Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 142/ШШ2020/01162

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Л.Б нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Б.Э холбогдох

            177 451 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, хариуцагчийн өмгөөлөгч М.М, Э.Т, гэрч Б.М, Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Л.Б нь хувиараа бизнес эрхэлдэг нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Би Б.Этай 2019 оны 11 сарын үед хүний зээл чөлөөлж байгаад танилцсан юм. Тэгээд би Б.Эгаас 2019 оны 11 сарын 20-ний өдрөөс эхлэн 1 000 000 төгрөгөөс 20 000 000 төгрөг хүртэл хэмжээний мөнгө зээлж аваад өөрийн боломжоороо өдөрт нь буцааж өгөөд явж байсан. Би Б.Эгаас нийтдээ 1 459 522 500 /нэг тэрбум дөрвөн зуун тавин есөн сая таван зуун хорин хоёр мянга таван зуун төгрөг/ төгрөгийг 2019 оны 11 сарын 20-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хооронд дансаар шилжүүлж авсан, Б.Э Хаан банкны 5217070895 тоот харилцах данстай ба уг данснаас миний Хаан банкны 5094130002 тоот данс руу “Бт” “Энхамгалангаас Бт” гэсэн утгаар шилжүүлдэг байсан юм. Би буцааж Б.Эгийн данс руу нийтдээ 1 636 974 000 /нэг тэрбум зургаан зуун гучин зургаан сая есөн зуун далан дөрвөн мянган төгрөг/ төгрөгийг дээрх хугацаанд шилжүүлсэн байгаа нь Хаан банкны хуулгаар тодорхой болсон. Б.Э надад мөнгө зээлчихээд дараа нь өндөр хэмжээний хүү нэхэж /өдрийн 2 хувь буюу сарын 60 хувь хүү/ намайг янз бүрийн дарамт шахалтанд оруулж бие махбодь, сэтгэл санааны асар их дарамтанд байлгаж байна. Манай гэрт 2-3 машинтай хүмүүс ирээд хашааны хаалга хаагаад өдөр шөнө гэлтгүй зогсож, мөнгө өг гэж нэхнэ нөхөр хүүхдүүдээс элдэв янзын юм асууна. Б.Э надаас үндэслэлгүй мөнгө нэхэж 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр намайг Барилгачдын талбай дээр уулзья хүрээд ир гэхээр нь би өөрийнхөө 42-42 ОРБ улсын дугаартай Тоёото кровн маркын машинтай очиж уулзахад тэнд Б.Э хажуудаа Чанцалдулам, С нарын хамт өөрийнхөө машинтай ирчихсэн байсан тэгээд би тэдний машинд суухад Б.Э манай эгчтэй гар утсаар яриад “би танай дүүгийн чинь болон таны талаар фэйсбүүк дээр тавина шившгийг чинь дэлгэнэ шүү" гэх мэтээр дарамтлаад ярьж байсан. Б.Э утсаар өөрийнхөө ах дүү нараа дуудахад 2 хүн ирсэн, тэд нар миний машины түлхүүрийг цүнхнээс булааж аваад дүү Тэлмэндээ өгөөд гэрийн гадаа аваачаад тавьчихаад ир гээд миний машиныг өгөөд явуулсан, тэгчихээд өөрийнхөө ахыг дуудсан, Сы нөхөр, хүргэн ах нар ирсэн, тэгээд тэд нар нэлээн олуулаа болсон, С миний гар утас, иргэний үнэмлэхийг булааж авсан, Хаан банкны хуулгаа авч өг чиний хуулгыг шалгаж үзнэ гээд дарамтлаад байхаар нь би банкнаас дансны хуулгаа авч өгсөн тэгээд тэд нар дахиад Барилгачдын талбай дээр очсон намайг Б.Эгийн машинд суулгаад машины 2 талд Сы нөхөр, Тэлмэний хоёр машиныг зэрэгцүүлж тавиад намайг буулгахгүй, явуулахгүйгээр машинд суугаагаар хонуулсан. Тухайн үед Б.Э намайг ална гэж чирсэн, цохих гэж дарамталсан, харин төрсөн дүү нь салгаж болиулсан, тэд нар өөрсдөө машиндаа хоол авчирч идээд хөнжил гудсаа авчираад машиндаа ээлжлээд хоносон би хоол ундгүй өлсөж даарч хоносон. Би цагдаагийн байгууллагад энэ хүмүүсийн “Хүн барьцаалах”, “Заналхийлэх” гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар дэлгэрэнгүй байдлаар тусд нь өргөдөл гаргаж өгсөн тул энд дэлгэрэнгүй дурдахгүй. Би Б.Эгаас авсан мөнгөндөө хүү төлөх үүрэг байхгүй, үндсэн мөнгөө бүрэн өгч дууссан, тэр бүү хэл 177 451 500 төгрөгийг Б.Эд илүү төлсөн байхад намайг ингэж дарамталж үндэслэлгүй мөнгө, хүү нэхэж янз бүрийн байдлаар дарамтлаад байгаад гомдолтой байна. Би төрсөн дүү Л.Батсүхийн данс руу 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 12 цаг 11 минутанд 11 400 000 төгрөгийг шилжүүлж, Л.Батсүхийн данснаас Б.Эгийн данс руу 12 цаг 12 минутанд буцаан шилжүүлсэн, 13 цаг 11 минутанд мөн 2 550 000 төгрөг шилжүүлж, Б.Эгийн данс руу 13 цаг 13 минутанд шилжүүлсэн. Энэ мөнгө нь нэхэмжилж буй үнийн дүнд тооцогдсон болно. Мөн Б.Э нь миний унаж байсан Приус 30 загварын, 15-49 УАВ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн авто машиныг надаар хүү төлүүлэх зорилгоор, мөнгө өгсөний дараа машиныг буцааж өгнө гээд үндэслэлгүйгээр барьцаанд аваад одоо өөрөө унаж ашиглаж байсныг цагдаагийн байгууллага Б.Эгаас буцааж авч өгсөн. Би Хаан банкны дансны хуулгаа өдөр сараар нь хэдэн төгрөгийг ямар данснаас шилжүүлсэн талаар нэхэмжлэлд хавсралтаар гаргаж өгч байна, уг хүснэгтэнд Б.Эгаас хэзээ хэдэн төгрөг орж ирсэн, би түүний данс руу хэзээ хэдэн төгрөг шилжүүлсэн талаар бусдад ойлгомжтой болгох зорилгоор хүснэгтэнд жагсаасан болно. Мөн зарим дансны хуулга дээр мөнгө шилжүүлсэн баримтгүй байх тул хэрэгт хавсаргаагүй. Б.Эд өөрийн болон дүү Л.Батсүхийн данснаар дамжуулан шилжүүлж өгсөн нийт 177 451 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн бөгөөд итгэмжлдэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа Б.Эгаас шилжүүлж орсон 76 000 000 төгрөгөөс 9 000 000 төгрөгийг тооцож, 67 000 000 төгрөгийг тооцож хасаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж, 110 451 500 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүх  хуралдаанд тайлбарлахдаа: Борис овогтой Э миний бие нь Бтэй 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр анх 3 000 000 төгрөгний зээл чөлөөлүүлье гэж ярьсанаар холбогдсон юм. Энэ өдрөөс хойш байнга элдвийн юм ярьж, мөнгө зээлээч гэж гуйдаг байсан. Ингэхдээ нэгдүгээрт ээж Америкийн визэнд орж байгаа дансны гүйлгээг сайжруулах хэрэгтэй байна, хоёрдугаарт төрсөн эгч Болормаа маань “Мах импекс”-т ерөнхий нягтлан хийдэг компанийхаа дансанд их хэмжээний мөнгө байршуулж тендер авдаг юмаа гэж, гуравдугаарт эгч гокын тендер авч байгаа гэж хуурамч гэрээ хүртэл харуулж мөнгө зээлж байсан. Ийнхүү мөнгө зээлж авахдаа Б өөрөө хүүний талаарх саналаа хэлдэг байсан. Би хэзээ ч өндөр хүүгээр мөнгө зээлнэ гэж хэлж, тулгаж байгаагүй. Их хэмжээний буюу 10 сая төгрөөс дээш мөнгө зээлэх үедээ “би зээл өгөх боломжгүй” гэхэд хүүг хангалттай өгнө гэж хэлээд л зээл авдаг байсан. Миний зүгээс Бийг ална тална гэж байсан зүйл байхгүй. Биеийн хүчний хувьд ч надаас том биетэй чадалтай тул надад хүч хэрэглүүлээд байхааргүй хүн. Миний бие түүнд хүч хэрэглэж, гэмтээж бэртээсэн, биед нь халдсан зүйл байхгүй, харин худал ярьсныг нь мэдээд яагаад худлаа ярьсан бэ, зээлсэн мөнгө эргүүлж өг гэж амаар шаардаж байсан. 2020 оны 06 дугаар 16-ны өдөр зээлсэн мөнгөө өг гэж хэлэхэд нөхөр удахгүй ирнэ энд хүлээж байя гэж Барилгачдын талбайд удаан хугацаагаар хүлээлгэж, тэр үедээ өөрийнхөө утсаар байнга ярьж байсан. Тухайн үедээ өөрийн хүссэнээрээ хүмүүстэй ярьж байсан нь түүнийг энэ тайлбар нь худал болохыг нотолно. Миний бие тус өдөр Бийг худал ярьсан байж магадгүй болохоор /10-н жилийн ангийнхнаасаа “нөхөр тархины хорт хавдартай болсон, хагалгаанд очиж орно гэж” худал хэлж мөнгө авсан байсныг нь мэдсэн/ нь эгч Болормаагийн 9988-5001 гэх дугаараар Бийн зээл авахдаа хэлж байсан зүйлсийг тодруулахаар ярьхад эгч нь түүний ярьсныг шууд үгүйсгэж, худал ярьсныг нь улмаар цагдаа, шүүхэд хандаарай гэж хэлсэн. Түүнээс Бийн эгчтэй би маргалдаж, дарамтлаагүй, нэр төрд нь халдах тухай огт яриагүй. Харин Б нь надаас байнга зээл өгөхийг хүсдэг байсан, түүний зээл авахдаа надад тайлбарлаж хэлдэг байсан зүйлс нь бидний хооронд харилцсан гар утасны болон фэйсбүүкт илгээж байсан мэссэжээр нотлогдоно. Миний хувьд түүнээс хүчээр мөнгө авч, бас хүчээр мөнгө өгч байгаагүй, өөрөө сайн дурын үндсэн дээр хүсэж зээлж аваад, өөрөө сайн дурын үндсэн дээр эргүүлэн хүүгийн хамт төлдөг байсан. Миний хувьд Бт өөрийнх нь хүсэлтээр мөнгө зээлдүүлж байсан болохоос миний бие түүнээс мөнгө зээлж байгаагүй. Надад тийм хэрэгцээ шаардлага байгаагүй. Тиймээс миний бие Бт төлөх өр төлбөргүй. Харин ч түүнээс авах авлагатай. Үүнийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан байгаа болно. Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ надаас 1 459 522 500 төгрөг авч, 1 636 974 000 төгрөг эргүүлэн өгсөн гэдэг нь үндэслэлгүй худал тайлбар байх ба бидний хэнд нь ч ийм их хэмжээний мөнгө байхгүй болно. Миний хувьд Согоот багийн ажилтнуудыг танихгүй, тэдгээр хүмүүс ямар ажил хийснийг миний бие мэдэхгүй, хариуцахгүй. Иймээс нэхэмжлэлийн бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Энэ мэтээр намайг гүтгэсэн, нэхэмжлэл нь худал зүйлсэд үндэслэн, үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Б хариуцагч Б.Эд холбогдуулан 177 451 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нэхэмжлэлийн шаардлагаа 67 000 000 төгрөгөөр бууруулж, 110 451 500 төгрөг болгон нэхэмжилж байна.

Хариуцагч Б.Э болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Зохигчид 2019 оны 11 дүгээр сард зээл чөлөөлөх үйл ажиллагаагаар анх танилцсан бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Б.Эгийн Хаан банк, Худалдаа хөгжлийн банкны дансаар олон удаагийн давтамжтайгаар нийт 1 526 522 500 төгрөгийг Л.Бийн Хаан банкны дансаар шилжүүлсэн бөгөөд Л.Б нь нийт 1 636 974 000 төгрөгийг дүү Л.Батсүхийн болон өөрийн дансаар буцаан шилжүүлж өгсөн байна.

Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү төлөх үүрэггүй, хариуцагч бие махбодь сэтгэл санааны дарамтанд байлгаж, мөнгө өг гэж дарамталдаг, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Барилгачдын талбай дээр дуудаж машиндаа хонуулан дарамталсан, уг хэрэгт нь цагдаад хандаж өргөдөл өгсөн байгаа. Иймд илүү төлсөн 110 451 500 төгрөгийг хариуцагч Б.Эгаас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа тайлбартаа: Л.Б нь сайн дураар холбогдож зээл чөлөөлүүлье гэсэн. Зээл авах талаар анх нэхэмжлэгч өөрөө холбогдсон. Түүнийг дарамталж, шахсан зүйл байхгүй. Мах импекст ажилтай эгч болон Гок-ын тендер авсан, Америкийн визэнд ороход дансаар мөнгө орж гарсан байх ёстой гэх мэт хүсэлт тавьж 2 хувь гэж байсан боловч түүнд 1 хувиар тооцдог байсан. Машин авсан тухайд ямар ч барьцаагүй мөнгө өгсөн учраас өөртөө туслах үйлдэл хийсэн. Яг үнэндээ ийм их мөнгө хэнд маань ч байхгүй, 200 000 000 төгрөгийг дахин дахин ашиглаж байсан. Худалдаа хөгжлийн банкаар шилжүүлсэн 76 000 000 төгрөгийг тооцоогүй байх тул хасч тооцох, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хойшхи мөнгө аваад буцааж төлсөн. Үүрэг дуусгавар болсон, гэрээний дагуу үүргээ биелүүлчихээд дарамтанд орсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, барьцаалсан, заналхийлсэн зүйл байхгүй, нөхөр ирж яваа гэсээр хоносон гэж тайлбарладаг.  

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3.Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан байна.

Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд зээлийн хүүг амаар хэлэлцэн тохирохдоо 1 хувь байхаар тогтсон болох нь зохигчдын тайлбар мэдүүлэг, мөнгө шилжүүлж байсан болохыг нотлосон банкны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.

Хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч Л.Бт удаа дараагийн үйлдлээр мөнгө зээлдүүлдэг бөгөөд тэрээр зээлийн үйл ажиллагаа эрхлэдэг болох нь гэрч Б.Мгийн “…зээл чөлөөлөх зараар анх холбогдсон, эгч завгүй учир би анх уулзсан. Эгчийн 3 000 000 төгрөгийг ашиглаж зээл чөлөөлсөн гэх тайлбар, гэрч Г.Сы ...Эг хэлэхээр нөхрийн дансаар 10 сая төгрөг, дараа нь би 20 сая төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг Эгаас буцааж авсангэх мэдүүлгээр хариуцагч Б.Э нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өдөрт 1 хувийн хүү төлөхөөр талууд хэлэлцэн тохирсон нь зээлийн хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд  илтэд хохиролтой тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4.-т банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ тусгай зөвшөөрөлтэй байна гэж заасан бөгөөд хариуцагч Б.Э нь зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ буюу зээл чөлөөлөх үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн дагуу явуулах ёстой байсан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл-ийг хүчин төгөлдөр бус хэлцэл  гэж заасан тул мөн хуулийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Л.Б шаардах эрхтэй.

Харин дүү Л.Батсүхийн Хаан банкны 5090532034 тоот дансаар Б.Эгийн Хаан банкны 5217070895 тоот дансанд буцаан шилжүүлсэн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн гүйлгээгээр 50 000 төгрөг дутуу шилжүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 50 000 төгрөгийг хасч үлдэх 110 401 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

Л.Бийн хүсэлтээр Б.Эг хэлсний дагуу Г.С, Батзориг, Оюумаа нараас нийт 40 000 000 төгрөгийг Л.Бт шилжүүлсэн ба өөрийн болон нөхрийн дансаар шилжүүлсэн нийт 30 000 000 төгрөгийг Б.Эгаас буцаан авсан гэсэн гэрч Г.Сы мэдүүлгээр харилцан тооцож хасах боломжгүй байна. Өөрөө хэлбэл мөнгө шилжүүлсэн болох нь дансны хуулгаар нотлогдож байгаа боловч, буцааж хэдэн төгрөг шилжүүлсэн, хэзээ шилжүүлсэн зэрэг нь тодорхойгүй, хариуцагч Б.Э энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул жич нэхэмжлэх эрхтэй гэж шүүх дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 945 207 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эгаас 709 955 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Бт олгохоор заалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д заасныг баримтлан хариуцагч Б.Эгаас 110 401 500 /нэг зуун арван сая дөрвөн зуун нэг мянга таван зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 67 050 000 /жаран долоон сая тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 945 207 /есөн зуун дөчин таван мянга хоёр зуун долоон/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эгаас 709 955 /долоон зуун есөн мянга есөн зуун тавин тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Бт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.АРИУНЦЭЦЭГ