Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01764

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/01764

 

 

 

 

 

А.Гнэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2021/01755 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч А.Г нэхэмжлэлтэй хариуцагч ЭХХК-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэнгис, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Би 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ЭХХК-д Байгаль орчин нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтнээр ажилд орсон. Компанийн зүгээс бүтцийн өөрчлөлт хийгдэж, орон тоо хасагдсан гэх мэдэгдлийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өгсөн. Би бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг цар тахлын хүнд нөхцөл байдлын үед ажлын байраар хэвээр хадгалж, ажлын байраар хангах хүсэлт өгсөн боловч ЭХХК-ийн гүйцэтгэх захирлын мөн оны 12 дугаар сарын 24-ний Б/181 тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгөөгүй байхад намайг ажлаас чөлөөлж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж үзэж байна. Компани Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тушаалтай танилцуулж, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ажил хүлээлцэж, акт, тойрох хуудас, эд хөрөнгө хүлээлцсэн талаар баримт үйлдсэн, түүнийг хэрэгт баримтаар өгсөн.

Иймд намайг урьд эрхэлж байсан ЭХХК-ийн Байгаль орчин нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалин олговорт 21 781 023 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэн, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч ЭХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.Г нь ЭХХК-ийн Уул уурхай, техник, технологийн газарт Байгаль орчны нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан боловч ЭХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 37 дугаар тогтоолоор компанийн бүтэц зохион байгуулалт шинэчлэн батлагдсантай холбоотойгоор Байгаль орчны нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтний ажлын байр үгүй болсон.

Ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүргүүлснийг хүлээж аваад нэхэмжлэгчээс мөн сарын 22-ны өдөр ЭХХК-ийн гүйцэтгэх захиралд өөр ажлын байраар хангаж өгөх хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг хүлээн авч 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01-909 дугаартай албан бичгээр ЭХХК-ийн охин компани болох Э ХХК-д А.Г үндсэн цалин хөлсийг бууруулахгүйгээр шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн. Ингээд А.Г-г мөн өдрийн Б/181 тоот тушаалаар түүний хүсэлтээр ажлаас чөлөөлсөн.

Гэтэл ЭХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/16 тоот албан бичгээр ЭХХК-аас шилжүүлэн ажиллуулах хүмүүст нэхэмжлэгч А.Г багтаагүй байсан учир гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ЭХХК-ийн хамаарал бүхий компани болох Гашуунсухайт авто зам ХХК-д А.Гнь шилжин ажиллаж байгаа болно. ЭХХК-ийн удирдлагын зүгээс А.Гшилжин ажиллах хүсэлтийг хангаж, түүнийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Г ЭХХК-ийн Байгаль орчны нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 21 591 360 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, илүү нэхэмжилсэн 189 664 төгрөгийг хэрэгсэхгүй болгож Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан А.Г нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож нөхөн төлөхийг хариуцагч ЭХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ЭХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид /265 907+70 200/ 336 107 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч ЭХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн нотлох баримт бүрдүүлэх эрхийг зөрчсөн. 1.Хариуцагчаас 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр А.Г хххххххх цахим шуудангийн хаягаар ажлаас чөлөөлсөн тушаалыг хүргүүлсэн гэдгийг нотлон тогтоолгох зорилгоор "Э" ХХК-ийн Хууль эрх зүйн газрын захирал Б.С ххххххххх цахим шуудангийн хаягт үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан. Шүүхээс тус мэйл хаягт үзлэг хийх шаардлагагүй гэж үзсэн. Мөн А.Гнь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хххххххххххххх цахим шуудангийн хаягаараа "Э" ХХК-ийн бүтэц орон тоо өөрчлөгдөж, түүний ажлын байр хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн мэдэгдлийг авсан талаараа мэдүүлсэн боловч 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн аваагүй, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гардан авсан гэж тайлбарлаж байгаа нь бодит үнэнтэй нийцээгүй.

Шүүх А.Г2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тушаалыг гардаж авсан гэх дүгнэлт гаргахдаа А.Гөөрийн гараар шүүхэд гаргах баримт дээрээ нэмж бичсэн тэмдэглэл, түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мөн гэрчийн мэдүүлгийг хэрхэн үгүйсгэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.

2.Нэхэмжлэгчийн ажлын байр үгүй болсон, түүнийг өөр ажил албан тушаалд томилохын тулд хүсэлтийг нь үндэслэж ажлаас чөлөөлсөн үйлдлийг буруутгах үндэслэлгүй. Иймээс А.Гнь сайн дурын үндсэн дээр тухайн хүсэлтийг бичиж өгсөн байдаг.

3.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 21 591 360 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс "Г" ХХК-д ажиллаж эхэлсэн ба одоог хүртэл тус компанид ажиллаж байгаа талаараа шүүх хуралдаанд мэдүүлсэн. А.Г ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэлх бүх хугацаанд ажилгүй байсан гэж үзсэн нь илтэд нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Гэтэл нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр өөр байгууллагад ажиллах хүсэлтээ гаргаж, тухайн байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, цалин хөлс авч ажиллаж байгаа үйл баримтыг орхигдуулан ажлаас чөлөөлөгдсөнөөс хойшх хугацаанд огт ажилгүй байсан, хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлж чадаагүй байсан мэтээр дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч А.Гнь хариуцагч ЭХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах гомдлын шаардлага гаргасныг хариуцагч гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэл заан эс зөвшөөрч маргажээ. Үүнээс үзвэл ажлаас буруу халсан гомдлыг хуулиар тогтоосон хугацаанд гаргасан эсэх нь тэдгээрийн маргааны зүйл байна.

Хариуцагч тал ажлаас чөлөөлөх тушаалыг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийн ххххххх цахим хаяг руу хүргүүлсэн гэх тайлбараа нотлохоор өөрийн компанийн Хууль эрх зүйн газрын захирал Б.Схххххххххх цахим хаягт үзлэг хийлгэх хүсэлт шүүхэд гаргажээ.

Дээрх хүсэлтийг ... цахим хаягт үзлэг хийлгэнэ гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй, мөн урьд нь гаргах боломжтой байсан, шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэх үндэслэлээр хангахгүй орхиж, нэхэмжлэгч талын тайлбар, ажил хүлээлцсэн акт зэрэг нотлох баримтуудыг үндэслэн хуулиар тогтоосон хугацаанд нэхэмжлэгч гомдлоо гаргасан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл хэргийн 6 дах талд авагдсан ЭХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/181 дугаартай А.Гажлаас чөлөөлөх тухай тушаалын ар талын хэсэгт тушаал гардаж авсан огноог нэхэмжлэгч өөрийн гараар бичсэн тэмдэглэгээ, энэ талаарх түүний тайлбар зэрэг нь хариуцагч байгууллагын тушаал хүлээлгэн өгсөн өдрийг эргэлзээгүй нотлохгүй, нэг талын гаргасан баримт байна.

Хариуцагч тал ажлаас халсан тушаалыг нэхэмжлэгчийн цахим хаягаар хүргүүлсэн гэж тайлбарладаг. Уг цахим хаягт үзлэг хийж бэхжүүлэх ажиллагаа явуулаагүй учраас гомдол гаргах хугацааг тоолох боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн явуулах эрхийг хуулиар олгоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2021/01755 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333 107 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ч.ЦЭНД