Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2021/01867

 

 

 

 

 

 

 

 

 

2021        10         13                                             181/ШШ2021/01867         

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Мандал сум, минжийн хангайн 7 дугаар баг Баяннарцат 57 тоотод оршин суух, Д.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 37 дугаар гудамж, 522 тоотод оршин суух, О.Уд холбогдох,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжих үүрэгт 3 360 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагч О.У, түүний өмгөөлөгч А.Б, гэрч Ё.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Амарбаясгалан нар оролцов.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ою шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 онд миний таньдаг хүн нэг өдөр Солонгос улсын виз найдвартай гаргаж өгдөг хүнд утасны дугаарыг чинь өгсөн чам руу ярих байх гэж хэлсэн. 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч О.У над руу утсаар яриад та Солонгосын виз гаргуулах хүн мөн үү би н.Болороогийн ярьсан виз гаргадаг хүн байна, та надад өгөх мөнгөө аваад Зайсангийн автобусны буудал дээр хүрээд ирээрэй гэсэн. Би нөхөртэйгээ хамт очиж уулзахад визийг чинь найдвартай гаргаж өгнө өө, гаргаж өгөхгүй бол танаас авсан мөнгийг буцааж төлнө гэж хэлсэн учраас тэр дор нь АТМ-ээс 3 360 000 төгрөгийг О.Уын данс руу шилжүүлж, гүйлгээний утга дээр нь юу гэж бичих вэ гэтэл Болороо гээд бичих гэхээр нь Болороо гэж бичсэн. Гадаад паспортаа 2 хувь зурагтай өгөөд явсан. Визийг 2 сар дотор гаргана гэсэн учраас хэлсэн хугацаа нь дууссаны дараа холбогдоход би Солонгост байна, Сингапурт байна, Монголд очихоороо гаргаж өгнө гээд сүүлдээ утсаа авахаа болиод алга болсон. Бид Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан бөгөөд гадаад паспортаа цагдаагаас хүлээж авсан. О.У нь миний мөнгийг маргааш өгнө, одоо өгнө гэж худлаа яриад өгөхгүй байна. Хариуцагч О.Уын хэлснээр 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Хаан банкны 5113052795 тоот дансаар 3 360 000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Иймд хариуцагч О.Уаас 3 360 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч О.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Огэдэг хүнийг огт таньж мэдэхгүй бөгөөд ганцхан 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр найз болох Болороогийн гуйснаар нь тэр өдөр ганцхан удаа уулзсан. Өнөөдрийг хүртэл дахиж нэг ч холбогдоогүй. Тэр өдөр Болороо надад манай хамаатны эгч Д.Огэдэг хүн байгаа юм аа, санаа зоволтгүй, би бүх бичиг баримтыг нь найдвартай хүнээр янзлуулж байгаа. Чи зүгээр уулзаад найдвартай хүмүүс хийж өгнө асуудалгүй гэж хэлээд мөнгийг аваад над руу шилжүүлээд өгөөч гэж гуйсан. Би Болороод хар буруу саналгүй, Солонгос улсад бизнес эрхэлдэг найз болохоор би итгээд гуйснаар би Д.Огэдэг хүнтэй ганцхан удаа л уулзаад мөнгийг аваад шууд Болороо луу шилжүүлж өгсөн үнэн. Болороогийн надад өгсөн болох Солонгос руу мөнгө шилжүүлдэг хүн гээд 5720630845 тоот данс руу хийгээрэй гэсэн бөгөөд би тэр дор нь шууд шилжүүлж өгсөн нь үнэн. Тиймээс би өөрийн нотлох баримт болох банкны хуулгаа авчирч өгсөн. Энэ Д.Огэдэг хүнийг би огт танихгүй, уулзаж үзээгүй хүнд шууд 3 360 000 төгрөгийн шилжүүлж өгөх хүн байх уу? Энэ бүгдээс харахад өөрийн хамаатны дүү болох Солонгост байгаа Болороотойгоо маш удаан олон ярилцаж холбоотой байж байгаад хийсэн үйлдлүүд болох нь тодорхой бөгөөд аль 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр болсон явдал, огт танихгүй над руу ингэж өнөөдөр гэнэт шүүхэд өгсөн нь эгч дүү нар хамаатан садангуудын зохион байгуулалттай над руу гүтгэлэг хийж байна. Тэр Болороо нь одоо миний утсыг авах ч үгүй надтай холбоогүй 2 жил болж байна. Энэ Д.Онь хамаатны дүү Болороогийнхоо ах, дүү гэр орныхон бүгдийг нь сайн мэдэж байгаа. Би хойшоо Дамбадаржаад өндөр настай аав, ээжтэйгээ хашаанд амьдардаг ажилгүй гэрээрээ байдаг хүн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Онь хариуцагч О.Ут холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжих үүрэгт  3 360 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Нэхэмжлэгч Д.Онь БНСУ-ын виз гаргуулах зорилгоор хариуцагчид мөнгө шилжүүлсэн гэж тайлбарлаж байгааг хариуцагч О.У БНСУ-д амьдардаг Болороогийн гуйлтаас Д.О-аас мөнгө авч, түүний өгсөн данс руу шилжүүлсэн гэх үндэслэлээр маргаж байх тул талуудын хооронд Гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь: гэрээний талууд үүрэг хүлээж, эрх эдэлдэг бөгөөд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх бодит боломжтой, нөгөө тал нь уг үүргээ хэрэгжүүлэхийг шаардах эрхтэй байдаг. Харин бусад этгээдээс хамаарах эрх, үүргийн асуудлыг гэрээгээр талууд тохиролцох боломжгүй. Өөрөөр хэлбэл, О.У нь Д.ОБНСУ-д зорчих визыг гаргаж өгөх боломжгүй буюу энэ үүргийг Д.Ошаардсанаар гүйцэтгэх боломжгүй байна. Иймээс Д.Оболон О.У нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3.-д “Үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно” гэж заасан.

 

Нэхэмжлэгч Д.Онь 2018.08.22-ны өдөр О.Уын ХААН банк дахь 5113052795 тоот дансанд 3 360 000 төгрөгийг шилжүүлсэн, О.У нь Д.Оюунмандахаас гадаад поспорт, 2% зураг авч, 2020 онд Цагдаагийн байгууллагад дуудагдсаны дагуу паспортыг нь буцаан өгсөн үйл баримт Д.Оюунмандах, О.У нарын дансны хуулга /хх-5, 16х/, шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч О.У нь БНСУ-д амьдардаг Болороогийн гуйлтаар мөнгийг авч, Болороод шилжүүлсэн гэх тайлбараа баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй тул түүний тайлбар үндэслэлгүй байна.

О.У нь Д.О-аас шилжүүлсэн 3 360 000 төгрөгнөөс тухайн өдөрт нь 3 270 000 төгрөгийг Батжаргал гэх хүний дансанд шилжүүлсэн гэх байдлыг дээрхи хариуцагчийн тайлбарыг нотолсон гэж үзэх боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч Д.Онь О.Уын дансанд мөнгөө шилжүүлж, О.Ут гадаад паспорт, 2% зураг хүлээлгэн өгсөн байх тул түүний виз гаргуулахаар мөнгө шилжүүлж, паспортоо өгсөн гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч Д.Онь БНСУ-д зорчих визыг гаргуулах тодорхой үйлдлийг хийлгэхээр тохиролцон 3 360 0000 төгрөгийг О.Ут шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, мөнгө шилжүүлсэн баримт /хх-5х/-аар тогтоогдож байна.

Хариуцагч О.У нь Д.ОБНСУ-д зорчих Визыг гаргаагүйгээс түүний үйлдэл Д.Охүсэл зоригт нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Д.Онь дээрх хуульд заасны дагуу 3 360 000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй байна.

 

Иймд хариуцагч О.Уаас 3 360 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Оюунмандахад олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-д зааснаар хариуцагч О.Уаас 3 360 000 /гурван сая гурван зуун жаран мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.О улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 710 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Уаас 68 710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н. ОЮУНТУЯА