Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2020/00742

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Э холбогдох,

4 455 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн өмгөөлөгч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Эын хүсэлтээр 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 2 250 000 төгрөгийг бэлнээр, тухайн үед 9 хувийн хүүтэй зээлдсэн боловч одоог хүртэл мөнгөө авч чадаагүй байна. Б.Э нь “Чимэг“ төвийн хажууд 2-3 давхар том барилга барьж, энэ жил ашиглалтанд орсон. Удаа дараа мөнгөө нэхэж байсан. Б.Э “та түр хүлээж байгаарай, би авсан мөнгөө хүүтэй нь заавал өгнө, та санаа зоволтгүй” гэж хэлдэг боловч тогтсон хугацаандаа төлөхгүй болохоор 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан боловч “би эвлэрүүлэн зуучлахаар ормооргүй байна” гээд зөвшөөрөөгүй. “Би мөнгийг чинь барилгаа барьж дуусаад өгье” гэсээр байгаад өдийг хүргэсэн боловч мөнгийг минь өгөөгүй байна. Иймд үндсэн мөнгө 2 250 000 төгрөг, хүү 2 160 000 төгрөг, нийт 4 455 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Э шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Б.Э 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Ж.Э надаас 2 250 000 төгрөгийг 9 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд хариуцагч нь хариу тайлбартаа 2 250 000 төгрөгийг 9 хувийн хүүтэй авсан болохоо хүлээн зөвшөөрсөн байна. Харин Б.Э нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа “10 хувийг хүү 225 000 төгрөгийг 1 жилийн хугацаанд тооцвол 2 700 000 төгрөгийг төлсөн” гэж ор үндэсгүй худлаа гүжирдсэн байна. Үнэн хэрэгтээ Б.Э нь мөнгө зээлснээсээ хойш надад нийт 4 сарын хугацаанд 9 хувийн хүүгээр тооцож, сарын 202 500 төгрөгийн хүү, нийт 810 000 төгрөгийн хүүг өгсөн. Өөр надад мөнгө өгч байсан удаа байхгүй. Б.Эоос 2016 оноос хойш мөнгөө их олон удаа нэхэж байсан боловч тэр болгонд удахгүй өгнө гэж явсаар өдийг хүргэсэн. Миний бие нь Б.Эыг мөнгөө өгөхгүй болохоор нь аргаа барж 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гарган хандаж байсан. Гэтэл Б.Э нь хариу тайлбартаа намайг гэнэт гарч ирээд мөнгөө нэхээд байгаа юм шиг ойлголт төрүүлж байгаад харамсаж байна. Б.Эоос мөнгөө өгөх талаар амлалт бичүүлж авах гэхээр “мөнгө өгөх талаар амлалт бичиж, гарын үсэг зурж болдоггүй юм байна лээ. Би амлалт бичиж өгмөөргүй байна. Тэр бичигтэй бичиггүй мөнгийг чинь хүүтэй хамт буцааж өгнөө" гэдэг байсан. Хариуцагч Б.Эын шүүхэд гаргасан хариу тайлбар нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын хүүний төлбөр 1 085 000 төгрөгөөс татгалзаж, 3 370 000 төгрөг нэхэмжилж байна. Бид анх тохирсон 9 хувиар тооцохгүй банкны хүү 2 хувиар тооцож хүүг нэхэмжилсэн боловч хуульд заасны дагуу 50 хувийг хасч 1 085 000 төгрөгөөр бууруулсан. Иймд 3 370 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд Ж.Эгийн надад холбогдуулан гаргасан 4 455 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гардан авч танилцаад нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Би Ж.Эгаас 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 2 250 000 төгрөг авсан нь үнэн. Ийнхүү мөнгө авах үедээ Ж.Этай сарын 10 хувийн хүүтэй байхаар тохирч сар бүр зээлж авсан мөнгөний 10 хувийн хүү 225 000 төгрөгийг 1 жилийн хугацаанд төлсөөр ирсэн. Түүнд төлсөн хүүг тооцвол нийт 2 700 000 төгрөг түүнд төлсөн. Гэтэл шүүхэд хандаж үндсэн мөнгө гэж 2 250 000 төгрөг, хүү 45 000 төгрөг 4 жилийн хүү 2 160 000 төгрөг, нийт 4 455 000 төгрөг нэхэмжилсэнд гайхаж байна. Тэрээр нэхэмжлэлдээ 1 жилийн хугацаанд авсан хүү гэх нийт 2 700 000 төгрөгийг тооцож оруулаагүйд гомдолтой байна. Түүнд би авсан мөнгөө бүхэлд нь төлсөн бөгөөд тэрээр мөнгөө нэхэхгүй 4 жил орчим хугацаа өнгөрсний дараа гэнэт нэхэж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь 4 жил мөнгөө нэхээгүй болохоор нь үндсэн мөнгөө авчихсан болохоор ингээд тооцоо дууссан гэж ойлгож явсан гэтэл гэнэт шүүхээс дуудаж нэхэмжлэл гардуулсанд гайхаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Э шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Өнөөдөр болох шүүх хуралдааны товыг надад мэдэгдсэн боловч миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байна. Иймд миний эзгүйд сонгон авсан өмгөөлөгч М.Мэндбаярыг оролцуулан явуулж өгнө үү. Анх 2016 оны 03 дугаар сарын 01-нээс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нэг сарын хугацаатай хүүгүй зээлж авсан. Гэтэл нэхэмжлэгч хүүтэй зээлж авсан гэх үндэслэлгүй тайлбарыг гаргаж байгааг гайхаж байна гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч Б.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл нийт 4 455 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж нийт 3 370 000 төгрөг гаргуулна гэж тайлбарлаж байна.

            Хариуцагч Б.Э нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбараа ирүүлсэн бөгөөд өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв.

            Зохигчдын хооронд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 2 250 000 төгрөгийн зээлийн гэрээ амаар байгуулагдаж дээрхи мөнгийг бэлнээр шилжүүлсэн байна. Энэ өдөр мөнгө өгсөн авсан болон нийт мөнгөн дүнгийн хэмжээний талаар талууд маргаагүй.

            Нэхэмжлэгч Ж.Э “…бид хугацаагүй зээлийн гэрээг сарын 9 хувийн хүүтэй байхаар тохирч, нийт 4 удаа хүүний төлбөрт 810 000 төгрөгийг хариуцагчаас авсан. Мөнгөө нэхэхээр хүүтэй нь буцааж өгнө гэсээр өдийг хүрсэн. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандаж байсан боловч Б.Э эвлэрэхгүй гэсэн тул дуусгавар болсон. Одоо үндсэн зээл 2 250 000 төгрөг, хүүний төлбөрөө банкны хүүний жишигээр тооцож түүний 50 хувь болох 1 120 000 төгрөг, нийт 3 370 000 төгрөг нэхэмжилж байна. 1 085 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж байна гэж тайлбарладаг.

            Хариуцагч Б.Э ...2 250 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. 2 700 000 төгрөг төлсөн учраас дахин мөнгө төлөх үндэслэлгүй гэж тайлбар ирүүлсэн.

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч Ж.Э шаардах эрхтэй.

            Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан тул нэхэмжлэгч Ж.Э нь хүүний төлбөр шаардах эрхгүй байна. Учир нь талуудын хооронд бичгийн гэрээ байгуулагдаагүй байна.

Хэдийгээр талууд хүү төлөх талаар тохиролцож фэйсбүүк, мэссэнжерээр харилцаж байсан талаархи бичвэрийг шүүхэд ирүүлсэн боловч хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул хүүний төлбөр нэхэмжлэх эрхгүй гэж шүүх дүгнэсэн болно.

            Хариуцагч Б.Э 2 700 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэж хариу тайлбар ирүүлсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын татгалзалын үндэс болсон тайлбараа холбогдох баримтаар нотолж чадаагүй байна.

            Харин нэхэмжлэгч Ж.Э 810 000 төгрөгийг хүүний төлбөрт Б.Эоос авсан болохоо хүлээн зөвшөөрч байх тул үндсэн зээлийн төлбөрөөс 810 000 төгрөгийг хасч 1 440 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

            Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан боловч нэхэмжлэгч Ж.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандаж өргөдөл гаргаж байсан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж шүүх дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д хариуцагч түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан тул хариуцагч Б.Эын  эзгүйд хэрэгт цугларсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 86 230 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эоос 37 990 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасныг баримтлан хариуцагч  Б.Эоос 1 440 000 /нэг сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 930 000 /нэг сая есөн зуун гучин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86 230 /наян зургаан мянга хоёр зуун гучин/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эоос 37 990 /гучин долоон мянга есөн зуун ерэн/ төгрөг гаргуулан  нэхэмжлэгч Ж.Эд  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Л.АРИУНЦЭЦЭГ