Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2018/00343

 

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 24 өдөр          Дугаар 101/ШШ2018/00343          Улаанбаатар хот

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, А банк өөрийн байранд байрлах А банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, ШШГЕГ 0 дүгээр байр, 0 тоотод оршин суух, 69 настай, эмэгтэй, О овогт Х.йО-д /**********/ холбогдох,

 

            Зээлийн гэрээний үүргийн төлбөрт 59 773 960,18 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Х.О нь 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ************ тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 30 000 000 төгрөгийн зээлийг орон сууц барьцаалсан шуурхай зээлийн зориулалтаар 36 сарын хугацаатай жилийн 42% хүүтэйгээр зээлж авсан. Гэвч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар одоогийн байдлаар 49 106 190,68 төгрөгийн өртэй болоод байна.

Х.О нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй бөгөөд энэ талаар удаа дараа банкнаас мэдэгдэл өгч, шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар огт санал, санаачлагагүй байсаар өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

1. ************ тоот зээлийн гэрээний 4.2.2-т заасныг үндэслэн зээлийн гэрээг цуцалж зээлдэгчээр үндсэн зээлийн үлдэгдэл 29 964 539,18 төгрөг, үндсэн зээлийн хүүнд 18 274 264,02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэлд 867 387,48 төгрөг, нийт 46 459 775,11  төгрөг, 6 000 төгрөгийн нотариатын зардал, нийт 49 106 190,68 төгрөгийг хариуцагчаас гаргуулан хохиролгүй болгож өгнө үү.

2. Х.О нь зээлийн барьцаанд буй Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, ШШГЕГазрын 24А байр, 10 тоотод байрлалтай, Ү-***********7 дугаартай, 48,6 м.кв талбайтай орон сууцыг шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс битүүмжилж, зээлийн үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээс үүргийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа:

            Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй иргэн Х.Од холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч А банк ХХК нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 29 964 539,18 төгрөг, зээлийн хүүнд 18 274 264,02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 867 387,48 төгрөг, нийт 49 106 190,68 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа болно гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлага, шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

            Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй хариуцагч Х.Од холбогдох иргэний хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа 10 667 769,50 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн үүрэгт үндсэн зээл 29 964 539,18 төгрөг, зээлийн хүүнд 27 273 476,63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2 535 944,37 төгрөг, нийт 59 773 960,18 төгрөг нэхэмжилж байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “Зээлийг хугацаанд төлөөгүй бол зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө.” гэж заасны дагуу зээлдэгчид дээрх үүрэг үүсч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.О 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

            Х.О би 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ************ тоот зээлийн гэрээ байгуулан 30 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай сарын 3,5 хувийн хүүтэй авсан. Зээл авснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд нийтдээ 9 417 300 төгрөгийг А банкинд төлсөн.

            А банкнаас нэхэмжилсэн 49 106 190,68 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үлдэгдэл үндсэн зээл 29 964 539,18 төгрөг, хүүнд 12 796 175,26 төгрөг, нэмэгдүүлсэнд хүүнд 867 387,48 төгрөг, нийт 42 760 714,44 төгрөг байхаар байна. Иймд А банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.   

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбар, шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

А банкны нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт Х.Оээс 49 106 190 төгрөг гаргуулах иргэний хэрэг нь Улсын Дээд Шүүхийн тогтоолоор дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцсан. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 10 667 769,50 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 59 773 960,18 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй, үндэслэлгүй шаардлага гэж үзэж байна.

Учир нь, нэмэгдүүлж байгаа 10 667 769,50 төгрөг нь хэдий үеийг хамарсан, ямар хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү болох нь тодорхойгүй ямар үндэслэлээр нэмэгдүүлж байгаагаа нотлоогүй байна. Мөн А банкны талаас анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлбөр, тооцооныхоо үндэслэл, нотлох баримтыг гаргаж өгөөгүйгээс хариуцагч тал үндэслэл бүхий тоог тогтоолгохын тулд шат шатны шүүхэд хандаж байсан.

Гэтэл хэрэг маргаан шүүхээр хянан хэлэлцэгдэж байхад А банкны мөнгө хэмжээ хязгааргүй өсөж, ард иргэдийг хууль бусаар дарамтлах эрх байхгүй гэж үзэж байна. Анх зээлээ 30 000 000 төгрөгөө 100% өсгөж, 60 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь шударга бус бөгөөд банкны энэ хүсэл шунадыг шударга шүүх хязгаарлана гэж итгэж байна.

Улсын Дээд Шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор батлагдсан тайлбарын 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зээлийг ашиглавал зохих хугацаагаар гэрээнд заасан хэмжээгээр төлөх үнийг үндсэн хүү гэж тодорхойлсон. Гэтэл банк гэрээнд заасан хугацаа, хэмжээнээс илүү их мөнгийг үндэслэлгүйгээр нэхэмжилж байгааг зөвшөөрөх ямар ч үндэслэл байхгүй гэжээ.     

 

Зохигчдын шүүхэд бичгээр гаргасан болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

           

Нэхэмжлэгч А банк ХХК нь хариуцагч Х.Од холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 59 773 960,18 төгрөг гаргуулах, үүргийн барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн мөнгөн төлбөрийн шаардлагын тодорхой хэсгийг зөвшөөрнө бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дүнд оруулан шаардсан “нотариатын зардалд 6 000 төгрөг гаргуулах” шаардлага, мөн нэхэмжлэлд дурдсан “барьцаа хөрөнгийг битүүмжлүүлэх” зэрэг шаардлагаас татгалзан 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан 49 106 190,68 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр хангуулна гэсэн бөгөөд улмаар тус шаардлагын мөнгөн хөрөнгийн хэсгийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэмэгдүүлэн 59 773 960,18 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргажээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын татгалзсан хэсгүүдэд шүүх дүгнэлт өгөөгүй бөгөөд нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсан нь хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.   

Нэхэмжлэгч А ХХК болон хариуцагч нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ************ дугаар бүхий Орон сууц барьцаалсан шуурхай зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нэг талаас 30 000 000 төгрөгийг орон сууц барьцаалсан шуурхай зээлийн зориулалтаар, жилийн 42 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаагаар бэлэн бусаар буюу дансаар олгох үүрэг хүлээн тус үүргийн дагуу 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн нь зохигчдын тайлбар, тус гэрээний хуулбараар  /х.х-ийн 6-7 дахь талд/ тогтоогдож байна.

Талуудын байгуулсан гэрээний агуулга, зорилгоос дүгнэн үзэхэд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний зохицуулалтад нийцэж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг зээлдэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж тайлбарлаж байна.

Тус зээлийн гэрээ нь тодорхой хугацаатайгаар байгуулагдсан байх бөгөөд гэрээний хугацаа дууссан боловч гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөгдөөгүй зөрчил гарсан талаар зохигчид маргаагүй байна.

Хариуцагч талаас гэрээ байгуулсан болон гэрээний үүргийн зөрчил гарсан талаар маргаагүй, гагцхүү нэхэмжлэлийн шаардлагын тооцооллын хувьд маргаж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, - үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 29 964 539,18 төгрөг, - зээлийн хүүнд 27 273 476,63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2 535 944,37 төгрөг, нийт 59 773 960,18 төгрөг гаргуулна гэжээ.

Үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэлд 29 964 539,18 төгрөг байгаа талаар хариуцагч маргаагүй, энэ үнийн дүнгээр зээлийн төлбөр төлөх үүргийг зөвшөөрч байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар, “...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө...буцаан өгөх үүрэгтэй” бөгөөд гэрээний хавсралтад заасан хугацаанд үндсэн төлбөрийн төлөлтөөс 35 460 төгрөг төлсөн байх тул үлдэгдэл төлбөрт 29 964 539,18 төгрөгийг зээлдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагаар зээлийн хүүнд 27 273 476,63 төгрөг гаргуулна гэж тодорхойлсныг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, хүүний тооцооллыг талуудын байгуулсан гэрээний хавсралт хувиарт заасан үнийн дүнгээр тооцоогүй гэж тайлбарлаж байна.

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 1.1-д зааснаар 30 000 000 төгрөгийг жилийн 42 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаагаар буюу 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлдүүлэхээр нөхцөл тохиролцсон байна.

Мөн гэрээний нөхцөлүүдээс үзэхэд гэрээгээр “зээлийн хүү”, “хэтэрсэн хугацааны хүү” болон “нэмэгдүүлсэн хүү” тооцох байдлаар тохиролцсон байна.

Нэхэмжлэлийн шаардлагаар 27 273 476,63 төгрөгийг “зээлийн хүүнд” төлүүлэхээр тодорхойлсон байна.

Гэрээний 1.1-д заасан хугацаа болон зээлийн хүү тооцох нөхцөлөөр тооцон үзэхэд, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 2016 оны 11 дүгээр сарын 12-ныг хүртэл хугацаанд зээлийн үндсэн үүрэг буюу 29 964 539,18 төгрөгт тооцох хүү нь /жилийн 42 хувь/ 24 121 454 төгрөг байна.

Хариуцагч хүүний төлбөрөөс 9 379 823 төгрөг төлсөн гэдэг тооцоолол, нэхэмжлэгчийн тайлбар, баримттай хариуцагч маргаагүй байх тул тус дүнг зээлийн хүүний нийт төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт, “...гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэсэн зохицуулалтын дагуу зээл төлөх хугацаа дууссан, гэрээний үүргийн зөрчил гарсан үндэслэлээр гэрээнд зааснаар хүү шаардах эрхтэй бөгөөд тус шаардлагын дагуу зээлийн үндсэн хүүнд 14 741 631 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхийн хүрээнд шаардлага гаргаж байгаа гэж тайлбарлах боловч гэрээнд зааснаар хэтэрсэн хугацааны хүүг хэрхэн тооцоолж, үндсэн зээлийн хүүгийн зэрэгцээгээр шаардаж байгаа нь тодорхой бус байна.

Нөгөө талаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гэрээнд зааснаар “үндсэн зээлийн хүүг” гаргуулах шаардлага гаргасныг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч талаас нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 2 535 944,37 төгрөг гаргуулна гэжээ.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг болон 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээнд нэмэгдүүлсэн хүүг тооцож гаргуулахаар тохиролцсон байх тул нэхэмжлэгчийн шаардах эрх хэрэгжүүлж байгаа нь хуульд нийцнэ.

Харин нэмэгдүүлсэн хүүний тооцоолол нь гэрээний үүргийн зөрчил болон гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хамааралтай байх тул нэхэмжлэлийн шаардлагын зээлийн хүүний төлбөрт өөрчлөлт орсонтой холбоотойгоор өөрчлөгдөх боломжтой байна.

Гэхдээ, нэмэгдүүлсэн хүү нь гэрээгээр тохиролцсон үндсэн үүрэг бус хариуцлагын үүрэг тул хугацаа хэтрүүлсэн хугацаагаар тооцох хэдий ч 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл тооцон үлдэх хэсгийг тооцоололд оруулалгүйгээр хасч тооцсон байх тул тооцоололд дурдсан буюу нэхэмжилсэн үнийн дүнгээр хариуцлагыг хязгаарлан нэхэмжилснийг буруутгах боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн хязгаарлан тогтоосноор хариуцлагын үүрэг буюу  нэмэгдүүлсэн хүүнд хамаарах үүргийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 29 964 539,18 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 14 741 631 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2 535 944,57 төгрөг, нийт 47 242 114 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч А банк ХХК-д олгох нь зүйтэй.

Нэхэмжлэлд дурдсанаар мөнгөн төлбөрийн үүргийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр хангуулна гэжээ.

Зохигчид хооронд 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ************ дугаар бүхий Орон сууц барьцаалсан шуурхайн зээлийн барьцааны гэрээ байгуулан, барьцаанд хариуцагч Х.Оийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, ШШГЕГазрын 0 байр, 0 тоотод байрлалтай, Ү-***********7 дугаартай, 48,6 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан нь тус гэрээний хуулбар /х.х-ийн 8-14 дэх талд/, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Тус барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан хуульд заасан зохих шаардлагыг хангасан, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна.

Барьцааны гэрээний дагуу шаардах эрхийг барьцаалагч буюу А банк ХХК  шаардах эрхтэй бөгөөд тус шаардах эрх нь Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д, “Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.”, түүнчлэн 41.2-т, “Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй.” гэсэн зохицуулалтуудаар тодорхойлогдож байна.

Иймд барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах шаардлагыг барьцаалуулагч буюу зээлдэгчээс шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Оээс 47 242 114 төгрөгийн гаргуулан нэхэмжлэгч А банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12 531 846 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, тус үүргийг сайн дураар эс биелүүлбэл үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох хариуцагч Х.Оийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, ШШГЕГазрын 0 байр, 0 тоотод байрлалтай, Ү-***********7 дугаартай, 48,6 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 589 116 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Х.Оээс 394 160 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  А банк ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.АМАРЖАРГАЛАН