Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2112

 

 

П.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01592 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч П.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ЭМХТ-д холбогдох

 

Захирлын тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Б миний бие Эрүүл мэндийн яамны Хөгжлийн төвд ЭМХТийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай 2018 оны А/21 дүгээр тушаалаар 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан. Гэвч байгууллагын ерөнхий захирлаар Д.Г томилогдож, удалгүй 2018 оны 5 дугаар сарын 01-ний Б/75 дугаар тушаалаар намайг үндэслэлгүйгээр үүрэгт ажлаас чөлөөлж, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр надад тушаал өгч ажлаа хүлээлгэж өг гэсэн. Уг тушаалаар намайг ажлаас чөлөөлж буй үндэслэлд Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль байгууллагын дотоод журамд заасан ажлаас чөлөөлөх, ажил олгогчийн санаачилгаар ажилтныг чөлөөлөх ямар ч заалт байхгүй байгаа нь энэхүү тушаал нь хуульд нийцээгүй эрх зүйн үндэслэлгүй гарсан шийдвэр гэж үзэж байна. Миний бие ажиллаж байх хугацаандаа Төрийн холбогдох хууль тогтоомж, байгууллагын дотоод журмыг даган мөрдөж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалттай сайн биелүүлж ирсэн. Ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, мөн хуулийн 55.1. 55.2 дахь заалт, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны сайдын 166 тушаалыг тус тус үндэслэж гаргасан байдаг. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 38, 40 дүгээр зүйлд заасан үндэслэл болоогүй. Учир нь ЭМХТийн үйл ажилллагаа татан буугдсан, орон тоо цөөрч хасагдсан зүйл байхгүй. Тус төвийн бүтэц зохион байгуулалтыг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр өөрчлөн зохион байгуулахдаа 84 орон тоотой болж нэмэгдсэн. П.Б-ийн ажиллаж байсан орон тоо 1 биш 3 болж нэмэгдсэн. Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэсэн боловч 1 орон тоотой байсан бол 3 болж нэмэгдсэн байдаг. Нэхэмжлэгчийн орон тоо хасагдсан зүйл байхгүй. Үүнээс үзэхэд энэ тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. 2-т заасныг зөрчсөн учраас ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байна. Иймд хууль зөрчсөн энэхүү шийдвэрийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ЭМХТ-ийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай Эрүүл мэндийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/21, ЭМХТийн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах тухай мөн сайдын 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/70 дугаар тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллах үйл ажиллагааны хүрээнд ЭМХТ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Содномжамц 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/23 дугаар тушаалаар Нэгжийн чиг үүрэг, орон тоо, ажил тушаалын жагсаалтыг баталж, мөн өдрийн Албан тушаалд томилох тухай Б/40 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албанд Шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр П.Бумцэндийг томилсон. 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүл мэндийн сайдын ажилд томилох тухай Б/31 дүгээр тушаалаар тус төвийн Ерөнхий захирлаар Б.Г томилогдсон. Ерөнхий захирал Б.Г хууль тогтоомжоор олгогдсон эрх, үүргийнхээ хүрээнд ЭМХТ-ийн дүрэм, зохион байгуулалтын бүтэц, нэгжийн чиг үүрэг, ажил, албан тушаалын жагсаалт, тухайн ажлын байранд ажиллаж байгаа албан хаагч төрийн чиг үүргийг хууль, тогтоомж, дүрэм, журмыг хэрэгжүүлэн ажиллах шаардлагыг хэрхэн хангаж байгааг харгалзан үзсэн. П.Б нь Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны Шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний ажлын байранд тавигдах шаардлагуудыг хангахгүй байгаа тул ажлаас чөлөөлсөн. П.Б нь ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа нь их дээд сургууль төгссөн диплом, нийгмийн даатгалын дэвтэр зэргээр нотлогдох боломжтой. Ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа талаар Захиргаа, санхүү, дотоод хяналтын албаны дарга Т.Содгэрэл, Хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.О нар П.Б-ийг хүлээн авч, урьдаж танилцуулж мэдэгдэхэд энэ тухайгаа ойлголоо чөлөөлөгдөхөд татгалзахгүй зүйлгүй гэсэн хариуг өгч байсан. Энэхүү ажлын байр нь Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/21 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтын 7.5.7-д заасан эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Эрүүл мэндийн салбарын хэмжээнд мөрдөгдөж буй Эрүүл мэндийн сайдын 2015 оны Журам шинэчлэн батлах тухай 98 /Улсын нэгдсэн бүртгэлийн 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 3531 дугаар бүртгэлтэй/, мөн сайдын 2017 оны Журам шинэчлэн батлах тухай А/337 дугаар тушаалуудаар/ Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 3804 дугаар бүртгэлтэй/ батлагдсан журмуудыг хэрэгжүүлэн ажиллаж тухайн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийдэг ажлын байр бөгөөд чухал шаардлагатай боловсрол, мэргэжил мэдлэг, туршлага, ур чадвар шаардсан ажлын байр юм. П.Б-г буцаан авсан ч ажиллах боломжгүй хүний нөөц болно. Мөн П.Б-тэй Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албанд Шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болно. Иймд Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны Шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний ажлын байранд тавигдах шаардлагуудыг П.Б-ийн шүүхэд ирүүлсэн баримтууд хангахгүй байгаа тул нэмэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн П.Б-с дараах бичиг баримтуудыг гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч П.Б-г Шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ЭМХТөөс ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 1 768 172 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Б-д олгон, хариуцагч ЭМХТ-д ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох эрүүл мэнд болон нийгмийн даатгалын хураамж, шимтгэлийг нөхөн төлсөн бичилтийг эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт хийхийг даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч П.Б-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч П.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч П.Б-д буцаан олгон, хариуцагч ЭМХТ-с улсын тэмдэгтийн хураамжид 43 240 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлстийн 2611192214 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх П.Б-ийн нэхэмжлэлтэй, ЭМХТ-д холбогдох шүүх хуралдааныг 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 15 цаг 30 минутанд хуралдуулахаар 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн "Шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай" мэдэгдэх хуудсыг тус төвд ирүүлсэн. Тус төвийн Ерөнхий захирал Д.Г мэдэгдэх хуудсыг хүлээн авч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.О намайг Хөдөлмөрийн хуулийн дагуу ээлжийн амралттай байсныг мэдэгдэж 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 884 дүгээр албан тоот бичгийг "Ээлжийн амралт олгох тухай" А/80 дугаар тушаалын хамт 7 дугаар сарын 09-ний өдөр анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Н.Батжаргалд хүлээлгэн өгсөн болно. Гэтэл  шүүхийн  шүүгч тухайн  асуудлыг хүлээн  авч  хяналгүй, хариуцагчийн оролцоог хангахгүйгээр шүүх хуралдааныг хуралдуулж нэг талыг баримтлан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль шүүхийн өмнө тэгш байх зарчмыг баримтлан дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч ЭМХТ-д холбогдуулан захирлын тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч ажилтан нь ажлын байранд тавигдах шаардлагуудыг хангахгүй байгаа тул ажлаас чөлөөлсөн гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын Ерөнхий захирлын 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/40 дүгээр тушаалаар тус төвийн шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр томилогдож ажиллаж байсан бөгөөд түүнийг ажлаас чөлөөлсөн үйл баримт хэргийн 22, 24 дэх талд авагдсан ЭМХТийн Ерөнхий захирлын 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/40 дүгээр тушаал, түүний хавсралт, 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/75 дугаар тушаал зэрэг бичгийн баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.                                                       

 

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/75 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны “Заавар, журам батлах тухай” 166 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Ээлжийн амралт олгох заавар”-ын 17 дахь заалт, Эрүүл мэнийн сайдын “ЭМХТ-ийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” 2018 оны А/21 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын 4.7.3, 4.7.6-т заасныг тус тус үндэслэжээ.      /хх-22 дахь тал/

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйл нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлд хамаарахгүй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2 дахь хэсэгт заасныг үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

            Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болох мэргэжил, ур чадварын хувьд нэхэмжлэгч тэнцэхгүй байгаа гэх нөхцөл байдлыг тогтоосон баримт, тухайлбал уг байдлыг тогтоосон эрх бүхий этгээдийн дүгнэлт хэрэгт авагдаагүй байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийг мэргэжил, ур чадварын хувьд ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул түүний татгалзал үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг тул П.Б-ийн “ЭМХТийн Ерөнхий захирлын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/75 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгыг агуулаагүй, нэхэмжлэлийн бие даасан шаардлага болохгүй, харин ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл байх тул тусад нь нэхэмжлэл гэж үзэж шийдвэрлэх шаардлагагүй болно.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгч П.Б-г хариуцагч байгууллагын шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 768 172 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт нийцжээ.

 

Шүүхээс хариуцагч талд шүүх хуралдааны товыг 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр баталгаат шуудангаар мэдэгдсэн болох нь хэргийн 66 дахь талд авагдсан мэдэгдэх хуудсыг хүлээн авсан тухай баримтаар тогтоогдож байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоодоогүй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.  

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01592 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ