Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2022/00227

 

 Ж.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/00742 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 102 дугаар магадлалтай,

Ж.Эгийн нэхэмжлэлтэй,

Б.Эд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 3,370,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Э нь Б.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,455,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган, үндсэн зээлийн төлбөрт 2,250,000 төгрөг, хүүд 1,120,000 төгрөг, нийтдээ 3,370,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

2. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/00742 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасныг баримтлан хариуцагч Б.Эоос 1,440,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,930,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,230 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эоос 37,990 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Эд олгож шийдвэрлэжээ. 

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 102 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/00742 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Эын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Б.Эын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 37,350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч Б.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.04-ний өдрийн 742 дугаартай шийдвэр, Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.27-ны өдрийн 102 дугаартай магадлалтай Ж.Эгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байна. Энэхүү хэрэгт давж заалдах шатны шүүхийн 2020.08.27-ны өдрийн 102 дугаартай магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Би Ж.Эгаас 2016.03.01-ний өдөр 2,250,000 төгрөг авсан нь үнэн. Cap бүр Ж.Эд 225,000 төгрөг нэг жилийн хугацаанд төлсөөр ирсэн. Түүнд өгсөн нийт мөнгийг тооцвол 2,700,000 төгрөг бөгөөд авсан мөнгөө илүү төлсөн байдаг. Гэтэл Ж.Э нь нийт 4 удаа хүүгийн төлбөрт 810,000 төгрөг надаас авсан гэж худал гүжирдсэн ба шүүх энэхүү нэхэмжлэгчийн тайлбарыг үнэн зөв гэж үзсэнд гомдолтой байна. Учир нь хэргийн 5 дахь талд Ж.Эгийн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд гаргасан өргөдөл авагдсан бөгөөд өргөдөлд “мөнгөний хүүг эхний таван cap төлсөн” гэж бичсэн байдаг. Гэтэл нэхэмжлэл гаргахдаа буюу шүүхэд тайлбар гаргахдаа 4 сарын хүү авсан гэж өмнөх эвлэрүүлэн зуучлалд гаргасан өргөдөлдөө дурдсанаас өөр тайлбар гаргасныг шүүх үнэн зөв гэж үзэж нэхэмжлэгчид ашигтайгаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Ийнхүү давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талд ашигтай тайлбарыг үнэлж шийдвэр гаргасан нь үндэслэл муутай шийдвэр гаргахад хүргэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч Ж.Э нь Б.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,455,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган, үндсэн зээлийн төлбөрт 2,250,000 төгрөг, хүүд 1,120,000 төгрөг, нийтдээ 3,370,000 төгрөгийг гаргуулахаар  нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, “...2,250,000 төгрөг зээлсэн, ...зээлд 2,700,000 төгрөг төлсөн, дахин мөнгө төлөх үндэслэлгүй...” гэж маргажээ. 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.  

8. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж шүүх үзсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасантай нийцжээ. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээхийг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг тус тус хуульчилсан. 

9. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Э нь 2016.3.01-ний өдөр Б.Этой зээлийн гэрээ байгуулж, түүнд 2,250,000 төгрөг зээлдүүлсэн байх ба талууд гэрээг амаар байгуулсан, нэхэмжлэгч нь ...хариуцагч хүүгийн төлбөрт 810,000 төгрөг төлсөн гэсэн тайлбар гаргасан, харин хариуцагчаас ...зээлийн хүүд 2,700,000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гарган маргах боловч энэхүү тайлбар, татгалзлын үндэслэлийг нотолж чадаагүй байна.

10. Хоёр шатны шүүх ...талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч нь зээлийн хүү нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэн, үндсэн зээлдүүлсэн 2,250,000 төгрөгөөс хүүд төлсөн 810,000 төгрөгийг хасч тооцон, хариуцагч Б.Эоос зээлийн гэрээний үүрэгт 1,440,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Эд олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол зээлдүүлэгч хүү авах эрхээ алдана” гэж заасантай нийцжээ. 

11. Хариуцагчийн “...нэхэмжлэгч эвлэрүүлэн зуучлалд гаргасан өргөдөлдөө “...хүүг эхний таван сар төлсөн” гэж бичсэн байдаг. ...гэтэл шүүхэд 4 сарын хүү авсан гэж тайлбар гаргасныг шүүх үнэн зөв гэж үзэж нэхэмжлэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй” гэсэн хяналтын гомдлыг хангах боломжгүй, энэ үндэслэлээр гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийсэн байна.  

12. Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/00742 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 102 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.09.15-ны өдөр төлсөн 37,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

   ШҮҮГЧИД                                                       Б.МӨНХТУЯА

                                                                                                   Д.ЦОЛМОН

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД