Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2111

 

 

П.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/01846 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч П.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б, Д.Т нарт холбогдох

 

Гэм хорын хохиролд 267 825 837 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Хариуцагч нарын өмгөөлөгч Д.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хань П.Б 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гэрээсээ гарч яваад өглөөний 06 цаг 50 минутын орчим Хан-Уул дүүргийн 4 хороо, Хүннү Молл их дэлгүүрийн урд талын замын явган хүний гарцан дээр 36-36 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас бие махбодь, амь биед аюултай хүнд гэмтэл буюу шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтээр ууцны 1 дүгээр нугалам, баруун зүүн суудал ясны дээд доод хугарал, баруун дунд чөмөгний хүзүүний дайрсан хугарал, бүсэлхийн 4 дүгээр нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал болон тархины няцрал, цус харвал зэрэг ноцтой гэмтэл учирсны улмаас одоо хүртэл ухаангүй, ярих чадваргүй, 4 мөч мэдээгүй, биеийн байдал хүнд, дүүргийн эмнэлгийн хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлтээр хөдөлмөрийн чадвар 90 хувь алдагдсан гэж тогтоогдсон, хэвтрийн байдалд байнгын асаргаа, эмчилгээ, сувилгаа шаардлагатай байдаг болсон. Цаашид ч энэ хэвээр үргэлжилж болзошгүй байгаа. Миний нөхрийг эрүүл мэнд хүндээр болон биднийг хохироосон Б.Б нь байгуулсан хэлцлийнхээ дагуу төлбөрийг төлж байгаагүй зэрэг шалтгааны улмаас бид аргагүйн эрхэнд өөрийн 55 сая төгрөгийн үнэтэй орон сууцыг зах зээлийн үнээс маш хямдаар буюу 20 сая төгрөгөөр худалдахад хүрсэн. Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу явагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дүнд эмчилгээний зардалд 15 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Одоо шүүхэд хандсанаас хойшх хугацааны эм тарианы зардал болон Иргэний хуулийн 228.1, 228.3, 229.1, 509.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарснаас хойшх хугацаанд гарсан эм тарианы зардал /12 229 652+10 596 185/ 22 825 837 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн хэлцлийн төлбөрийн үлдэгдэл 10 сая төгрөг, хөдөлмөрийн чадварыг алдагдуулсны хохирол 200 сая төгрөг, эд хөрөнгөд учирсан хохирол 35 сая төгрөг, нийт 267 825 837 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хийсэн хэлцлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд уг хэлцэлд заагдсан мөнгөн төлбөрийг шүүхийн журмаар дахин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, учир нь дээрх хэлцэлд заагдсан нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан, П.Б-ийн эмчилгээний төлбөрт 15 сая төгрөг гаргуулахаар шийдвэр ажиллагаа явагдаж байгаа, уг шийдвэрийн дагуу төлбөрийг Б.Б өөрийн цалин хөлсөөр төлж байгаа. Нэхэмжлэгчийн төлөөлөгч 36-36 УНИ дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч Д.Т-г Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар хамтран хариуцагчаар татсан нь үндэслэлгүй. Уг заалтаас харахад тээврийн хэрэгслийн өмчлөгч өөрийн хүү Б.Б-д автомашинаа шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй гэсэн тул автын осол гарах үед тээврийн хэрэгслийн өмчлөгч Д.Т өөрийн автомашинаа зөвхөн түр хугацаагаар эзэмшүүлж байсан үед осол гарч бусдад гэм хор учирсан учраас Д.Т-г татах хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 509 дүгээр зүйлийн 509.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар Шарнууд овогтой Б.Б /РД:ЛЮ88031779/, Хатагин овогтой Д. Т-т /РД:ЛЮ68022582/ нараас тээврийн хэрэслийн ослын улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 205 157 437 төгрөгийг гаргуулж, Боржигон овогтой П.Б-д /РД:ЕЛ65100310/ олгож, шаардлагаас 62,668,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид хариуцагчаас хураамжид 1 183 737 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр бодитой, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баримтуудыг үнэн зөв бодитой үнэлээгүй, нэхэмжлэгч гэм хорын хохирлоо баримтаар нотлох үүрэгтэй, уг баримт нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх хуулийн зохицуулалтыг анхаарч үзээгүй. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу асаргааны зардлыг хариуцагч Б.Б нөхөн төлөхөө хүлээн зөвшөөрсөн боловч асаргааны зардлын баримтыг үнэн зөв үнэлээгүй. Санхүүгийн баримтууд нь Татварын ерөнхий хууль, Нягтлан бодох бүртгэлийн түхай хууль болон бусад холбогдох хуульд заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын нэгдсэн систэмд бүртгэгдэх естой. Дээрх хуулийн шаардлага хангасан баримтыг шүүх үнэлэх ёстой атал шүүх ийнхүү үнэлээгүйд гомдолтой. Нэхэмжлэгч зарим нэг гэм хорын хохирлыг давхардуулан нэхэмжилсэн. Асаргааны зардлын 10 сая төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн хэлцлийн үлдэгдэл 10 сая төгрөг нэг зардал байсныг 2 өөр зардал мэт ойлгогдохоор шүүх шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч нарт нэхэмжлэгчийн эд хөрөнгийн хохирлын асуудлыг хариуцуулсан нь хуульд нийцээгүй. Эд хөрөнгийн хохирол нь хариуцагч нарын учруулсан шууд хохирол гэж тооцогдохгүй, хэрэв нэхэмжлэгч эд хөрөнгөө худалдан борлуулсан бол уг орлого нь асаргааны зардалд орж тооцогдон баримтаар нотлогдох ёстой. Тийм баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй. Хариуцагч Д.Т-с гэм хорын хохирлыг гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 427 дугаар зүйлийн 427.1-д заасан заалтыг буруу хэрэглэсэн. Хавтаст хэргийн 512 дахь талд авагдсан "Итгэлт Эстимэйт" ХХК-ийн шинжээчийн дүгнэлт хуульд заасан журмын авагдаагүй талаар анхан шатны шүүх хурал дээр маргасан ч шүүх харгалзан үзээгүй. Дээрх шинжээчийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.1, 9.2, 9.3 дахь заалтуудыг зөрчсөн. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн зохих заалтуудыг зөв тайлбарлан хэрэглээгүй, нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулсан тул хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой.

 

Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зам тээврийн ослын улмаас эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 257 229 652 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Д.Т-г татаж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 267 825 837 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч П.Б нь 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө Хүннү Молл их дэлгүүрийн урд талын замаар ногоон гэрлээр зам хөндлөн гарч явахдаа зам тээврийн осолд орж, хүнд гэмтэл учирсан нь хэргийн 3-5 дугаар тал дахь 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 20А тоот Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Хариуцагч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 5.6, 2.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шийтгэх тогтоолоор тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргахгүй байна.

 

Дээрх зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч П.Б нь хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдаж хэвтэрт орсон, бусдын асаргаанд байх болсон бөгөөд байнгын эмчилгээ сувилгаа шаардлагатай, эм тариа, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг хэрэглэх шаардлагатай байгаа болох нь 1 дүгээр хавтасны 20, 123 тал дахь баримтууд 2-15 тал дахь фото зургууд, 13 тал дахь, хөдөлмөрийн чадвар 90 хувь алдсаныг тогтоосон эмнэлгийн дүгнэлт, 20, 22-23, 122 тал дахь өрхийн эмчийн тодорхойлолт болон талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Хариуцагч Б.Б-н гэм буруутай үйлдэл нь нэхэмжлэгчид учирсан гэм хортой шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон учир Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Хариуцагч Д.Т нь Б.Б-н ашигласан тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар бусдад учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд тэрээр өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгсэл ашиглагдсан гэх зэрэг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэлээ баримтаар нотлоогүй болно.

 

Нэхэмжлэгч нь гэм хорын хохирлыг хариуцагч нарын хэн алинаас нэхэмжилсэн, аль нэгийг нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл байхгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг 2 этгээдийн хэн алинаас гэм хорын хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс түүнтэй адилтгах орлого болон эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заажээ. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт хохирогчийн эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлж байгаатай холбоотой гэм хорын хохирлыг арилгуулах журмыг тодорхойлохдоо цаашид гарах эмчилгээний зардлыг төлүүлэхээр шаардах эрхийг олгосон байна.

 

Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарснаас хойшхи хугацаанд гарсан эм тариа эмчилгээ, сувилгаа, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн худалдан авахад гарсан зардал нэхэмжилсэн байх ба шүүх нэхэмжлэгчийн эмчилгээ хийлгэсэн хугацаанд болон ирээдүйд зайлшгүй гарах зардлыг хэргийн 1 дүгээр хавтасны 215-234 тал дахь хөрөнгийн үнэлгээний “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн гаргасан үнэлгээ болон нэхэмжлэгчийн өнөөг хүртэл зардлыхаа талаар гаргасан хэргийн 1 дүгээр хавтасны 52-118, 185-214 тал дахь баримтуудыг үндэслэн хохирогчийн эм тариа, эмчилгээ, сувилгаа, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний зардалд зайлшгүй шаардлагатай зардлыг 44 227 300 төгрөг байх боломжтой гэж үзсэн бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцжээ.

 

Нэхэмжлэгч П.Б-ийн ирээдүйд олох байсан орлого буюу хөдөлмөрийн чадвар алдсантай холбоотой олох байсан орлого 35 630 010 төгрөг гаргуулах үндэслэлгүй. Учир нь тэрээр зам тээврийн осолд орох үедээ өндөр насны тэтгэвэрт гарсан байх бөгөөд хөдөлмөр эрхлэж байсан гэж үзэх баримтгүй байх тул шүүх 35 630 010 төгрөг хариуцагч нараас гаргуулсан нь үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Б.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч П.Б хэл яриагүй, 4 мөч ажиллагаагүй, хөдөлгөөнгүй, ухаангүй, бусдаар заавал асруулах шаардлагатай, байнгын бүрэн асаргаанд орсон учир эхнэр С.П нь түүнийг осолд орсон үеэс ажлаас гарч өнөөг хүртэл асарч ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 22, 2 дугаар хавтасны 50 дахь талд авагдсан өрхийн эмчийн тодорхойлолтоор тогтоогдсон байна.

 

Иймээс талуудын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр асаргааны зардлыг төлөх талаар хийсэн хэлцэл болон “Итгэлт-Эстимейнт” ХХК-ийн хийсэн үнэлгээ зэрэг нотлох баримтыг харьцуулан үнэлж Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/011347 дугаар шийдвэр гарснаас хойшхи хугацааны болон ирээдүйд асрах шаардлагатай зардалд 42 576 840 төгрөгийн зайлшгүй зардал гарах боломжтой гэж анхан шатны шүүх дүгнэж нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүх гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо хариуцагч Б.Б-н болгоомжгүй үйлдлийн улмаас хохирол учруулсныг харгалзан үзсэн болно.

 

Харин бусдын бие махбодь эрүүл мэнд болон эд хөрөнгөд хохирол учруулсан этгээд хохирлыг мөнгөн хэлбэрээр төлөх учиртай бөгөөд хариуцагч нэхэмжлэгчид зохих ёсоор хохирлыг барагдуулаагүйн улмаас нэхэмжлэгч нь өмгөөлөгч авч ажиллуулсан байх тул Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 228.2 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авахад төлсөн зардал 520 000 төгрөгийг шүүх хэрэгсэхгүй болгосон буруу байх тул уг хэсгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх журамтай. Өөрөөр хэлбэл, хуульд тухайлан заагаагүй байгаа тохиолдолд эдийн бус гэм хорын хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг шүүхээс хариуцагчид хүлээлгэх боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн болгоомжгүй үйлдлээс үүссэн ослын улмаас эрх нь зөрчигдөж, сэтгэл санааны гэм хорын хохиролд 43 817 400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Эрүүл мэндэд гэм хор учруулсан, нэхэмжлэгчид учирсан эдийн бус хохирлыг арилгуулах, мөнгөөр нөхөн төлүүлэх талаар хуульд тусгайлан заасан заалт байхгүй атал анхан шатны шүүх хангасан нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Иймд сэтгэл санааны хохиролд хариуцагч нараас 43 817 400 төгрөг гаргуулсныг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. Гэрээний бус үүргийг зөвхөн хуулиар хүлээлгэх боломжтой бөгөөд хуульд заагаагүй үндэслэлээр аль нэг этгээдэд үүрэг ногдуулах, хариуцлага хүлээлгэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцэхгүй.

 

            Нэхэмжлэгч нь өөрийн орон сууцыг эмчилгээний зардал шаардлагатай байсан тул 20 000 000 төгрөгөөр худалдаж 35 000 000 төгрөгөөр хохирсон гэж нэхэмжлэлээ тодорхойлсон боловч уг орон сууцыг худалдсан 20 000 000 төгрөгөөр П.Б-д эм тариа авсан, эмчилгээ сувилгааны зардалд хэрэглэсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймээс анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсан үнийн зөрүү 6 600 000 төгрөг гаргуулсан нь үндэслэлгүй тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Хариуцагчийн шинжээчийн дүгнэлт хуульд заасан журмын дагуу авагдаагүй гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь шүүх “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилоогүй боловч нэхэмжлэгч гэм хорын хохирлын үнэлгээг өөрөө хийлгэж ирүүлсэн нь хууль зөрчөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрөө баримтаа гаргаж мэтгэлцэх эрхтэй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/01846 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.1, 228.4, 230 дугаар зүйлийн 230.1, 230.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б, Д.Т нараас 87 324 140 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 180 501 697 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “1 183 737” гэснийг “594 570” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 183 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ