Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00291

 

 

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00291

 

 

 

Л.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2020/01162 дугаар шийдвэр,

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 119 дүгээр магадлалтай,

Л.*******ийн нэхэмжлэлтэй,

Б.*******д холбогдох

 

177,451,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан 177,451,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

2. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2020/01162 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д заасныг баримтлан хариуцагч Б.*******гаас 110,401,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 67,050,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 945,207 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас 709,955 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.*******т олгож шийдвэрлэжээ.

 

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 119 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 142/ШШ2020/01162 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.*******ийн хариуцагч Б.*******гаас зээлийн хүүгийн төлбөр 177,451,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.26-ны өдрийн 119 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Л.******* нь Б.*******гаас 2019.11.20-ны өдрөөс эхлэн 1,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөг хүртэл хэмжээний мөнгө зээлж аваад өдөр өдөрт нь буцааж өгөөд явж байсан. Энэ хоёрын зээлийн харилцаа нь маш богино хугацаанд буюу өглөө мөнгөө шилжүүлдэг тэр мөнгийг нь буцаагаад үдээс хойш хүүгийн хамт шилжүүлдэг байсан. Л.******* нь Б.*******гаас нийтдээ 1,459,522,500 төгрөгийг /дутуу орхигдуулсан 67,000,000 төгрөгийг нэмэхээр 1,526,522,500 төгрөг болсон/ 2019.11.20-ны өдрөөс 2020.05.30-ны өдрийн хооронд дансаар шилжүүлж аваад буцааж Б.*******гийн данс руу нийтдээ 1,636,974,000 төгрөгийг дээрх хугацаанд шилжүүлсэн байгаа нь Хаан банкны хуулгаар тодорхой болсон.

Л.*******ийн Б.*******д үндэслэлгүйгээр илүү төлсөн мөнгө нь 110,451,500 төгрөг болж байгаа юм. Б.******* Л.*******т мөнгө зээлчхээд дараа нь өндөр хэмжээний хүү нэхэж /өдрийн 1-2 хувь буюу сарын 60 хувь хүү/ янз бүрийн дарамт шахалтад оруулж бие махбод, сэтгэл санааны асар их дарамтад оруулсан. Л.*******ийн хашааны гадна 2-3 машинтай хүмүүс ирээд хашааны хаалга хаагаад өдөр шөнө гэлтгүй зогсож, мөнгө өг гэж нэхэн нөхөр хүүхдүүдээс элдэв янзын юм асуудаг байснаас үүдэн Л.******* Б.*******д үндэслэлгүйгээр өндөр хүү төлж эхэлсэн. Би дараах үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Нэг: Магадлалд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэсэн мөртлөө яагаад ингэж дүгнэсэн үндэслэлээ дурдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2-т заасныг зөрчсөн байна.

Хоёр: Тус магадлалд Л.******* нь хариуцагчаас мөнгө зээлэхдээ өдрөөр эсхүл сарын хэдэн хувийн хүүтэй зээлж авсан нь тодорхой бус өөрөөр хэлбэл өдрийн 2 хувийн хүүтэй, сарын 60 хувийн хүүтэй зээлж авсан, хариуцагчийн дарамтад орж өдрийн хүү төлж байсан гэх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй..." гэжээ. Л.******* нь өдрийн 1-2 хувийн хүү төлж байсан нь Л.*******ийн Хаан банкны дансны хуулга, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн тооцооны хуудас, гэрч Г.Саруулсайхан, Б.Мягмарсүрэн нарын мэдүүлэгт өдрийн 1 хувийн хүү авдаг байсан талаар тодорхой дурдсан, түүнчлэн хариуцагчаас гаргаж өгсөн мессежинд хүү төлөхийг шаардсан, дарамталсан шинжтэй зурвасууд, цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлтэй холбоотой баримтууд, бусад нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нотлогдсон. Үүнийг давж заалдах шатны шүүх дүгнэж үзээгүй.

Гурав: Мөн магадлалд нэхэмжлэлийн шаардлагаас 67,000,000 төгрөгийг хасч тооцохыг зөвшөөрсөн байхад шүүх талууд зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн тул нэхэмжлэгч Л.******* нь хариуцагчаас зээлийн хүү шаардах эрхтэй гэж үзсэн нь буруу байна гэжээ. Л.******* нь хариуцагчаас зээлийн хүү шаардаагүй, үндэслэлгүй төлсөн төлбөр буюу өдрийн 1 хувийн хүү буюу сарын 30 хувийн хүү төлөхөөр талууд харилцан тохиролцсон нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд хохиролтой тогтоогдсон байх тул Б.*******д төлсөн төлбөр, мөнгөн хөрөнгөө буцааж авахыг шаардсан. Анхан шатны шүүхийн шийдвэрт мөн ингэж тайлбарласан ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлээр хэлцэл хийсэн талууд шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөхийг хуульчилсан болохыг тайлбарласан нь үндэслэлтэй болсон.

Дөрөв: Магадлалд Хариуцагч хариу төлбөртэй буюу хүү тохирч мөнгө зээлдүүлсэн, нэхэмжлэгч зээлийг буцааж төлөх үүрэг хүлээж 1,636,974,500 төгрөг буцааж шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т заасны дагуу хариуцагчаас зээлийн хүүгийн төлбөр 177,451,500 төгрөгийг гаргуулах боломжгүй юм гэжээ. Л.******* нь зээлийг буцааж төлөх үүрэг хүлээж 1,636,974,500 төгрөг буцааж шилжүүлээгүй, 1,459,522,500 төгрөгийг буцааж шилжүүлсэн. Түүнчлэн Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д заасны дагуу Л.******* үүргийг хүлээн зөвшөөрсөн талаар бичгээр мэдэгдээгүй нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т заасныг баримтлах боломжгүй болох юм. Давж заалдах шатны шүүх хуулийн энэ заалтыг буруу тайлбарласан гэж үзэж байна. Тэгээд ч өдрийн 1 хувийн хүү нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд хохиролтой тогтоогдсон байх тул өрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй. Магадгүй сарын 1-5 хувийн хүү тооцож төлбөр төлсөн бол арай өөрөөр дүгнэж болох байсан байх гэтэл өдрийн 1 хувийн хүү гэдэг нь Монголд байхгүй өндөр хүү юм. Тав: Магадлалд хариуцагч Б.******* бусдад мөнгө зээлдүүлэх зээлийн үйл ажиллагааг тогтмол явуулдаг, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тодорхойлоогүй, дарамтад орж зээлийн хүү төлсөн болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэжээ. Ямар ч төрлийн эрх зүйд байнга, тогтмол гэдгийг 3 ба түүнээс дээш удаагийн давтамжтай үйлдлийг ойлгодог. Б.******* нь Л.******* рүү 2019.11.20-ны өдрөөс 2020.05.30-ны өдрийн хооронд буюу 6 сарын хугацаанд 154 удаагийн үйлдлээр мөнгө шилжүүлж, 289 удаагийн үйлдлээр буцааж мөнгө авсан, мөн гэрч болон бусад хүмүүс рүү мөнгө шилжүүлсэн зэрэг үйлдлийг бусдад мөнгө зээлдүүлэх зээлийн үйл ажиллагааг тогтмол явуулдаг, тиймээс зохих байгууллагаас зөвшөөрөл авах ёстой гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байсан.

Харин давж заалдах шатны шүүх Б.*******г бусдад мөнгө зээлдүүлэх зээлийн үйл ажиллагааг тогтмол явуулдаг гэх нотлох баримт байхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдгийг анхан шатны шүүх хуралдаан дээр тодорхой хэлж мэтгэлцсэн. Энэ нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл дээр тодорхой бичигдсэн байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй. Л.******* дарамтад байсан гэдэг нь хэрэгт авагдсан олон баримтаар тогтоогдож байгаа, тухайлбал гэрч Г.Саруулсайхан, Б.Мягмарсүрэн нарын мэдүүлэгт Л.*******ийн гэрийнх нь гадаа очиж машинтайгаа суудаг байсан, мөнгөө нэхэж мессеж бичдэг байсан, Л.*******ийн эзэмшлийн Приус 30 загварын 1549 УАВ улсын дугаартай авто машиныг нь Б.******* үндэслэлгүйгээр авч өөрийнхөө хүргэн дүүд хэрэглүүлж байсныг цагдаагаар дамжуулан буцааж авсан, Барилгачдын талбай дээр худал хэлж дуудан ирүүлж машинд хонуулсан талаар тодорхой дурдсан, түүнчлэн хариуцагчаас гаргаж өгсөн мессежинд хүү төлөхийг шаардсан, дарамталсан шинжтэй зурвасууд, цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлтэй холбоотой баримтууд зэргээр тогтоогдож байгаа юм. Мессежинд хуульд заасны дагуу үзлэг хийж бэхжүүлсэн. Зургаа: Мөн магадлалд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, өмгөөлөгч М.Мэндбаяр, Э.Түмэнбаяр нарын гаргасан ...шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэсэн мөртлөө энэ хууль зүйн үндэслэлээ огт дурдаагүй, анхан шатны шүүх ямар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэт нэг талыг барьсан гэж яагаад үзэж байгаагаа давж заалдах шатны шүүх тайлбарласангүй. Давж заалдах шатны шүүх магадлалдаа ямар хуулийг баримталж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаагаа огт дурдсангүй.

Өөрөөр хэлбэл, ямар хуулийн ямар заалтаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа үндэслэлийг дүгнэлт маягаар гаргаж ирж тайлбарлах үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.5-д заасан зохицуулалтыг тайлбарлаагүй нь давж заалдах шатны шүүх өөрөө хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хууль бусаар, бусдаас авах ёсгүй хүүг нэхэж, үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээд буюу Б.Энх- Амгаланд давуу байдлыг бий болгож хэргийг буруу шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Ер нь зээлдүүлэгчийн эрх гэж байх боловч өдрийн 1 хувийн хүү гэдэг нь хаана ч байхгүй өндөр, зээлдэгчид илт хохиролтой байгааг, мөн төр засгаас зээлийн хүүг багасгах, бууруулах бодлого барьж байгааг, зохигчид хүү тохирсон гэрээг бичгээр байгуулаагүйг, түүнчлэн улсад 1 ч төгрөгийн татвар төлөөгүй, зээлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй иргэд мөнгө үндэслэлгүйгээр хүүлж байгаа зэргийг эрхэм шүүгчид анхаарч үзэхийг хүсч байна. Иймд Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020.10.26-ны өдрийн 119 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Нэхэмжлэгч Л.******* хариуцагч Б.*******д холбогдуулан 177,451,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа 110,451,500 төгрөг болгон багасгасан ба ...зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү төлөх үүрэггүй, хариуцагч бие махбодь сэтгэл санааны дарамтад байлгаж, мөнгө өг гэж дарамталдаг, ... машиндаа хонуулан дарамталсан, уг хэрэгт нь цагдаад хандаж өргөдөл өгсөн байгаа. Иймд илүү төлсөн мөнгөө гаргуулна гэж үндэслэлээ тайлбарласан байна.

 

Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ...Л.******* нь сайн дураар холбогдож зээл чөлөөлүүлье гэсэн. Зээл авах талаар анх нэхэмжлэгч өөрөө холбогдсон. Түүнийг дарамталж, шахсан зүйл байхгүй. ...200,000,000 төгрөгийг дахин дахин ашиглаж байсан. ...банкаар шилжүүлсэн 76,000,000 төгрөгийг хасч тооцох, 2019.11.20-ны өдрөөс хойшхи мөнгө аваад буцааж төлсөн. Үүрэг дуусгавар болсон, гэрээний дагуу үүргээ биелүүлчихээд дарамтад орсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж маргажээ.

 

6. Анхан шатны шүүх хариуцагч Б.*******гаас 110,401,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 67,050,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Л.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ.

 

7. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зохигчид 2019 оны 11 сард зээл чөлөөлөх үйл ажиллагаагаар анх танилцсан бөгөөд 2019.11.20-ны өдрөөс 2020.05.30-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 1,526,522,500 төгрөгийг хүлээн авч хариуцагч Б.*******д 1,636,974,500 төгрөгийг буцааж шилжүүлсэн ба хоёр шатны шүүх талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д нийцсэн байна.

 

8. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэсэн зохицуулалт үйлчилдэг.

 

9. Анхан шатны шүүх ...хариуцагч нь Л.*******т удаа дараагийн үйлдлээр мөнгө зээлдүүлдэг, ...гэрч Б.Мягмарсүрэнгийн зээл чөлөөлөх зараар анх холбогдсон, эгч завгүй учир би анх уулзсан. Эгчийн 3,000,000 төгрөгийг ашиглаж зээл чөлөөлсөн гэх тайлбар, гэрч Г.Саруулсайханы ...*******г хэлэхээр нөхрийн дансаар 10 сая төгрөг, дараа нь би 20 сая төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг *******гаас буцааж авсан гэх мэдүүлгээр хариуцагч Б.******* нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өдөрт 1 хувийн хүү төлөхөөр талууд хэлэлцэн тохирсон нь зээлийн хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд хохиролтой тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна. Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д заасны дагуу нэхэмжлэгч Л.******* шаардах эрхтэй гэж дүгнэн 110,401,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ хэргийн баримтыг хуульд зааснаар үнэлээгүйгээс маргааны үйл баримтад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

10. Давж заалдах шатны шүүх ...нэхэмжлэгч Л.******* нь хариуцагчаас мөнгө зээлэхдээ өдрөөр эсхүл сарын хэдэн хувийн хүүтэй зээлж авсан нь тодорхой бус өөрөөр хэлбэл өдрийн 2 хувийн хүүтэй, сарын 60 хувийн хүүтэй зээлж авсан, хариуцагчийн дарамтад орж өдрийн хүү төлж байсан гэх тайлбар, үндэслэлээ нотолж чадаагүй байхад шүүх талууд зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн тул нэхэмжлэгч Д.******* нь хариуцагчаас төлсөн зээлийн хүүг буцаан шаардах эрхтэй гэж үзэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг зөрчөөгүй.

 

Түүнчлэн хариуцагч Б.******* нь бусдад мөнгө зээлдүүлэх зээлийн үйл ажиллагааг тогтмол явуулдаг, дарамтад орж зээлийн хүү төлсөн болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

...Талууд зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй хэдий ч нэхэмжлэгч Л.******* нь хариуцагчаас мөнгө зээлж, буцааж мөнгөө шилжүүлдэг байсан нь хэргийн баримтаар тогтоогдох боловч тэрээр авснаасаа илүү төлсөн гэсэн 110,451,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

11. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч тогтоох хэсэгт хууль хэрэглээгүй алдаа гаргасныг хяналтын шатны шүүхээс залруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 119 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...хэрэгсэхгүй болгож гэсний дараа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар... гэж нэмэлт оруулж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 709,958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОЛМОН