Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 117

 

Тбанк ХХК-ийн Орхон салбарын

нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Гт

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 142/ШШ2020/01098 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Тбанк ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ч.Гт холбогдох,

130100304048 тоот зээлийн гэрээг цуцлах, 19 232 563 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр, М.Мэндбаяр нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 12-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтүвшин, Э.Болор-Эрдэнэ, хариуцагчийн төлөөлөгч М.Ганзориг, өмгөөлөгч Э.Түмэнбаяр, М.Мэндбаяр, ахлах прокурор Ц.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.   

Тбанк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 

Х.Ч,  Ү Г нар нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Тбанкны Орхон салбарын Хороолол тооцооны төвөөс 25.000.000 /хорин таван сая/ төгрөгийн хэрэглээний зээлийг жилийн 26.40 хувийн хүүтэй, З6 сар /3 жил/-ын хугацаатайгаар сар бүр 1.006.940.91 /нэг сая зургаан мянга есөн зуун дөчин төгрөг ерэн нэгэн мөнгө/ төгрөг эргэн төлөх нөхцөлтэйгөөр №130100304048 тоот зээлийн гэрээ байгуулан авсан. Зээлийн барьцаанд зээлдэгч X.Ч өмчлөлийн Ү-2101000964 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын 8 дугаар баг Бүрэнбүст 5 хороолол 13 байр 146 тоот 18.0 мкв талбайтай 1 өрөө орон сууц, гэрийн тавилга, цахилгаан бараа, хөдлөх хөрөнгө, эд хогшлыг барьцаалсан. Зээлдэгч Х.Ч 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан. Хамтран зээлдэгч Ү.Г нь зээлийн гэрээний 2.2.3 дэх заалтыг зөрчиж, зээлийг хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсаар байна. Банкны зүгээс 2019 оны 12 дугаар сарын 09, 2019 оны 12 дугаар сарын 25, 2020 оны 01 дугаар сарын 30-ны өдрүүдэд тус тус гэрээний үүргээ биелүүлж зээлээ төлөх тухай мэдэгдлүүдийг хүлээлгэн өгсөн боловч хамтран зээлдэгчийн зүгээс зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа тул зээлийн гэрээний 6 2.1. 6.2.2 дахь заалтыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар гэрээг цуцлах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 19.232.563.78 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.

Хариуцагч Ү.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Тбанкны нэхэмжлэлтэй гэрээ цуцлах, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Ү.Г нь Тбанкны Орхон салбараас зээл авах хүсэлт гаргаагүй бөгөөд харин эхнэр, одоо нас барсан талийгаач Х.Чыг Д гэгч эмэгтэй ятгаж улмаар зээл авхуулж зээлээр олгосон мөнгөний дийлэнхийг нь авсан байдаг. Уг зээлийн мөнгийг Ү.Г хүлээж аваагүй, түүний дансанд шилжүүлээгүй, ороогүй, зээлийн данс гэж байхгүй болно. Би өөрөө зээл авч байгаагүй. Харин эхнэрийг тухайн үед 10 000 000 төгрөгийн зээлийг авч байна гэж ойлгож гарын үсэг зурсан.

2. Миний бие 2018 оны 08 дугаар сард эхнэр бага хэмжээний зээл авах гэж байгаа хүрээд ир гэхээр тухайн үед нь очиж жижиг бичигдсэн, хараа муутай тул уншиж чадахааргүй гэрээнд гарын үсэг зурсан. Уг гэрээгээр 25 000 000 төгрөг авсныг эхнэрийгээ нас барсны дараа охин Г.Д, Г.Ижилмөрөн нараас олж мэдсэн. Миний хувьд уг зээлийн мөнгийг авч хэрэглээгүй, зээлийн гэрээг ч уншиж танилцаагүй, хараа муутай, хөгшин хүнд уншигдахгүй гэрээ байсан. Эхнэрийгээ өөрийнхөө хэрэгцээнд бага хэмжээний мөнгө авна гэсэн болохоор нь итгээд хамтран үүрэг гүйцэтгэгчээр зурсан боловч уг зээлийг би аваагүй болно.

3. Миний эхнэр Х.Ч нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өвчнөөр нас барсан ба уг байдлыг үүсэх үед нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр миний бие их хэмжээний зээл авсныг нь мэдээд Тбанкны Орхон салбарын төв дээр Энхтүвшин гэдэг хүнд очиж өргөдөл өгсөн. Уг өргөдөлдөө зээлийн гэрээг цуцалж, хүүг зогсоож, мөнгийг нь залилж авсан С.Дгээс авах нь зүйтэй байгаа тухай бичиж өгсөн боловч Банкны зүгээс 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр л шүүхэд хандсан байна. Ингэснээр хүү нэмэгдэж, их хэмжээний өр үүсэх нөхцөл бүрджээ. Иймээс миний бие уг зээлийг аваагүй, үндсэн үүрэг гүйцэтгэгч нас барсан, гэрээ дуусгавар болох тухай хуульд заасан үндэслэл бүрдсэн байхад надаас зээл гэж 16 586 900 төгрөг, зээлийн хүү гэж 2 615 367 төгрөг, нэмэгдүүлсэн хүү гэж 30 295 төгрөг тус тус нэхэмжилснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүхэд төрийг төлөөлж шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Мөнхтуяа шүүхэд гаргасан санал, дүгнэлтдээ: Орхон аймгийн прокурорын газрын ахлах прокурор Ц.Мөнхтуяа би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.10 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийг төлөөлж прокуророор оролцож байна.

1. Тбанкны Орхон салбараас Х.Ч, Ү.Г нартай байгуулсан 130100304048 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүрэгт 19232563.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

2. Банкнаас зээл олгох гэрээгээр банк, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан байдаг.

Хуульд өөрөөр заагаагүй бол банкнаас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсний дагуу нэхэмжлэгч 25 сая төгрөгийг зээлүүлэх, хариуцагч Х.Ч, Ү.Г нар уг мөнгийг зээлэх гэрээг талууд бичгээр хийж, зохигч нар гарын үсэг зурсан нь 2018.08.03-ний өдрийн 130100304048 дугаартай зээлийн гэрээгээр нотлогдож байна. Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу зээлдэгчид шилжүүлэх үүрэг хүлээх бөгөөд зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно. Зээлдэгч Х.Чын 340501904003 дугаартай дансанд 2018.08.03-ны өдөр банкнаас 25 сая төгрөгийг шилжүүлсэн мемориалын баримт хэрэгт авагдсан тул банк 2019.08.03-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 25 сая төгрөгийг хариуцагч нарт хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Харин хариуцагч Ү.Г нь 25 сая төгрөг зээлж авч байгааг мэдээгүй, Ү.Гын дансанд уг мөнгө ороогүй гэж мэтгэлцэж байгаа нь дараах баримтуудаар үгүйсгэгдэж байна. Ү.Г нь зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон ба зээлийн гэрээ болон зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгтэд тус тус 25 сая төгрөгийн зээл олгож байгаа талаар бичигдсэн ба хамтран зээлдэгчээр Ү.Г гарын үсэг зурж баталгаажуулсан баримт хэрэгт авагдсан, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэхь хэсэгт ... банк хамтран зээлдэгчийн дансанд бус зээлдэгчийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан тул Х.Чын дансанд 25 сая төгрөгийг шилжүүлсэн нь үндэслэлтэй байна. Иймд Зээлийн гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэг, 42 дугаар зүйлийн 42.1,42.2 дахь хэсэгт тус тус нийцсэн гэрээ хүчин төгөлдөр байх тул талуудын хэн аль нь гэрээний үүргийг биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм. Мөн хариуцагч Ү.Г нь зээлийг бүхэлд нь Х.Ч аваагүй зээл авсан дариудаа Д гэх хүнд 15 741 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг тул Дгээр төлүүлж өгнө үү гэх тайлбарыг удаа дараа гаргадаг боловч зээлдэгч Х.Ч өөрийн авсан зээлийг хэрхэн яаж захиран зарцуулах нь түүний эрхийн асуудал, банк зээлийн захиран зарцуулалтад хяналт тавих эрхгүй.

Зээлдэгч Х.Ч 2019.11.01-ний өдөр нас барж зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ. Зээлийн гэрээний 3.2-д зээлдэгчийн үүрэг, 3.2.10-т ...зээлдэгч нас барсан тохиолдолд..хамтран зээлдэгч гэрээний дагуу зээлийн төлбөр, холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцан барагдуулах үүргийг, 3.3-т хамтран зээлдэгч нь Зээлдэгчийн нэгэн адил эрхийн эдэлж, үүргийг хүлээнэ гэж тус тус заасан байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т ...үүрэг гүйцэтгүүлэгч ч өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан байх тул банк Ү.Гаас үүргээ гүйцэтгэхийг шаардах, зээлийн гэрээний үүрэгт 19232563,48 төгрөг нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хамтран зээлдэгч Ү.Г нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй 2019.12 сараас хойш төлөлт хийгээгүй гэсэн үндэслэлээр банк үндсэн зээлийн үлдэгдэлд 16 586 900.75 төгрөг, гэрээний хүү 2 615 367.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 30 295.40 төгрөг нийт 19 232 563.48 төгрөг шаардсан нь Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Мөн банк Зээлийн гэрээний 6.1 дүгээр зүйлийн 6.2.1-д заасны дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхийнхээ дагуу гаргасан хүсэлт нь үндэслэлтэй байх тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, хариуцагч Ү.Гаас 19 232 563.48 төгрөгийг гаргуулан Тбанкны Орхон салбарт олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна” гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 142/ШШ2020/01098 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Тбанк Х.Ч, Ү.Г нарын хооронд байгуулагдсан 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 130100304048 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Ү.Гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 19 232 563.78 /арван есөн сая хоёр зуун гучин хоёр мянга таван зуун жаран гурван төгрөг далан найман мөнгө/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Тбанкны Орхон салбарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254.113 /хоёр зуун тавин дөрвөн мянга нэг зуун арван гурав/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү.Гаас 254.113 /хоёр зуун тавин дөрвөн мянга нэг зуун арван гурав/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Тбанкны Орхон салбарт олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч  М.Ганзориг, өмгөөлөгч Э.Түмэнбаяр, М.Мэндбаяр нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүх хэрэгт тогтоогдсон гэрээ цуцлах саналыг гаргасаар байхад Тбанк нь хүүг зогсоох, зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй зэрэг зээлийн гэрээнд заасан ноцтой зөрчил гарсаар байхад шүүхэд нэхэмжлэлээ гаргах эрхээ хэрэгжүүлээгүй атлаа зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүг Ү.Гаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал зээлийн гэрээний үүргээ зөрчиж, зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, зээлийн гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсон тухай мэдэгдсээр байхад банк эрхээ хэрэгжүүлээгүйд Ү.Гыг буруутгаж буй анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

            Хариуцагч Ү.Г нь хамтран зээлдэгч гэж гэрээнд гарын үсэг зурсан нь Банк, эрх бүхийн хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасан зээлийн данс нээж зээл олгоогүй, хариуцагчид зээлээр олгосон мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй, зээлийн гэрээг уншиж танилцсан зэргийг нотолсон баримт байхгүй байхад Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргахаар шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй байна. Зээлийн гэрээний зохицуулалт нь дээрх хуулиас дээгүүр мөрдөгдөх хэм хэмжээ биш бөгөөд гагцхүү хууль...гэрээнд өөрөөр заагаагүй бол...диспозици заагаагүй байхад шүүх хэт нэг талыг барьж хэрэгт тогтоогдсон үйл баримт, нотлох баримт талуудын тайлбарыг хуульд заасны дагуу эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

            Нэхэмжлэгчийн анх зээл олгохдоо талийгаачийн Мэнд Амар худалдааны төвд эрхэлдэг худалдааны лангууны орлогыг тодорхойлсны үндсэн дээр уг зээлийг төлөгдөх боломжтойд тооцож их хэмжээний зээлийг талийгаачийн өргөдөл, хүсэлтийн дагуу олгосон нь зээлийн хувийн хэрэгт нотлох баримтаар авагдсан. Тодруулбал Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасны дагуу үүрэг дуусгавар болсон байхад үүнийг шүүх анхаарахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй байна.

            Зээлийн гэрээнд заасан хамтран зээлдэгч нь зээлдэгчийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, зээлийн үйл ажиллагааны журамд заасан заалт зэрэг нь хэдийгээр талуудын хүлээх үүргийг баталгаажуулж байгаа мэт боловч хамтран зээлдэгч нь зээлээр олгосон мөнгөн хөрөнгийг бүтнээр нь эсхүл зарим хэсгийг хүлээж аваагүй, банк хүлээлгэж өгөөгүй байхад адил эрх эдэлсэн, эдлэх боломжтой талаар дүгнэх боломжгүй байна. Тодруулбал эрхээ эдлээгүй хамтран зээлдэгч, үүрэг хүлээх боломжгүй шүүх анхаарахгүйгээр барахгүй хэт нэг талыг барьж нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 142/ШШ2020/01098 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг  бүхэлд хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэж өгнө үү? гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан  байна.

Нэхэмжлэгч Тбанк ХХК-ийн Орхон салбар нь хариуцагч Ү.Гаас “130100304048 тоот зээлийн гэрээг цуцлах, 19.232.563.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч “...Чимэгбаяр нь 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр нас барсны дараа их хэмжээний зээл авсанг мэдсэн, би зээлийг аваагүй, Д гэдэг хүнд өгсөн тул зээлийг төлөхгүй, ...банкинд зээлийн гэрээг  цуцалж, Дгээр төлүүлэх талаар өргөдөл гаргаж байсан” гэх тайлбар гаргаж,  мэтгэлцжээ.  

Хэрэгт авагдсан нотлох баримтаар талийгаач Хүрэл овогтой Чимэгбаяр болон хамтран зээлдэгч Ү.Г нар тус банкнаас 25.000.000 /хорин таван сая/ төгрөгийн хэрэглээний зээлийг жилийн 26.40 хувийн хүүтэй, З6 сарын хугацаатай авч,  зээлийн барьцаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 8 дугаар баг Бүрэнбүст 5 хороолол 13 байр 146 тоот 18.0 мкв талбайтай 1 өрөө орон сууц барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагад нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

            Зээлдэгч асан Х.Ч нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл-8.413.099 төгрөг, зээлийн хүү-7.261.249 төгрөг төлсөн ба түүнийг  нас барсны дараа  зээлийн төлбөрийг   тогтмол  төлөгдөх үүрэг биелэгдэх  боломжгүй болсон, нэхэмжлэгч талаас удаа дараа хамтран зээлдэгчид зээлийн төлбөр  төлөх талаар мэдэгдэж байсан нь хэргийн баримтаар  тогтоогдсон тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.1-д заасан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл бүрджээ.  

Шүүх  хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж,  үндсэн зээл 16.586.900 төгрөг, зээлийн хүү 2.615.367 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30.295 төгрөг нийт 19.232.563 төгрөгийг хамтран зээлдэгчээс гаргуулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Хэдийгээр хариуцагч Ү.Г нь талийгаач Х.Чын нэр дээр олгогдсон зээлийг би аваагүй,  Д авсан тул зээлийн төлбөрийг төлөхгүй гэж байгаа тайлбар, татгалзлал нь  талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу төлөгдөх үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлд хамаарахгүй харин зээлийг бусдад шилжүүлснээс үүссэн хохирлоо жич нэхэмжлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийг оролцогчийн эрхийг ноцтой зөрчөөгүй байна.  

Хариуцагч Ү.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, өмгөөлөгч М.Мэндбаяр, Түмэнбаяр нарын гаргасан “...эрхээ эдлээгүй хамтран зээлдэгч, үүрэг хүлээх боломжгүй шүүх анхаарахгүйгээр барахгүй хэт нэг талыг барьж нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн  шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг  бүхэлд хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэж өгнө үү” гэх давж заалдсан гомдлын үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 142/ШШ2020/01098 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч М.Ганзориг, өмгөөлөгч Э.Түмэнбаяр, М.Мэндбаяр нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Ч.Гын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254.110 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                     Б.БАТТӨР

                                                                        Б.ОЮУНЦЭЦЭГ