Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 142/ШШ2020/01098

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ү.Г-д холбогдох,

130100304048 тоот зээлийн гэрээг цуцлах, 19 232 563.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, Э.Түмэнбаяр, прокурор Ц.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х овогтой Ч, Ү овогтой Г нар нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Терийн банкны Орхон салбарын Хороолол тооцооны төвөөс 25 000 000 /хорин таван сая/ төгрөгийн хэрэглээний зээлийг жилийн 26.40 хувийн хүүтэй, З6 сар /3 жил/-ын хугацаатайгаар сар бүр 1 006 940.91 /нэг сая зургаан мянга есөн зуун дөчин төгрөг ерэн нэгэн мөнгө/ төгрөг эргэн төлөх нөхцөлтэйгээр №130100304048 тоот зээлийн гэрээ байгуулан авсан. Зээлийн барьцаанд зээлдэгч X Чын өмчлөлийн Ү-2101000964 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын 8 дугаар баг Бүрэнбүст 5 хороолол 13 байр 146 тоот 18.0 мкв талбайтай 1 өрөө орон сууц, гэрийн тавилга, цахилгаан бараа, хөдлөх хөрөнгө, эд хогшлыг барьцаалсан. Зээлдэгч Х.Ч 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан. Хамтран зээлдэгч Ү.Г нь зээлийн гэрээний 2.2.3 дэх заалтыг зөрчиж, зээлийг хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсаар байна. Банкны зүгээс 2019 оны 12 дугаар сарын 09, 2019 оны 12 дугаар сарыы 25, 2020 оны 01 дугаар сарын 30-ны өдрүүдэд тус тус гэрээний үүргээ биелүүлж зээлээ төлөх тухай мэдэгдлүүдийг хүлээлгэн өгсөн боловч хамтран зээлдэгчийн зүгээс зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа тул зээлийн гэрээний 6 2.1. 6.2.2 дахь заалтыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар гэрээг цуцлах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 19 232 563.78 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

Хариуцагч Ү.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тны нэхэмжлэлтэй гэрээ цуцлах, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Ү.Г нь Тны Орхон салбараас зээл авах хүсэлт гаргаагүй бөгөөд харин эхнэр, одоо нас барсан талийгаач Х.Чыг Даваасүрэн гэгч эмэгтэй ятгаж улмаар зээл авахуулж зээлээр олгосон мөнгөний дийлэнхийг нь авсан байдаг. Уг зээлийн мөнгийг Ү.Г хүлээж аваагүй, түүний дансанд шилжүүлээгүй, ороогүй, зээлийн данс гэж байхгүй болно. Би өөрөө зээл авч байгаагүй. Харин эхнэрийг тухайн үед 10 000 000 төгрөгийн зээлийг авч байна гэж ойлгож гарын үсэг зурсан.

2. Миний бие 2018 оны 08 дугаар сард эхнэр бага хэмжээний зээл авах гэж байгаа хүрээд ир гэхээр тухайн үед нь очиж жижиг бичигдсэн, хараа муутай тул уншиж чадахааргүй гэрээнд гарын үсэг зурсан. Уг гэрээгээр 25 000 000 төгрөг авсныг эхнэрийгээ нас барсны дараа охин Г.Дэлгэрмөрөн, Г.Ижилмөрөн нараас олж мэдсэн. Миний хувьд уг зээлийн мөнгийг авч хэрэглээгүй, зээлийн гэрээг ч уншиж танилцаагүй, хараа муутай, хөгшин хүнд уншигдахгүй гэрээ байсан. Эхнэрийгээ өөрийнхөө хэрэгцээнд бага хэмжээний мөнгө авна гэсэн болохоор нь итгээд хамтран үүрэг гүйцэтгэгчээр зурсан боловч уг зээлийг би аваагүй болно.

3. Миний эхнэр Х.Ч нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өвчнөөр нас барсан ба уг байдлыг үүсэх үед нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр миний бие их хэмжээний зээл авсныг нь мэдээд Тны Орхон салбарын төв дээр Э гэдэг хүнд очиж өргөдөл өгсөн. Уг өргөдөлдөө зээлийн гэрээг цуцалж, хүүг зогсоож, мөнгийг нь залилж авсан С.Даваасүрэнгээс авах нь зүйтэй байгаа тухай бичиж өгсөн боловч Банкны зүгээс 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр л шүүхэд хандсан байна. Ингэснээр хүү нэмэгдэж, их хэмжээний өр үүсэх нөхцөл бүрджээ. Иймээс миний бие уг зээлийг аваагүй, үндсэн үүрэг гүйцэтгэгч нас барсан, гэрээ дуусгавар болох тухай хуульд заасан үндэслэл бүрдсэн байхад надаас зээл гэж 16 586 900 төгрөг, зээлийн хүү гэж 2 615 367 төгрөг, нэмэгдүүлсэн хүү гэж 30 295 төгрөг тус тус нэхэмжилснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүхэд төрийг төлөөлж шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Мөнхтуяа шүүхэд гаргасан санал, дүгнэлтдээ: Орхон аймгийн прокурорын газрын ахлах прокурор Ц.Мөнхтуяа би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.10 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийг төлөөлж прокуророор оролцож байна.

1. Тны Орхон салбараас Х.Ч, Ү.Г нартай байгуулсан 130100304048 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүрэгт 19232563.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

2. Банкнаас зээл олгох гэрээгээр банк, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан байдаг.

Хуульд өөрөөр заагаагүй бол банкнаас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсний дагуу нэхэмжлэгч 25 сая төгрөгийг зээлүүлэх, хариуцагч Х.Ч, Ү.Г нар уг мөнгийг зээлэх гэрээг талууд бичгээр хийж, зохигч нар гарын үсэг зурсан нь 2018.08.03-ний өдрийн 130100304048 дугаартай зээлийн гэрээгээр нотлогдож байна. Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу зээлдэгчид шилжүүлэх үүрэг хүлээх бөгөөд зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно. Зээлдэгч Х.Чын 340501904003 дугаартай дансанд 2018.08.03-ны өдөр банкнаас 25 сая төгрөгийг шилжүүлсэн мемориалын баримт хэрэгт авагдсан тул банк 2019.08.03-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 25 сая төгрөгийг хариуцагч нарт хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Харин хариуцагч Ү.Г нь 25 сая төгрөг зээлж авч байгааг мэдээгүй, Ү.Гын дансанд уг мөнгө ороогүй гэж мэтгэлцэж байгаа нь дараах баримтуудаар үгүйсгэгдэж байна. Ү.Г нь зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон ба зээлийн гэрээ болон зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгтэд тус тус 25 сая төгрөгийн зээл олгож байгаа талаар бичигдсэн ба хамтран зээлдэгчээр Ү.Г гарын үсэг зурж баталгаажуулсан баримт хэрэгт авагдсан, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэхь хэсэгт ... банк хамтран зээлдэгчийн дансанд бус зээлдэгчийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан тул Х.Чын дансанд 25 сая төгрөгийг шилжүүлсэн нь үндэслэлтэй байна. Иймд Зээлийн гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэг, 42 дугаар зүйлийн 42.1,42.2 дахь хэсэгт тус тус нийцсэн гэрээ хүчин төгөлдөр байх тул талуудын хэн аль нь гэрээний үүргийг биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм. Мөн хариуцагч Ү.Г нь зээлийг бүхэлд нь Х.Ч аваагүй зээл авсан дариудаа Даваасүрэн гэх хүнд 15 741 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг тул Даваасүрэнгээр төлүүлж өгнө үү гэх тайлбарыг удаа дараа гаргадаг боловч зээлдэгч Х.Ч өөрийн авсан зээлийг хэрхэн яаж захиран зарцуулах нь түүний эрхийн асуудал, банк зээлийн захиран зарцуулалтад хяналт тавих эрхгүй.

Зээлдэгч Х.Ч 2019.11.01-ний өдөр нас барж зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ. Зээлийн гэрээний 3.2-д зээлдэгчийн үүрэг, 3.2.10-т ...зээлдэгч нас барсан тохиолдолд..хамтран зээлдэгч гэрээний дагуу зээлийн төлбөр, холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцан барагдуулах үүргийг, 3.3-т хамтран зээлдэгч нь Зээлдэгчийн нэгэн адил эрхийн эдэлж, үүргийг хүлээнэ гэж тус тус заасан байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т ...үүрэг гүйцэтгүүлэгч ч өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна“ гэж заасан байх тул банк Ү.Гаас үүргээ гүйцэтгэхийг шаардах, зээлийн гэрээний үүрэгт 19232563,48 төгрөг нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Хамтран зээлдэгч Ү.Г нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй 2019.12 сараас хойш төлөлт хийгээгүй гэсэн үндэслэлээр банк үндсэн зээлийн үлдэгдэлд 16 586 900.75 төгрөг, гэрээний хүү 2 615 367.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 30 295.40 төгрөг нийт 19 232 563.48 төгрөг шаардсан нь Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Мөн банк Зээлийн гэрээний 6.1 дүгээр зүйлийн 6.2.1-д заасны дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхийнхээ дагуу гаргасан хүсэлт нь үндэслэлтэй байх тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, хариуцагч Ү.Гаас 19 232 563.48 төгрөгийг гаргуулан Тны Орхон салбарт олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Тны Орхон салбар нь хариуцагч Ү.Гт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэл 19 232 563.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Ү.Г болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Зээлдэгч Х.Ч, хамтран зээлдэгч Ү.Г нар 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Тны Орхон салбар, хороолол тооцооны төвтэй 130100304048 дугаартай зээлийн гэрээ байгуулж 25 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 26.40 хувийн хүүтэй, барьцаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст баг 5-13-146 тоотод байрлах 18 м2 талбайтай, Ү-2101000964 улсын бүртгэлийн дугаартай нэг өрөө орон сууц, гэрийн тавилга, цахилгаан бараа, хөдлөх хөрөнгө барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн барьцаат зээлийн гэрээгээр нотлогдож байна./хх 10-14/

Хамтран үүрэг гүйцэтгэгч хариуцагч Ү.Г уг мөнгийг аваагүй, түүнд зээлийн данс байхгүй, гэрээ нь хэт жижиг бичигдсэн байсан тул юу бичсэнийг хараагүй, эхнэр талийгаач Х.Ч их хэмжээний зээл авна гэж хэлж байгаагүй бөгөөд н.Даваасүрэн гэгч этгээдэд 15 741 000 төгрөгөө шилжүүлсэн болохыг хожим нас барсны дараа мэдсэн гэж мэтгэлцэж байна.

Зээлдэгч Х.Чт 130100304048 тоот дансаар зээлийн төлбөр болох 25 000 000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Т шилжүүлсэн бөгөөд Х.Ч нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан болох нь зээлийн дансны хуулга, нас барсны бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна. /Зээлдэгчийн хувийн хэргийн баримтаас/

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд нэхэмжлэгч Тны Орхон салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Ү.Гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч Т шаардах эрхтэй. 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Т зээл төлөх тухай мэдэгдлийг 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгч, хариуцагч Ү.Гт хүргүүлсэн байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

Зээлийн гэрээний 3.3-д хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүргийг хүлээнэ, 3.2.10-т МУ-ын иргэний хуульд заасан нөхцөл байдал бий болсон /зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцогдох, гм/ тохиолдолд хуулийн дагуу зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран зээлдэгч, батлан даагч, баталгаа гаргагч нь энэ гэрээний дагуу зээлийн төлбөр, холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцан барагдуулах үүрэгтэй гэж заасан байх ба мөн Тны 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/30 дугаартай захирлын тушаалаар баталсан Зээлийн үйл ажиллагааны журмын 3.1.12-т хамтран зээлдэгч гэж үндсэн зээлдэгчийн нэгэн адил зээлийн гэрээний дагуу эрх эдэлж, үүрэг хүлээсэн этгээдийг хэлнэ гэж тодорхойлсон байна.    

Хариуцагч Ү.Г 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр банкинд хандаж зээлийн гэрээний эргэн төлөлттэй холбоотой тайлбар гарган хүү зогсоолгох, шүүхэд хандах /гэрээ цуцлах санал/ хүсэлт гаргасан боловч банкнаас ирүүлсэн мэдэгдэлийн дагуу өөрөө шүүхэд хандах эрх нь нээлттэй байсан бөгөөд зээлийн дансанд шилжүүлсэн мөнгийг зээлдэгч хэрхэн зарцуулах, хэнд шилжүүлсэн зэрэг нь зээлдүүлэгчид хамааралгүй бөгөөд н.Даваасүрэнгээс банк нэхэмжлэх эрхгүй юм.

Иймд хариуцагч Ү.Гаас үндсэн зээлийн төлбөрт 16 586 900.45 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 2 615 367.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 30 295.40 төгрөг нийт 19 232 563.78 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Тны Орхон салбарт олгохоор шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 254 113 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү.Гаас 254 113 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Тны Орхон салбарт олгохоор заалаа.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн  225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Т Х.Ч, Ү.Г нарын хооронд байгуулагдсан 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 130100304048 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Ү.Гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 19 232 563.78 /арван есөн сая хоёр зуун гучин хоёр мянга таван зуун жаран гурван төгрөг далан найман мөнгө/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Тны Орхон салбарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254 113 /хоёр зуун тавин дөрвөн мянга нэг зуун арван гурав/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү.Гаас 254 113 /хоёр зуун тавин дөрвөн мянга нэг зуун арван гурав/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Тны Орхон салбарт олгосугай.

3.Шийдвэр хүчин төгөлдөр болмогц нотлох баримтаар судалсан зээлдэгчийн зээлийн хувийн хэргийг Т ХХК-ний Орхон салбарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Халиунаад даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.АРИУНЦЭЦЭГ