Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01414

 

 

 

 

 

 

 

 

 

2023 07 19 210/МА2023/01414

 

 

*.* ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Г.Даваадорж, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/01251 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *.*

Хариуцагч: **.**

Нэхэмжлэлийн шаардлага: 3,360,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 **.** нь ...Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хэлээд *.* аас 3,360,000 төгрөг авсан. 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр **.** ын данс руу 3,360,000 төгрөг шилжүүлсэн. Тэрээр ...Виз гарахгүй бол мөнгийг буцаагаад өгнө гэсэн боловч одоог хүртэл мөнгийг буцааж өгөөгүй. Иймд **.** аас 3,360,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 2018 оны 08 дугаар сарын 22-нд н.Б нь надад ...*.* аас мөнгө аваад надруу шилжүүлээд өг гэж гуйсан. Би гуйснаар нь *.* тай уулзаад, мөнгийн аваад шууд н.Б руу шилжүүлсэн.

2.2 Маскийг Д.О хүлээж авлаа гээд гарын үсэг зурсан. Төлбөр тооцоо бүрэн төлөгдсөн, ямар нэгэн өр байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч **.** аас нийт 3,360,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *.* ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *.* ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **.** аас улсын тэмдэгтийн хураамжид 68,710 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *.* ад олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хэргийн үйл баримтын хувьд хариуцагч нь БНСУ-д 2007 оноос 2012 оны хооронд ажиллаж амьдарч байхдаа н.Б той танилцсан. Хариуцагчийг Монгол Улсад ирсний дараагаар буюу 2018 онд холбогдож ...манай хамаатны 2 эгч БНСУ-аас урилга, батлан даалт, визний бичиг баримтыг хөөцөлдөж байгаа тул чи очоод манай 2 эгчээс визний мөнгийг нь аваад надруу шилжүүлж найздаа тус болооч гэж гуйсны дагуу хариуцагч нь 2018 оны 08 дугаар сард *.* аас 3,360,000 төгрөг, Д.О ээс 3,345,000 төгрөгийг тус тус өөрийн дансаар шилжүүлэн авч, тухайн өдрөө БНСУлс руу н.Б гийн өгсөн данс руу Воlогоо гэх утгатайгаар шилжүүлсэн.

4.2 н.Б нь ...*.* , Д.О нарт өгөх мөнгөний асуудлыг тохиролцоод дуусгасан, маск өгсөн, санаа зоволтгүй гэж надад хэлсэн. Улмаар хариуцагч нь н.Б гийн эгч гэх н.Т той 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр уулзсан. Уулзахад 2020 оны сүүлээр н.Б нь ...Д.О , *.* нарын мөнгөнд тооцож өгөөрэй гээд 2500 ширхэг КР94 загварын маск БНСУ-аас явуулсныг 2021 оны 01 дүгээр сард каргогоор хүлээж аваад 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Д.О т хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгөхдөө өөрийн тэмдэглэлийн дэвтэрт гарын үсэг зуруулан авч, маскны зургийг дарж авсан байсан баримтыг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Д.О ийн нэхэмжлэлтэй, **.** т холбогдох, 3,345,000 төгрөг гаргуулах шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн.

4.3 Шүүгч нэхэмжлэгч Д.О ээс 2500 ширхэг маск 5,500,000 төгрөгт тооцож авсан, тэмдэглэлийн дэвтэрт бичигдсэн гарын үсэг нь Д.О ийнх мөн болох, *.* , Д.О нарын шилжүүлсэн 6,705,000 төгрөгийн асуудал дууссан талаар тодруулж асуухад н.Б той байнга холбоотой байдаг, 2021 оны 01 дүгээр сард н.Б гийн эгч н.Т гоос маск хүлээж авсан, төлбөр тооцоо дууссан талаар хэлсэн. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт нотлох баримтаар авагдсан маск хүлээж авсан баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О ийн гарын үсэг зурсан болон маск хүлээж авсан үйл баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэхгүйгээр өмнөх шүүхийн шийдвэр, дүгнэлтэд хөтлөгдөж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Маскны мөнгө нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй. *.* **.** т Солонгос улсын виз гаргуулахаар гадаад паспорт, мөнгө өгсөн ба виз гарахгүй бол мөнгийг нь буцаагаад өгнө гэж хэлсэн гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч *.* нь хариуцагч **.** т холбогдуулан 3,360,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...**.** нь Солонгос улсын виз гаргаж өгнө гэж 3,360,000 төгрөг авсан боловч одоог хүртэл виз гараагүй тул түүнд өгсөн 3,360,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ...н.Б гийн гуйлтаар *.* аас 3,360,000 төгрөг авч н.Б д шилжүүлсэн, ...н.Б гоос нэхэмжлэгчид дээрх мөнгөн дүнд тохирсон макс өгсөн тул төлбөр тооцоогүй гэж үгүйсгэн маргасан.

4. 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр *.* аас **.** т 3,360,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. /хх 5/

5. Хариуцагч нь нэхэмжлэгчээс түүнд шилжүүлсэн дээрх мөнгөн хөрөнгийг н.Б гийн даалгавраар хүлээн авсан гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

5.1 Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагчийг 3,360,000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь зөв. Өөрөөр хэлбэл, Хаан банк дахь 5113052795 дугаар данснаас хариуцагч нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 3,270,000 төгрөгийг мөн банк дахь 5720630845 дугаар дансанд шилжүүлсэн үйл баримт нь /хх 16/ нэхэмжлэгч болон н.Б нарын хооронд үүссэн гэх үүргийг тодорхойлж чадахгүй. Хариуцагчаас 3,270,000 төгрөгийг н.Б д шилжүүлсэн нь түүнийг нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан 3,360,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.

5.2 Хэргийн 133 дугаар талд авагдсан, 2021 оны 1.8-д 2500 ш маскийг 1 ш-ийг нь 2200 төгрөгөөр бодож авлаа. Хүлээн авсан Д.О гэх гэрэл зураг нь маргааны зүйл болох 3,360,000 төгрөгт тооцон нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн эд зүйлс гэж үзэх үндэслэлийг нотолж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн гэрэл зурагт тусгасан агуулга нь 3,360,000 төгрөгт хамааралтай, нэхэмжлэгч нь уг мөнгөн дүнд маск авсан гэх үйл баримтыг эргэлзээгүй нотлохгүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О ийн гарын үсэг зурсан болон маск хүлээж авсан үйл баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/01251 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 68,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

М.БАЯСГАЛАН