Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2020/01661

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2021           06           02

                           101/ШШ2020/01661

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: О.М нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Г.Б холбогдох

 

“Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ану, хариуцагчийн өмгөөлөгч Л.Золзаяа /№2166/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.М миний бие 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэн Г.Бтай автомашин худалдах худалдан авах №8056 тоот гэрээ байгуулсан. Автомашин нь Honda Inspire маркын ******* арлын дугаартай хар өнгийн ******* улсын дугаартай авто тээврийн газраас 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдөр олгосон №0046157 тоот бүхий гэрчилгээгээр нотлогдоно. Дээрх автомашины үнийг талууд 7,000,000 төгрөгөөр тохиролцсон. Уг худалдах-худалдан авах гэрээний 3 дугаар зүйлд төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төлж дууссан болно гэж заасан. Тухайн үед төлбөрийг дараа төлж барагдуулахаар хоорондоо тохиролцсон байсны үндсэн дээр төлбөрийг төлж барагдуулсан гэж тодорхойлсон юм. Энэхүү гэрээний дагуу О.М миний бие уг автомашины төлбөрт одоо хүртэл бэлнээр болон бэлэн бусаар огт төлбөр аваагүй байгаа болно. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд миний хувьд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, ковид19 цар тахалын улмаас хөл хорио тогтоосон зэргээс үүдэн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлээ хугацаандаа гаргаагүй байгааг харгалзан үзнэ үү.

Иймд Г.Бгаас Honda Inspire маркын ******* арлын дугаартай хар өнгийн ******* улсын дугаартай автомашин худалдах-худалдан авах гэрээний дагуу тохиролцсон 7,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ану шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэж, үүрэг дуусгавар болсон талаар. Нэхэмжлэгч О.Мээс 32.04 м.кв бүхий нэгж талбайтай орон сууцыг худалдан авахаар амаар тохиролцож, 1м.кв-ийг 1,350,000 төгрөг нийт /32.04*1350000=43,254,000/ төгрөгөөр авахаар болж улмаар 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нийт 30 удаагийн мөнгөн шилжүүлгээр нийтдээ 18,302,800 төгрөгийн үнийн дүнгийн урьдчилгаа төлбөрт шилжүүлээд байсан бөгөөд үлдэгдэл 24,951,200 төгрөгийг Төрийн банкнаас зээл гаргуулж барагдуулахаар болсон тул талууд орон сууц захиалгын гэрээг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нөхөн үйлдэж нотариатаар гэрчлүүлсэн юм. Мөн түүнчлэн О.М өөрийн автомашинаа худалдана хэмээн санал тавьж, худалдан авахаар тохиролцож автомашины үнийг байрны зээл дээрээ нэмж гаргуулахаар ярилцаж “орон сууц захиалгын гэрээ” байгуулахдаа машины үнийг нэмж гаргахын тулд байрны 1 м.кв үнийг 1,570,000 төгрөг болгон нэмж гэрээ хийсэн бөгөөд Төрийн банкнаас 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зээл гарч, мөн өдөр 32,000,000 төгрөгийг Төрийн банкны 340004104358 тоот дансанд шилжүүлснээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ болон автомашин худалдах худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн төлж барагдуулснаар үүрэг дуусгавар болсон билээ. Гэрээний үүргийг худалдан авагч талаас бүрэн төлж барагдуулсныг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-ний 3 дугаар зүйлд тусгасан “Автомашиныг худалдах үнийг талууд 7,000,000 төгрөг байхаар 2 тал харилцан тохиролцсон бөгөөд төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 18-ы өдөр төлж дууссан” хэмээн үүрэг дуусгавар болсныг тогтоосон байна.

Гэрээний үүрэгтэй холбоотойгоор шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон талаар. Талууд “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-г 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан билээ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар тусгасан билээ. Иргэн О.Мийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хуулийн боломжит хугацаа 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсон байхад хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. Талуудын хооронд байгуулагдсан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, эд хөрөнгийг хүлээн авах гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, гэрээтэй холбоотой харилцаа бүрэн дуусгавар болсон байхад ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.М нь хариуцагч Г.Бд холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Г.Б нь дээрх гэрээний үүрэг дуусгавар болсон буюу төлбөрийг Төрийн банкнаас авах зээлэндээ оруулан зээл гаргуулж, төлбөрийг шилжүүлсэн, мөн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Honda Inspire маркын UC11050360 арлын дугаартай, хар өнгийн 04-46 УБҮ улсын дугаартай автомашины эзэмшигч нь 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нэхэмжлэгч О.М байсан байх ба 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хариуцагч Г.Бгийн эзэмшилд шилжсэн болох нь Авто тээврийн үндэсний төвийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн “Тээврийн хэрэгслийн лавлагаа”-гаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч О.М, хариуцагч Г.Б нар нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, Honda Inspire маркын UC11050360 арлын дугаартай, хар өнгийн 04-46 УБҮ улсын дугаартай автомашиныг 7,000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар харилцан тохиролцож, Г.Б нь машиныг бодитоор эзэмшилд шилжүүлэн авсан болох нь дээрх “Тээврийн хэрэгслийн лавлагаа”, “Тээврийн хэрэгслийг бүртгэх маягт”, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

            Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан ба нэхэмжлэгч О.М нь дээрх 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний үүргийг шаардаж, нэхэмжлэлээ 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр баталгаат шууданд хийж, уг нэхэмжлэлийг шүүх 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авсан болох нь “Монгол шуудан” ХК-ийн баталгаат шуудангийн дардас /хх-4 тал/, шүүхийн нэхэмжлэл хүлээн авсан дардас /хх-1 талын арын нүүр/ зэргээр тогтоогдож байна.  

 

            Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ”, 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байхаар зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгч О.М нь дээрх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн буюу шаардлага гаргах эрхээ алдсан байна.

 

            Түүнчлэн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн хувьд дээрх хуульд заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагын талаар шүүхэд өмнө нь хандаж байгаагүй буюу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Нэхэмжлэгч О.М нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг шүүхэд тогтоосон хугацаанд гаргаагүй нөхцөл байдлаа коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай холбоотой хөл хорио тогтоосоны улмаас гаргаагүй гэх тайлбарыг шүүх хуралдаанд тайлбарлаж байх бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаартай “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоолоор засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн буюу үүнээс өмнөх цаг хугацаа болох 2018, 2019 он болон 2020 оны 11 дүгээр сарыг хүртэлх хугацаанд тэрээр гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах эрхээ эдлэх бүрэн боломжтой байсан байна. 

 

            Өөрөөр хэлбэл коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай холбоотой хөл хорио тогтоосоны улмаас нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаагүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

            Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь өөр үндэслэл, шалтгааны улмаас шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэхүү үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

            О.М болон О.Оюунчимэг, Б.Уланбадрах нар нь хариуцагч Г.Бгийн эхнэр С.Өлзийсайхантай 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулж, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай, 22 дугаар байрны хуучин байршилд баригдаж буй барилгын 5 давхрын 32,04 мкв талбайтай, В1 байршлын 1 өрөө орон сууцыг 1 мкв-ыг 1,570,000 төгрөгөөр, нийтдээ 52,302,800 төгрөгийн үнээр захиалахаар харилцан тохирч, 30 хувийн урьдчилгаа төлбөрт 15,090,840 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

            Улмаар С.Өлзийсайхан, Г.Б нар нь Төрийн банктай 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 89/05 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулж, 32,000,000 төгрөгийг орон сууц худалдан авах зорилгоор авсан болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч тал уг 32,000,000 төгрөгт нэхэмжлэгч О.Мтэй байгуулсан “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэг болох 7,000,000 төгрөг багтсан гэх тайлбарыг гаргаж байх боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

            Өөрөөр хэлбэл Төрийн банкин дахь С.Өлзийсайханы 360000212034 тоот “Депозит дансны харилцагчийн монгол хуулга”-аас үзэхэд 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ******* тоот дансанд 32,000,000 төгрөгийг “...27 тоот байрны төлбөр шилжүүлэв” гэсэн утгаар шилжүүлсэн байх бөгөөд уг төлбөр нь нэхэмжлэгч О.Мийн дансанд шилжсэн гэж үзэх үндэслэлгүй, О.М нь ******* тоот дансыг эзэмшдэг болох нь тогтоогдохгүй байна.

 

            Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн “Тэнхлэг зууч” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2/10 дугаартай “Худалдах дундаж үнийн үнэлгээ гаргаж өгөх” тухай тодорхойлолтоор 2016 оны 01-6 сард орон сууцны 1 мкв-ын үнэ нь 1,350,000-1,650,000 төгрөг, нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн “Remax”-ийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 21/02 дугаартай тодорхойлолтоор 2014 оны 02 дугаар сард шинээр ашиглалтад орсон 1 өрөө орон суунцы 1 мкв-ын үнэ нь 1,650,000-1,750,000 төгрөг байсан талаарх баримтыг хэн алин нь шүүхэд ирүүлжээ.

 

            Дээрх хэрэгт авагдсан “Орон сууц захиалгын гэрээ”, “Орон сууцны зээлийн гэрээ”, 1 мкв-ын үнийн талаарх тодорхойлолт зэргээс үзэхэд хариуцагч Г.Б болон түүний эхнэр С.Өлзийсахан нар нь нэхэмжлэгч О.Мээс орон сууц авахдаа 1 мкв-ын үнийг 1,350,000 төгрөгөөр тохирсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй буюу “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэгт 7,000,000 төгрөгийг Төрийн банкнаас авсан зээлийн төлбөрт багтаан зээлж, гэрээний үүргийг дуусгавар болгосон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Бд холбогдуулан гаргасан 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Мийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШЗ2021/03370 дугаартай “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжийн 3 дахь заалтаар авсан арга хэмжээ нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдсугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                       

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Т.ЭНХЖАРГАЛ