Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 119

 

Л.Бийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.Эд холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2020/01162 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Л.Бийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.Эд холбогдох,

177.451.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, Э.Түмэнбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 12-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр, М.Мэндбаяр, нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Миний бие Л.Б нь хувиараа бизнес эрхэлдэг нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Би Б.Этай 2019 оны 11 сарын үед хүний зээл чөлөөлж байгаад танилцсан юм. Тэгээд би Б.Эгаас 2019 оны 11 сарын 20-ний өдрөөс эхлэн 1 000 000 төгрөгөөс 20 000 000 төгрөг хүртэл хэмжээний мөнгө зээлж аваад өөрийн боломжоороо өдөрт нь буцааж өгөөд явж байсан. Би Б.Эгаас нийтдээ 1 459 522 500 /нэг тэрбум дөрвөн зуун тавин есөн сая таван зуун хорин хоёр мянга таван зуун төгрөг/ төгрөгийг 2019 оны 11 сарын 20-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хооронд дансаар шилжүүлж авсан, Б.Э Хаан банкны 5217070895 тоот харилцах данстай ба уг данснаас миний Хаан банкны 5094130002 тоот данс руу Болорчимэгт Энхамгалангаас Болорчимэгт гэсэн утгаар шилжүүлдэг байсан юм. Би буцааж Б.Эгийн данс руу нийтдээ 1 636 974 000 /нэг тэрбум зургаан зуун гучин зургаан сая есөн зуун далан дөрвөн мянган төгрөг/ төгрөгийг дээрх хугацаанд шилжүүлсэн байгаа нь Хаан банкны хуулгаар тодорхой болсон. Б.Э надад мөнгө зээлчихээд дараа нь өндөр хэмжээний хүү нэхэж /өдрийн 2 хувь буюу сарын 60 хувь хүү/ намайг янз бүрийн дарамт шахалтанд оруулж бие махбодь, сэтгэл санааны асар их дарамтанд байлгаж байна.

Манай гэрт 2-3 машинтай хүмүүс ирээд хашааны хаалга хаагаад өдөр шөнө гэлтгүй зогсож, мөнгө өг гэж нэхнэ нөхөр хүүхдүүдээс элдэв янзын юм асууна. Б.Э надаас үндэслэлгүй мөнгө нэхэж 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр намайг Барилгачдын талбай дээр уулзья хүрээд ир гэхээр нь би өөрийнхөө 42-42 ОРБ улсын дугаартай Тоёото кровн маркын машинтай очиж уулзахад тэнд Б.Э хажуудаа Чанцалдулам, Саруулсайхан нарын хамт өөрийнхөө машинтай ирчихсэн байсан тэгээд би тэдний машинд суухад Б.Э манай эгчтэй гар утсаар яриад би танай дүүгийн чинь болон таны талаар фэйсбүүк дээр тавина шившгийг чинь дэлгэнэ шүү" гэх мэтээр дарамтлаад ярьж байсан. Б.Э утсаар өөрийнхөө ах дүү нараа дуудахад 2 хүн ирсэн, тэд нар миний машины түлхүүрийг цүнхнээс булааж аваад дүү Тэлмэндээ өгөөд гэрийн гадаа аваачаад тавьчихаад ир гээд миний машиныг өгөөд явуулсан, тэгчихээд өөрийнхөө ахыг дуудсан, Саруулсайханы нөхөр, хүргэн ах нар ирсэн, тэгээд тэд нар нэлээн олуулаа болсон, Саруулсайхан миний гар утас, иргэний үнэмлэхийг булааж авсан, Хаан банкны хуулгаа авч өг чиний хуулгыг шалгаж үзнэ гээд дарамтлаад байхаар нь би банкнаас дансны хуулгаа авч өгсөн тэгээд тэд нар дахиад Барилгачдын талбай дээр очсон намайг Б.Эгийн машинд суулгаад машины 2 талд Саруулсайханы нөхөр, Тэлмэний хоёр машиныг зэрэгцүүлж тавиад намайг буулгахгүй, явуулахгүйгээр машинд суугаагаар хонуулсан.

Тухайн үед Б.Э намайг ална гэж чирсэн, цохих гэж дарамталсан, харин төрсөн дүү нь салгаж болиулсан, тэд нар өөрсдөө машиндаа хоол авчирч идээд хөнжил гудсаа авчираад машиндаа ээлжлээд хоносон би хоол ундгүй өлсөж даарч хоносон. Би цагдаагийн байгууллагад энэ хүмүүсийн Хүн барьцаалах, Заналхийлэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар дэлгэрэнгүй байдлаар тусд нь өргөдөл гаргаж өгсөн тул энд дэлгэрэнгүй дурдахгүй. Би Б.Эгаас авсан мөнгөндөө хүү төлөх үүрэг байхгүй, үндсэн мөнгөө бүрэн өгч дууссан, тэр бүү хэл 177 451 500 төгрөгийг Б.Эд илүү төлсөн байхад намайг ингэж дарамталж үндэслэлгүй мөнгө, хүү нэхэж янз бүрийн байдлаар дарамтлаад байгаад гомдолтой байна. Би төрсөн дүү Л.Батсүхийн данс руу 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 12 цаг 11 минутанд 11 400 000 төгрөгийг шилжүүлж, Л.Батсүхийн данснаас Б.Эгийн данс руу 12 цаг 12 минутанд буцаан шилжүүлсэн, 13 цаг 11 минутанд мөн 2 550 000 төгрөг шилжүүлж, Б.Эгийн данс руу 13 цаг 13 минутанд шилжүүлсэн. Энэ мөнгө нь нэхэмжилж буй үнийн дүнд тооцогдсон болно. Мөн Б.Э нь миний унаж байсан Приус 30 загварын, 15-49 УАВ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн авто машиныг надаар хүү төлүүлэх зорилгоор, мөнгө өгсөний дараа машиныг буцааж өгнө гээд үндэслэлгүйгээр барьцаанд аваад одоо өөрөө унаж ашиглаж байсныг цагдаагийн байгууллага Б.Эгаас буцааж авч өгсөн.

Би Хаан банкны дансны хуулгаа өдөр сараар нь хэдэн төгрөгийг ямар данснаас шилжүүлсэн талаар нэхэмжлэлд хавсралтаар гаргаж өгч байна, уг хүснэгтэнд Б.Эгаас хэзээ хэдэн төгрөг орж ирсэн, би түүний данс руу хэзээ хэдэн төгрөг шилжүүлсэн талаар бусдад ойлгомжтой болгох зорилгоор хүснэгтэнд жагсаасан болно. Мөн зарим дансны хуулга дээр мөнгө шилжүүлсэн баримтгүй байх тул хэрэгт хавсаргаагүй. Б.Эд өөрийн болон дүү Л.Батсүхийн данснаар дамжуулан шилжүүлж өгсөн нийт 177 451 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн бөгөөд итгэмжлдэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав шүүх хуралдаанд тайлбарлахдаа Б.Эгаас шилжүүлж орсон 76 000 000 төгрөгөөс 9 000 000 төгрөгийг тооцож, 67 000 000 төгрөгийг тооцож хасаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж, 110 451 500 төгрөг нэхэмжилж байна” гэжээ.

Хариуцагч Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Борис овогтой Энх-Амгалан миний бие нь Болорчимэгтэй 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр анх 3 000 000 төгрөгний зээл чөлөөлүүлье гэж ярьсанаар холбогдсон юм. Энэ өдрөөс хойш байнга элдвийн юм ярьж, мөнгө зээлээч гэж гуйдаг байсан. Ингэхдээ нэгдүгээрт ээж Америкийн визэнд орж байгаа дансны гүйлгээг сайжруулах хэрэгтэй байна, хоёрдугаарт төрсөн эгч Болормаа маань Мах импекс-т ерөнхий нягтлан хийдэг компанийхаа дансанд их хэмжээний мөнгө байршуулж тендер авдаг юмаа гэж, гуравдугаарт эгч гокын тендер авч байгаа гэж хуурамч гэрээ хүртэл харуулж мөнгө зээлж байсан. Ийнхүү мөнгө зээлж авахдаа Болорчимэг өөрөө хүүний талаарх саналаа хэлдэг байсан.

Би хэзээ ч өндөр хүүгээр мөнгө зээлнэ гэж хэлж, тулгаж байгаагүй. Их хэмжээний буюу 10 сая төгрөөс дээш мөнгө зээлэх үедээ би зээл өгөх боломжгүй гэхэд хүүг хангалттай өгнө гэж хэлээд л зээл авдаг байсан. Миний зүгээс Болорчимэгийг ална тална гэж байсан зүйл байхгүй. Биеийн хүчний хувьд ч надаас том биетэй чадалтай тул надад хүч хэрэглүүлээд байхааргүй хүн. Миний бие түүнд хүч хэрэглэж, гэмтээж бэртээсэн, биед нь халдсан зүйл байхгүй, харин худал ярьсныг нь мэдээд яагаад худлаа ярьсан бэ, зээлсэн мөнгө эргүүлж өг гэж амаар шаардаж байсан. 2020 оны 06 дугаар 16-ны өдөр зээлсэн мөнгөө өг гэж хэлэхэд нөхөр удахгүй ирнэ энд хүлээж байя гэж Барилгачдын талбайд удаан хугацаагаар хүлээлгэж, тэр үедээ өөрийнхөө утсаар байнга ярьж байсан.

Тухайн үедээ өөрийн хүссэнээрээ хүмүүстэй ярьж байсан нь түүнийг энэ тайлбар нь худал болохыг нотолно. Миний бие тус өдөр Болорчимэгийг худал ярьсан байж магадгүй болохоор /10-н жилийн ангийнхнаасаа нөхөр тархины хорт хавдартай болсон, хагалгаанд очиж орно гэж худал хэлж мөнгө авсан байсныг нь мэдсэн/ нь эгч Болормаагийн 9988-5001 гэх дугаараар Болорчимэгийн зээл авахдаа хэлж байсан зүйлсийг тодруулахаар ярьхад эгч нь түүний ярьсныг шууд үгүйсгэж, худал ярьсныг нь улмаар цагдаа, шүүхэд хандаарай гэж хэлсэн. Түүнээс Болорчимэгийн эгчтэй би маргалдаж, дарамтлаагүй, нэр төрд нь халдах тухай огт яриагүй. Харин Болорчимэг нь надаас байнга зээл өгөхийг хүсдэг байсан, түүний зээл авахдаа надад тайлбарлаж хэлдэг байсан зүйлс нь бидний хооронд харилцсан гар утасны болон фэйсбүүкт илгээж байсан мэссэжээр нотлогдоно.

Миний хувьд түүнээс хүчээр мөнгө авч, бас хүчээр мөнгө өгч байгаагүй, өөрөө сайн дурын үндсэн дээр хүсэж зээлж аваад, өөрөө сайн дурын үндсэн дээр эргүүлэн хүүгийн хамт төлдөг байсан. Миний хувьд Болорчимэгт өөрийнх нь хүсэлтээр мөнгө зээлдүүлж байсан болохоос миний бие түүнээс мөнгө зээлж байгаагүй. Надад тийм хэрэгцээ шаардлага байгаагүй. Тиймээс миний бие Болорчимэгт төлөх өр төлбөргүй. Харин ч түүнээс авах авлагатай. Үүнийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан байгаа болно. Болорчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ надаас 1 459 522 500 төгрөг авч, 1 636 974 000 төгрөг эргүүлэн өгсөн гэдэг нь үндэслэлгүй худал тайлбар байх ба бидний хэнд нь ч ийм их хэмжээний мөнгө байхгүй болно. Миний хувьд Согоот багийн ажилтнуудыг танихгүй, тэдгээр хүмүүс ямар ажил хийснийг миний бие мэдэхгүй, хариуцахгүй. Иймээс нэхэмжлэлийн бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Энэ мэтээр намайг гүтгэсэн, нэхэмжлэл нь худал зүйлсэд үндэслэн, үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 142/ШШ2020/01098 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д заасныг баримтлан хариуцагч Б.Эгаас 110 401 500 /нэг зуун арван сая дөрвөн зуун нэг мянга таван зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 67 050 000 /жаран долоон сая тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр, М.Мэндбаяр нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх тул дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

            Нэхэмжлэгч нь шүүхэд 177.451.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардалагаа багасгаж, нийт 110.451.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцсон. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргаагүй нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн байна. Тодруулбал Иргэний хуулийн 56.1.8, 56.5-д заасныг баримтлан 110.401.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн ба хэдэн сарын хэдний өдрийн ямар гэрээг хүчинтөгөлдөр бусад тооцож байгаа нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргаагүй шаардлагыг шийдвэрлэсэн.

            Иргэний хуулийн 282 дугаар зүйлээр Зээлийн гэрээний хүүгийн талаар зохицуулсан байх ба 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасан. Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь хэлэлцэн тохиролцож хүү тогтоож, нэхэмжлэгч нь хүү болох мөнгийг өөрөө сайн дураараа хүлээн зөвшөөрч төлсөн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр тогтоогдсон. Нэгэнт шилжүүлж, үүргээ биелүүлсэн зээлдэгчийн буцаан шаардаж буй мөнгийг хариуцагчаас шүүх гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 282.3-т заасан хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийг гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Тодруулбал Иргэний хуулийн 282.3-т заасан зохицуулалт нь зээлдүүлэгчийн хүү шаардан авах эрхтэй холбоотой зохицуулалт бөгөөд зохицуулалт нь зээлдэгчийн нэгэнт хүлээн зөвшөөрч төлсөн хүүгийн төлбөрийг зээлдүүлэгчээс буцаан шаардах эрхийн үндэслэл болох учиргүй юм. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийх, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдах зохицуулалт нь зөвхөн “зээлдүүлэгчийн хүү шаардах эрх”-д хамааралтай ба өрийг хүлээн зөвшөөрч зээлсэн мөнгөө хүүтэй нь хамт сайн дураараа төлсөн зээлдэгч Л.Бийн үйлдэл нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчихгүй төдийгүй, энэ тохиолдолд зээлдүүлэгч Б.Эг 110.401.500 төгрөгийн хэмжээгээр “үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэж үзэх үндэслэлгүй тул анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

            Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4 дэх заалт нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэглэгдэх хууль биш юм. Өөрөөр хэлбэл аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч ямар нэгэн этгээд нэхэмжлэл гаргаагүй байтал шүүх аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийг тайлбарлан хэрэглэж хариуцагчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг этгээдэд тухайн аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой гэрээ хэлцэлд үндэслэн нэхэмжлэл гаргасан тохиолдолд уг гэрээ хэлцлээр хийгдэж буй үйл ажиллагаа нь тусгай зөвшөөрөл шаардах эсэхийг тогтоох замаар шүүх хуулийг тайлбарлан хэрэглэх учиртай. Гэтэл шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэт нэг талыг барьж хэрэглэж шийдвэр гаргасан байна.

            2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаан завсарлаж, шүүх зөвлөлдөх тасалгаанаас гарч ирж шийдвэрийн тогтоох хэсгээ танилцуулахдаа Иргэний хуулийн 492.1.1-д зааснаар хариуцагчаас 110.401.500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэлээ гэж танилцуулсан. Гэтэл шүүхийн бичгээр гаргасан шийдвэр нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д заасныг баримтлан 110.401.500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуралдаан дээр танилцуулсан шийдвэрийн тогтоох хэсэг бичгээр гаргасан шийдвэрийн тогтоох хэсгээс эрс зөрүүтэй байна.

            Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1162 дугаартай шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь заалтыг илт буруу тайлбарлан хэрэглэж, өөрөө хүсэж зээл аваад буцаагаад сайн дурын үндсэн дээр төлчихсөн зээлдэгч буюу энэ хэргийн нэхэмжлэгч Л.Бийн шаардах эрхийн үндэслэлийг тогтоож байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зохигчдын хооронд олон удаа зээлийн гэрээ амаар байгуулагдаж, зээлдэгч Л.Б нь амаар болон чатаар, гар утасны зурвасаар зээл хүсч Б.Эгаас аваад, тохиролцсоны дагуу уг зээлээ хүүгийн хамт эргүүлэн төлсөн байна. Уг төлсөн төлбөрөө Л.Б эргүүлэн гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба уг шаардлагын үндэслэлээ хууль бусаар дарамталсан, сүрдүүлсэн учраас төлсөн гэж тайлбарладаг боловч энэ нь түүний зээл авах хүсэлт гаргаж байсан байдал, буцааж төлдөг байсан байдал, зээлийн хүүгийн хэмжээгээ өөрөө санал гаргаж, харилцан тохиролцож тогтоон төлдөг байсан байдал, шүүхэд хандахаасаа өмнө Б.Эд өртэй болохоо хүлээн зөвшөөрч байсан зурвас зэргээр үгүйсгэгдсэн төдийгүй нэхэмжлэгчийн төлөөлөгч Баасанжавын шүүх хуралдаанд гаргасан тайлбар нотлох барммтаар нотлогдоогүй, тогтоогдоогүй Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.5-т заасныг үндэслэн нэхэмжлэийн шаардлага, түүний үндэслэл тогтоогдоогүй болно.

Гэтэл шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь заалтыг тайлбарлан хэрэглэхдээ талуудын хооронд хэрэгжээд дууссан гэрээний дагуу зээлдүүлэгчийн буюу уг хэргийн хариуцагч Б.Эгийн шаардах эрхийн үндэслэлийг тогтоосон хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, улмаар зээлдэгчийн буюу Л.Бийн шаардах эрх мэтээр тайлбарлаж, зээлдэгчийн нэгэнт гүйцэтгэгдэж дуусгавар болсон гэрээний үүргийг дүгнэх замаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар талуудын хооронд байгуулагдаж, улмаар Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасан үндэслэлээр үүрэг нь дуусгавар болсон зээлийн хүүг зээлдүүлэгчээс гаргуулахаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй төдийгүй, Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1, 199.3 дахь заалтыг хэрэглээгүй нь тус шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-т зааснаар нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэж заасан ба зээлдэгч /уг хэргийн нэхэмжлэгч/ Л.Б нь зээлийн хүүг төлөхийг, одоо зээлийн үлдэгдэлтэй байгаагаа, Б.Эд өртэй байгаагаа хүлээн зөвшөөрч гар утасны захиа, олон нийтийн цахим хаягнаасаа Б.Эд илгээж байсан зурвас зэргээрээ бичгээр маш тодорхой, ойлгомжтой байдлаар илэрхийлсэн байдаг.

Мөн Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т зааснаар төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж заасныг шүүх анхаарсангүй. Тодруулбал уг хэрэгт Б.Э зээл олгодог, Л.Б нь зээлж авсан мөнгөн хөрөнгөө хүүгийн хамт эргүүлэн төлдөг үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй. Харин нэхэмжлэгчийн төлөөлөгч төлсөн хүүгийн төлбөрөө заналхийлэл, дарамтаас болж төлсөн гэж тайлбарлаж, улмаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.5-д зааснаар шаардах эрхийн үндэслэлээ тайлбарласан болно. Гэтэл анхан шатны шүүх дээрх хуулийн зохицуулалтыг анхааралгүй, шүүх хуралдааны явцад хариуцагч талаас гаргасан Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн холбогдох заалтыг тайлбарлан хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангахгүй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд: Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд түүний төлөөлөгчийн гаргасан тайлбар нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.5-д зааснаар шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон бөгөөд талуудын мэтгэлцээн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаадлагын хүрээнд шүүх дүгнэлт хийхгүй, харин хэт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардалгыг хангах үндэслэлийг тогтоох зорилгоор талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар үнэлсэнгүй. Тодруулбал нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ заналхийлж, дарамталж авсан гэж, түүний төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа мөн 492 дугаар зүйлийн 492.5-д зааснаар шаардаж байгаа тухайгаа тодорхой хэлсээр байсан ба уг тайлбар нь хавстаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, шүүх хуралдаан үгүйсгэгдсэн болно.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагыг хангаагүйгээс гадна 116.3-т заасан анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах хуулийн шаардлагыг хангахгүй байна. Тодруулбал нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “....заналхийлсэн, сүрдүүлсний улмаас хүү төлсөн” гэж тайлбарлаж байхад шүүх уг тайлбарт дүгнэлт хийгээгүй төдийгүй, хариуцагч Б.Эгийн зээлийн хүү шаардах эрхэд тавигдах хуулийн шаардлагыг Л.Бийн шаардах эрх мэтээр тооцож дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг ноцтой зөрчиж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг шүүх хуралдаанд шүүгч тайлбарлахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д заасны дагууу тайлбарлахдаа “....иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас 110.401.500 төгрөгийг хариуцагч Б.Эгаас гаргуулахаар шийдвэрлэсэн тухай” уншиж танилцуулсан. Ингэснээр шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2-т зааснаар хүчинтэй болдог байна. Гэтэл тус хэргийг хянан шийдвэрлэсэн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1162 дугаартай шийдвэрийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гардан авахад шийдвэрийн тогтоох хэсэгт уг танилцуулсан хуулийн заалт бичигдээгүй байна. Үүнээс үзвэл шүүхийн шийдвэр хуульд заасны дагуу гараагүй, албажаагүй байна. Иймээс Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2020/01162 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав давж заалдах гомдолтой танилцаад хариу тайлбар ирүүлжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр, М.Мэндбаяр нарын гаргасан давж заалах гомдолтой танилцаад эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгчээс 177.451.000 төгрөгийг анх нэхэмжилсэн байсан ба хариуцагч талаас гаргасан банкны хуулга, баримтын дагуу 67.000.000 төгрөгийг өөр банкны данснаас шилжүүлсэн байсныг Л.Бийн дансны хуулга дээр харагдахгүй байсан тул орхигдуулсан байсан. Нэгэнт орхигдуулсан, тооцоонд ороогүй нэхэмжлчилсэн мөнгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаасаа 67.000.000 төгрөгийг хасуулахыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн. Энэ нь Энх-Амгалангийн шүүхэд гаргаж өгсөн банкны хуулга дээр он өдөртэйгээ байгаа тэр мөнгөнөөс л татгалзсан түүнээс биш ямар нэгэн тодорхойгүй мөнгөнөөс татгалзаагүй. Тодруулбал 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн 17.000.000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр шилжүүлсөн 50.000.000 төгрөг нийтдээ 67.000.000 төгрөгийг дансны хуулга дээр дансны дугаар гараагүйн улмаас орхигдуулан бичсэн байсан. Татгалзаж байгаа мөнгө бол огн сартай бодит гүйлгээ тул нэхэмжлэгч тал татгалзсан түүнийг анхан шатны шүүх хасаж, тооцсон нь үндэслэлтэй.

            Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиолцож хүү тогтоож болно” гэж заасан гэхдээ тус зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан байгаа. Хуульд заасан шаардах эрхээ алдсан тул Б.Э өнөөдөр Л.Бээс хүү авах эрхгүй  тэгэхээр авах эрхгүй мөртлөө хүүнд өдрийн 2 хувь буюу сарын 60 хувийн үндэслэлгүй хүүг авсан нь энэ хэмжээгээрээ Б.Э үндэслэлгүй хөрөнгөжиж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон. Түүнчлэн Л.Б нь өөрөө сайн дураараа зээлийн хүүг төлөөгүй байнгын дарамт шахалтанд орж сэтгэл санааны хямралд орсны улмаас хүү төлөхөөс өөр аргагүй байдалд орсон. Тухайлбал Б.Э, Саруулсайхан, Чанцалдулам нар 2-3 машинтай гэрийнх нь хашааны үүдэнд ирээд Л.Бийг шөнийн 3 цаг хүртэл суулгадаг, охины чинь сургууль дээр очоод чиний зургийг томоор угаалгаад залилагчийн охин гэж зарлаж явна, нөхрийг чинь ажилгүй болгоно, араа харж яваарай гэх мэтээр дарамталж өдөрт 2 удаа хүү авдаг байсан. Тухайлбал 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал өглөө, оройны хүү гэж 2 удаа 550.000 төгрөгнөөс 910.000 төгрөгийн хооронд авдаг байсан нь Б.Э нар Л.Бийг ямар их дарамтанд оруулж, айлгаж байсны тод жишээ юм. Түүнчлэн Л.Бийн 15-49 УАВ улсынэ дугаартай Приус-30  загварын авто машиныг Б.Э хууль бусаар авч өөрийн эзэмшилдээ байлгаж байсныг бид нар цагдаагийн байгууллагад хандаж байж буцааж авсан. Б.Эгийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн мессежний  хуулбараас харахад Л.Б сайн дураараа мөнгө өгч байгаагүй харин ч дарамт шахалтын дор айсандаа мөнгө өгч байсныг  тодхон харуулдаг.

            Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “энэ зүйлп заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ”, 15.3.4-т “банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ заавал тусгай зөвшөөрөл авсан байхыг шаардана” гэжээ. Тэгэхээр Б.Эгийн хувьд банкны хуулгыг харахад өдөр тутамд шахуу Л.Бт мөнгө зээлдүүлж, хүүг авч байсан тэгэхээр Б.Э нь энэ өдөр тутмын үйл ажиллагаагаа эрхлэхийн тулд заавал тусгай зөвшөөрөл авсан байхыг шаардахаас биш түүнийг заавал аж ахуй нэгжтэй холбоотой маргаан дээр хэрэглэнэ гэсэн хуулийн зохицуулалт биш юм. Б.Э нь зээлийн үйл ажиллагаа явуулж орлого олж байгаа тул заавал тусгай зөвшөөрөлтэй байхыг шаардана харин ганц нэг удаа  иргэд хоорондоо мөнгө зээлсэн  тохиолдолд тусгай зөвшөөрөл шаардахгүй гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна.

            Анхан шатны шүүх хурал завсарлаж шийдвэрээ уншихдаа хуулийн зүйл анги хэлээгүй, нэхэмжлэлийн шаардлагаас 67.050.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 110.401.500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ гэдгээ хэлсэн. Л.Б нь Б.Э нарыэ дарамт шахалтанд орж өөрийн болон гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Монгол улсад байхгүй өдрийн 2 хувийн хүү /сарын 60 хувь/-г Б.Эд үндэслэлгүй төлж байсан, тэр мөнгийг Л.Бт төлөх ёсгүй байсан, одоо буцааж авах эрхтэй гэдгээ сүүлд мэдэж цагдаа, шүүхийн байгууллагад хандсанаар өнөөдөр эрх чөлөөтэй айх айдасгүй амьдарч байна. Тиймээс анхан шатны шүүхий шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, хуулийг зөв хэрэглэж, тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн байх тул Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1162 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгийн итгэмжлэгдсөн төлөөлөгч Б.Баасанжав хариуцагчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч М.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдолтой танилцаад эс зөвшөөрч хариу тайлбар гаргажээ.

            Л.Б Б.Э нарын хооронд зээлийн гэрээ үүссэн үү гэвэл үүссэн. Харин Б.Э  иргэний хуулийн 282.3 дахь хэсэгт зааснаар  зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү авах эрхээ алдана, мөн хэтэрхий өнлөр буюу зээлдэгчийн  эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор зээлийн хүүг амаар тогтоож, үүнийгээ  төлөхийг шаардаж, байнга дарамталж, төлүлж байсан нь сайн дураар төлсөн гэж үзэхгүй. Б.Э нь Л.Бийн  эзэмшилд байсан Приус 30 загварын авто машиныг хууль бусаар өөрийн эзэмшилд аваад хүргэн Тэлмэндээ өгчихсөн байсныг цагдаагийн байгууллагад  өргөдөл өгч байж буцааж авсан, Б.Э, Саруулсайхан, Чанцалдулам нар 2-3 машинтай  гэрийнх нь гадаа ирээд Л.Бийг шөнийн 03 цаг  хүртэл машиндаа суулгадаг байсан, охины чинь сургуулл дээр  очоод зургийг чинь томоор угаалгаад залилагчийн охин гэж зарлаж явна,нөхрийг чинь ажилгүй болгоно, араа харж яваарай гэх мэтээр дарамталж өдөрт 2 удаа хүү авдаг байсан.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нотлогдоогүй гэжээ. Миний тайлбар дараах байдлаар нотлогдсон. Үүнд нэгдүгээрт  хаан банкны хуулга, уг хуулга дээр үндэслэн гаргасан тооцооны хүснэгт хоёрдугаарт хариуцагчийн өөрсдийнх нь гаргаж өгсөн мессежний хуулбар /байнга мөнгө нэхэж дарамталж бичиж байсан, гадаа чинь очиж хононо яасан бэ хурдлаач, чамайг би яах ёстой вэ/ гэх мэтээр нотлогддог. Мөн хариуцагчийн хүсэлтээр  шүүх хуралд  оролцуулсан  2 гэрчийн мэдүүүлэгт Л.Бийн гэрт нь шөнийн цагаар  очдог байсан, мөнгөө нэхэж машинд барьцаалуулсан байдлаар хонуулж байсан, авто машиныг нь  хууль бусаар авч унаж хэрэглэж байсан зэргээ тодорхой дурдсан. Монгол услын иргэн Монгол улсын үндсэн хуульд зааснаар  амьд явах, эрүүл аюулгүй орчинд  амьдрах эрхтэй гэтэл энэ эрхийг нь Б.Э нь ноцтой зөрчиж, Л.Бийг байнга айдастай орчинд хэсэг хугацаанд байлгасан.

            Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь заалт бол зөвхөн зээлдүүлэгчид хамаарна гэж хуульчлаагүй харин энэ шаардлагыг буюу бичгээр байгуулаагүй бол хүү шаардах эрхээ алдана гэж заасан тэгэхээр энэ нь нэхэмжлэгч хариуцагч аль аль талд нь адилхан үйлчлэх хуулийн зохицуулалт гэдгийг хариуцагч тал ойлгох хэрэгтэй.

            Анхан шатны шүүх шийдвэрээ Иргэний хуулийн 28 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д заасныг баримтлан гаргасан нь хуулийг зөв хэрэглэж үндэслэл бүхий шийдвэр болсон гэж үзэж байна. Учир нь Л.Б, Б.Э нарын хооронд зээлийн гэрээ үүссэн боловч энэ гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байсан тул Б.Э уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байна.

            Хариуцагч тал Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасан үндэслэлээр үүрэг нь дуусгавар болсон зээлийн хүүг зээлдүүлэгчээс гаргуулсан нь үндэслэлгүй гэжээ. Л.Б, Б.Э  нарын хооронд өнөөдөр хүртэл үүрэг дуусгавар болоогүй байгаа яагаад гэвэл Б.Э Л.Бээс хүү үндсэн мөнгөө өгөөгүй, залилсан гэдэг байдлаар цагдаагийн байгууллагад 95.000.000 төгрөг гаргуулахаар өргөдөл өгчихсөн шалгагдаж байгаа, хэдийгээр энэ өргөдөл нь гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр татгалзах саналтай прокурорт шилжсэн боловч энэ 2 хүний хувьд үүрэг дуусгавар болоогүй Б.Э өнөөдрийг хүртэл Л.Бээс үндэслэлгүй мөнгө, хүүгээ нэхсээр байгаагийн тод жишээ юм.

            Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх заалтыг хариуцагч тал буруу тайлбарлажээ. Учир нь үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэж хуульчилсан. Л.Бийн хувьд 2 хувийн хүү төлөх талаар үүргийг хүлээн зөвшөөрч бичгээр мэдэгдсэн зүйл байхгүй. Л.Бийн хувьд өрийг хүлээн зөвшөөрч цаг тухай бүрт нь төлсөн. Харин хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Цахим захиаг бичгээр байгуулсан гэж гэж үзэхгүй гэдгийг хуульч өмгөөлөгч нар өөрсдөө ойлгож байгаа. Тэгээд ч цахим захиа дээр 2 хувийн хүүг төлнө гэж тохиролцсон  зүйл бол байхгүй, Б.Э учир утгагүй хүүгээ нэхсэн дарамталсан мессежнүүд  байгаа юм.

            Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.5 дахь хэсэгт зааснаар Б.Э Л.Бийн үндэслэлгүй төлсөн мөнгөний хэмжээгээр  үндэслэлгүй хөрөнгөжсөн. Энэ үндэслэлгүй хөрөнгөжсөн байдал дээр дурдсан дарамт шахалтаас болж Л.Б төлж байсан энэ талаараа цагдаагийн байгууллагад өргөдөл өгч шалгуулж байгаа.

            Нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа би нэгдүгээрт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.1, 282 дугаар зүйлийн 282.3, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д заасныг баримтлан тайлбарласан, энэ талаар би шүүх хурал дээр тайлбарласан, мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.5 дахь хэсэгт зааснаар хүч хэрэглэсэн, заналхийлсэн үйлдэл нь хариуцагчийн  гаргаж өгсөн мессежний  хуулбар гэрчийн мэдүүлэг, цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа  өргөдөл, хаан банкны хуулга бусад баримтуудаас тодорхой болж нотлогдсон  тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасныг анхан шатны шүүх баримтлан нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлэн шийдвэрээ гаргасан нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий болсон. Б.Эд зээлийн хүү шаардах эрх байхгүй талаар дээр тодорхой дурдсан. Гэхдээ Б.Э өөрийгөө хүү шаардах эрхтэй гэж тооцож цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байгаа. Анхан шатны шүүх хурал завсарлаж шийдвэрээ уншихдаа хуулийн зүйл анги хэлээгүй, нэхэмжлэлийн шаардлагаас 67.050.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 110.401.500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ гэдгээ хэлсэн. Тэгэхээр хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тхай хуулийн 119 дүгээр зүйлийг зөрчөөгүй байна.Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, хуулийг зөв хэрэглэж, тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн байх тул Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1162 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

                                                               ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  Иргэний

хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй  байна.

Нэхэмжлэгч Л.Б  хариуцагч Б.Эгаас “177.451.500 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Шүүх хариуцагч Б.Эгаас  төлбөр 110.401.500    төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 67.050.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.    

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Б.Эгаас 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 1.526.522.500 төгрөг /1.459.522.500+17.000.000+50.000.000/-ийг хүлээн  авч хариуцагч Б.Эд  1.636.974.500 төгрөгийг буцааж шилжүүлсэн ба шүүх талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв байна.

Харин нэхэмжлэгч Л.Б нь  хариуцагчаас  мөнгө зээлэхдээ өдрөөр эсхүл сарын хэдэн хувийн хүүтэй зээлж авсан нь тодорхой бус өөрөөр хэлбэл өдрийн 2 хувийн хүүтэй, сарын 60 хувийн хүүтэй  зээлж авсан,  хариуцагчийн дарамтанд орж өдрийн хүү төлж байсан гэх тайлбар, үндэслэлээ  нотолж чадаагүй байхад шүүх талууд зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй,  хуулиар тогтоосон  хэлбэрийг зөрчсөн  тул нэхэмжлэгч Д.Болорчимэг нь хариуцагчаас зээлийн хүү шаардах эрхтэй гэж үзсэн нь буруу болно.

Талууд  зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй хэдий ч    нэхэмжлэгч Л.Б мөнгө зээлж авсан тухайн өдрөө буцааж мөнгөө шилжүүлдэг, хүлээж авсан  мөнгөн дүнгээс илүү  төлсөн 110.451.000 төгрөгийн  төлбөрийг   Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3.д “Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй” гэж заасны дагуу  хариуцагчаас гаргуулах боломжгүй юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, өмгөөлөгч М.Мэндбаяр, Э.Түмэнбаяр нарын гаргасан “...шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн  авах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 142/ШШ2020/01162 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Болочимэгийн хариуцагч Б.Эгаас  төлбөр 177.451.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Б.Эгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 709.958 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Б.БАТТӨР

                                                                        Б.ОЮУНЦЭЦЭГ