Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2019/00340

 

Б.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/01609 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2083 дугаар магадлалтай,

Б.Т-ын нэхэмжлэлтэй

Н Х ХХК-д холбогдох, 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалинтай тэнцэх олговорт 227.320.650 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 8 болон 10 дугаар анги төгссөн гэрчилгээ, 2017 оны 06 дугаар сард барагдуулсан авлагаас тооцогдох урамшууллын зөрүүд 67.665.113 төгрөгийг, алдангийн хамт, 2017 оны 7 дугаар сард барагдуулсан авлагаас тооцогдох цалин 77.431.200 төгрөгийг, алдангийн хамт тус тус гаргуулах, 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг,

Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т-, өмгөөлөгч П.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, Д.М, Л.Б нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Т-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн Н Х ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тус компанийн Эрх зүйн газрын Авлага барагдуулах албанд хуулийн зөвлөхийн ажил, албан тушаалд ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа сар бүр барагдуулсан авлагын тайлан гаргаж ажиллаж байсан бөгөөд тайлангаар 8.503.946.641 төгрөгийн авлагуудыг барагдуулж ажилласан. Н Х ХХК-ийн Эрх зүйн газрын Авлага барагдуулах албаны үйл ажиллагааны онцлогийг харгалзан, авлага барагдуулалтыг эрчимжүүлэх, идэвхжүүлэх тогтолцоог оновчтой болгох зорилгоор уг тушаалыг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл бодитоор хэрэгжиж байсан. Хэдийгээр анх уг тушаалыг хэрэгжүүлж эхлэх тухайн үед Н Х ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Ш.Баярсайханаас 2016 оныг дуустал ба эрсдэл гарвал дахин хэлэлцэхээр нэвтрүүлж үзэх гэж тушаал дээр дурдан 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан байх боловч Н Х ХХК-ийн 2016 оны сүүлийн тайлангийн хурлаар уг тушаалыг 2016 онд хэрэгжүүлснээр авлага барагдуулах албаны үйл ажиллагаанд нааштайгаар нөлөөлж, урьд өмнөх онуудтай харьцуулахад авлага барагдуулалт 20-30 хувийн өсөлттэй, амжилттай ажилласан байна хэмээн үзэж дүгнэлт хийн, энэхүү урамшуулал олгох тушаалыг 2017 онд мөн адил хэрэгжүүлэхээр тайлангийн хурлаар хэлэлцэж, зөвшилцсөн боловч шийдвэр нь бичгээр хараахан гараагүй байсан. Хэдийгээр тушаалын сунгалт бичгээр гараагүй боловч уг тушаал 2017 онд ч мөн адил хэрэгжихээр болсон гэдгийг Эрх зүйн газрын захирал Л.Батбаяр манай газрын 2017 оны эхний шуурхай хуралдаануудад удаа дараа ажилчин, алба хаагчдын өмнө танилцуулж, нэгэнт энэхүү урамшууллын тушаал хэрэгжих болсонтой холбоотойгоор авлага барагдуулах албаны хуульч, хуулийн зөвлөх нараас урамшууллын тушаалын хувь хэмжээг нэмэх асуудлаар санал хүсэлтээ өгч ажиллахыг 7 хоногийн 1 дэх өдөр бүр болдог шуурхай хурал дээр амаар үүрэг болгож байсан. Ийнхүү Эрх зүйн газрын захирал Л.Батбаяр Авлага барагдуулах албаны хуульч нараас санал хүсэлтийг авч, уг тушаалыг улам боловсронгуй болгож, хувь хэмжээг ихэсгэх асуудлыг дээш нь танилцуулж шийдвэрлүүлж байж, тушаалын сунгалтыг хийх болсон тул одоогоор бичгээр гараагүй байгаа. Тиймээс бичгээр гарах хүртэл хугацаанд өмнөх 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн урамшуулал олгох тушаалын хувь хэмжээний дагуу Авлага барагдуулах хуулийн зөвлөх, хуульч нарт урамшууллыг нь олгох болно гэж тайлбарлаад хамгийн сүүлчийн байдлаар 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хэвийн хэрэгжиж, Эрх зүйн газрын Авлага барагдуулах албаны хуульч, хуулийн зөвлөх нар 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн урамшууллын тушаалын дагуу сар бүр барагдуулсан авлагын тайлангаас хамаарч тус тусын урамшууллаа авч байсан. Гэтэл гэнэт 2017 оны 6 дугаар сарын Авлага барагдуулалтын тайлангаар 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн цалин, урамшуулал олгох үед урамшуулал олгох тушаалыг цаашид хэрэгжүүлэхгүйгээр шийдлээ, тиймээс 2017 оны 7 дугаар сарын 03-ны цалин, урамшууллыг бодоход хамгийн сүүлчийн байдлаар ашиглана, дахин цаашид ашиглахгүй хэмээн компанийн удирдлагуудын зүгээс амаар тайлбарлаж, 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн цалингаас эхлэн урамшуулал бодож олгоогүйгээс гадна, өмнө нь хэрэгжиж байсан цалингийн системээс огт өөр системээр цалин бодож эхэлсэн. Ийнхүү дээрх байдлаар цалингийн систем өөрчилсөн болон урамшууллын тушаалыг 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс хойш хэрэгжүүлэхгүй болсонтой холбоотой ямар нэгэн тушаал шийдвэр албан ёсоор өнөөдрийг хүртэл Н Х ХХК гараагүй бөгөөд зөвхөн компанийн удирдлагуудын зүгээс амаар хэлж, цалин хөлс бодож олгохдоо 2017 оны 8 дугаар сарын 03-ны цалингаас эхлэн урамшуулал бодолгүй, мөн сүүлд хэрэгжихээр болсон гэх 60, 40 хувь гэх цалингийн системээр цалин хөлс бодож олгож байгаа бодит үйлдлээр илэрхийлэгдэж байгаа. Дээр дурдсанчлан миний бие 2017 оны 6 дугаар сарын тайлангаар 8 материалаас нийт 7.915.311.141 төгрөгийн авлагыг барагдуулсан бөгөөд үүнээс Эрүүл мэндийн яаманд холбогдох хэргээс 7.914.048.391 төгрөгийг, харин бусад 7 материалаас нийт 1.262.750 төгрөгийг барагдуулсан тул дээрх урамшуулал олгох тушаалын дагуу бусад 1.262.750 төгрөгийн авлагаас 78.460 төгрөгийн урамшуулал, Эрүүл мэндийн яамны хэргээс барагдуулсан 7.914.048.391 төгрөгийн авлагаас түүний 0.95 хувь буюу 75.183.459 төгрөгийн урамшууллыг тус тус авахаар байсан. Гэтэл ажил олгогчийн зүгээс ажилтан миний 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн цалинтай хамт бодож олгох урамшууллыг дараах байдлаар бодож олгосон. 7 материалаас барагдуулсан 1.262.750 төгрөгийн авлагад ногдох урамшуулал нийт 78.460 төгрөг, Эрүүл мэндийн яамны хэрэг дээр барагдуулсан 7.914.048.391 төгрөгийн авлагад ногдох урамшуулал 7.518.346 төгрөг гэж бодож олгосон бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ажилтны гар дээр олгох байсан урамшууллаас 7.518.346 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Б.Т- миний Голомт банкны цалингийн данс руу тусад нь шилжүүлсэн бөгөөд яагаад цалинтай хамт олгоогүй талаар асуухад нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон татвараас зайлсхийж байгаа юм гэж надад тайлбарлаад миний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт үнэн зөвөөр нь бичилт хийж өгөөгүй. Иймд тухайн үед бодитоор хэрэгжиж байсан Н Х ХХК-ийн Эрх зүйн газрын Авлага барагдуулах хуульч, хуулийн зөвлөхөд олгох урамшууллын тушаалын дагуу тус компанийн хуулийн зөвлөх миний 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн цалинтай хамт авбал зохих урамшууллын хэмжээ нийт 78.460+75.183.459=75.261.919 төгрөг байсан тул үүнээс Н Х ХХК-ийн зүгээс олгосон урамшуулал болох 7.596.806 төгрөгийг хасч, өнөөдрийг хүртэл олгоогүй байгаа урамшуулал болох зөрүү 67.665.113 төгрөгийн урамшууллыг гаргуулах үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Н Х ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст цалин хөлс, урамшууллын асуудлаа шийдвэрлүүлэхээр албан ёсоор хандсан боловч Н Х ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисс хурал хийлгүйгээр 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01/654 дугаартай цалин хөлстэй холбоотой гомдлыг ХМТКомиссоор хэлэлцүүлэх шаардлагагүй гэсэн албан мэдэгдлийг гардуулж өгсөн. Ажил олгогч нь ажилтан надтай 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан тус компанийн Эрх зүйн газарт Авлага барагдуулах хуулийн зөвлөхийн байнгын ажлын байранд авч ажиллуулж эхэлсэн бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн туршилтын хугацаагаар ажиллуулах, харин 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн туршилтын хугацаанд ажилласан тайланг үндэслэж хуулийн зөвлөхийн үндсэн ажилтнаар томилсон тушаал гарч, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тус компаний хуулийн зөвлөхөөр ажилласаар байсан. 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Эрх зүйн газрын захирал Л.Батбаяр намайг өрөөндөө дуудаж Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасныг буруутгасан. 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажлаа хийж байтал хүний нөөц М.Нарантунгалаг над дээр ирж, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/841 дугаартай Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны үйлчилгээ үзүүлэх гэрээг дуусгавар болгох тухай гэх нэртэй Н Х ХХК-ийн Эрх зүйн газрын захирал Л.Батбаяр гэх гарын үсэгтэй тушаалыг, тойрох хуудасны хамт гардуулж, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс ажилдаа ирэх шаардлагагүй, өнөөдрөөс эхлэж өөрийг чинь ажлаас халж байна гэсэн. Дээрх 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/841 дугаартай тушаалтай танилцахад ажилтан Б.Т- миний урьд өмнө нь хэзээ ч Н Х ХХК-тай огт байгуулж байгаагүй Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны үйлчилгээ үзүүлэх гэрээг дуусгавар болгох тухай гэх нэртэй тушаал гаргасан байсан. Тушаалыг ажил олгогчийн зүгээс 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр надад гардуулан өгч, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу тушаал гаргалгүйгээр, ажилтан миний ажил үүргээ хэвийн хийх нөхцөл байдлыг минь боож, ажил хийлгэхгүйгээр хөөж, ажилдаа ирэхгүй байхыг шаардаж, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн цалин өгөлгүй хаасан энэ бүх үйлдлээрээ ажил олгогчийн санаачилгаар намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Иймд Хөдөлмөрийн тухайн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасны дагуу урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Н Х ХХК-ийн Эрх зүйн газрын Авлага барагдуулах албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Ажлаас үндэслэлгүй халагдсан өдөр болох 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш, шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилогдох хүртэлх хугацааны цалинд 227.320.650 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, барьцаанд авсан 8 болон 10 дугаар анги төгссөн гэрчилгээг гаргуулж, 2017 оны 9 дүгээр сарын тайлангаар 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гарт олгогдох байсан цалин 77.431.200 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү.

Мөн Н Х ХХК-ийн эрх зүйн газрын албан хаагчдыг хариуцан ажилладаг хүний нөөцийн менежер М.Нарантунгалаг Эрх зүйн газрын алба хаагч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах нэрийдлээр 2 өөр төрлийн гэрээний төслийг Эрх зүйн газрын алба хаагч нарт өгч, тус гэрээнд гарын үсэг зурахыг шаардсан. Тус байгууллагатай хөдөлмөрийн гэрээгээр ажилласаар ирсэн ажилтан надад гарын үсэг зуруулахаар өгсөн гэрээ нь 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ гэх нэртэй байсан. Иймд би тэр даруй хүний нөөцийн менежер М.Нарантунгалагийг дуудаж учрыг нь тайлбарлаж, түүнд ойлгуулахыг оролдоход миний тайлбарлаад байгааг ойлголгүй манай компани хуульчийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн хуульчийн гэрчилгээ авсан ажилтан бүртэй өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсаар ирсэн жишиг тогтсон тул гарын үсэг зураад өг гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ, өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээ гэх 2 өөр эрх зүйн үр дагаврыг агуулдаг гэрчилгээнүүдийн нарийн ялгааг ойлголгүй гарын үсэг зурахыг шаардаж надаар гарын үсэг зуруулж авсан. Иймд дээрх өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56.1.3 дахь хэсэгт заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул хуулийн дагуу хүчин төгөлдөр бус байна. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, урьд өмнө нь Н Х ХХК болон Б.Т- нарын хооронд байгуулагдсан 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр үйлчилсээр байтал, мөн ажилтан Б.Т- би анх ажилд орсон байнгын ажлын байрандаа хэвийн ажилласаар байтал тэрхүү хөдөлмөрийн гэрээг халхавчлах зорилгоор Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэх гэрээнд гарын үсэг зуруулан авч улмаар бидний хоорондох Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах хөдөлмөрийн харилцааг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа мэтээр харагдуулах гэсэн ажил олгогчийн явуургүй санаа юм. Иймд 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Ажилтан Б.Т- би 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээнд гарын үсэг зурагдсанаас үл хамааран 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5.1-д зааснаар ажлын 18 хоногоор ээлжийн амралтаа эдэлсэн бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ээлжийн амралтын олговрыг мөн адил ажил олгогчийн зүгээс ажилтан Б.Т- миний Голомт банкны цалингийн данс руу бодож шилжүүлсэн. Ийнхүү 2017 оны 8 дугаар сард ажилтан Б.Т- би ээлжийн амралт авахын өмнө Н Х ХХК нь ажилчидаа Голомт банкны дансаар цалинжуулж, Голомт банктай хамтран ажилладаг тул Голомт банкнаас цалингийн зээл авах зорилгоор цалингийн тодорхойлолтоо авсан. Уг тодорхойлолтоос Б.Т- намайг 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар хөдөлмөрийн гэрээний ажилтан хэвээр байсан гэдгийг, үндсэн цалин 924.000 төгрөг авдаг, байнгын ажлын байранд ажилдаг, хуулийн зөвлөх гэдгийг харж болохоор байгаа юм. Иймд дээрх үндэслэлээр 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Б.Т- нь 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Н Х ХХК-ийн хүний нөөц, захиргааны газрын захирал А.Дэлгэрмөнхтэй хөдөлмөрийн гэрээ, нууц хадгалах гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, ERP системд ашиглах цахим гарын үсгийн баталгааны гэрээ зэргийг байгуулан Н Х ХХК-ийн Эрх зүйн газрын захирлын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 01/296 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасныг үндэслэн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс Авлага барагдуулагч хуулийн зөвлөхөөр туршилтын хугацаагаар ажиллаж Эрх зүйн газрын захирлын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/83 тоот тушаалаар мөн оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн үндсэн ажилтнаар томилон ажиллуулсан. Б.Т- нь тус компанид ажиллаж байх хугацаандаа хуульчийн сонгон шалгаруулалтад орж тэнцэн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч, мөн шүүхэд төлөөлөх эрх нээлгэхээр Улсын дээд шүүхэд бүртгүүлэн Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн 172466 дугаартай гэрчилгээг 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр мөн гардан авч, дээрх гэрчилгээний хуулбарыг тус компанид өөрөө авчран өгч, хүсэлт гаргасныг судлан үзэхэд Б.Т- нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалттай харшлаж байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалтуудыг үндэслэн тус компанийн Эрх зүйн газрын захирлын 2017 оны 3 дугаар сарын 01-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 01/219 дугаар тушаалаар мөн оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн ажил үүргийг дуусгавар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ийнхүү талууд харилцан тохиролцон хөдөлмөрийн гэрээг цуцалсны дараа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалтыг үндэслэн Эрх зүйн газрын захирлын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээгээр ажиллуулах тухай 01/259 дүгээр тушаалаар Б.Т- нарын нэр бүхий 4 хуульчийг гэрээгээр ажиллуулахаар шийдвэрлэж, Б.Т- нь Эрх зүйн газрын захирал Л.Батбаяртай Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний заалтыг баримтлан 2017 оны 3 дугаар сарын 01-ны өдрөөс 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж ажилласан. Дээрх хугацаатай гэрээгээр 6 сар ажиллаж өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний хугацаа дууссан учир Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийг баримтлан Эрх зүйн газрын захирлын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ дуусгавар болгох тухай 01/496 дугаартай тушаалаар нэр бүхий 4 хуульчтай байгуулсан гэрээг дуусгавар болгон тус газрын Авлага барагдуулах албаны дарга Х.Хадбаатарт гэрээг хуульд нийцүүлэн нэмэлт өөрчлөлт оруулан шинэчлэн батлуулахыг даалгасан. Эрх зүйн газрын захирлын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны үйлчилгээ үзүүлэх гэрээгээр ажиллуулах тухай 01/581 дугаар тушаалаар Б.Т- нарын нэр бүхий 6 хуульчийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 4 сарын хугацаатай үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу дээрх нэр бүхий 6 хуульчаас 5 хуульч, өмгөөлөгч нар нь Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны үйлчилгээ үзүүлэх гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Нууц хадгалах гэрээ үргэлжлүүлэн байгуулан одоо ажиллаж байгаа бөгөөд харин Б.Т- гэрээг байгуулахаас татгалзсан. Эрх зүйн газрын захирал Л.Батбаяр, Авлага барагдуулах албаны дарга Х.Хадбаатар нар Б.Т-тай 2017 оны 9 дүгээр сард 2 удаа уулзаж Та шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээ авсан өмгөөлөгч тул таньтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах боломжгүй талаар хэлж, тодорхой хугацаанд боломж олгон хүлээсэн боловч Б.Т- нь үйлчлүүлэгчээс санал болгосон өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх буюу Хуульчийн мэргэжлийн туслалцаа үзүүлэх тухай гэрээг байгуулан үргэлжлүүлэн хамтран ажиллах тухай саналыг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл буюу 1 сар 04 хоногийн хугацаагаар гэрээ байгуулахаас эрс татгалзаж гэрээнд гарын үсэг зураагүй тул цаашид хамтарч ажиллах боломжгүй болсон гэж үзсэн. Энэ хугацаанд Б.Т-ыг гэрээг байгуулан цаашид хамтран ажиллах байх гэдэгт байгууллагын зүгээс итгэж гэрээнд гарын үсэг зураагүй байсан хэдий ч 9 дүгээр сарын 18-ны өдөр урьдчилгаа хөлсийг олгосон. Дээрх байдлуудаас шалтгаалан Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийг үндэслэн тус компанийн Эрх зүйн газрын захирлын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны үйлчилгээ үзүүлэх гэрээг дуусгавар болгох тухай 01/841 дүгээр тушаал гарч Б.Т-ыг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны үйлчилгээ үзүүлэх гэрээгээр ажиллуулах тухай шийдвэрийг хүчингүй болгож, хариуцсан эд хөрөнгө, хэрэг материалыг тоо ёсоор хүлээлгэж өгөхийг мэдэгдэж, тушаалын хуулбарыг тойрох хуудсын хамтаар гардуулан өгсөн. Б.Т- нь нэхэмжлэлдээ өөрийгөө хөдөлмөрийн гэрээний ажилтан гэж тайлбарлаж байгаа нь дээр дурдсан нотлох баримтуудаар бүрэн няцаагдаж байгаа бөгөөд хамгийн гол асуудал нь өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж, гарын үсэг зурсан үйл явдал юм. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 2.2, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх заалтуудтай нийцэж байна. Одоогийн байдлаар манай компанид нийт 18 эрх зүйн бакалавр, магистр зэрэгтэй хүмүүс ажиллаж байгаа ба үүнээс 6 хүн хуульчийн гэрчилгээ авсан тул тэд энэ хуульд нийцүүлэн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээгээр бусад нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа юм. Иймээс Б.Т- нь өөрийгөө хөдөлмөрийн гэрээний ажилтан гэж үзэж болохгүй бөгөөд ингэж үзэх нь дээрх хуулийн заалтуудыг зөрчихөд хүрэх юм. Б.Т- нь өмгөөллийн шүүхэд төлөөлөх эрх болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхээ түдгэлзүүлээгүй байгаа тохиолдолд манай компанид хөдөлмөрийн гэрээгээр цаашид ажиллах боломжгүй. Иймд түүний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагууд нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзэж байна. Б.Т- нь гэрээнд заасан ажлаас өөр ажил нэмж хийгээгүй ба өмнө нь анхан шатны шүүхийн шүүгчийн туслахын цалинг авч байсан баримт байна. Манай компани анх хөдөлмөрийн гэрээгээр ажиллах үед түүнийг сард 750.000 төгрөгөөр цалинжуулж 6 сар ажиллуулахад зөвшөөрч байсан. Сүүлд гэрээгээр ажиллахад нь сард 924.000 төгрөгийн хөлсийг гэрээгээр тохирч олгосон. Нэмэгдэл хөлс олгох асуудал бидний дунд яригдаж, харилцан тохиролцож хэлцэл, гэрээ хийгдээгүй. Харин компанийн санаачилгаар үнийн дүн өндөртэй зарим нэг авлагад Эрх зүйн газрын захирлын шийдвэрээр Б.Т-д 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Иргэний хуулийн 276 дугаар зүйлийг үндэслэл болгон 7.518.346 төгрөгийн /бэлэг/ шагнал олгосон. Б.Т- нь энэ шагнал, бэлгийн ач холбогдлыг үгүйсгэж байгаа бол манай компани Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т зааснаар буцаан татах талаар шаардах эрхтэй. Иймд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасныг баримтлан хүлээн авахаас татгалзан хэлэлцэхгүй орхих хууль зүйн үндэслэлтэй. Б.Т-ыг Эрх зүйн газрын захирлын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 01/581 тоот тушаалаар Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны үйлчилгээ үзүүлэх гэрээгээр ажиллуулахаар шийдвэрлэсэн боловч 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 04-ны өдөр хүртэл хугацаанд гэрээ байгуулахаас удаа дараа татгалзсан тул Эрх зүйн газрын захирлын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/841 тоот тушаалаар Б.Т-ыг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа үзүүлэх гэрээгээр ажиллуулахаар өмнө нь шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ тушаалын хуулбарыг Б.Т-д өөрт нь гардуулан өгч, гэрээгээр ажиллаж байх хугацаанд нь ашиглуулахаар итгэмжлэн хариуцуулан өгсөн байгууллагын өмч болох НР51 РО-15 маркийн 1.381.809 төгрөгийн үнэлгээ бүхий зөөврийн компьютер, баримт материалуудыг хүлээлгэн өгөх талаар мэдэгдэж тойрох хуудсыг гардуулан өгч, ажлаа албан ёсоор хүлээлцэх талаар хэлсэн боловч эд хөрөнгө, баримт материалыг хүлээлгэн өгөөгүй. Хэрвээ Б.Т- нь гэрээгээр ажиллаж байхдаа ашиглаж, хэрэглэж байсан дээрх эд хөрөнгө, баримт материалуудыг хүлээлгэн өгч, тойрох хуудсаа зуруулсан бол хувийн хэрэгт нь хадгалагдаж байгаа 8, 10 дугаар анги төгссөн гэрчилгээг нь байгууллагын зүгээс хүлээлгэн өгөхөд бэлэн. Мөн Б.Т-д эд хөрөнгө, баримт материалыг хүлээлгэн өгч, ажлаа хүлээлцэх талаар удаа дараа биеэр уулзаж, утсаар холбогдож, мөн албан бичгээр хандахад 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл эд хөрөнгө, баримт бичгүүдийг хүлээлгэн өгөөгүй тул Б.Т-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 17.4.1-д заасан Хөрөнгө завших гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгож байх тул буруутай этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, байгууллагын өмч хөрөнгө, баримт материалуудыг гаргуулан авах талаар энэ оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллагад хандсаны дараа Б.Т- нь эд хөрөнгийг 10 дугаар сарын 15-ны өдөр манай ажилтанд хүлээлгэн өгсөн байх ба харин авлагын баримт материалууд өнөөг хүртэл дутуу байгаа. Б.Т-аас нэхэмжлэлдээ дурдаад байгаа баримт бичгээ авахаар өөрийн зүгээс санал санаачилга, үйлдэл манайд хандаж одоог хүртэл гаргаагүй. Иргэний хуулийн 12 дугаар зүйлийг үндэслэсэн тул энэ эрх зүйн боломжийг түр хугацаагаар хэвээр үлдээж ажил олгогчийн зүгээс барьцаанд авсан гэх 8, 10 дугаар анги төгссөн гэрчилгээг эх хувиар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж өгнө үү. Н Х ХХК нь хууль зөрчөөгүй ба хуульчдынхаа зөвлөснөөр ийнхүү ажиллаж байгаа тул Б.Т-ын нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн авах боломжгүй. Нэг байгууллагад хоёр гэрээгээр ажиллаж болохгүй. Хөдөлмөрийн гэрээтэй хэрнээ өмгөөлөгчөөр ажиллахыг хориглосон. Хэрэгт авагдсан баримтаар тэрээр өмгөөллийн эрхээ авсан байгаа. Шүүхэд төлөөлөх эрхээ авснаар хөдөлмөрийн харилцаа автоматаар дуусгавар болно. Манай Эрх зүйн газар нь олж ирсэн орлогоос эрх зүйн газарт байгаа захирал, бусад хуульч нарыг цалинжуулах байдлаар өөрсдийгөө санхүүжүүлж ажилладаг. Б.Т-ын ажилласан Эрүүл мэндийн яамтай холбоотой хэрэг дээр ямар нэг өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу нэмэгдэл хөс олгох гэрээ байгуулаагүй учраас Эрх зүйн газрын захирал ажлын байрны тодорхойлолтод заасан эрх хэмжээний хүрээнд урамшуулал хэлбэрээр Эрх зүйн газар нийт 42.302.040 төгрөг авснаас Голомт банкны дансаар түүнд 7.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч Б.Т- 77.432.200 төгрөг авах ёстой гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/01609 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н Х ХХК-иас нэхэмжлэгч Б.Т-ын 8 болон 10 дугаар анги төгссөн боловсролын гэрчилгээг гаргуулж, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 227.320.650 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр авбал зохих урамшууллын зөрүү болох 67.665.113 төгрөгийг 0.3 хувийн алдангийн хамт гаргуулах, цалин 77.431.200 төгрөгийг 0.3 хувийн алдангийн хамт гаргуулах, 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2083 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/01609 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н Х ХХК-иас 67.665.113 төгрөг болон Б.Т-ын 8 болон 10 дугаар анги төгссөн боловсролын гэрчилгээг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Т-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 57-60 дугаар зүйлд заасан үндэслэлгүй тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 227.320.650 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр авбал зохих урамшууллын зөрүү болох 67.665.113 төгрөгийн 0.3 хувийн алданги гаргуулах, цалин 77.431.200 төгрөгийг 0.3 хувийн алдангийн хамт гаргуулах, 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Н Х ХХК-иас 496.276 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Т-д олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Т-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Т-, түүний өмгөөлөгч П.У нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх “...хариуцагч Н Х ХХК нь нэхэмжлэгч Б.Т-тай 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээгээр бус өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээгээр ажиллуулж байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасныг талууд зөрчжээ, учир нь хариуцагч Н Х ХХК-ийн Эрх зүйн газрын Авлага барагдуулах албаны хуульчийн ажил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.15-д заасан байнгын ажлын байр байна” гэж дүгнэлт хийсэн атлаа нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаар гаргасан 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байна гэж шаардлага гаргасныг харгалзан үзэлгүйгээр холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2, 56.1.3 дахь заалтыг зөрчсөн эсэх дээр дүгнэлт өөгөөгүй атлаа тус гэрээг Иргэний хуулийн 57, 58, 59, 60-д заасан хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл мөн эсэхийг дүгнэж, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс өөр дүгнэлт өгсөн. Талуудын хооронд байгуулсан өмгөөлийн үйлчилгээ үзүүлэх гэрээг Иргэний хуулийн 57, 58, 59, 60-д заасан хууран мэхлэх, хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэж маргаагүй, нэхэмжлэлийн үндэслэлээ ийнхүү тодорхойлоогүй байхад нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнээс хальсан байна. Н Х ХХК нь нэхэмжлэгч Б.Т-тай өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан атлаа түүний цалинг байгууллагын цалингийн сүлжээнд хамруулан цалин хөлс тооцон олгох журмын дагуу олгож байсан. Мөн түүнд ээлжийн амралт олгож, өмгөөлийн үйлчилгээ үзүүлэх гэрээтэй зэрэгцүүлэн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ давхар байгуулж, ажлын байрны тодорхойлолт үйлдсэн зэрэг үйл баримт нь Н Х ХХК Б.Т- нарын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа хэвээр үргэлжлүүлж байсан болохыг нотолж байгаа юм. Анхан болон давж заалдах шатны шүүх эдгээр нотлох баримтыг бодитой үнэлээгүй. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Б.Т- нь Н Х ХХК-д 2017 оны 3 сарын 01-ний өдрөөс өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ буюу хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж эхэлсэн тул түүнд гэрээгээр тохиролцсон цалин хөлс, урамшуулалыг тооцон олгох ёстой байтал түүнийг цалинг байгууллагын цалингийн сүлжээнд хамруулан цалин хөлс тооцон олгох журмын дагуу нэмэгдэл урамшуулал тооцон олгож байсан нь буруу гэж хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолгүй дүгнэлт өгсөн. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт “...нэхэмжлэгч Б.Т-аас Н Х ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцалж, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний үндсэн дээр ажиллах хүсэлт гаргасныг ажил олгогч хүлээн авч түүнийг ажлаас нь чөлөөлж, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээгээр ажиллуулахаар шийдвэрлэсэн байна гэж дүгнэсэн байдаг.  Гэвч нэхэмжлэгч миний зүгээс ажил олгогч Н Х ХХК-д 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн харилцаагаар байнгын ажлын байранд ажиллаж байх хугацаандаа өөрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээгээр ажиллах тухай хүсэлтүүдийг огт гаргаж байгаагүй бөгөөд нэхэмжлэгчийн өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцалсантай холбоотой нотлох баримт хэрэгт огт авагдаагүй буюу зөвхөн хариуцагч талын тайлбар төдий байхад шүүх хариуцагчийн тайлбарыг үндэслэж нэхэмжлэгч хүсэлт гаргасны дагуу талууд хөдлөлмөрийн гэрээг цуцлаж өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлтийг залруулаагүй атлаа өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан цагаас эхлэн буюу 2017 оны 3 сарын 09-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан гэж үндэслэлгүй дүгнэсэн. Түүнчлэн талуудын хооронд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ хэлбэрийн төдий байгуулагдаж, хөдөлмөрийн харилцаа хэвээр үргэлжилж байсныг анхаараагүй.

Ажилтан Б.Т- миний бие 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар ажлын 18 хоногоор ээлжийн амралтаа эдэлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг “Ээлжийн амралтын хуудас”-г хариуцагч талаас нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулахаар хүсэлт /1 хав 146-р хуудас/ гаргасныг шүүх 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 183/Ш32018/00220 тоот захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч уг захирамжийн биелэлтийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Мөн энэхүү хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт болох Б.Т- миний 2016 оны 9 сараас 2017 оны 9 сарыг хүртэлх хугацааны сар бүрийн цалин бодсон дэлгэрэнгүй хүснэгтийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хариуцагч талаас гаргуулах, мөн миний Н Х ХХК-ийн нэгдсэн программаас татаж авсан 2016 оны 9 сараас 2017 оны 9 сарыг хүртэлх хугацааны сар бүрийн цалин бодох хүснэгтийн хуулбарт хариуцагч компанийн хуулбар үнэн даруулж, нотлох баримтын шаардлага хангуулж гаргуулах гэсэн 2 төрлийн цалин бодсон хүнэгтийг /1 хав 85-р хуудас авагдсан хүсэлтийн 4, 5 дугаар заалтууд/ тус тус гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шүүгчийн захирамжаар зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн атлаа уг захирамжийн биелэлтийг хангуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд өөрөөр хэлбэл, захирамжаар хангагдаагүй цалингийн хүснэгтэд компанийн хуулбар үнэн тэмдэг даруулан гаргуулсан байдаг. Давж заалдах шатны шүүхээс дүгнэхдээ эдгээр баримт шүүхэд ирээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн байна. Гэвч эдгээр баримт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд шууд хамаарах нотлох баримт биш байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэл болохгүй юм...” гэжээ. Гэтэл цалин бодсон хүснэгт, нэхэмжлэгчид ээлжийн амралт олгосон хуудас нь талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа хэвээр үргэлжилж байсныг нотлох нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлтэй шууд холбоотой баримт байхад давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.

Талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үргэлжилсээр байхад 2017 оны 8 дугаар сарын сүүлээр ажил олгогчийн зүгээс “Хуульчийн мэргэжлийн үйд ажиллагааны үйлчилгээ үзүүлэх гэрээ” гэх гэрээ байгуулан ажиллахыг шаардсан тул энэхүү гэрээг байгуулахаас татгалзсан. Гэтэл ажил олгогчийн зүгээс 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/841 дугаартай “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г дуусгавар болгох тухай тушаал өгч, ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсан. Өөрөөр хэлбэл талуудын хооронд огт байгуулагдаагүй гэрээг дуусгавар болгосон гэх тушаалыг гардуулан өгч ажлаас үндэслэлгүй халсныг шүүх харгалзан үзээгүй. Гэтэл уг тушаалын 1 дэх хэсэгт Тус компанийн Эрх зүйн газрын захирлын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний 01/581 тоот тушаалаар тус газрын Авлага барагдуулах албаны хуульч Боовой овогтой Туяажаргалтай “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны үйлчилгээ үзүүлэх гэрээ”-гээр ажиллуулахаар шийдвэрлэсэн боловч хуульч Б.Т- нь энэ оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэг хугацаанд гэрээ байгуулахаас удаа дараа татгалзсан тул Б.Т-ыг 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны үйлчилгээ үзүүлэх гэрээгээр ажиллуулах тухай шийдвэрийг хүчингүй болгосугай” гэж дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл энэ тушаалд дурдсанчлан хариуцагч нь нэхэмжлэгчтэй өөрийн 1 талын санаачилгаар “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулах хүсэлтэй байсан, харин нэхэмжлэгч нь энэ гэрээг байгуулахаас татгалзан хөдөлмөрийн харилцаа буюу байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа тул уг харилцаагаар үргэжлүүлэн ажиллах хүсэлтэй байсан нь тус тус тогтоогдож байхад шүүх энэ байдлыг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх урамшуулалын зөрүү 67.665.113 төгрөгийг Н Х ХХК-иас гаргуулах үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Магадлалд “...зохигч гэрээгээр нэмэлт хөлс төлөх хугацааны талаар тохиролцоогүй, хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 186.1, 232.6 дэх заалтыг зөв хэрэглэсэн...” гэж  үзэж хугацаа хэтрүүлсний алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Гэтэл талуудын хооронд байгуулсан өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний 3.3 дахь хэсэгт хөлсийг сар бүрийн 3, 18-ны өдөр төлөхөөр заасан ба хэрэв хугацаа хэтрүүлбэл гэрээний 5.1 дэх хэсэгт заасны дагуу алданги төлөхөөр заажээ. Ийм байхад давж заалдах шатны шүүх хөлс төлөх хугацааны талаар тохиролцоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Давж заалдах шүүхийн зүгээс зохигчийн хооронд хүчин төгөлдөр өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн атлаа гэрээний 5.1, 3.3 дахь хэсэгт заасны дагуу хугацаандаа олгоогүй урамшуулалаас хугацаа хэтрүүлсэн хоног тутамд зохих алдангийг тооцон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлээгүйд гомдолтой байна. 2017 оны 10 сарын 03-ны өдрийн 40 хувь, 60 хувь гэх цалин бодох системийн дагуу бодогдож гарт олгогдох байсан цалин 77.431.200 төгрөг, түүний хугацаа хожимдуулсаны хоногийн 0,3 хувийн алдангийн хамт гаруулах шаардлагыг үндэслэлгүй шийдвэрлэсэн. Нэхэмжпэгч нь Майкрософтын нэхэмжпэлтэй хэрэгт Н Х компанийг 528.775.502 төгрөгийн эрсдэлээс хамгаалж, төлөвлөгөөгөө 139 дахин давуулан биелүүлсэн тул 77.431.200 төгрөгийн урамшуулал авах эрх үүссэн гэж тайлбарладаг. Давж заалдах шатны шүүхээс энэхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөхдөө “...байгууллагын журмаар тогтоосон урамшуулал нь хялбаршуулсан журмаар шийдвэр байх явдалд хамаарахгүй...” гэж, талуудын маргаагүй үйл баримтыг буруу дүгнэсэн. Хариуцагч Н Х ХХК нь хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч хэн аль нь урамшуулал авах эрхтэй болохыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн хариуцагч болон нэхэмжлэгч нь Майкрософтын нэхэмжлэлтэй хэрэгт Н Х компанийг 528.775.502 төгрөгийн эрсдэлээс хамгаалж урамшуулал авах эрх үүссэн эсэх дээр маргаагүй, гагцхүү тооцоолол дээр буюу хэдий хэмжээний урамшуулал авах эрхтэй талаар маргаж байхад давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн эрх ашгийг дордуулан дүгнэсэнд гомдолтой байна.

Хариуцагч нэхэмжлэлийн зарим шаардлагын хүрээнд, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг маргалгүй хүлээн зөвшөөрсөн байхад шүүх нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч 2017 оны 6 дугаар сарын тайлангаар 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр бодож гарт олгогдох байсан урамшуулалын зөрүү болох 75.183.459-7.518.346=67.665.113 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргадаг бөгөөд түүнээс 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 7.518.346 төгрөгийг тооцож нэхэмжпэгчид олгосон гэдгээ хариуцагч тал хүлээн зөвшөөрч зөвхөн талууд урамшууллын бодогдох үнийн дүнгийн хувьд маргадаг. Мөн нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 9 дүгээр сарын тайлангаар цалин бодох системийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 77.431.200 төгрөгийн цалин авах байсан хэмээн, харин хариуцагчийн зүгээс 4.347.340 төгрөгийн цалин олгох ёстой боловч нэхэмжлэгчийг ажлаа дутуу хүлээлгэн өгсөн гэсэн үндэслэлээр уг цалинг олгоогүй хэмээн мөн л үнийн дүнгийн хувьд маргасан байдаг. Талуудын маргаж буй байдлаас харахад хариуцагч нэхэмжлэлд дурдсан урамшуулал болон цалинг олгож байсан, олгох ёстой гэдэг нь нотлогдож байгаа бөгөөд гагцхүү талууд урамшуулал олгох тооцоолол, үнийн дүнгийн хувьд маргадаг шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч нь батлагдсан орон тоонд ажилтнууд манай компанитай ямар гэрээгээр ажиллаж байгаагаас үл шалтгаалан бүгд “урамшуулал олгох тушаалын дагуу урамшуулал авч, хоолны мөнгө, унааны мөнгө зэргийг ямар нэгэн ялгамжгүйгээр авдаг байсан гэж тайлбарлаж, энэ талаар маргахгүй байхад шүүх талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж хөлсөөр ажиллаж байгаа ажилтан урамшуулал, хоолны мөнгө, унааны мөнгө зэргийг авахаар тусгайлан тохиролцоогүй, түүнчлэн урамшуулал олгосон тушаалын үйлчлэл хариуцагчийн тайлбар болон гэрч Б.Булганаа нарын мэдүүлгээр 2017 оны 5 дугаар сард дууссан байна гэж тайлбарласан юм. Гэтэл гэрч Б.Булганаа 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд урамшууллын тушаалын үйлчлэл 2017 оны 7 дугаар сар хавьцаа дууссан гэж мэдүүлсэн байхад нэхэмжлэлийн шаардлагын урамшуулалтай холбогдох хэсгийг мөн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүх хэргийг тал бүрээс нь шинжлэн судлан хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Б.Т- нь Н Х ХХК-ийн Эрх зүйн газарт 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай, өмгөөлөлийн үйлчилгээ үзүүлэх буюу Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажилласан юм. Энэ хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт талуудын хооронд байгаагүй. Н Х ХХК нь ажилчдад өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээнд заасан нэрлэсэн хөлсийг олгохдоо, хийсэн ажлын үр дүнг харгалзан Н Х ХХК-иас тогтоосон цалин хөлс тооцож олгох журмыг баримталж ихэсгэх болон багасгах хувилбараар олгож байсан ба нэрлэсэн хөлснөөс давсан тохиолдолд нэмэлт гэрээний дагуу олгож байсан болно. Н Х ХХК нь Б.Т-д өмнө нь цалин хөлс олгохдоо түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.1, 3.2 гэсэн 2 заалтыг баримталж байсан бол хөлсөөр ажиллах гэрээний хөлсийг олгохдоо Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний 3.1, 3.2 эсхүл 3.1, 3.4 гэсэн 3 заалтын тохирох хэсгийг сонгож баримталж байсан. Тухайлбал хөлсөөр ажиллах гэрээний 3.1-д заасан 924.000.000 хүртэл төгрөгийн хөлс олгохоор тохирсон ба үүгээрээ хөлс олгох дээд босго хэмжээг тогтооосон гэж үздэг. Үүнээс хол давсан хөлс олгох бол гэрээний 3.4-т заасан нэмэлт гэрээг баримтлахаар, харин ажлын гүйцэтгэл нь босго хэмжээний хөлсөнд хүрэхгүй бол гэрээний 3.2-т заасан Н Х ХХК-ийн цалин хөлс тооцож олгох журмыг мөрдөж олгохоор зохицуулж ирсэн. Ингэхдээ хуульчийн хэргийн ажиллагааны дүйцүүлсэн үнэлгээний журмыг нарийвчилсан зохицуулалт гэж үзэж мөрддөг ба үүнийг хуульч Б.Т- сайн мэддэг төдийгүй хэрэгжүүлж ажлаа тайлагнадаг байсан. Үүнд хуульч шүүхэд нэхэмжлэл гаргахад 60.000.00 төгрөг, анхан шатны шүүхийн шийдвэр хангагдаж гаргасан бол 80.000.00 төгрөг гэх мэтээр үнэлдэг ба энэ үнэлгээгээр бол Б.Т- нь Эрүүл мэндийн яамтай холбоотой иргэний хэрэгт нийтдээ 160.000.00 төгрөгийн ажил бодитой хийсэн байгаа юмаа. Гэтэл тэр нэхэмжпэлийн шаардлагын үнийн дүнгийн тоо хэмжээг үндэслэн хувь авна гэж маргаж байгаа нь илт шудрага биш хөнгөн аргаар мөнгө олох арга барилд шилжиж байна гэж үзэхээр байна. Эрүүл мэндийн яамтай холбоотой иргэний хэрэгт хэд хэдэн хүн шүүх хуралд орсон, Яамны удирдлагатай уулзаж асуудлыг өмнө нь шийдвэрлэсэн ба хэн нь ч цалин хөлсний асуудал гаргаагүй, ажил үүргээ хэвийн гүйцэтгэсээр явж байна. Н Х ХХК нь хуульчийн 168 төрлийн ажлыг дүйцүүлсэн үнэлгээгээр үнэлсэн байдаг ба энэ үнэлгээг өдөр тутамдаа мөрддөг. Энэ талаар мэдүүлж тайлбарлах эрхийг давж заалдах шатны шүүх олгосонгүй. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хэлэлцээгүй асуудлыг хэлэлцэж, Хөдөлмөрийн гэрээнд мөрдөж байсан ажилтны цалин хөлс олгох журамтай шууд адилтгаж тайлбарлан, гэрээний чөлөөт байдал гэсэн дүгнэлт хийж бодит үр дүнд нийцээгүй тохиролцоогүй гэрээний хөлс гэх 67.665.113 төгрөгийг Н Х ХХК-иас гаргаж нэхэмжлэгч Б.Т-д олгож шийдвэрлэж байгаа нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно”, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 2.4-д “Хуульч үйлчилгээний хөлс зардлыг үйлчлүүлэгчтэй харилцан тохиролцож тогтооно”, мөн дүрмийн 2.4.3-т “Хуульч нь үйлчилгээний хүрээ, хөлс зардлын хэмжээ тэдгээрийг тодорхойлох аргын талаар саналаа үйлчлүүлэгчид мэдэгдэх үүрэгтэй бөгөөд мэдэгдлийг бичгээр үйлдвэл зохимжтой”, 2.4.6-д “Хамааралт хөлс авч үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон бол гэрээнд дараах нөхцлийг заавал тусгана”, 2.4.6.1-д “хэрэг маргааны шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэсэн, эвлэрүүлэн зуучлах, хялбаршуулсан журмаар, анхан, давх, хяналтын шатны шүүхээр шийдвэрлэгдсэн тохиолдолд хуульчид ногдох хувь”-г заавал тохирохоор зохицуулсан гэсэн заалтуудыг ч илт зөрчиж байна. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэлээ гэж үзэж байна. Энэ магадлалын заалтын улмаас хэн нэгэн нь үндэслэлгүйгээр хөрөнгөжихөд хүрээд байгааг анхааралдаа авахыг хүсэж байна.

Б.Т- нь хөлсөөр ажиллах гэрээний дагуу хөлс болон нэмэгдэл хөлсний талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, анхан шатны шүүх энэ тухай хэлэлцэж шийдвэрлээгүй байхад, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, талуудын мэтгэлцээнийг хийлгүй, тайлбар, нотлох баримтыг гаргуулалгүй Н Х ХХК-иас 67.665.113 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нийтлэг үндэслэл болсон шүүхэд мэдүүлэх эрх, шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлзэх зарчимыг тус тус зөрчсөн ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийг огт эдлүүлсэнгүй, мөн шүүхийн зардал төлөөгүй, төлөх боломжтой өмгөөлөгч хүнд Төрийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж, шүүгч хараат бус байх зарчимдаа захирагдсангүй улмаар санаатай зөрчлөө. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад хөлсөөр ажиллах гэрээний үүрэг биелэгдсэний хөлс гэж Н Х ХХК-иас 67.665.113 төгрөг гаргахдаа түүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 496.276 төгрөгийг нэхэмжлэгч Б.Т-д олгохоор шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг илт ноцтой зөрчиж байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бол хариуцагч тал өмгөөлөгч Б.Т-ын хөлсөөр ажиллах гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг дүгнэж тооцоолж өгөх, цаашилбал маргаантай гэж үзвэл мэргэжлийн хуульч нарын бүрэлдэхүүнтэй хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулж болох байлаа. Мөн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх тухай гэрээний 3.1, 3.2, 3.4 дахь заалтуудад Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэхь хэсэгт зааснаас бусад заалтаар тайлбарлах боломж байсан ба шүүхээс гэрээнд өгсөн тайлбар нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 359.2 дахь заалтуудтай зөрчилдөж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Т-, хариуцагч Н Х ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 227.320.650 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 8 болон 10 дугаар анги төгссөн гэрчилгээ, 2017 оны 6 дугаар сард барагдуулсан авлагаас тооцогдох урамшууллын зөрүү 67.665.113 төгрөгийг, алдангийн хамт, 2017 оны 7 дугаар сард барагдуулсан авлагаас тооцох  урамшуулал 77.431.200 төгрөгийг, алдангийн хамт тус тус гаргуулах, зохигчийн хооронд байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх” гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч гэрчилгээ гаргуулах шаардлагыг зөвшөөрч нэхэмжлэлийн үлдэх хэсгийг зөвшөөрөөгүй маргасан байна.

Анхан шатны шүүх, 8 болон 10 дугаар анги төгссөн гэрчилгээ гаргуулах шаардлагыг хангаж, бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх урамшуулалд 67.665.113 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг нэмж ханган, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.       

1. Давж заалдах шатны шүүх, урамшуулал шаардсан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай  хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, зохигчийн хооронд хөлс, нэмэгдэл тооцох, олгох гэрээний зохицуулалтын агуулгыг буруу тайлбарлажээ. Түүнчлэн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн атал давж заалдах шатны шүүх 424.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, улмаар уг мөнгийг  нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Иймд энэ талаархи хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдолд дурдснаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх, нэхэмжлэлийн шаардлага бүрт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааг хуульд нийцүүлэн тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

а.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг шүүх хянан шийдвэрлэхээр, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговорыг олгоно” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Б.Т- анх хариуцагч Н Х ХХК-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр авлага барагдуулагч, хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан хэдий ч тэрээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу Улсын Дээд шүүхээс 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээ авсантай холбоотой талууд хөдөлмөрийн гэрээг цуцалж, “өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх” гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан нь хэргийн баримтаар тогтоогдсон байна. 

Хуульч шүүхэд төлөөлөх эрхийг Улсын Дээд шүүхэд бүртгүүлж, өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээр багшлах, эрдэм шинжилгээний болон өмгөөллийн хуулийн этгээд, Хуульчдын холбоонд хамаарахаас бусад ажил, албан тушаалыг хавсран эрхлэхийг хуулиар хориглодог учир “өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх” гэрээг байгуулах бодит шаардлага бий болсон нь үгүйсгэгдээгүй байна.

Зохигчийн хооронд байгуулсан “өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх” гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан “ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүрэг тус тус хүлээх” хөлсөөр ажиллах гэрээний агуулгатай болохыг шүүх хуульд нийцүүлэн дүгнэжээ.

Зохигчийн хооронд  хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үргэлжилсэн буюу нэхэмжлэгч Б.Т-ыг хариуцагч Н Х ХХК-ийн Эрх зүйн газрын Авлага барагдуулах албаны хуульчийн ажил буюу байнгын ажлын байранд ажиллаж байсан гэж үзэх нөхцөл тогтоогдоогүй талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэлийн үндэслэлд зааж буй, тухайлбал, хариуцагч Н Х ХХК-ийн зүгээс байгууллагын ажилчдад “Цалин хөлс тооцох, олгох журам”-ын дагуу хөлс олгосон, нэмэгдэл урамшуулал, ээлжийн амралт олгосон, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж, тоног төхөөрөмжөөр хангасан үйл баримт нь зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа байсныг нотлохгүй. Түүнчлэн эдгээр нөхцөл байдал нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний үндсэн зорилго, агуулгатай зөрчилдөх, тухайн гэрээг үгүйсгэх боломжгүй юм. Учир нь “өмгөөллийн үйчилгээ үзүүлэх” гэрээнд, хуульч нь Н Х ХХК болон түүний нэгдэлд багтах хуулийн этгээдүүд, тэдгээрийн хувьцаа эзэмшигчид, харилцан хамаарал бүхий этгээдүүд, эрх бүхий албан тушаалтнуудад өмгөөллийн үйлчилгээтэй холбоотой ажил, үйлчилгээг, тодруулбал, үйлчлүүлэгчийн үйл ажиллагаанд шаардлагатай эрх зүйн мэдээлэл, зөвлөгөөг амаар болон бичгээр өгөх, шаардлагатай эрх зүйн баримт бичиг, гэрээ, дүрмийг боловсруулах, хянан, тодорхой асуудлаар эрх зүйн дүгнэлт, заавар зөвлөмж, тайлбар гаргах, уулзалт, ярилцлага, сургалт хийх, өр авлага барагдуулах, үйлчлүүлэгчийн эрх ашиг сонирхлыг хамгаалж төрийн байгууллага, шүүх хууль хяналтын байгууллагад төлөөлөх, эрх зүйн зөрчил, хэрэг, маргааныг шийдвэрлэхэд оролцох зэргээр өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхийг зааж, хуульчийн ажиллах цаг, сар бүр төлөх хөлс, нэмэгдэл хөлс олгох журам, нөхцлийг тодорхойлсон байна.

Гэрээний хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр дууссан, гэрээг сунгах хариуцагчийн саналыг, нэхэмжлэгч зөвшөөрөөгүй тул гэрээ дуусгавар болжээ.

Иймд “хөдөлмөрийн гэрээг” үндэслэлгүйгээр цуцалсан тухай үндэслэл зааж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлст 227.320.650 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн Б.Т-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн гэж үзлээ.

б.Нэхэмжлэгч Б.Т-, урамшуулалд 67.665.113 төгрөг шаардаж, үндэслэлээ, “...Н Х ХХК-ийн ерөнхийлөгчийн 2016.07.01-ний өдрийн 01/234 дүгээр тушаалын дагуу 2017 оны 6 дугаар сард барагдуулсан 7.915.311.141 төгрөгийн авлагад 75.261.919 төгрөгийн урамшуулал олгогдох атал 7.596.806 төгрөгийг олгосон...” гэснийг хариуцагч Н Х ХХК нь “...01/234 дүгээр тушаалын үйлчлэл 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон, “өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх” гэрээний 3.1, 3.2, 3.4-т зааснаар өмгөөлөгчид сард 924.000 төгрөгийн хөлс төлөх, нэмэгдэл хөлс төлөхөөр бол талууд тохирно гэж заасны дагуу 2017 оны 6 дугаар сарын барагдуулсан авлагаас зохих урамшуулал олгосон гэж маргасан байна.

Давж заалдах шатны шүүх 67.665.113 төгрөгийн нэхэмжлэлийг хангахдаа зохигчийн байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хөлс олгох зохицуулалтын агуулгыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасны дагуу тайлбарлаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. “Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх” гэрээний 3.1-д “үйлчлүүлэгчээс хуульчид гэрээний 2.1-д заасан үйлчилгээ үзүүлсний хөлсөнд сар бүр 924.000 төгрөг хүртэл хөлс төлөх”, 3.2-т  “үйлчилгээний хөлсийг Н Х ХХК-ийн цалин хөлс тооцох, олгох журамд заасны дагуу хуульчийн ажилласан цаг, төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн хувийг харгалзан тооцож олгоно” гэж заажээ.

Үүнээс гадна гэрээний 3.4-т “үйлчлүүлэгч нь хуульчтай харилцан тохиролцож  нэмэгдэл хөлс олгож болох”-оор заасан боловч тухайн нэмэлт хөлсийг Н Х ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 01/234 тоот тушаалыг үндэслэх агуулга гэрээнд тусгагдаагүйг давж заалдах шатны шүүх анхаараагүй, тухайн тушаалын хавсралтад заасан хэмжээгээр урамшуулал бодож олгохоор шийдвэрлэсэн нь буруу байна. Дээр дурдсан 01/234 тоот тушаалын дагуу нэмэгдэл хөлс олгогдох боломжгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн бөгөөд хариуцагч Н Х ХХК нь нэхэмжлэгч Б.Т-д гэрээний 3.4-т зааснаар тодорхой хэмжээний нэмэгдэл хөлс олгосон байх тул 67.665.113 төгрөгийг, алдангийн хамт гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

в. 2017 оны 7 дугаар сарын өр барагдуулалтаас цалин 77.431.200 төгрөгийг 0.3 хувийн алдангийн хамт гаргуулах шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч дээрх шаардлагын үндэслэлээ, “Цалин хөлс тооцох, олгох журмын дагуу 924.000 төгрөгийн цалингийн 60 хувь буюу 554.400 төгрөг авахад 3.800.000 төгрөгийн авлага барагдуулах болзолтой, 2017 оны 7 дугаар сарын тайлангаар 529.538.252 төгрөгийн авлага барагдуулж төлөвлөгөөг 139 дахин биелүүлсэн тул 77.061.600 төгрөг, 40 хувийн цалин 369.600 төгрөгийг нэмж, нийт 77.431.200 төгрөг” гэснийг хариуцагч “Б.Т-ын бусадтай хамтарч компанийг эрсдлээс хамгаалсан гэж гэрээнд зааснаар “Цалин хөлс тооцож олгох журам”-ыг баримталж, нэг хүнд 4.347.340 төгрөгийн хөлс олгосныг нэхэмжлэгч Б.Т- нь авахаас татгалзсан, ажлаа хүлээлгэж өгөөгүй тул олгоогүй” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Т- нь Н Х ХХК-д 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс “өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний дагуу ажиллаж эхэлсэн, түүнд гэрээний 3.1-д заасан 924.000 төгрөгийн хөлсийг олгохоор талууд тохиролцсон хэдий ч үзүүлэх үйлчилгээний онцлогоос буюу сар бүрийн барагдуулсан авлагын хэмжээнээс хамаарч хөлсийг хувилж олгох, ингэхдээ Н Х ХХК-ийн үндсэн ажилчдын  “Цалин хөлс тооцох, олгох журам”-ыг жишиг болгохоор тохиролцсон, хариуцагч нь нэхэмжлэгчид 2017 оны 7 дугаар сард хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээнээс хамааран 4.347.340 төгрөгийн хөлс олгохыг зөвшөөрсөн ч ажлаа дутуу хүлээлгэн өгсөн гэх үндэслэлээр дээрх хөлс олгохоос татгалзсаныг буруутгах үндэслэлгүй.

г. Б.Т-ыг анх хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр авлага барагдуулагч, хуулийн зөвлөхийн ажилд томилохдоо ажил олгогч Н Х ХХК нь түүний 8 болон 10 дугаар анги төгссөн боловсролын гэрчилгээг авсан байх ба эдгээр гэрчилгээг  гаргуулах шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасантай нийцжээ. Ажил олгогч нь ажилтны боловсролыг гэрчлэх бичиг баримтыг ажилд авахдаа шалгаж, хуулбарлан авах эрхтэйгээс бус эх хувиар нь хадгалах, барьцаалах үндэслэлгүйгээс гадна хожим зохигчийн байгуулсан “өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ” дуусгавар болсон атал буцаан өгөхгүй байгаа нь буруу байна.

д. Нэхэмжлэлд дурдснаар талуудын хооронд 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан “өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1,  56.1.2, 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Тодорхой нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор талууд хүсэл зоригоо илэрхийлж, гэрээг бичгийн хэлбэрээр байгуулж, улмаар тухайн гэрээний үндсэн дээр ажил үйлчилгээг үзүүлсэн байна. Гэрээг хууль зөрчсөн, дүр үзүүлэн хийсэн, эсхүл өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Нөгөө талаар нэхэмжлэгч Б.Т- өөрөө хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн хувьд бусдын албадлагаар төөрөгдөж хэлцэл хийсэн гэж үзэх нь бодит байдалд нийцэхгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх учиргүй.

3. Нэхэмжлэгчийн ээлжийн амралтын хуудас хариуцагчаас гаргуулах тухай хүсэлтийг шүүх 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШЗ2018/00220 тоот шүүгчийн захирамжаар хангасан боловч захирамжийн заалт биелэгдээгүй байхад хэрэг шийдвэрлэсэн байх боловч уг алдаа шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй буюу улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй атал шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн, хөлсөөр ажиллах гэрээний талаар дүгнэлт хийсэн нь хуульд нийцээгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэл муутай байна.

Зохигчийн хооронд үүссэн харилцааг, нэхэмжлэгч Б.Т- хөдөлмөрийн, хариуцагч Н Х ХХК нь хөлсөөр ажиллах гэж өөр өөрөөр тайлбарлан маргасан юм. Маргааны үндэслэлд шүүх эрх зүйн дүгнэлт хийхдээ зохигчийн хооронд хөдөлмөрийн бус хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэж, тухайн гэрээнээс үүссэн эрх зүйн үр дагаварыг шийдвэрлэж байгааг дурдах нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, “хөдөлмөрийн гэрээтэй холбон тодорхойлж буй нөхцөлд шүүхээс гэрээний төрлийн талаар урьдчилан дүгнэлт хийх боломжгүй бөгөөд хөдөлмөрийн маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд хамаардаг тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө. Харин нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ 70.200 төгрөг төлснийг анхан шатын шүүх улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн нь буруу биш байна.

Дээр дурдснаар нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн гомдлыг хангаж магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2083 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/01609 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангасугай.

2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч 397.320 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн төлсөн  496.276 төгрөгийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ