Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 723

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/00343 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х.О-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 59 773 960.18 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Х.О нь 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 2105004996 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 30 000 000 төгрөгийн зээлийг орон сууц барьцаалсан шуурхай зээлийн зориулалтаар 36 сарын хугацаатай жилийн 42 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлийн үүрэгт үндсэн зээл 29 964 539.18 төгрөг, зээлийн хүүд 27 273 476.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 535 944.37 төгрөг, нийт 59 773 960.18 төгрөг нэхэмжилж байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт Зээлийг хугацаанд төлөөгүй бол зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасны дагуу зээлдэгчид дээрх үүрэг үүсч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 10 667 769.50 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 59 773 960.18 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэмэгдүүлж байгаа 10 667 769.50 төгрөг нь хэдий үеийг хамарсан, ямар хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү болох нь тодорхойгүй ямар үндэслэлээр нэмэгдүүлж байгаагаа нотлоогүй байна. Мөн Ариг банкны талаас анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлбөр, тооцооныхоо үндэслэл, нотлох баримтыг гаргаж өгөөгүйгээс хариуцагч тал үндэслэл бүхий тоог тогтоолгохын тулд шат шатны шүүхэд хандаж байсан. Гэтэл хэрэг маргаан шүүхээр хянан хэлэлцэгдэж байхад Ариг банкны мөнгөний хэмжээ хязгааргүй өсч ард иргэдийг хууль бусаар дарамтлах эрх байхгүй гэж үзэж байна. Анх зээлээ 30 000 000 төгрөгөө 100 хувиар өсгөж, 60 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь шударга бус юм. Улсын Дээд шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор батлагдсан тайлбарын 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зээлийг ашиглавал зохих хугацаагаар гэрээнд заасан хэмжээгээр төлөх үнийг үндсэн хүү гэж тодорхойлсон. Гэтэл банк гэрээнд заасан хугацаа, хэмжээнээс илүү их мөнгийг үндэслэлгүйгээр нэхэмжилж байгааг зөвшөөрөх ямар ч үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Оээс 47 242 114 төгрөгийн гаргуулан нэхэмжлэгч А ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12 531 846 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, тус үүргийг сайн дураар эс биелүүлбэл үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох хариуцагч Х.О-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, ШШГЕГазрын 24А байр, 10 тоотод байрлалтай, Ү-2204036157 дугаартай, 48,6 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 589 116 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Х.О-с 394 160 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК -д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би зээлийн үлдэгдэл төлбөрт 29 964 539.18 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа боловч зээлийн үндсэн хүүд 14 741 631 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 535 944.57 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Учир нь Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор батлагдсан тайлбарын 2 дугаар зүйлийн 2.2-т Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан "Үндсэн хүү" гэж зээлийг ашиглавал зохих хугацаагаар зээлдүүлэгчээс тогтоож, зээлдэгч зөвшөөрч гэрээнд заасан хэмжээгээр төлөх хариу төлбөр буюу зээлийн үнийг хэлнэ гэж тайлбарласан байна. Хууль тайлбарласан тайлбараар тооцож үзвэл "А" банк ХХК болон зээлдэгч Х.О нарын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2105004996 тоот зээлийн гэрээнд сар бүр хуваарилж зааснаар /Зээл, зээлийн хүүг төлөх хуваарь Хавсралт №01/ үндсэн хүүд нийт 17 264 805.01 төгрөг төлөхөөр зээлдэгчээс тогтоож, зээлдэгч зөвшөөрч гарын үсэг зурсан байна. Үүнээс зээлдэгч 9 379 823 төгрөг төлсөн байгаа тул үндсэн хүүгийн үлдэгдэлд 7 884 982.01 төгрөг төлөхөөр байна. Мөн зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.9-д ....нэмэгдүүлсэн хүү нь зээлийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байна гэж заасан байгаа тул үлдэгдэл үндсэн хүү 7 884 982 төгрөгийн 20 хувиас хэтрэхгүй байна гэж ойлгож тооцоход нэмэгдүүлсэн хүүд 1 576 996.40 төлөхөөр байна. Дээрх тооцоогоор хариуцагч Х.О нь зээлийн гэрээний үлдэгдэлд 29 964 539.18 төгрөг, үндсэн хүүд 7 884 982.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 576 996 төгрөг нийт 39 426 517.59 төгрөг төлөхөөр байна. Анхан шатны шүүх хариуцагч Х.О-с 47 242 114 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс бидний тооцоогоор 39 426 517.59 төгрөг төлөхөөр байгаа тул эдгээрийн зөрүү 7 815 597 төгрөгийг илүү төлүүлэхээр анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчаас 39 426 517.59 төгрөг гаргуулах, 7 815 597 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг дүгнэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч А ХХК  нь хариуцагч Х.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 59 773 960,18 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 30 000 000 төгрөгийг жилийн 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцож орон сууц барьцаалсан шуурхай зээлийн гэрээг бичгээр, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Х.О-ийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, ШШГЕГазрын 24А дугаар байрны 10 тоот хаягт оршин байх, орон сууцны зориулалттай 48,6 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалсан орон сууц барьцаалсан шуурхай зээлийн барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хуулийн хүчин төгөлдөр байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч талаас зээл, хүүгийн тооцооллыг баримтаар гаргаж өгсөн ба хариуцагч Х.О нь зээлийн үндсэн хүүд 9 379 823 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн талаар маргаагүй, тэрээр зээл, хүүгийн тооцоололд бичигдсэн үнийн дүнг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

Талуудын байгуулсан орон сууц барьцаалсан шуурхай зээлийн гэрээний 1.8-д “зээлдэгч энэхүү гэрээний 1.2-т заасан хуваарь хавсралт 1-ийн дагуу зээл, түүний хүүг төлж барагдуулаагүй нөхцөлд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэлх хугацаанд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлнө” гэж тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл, зээлийн хүүг буцаан төлөх, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар зохицуулагдсан байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан орон сууц барьцаалсан шуурхай зээлийн гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дууссан бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 29 964 539.18 төгрөг, зээлийн хүүд 27 273 476.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 535 944.37 төгрөгөөр тодорхойлсон нь тооцооллын хувьд алдаатай тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг үндсэн зээл 29 964 539.18 төгрөг, зээлийн хүүд 14 741 631 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 535 944.57 төгрөг, нийт 47 242 114 төгрөгөөр тодорхойлсныг буруутгах боломжгүй.

 

Зээлдүүлэгч буюу А ХХК  нь 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөнгөн хөрөнгийг зээлдэгч буюу хариуцагч Х.О-д шилжүүлсэн ба хариуцагч Х.О-ийн зээлийн хүүд төлсөн 9 379 823 төгрөгийг зээлийн хүүгээс хасч тооцсон нь зөв болжээ. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 29 964 539.18 төгрөг, зээлийн үндсэн хүүд 14 741 631 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 535 944.57 төгрөг, нийт 47 242 114 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ. Иймд “7 815 597 төгрөгийг илүү төлүүлэхээр шийдвэрлэсэн” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан орон сууц барьцаалсан шуурхай зээлийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр тул уг барьцаа хөрөнгийг шүүхийн журмаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхийг нэхэмжлэгчид Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар олгогдсон тул хариуцагч Х.О шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, ШШГЕГазрын 24А дугаар байрны 10 тоотод байрлалтай, Ү-2204036157 дугаартай, 48,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/00343 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Х.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                         ШҮҮГЧИД                                          Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ