Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2022/00439

 

“Т Б” ХХК-ийн Орхон салбарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 142/ШШ2020/01098 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 117 дугаар магадлалтай,

“Т Б” ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй

Ү.Г-т холбогдох

Зээлийн гэрээг цуцлах, 19,232,563 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ү.Гын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Прокурор Ш.Одонсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “Т Б” ХХК нь Ү.Г-т холбогдуулан зээлийн гэрээг цуцлах, 19,232,563 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 142/ШШ2020/01098 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Т Б Х.Чимэгбаяр, Ү.Г нарын хооронд байгуулагдсан 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 130100304048 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Ү.Гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 19 232 563.78 /арван есөн сая хоёр зуун гучин хоёр мянга таван зуун жаран гурван төгрөг далан найман мөнгө/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т Бны Орхон салбарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254 113 /хоёр зуун тавин дөрвөн мянга нэг зуун арван гурав/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү.Г-аас 254 113 /хоёр зуун тавин дөрвөн мянга нэг зуун арван гурав/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т Бны Орхон салбарт олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 117 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 142/ШШ2020/01098 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч М.Ганзориг, өмгөөлөгч Э.Түмэнбаяр, М.Мэндбаяр нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Ч.Ганбаатарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254.110 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Ү.Г хяналтын гомдолдоо: шийдвэрээр, магадлалаар тус тус шийдвэрлэсэн ба уг магадлалыг эс зөвшөөрч хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр дараах хяналтын гомдлыг гаргаж байна. Үүнд: Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тухайд: Нэг. Хариуцагч Ү.Г нь хамтран зээлдэгч гэж гэрээнд гарын үсэг зурсан болохоос зээл аваагүй, зээлийн данс эзэмшээгүй, зээлээр олгосон мөнгөн хөрөнгийг хүлээж аваагүй. Т Б нь тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйл заасан зээлийн данс нээж зээл олгоогүй, хариуцагчид зээлээр олгосон мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсоор байхад уг хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй нь шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй харуулж байна. Ү.Г миний бие зээлийн гэрээг уншиж танилцаагүй бөгөөд үүнийг нотолсон баримт хэрэгт байхгүй байхад Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг надаас гаргахаар шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй байна. Зээлийн гэрээний зохицуулалт нь дээрх хуулиас дээгүүр мөрдөгдөх хэм хэмжээ биш бөгөөд гагцхүү хууль...гэрээнд өөрөөр заагаагүй бол... диспозици заагаагүй байхад шүүх хэт нэг талыг барьж хэрэгт тогтоогдсон үйл баримт, нотлох баримт талуудын тайлбарыг хуульд заасны дагуу үнэлээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна. Хоёр. Нэхэмжлэгчийн анх зээл олгохдоо талийгаачийн Мэнд амар худалдааны төвд эрхэлдэг худалдааны лангууны орлогыг тодорхойлсны үндсэн дээр уг зээлийг төлөгдөх боломжтойд тооцож их хэмжээний зээлийг талийгаачийн өргөдөл, хүсэлтийн дагуу олгосон нь зээлийн хувийн хэрэгт нотлох баримтаар авагдсан. Тодруулбал Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасны дагуу үүрэг дуусгавар болсон байхад үүнийг шүүх анхаарахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй байна. Уг хуулийн зохицуулалтыг шүүх хэрэглэх боломжтой болох нь Т Бны зээлийн журам хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд уг журмаар ...хэрэглээний зээл гэх ойлголтонд цалин, тэтгэвэр, талийгаачийн хувийн үйл ажиллагаа, түүний орлогыг барьцаалсан энэ зээл хүртэл нэгэн адил хамаарч байхад анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-ийг хэрэглээгүй нь шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй нотолж байна. Гурав. Шүүх хэрэгт тогтоогдсон, зээлийг зориулалтын бусаар ашигласан болон цаашид төлөх боломжгүй болсон тухай дурьдаж, улмаар гэрээ цуцлах саналыг Ү.Г гаргасаар байхад Т Б нь хүүг зогсоох, зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй зэрэг зээлийн гэрээнд заасан ноцтой зөрчил гарсаар байхад шүүхэд нэхэмжлэлээ гаргах эрхээ хэрэгжүүлээгүй атлаа зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Ү.Гаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал зээлийн гэрээний үүргээ зөрчиж зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, зээлийн гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсон тухай мэдэгдсээр байхад банк эрхээ хэрэгжүүлээгүйд Ү.Г-ыг буруутгаж, улмаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар заасан шийдвэр, магадлал илт үндэслэлгүй байна. Иргэний хуульд заасан үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлснээс үүсэх үүрэг, эрх зүйн үр дагаврыг нэхэмжлэгч Т Бинд хариуцуулахгүй байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тодруулбал шүүхүүд Иргэний хуулийн 223, 224 дүгээр зүйлд заасныг тайлбарлаж хэрэглээгүй нь тухайн шийдвэр, магадлал илт үндэслэлгүй болсон. Дөрөв. Зээлийн гэрээнд заасан хамтран зээлдэгч нь зээлдэгчийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, зээлийн үйл ажиллагааны журамд заасан заалт зэрэг нь хэдийгээр талуудын хүлээх үүргийг баталгаажуулж байгаа мэт боловч хамтран зээлдэгч нь зээлээр олгосон мөнгөн хөрөнгийг бүтнээр нь эсхүл, зарим хэсгийг нь хүлээж аваагүй, банк хүлээлгэж өгөөгүй байхад адил эрх эдэлсэн, эдлэх боломжтой талаар дүгнэх боломжгүй байна. Тодруулбал эрхээ эдлээгүй хамтран зээлдэгч, үүрэг хүлээх боломжгүй шүүх анхаарахгүйгээр барахгүй хэт нэг талыг барьж нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар үнэлээгүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж байна. Иймээс шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” эсэх үндэслэлээр  хэргийг хянан хэлэлцээд хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

6. Нэхэмжлэгч “Т Б” ХХК-ийн Орхон салбар нь хариуцагч Ү.Гт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, 19,232,563 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “хамтран зээлдэгч Х.Чимэгбаяр 2019.11.01-ний өдөр нас барсны дараа их хэмжээний зээл авсан болохыг мэдсэн, зээлийг би аваагүй, ашиглаагүй, Даваасүрэн гэдэг хүнд өгсөн тул зээлийг төлөхгүй, зээлийн гэрээг цуцалж, Даваасүрэнгээр төлүүлэх талаар банкинд өргөдөл гаргаж байсан” гэж маргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Орхон аймгийн Прокурорын газрын ахлах прокурор оролцож, нэхэмжлэлийг дэмжиж оролцжээ.

7. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хууль, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба харин гэрээг цуцлах нь нэхэмжлэлийн үндэслэл болсон байхад нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж шийдвэрлэсэн нь буруу тул залруулж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

8. “Т Б” ХХК-ийн Орхон салбар, Х.Чимэгбаяр,Ү.Г нар 2018.08.03-ны өдөр гэрээ байгуулж, тус банкнаас 25,000,000 төгрөгийг жилийн 26.40 хувийн хүүтэй, З6 сарын хугацаатай авч, зээлийн барьцаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 8 дугаар баг Бүрэнбүст 5 хороолол 13 байр 146 тоот 18.0 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалсан, эдгээр гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр байна. Шүүх зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд зээл олгосон гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйлийн зохицуулалтад нийцжээ. Хариуцагч Х.Чимэгбаяр 2019.11.01-ний өдөр нас баржээ.

9. Хариуцагч Ү.Г зээлийн гэрээнд хамтран зээлдэгч гэж гарын үсэг зурсан, 25,000,000 төгрөгийн зээлийг буцаан төлөх хуваарийг зөвшөөрч гарын үсэг зурснаас үзэхэд зээлийн хэмжээг мэдээгүй, зээлийг төлөхгүй гэх татгалзал, энэ талаарх гомдол үндэслэлгүй байна. Ү.Г нь гэрээний дагуу зээлийн үүргийг хамтран хариуцахаар үүрэг хүлээсэн, зээлдэгч нар хоорондоо ашиг сонирхол нэг, нэхэмжлэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь, эсвэл үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрхтэйг гэрээгээр тохирсон байх тул хариуцагчид холбогдох нэхэмжлэл үндэслэлтэй, шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

10. Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр   зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Зээлдэгч нь 2019 оны 12 сараас зээлийн төлбөрийг тогтмол төлөх үүргээ зөрчсөн, нэхэмжлэгч талаас удаа дараа хамтран зээлдэгчид зээлийн төлбөр төлөх талаар мэдэгдэж байсан боловч үүргийг биелүүлээгүй тул зээлийн гэрээний 6.2.1, 6.2.2, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.” гэж заасны дагуу гэрээг цуцалжээ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж, шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэр гэрээг цуцалж, энэ хүртэлх гэрээний үүрэг үндсэн зээл 16,586,900 төгрөг, зээлийн хүү 2,615,367 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,295 төгрөг нийт 19,232,563 төгрөгийг хамтран зээлдэгч Ү.Гаас гаргуулж шийдвэрлэсэн байна. Гэрээг цуцалсан нь нэхэмжлэлийн үндэслэл тул шүүх гэрээг цуцлахгүй бөгөөд энэ талаар шийдвэр, магадлалд залруулах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 117 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 142/ШШ2020/01098 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...“Т Б” ХХК Х.Чимэгбаяр,Ү.Г нарын хооронд байгуулагдсан 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 130100304048 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж,” гэснийг хасч, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 254,110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.МӨНХТУЯА

                                    ШҮҮГЧИД                                                            Г.БАНЗРАГЧ

                                                                                                                 П.ЗОЛЗАЯА

                                                                                                                 Д.ЦОЛМОН

                                                                                                                 Х.ЭРДЭНЭСУВД