Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 982

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 21 өдөр

  Дугаар 101/ШШ2017/00982

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд оршин байрлах Аригбанк ХХК-ийн /2111683/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 16 хороо, 16 хороолол, ШШГЕГ-ын ажилчдын хотхон 24 а байр 10  тоотод оршин суух Хаянхярваагийн Оюунгэрэлд /ЧЭ49081507/ холбогдох,

 

Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 46,459,775 төгрөг, зардалд 6,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Тамир, хариуцагчийн төлөөлөгч Н.Ганхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Баясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Аригбанк ХХК-ийн төлөөлөгч Б.Тамир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Х.Оюунгэрэл нь 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 2105004996 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 30,000,000 төгрөгийн зээлийг орон сууц барьцаалсан шуурхай зээлийн зориулалтаар 36 сарын хугацаатай жилийн 42 хувийн хүүтэйгээр зээлж авсан.

Гэвч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар одоогийн байдлаар 49,106,190.68 төгрөгийн өртэй болоод байна.

Х.Оюунгэрэл нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй бөгөөд энэ талаар удаа дараа банкнаас мэдэгдэл өгч, шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар огт санал, санаачлагагүй байсаар өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй байна. Иймд:

1. 2105004996 тоот зээлийн гэрээний 4.2.2-т заасныг үндэслэн зээлийн гэрээг цуцалж зээлдэгчээр үндсэн зээлийн үлдэгдэл 29,964,539.18 төгрөг, 18,274,264.02 төгрөгийн үндсэн хүүний үлдэгдэл, 867387.48 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл нийт 46,459,775.11 төгрөг, 6,000 төгрөгийн нотриатын зардал, нийт 49,106,190.68 төгрөгийг хариуцагчаас гаргуулж хохиролыг барагдуулж өгнө үү.

2. Х.Оюунгэрэлийн зээлийн барьцаанд буй Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, ШШГЕГазрын 24А байр, 10 тоотод байрлалтай, Ү-2204036157 дугаартай, 48,6 м.кв талбайтай орон сууцыг шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс битүүмжилж, зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Х.Оюунгэрэл шүүхэд гаргасан болон төлөөлөгч Н.Ганхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Оюунгэрэл би 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 2105004996 тоот зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай сарын 3,5 хувийн хүүтэй авсан.

Зээл авснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд нийтдээ 9,417,300 төгрөгийг Аригбанкинд төлсөн.

Аригбанкнаас нэхэмжилсэн 49,106,190.68 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Үлдэгдэл үндсэн зээл 29,964,539.18 төгрөг, хүү нь 12,796,175.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 867,387.48 төгрөг, нийт 42,760,714.44 төгрөг байхаар байна.

Иймд Аригбанкны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Аригбанк ХХК, хариуцагч Х.Оюунгэрэлд холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 46,459,775 төгрөг, зардалд 6,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэлээс 42,760,714 төгрөг төлөхийг зөвшөөрч, 6,348,476 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн татгалзжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Аригбанк ХХК 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2105004996 дугаартай Орон сууц барьцаалсан шуурхай зээлийн гэрээгээр 30,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, нэг сарын 3,5 хувийн хүүтэйгээр хариуцагч Х.Оюунгэрэлд зээлдүүлж, мөн өдрийн 2105004996 дугаартай Орон сууц барьцаалсан шуурхай зээлийн барьцааны гэрээгээр хариуцагчийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын ШШГЕГ-ын 24А байрны 10 тоотод орших, 48.6 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204036157 дугаартай, нэг өрөө орон сууцыг барьцаалсан гэрээг тус тус байгуулжээ.

Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дагуу 30,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй боловч хариуцагч мөнгийг хүлээн авсан болохыг илэрхийлсэн, энэ талаар маргаагүй болно.

Зохигчийн хооронд Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч 2105004996 тоот зээлийн гэрээний дагуу хариуцагчид олгосон 30,000,000 төгрөгийн үндсэн зээлд төлсөн 35,460 төгрөг, хүүнд төлсөн 9,379,823 төгрөгийг хасч үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 49,106,190 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нэхэмжлэгч гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар хүчин төгөлдөр байна. Барьцааны гэрээг 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж улсын бүртгэгчийн 11/134 дугаартай тэмдэг дарж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангажээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг нэхэмжлэгч зөрчсөн, тэргүүн ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлэх байсан, 9,417,300 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэх татгалзлаа үндэслэл бүхий байдлаар шүүхэд нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлаа нотлоогүй болно. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.2, 1.8, 2.2-т зааснаар гэрээний хугацаанд зээл төлөх дарааллыг тогтоосон байх бөгөөд хариуцагч зээл төлөх хуваарьт гарын үсэг зурж баталгаажуулсан, гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагч зээл төлөөгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах үндэслэл болох тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын ШШГЕГ-ын 24А байрны 10 тоотод орших, 48.6 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204036157 дугаартай, нэг өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар төлбөрийг барагдуулахаар шаардах эрхтэй.

Харин нэхэмжлэгч, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжлэхдээ Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг зөрчиж үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн хүү тооцсоныг хасч тооцох нь зүйтэй.

2105004996 тоот зээлийн гэрээний  хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дууссан байхад нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүг 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл тооцсон нь хуульд нийцэхгүй тул гэрээний хугацаанд тооцсон нэмэгдүүлсэн хүүгийн 867,387 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Мөн нэхэмжлэгч нотариатын зардалд 6,000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заснаар хариуцагчийн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбогдон нэхэмжлэгчээс гарсан зардал гэж үзэх үндэслэлтэй, зохих баримтаа бүрдүүлэн шүүхэд өгсөн байх байх тул нэхэмжлэгчээс гарсан зардлыг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй.

Иймд хариуцагч Х.Оюунгэрэлээс 48,238,803 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Аригбанк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 867,387 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Х.Оюунгэрэлээс 48,238,803 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Аригбанк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 867,387 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Оюунгэрэл шүүхийн шийдвэрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын ШШГЕГ-ын 24А байрны 10 тоотод орших, 48.6 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204036157 дугаартай, нэг өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403,481 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Х.Оюунгэрэлээс 399,144 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Аригбанк ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ЭНЭБИШ