Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2021/01755

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2021/01755

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 82 дугаар 5айр, 19 тоот, Гөрөөс овогт Адъяасүрэнгийн Галтбаатар /рд: ЦЖ75120311/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-15, Моннис цамхаг, 15 давхар /өөрийн байр/ Эрдэнэсмонгол ХХК /рд:5124913/-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Галтбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Г.Буянбадрал, гэрч Г.Батболд, С.Бүрэнбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: А.Галтбаатар нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Эрдэнэсмонгол ХХК-д Байгаль орчин нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Цар тахалын бүх нийтийн бэлэн байдлыг Улсын онцгой комиссоос сунгасны дагуу ажилдаа 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр очсон. Компанийн зүгээс бүтцийн өөрчлөлт хийгдэж, орон тоо хасагдсан үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдэл өгсөн, миний бие 3 нас 6 сартай хүү, 10 сартай охины хамт амьдардаг цар тахлын хүнд нөхцөл байдлын үед ажлын байраар хэвээр хадгалж, ажлын байраар хангаж өгнө үү гэсэн хүсэлт өгсөн боловч Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 24-ний Б/181 тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн байдаг.

Миний бие Эрдэнэсмонгол ХХК-д ажлаас чөлөөлөгдөх хүсэлт огт өгч байгаагүй бөгөөд ийнхүү хүсэлт өгөөгүй байхад намайг ажлаас чөлөөлж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Компани Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тушаалтай танилцуулж, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ажил хүлээлцэж, акт, тойрох хуудас, эд хөрөнгө хүлээлцсэн талаар баримт үйлдсэн түүнийг хэрэгт баримтаар өгсөн.

Иймд А.Галтбаатарыг урьд эрхэлж байсан Эрдэнэсмонгол ХХК-ийн Байгаль орчин нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалин олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бодно. Ингэхдээ Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 55 тоот тушаалаар дундаж цалин хөлсийг тодорхойлсон. А.Галтбаатарын 10, 11, 12 дугаар сар буюу сүүлийн 3 сарын цалинг тооцож үзвэл 10 дугаар сард 2,131,738 төгрөг, 11 дүгээр сард 2,011,736 төгрөг, 12 дугаар сард 3,225,000 төгрөгийн цалин хөлсийг авсан. 3 сарын нийт цалин 7,368,474 төгрөг. Үүнийг дундаж цалин буюу 3-т хуваахаар 2,456,158 төгрөг нэг сарын цалин болно. Үүнийг ажлын 21.2 өдөрт хуваахаар нэг өдрийн цалин 115,856.50 төгрөг болно. 12 дугаар сарын 24-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааг тоолохоор 188 өдөр болж байна. Бүх нийтийн амралтын өдрүүдийг хасаж тооцсон. Ингээд ажилгүй байсан хугацааны цалинд нийт 21,781,023.77 төгрөгийг нэхэмжилж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.Галтбаатар нь Эрдэнэсмонгол ХХК-ийн Уул уурхай, техник, технологийн газарт Байгаль орчны нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан боловч Эрдэнэсмонгол ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 37 дугаар тогтоолоор компанийн бүтэц зохион байгуулалт шинэчлэн батлагдсантай холбоотойгоор А.Галтбаатарын ажлын байр байхгүй болсон.

Эрдэнэсмонгол ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэж заасны дагуу түүнд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02/14 дугаартай мэдэгдэл хүргүүлсэн байдаг.

А.Галтбаатар нь уг мэдэгдлийг хүлээж аваад 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Эрдэнэсмонгол ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваад өөр ажлын байраар хангаж өгөхийг хүссэн өргөдөл гаргасан байдаг бөгөөд гүйцэтгэх захирал түүний хүсэлтийг хүлээн авч Эрдэнэсмонгол ХХК-ийн охин компани болох Эрдэнэс Оюутолгой ХХК-д шилжүүлэн ажиллуулахаар тохиролцож 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01-909 тоот албан бичгээр Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захиралд А.Галтбаатарын нэг сарын үндсэн цалин хөлсийг бууруулахгүйгээр шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэж, тухайн өдрөө буюу 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/181 тоот тушаалаар түүнийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн.

Гэтэл Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/16 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгээр Эрдэнэсмонгол ХХК-иас шилжүүлэн ажиллуулахаар чиглэл болгосон хүмүүсээс ажлын байранд тавигдах шаардлага хангасан хүнийг ажил, албан тушаалд томилсон болохыг мэдэгдсэн ба үүнд нэхэмжлэгч А.Галтбаатар багтаагүй байсан. Ингээд Эрдэнэсмонгол ХХК-ийн гүйцэтгэх захирал энэ тухай мэдсэн даруйд 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Эрдэнэс Монгол нэгдлийн хамаарап бүхий компани болох Гашуунсухайт авто зам ХХК-д А.Галтбаатарыг шилжүүлэн ажиллуулах тухай 01/63 тоот албан бичгийг хүргүүлсэн. Үүний дагуу нэхэмжлэгч А.Галтбаатар нь Гашуун сухайт авто зам ХХК-д шилжин ажиллаж байгаа болно.

Эрдэнэсмонгол ХХК-ийн удирдлагын зүгээс А.Галтбаатарын шилжин ажиллах хүсэлтийг хангаж, түүнийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Тиймээс нэхэмжлэгч А Галтбаатарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигч талуудын болон гэрчүүдийн мэдүүлэг, тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч А.Галтбаатар нь хариуцагч Эрдэнэсмонгол ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ гэж зааснаас үзэхэд хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага нь хөдөлмөрийн маргаан таслах комисс эсхүл шүүх байна.

Мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол-ыг шүүх хянан шийдвэрлэхээр тус тус заасан. Хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заасан бөгөөд А.Галтбаатар нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг хариуцагч компаниас гардаж авсан болох нь хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан тушаалын ар талд гараар тэмдэглэсэн баримт, түүний шүүх хуралдаанд ....Надад ажил хүлээлцье, чи энэ компаниас халагдсан гэж хэн ч хэлээгүй. 01 дүгээр сарын 19-ний өдөр Сүндэръяа захирал та халагдсан гэж хэлэхэд би халагдсан гэдгээ мэдсэн учраас ажил хүлээлцэх процесс явагдаж 02 дугаар сарын 03-ны өдөр ажил хүлээлцсэн. Тушаалыг гардуулж өгөхдөө надаар баримтад гарын үсэг зуруулаагүй, надад гарын үсэг зураад өгөөч гэж гуйхад зурж өгөх хүн олдохгүй байсан учир би тэр дор нь өөрөө тэмдэглэсэн гэсэн тайлбар, ажил хүлээцсэн талаарх 2021.02.03-ны өдрийн хэргийн 9 дэх талд авагдсан баримт зэргээр нотлогдож байна гэж дүгнээд, хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзлээ.

Хариуцагч тал ажлаас чөлөөлсөн тушаалыг ажилтан А.Галтбаатарт 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр и-мэйлээр явуулсан гэж тайлбарласан боловч үүнийгээ хуульд зааснаар нотолж чадаагүй тул нэхэмжлэгчийн гаргасан баримтыг шүүх үндэслэл болгох нь хуульд нийцнэ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрдэнэсмонгол ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/181 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39.1, Эрдэнэсмонгол ХХК-ийн дүрмийн 9.7.10, 9.7.12, 9.7.16, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 37 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Байгаль орчны нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтэн А.Галтбаатарын гаргасан Эрдэнэс Оюутолгой ХХК-д шилжин ажиллах тухай хүсэлтийг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөр дуусгавар болгон ажлаас нь чөлөөлжээ./хх-ийн 6 дахь талд/

Эрдэнэсмонгол ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/152 дугаартай тушаалаар А.Галтбаатарыг Байгаль орчны нөхөн сэргээлт хариуцсан ахлах мэргэжилтнээс чөлөөлж, Уул уурхай, техник, технологийн газрын Байгаль орчин, нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтэн /G1 зэрэглэл, L3 цалингийн шатлалтай/-ээр 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн томилсон ба хөдөлмөрийн гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтыг үндэслэн хугацаагүйгээр байгуулж, ажиллуулсан үйл баримт тогтоогдож байна./хх-ийн 3-5 дахь талд/

Хариуцагч компани нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д ажилтан санаачилсан, 39 дүгээр зүйлийн 39.1-д Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тооцно гэж заасан заалтыг баримтлан Байгаль орчны нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтэн А.Галтбаатартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөр дуусгавар болгон ажил албан тушаалаас нь чөлөөлсөн нь үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Тухайлбал, хариуцагч нь ажилтан А.Галтбаатарын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан Эрдэнэс Оюутолгой ХХК-д шилжин ажиллах тухай хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийг чөлөөлсөн гэж тайлбарлан маргаж боловч хариуцагч талаас гаргаж өгсөн хэргийн 41 дүгээр талд авагдсан А.Галтбаатарын гараар бичсэн өргөдөлд ...Эрдэнэс Монгол ХХК-ийн ТУЗ-ийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 37 дугаар тогтоолоор компанийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсан. Энэ бүтцийн өөрчлөлтөөр Байгаль орчны нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтэн-ий орон тоо хасагдан батлагдсан байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн 37 дугаар тогтоолыг үндэслэн ажил олгогчийн зүгээс надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг мэдэгдлээр мэдэгдсэн. Эхнэр 9 сартай охин, 3 нас 6 сартай хүү мөн 2 охины хамт амьдардаг. Засгийн газар, УОК-ийн шийдвэрээр хөл хорионы хатуу дэглэм тогтоосон, эдийн засаг, ажлын байр хумигдсан өвлийн хүйтэн цагаар бүтцийн өөрчлөлтөд орж байгаа нь бидний амьдралд маш хүндээр тусаж байна. Энэ бүгдийг харгалзан хүлээн авч ажлын байраар хангаж өгнө үү гэсэн байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т заасныг баримтлан 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна./хх-ийн 41 дэх талд/

Ажилтан А.Галтбаатарын Эрдэнэсмонгол ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваад гаргасан дээрх өргөдөлд ажил албан тушаалаас чөлөөлөгдөх түүний өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл тусгагдаагүй, харин ч ажлын байраар хангуулах хүсэл зоригоо илэрхийлсэн болох нь тус өргөдөлд бичигдсэн бичвэрүүд, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, түүнийгээ шүүх хуралдаанд дэмжиж оролцон тайлбарласан тайлбар зэргээр тогтоогдож байна. Иймээс ажилтан А.Галтбаатарыг өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр Эрдэнэсмонгол ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох өргөдөл гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно, Арван зургадугаар зүйлд Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ, тус зүйлийн 4-т ...хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, 13-т Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур ...эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно, Арван долдугаар зүйлийн 2-т Хөдөлмөрлөх ...нь иргэн бүрийн журамт үүрэг мөн гэж тус тус заасан.

Зохигч болон гэрчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар Эрдэнэсмонгол ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 37 дугаар тогтоолоор тус компанийн бүтэц, зохион байгуулалт шинэчлэн батлагдсан ба бүтцээр Байгаль орчин нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтэн-ий орон тоо хасагдсан буюу тус ажил, албан тушаалын байр байхгүй болсон гэж ажилтан А.Галтбаатарт 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02/09 тоот, мөн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02/09 тоот мэдэгдлийг и-мэйлээр түүнд хүргүүлсэн гэж хариуцагч тал тайлбарласан боловч энэ үйл баримт нотлогдоогүй бөгөөд нэхэмжлэгч А.Галтбаатарыг Байгаль орчин нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтэн-ий орон тоо хасагдсан буюу тус ажил, албан тушаалын байр байхгүй болсон үндэслэлээр ажлаас нь чөлөөлөөгүй учир энэ маргаанд ач холбогдолгүй гэж үзэв.

Талуудын хоорондох хөдөлмөрийн гэрээний харилцаа ажил олгогчийн санаачилгаар цуцлагдаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан зохицуулалт тухайн маргаанд хамаарахгүй.

Хэрэгт авагдсан баримтаар Эрдэнэсмонгол ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон түүнтэй холбоотой дүрэм журмыг баримтлан ажиллах үүрэгтэй байтал хууль зөрчиж, ажилтан А.Галтбаатартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгч А.Галтбаатарыг Эрдэнэсмонгол ХХК-ийн хамаарал бүхий компани болох Гашуун сухайт авто зам ХХК-ийн Байгаль орчин, экологи хариуцсан ажилтнаар 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа боловч хариуцагч Эрдэнэсмонгол ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/181 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39.1, Эрдэнэс Монгол ХХК-ийн дүрмийн 9.7.10, 9.7.12, 9.7.16, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 37 дугаар тогтоолыг тус тус үндэслэн А.Галтбаатартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.

Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Галтбаатарыг хариуцагч Эрдэнэсмонгол ХХК-ийн Байгаль орчны нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоох шаардлагыг хангаж шийдвэрлэх бөгөөд мөн хуулийн 69 дугээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нар ажилгүй байсан хугацааны цалин олговрыг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл ажлын нийт 188 хоног, нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2020 оны 10 дугаар сараас 2020 оны 12 дугаар сарууд /2,131,738+2,011,736+3,225,000/-ын 7,368,474 төгрөгийг /3 сард хуваахад 2,456,158 төгрөг, үүнийг 21,2-т хуваахад 1 өдрийн цалин 115,856.50 төгрөгийг 188 хоногоор тооцоход 21,781,023,77 төгрөг гаргуулна гэж тодорхойлж шаардсан.

Шүүх, хэрэгт авагдсан А.Галтбаатарын нийгмийн даатгалын дэвтэрт бичигдэж баталгаажигдсаныг үндэслэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэсний дагуу 2020 оны 10 дугаар сарын цалин орлого 2,131,738 төгрөг, 11 дүгээр сарын 2,011,736 төгрөг, 12 дугаар сарын 3,225,000 төгрөгийн нийлбэр 7,368,474 төгрөгийг 3 сард хуваахад нэг сарын цалин хөлс 2,456,158 төгрөг : 21.5 = 114,240 төгрөгийг ажилгүй байсан нийт 189 хоногоор үржүүлэн тооцоход 21,591,360 төгрөг болж байх тул үүнийг хариуцагчаас гаргуулах бөгөөд нэхэмжлэгчийн тооцож шаардсан 21,781,023,77 төгрөгөөс илүү тодорхойлсон 189,664 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар А.Галтбаатарын ажилгүй байсан хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн тооцуулахыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүд болон 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Галтбаатарыг Эрдэнэсмонгол ХХК-ийн Байгаль орчны нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 21,591,360 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, илүү нэхэмжилсэн 189,664 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан А.Галтбаатарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож нөхөн төлөхийг хариуцагч Эрдэнэсмонгол ХХК-д даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Эрдэнэсмонгол ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид /265,907+70,200/ 336,107 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлого болгосугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.ТҮМЭНЦЭЦЭГ