийн менежер М.Нарантунгалаг буруугаар ойлгож, хуульч хүн байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж болохгүй. Тиймээс заавал Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ гэх нэртэй гэрээг харагдах байдлаар бичгээр байгуулсан байх хэрэгтэй байна гэж 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Өмгөөллийн шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээг албан ёсоор аваагүй, өмгөөлөгч болоогүй байсан ажилтан Б.Т намайг дээрх гэрээнд гарын үсэг зуруулж, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30-р зүйлд заасны дагуу Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээ олгох эрх бүхий байгууллага болох Улсын Дээд шүүхээс албан ёсоор гэрчилгээг надад олгоогүй байхад хууль зөрчиж Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээг өмгөөллийн үйлчилгээ явуулах эрхгүй хүнтэй хууль зөрчиж байгуулсан. Иймд энэхүү 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн хэлцэл тул хуулийн дагуу хүчин төгөлдөр бус байна. Иймд дээрх бүхийл үндэслэлээр 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа болно гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т нь 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр “Н” ХХК-ийн хүний нөөц, захиргааны газрын захирал А.Дэлгэрмөнхтэй хөдөлмөрийн гэрээ, нууц хадгалах гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, ERP системд ашиглах цахим гарын үсгийн баталгааны гэрээ зэргийг байгуулан “Н” ХХК-ийн Эрх зүйн газрын захирлын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 01/296 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасныг үндэслэн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс Авлага барагдуулагч хуулийн зөвлөхөөр туршилтын хугацаагаар ажиллаж Эрх зүйн газрын захирлын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/83 тоот тушаалаар мөн оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн үндсэн ажилтнаар томилон ажиллуулсан. Б.Т нь тус компанид ажиллаж байх хугацаандаа хуульчийн сонгон шалгаруулалтад орж тэнцэн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч, мөн шүүхэд төлөөлөх эрх нээлгэхээр Улсын дээд шүүхэд бүртгүүлэн Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн 172466 дугаартай гэрчилгээг 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр мөн гардан авч, дээрх гэрчилгээний хуулбарыг тус компанид өөрөө авчран өгч, хүсэлт гаргасныг судлан үзэхэд Б.Т нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалттай харшлаж байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалтуудыг үндэслэн тус компанийн Эрх зүйн газрын захирлын 2017 оны 3 дугаар сарын 01-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 01/219 дугаар тушаалаар мөн оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн ажил үүргийг дуусгавар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ийнхүү талууд харилцан тохиролцон хөдөлмөрийн гэрээг цуцалсны дараа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалтыг үндэслэн Эрх зүйн газрын захирлын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээгээр ажиллуулах тухай 01/259 дүгээр тушаалаар Б.Т нарын нэр бүхий 4 хуульчийг гэрээгээр ажиллуулахаар шийдвэрлэж, Б.Т нь Эрх зүйн газрын захирал Л.Б-тай Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний заалтыг баримтлан 2017 оны 3 дугаар сарын 01-ны өдрөөс 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж ажилласан. Дээрх хугацаатай гэрээгээр 6 сар ажиллаж Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний хугацаа дууссан учир Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийг баримтлан Эрх зүйн газрын захирлын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ дуусгавар болгох тухай 01/496 дугаартай тушаалаар нэр бүхий 4 хуульчтай байгуулсан гэрээг дуусгавар болгон тус газрын Авлага барагдуулах албаны дарга Х.Х-т гэрээг хуульд нийцүүлэн нэмэлт өөрчлөлт оруулан шинэчлэн батлуулахыг даалгасан. Эрх зүйн газрын захирлын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны үйлчилгээ үзүүлэх гэрээгээр ажиллуулах тухай 01/581 дугаар тушаалаар Б.Т нарын нэр бүхий 6 хуульчийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 4 сарын хугацаатай үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу дээрх нэр бүхий 6 хуульчаас 5 хуульч, өмгөөлөгч нар нь Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны үйлчилгээ үзүүлэх гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Нууц хадгалах гэрээ үргэлжлүүлэн байгуулан одоо ажиллаж байгаа бөгөөд харин Б.Т гэрээг байгуулахаас татгалзсан. Эрх зүйн газрын захирал Л.Б, Авлага барагдуулах албаны дарга Х.Х миний бие Б.Т-тай 2017 оны 9 дүгээр сард 2 удаа уулзаж Та шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээ авсан өмгөөлөгч тул таньтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах боломжгүй талаар хэлж, тодорхой хугацаанд боломж олгон хүлээсэн боловч Б.Т нь үйлчлүүлэгчээс санал болгосон өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх буюу Хуульчийн мэргэжлийн туслалцаа үзүүлэх тухай гэрээг байгуулан үргэлжлүүлэн хамтран ажиллах тухай саналыг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл буюу 1 сар 04 хоногийн хугацаагаар гэрээ байгуулахаас эрс татгалзаж гэрээнд гарын үсэг зураагүй тул цаашид хамтарч ажиллах боломжгүй болсон гэж үзсэн. Энэ хугацаанд Б.Т-ыг гэрээг байгуулан цаашид хамтран ажиллах байх гэдэгт байгууллагын зүгээс итгэж гэрээнд гарын үсэг зураагүй байсан хэдий ч 9 дүгээр сарын 18-ны өдөр Урьдчилгаа хөлсийг олгосон. Дээрх байдлуудаас шалтгаалан Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийг үндэслэн тус компанийн Эрх зүйн газрын захирлын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны үйлчилгээ үзүүлэх гэрээг дуусгавар болгох тухай 01/841 дүгээр тушаал гарч Б.Т-ыг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны үйлчилгээ үзүүлэх гэрээгээр ажиллуулах тухай шийдвэрийг хүчингүй болгож, хариуцсан эд хөрөнгө, хэрэг материалыг тоо ёсоор хүлээлгэж өгөхийг мэдэгдэж, тушаалын хуулбарыг тойрох хуудсын хамтаар гардуулан өгсөн. Б.Т нь нэхэмжлэлдээ өөрийгөө хөдөлмөрийн гэрээний ажилтан гэж тайлбарлаж байгаа нь дээр дурдсан нотлох баримтуудаар бүрэн няцаагдаж байгаа бөгөөд хамгийн гол асуудал нь Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж, гарын үсэг зурсан үйл явдал юм.

Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлан дүрмийн 2.2, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх заалтуудтай нийцэж байна. Одоогийн байдлаар манай компанид нийт 18 эрх зүйн бакалавр, магистр зэрэгтэй хүмүүс ажиллаж байгаа ба үүнээс 6 хүн хуульчийн гэрчилгээ авсан тул тэд энэ хуульд нийцүүлэн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээгээр бусад нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа юм. Иймээс Б.Т нь өөрийгөө хөдөлмөрийн гэрээний ажилтан гэж үзэж болохгүй бөгөөд ингэж үзэх нь дээрх хуулийн заалтуудыг зөрчихөд хүрэх юм. Б.Т нь өмгөөллийн шүүхэд төлөөлөх эрх болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхээ түдгэлзүүлээгүй байгаа тохиолдолд манай компанид хөдөлмөрийн гэрээгээр цаашид ажиллах боломжгүй. Иймд түүний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагууд нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзэж байна. Б.Т нь гэрээнд заасан ажлаас өөр ажил нэмж хийгээгүй ба өмнө нь анхан шатны шүүхийн шүүгчийн туслахын цалинг авч байсан баримт байна. Манай компани анх хөдөлмөрийн гэрээгээр ажиллах үед түүнийг сард 750 000 төгрөгөөр цалинжуулж 6 сар ажиллуулахад зөвшөөрч байсан. Сүүлд гэрээгээр ажиллахад нь сард 924 000 төгрөгийн хөлсийг гэрээгээр тохирч олгосон. Нэмэгдэл хөлс олгох асуудал бидний дунд яригдаж, харилцан тохиролцож хэлцэл, гэрээ хийгдээгүй. Харин компанийн санаачилгаар үнийн дүн өндөртэй зарим нэг авлагад Эрх зүйн газрын захирлын шийдвэрээр Б.Т-д 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Иргэний хуулийн 276 дугаар зүйлийг үндэслэл болгон 7 518 346 төгрөгийн /бэлэг/ шагнал олгосон. Б.Т нь энэ шагнал, бэлгийн ач холбогдлыг үгүйсгэж байгаа бол манай компани Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т зааснаар буцаан татах талаар шаардах эрхтэй. Иймд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасныг баримтлан хүлээн авахаас татгалзан хэлэлцэхгүй орхих хууль зүйн үндэслэлтэй. Б.Т-ыг Эрх зүйн газрын захирлын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 01/581 тоот тушаалаар Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны үйлчилгээ үзүүлэх гэрээгээр ажиллуулахаар шийдвэрлэсэн боловч 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 04-ны өдөр хүртэл хугацаанд гэрээ байгуулахаас удаа дараа татгалзсан тул Эрх зүйн газрын захирлын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/841 тоот тушаалаар Б.Т-ыг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа үзүүлэх гэрээгээр ажиллуулахаар өмнө нь шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ тушаалын хуулбарыг Б.Т-д өөрт нь гардуулан өгч, гэрээгээр ажиллаж байх хугацаанд нь ашиглуулахаар итгэмжлэн хариуцуулан өгсөн байгууллагын өмч болох НР51 РО-15 маркийн 1 381 809 төгрөгийн үнэлгээ бүхий зөөврийн компьютер, баримт материалуудыг хүлээлгэн өгөх талаар мэдэгдэж тойрох хуудсыг гардуулан өгч, ажлаа албан ёсоор хүлээлцэх талаар хэлсэн боловч эд хөрөнгө, баримт материалыг хүлээлгэн өгөөгүй. Хэрвээ Б.Т нь гэрээгээр ажиллаж байхдаа ашиглаж, хэрэглэж байсан дээрх эд хөрөнгө, баримт материалуудыг хүлээлгэн өгч, тойрох хуудсаа зуруулсан бол хувийн хэрэгт нь хадгалагдаж байгаа 8, 10 дугаар анги төгссөн гэрчилгээг нь байгууллагын зүгээс хүлээлгэн өгөхөд бэлэн. Мөн Б.Т-д эд хөрөнгө, баримт материалыг хүлээлгэн өгч, ажлаа хүлээлцэх талаар удаа дараа биеэр уулзаж, утсаар холбогдож, мөн албан бичгээр хандахад 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл эд хөрөнгө, баримт бичгүүдийг хүлээлгэн өгөөгүй тул Б.Т-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 17.4.1-д заасан Хөрөнгө завших гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгож байх тул буруутай этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, байгууллагын өмч хөрөнгө, баримт материалуудыг гаргуулан авах талаар энэ оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллагад хандсаны дараа Б.Т нь эд хөрөнгийг 10 дугаар сарын 15-ны өдөр манай ажилтанд хүлээлгэн өгсөн байх ба харин авлагын баримт материалууд өнөөг хүртэл дутуу байгаа. Б.Т-ын шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн нотлох баримтаар үүсгэсэн хэргийн 57-60 дугаар хуудсанд Майкрософт корпорацийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нартай байгуулсан Эвлэрэлийн гэрээ эх хувиараа, мөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тогтоол хэргийн 61-66 дугаар хуудсанд мөн эх хувиараа орсон. Дээрх баримт материалууд нь манай байгууллага болон бусад байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, манай компани дээр байх ёстой баримт бичгүүд болно. Б.Т-ын ажлаа хүлээлгэн өгөх талаар өгсөн тойрох хуудас нь мөн хэргийн 78 дугаар хуудсанд эх хувиараа орсон байгаа зэрэг нь Б.Таас нэхэмжлэлдээ дурдаад байгаа баримт бичгээ авахаар өөрийн зүгээс санал санаачилга, үйлдэл манайд хандаж одоог хүртэл гаргаагүй байсан. Иргэний хуулийн 12 дугаар зүйлийг үндэслэсэн тул энэ эрх зүйн боломжийг түр хугацаагаар хэвээр үлдээж ажил олгогчийн зүгээс барьцаанд авсан гэх 8, 10 дугаар анги төгссөн гэрчилгээг эх хувиар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж өгнө үү.

“Н” ХХК-ийн Эрх зүйн газарт, хөдөлмөрийн гэрээ байгуулан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан болон аваагүй 15 хуульч ажиллаж байна. Нийтдээ хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээний дагуу нийт 20 хуульч ажиллаж байна. Иймээс “Н” ХХК нь хууль зөрчөөгүй ба хуульчдынхаа зөвлөснөөр ийнхүү ажиллаж байгаа тул Б.Т-ын нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн авах боломжгүй. Нэг байгууллагад хоёр гэрээгээр ажиллаж болохгүй. Хөдөлмөрийн гэрээтэй хэрнээ өмгөөлөгчөөр ажиллахыг хориглосон. Хэрэгт авагдсан баримтаар тэрээр өмгөөллийн эрхээ авсан байгаа. Шүүхэд төлөөлөх эрхээ авснаар хөдөлмөрийн харилцаа автоматаар дуусгавар болно. Манай Эрх зүйн газар нь олж ирсэн орлогоос эрх зүйн газарт байгаа захирал, бусад хуульч нарыг цалинжуулах байдлаар өөрсдийгөө санхүүжүүлж ажилладаг. Б.Т-ын ажилласан Эрүүл мэндийн яамтай холбоотой хэрэг дээр ямар нэг өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу нэмэгдэл хөс олгох гэрээ байгуулаагүй учраас Эрх зүйн газрын захирал ажлын байрны тодорхойлолтод заасан эрх хэмжээний хүрээнд урамшуулал хэлбэрээр Эрх зүйн газар нийт 42 302 040 төгрөг авснаас Голомт банкны дансаар түүнд 7 500 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч Б.Т 77 432 200 төгрөг авах ёстой гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-иас нэхэмжлэгч Б.Т-ын 8 болон 10 дугаар анги төгссөн боловсролын гэрчилгээг гаргуулж, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 227 320 650 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр авбал зохих урамшууллын зөрүү болох 67 665 113 төгрөгийг 0.3 хувийн алдангийн хамт гаргуулах, цалин 77 431 200 төгрөгийг 0.3 хувийн алдангийн хамт гаргуулах, 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ..Шүүх “...нэхэмжлэгч Б.Т-аас “Н” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцалж, Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний үндсэн дээр ажиллах хүсэлт гаргасныг ажил олгогч хүлээн авч түүнийг ажлаас нь чөлөөлж, Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээгээр ажиллуулахаар шийдвэрлэсэн байна” гэж дүгнэсэн. Гэвч миний зүгээс ажил олгогч “Н” ХХК-д 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн харилцаагаар байнгын ажлын байранд ажиллаж байх хугацаандаа өөрийн хөдөлмөрийн гэрээг цуцлах, Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээгээр ажиллах тухай хүсэлтүүдийг огт гаргаж байгаагүй бөгөөд нэхэмжлэгчийн өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцалсантай холбоотой нотлох баримт хэрэгт огт авагдаагүй буюу зөвхөн хариуцагч талын тайлбар төдий байхад шүүх хариуцагчийн тайлбарыг үндэслэж “нэхэмжлэгч хүсэлт гаргасны дагуу талууд хөдөлмөрийн гэрээг цуцлаж Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Миний бие 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5.1-т зааснаар ажлын 18 хоногоор ээлжийн амралтаа эдэлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг ээлжийн амралтын хуудсыг хариуцагч талаас нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 183/Ш32018/00220 тоот шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч уг захирамжийн биелэлтийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Мөн энэхүү хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт болох миний 2016 оны 9 сараас 2017 оны 9 сарыг хүртэлх хугацааны сар бүрийн цалин бодсон дэлгэрэнгүй хүснэгтийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хариуцагч талаас гаргуулах, миний “Н” ХХК-ийн нэгдсэн программаас татаж авсан 2016 оны 9 сараас 2017 оны 9 сар хүртэлх хугацааны сар бүрийн цалин бодох хүснэгтийн хуулбарт хариуцагч компанийн хуулбар үнэн даруулж, нотлох баримтын шаардлага хангуулж гаргуулах гэсэн 2 төрлийн цалин бодсон хүснэгтийг тус тус гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 183/Ш32017/12000 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Б.Т-ын 2016 оны 9 сараас 2017 оны 9 сар хүртэлх хугацааны сар бүрийн цалин бодсон хүснэгтийг хариуцагч талаас нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулахаар шийдвэрлэж, харин хүсэлтийн 5-д заасан программаас татаж авсан цалин бодох хүснэгтийн хуулбарт компанийн хуулбар үнэн даруулах хүсэлтийг уг захирамжаар хангаагүй атлаа уг захирамжийн биелэлтийг хангуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд захирамжаар хангагдаагүй цалингийн хүснэгтэд компанийн хуулбар үнэн тэмдэг даруулан гаргуулсан байдаг.

Талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үргэлжилсээр байхад 2017 оны 9 дүгээр сарын сүүлээр ажил олгогчийн зүгээс Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны үйлчилгээ үзүүлэх гэрээ гэх гэрээ байгуулан ажиллахыг шаардсан тул энэхүү гэрээг байгуулахаас би татгалзсан. Гэтэл ажил олгогчийн зүгээс 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/841 дугаартай Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны үйлчилгээ үзүүлэх гэрээг дуусгавар болгох тухай тушаал өгч, ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсан. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд огт байгуулагдаагүй гэрээг дуусгавар болгосон гэх тушаалыг гардуулан өгч ажлаас үндэслэлгүй халсныг шүүх харгалзан үзээгүй. Тушаалд дурдсанчлан хариуцагч нь нэхэмжлэгчтэй өөрийн 1 талын санаачилгаар Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулах хүсэлтэй байсан, харин нэхэмжлэгч нь энэ гэрээг байгуулахаас татгалзан хөдөлмөрийн харилцаа буюу байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа тул уг харилцаагаар үргэжлүүлэн ажиллах хүсэлтэй байсан нь тус тус тогтоогдож байна. Гэтэл шүүх энэ байдлыг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн.

Хариуцагч нэхэмжлэлийн зарим шаардлагын хүрээнд, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг маргалгүй хүлээн зөвшөөрсөн байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч 2017 оны 6 дугаар сарын тайлангаар 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр бодож гарт олгогдох байсан урамшууллын зөрүү болох 75 183 459-7 518 346=67 665 113 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргадаг бөгөөд түүнээс 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 7 518 346 төгрөгийг тооцож нэхэмжлэгчид олгосон гэдгээ хариуцагч тал хүлээн зөвшөөрч зөвхөн талууд урамшууллын бодогдох үнийн дүнгийн хувьд маргадаг. Мөн нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 9 дүгээр сарын тайлангаар цалин бодох системийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 77 431 200 төгрөгийн цалин авах байсан хэмээн, харин хариуцагчийн зүгээс 4 347 340 төгрөгийн цалин олгох ёстой боловч нэхэмжлэгчийг ажлаа дутуу хүлээлгэн өгсөн гэсэн үндэслэлээр уг цалинг олгоогүй хэмээн мөн л үнийн дүнгийн хувьд маргасан. Талуудын маргаж буй байдлаас харахад хариуцагч нэхэмжлэлд дурдсан урамшуулал болон цалинг олгож байсан, олгох ёстой байсан гэдэг нь нотлогдож байгаа бөгөөд гагцхүү талууд урамшуулал олгох тооцоолол, үнийн дүнгийн хувьд маргадаг шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч нь батлагдсан орон тоонд ажилтнууд манай компанитай ямар гэрээгээр ажиллаж байгаагаас үл шалтгаалан бүгд урамшуулал олгох тушаалын дагуу урамшуулал авч, хоолны мөнгө, унааны мөнгө зэргийг ямар нэгэн ялгамжгүйгээр авдаг байсан гэж тайлбарлаж, энэ талаар маргахгүй байхад шүүх талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй, хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж хөлсөөр ажиллаж байгаа ажилтан урамшуулал, хоолны мөнгө, унааны мөнгө зэргийг авахаар тусгайлан тохиролцоогүй, түүнчлэн урамшуулал олгосон тушаалын үйлчлэл хариуцагчийн тайлбар болон гэрч Б.Булганаа нарын мэдүүлгээр 2017 оны 5 дугаар сард дууссан байна гэж тайлбарласан. Гэтэл гэрч Б.Булганаа 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд “урамшууллын тушаалын үйлчлэл 2017 оны 7 дугаар сар хавьцаа дууссан” гэж мэдүүлсэн байхад нэхэмжлэлийн шаардлагын урамшуулалтай холбогдох хэсгийг мөн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүх хэргийг тал бүрээс нь шинжлэн судлан хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь хоёр өөр ойлголт юм. Нэхэмжлэлийн үндэслэл гэдэг нь нэхэмжлэгч шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдал юм. Шаардлага нь нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагын “...Ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 227 320 650 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагын тухайд...” шүүх үндэслэл хэсэгтээ дүгнэхдээ “...талуудын хооронд байгуулсан гэрээ нь өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ гэж нэрлэсэн ч талууд ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг хүлээх нөхцөлтэйгээр байгуулсан нь хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулж байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзнэ...” иймд нэхэмжлэгч Б.Т нь хөдөлмөрийн гэрээгээр бус өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээгээр ажиллаж байсан тул хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа ажиллагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ажлаас буруу халсан тухай гомдол гаргах эрхгүй, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажлаас буруу халсан олговор шаардах эрхгүй бөгөөд ажилгүй байсан хугацааны олговор 227 320 650 төгрөг гаргуулах болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн. Ийнхүү дүгнэсэн үндэслэлээ Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу шаардах эрхгүй гэж дүгнэсэн атлаа “...”Н” ХХК нь хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаа ажилчдад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтантай хөдөлмөрийн ижил нөхцөл шаардлага тавин ажиллуулж, тэдний цалин хөлс, нэмэгдэл, урамшууллыг дээрх тушаал, шийдвэрийн дагуу олгож ирсэн нь Хөдөлмөрийн тухай хууль болон Иргэний хуульд нийцэхгүй байна, нэхэмжлэгч Б.Т нь 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ буюу хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж эхэлсэн тул түүнд гэрээгээр тохирсон цалин хөлс, урамшууллыг тооцон олгох ёстой атал түүний цалинг байгууллагын цалингийн сүлжээнд хамааруулан, цалин хөлс тооцон олгох журмын дагуу нэмэгдэл, урамшуулал тооцож ирсэн нь буруу байна...” гэж шүүх дүгнэсэн нь миний Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний дагуу шаардах эрхийг давхар дүгнэж шийдвэрлэсэн байдаг. Шүүх өөрт олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлэн хэрэглэж шүүхийн шийдвэрийг гаргаснаас болж нэхэмжлэгч миний хуулиар олгогдсон эрх ашиг хөндөгдөхөд хүрч байна. Учир нь шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх эрх хуулиар шүүхэд олгогдсон байхад миний шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажлаас үндэслэлгүй халсан тул ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байхад үүнд шүүх дүгнэлт хийхдээ нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлэн дүгнэж талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан бөгөөд хөлсөөр ажиллах гэрээгээр шагнал урамшуулал тохиролцоогүй тул шагнал урамшуулал шаардах эрхгүй байна гэж дүгнэн шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн шаардаагүй, иргэний хэрэг үүсгэгдээгүй асуудлаар шүүх шийдвэр гаргасан байгаад гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

            Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан  ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 227 320 650 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр авбал зохих урамшууллын зөрүү болох 67 665 113 төгрөгийг 0.3 хувийн алдангийн хамт гаргуулах, цалин 77 431 200 төгрөгийг 0.3 хувийн алдангийн хамт гаргуулах, 8 болон 10 дугаар анги төгссөн гэрчилгээ гаргуулах, 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч “Н” ХХК-д нэхэмжлэгч Б.Т нь авлага барагдуулагч хуулийн зөвлөхөөр 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн туршилтын хугацаагаар 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн үндсэн ажилтнаар ажиллаж байхдаа Монгол Улсын Дээд шүүхэд шүүхэд төлөөлөх эрхээ бүртгүүлэн Монгол Улсын Дээд шүүхээс 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээг авсан байна. Ажил олгогчийн 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 01/219 дүгээр тушаалаар Б.Т-ыг өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээ авсантай холбоотойгоор 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 01/259 дүгээр тушаалаар 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээгээр ажиллуулжээ. Энэхүү үйл баримт хэргийн 1 дүгээр хавтасны 147-170, 192-193 дахь талд авагдсан хариуцагчийн тайлбар, Б.Т-ын өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг бичгийн баримтууд болон зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдсон байна.

 

            Нэхэмжлэгчийн “хариуцагч байгууллагад хөдөлмөрийн гэрээний дагуу авлага барагдуулагч, хуулийн зөвлөхөөр ажиллаж байхдаа хөдөлмөрийн гэрээг цуцлах, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээгээр ажиллах хүсэлт гаргаагүй” гэх тайлбар болон давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болно. Учир нь хэргийн 1 дүгээр хавтасны 169-170 дахь талд авагдсан нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагатай 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх тухай гэрээгээр түүний тайлбар няцаагдаж байна.

 

Хариуцагч байгууллагын Эрх зүйн газрын захирлын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 01/219 дүгээр тушаалаар 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн түүнийг ажлаас нь чөлөөлж, “Н” ХХК-ийн эрх зүйн газрын захирлын 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 01/259 дүгээр тушаалаар тус компанийн Эрх зүйн газрын авлага барагдуулах албанд 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээгээр ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. Энэхүү шийдвэр гаргах үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчөөгүй бөгөөд анхан шатны шүүх Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн заалтын агуулгыг зөв тайлбарласан тул шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ. Нэхэмжлэгч Б.Т-ын хариуцагчтай 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний хугацаа дуусч, хариуцагч компанитай цаашид гэрээ дахин байгуулахаас удаа дараа татгалзсан байх тул тус компанийн Эрх зүйн газрын захирлын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/841 дүгээр тушаалаар 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс нэхэмжлэгчийг гэрээгээр ажиллуулах тухай шийдвэрийг хүчингүй болгосон үйл баримт хэргийн 1 дүгээр хавтасны 171-173 дахь талд авагдсан “Н” ХХК-ийн Эрх зүйн газрын захирлын тушаалуудаар тогтоогджээ.

 

1. Нэхэмжлэгч Б.Т-тай байгуулсан Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ дуусгавар болсон, цаашид Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахаас татгалзсан тул хариуцагчаас хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны үйлчилгээ үзүүлэх гэрээгээр ажиллуулахаар шийдвэрлэсэн шийдвэрээ хүчингүй болгосныг  ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн гэж үзэхгүй. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэлээр ажлаас буруу халсан тухай гомдол гаргах эрхгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. Түүнчлэн, ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалыг Б.Т-д гардуулан өгөөгүй байх боловч тэрээр хариуцагч байгууллагатай Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээг 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан байх тул хөдөлмөрийн гэрээг цуцалсныг мэдсэн, мэдэх боломжтой байсан гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчийн хувьд түүнийг ажлаас чөлөөлсөн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрийн талаар гомдол гаргах Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрсөн байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Т-ын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлгүй, нэхэмжлэгч нь 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллаж байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан олговрыг шаардах эрхгүй болно. Нэхэмжлэгч Б.Т-ын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 227 320 650 төгрөг гаргуулах болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

2. Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч “Н” ХХК-иас 2017 оны 6 дугаар сарын тайлангаар 8 материалаас нийт 7 915 311 141 төгрөгийн авлагыг барагдуулсан тул Авлага барагдуулах албаны хуульч, хуулийн зөвлөхөд олгох урамшууллын хэмжээг батлах тухай хариуцагч байгууллагын баталсан тушаалын дагуу 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн цалинтай хамт 75 261 919 төгрөгийн урамшууллыг авах байтал 7 596 806 төгрөгийг олгосон гэсэн үндэслэлээр зөрүү 67 665 113 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу 7 518 346 төгрөгийн шагнал олгосон, урамшууллын хэмжээг батлах тухай тушаал нэхэмжлэгчийн барагдуулсан авлагад хамаарахгүй гэх үндэслэл заан маргажээ.

 

Зохигчдын хоорондын Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний 3.1-д “Үйлчлүүлэгчээс хуульчид гэрээний 2.1-д заасан өмгөөллийн үйчилгээ үзүүлсэний хөлсөнд сар бүр 924 000 хүртэл төгрөгийн хөлс төлнө”, 3.2-т “Үйлчилгээний хөлсийг “Н” ХХК-ийн “Цалин хөлс тооцох, олгох журам”-д заасны дагуу хуульчийн ажилласан цаг, төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн хувийг харгалзан тооцож олгоно” гэж тус тус заасан. Гэрээний эдгээр заалтуудыг хүчин төгөлдөр бус гэж үзэх, гэрээний дагуу нэг тал шаардлага гаргах эрхгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний эрх чөлөөний зарчмын хүрээнд дээрх гэрээг байгуулсан тул уг гэрээгээр хүлээсэн үүргийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг зааснаар биелүүлэх үүрэгтэй. Гэрээний 3.2 дахь заалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасан үгийн шууд утгаар тайлбарлах боломжтой байх тул хариуцагч нь өөрийн байгууллагад үйлчилж буй цалин хөлс олгох журмыг баримтлан нэхэмжлэгчид урамшуулал олгох үүргийг гэрээгээр хүлээсэн тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар уг үүргээ биелүүлэх учиртай.

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 140-144 дүгээр талд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х-ын үйлдсэн “Н” ХХК-ийн Эрх зүйн газрын хуульчдын 2017 оны 6 дугаар сард барагдуулсан авлагын урамшууллын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн тайлан авагдсан бөгөөд нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн яамтай холбоотой 7 915 311 141 төгрөгийн авлага барагдуулсан талаар уг тайланд тусгасан үнийн дүн, нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан үнийн дүн хоёр тохирч байна. Уг тайланд Эрх зүйн газрын 10 хуульчийн 2017 оны 6 дугаар сард барагдуулсан авлагын дүн болон урамшууллын дүнг нэгтгэсэн баримт үйлдэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х гарын үсэг зурсан байна.

 

“Н” ХХК-ийн Ерөнхийлөгчийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 01/234 дүгээр тушаалаар Авлага барагдуулах албаны хуульч, хуулийн зөвлөхөд олгох урамшууллын хэмжээг баталж, уг тушаалын хавсралт №1-д 2 000 000 000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй хэрэгт барагдуулсан авлагаас тооцох урамшууллын хувийг хуулийн зөвлөхөд 0,95 хувиар тооцохоор тогтоожээ. Уг тушаалыг хүчингүй болгосон, өөрчилсөн эсхүл нэхэмжлэгчийн авлага барагдуулсан ажилд хамаарахгүй гэдгийг хариуцагч баримтаар нотлоогүй болно.                                                                     /1 дүгээр хавтасны 127-128 тал/

 

Нэхэмжлэгч Б.Т-тай 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан тул тус гэрээний 3.4-т заасны дагуу компанийн Эрх зүйн газрын захирлын шийдвэрээр хуульч, өмгөөлөгч Б.Т-д 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 7 518 346 төгрөгийн шагнал олгосон үйл баримтын талаар талууд маргаагүй.

    

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч байгууллагын баталсан дээрх тушаалын дагуу тооцон нэхэмжилсэн урамшууллын зөрүү 67 665 113 төгрөгийг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгохдоо хууль буруу тайлбарласан байх тул хэрэгт авагдсан баримтуудыг нотлох баримтын хэмжээнд харьцуулан дүгнэж 67 665 113 төгрөг хариуцагч “Н” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Б.Т-д олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. Нэхэмжлэгч хариуцагчийн хөдөлмөрийн бус, хөлсөөр ажиллах гэрээний хүрээнд ажил, үйлчилгээ үзүүлсэн нь түүний гэрээгээр тохиролцсон урамшууллыг шаардах эрхийг үгүйсгэхгүй.     /2 дугаар хавтасны 123 дахь тал/

 

Харин талууд Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний 5.1-д үйлчлүүлэгч нь энэ гэрээний 3 дугаар зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл хөлс төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хоног тутам төлөхөөр тохиролцжээ. Зохигчид уг гэрээгээр нэмэгдэл хөлс төлөх хугацааны талаар тохиролцоогүй  хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тул 67 665 113 төгрөгийн 0.3 хувийн алданги гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо шүүх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

 

3.Хариуцагч “Н” ХХК-ийн Эрх зүйн газрын захирлын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 01/210 дугаар тушаалаар Эрх зүйн газрын цалингийн сүлжээ, ажилтнуудын ур чадварын зэрэг, цалинг тус тус өөрчлөн тогтоосон болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 139-140 дэх талд авагдсан “Н” ХХК-ийн Эрх зүйн газрын захирлын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 01/210 дугаар тушаал, түүний хавсралтаар тогтоогдсон бөгөөд дээрх тушаалын дагуу нэхэмжлэгч Б.Т-ын цалингийн шатлалыг 6, цалинг 750 000 төгрөг байсныг өөрчилж, цалингийн шатлалыг 7, цалинг 924 000 төгрөг болгожээ. Нэхэмжлэгч Б.Т нь “Н” ХХК-д 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ буюу хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж эхэлсэн тул түүнд гэрээгээр тохиролцсон цалин хөлс, урамшууллыг тооцон олгох байтал түүний цалинг байгууллагын цалингийн сүлжээнд хамруулан, цалин хөлс тооцон олгох журмын дагуу нэмэгдэл, урамшуулал тооцож байсан нь буруу байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид 2017 оны 9 дүгээр сард хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээнээс хамааран 4 347 340 төгрөгийн цалин олгохыг зөвшөөрсөн ч ажлаа дутуу хүлээлгэн өгсөн гэх үндэслэлээр дээрх цалинг олгохоос татгалзсаныг буруутгах үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагыг төлөөлж 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцож шүүх хуралдаанаас зохигчид эвлэрснийг Майкрософт компанийн хэрэгт байгууллагыг эрсдэлээс хамгаалсан гэж үзэж нөгөө талын нэхэмжлэлийг багасгасан үнийн дүн болох 529 775 502,72 төгрөгөөс цалингийн 60 хувьд ногдох цалин 77 431 200 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, урамшуулал авах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэхгүй. Учир нь байгууллагын журмаар тогтоосон урамшуулал олгох нөхцөлд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байх явдал хамаарахгүй. Иймд нэхэмжлэгч Б.Т-ын цалин 77 431 200 төгрөгийг 0.3 хувийн алдангийн хамт нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

4. Хариуцагч “Н” ХХК нь нэхэмжлэгч Б.Т-ыг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс тус компанийн Эрх зүйн газрын Авлага барагдуулах албаны хуульчаар томилогдон ажиллаж байхад нь их дээд сургууль төгссөн боловсролын диплом, 10 жилийн сургууль төгссөн боловсролын гэрчилгээ зэрэг баримтуудыг эх хувиар нь авчирч хадгалуулахыг шаардаж байсны дагуу тэрээр 2017 оны 3 дугаар сард 8 болон 10 дугаар анги төгссөн гэрчилгээг эх хувиар нь хүний нөөцийн менежер М.Нарантунгалагт өгсөн болох нь талуудын тайлбар, гэрч М.Нарантунгалагийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд ажилтны боловсролыг гэрчлэх бичиг баримтыг компани авч хадгалахаар заасны дагуу түүний бичиг баримтыг авсан, тэрээр ажлаа албан ёсоор хүлээлгэн өгсөн тохиолдолд түүний бичиг баримтыг өгнө гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, ажил олгогч нь ажилтны боловсролыг гэрчлэх бичиг баримтыг ажилд авахдаа шалгах эрхтэй байж болох ч эх хувиар нь хадгалах, бусад үүрэгтэй холбон барьцаалах үндэслэлгүй тул хариуцагч “Н” ХХК-иас нэхэмжлэгч Б.Т-ын 8 болон 10 дугаар анги төгссөн гэрчилгээг эх хувиар нь хураан авсныг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

5. Талуудын хооронд 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх боломжгүй. Хэрэгт авагдсан 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, нэхэмжлэгчид 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Улсын Дээд шүүхээс шүүхэд төлөөлөх эрх олгогдсон зэрэг нөхцөл байдлуудыг харьцуулан үзвэл талууд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасан бичгийн хэлбэрээр байгуулсан байна. Иймд Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ бодитойгоор байгуулагдсан гэж үзнэ. Дээрх гэрээг дүр үзүүлэн хийсэн, хууран мэхэлсэн зэрэг гэрээний агуулгын хувьд түүнийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь эрх зүйн мэдлэгтэй, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн хувьд бусдад нөлөөлж, албадлага төөрөгдлийн үндсэн дээр хэлцэл хийсэн, эсхүл өөр хэлцлийг халхавчилж болох нөхцөл байдал тогтоогдсонгүй. Анхан шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-т заасантай нийцсэн,

 

Талуудын хооронд 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57-60 дахь хэсэгт зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцож болохоор заажээ. Дээрх хэлцлийг хийхдээ нэхэмжлэгч нь ноцтой төөрөгдсөн, хуурч мэхлэгдсэн, хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч дээрх нөхцөл байдалд хэлцэл хийсэн болохоо баримтаар нотлоогүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

5. Нэхэмжлэгчийн ээлжийн амралтын хуудас хариуцагчаас гаргуулах тухай хүсэлтийг шүүх 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШЗ2018/00220 тоот шүүгчийн захирамжаар хангасан боловч захирамжийн заалт биелэгдээгүй байхад хэрэг шийдвэрлэсэн, мөн цалин бодсон дэлгэрэнгүй хүснэгтийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн атлаа дээрх захирамжийн заалт биелэгдээгүй буюу эдгээр баримт шүүхэд ирээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн байна. Гэвч эдгээр баримт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд шууд хамаарах нотлох баримт биш байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэл болохгүй юм.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/01609 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-иас 67 665 113 төгрөг болон Б.Т-ын 8 болон 10 дугаар анги төгссөн боловсролын гэрчилгээг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Т-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 57-60 дугаар зүйлд заасан үндэслэлгүй тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 227 320 650 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр авбал зохих урамшууллын зөрүү болох 67 665 113 төгрөгийн 0.3 хувийн алданги гаргуулах, цалин 77 431 200 төгрөгийг 0.3 хувийн алдангийн хамт гаргуулах, 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч “Н” ХХК-иас 496 276 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Т-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Т-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ