Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/00044

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/00044

 

 

Д.О-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2021/01867 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.О-ын хариуцагч О.У-т холбогдуулан 3 360 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагч О.У-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Солонгос улсын виз найдвартай гаргаж өгдөг хүнд утасны дугаарыг чинь өгсөн гэж 2018 онд танил н.Б- хэлсэн. Улмаар 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр О.У- утсаар яриад та Солонгосын виз гаргуулах хүн мөн үү би н.Б-гийн ярьсан виз гаргадаг хүн байна, та надад өгөх мөнгөө аваад Зайсангийн автобусны буудал дээр хүрээд ирээрэй гэсэн. Нөхөртэйгээ хамт очиж уулзахад визийг чинь найдвартай гаргаж өгнө, өгөхгүй бол мөнгийг буцааж төлнө гэж хэлсэн учраас АТМ-ээс 3 360 000 төгрөгийг О.У-ын дансанд у шилжүүлж, гүйлгээний утга дээр нь юу гэж бичих вэ гэтэл Б- гээд бичих гэхээр нь Б- гэж бичсэн. Гадаад паспортаа 2 хувь зурагтай өгөөд явсан. Визийг 2 сарын дотор гаргана гэсэн учраас хэлсэн хугацаа нь дууссаны дараа холбогдоход би Солонгост байна, Сингапурт байна, Монголд очихоороо гаргаж өгнө гээд сүүлдээ утсаа авахаа болиод алга болсон. Бид цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан бөгөөд гадаад паспортаа цагдаагаас хүлээж авсан. О.У-аас 3 360 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.О-ыг танихгүй, 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр н.Б-гийн гуйснаар нь уулзсан. Өнөөдрийг хүртэл дахиж нэг ч холбогдоогүй. н.Б- манай хамаатны эгч Д.О- гэдэг хүн байгаа юм аа, санаа зоволтгүй, би бүх бичиг баримтыг нь найдвартай хүнээр янзлуулж байгаа. Чи зүгээр уулзаад найдвартай хүмүүс хийж өгнө асуудалгүй гэж хэлээд мөнгийг аваад над руу шилжүүлээд өгөөч гэж гуйсан. н.Б-д буруу саналгүй, Солонгос улсад бизнес эрхэлдэг найз болохоор итгээд гуйснаар нь Д.О-аас мөнгийг аваад Б-д шилжүүлсэн. н.Б-гийн өгсөн Солонгос руу мөнгө шилжүүлдэг хүний данс болох 5720630845 тоот дансанд шилжүүлсэн. Б- нь миний утсыг авахгүй 2 жил болж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дах хэсэгт зааснаар хариуцагч О.У-аас 3 360 000 /гурван сая гурван зуун жаран мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О-ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 710 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.У-аас 68 710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О-ад олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч О.У- давж заалдах гомдолдоо:

1. Анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнээгүй.

Хэрэгт авагдсан хариуцагчийн 5113052765 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 11:00 цагт Ulaanbaat Б гэх утгаар 3 360 000 төгрөг орж ирснийг мөн өдрийн 11:49 цагт 5720630845 тоот данс руу Б- гэсэн утгаар 3 270 000 төгрөгийн зарлага гарсан болох нь тогтоогддог. БНСУ-д амьдардаг н.Б-гийн ярьсны дагуу түүний хамаатны эгч болох Д.О-аас 3 360 000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч тухайн мөнгөнөөс даалгаврын гэрээний хөлс болох 90 000 төгрөгийг авч үлдэн, үлдэх 3 270 000 төгрөгийг тухайн өдрөө н.Б- руу шилжүүлсэн. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлд заасны дагуу даалгаврын гэрээний үүргээ биелүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн 3 360 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу.

Шүүхийн шийдвэрт дурдаад байгаа шиг 3 360 000 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал байдаггүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...хариуцагч О.У- нь БНСУ-д амьдардаг Б-гийн гуйлтаар мөнгийг авч Б-д шилжүүлсэн гэх тайлбараа баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй тул түүний тайлбар үндэслэлгүй байна гэжээ. Дээрх хуульд зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүнийг татгалзаж буй талаарх тайлбараа баримтаар нотлох үүрэгтэй хэдий ч шүүгч хэт явцуурхаж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэрэв Б- нь Монгол Улсад ажиллаж амьдардаг бол түүнийг шүүхэд гэрчээр оролцуулж, тус хэргийн үйл баримт, гаргасан тайлбараа нотлуулах бүрэн боломжтой байсан.

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...огт танихгүй, уулзаж үзээгүй хүнд шууд 3 360 000 төгрөг шилжүүлж өгөх хүн байхгүй, хамаатны дүү болох Б- нь мөнгө шилжүүлж авч байгаа учраас гүйлгээний утга дээр түүний нэрийг бичсэн, тухайн мөнгийг нь тэр өдрөө н.Б-гийн өгсөн данс руу шилжүүлсэн... гэж тайлбарлан, өөрийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгаа нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүх хуралдааны явцад хариуцагч нь ...Б-той 2021 оны хавар холбогдож эгч нь мөнгө нэхэж байгаа талаар ярихад эгчдээ мөнгөнийх нь оронд нэг бүрийн үнэ нь 10 000 төгрөгийн үнэтэй Солонгос Улсын К-94 маск, гар ариутгагч өгсөн, санаа зоволтгүй төлбөр мөнгөний асуудал шийдэгдсэн... гэж ярьсан талаараа хэлж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ талаар асуухад дээрх маск, гар ариутгагчийг авсан гэж хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч О.У-т холбогдуулан 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Солонгос улсын виз гаргуулахаар шилжүүлсэн 3 360 000 төгрөгийг буцаан гаргуулна гэж нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ БНСУ-ын виз гаргуулах зорилгоор хариуцагчид 3 360 000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарласныг хариуцагч нь БНСУ-д амьдардаг н.Б-гийн гуйлтаар Д.О-аас мөнгө авч, түүний өгсөн данс руу шилжүүлсэн гэж эс зөвшөөрч тайлбарласан байна. /хх1, 15/

 

Хэрэгт Д.О- нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр О.У-ын ХААН банк дахь 5113052795 тоот дансанд 3 360 000 төгрөгийг шилжүүлсэн, О.У- нь Д.О-аас гадаад поспорт, 2% зураг авсан бөгөөд 2020 онд Цагдаагийн байгууллагад дуудагдсаны дагуу паспортыг нь буцаан өгсөн үйл баримт Д.О-, О.У- нарын дансны хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх5,16/

 

Уг мөнгөн шилжүүлгийн утга дээр Б- гэж бичсэн тухайд талууд маргахгүй байна.

 

Мөн О.У- нь өөрийн дансанд орсон 3 360 000 төгрөгөөс 90 000 төгрөг авч үлдэн, 3 270 000 төгрөгийг Б- гэх утгаар шилжүүлжээ. /хх16/

 

Хариуцагч О.У- нь 90 000 төгрөг дансандаа авч үлдсэн шалтгаанаа Б-той яриад 90 000 төгрөгийг зээлсэн. Энэ зээлсэн мөнгөө Солонгост байхдаа уулзаж төлсөн гэж шүүх хуралдаанд тайлбарласан бол давж заалдах журмаар гаргасан гомдолдоо даалгавар биелүүлсэн хөлсөндөө авсан талаар дурджээ.

 

Мөн дээрх 3 360 000 төгрөгийг хариуцагч буцааж төлөөгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг О.У- үгүйсгээгүй.

 

Талууд дээрх 3 360 000 төгрөгийг шилжүүлэх болсон үндэслэлийн хувьд маргаантай байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай Солонгосын ВИЗ гаргуулахаар хэлцэл байгуулж шилжүүлсэн гэж, хариуцагч нь нэхэмжлэгчтэй ямар нэгэн хэлцэл байгуулаагүй, Б-гийн даалгавраар Д.О-тай уулзаад 3 360 000 төгрөг дансаараа дамжуулан Б-гийн заасан дансанд шилжүүлсэн буюу даалгавар биелүүлсэн гэж маргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Мөн талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. Хариуцагч О.У- нь ... 2018 оны 8 дугаар сарын 22-ноос хойш нэг ч удаа нэхэмжлэгчтэй холбогдоогүй гэж тайлбарласан боловч хэргийн баримтаас нэхэмжлэгч Цагдаагийн байгууллагад хандсан, 2020 онд хүүхдийнх гадаад паспортыг буцааж өгсөн гэж хариуцагч тайлбарлажээ./хх78-80/

 

Нэхэмжлэгч нь 3 360 000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлснээс гадна хариуцагч нэхэмжлэгчийн гадаад паспорт, 2 хувь зургийг авсан, улмаар мөнгө шилжүүлснээс хойш 2 жилийн дараа гадаад паспортаа буцааж авахаар Цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргасан зэргээс үзэхэд зохигчийн хооронд Солонгос улсын ВИЗ гаргуулах тохиролцоо байгаагүй гэж үгүйсгэх боломжгүй байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж буруу дүгнэжээ.

 

Нэхэмжлэгчийн 3 360 000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн үйлдэл, хариуцагчийн гадаад паспорт, 2 хувь зургийг аваад 2 жилийн дараа буцаан өгч буй үйлдэл нь талуудын хооронд Солонгос улсын виз гаргуулах тохиролцоо байсныг нотолж байх бөгөөд уг тохиролцоо нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн тохиролцоо юм.

 

Хэдийгээр Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах иргэн тухайн улсын виз авахыг өөрөө хариуцахаар байгаа боловч гадаадад улсад зорчих визийг тухайн улсын элчин сайдын яам мэдэж олгох юм.

 

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлээс иргэний эрх зүйн харилцаа үүсэх юм.

 

Зохигчийн тохиролцоо хуульд нийцэхгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах үүрэг талуудад үүсэх юм.

 

Иймд хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч О.У-аас 3 360 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.О-ад олгосон хууль хэрэглээний өөрчлөлтийг нь анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

 

Гадаад паспортаа буцаан авсанд нэхэмжлэгч маргахгүй байна. Хариуцагч О.У- нь 3 360 000 төгрөгийг шилжүүлсэн этгээдээс буцаан шаардахад энэ шийдвэр саад болохгүй юм.

 

Анхан шатны шүүх О.У- нь БНСУ-д амьдардаг н.Б-гийн гуйлтаар мөнгийг авч, н.Б-д шилжүүлсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй. Учир нь дан ганц мөнгөн шилжүүлгийн баримт, гүйлгээний утгаар дээрх үйл баримтыг эргэлзээгүй нотлохгүй. Хариуцагч нь н.Б-той цахимаар харилцсан гэх, түүнтэй даалгаврын гэрээний харилцаатай байсан, маск, гар ариутгагч нийлүүлэх байдлаар н.Б- 3 360 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэх нөхцөл байдлаа баримтаар нотлоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх бөгөөд энэ талаар хариуцагч хүсэлт гаргасан баримтгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн 161.1-д заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй тул хариуцагчийн н.Б- 3 360 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн баримтыг олж мэдсэн талаарх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2021/01867 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 492 дугаар зүйлийн 492.3 гэснийг ... 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 870 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД