Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 102

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 207/МА2020/00102

 

 

*******гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч *******д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/00742 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

Зээлийн төлбөр 4.455.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие *******ын хүсэлтээр 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 2.250.000 төгрөгийг бэлнээр, тухайн үед 9 хувийн хүүтэй зээлдсэн боловч одоог хүртэл мөнгөө авч чадаагүй байна. ******* нь Чимэг төвийн хажууд 2-3 давхар том барилга барьж, энэ жил ашиглалтанд орсон. Удаа дараа мөнгөө нэхэж байсан. ******* та түр хүлээж байгаарай, би авсан мөнгөө хүүтэй нь заавал өгнө, та санаа зоволтгүй гэж хэлдэг боловч тогтсон хугацаандаа төлөхгүй болохоор 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан боловч би эвлэрүүлэн зуучлахаар ормооргүй байна гээд зөвшөөрөөгүй. Би мөнгийг чинь барилгаа барьж дуусаад өгье гэсээр байгаад өдийг хүргэсэн боловч мөнгийг минь өгөөгүй байна. Иймд үндсэн мөнгө 2.250.000 төгрөг, хүү 2.160.000 төгрөг, нийт 4.455.000 төгрөгийг гаргуулж өгнө үү? хариуцагч ******* 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ******* надаас 2.250.000 төгрөгийг 9 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд хариуцагч нь хариу тайлбартаа 2.250.000 төгрөгийг 9 хувийн хүүтэй авсан болохоо хүлээн зөвшөөрсөн байна. Харин Б.Эрдэнэсоёл нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа 10 хувийг хүү 225.000 төгрөгийг 1 жилийн хугацаанд тооцвол 2.700.000 төгрөгийг төлсөн гэж ор үндэсгүй худлаа гүжирдсэн байна. Үнэн хэрэгтээ ******* нь мөнгө зээлснээсээ хойш надад нийт 4 сарын хугацаанд 9 хувийн хүүгээр тооцож, сарын 202.500 төгрөгийн хүү, нийт 810.000 төгрөгийн хүүг өгсөн. Өөр надад мөнгө өгч байсан удаа байхгүй. *******оос 2016 оноос хойш мөнгөө их олон удаа нэхэж байсан боловч тэр болгонд удахгүй өгнө гэж явсаар өдийг хүргэсэн. Миний бие нь *******ыг мөнгөө өгөхгүй болохоор нь аргаа барж 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гарган хандаж байсан. Гэтэл ******* нь хариу тайлбартаа намайг гэнэт гарч ирээд мөнгөө нэхээд байгаа юм шиг ойлголт төрүүлж байгаад харамсаж байна. *******оос мөнгөө өгөх талаар амлалт бичүүлж авах гэхээр мөнгө өгөх талаар амлалт бичиж, гарын үсэг зурж болдоггүй юм байна лээ. Би амлалт бичиж өгмөөргүй байна. Тэр бичигтэй бичиггүй мөнгийг чинь хүүтэй хамт буцааж өгнөө" гэдэг байсан. Хариуцагч *******ын шүүхэд гаргасан хариу тайлбар нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын хүүний төлбөр 1.085.000 төгрөгөөс татгалзаж, 3.370.000 төгрөг нэхэмжилж байна. Бид анх тохирсон 9 хувиар тооцохгүй банкны хүү 2 хувиар тооцож хүүг нэхэмжилсэн боловч хуульд заасны дагуу 50 хувийг хасч 1.085.000 төгрөгөөр бууруулсан. Иймд 3.370.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Би *******гаас 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 2.250.000 төгрөг авсан нь үнэн. Ийнхүү мөнгө авах үедээ *******тай сарын 10 хувийн хүүтэй байхаар тохирч сар бүр зээлж авсан мөнгөний 10 хувийн хүү 225.000 төгрөгийг 1 жилийн хугацаанд төлсөөр ирсэн. Түүнд төлсөн хүүг тооцвол нийт 2.700.000 төгрөг түүнд төлсөн. Гэтэл шүүхэд хандаж үндсэн мөнгө гэж 2.250.000 төгрөг, хүү 45.000 төгрөг 4 жилийн хүү 2.160.000 төгрөг, нийт 4.455.000 төгрөг нэхэмжилсэнд гайхаж байна. Тэрээр нэхэмжлэлдээ 1 жилийн хугацаанд авсан хүү гэх нийт 2.700.000 төгрөгийг тооцож оруулаагүйд гомдолтой байна. Түүнд би авсан мөнгөө бүхэлд нь төлсөн бөгөөд тэрээр мөнгөө нэхэхгүй 4 жил орчим хугацаа өнгөрсний дараа гэнэт нэхэж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь 4 жил мөнгөө нэхээгүй болохоор нь үндсэн мөнгөө авчихсан болохоор ингээд тооцоо дууссан гэж ойлгож явсан гэтэл гэнэт шүүхээс дуудаж нэхэмжлэл гардуулсанд гайхаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/00742 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасныг баримтлан хариуцагч *******оос 1 440 000 /нэг сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.930.000 /нэг сая есөн зуун гучин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86.230 /наян зургаан мянга хоёр зуун гучин/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 37.990 /гучин долоон мянга есөн зуун ерэн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Би *******гаас 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 2.250.000 төгрөг авсан нь үнэн. Сар бүр Ж.Энтуяад 225.000 төгрөг нэг жилийн хугацаанд төлсөөр ирсэн. Түүнд өгсөн нийт мөнгийг тооцвол 2.700.000 төгрөг нэг жилийн хугацаанд төлсөн. Гэтэл нийт 4 удаагийн хүүгийн төлбөрт 810.000 төгрөг надаас авсан гэж худал гүжирдсэн ба шүүх энэхүү нэхэмжлэгчийн тайлбарыг үнэн зөв гэж үзсэнд гомдолтой байна. Учир нь хэргийн эвлэрүүлэн зуучлахад өгсөн өргөдөлдөө намайг эхний 5сарын хугацаанд хүүгээ төлсөн гэж бичсэн байдаг. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талд ашигтай тайлбарыг үнэлж шийдвэр гаргасан нь үндэслэл муутай шийдвэр гаргахад хүргэсэн гэж үзэх үндэслэлтэй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ******* нь зээлийн гэрээний үүрэгт хариуцагч *******оос 4.455.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Зохигчид 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 2.250.000 төгрөгийг сарын 9%-ийн хүүтэй зээлэхээр амаар тохиролцож мөнгийг шилжүүлэн өгсөн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон энэ талаар талууд маргаагүй. Харин зохигчид хүү төлж байсан үнийн дүн дээр зөрүүтэй тайлбар гаргаж маргасан байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдах талаар зохицуулсан тул зохигчдын хооронд зээлийн гэрээ бичгээр хийгдээгүй учраас нэхэмжлэгч ******* нь хариуцагчаас 4 сарын хүүнд 810.000 төгрөг авсан гэсэн тайлбарт үндэслэн анх өгсөн 2.250.000 төгрөгөөс 810.000 төгрөгийг хасч үлдэх 1.440.000 төгрөгийг хариуцагч *******оос гаргуулж нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлийн 282.3.-т нийцжээ.

Хариуцагч ******* нь 2016 онд авсан зээл хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргаж буй боловч нэхэмжлэгч ******* 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандан өргөдөл гаргаж байсан байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д заасан хөөн хээлцэх хугацаа дуусаагүй энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* эвлэрүүлэн зуучлалд өргөдөл өгөхдөө эхний 5 сарын хүү өгсөн гэж мэдүүлсэн боловч шүүхэд 4 сарын хүү өгсөн гэж зөрүүтэй тайлбар гаргасан байхад шүүх түүнд ашигтай шийдвэрлэсэн гэсэн давж заалдсан гомдол гаргасан байгаа боловч өөрөө 2.700.000 төгрөгийг хүүнд төлсөн гэх тайлбар, татгалзлаа нотолж чадаагүй.

Иймд хариуцагч *******ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/00742 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч *******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 37.350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

С.УРАНЧИМЭГ