Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2019/00103

 

П.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/01846 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2111 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч П.Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Б-, Д.Т-нарт холбогдох,

Гэм хорын хохиролд 267 825 837 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдоржийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хандсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганболд, хариуцагч Б.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Д.Очирваань, нарийн бичгийн даргаар Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний хань П.Б- 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гэрээсээ гарч яваад өглөөний 06 цаг 50 минутын орчим Хан-Уул дүүргийн 4 хороо, Хүннү Молл их дэлгүүрийн урд талын замын явган хүний гарцан дээр 36-36 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б- замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас бие махбодь, амь биед аюултай хүнд гэмтэл буюу шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтээр ууцны 1 дүгээр нугалам, баруун зүүн суудал ясны дээд доод хугарал, баруун дунд чөмөгний хүзүүний дайрсан хугарал, бүсэлхийн 4 дүгээр нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал болон тархины няцрал, цус харвал зэрэг ноцтой гэмтэл учирсны улмаас одоо хүртэл ухаангүй, ярих чадваргүй, 4 мөч мэдээгүй, биеийн байдал хүнд, дүүргийн эмнэлгийн хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлтээр хөдөлмөрийн чадвар 90 хувь алдагдсан гэж тогтоогдсон, хэвтрийн байдалд байнгын асаргаа, эмчилгээ, сувилгаа шаардлагатай байдаг болсон. Цаашид ч энэ хэвээр үргэлжилж болзошгүй байгаа. Миний нөхрийг эрүүл мэнд хүндээр болон биднийг хохироосон. Б.Б- нь байгуулсан хэлцлийнхээ дагуу төлбөрийг төлж байгаагүй зэрэг шалтгааны улмаас бид аргагүйн эрхэнд өөрийн 55 сая төгрөгийн үнэтэй орон сууцыг зах зээлийн үнээс маш хямдаар буюу 20 сая төгрөгөөр худалдахад хүрсэн. Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу явагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дүнд эмчилгээний зардалд 15 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Одоо шүүхэд хандсанаас хойшхи хугацааны эм тарианы зардал болон Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 228.3, 229.1, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарснаас хойшхи хугацаанд гарсан эм тарианы зардал /12 229 652+10 596 185/ 22 825 837 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хэлцлийн төлбөрийн үлдэгдэл 10 сая төгрөг, хөдөлмөрийн чадварыг алдагдуулсны хохирол 200 сая төгрөг, эд хөрөнгөд учирсан хохирол 35 сая төгрөг, нийт 267 825 837 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Б.Б- 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хийсэн хэлцлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд уг хэлцэлд заагдсан мөнгөн төлбөрийг шүүхийн журмаар дахин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, учир нь дээрх хэлцэлд заагдсан нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан, П.Б-гийн эмчилгээний төлбөрт 15 сая төгрөг гаргуулахаар шийдвэр ажиллагаа явагдаж байгаа, уг шийдвэрийн дагуу төлбөрийг Б.Б- өөрийн цалин хөлсөөр төлж байгаа. Нэхэмжлэгчийн төлөөлөгч 36-36 УНИ дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч Д.Д.Тыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар хамтран хариуцагчаар татсан нь үндэслэлгүй. Уг заалтаас харахад тээврийн хэрэгслийн өмчлөгч өөрийн хүү Б.Б-д автомашинаа шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй гэсэн тул автын осол гарах үед тээврийн хэрэгслийн өмчлөгч Д.Т-өөрийн автомашинаа зөвхөн түр хугацаагаар эзэмшүүлж байсан үед осол гарч бусдад гэм хор учирсан учраас Д.Д.Тыг татах хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/01846 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 509 дүгээр зүйлийн 509.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар Шарнууд овогтой Батдоржийн Б.Б- /РД:ЛЮ88031779/, Хатагин овогтой Дондогжавын Д.Т /РД:ЛЮ68022582/ нараас тээврийн хэрэслийн ослын улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 205 157 437 төгрөгийг гаргуулж, Боржигон овогтой Пэрэнлэйнамжилын П.Б-д /РД:ЕЛ65100310/ олгож, шаардлагаас 62,668,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид хариуцагчаас хураамжид 1 183 737 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2111 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/01846 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.1, 228.4, 230 дугаар зүйлийн 230.1, 230.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-, Д.Т-нараас 87 324 140 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 180 501 697 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын 1 183 737 гэснийг 594 570 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 183 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Шүүхийн шийдвэр бодиттой үндэслэл бүхий болоогүй, анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн шаардлагын хэмжээ хоёр өөр байдлаар магадлалд бичигдсэн, “хохирогчийн эм тариа, эмчилгээ, сувилгаа, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний зардалд зайлшгүй шаардлагатай зардлыг 44 227 300 төгрөг байх боломжтой гэж үзсэн бөгөөд энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт ИХШХШ тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцжээ”, “талуудын хооронд 2016 оны 09 дугаар сарын 18-ны өдөр асаргааны зардлыг төлөх талаар хийсэн хэлцэл болон “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн хийсэн үнэлгээ зэрэг нотлох баримтыг харьцуулан үнэлж асаргааны зардалд 42 576 840 төгрөгийн зайлшгүй зардал гарах боломжтой гэж анхан шатны шүүх дүгнэж” хуулийг зөв хэрэглэсэн талаар дурдсан байна. Хариуцагчийн хувьд хэлцлийн 10 сая төгрөгийг шууд хүлээн зөвшөөрч, эм тарианы зардлын 22 сая төгрөгийг нотлох баримтын хүрээнд нотлогдсон хэмжээгээр хүлээн зөвшөөрнө гэдгээ илэрхийлж байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх зардлыг ялгаж тус тусад нь шийдвэрлэлгүй, хоёр өөр үнийн дүн гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхийн магадлалд дурдагдсан 87 324 140 төгрөг аль шаардлагын үндэслэл болох талаар огт дурдаагүй, нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгосон 180 501 697 төгрөг нь аль хэсгээс нь хэрэгсэхгүй болж байгаа тодорхойгүй, нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүн, хэрэгсэхгүй болгосон шаардлагын үнийн дүнгийн нийлбэр нь нэхэмжилсэн үнийн дүнгээс зөрүүтэй байна. Хавтаст хэргийн 215-234 тал дахь Хөрөнгийн үнэлгээний тайлан хуульд заасан журмын дагуу авагдаагүй талаар маргасан боловч шүүх харгалзан үзээгүй. Дээрх дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Шүүхээс хариуцагч нэхэмжлэгчид зохих ёсоор хохирол барагдуулаагүйн улмаас нэхэмжлэгч өмгөөлөгч авч ажиллуулсан гэдэг нь үндэслэлгүй, хариуцагч өмнө гарсан шүүхийн шийдвэрийг хуульд заасан журмын дагуу биелүүлж байгаа. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч П.Б- нь хариуцагч Б.Б-, Д.Т-нарт холбогдуулан гэм хорын хохиролд 267 825 837 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 205 157 437 төгрөгийг хангаж, 62 668 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 87 324 140 төгрөгийг хангаж, 180 501 697 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасан байна.

Зохигч нь хяналтын шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан талаар шүүхэд мэдэгджээ.

Эвлэрлийн гэрээнд: 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/01846 дугаартай шийдвэрээр 205 157 437 төгрөгийг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2111 дугаартай магадлалаар хариуцагч нараас 87 324 140 төгрөгийн гаргуулахаар шийдвэрлэсэн ч зохигчид тус төлбөрийг үл хамаарч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анх шүүхэд нэхэмжилсэн 267 825 837 төгрөгийн хүрээнд болон энэ хүрээнд орсон 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Эмчилгээ, эм тариа болон амьжиргааны төлбөр гаргах тухай хэлцэл”-ийг хүчингүйд тооцон хариуцагч нартай дараах байдлаар эвлэхээр тохиролцов.

2. Нэхэмжлэгч нь 267 825 837 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч нь 25.000.000 төгрөгийг бөөнд нь нэхэмжлэгчид 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төлнө. Уг төлбөрийг Чингэлтэй дүүргийн 10-р хороо, Дэнжийн 31-р гудамжны 391 тоотод байрлах хариуцагч нарын өмчлөлийн амины хашаа байшинг бэлэглэлийн гэрээ хийн зарж борлуулж төлнө.

3. Талууд эвлэрч байгаатай холбогдуулан нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 242 825 837  төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, мөн энэ нэхэмжлэл дотор орсон 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Эмчилгээ, эм тариа болон амьжиргааны төлбөр гаргах тухай хэлцэл”-ийг хүчингүйд тооцож байна.

4. Энэхүү гэрээний 2.2-т заасан нөхцөл биелсэн тохиолдолд нэхэмжлэгч тал П.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвсүрэн болон энэ хэрэгтэй холбоотой бусад нэхэмжлэл гаргагчид нь Б.Б-, Д.Т-нараас цаашид хариуцагч нараас Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирол эмчилгээ эм тарианы зардал, цаашид эмчлүүлэх зардал, асаргаа сувилгааны зардал, оршуулгын зардал, аливаа шинээр үүссэн нөхцөл байдлаас үүдэлтэй зардал зэргийг хариуцагч нараас нэхэмжлэхгүй болно.

5. Талууд эвлэрсэнтэй холбоотойгоор шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, гомдлоосоо бүрэн татгалзаж байна.

6. Иймд хуульд заасны дагуу П.Б-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигчид бидний хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гаргаж өгнө үү гэжээ.

Зохигчийн дээрх эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрхийг хөндөөгүй байх ба талууд ийнхүү эвлэрэн хэлэлцсэний эрх зүйн үр дагаврыг ойлгосон байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.,176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/01846 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2111 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг батлан, Б.Б-, Д.Т-нарт холбогдох гэм хорын хохиролд 267 825 837 төгрөг гаргуулах тухай П.Б-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.т зааснаар хариуцагч Б.Б-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 594 575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                                     Ц.АМАРСАЙХАН