Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/01792

 

 

 

 

 

 

 

   2023       09          22                                    210/МА2023/01792

 

 

А.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/02167 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.Г-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Э ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Э ХХК-д Байгаль орчин нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Ажил хийж байх хугацаандаа ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн зэрэг ажлыг хийж байсан. Цар тахлын бүх нийтийн бэлэн байдлыг Улсын онцгой комиссоос сунгасны дагуу 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл улс орон даяар карентин зарласан байсан. 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ажилдаа очиход халагдсан зүйл байгаагүй. Карентины өмнөх өдөр намайг дуудаж уулзаад надаар өргөдөл бичүүлж авсан. Компанийн зүгээс бүтцийн өөрчлөлт хийгдэж, орон тоо хасагдсан үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдэл өгсөн, миний бие 3 нас 6 сартай хүү, 10 сартай охины хамт амьдардаг цар тахлын хүнд нөхцөл байдлын үед ажлын байраа хэвээр хадгалж, ажлын байраар хангаж өгнө үү гэсэн хүсэлт өгсөн боловч Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 24-ний Б/181 тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн.

Миний бие 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлээд ажилдаа явж байсан ч хуулийн хэлтсийн захирал байсан Н.С- ирээд та ажлаас халагдсан тушаалаа аваагүй юу гэж хэлээд 01 дүгээр сарын 19-ний өдөр тушаал өгсөн. 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ажлаа хүлээлгэж өгөөд 01 дүгээр сард цалин олгоогүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал огт төлөөгүй. Иймд 2021 оны 02 дугаар сарын 09-ний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний бие Э ХХК-д ажлаас чөлөөлөгдөх хүсэлт огт өгч байгаагүй бөгөөд ийнхүү хүсэлт өгөөгүй байхад намайг ажлаас чөлөөлж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Компани Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тушаалтай танилцуулж, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ажил хүлээлцэж, акт, тойрох хуудас, эд хөрөнгө хүлээлцсэн талаар баримт үйлдсэн түүнийг хэрэгт баримтаар өгсөн.

Иймд А.Г- миний урьд эрхэлж байсан Э ХХК-ийн Байгаль орчин нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалин олговорт нийт 75,322,178 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

А.Г- нь Э ХХК-ийн уул уурхай, техник, технологийн газарт байгаль орчны нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан боловч Э ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 37 дугаар тогтоолоор компанийн бүтэц зохион байгуулалт шинэчлэн батлагдсантай холбоотойгоор А.Г-ын ажлын байр байхгүй болсон. Э ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэж заасны дагуу түүнд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02/14 дугаартай мэдэгдэл хүргүүлсэн.

А.Г- нь уг мэдэгдлийг хүлээж аваад 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Х-д өөр ажлын байраар хангаж өгөхийг хүссэн өргөдөл гаргасан бөгөөд гүйцэтгэх захирал түүний хүсэлтийг хүлээн авч Э ХХК-ийн охин компани болох ЭО ХХК-д шилжүүлэн ажиллуулахаар тохиролцож 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01-909 тоот албан бичгээр ЭО ХХК-ийн гүйцэтгэх захиралд А.Г-ын нэг сарын үндсэн цалин хөлсийг бууруулахгүйгээр шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэж, тухайн өдрөө буюу 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/181 тоот тушаалаар түүнийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн.

Гэтэл ЭО ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/16 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр Э ХХК-аас шилжүүлэн ажиллуулахаар чиглэл болгосон хүмүүсээс ажлын байранд тавигдах шаардлага хангасан хүнийг ажил, албан тушаалд томилсон болохыг мэдэгдсэн ба үүнд нэхэмжлэгч А.Г- багтаагүй байсан. Э ХХК-ийн гүйцэтгэх захирал энэ тухай мэдсэн даруйд 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Э” нэгдлийн хамаарал бүхий компани болох Г ХХК-д А.Г-ыг шилжүүлэн ажиллуулах тухай 01/63 тоот албан бичгийг хүргүүлсэн. Үүний дагуу нэхэмжлэгч А.Г- нь Г ХХК-д шилжин ажиллаж байгаа болно.

Хүсэлтийг нь хангахын тулд шууд шилжүүлэн томилох зохицуулалт байхгүй учраас ажлаас чөлөөлсөн. Э ХХК-ийн удирдлагын зүгээс А.Г-ын шилжин ажиллах хүсэлтийг хангаж, түүнийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Ажлаас чөлөөлсөн тушаалыг ЭО ХХК-руу бичиг явуулахдаа тухайн бичигтээ тушаалыг хавсаргаж явуулсан. [email protected] гэсэн и-мэйл хаягаас ЭО ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Т-ын болон А.Г- нарт и-мэйл хаягуудаар тус тус хүргүүлж тус компанийн гэрээ эрх зүйн хамтын ажиллагааны захирал Н.С- руу бичигдсэн. Албан бичиг гарч байгаа нь өргөдлийг шийдэж байгаа шийдвэр юм. Өргөдлийн хариуг тухайн ажилтанд хүргүүлэх ёстой учраас албан бичгийг ажлаас гарсан тушаалтай хамт и-мэйлээр явуулсан байгаа. И-мэйл явуулснаар А.Г- нь ажлаас чөлөөлсөн шийдвэрийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мэдсэн буюу мэдэх ёстой байсан гэж үзээд байгаа юм. Тухайн тушаалдаа ажил хүлээлцэх хугацааг 12 дугаар сарын 25-ны өдрөөр заасан. Ажлаа хүлээлгэн өгөөгүй байхад и-мэйл хаягийг устгах боломж байхгүй. Ажил хүлээлцсэний дараа и-мэйл хаягийг устгадаг. Ажлын онцлогоос шалтгаалаад зарим албан тушаалтны и-мэйл хаягийг устгахгүй тохиолдол ч байдаг. Нэхэмжлэгч 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд хандаж нэхэмжлэлээ гаргасан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгч нь өөрөө тушаалын ард талд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гардаж авсан гэж бичсэн. Үүнийг шүүхэд өгөхийн өмнө нөхөөд бичих боломжтой. Тухайн үйл баримтыг үнэн зөв, эргэлзээгүй нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Хамгийн гол нь хугацаа хэтэрсэн учраас тушаал зөв, буруу гэдэг зүйл яригдахгүй байх гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлүүдийг баримтлан нэхэмжлэгч А.Г-ыг Э ХХК-ийн Байгаль орчны нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 51,339,693 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23,982,473 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, А.Г-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр тооцож, нөхөн төлөхийг Э ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 414,648 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлого болгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын нийцэл, талуудын хүлээн зөвшөөрсөн, баталгаажуулсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэлт өгч чадаагүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Хариуцагч Э ХХК-ийн зүгээс А.Г-ыг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаж, тушаалыг 2020 оны 12 сарын 25-ны өдөр А.Г-ын [email protected] цахим шуудангийн хаягаар хүргүүлсэн, А.Г- нь 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргасан. Энэхүү тайлбар татгалзлын үндэслэлийг нотлохоор Э ХХК-ийн хууль, эрх зүйн газрын захирал Б.С-гийн ашиглаж байсан [email protected] цахим шууданд 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр үзлэг хийлгэж бэхжүүлсэн ба үзлэгээр А.Г-ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг А.Г- руу явуулсан болох нь тогтоогдсон.

Гэтэл шүүх нэхэмжлэгчийн и-мэйл хаягт үзлэг хийгээгүй тул тушаалыг хүлээн авсан гэж үзэхгүй гэх хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн, мөн гэрч Г.Б-ын “...тэр тушаал нь А.Г-ыг ажлаас чөлөөлөх тушаал байсан, 12 дугаар сарын 24-ний өдөр удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу 25-ны өдрийн 13 цаг 53 минутад [email protected], [email protected] уу гэсэн хаяг руу хүргүүлж байсан” гэх мэдүүлгийг хэрхэн үнэлсэн талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсанд гомдолтой байна.

Нэхэмжлэгч нь ГС ХХК-д ажилд орсныхоо дараа буюу 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ажил хүлээлцсэн акт үйлдсэн нь яагаад ажлаас чөлөөлсөн тушаалыг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гардаж авсны нотолгоо болж байгаа нь ойлгомжгүй. А.Г- 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс хойш тус компанид ажиллаагүй, цалин хөлс аваагүй байж ажлаас чөлөөлөгдсөнөө мэдээгүй гэх илт үндэслэлгүй тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй.

4.б. Анхан шатны шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар, шинжлэн судлагдсан баримтуудаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр хасагдсан, ажил олгогч хөдөлмөрийн хуулийн дагуу ажилтанд мэдэгдэл өгсөн, нэхэмжлэгч өөрийн ажлын байр нь хасагдсаныг хүлээн зөвшөөрч, ажлаас чөлөөлөх шийдвэр гараагүй байхад өөр ажлын байраар хангаж өгөхийг хүссэн идэвхтэй үйлдэл хийсэн буюу өргөдөл гаргасан, тэрхүү хүсэлтийнх нь дагуу ажлаас нь чөлөөлж, охин компани руу албан бичиг илгээн ажилд томилуулсан, нэхэмжлэгч нь ажил олгогчийн охин компанид томилогдон ажилласан зэрэг үйл баримт тогтоогдсон байхад шүүх нэхэмжлэгчийг “...ажлаас чөлөөлөгдөх хүсэл зориг илэрхийлээгүй байна...” гэж үзэн тус компанийн бүтцээс хасагдсан ажлын байранд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Ажилтан өөр ажил албан тушаалд томилогдохын тулд өмнөх ажлаасаа чөлөөлөгдсөн байх ёстой бөгөөд нэхэмжлэгч нь өөр ажлын байраар хангуулах хүсэл зориг илэрхийлсэн нь өмнөх ажлаасаа чөлөөлөгдөх хүсэл зоригийг давхар илэрхийлсэн гэж үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, А.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт ажил хүлээлцсэнээр ажлаас халагдсан гэж үзнэ. Г.Б- гэх гэрчийн мэдүүлгээр А.Г-ыг 1 дүгээр сард тушаал авсан гэж мэдүүлдэг. Тухайн тушаалыг гэрч и-мэйл хаяг руу явуулдаг, явуулахдаа ЭО ХХК-ийн захирал н.Т- руу явуулсан. Нэхэмжлэгчийг тушаал авсан эсэх, уншсан эсэх асуудлуудаар үзлэг хийлгэх гэсэн боловч ажил олгогчийн зүгээс и-мэйл хаягийг устгасан гэх шалтгаанаар үзлэг хийлгээгүй. Дээрх хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар ажлаас халагдсан өдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тушаалыг гардаж авснаар нотлогддог. Өөрийн хүсэлтээр өөр ажлын байраар хангах хүсэлт гаргасан гэх гомдлын тухайд, өргөдөлд ажлын байраар хангаж өгнө үү гэж ар гэрийн асуудлаа бичсэн. Үүнийг ажлаас чөлөөлөгдөх хүсэлттэй байна гэж үзэхгүй учир давж заалдах гомдол үндэслэлгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч А.Г- нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн баталгаажилт хийлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Нэхэмжлэгч А.Г- нь Э ХХК-д Уул уурхай, техник, технологийн газрын Байгаль орчин, нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/181 дугаартай тушаалаар 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон ажлаас чөлөөлөгджээ./1хх 6/

 

2.1. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон дээрх тушаалын үндэслэх хэсэгт 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, Э ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 37 дугаар тогтоолыг баримталж, хөдөлмөрийн гэрээг цуцлахыг ажилтан санаачилсан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг.

 

Мөн тушаалд дурдагдсан 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 37 дугаар тушаал нь тус компанийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсан агуулгатай байх бөгөөд нэхэмжлэгч А.Г-ын эрхэлж байсан ажил, албан тушаал нь тухайн компанийн шинэ бүтцээс хасагдсан байна./1хх 19-35/

 

2.2. Хариуцагч талаас, нэхэмжлэгчид 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 02/09 дугаартай мэдэгдлээр 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт болон компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 37 дугаар тогтоолыг үндэслэн ажил олгогчийн зүгээс ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг 30 хоногийн өмнө мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч  мэдэгдэлд гарын үсэг зурахаас татгалзсан тухай тэмдэглэгдсэн байх бөгөөд уг мэдэгдлийг авсан эсэх талаар талууд маргаагүй байна. 

           /1хх 37/

 

2.3. Нэхэмжлэгч нь, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч байгууллагад хандаж, “...эхнэр, 9 сартай охин, 3 нас 6 сартай хүү мөн 2 охины хамт амьдардаг. Хөл хорионы хатуу дэглэм тогтоосон, эдийн засаг, ажлын байр хумигдсан өвлийн хүйтэн цагаар бүтцийн өөрчлөлтөд орж байгаа нь бидний амьдралд маш хүндээр тусаж байна. Энэ бүгдийг харгалзан хүлээн авч ажлын байраар хангаж өгнө үү” гэх өргөдлийг гаргасан байна.

 

Нэхэмжлэгчийн гаргасан дээрх өргөдлөөс үзвэл өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдөх, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор хүсэл зоригоо илэрхийлсэн гэх агуулгагүй байх тул анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй. /1хх41/

 

Өөрөөр хэлбэл, ажил олгогч буюу хариуцагч талыг компанийн зохион байгуулалтын бүтэц шинэчлэгдсэнтэй холбогдуулан, аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн алин болох талаар хөдөлмөрийн хууль тогтоомжид заасан зохих үндэслэлийг баримталсан ажил олгогчийн шийдвэрийг гаргасан гэж үзэхгүй.

 

3. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг мэйлээр буюу цахим захидлаар 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр [email protected] хаягаар хүргүүлсэн гэх ба, уг захидлыг тус компанийн хууль, эрх зүйн газрын захирал Б.С-ийн ашиглаж байсан [email protected] цахим хаягнаас tumentsogt, galtbaatar гэсэн хаягууд руу явуулсан  болох нь шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байх боловч, уг шийдвэрийг нэхэмжлэгч өөрөө хүлээн авсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн [email protected] гэх хаяг нь устгалд орж, Д ХХК-ийн хэрэглэгчийн мэдээллийн баазад хадгалагдаж үлдээгүй болохыг Д ХХК тодорхойлсон байна./1хх 186-196, 211-212/

 

Иймд нэхэмжлэгчид ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гардуулж өгсөн тухайгаа хариуцагч тал баримтаар эргэлзээгүй, үнэн зөв баримтаар нотлоогүй, түүнчлэн, нэхэмжлэгч нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн байх бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг гардаж авснаар шүүх тооцсон нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт нийцэх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

4. Иймд дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн гаргуулж баталгаажуулахаар шийдвэрлэсэн нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Харин шүүх тухайн үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэхдээ 1999 оны гэх тодотголыг, мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад баримталвал зохих хуулийг орхигдуулсан байгааг нэмж тусгасан өөрчлөлтийг оруулна.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/02167 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн ...” гэсний өмнө “1999 оны” гэж нэмж, “... 46 дугаар зүйлийг ...” гэснийг хасч,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар” гэж нэмж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 414,648 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААДОРЖ

 

       ШҮҮГЧИД                                    Э.ЗОЛЗАЯА

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ