Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2021/01406

 

 

 

 

 

2021            06            21                                                  184/ШШ2021/01406

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 0 дүгээр хороо,  байр,  хаягт байрлах “Т” ХХК /РД: 0000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, 0 дугаар хороо, 00 тоот хаягт байрлах, “П” ХХК /РД: 000000/-д холбогдох,

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний дагуу шилжүүлэн өгсөн 8 ширхэг нэхмэлийн машинаар барьцааны гэрээний эрхийг хангуулах тухай нэхэмжлэлд 2021 оны 3–р сарын 23–ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуундарь нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“Т” ХХК нь Япон улсын “Ш” ХХК-аас 10 ширхэг нэхмэлийн машиныг худалдан авч, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр “П” ХХК-тай IPSA 020/2018 дугаартай “Хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээгээр “Т” ХХК нь 10 ширхэг нэхмэлийн машиныг шилжүүлэн өгөх, түрээслэгч “П” ХХК нь гэрээний үнэ болох нийт 482,900 ам.доллароос урьдчилгаа төлбөрт 96,580 ам.доллар өгч, үлдэгдэл төлбөр 386,320 ам.долларыг жилийн 6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон.

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангах зорилгоор “Т” ХХК болон “П” ХХК нар нь 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 0000 дугаар “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ” байгуулж, “П” ХХК-ийн орлого, авлага, бараа материал болон түрээслүүлэн өгсөн 10 ширхэг нэхмэлийн машиныг тус тус барьцаалсан. Улмаар дээрх гэрээний дагуу түрээслүүлэгч “Т” ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 10 ширхэг нэхмэлийн машиныг түрээслэгч “П” ХХК-д хүлээлгэн өгсөн.

Гэтэл түрээслэгч “П” ХХК нь 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар санхүүгийн түрээсийн үндсэн төлбөрт 386,320 ам.доллар /1,100,807,250 төгрөг/, хүүгийн төлбөрт 29,325 ам.доллар /83,562,588 төгрөг/ алданги 9,020 ам.доллар /25,704,783 төгрөг/-ний өр төлбөртэй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг цуцлах болон барьцааны эрх хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн болно.

“Т” ХХК нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрээг цуцалсан бөгөөд 10 ширхэгээс 2 ширхэг нэхмэлийн машиныг эзэмшилдээ буцаан шилжүүлэн авсан тул үлдсэн 8 ширхэг нэхмэлийн 69878 серийн дугаартай 12 gauge *******  машин, 69555 серийн дугаартай 12 gauge *******  машин, 69531 серийн дугаартай 12 gauge *******  машин, 69578 серийн дугаартай 12 gauge *******  машин, 69532 серийн дугаартай 12 gauge *******  машин, 69849 серийн дугаартай 12 gauge *******  машин, 65162 серийн дугаартай 7 gauge ММ-Hook машин, 65126 65162 серийн дугаартай 7 gauge ММ-Hook машинаар барьцааны зүйлээ буцаан авах хүсэлтэй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбартаа:

 “П” ХХК-ий зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Тус компани нь 2018.09.24-ний өдрийн №000000 тоот “хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ”-ний дагуу 428,900 ам.долларын үнэ бүхий тоног төхөөрөмжийг түрээслэхээр харилцан тохиролцож, урьдчилгаанд 96,580 ам.доллар төлсөн билээ. Одоогийн байдлаар үндсэн төлбөр болох 386,320 ам.доллараас 143,798 ам.долларын үндсэн төлбөрийг тоног төхөөрөмжийн үнэд төлсөн байна.

Манай байгууллага нь ноос, ноолууран хувцас бэлтгэн боловсруулж, бүтээгдэхүүнээ зөвхөн экспортод гаргаж ашиг олдог юм. Гэтэл 2019 оноос эхлэсэн цар тахлын улмаас Монгол улс хилээ хааж улс орон даяараа санхүүгийн хүнд хямралд ороод байгаа төдийгүй бидний үйл ажиллагаа зогсонги байдалд орж, төлбөрийн чадваргүй болоод байна. Түүнчлэн одоог хүртэл Монгол улс хилээ нээхгүй байх бөгөөд цаашдаа энэхүү санхүүгийн хямрал хэдий хүртэл үргэлжлэхийг тааварлах аргагүй бөгөөд төлбөрийн чадваргүй болсон энэхүү нөхцөл байдал нь талуудаас хамааралгүй гэнэтийн хүчин зүйл болсон.

Гэрээг цуцлах эрхийг зөвхөн түрээслүүлэгч талд олгосноороо түрээслэгч талын эрх, ашиг сонирхлыг илт хохироосон, тэгш бус, нэг тал нь хэтэрхий давамгай нөхцөл байх боломжийг бүрдүүлсэн гэрээ байна. Нөгөөтэйгүүр гэрээнээс татгалзах саналыг нэхэмжлэгч талд албан ёсоор хүргүүлсэн боловч одоогийн байдлаар тусыг эс олоод байна. Үүнтэй холбоотойгоор стандарт нөхцөл агуулсан хүчин төгөлдөр бус нөхцөл бүхий гэрээний дагуу бид өдийг хүртэл их хэмжээний мөнгө төлчихсөн байгаа боловч дахиад дээрээс нь бүх тоног төхөөрөмжөө алдах болоод байгаа нь хариуцагч талд илтэд хохиролтой байх бөгөөд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалсан хүндэтгэн үзэх шалтгаантай.

Манай компаний үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсан бол бид одоогийн ийм байдалтай нүүр тулахгүй бөгөөд бидний зүгээс цаашид энэхүү гэрээг үргэлжлүүлэн биелүүлэх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоод буй 2018.09.24-ний өдийн “Хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ”, “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ” гэх гэрээнүүдэд манай байгууллагыг итгэмжлэлгүйгээр бүрэн төлөөлөх эрх бүхий этгээд болох Б.Г гарын үсэг зураагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “П” ХХК-д холбогдуулан хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний дагуу шилжүүлэн өгсөн 8 ширхэг нэхмэлийн тоног төхөөрөмжийг буцаан авах, барьцааны гэрээний эрхийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...барьцааны зүйлийг буцаан өгөх үүрэг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн “хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны” гэрээний дагуу үүссэн, ...хариуцагч гэрээгээр хүлээсэн үүрэг, хуваарь зөрчсөн гэж, /хх-1-3, 23-25/

хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...2019 оноос эхлээд Монгол улс хилээ хааж санхүүгийн хүнд хямралд орсон, ... гэнэтийн хүчин зүйл болсон, ... гэрээнүүдэд Б.Г гарын үсэг зураагүй” гэж тус тус тайлбарлаж, маргаж байна. /хх-114-115/

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Зохигч 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн “хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ”, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “нэмэлт гэрээ”, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн “хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ”-ний үүрэгт 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 2 ширхэг нэхмэлийн тоног төхөөрөмжийг шилжүүлэн авсан, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШЗ2021/00000 дугаар захирамжийн дагуу 4 ширхэг нэхмэлийн тоног төхөөрөмж, нийт 6 ширхэг нэхмэлийн тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч тал хүлээн авсан, хариуцагч хүлээлгэн өгсөн, мөн цахим мэдээллийн санд барьцааны мэдэгдлийг зүйлийг бүртгүүлсэн, барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг хариуцагчид гардуулан өгсөн, энэ тухай цахим санд бүртгүүлсэн, түрээслэгч “хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ”-ний үүрэгт нийт 143.797 ам.доллар төлсөн, 257,669 ам.долларын үлдэгдэлтэй зэрэгт маргаагүй. /хх-40-41/

Зохигч талуудын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Т” ХХК, хариуцагч “П” ХХК нар “хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ”-ний дагуу түрээслүүлэгч буюу “Т” ХХК нь 10 ширхэг нэхмэлийн тоног төхөөрөмжийг шилжүүлэн өгсөн, түрээслэгч буюу “П” ХХК нь урьдчилгаа төлбөрт 96,580 ам.доллар өгсөн, үлдэгдэл 386,320 ам.даллорыг жилийн 6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хэсэгчилэн төлөхөөр тохиролцсон, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ”-гээр 10 ширхэг нэхмэлийн тоног төхөөрөмжийг барьцаалж, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол барьцааны зүйлийг бүрэн бүтэн байдлаар барьцаалуулагчид хүлээлгэн өгөх, гэрээнд гүйцэтгэх захирал Б.Г гарын үсэг зурсан, гэрээний үргэлжлэх хугацаанд хүчин төгөлдөр байдлын талаар болон гарын үсгийн талаар маргаж байгаагүй, хариуцагч Санхүүгийн түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийн үндсэн хуваарийг 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш зөрчсөн, нэхэмжлэгч гэрээг 2020 оны 11-р сарын 02-ны өдөр дангаар цуцалсан, 10 ширхэг нэхмэлийн машинаас 2 ширхэг тоног төхөөрөмжийг шилжүүлэн өгсөн, 8 ширхэгийг шилжүүлэн өгөөгүй зэрэг үйл баримт тогтоогдлоо. /хх-10-20, 21-22, 23-25, 42-43/   

 Иргэний хуулийн хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 312.2-д “...Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ. Түрээслүүлэгч нь түрээслэгчийн хүсэлт, зааврын дагуу гэрээний зүйл болох эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл худалдан авах үүрэгтэй.”

Түрээслүүлэгч “Т” ХХК нь түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгчийн хүсэлт, зааврын дагуу гэрээний зүйл болох эд хөрөнгийг ... гуравдагч этгээдээс худалдан авах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлсэн, хариуцагч “П” ХХК нар “...тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг хүлээсэн ба энэхүү үүргээ хариуцагч биелүүлээгүй байна. /хх-38-39/

Нэхэмжлэгчээс 2019 оны 11-р сарын 06-ны өдрийн 00000 дугаартай, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 000000 дугаартай, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 00000 дугаартай, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 00000 дугаартай, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 00000 дугаартай, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 000000 дугаартай, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 00000 дугаартай, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 00000 дугаартай албан бичгүүдээр хариуцагч “П” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Г гэрээний үүргээ биелүүлэх, барьцааны эрх хэрэгжүүлэх зэрэг мэдэгдлийг тус тус хүргүүлж байжээ. /хх-26-36/

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ.”

 

Нэхэмжлэгч 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрээг дангаар цуцалсан нь Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д “хууль, гэрээнд заасан үндэслэлээр түрээсийн зүйлийг буцаан авах, гэрээг цуцлах, үүнтэй холбогдсон зардлыг түрээслэгчээр нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” нийцнэ.  Нэхэмжлэгч санхүүгийн түрээсийн гэрээг цуцласнаар барьцааны зүйлийг буцаан авах эрх үүсчээ.

 

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Цахим мэдээллийн санд барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг бүртгүүлснээр барьцаалагч барьцааны зүйлийг эзэмшилдээ шилжүүлэн авах эрхтэй.”, 51.2-д “Барьцаалагч барьцааны зүйлийг эзэмшилдээ авах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй бол барьцааны эрхээ хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.”, 51.5-д “Барьцааны зүйл нь дахин давтагдашгүй, ховор, орлуулах боломжгүй эд зүйл биш бол барьцаалагчийн хүсэлтээр шүүх барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлэхийн хамт түүнийг худалдан борлуулах зөвшөөрлийг олгож болно.” гэж тус тус заасан.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн №IPSA 000000 тоот “хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ” болон, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн №000000 тоот “хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ” нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар сайн дурын үндсэн дээр, хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох Иргэний хуулийн нийтлэг журамд заасан шаардлага болон бичгээр байгуулах шаардлагыг тус тус хангасан хуулийн хүчин төгөлдөр гэрээ байна.

Зохигч 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн №000000 тоот “хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ”-ний 6.1-д “дараах тохиолдлуудын аль нэг нь биелсэн тохиолдолд Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг үл маргах журмаар гэрээнд заасан үнээр барьцаалагчид шилжүүлэхээ үүгээр хүлээн зөвшөөрч байна.” 6.1.2-д “барьцаалуулагч нь хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөл зохих гэрээний үндсэн төлбөр, гэрээний хүү, алдангийг ажлын 3-с дээш хоногоор гурав болон түүнээс дээш удаа дараалан хожимдуулсан” бол үл маргах журмаар барьцаалагчид шилжүүлнэ гэж,

2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн №00000 тоот “хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ”-ний 5.7-д “түрээслэгч нь уг гэрээнд заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй мөн түрээслүүлэгчийн санаачлагаар уг гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бол түрээслүүлэгч нь тухайн гэрээний зүйлийг худалдан борлуулах, гуравдагч этгээдэд дахин худалдан борлуулах зэргээр захиран зарцуулах эрхтэй”, 9.2.27-д “гэрээг цуцлах тохиолдолд гэрээний зүйлийн үндсэн төлбөрийн төлөгдөөгүй үлдсэн дүнг, бүх хүү /төлбөр хугацаандаа төлөгдөөгүйгээс үүссэн алданги зэргийг багтаасан/ болон түрээслүүлэгчээс гарсан бүх зардал буюу элэгдэл, эвдрэл зэргээр тогтохгүй гэрээ цуцалсантай холбоотой гэрээний зүйлийг хэвийн үйл ажиллагаанд оруулахад шаардлагатай цаашид хийгдэх тооцоологдсон засвар үйлчилгээний зардлуудыг төлөх ба хэрэв түрээслүүлэгч нь гэрээний зүйлийг зах зээлд амжилттайгаар дахин борлуулж, гэрээний зүйлийг дахин борлуулахад гарсан зардлуудыг хасаад түрээслүүлэгч нь түрээслэгчээс авах ёстой бүх төлбөрөө бүрэн авч чадсан нөхцөлд илүү гарсан орлогыг түрээслэгчид буцаан шилжүүлнэ”, 13.4.1,13.4.4-д “уг гэрээг цуцалж, гэрээний зүйлийг холбогдох бичиг баримт, сэлбэг хэрэгслийн хамт ажлын 2 хоногийн дотор түрээслүүлэгч, эсхүл түүний томилсон гуравдагч этгээдэд буцаан бүрэн хүлээлгэн өгөх тухай түрээслэгч, түүний баталгаа гаргагч /байгаа бол/-д албан ёсоор мэдэгдэн, гэрээний зүйлийг буцаан авах”, “гэрээний зүйл үндсэн төлбөрийн төлөгдөөгүй үлдсэн дүнг, бүх хүү /төлбөр хугацаандаа төлөгдөөгүйгээс түүнд бодогдсон алданги болон үнэ цэнэ буурснаас үүдэх алдагдал зэргийг багтаасан/ болон түрээслүүлэгчээс гарсан бүх зардал буюу элэгдэл, эвдрэл зэргээр тогтохгүй гэрээ цуцалсантай холбоотой гэрээний зүйлийг хэвийн үйл ажиллагаанд оруулахад шаардлагатай тооцоологдсон засвар үйлчилгээний зардлуудыг нэхэмжлэн авна” гэж тус тус тохиролцжээ.

 

хариуцагч “П” ХХК Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим НҮТББ-ийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн №00000 тоот гэрчилгээг нотлох баримтаар өгсөн байх бөгөөд энэхүү гэрчилгээгээр Монгол Улсын Хөгжлийн банк, бусад гадаад улс, орнуудын захиалгууд, цахим шуудан, харилцаа холбоо, тайлан зэргийг үндэслэн захиалгыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгасан нь энэхүү барьцааны гэрээний холбогдох заалтад хамаарахгүй гэж шүүх үзлээ.

Тодруулбал, Барьцааны гэрээний 8.1, 8.2-д давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан барьцааны зүйл гэмтсэн эсвэл устаж үгүй болсон, хөрөнгийн ашигт чанар алдагдсан тохиолдлыг, давагдашгүй хүчин зүйлд үер, гал, газар хөдлөлт, газар нурам, суух, дайн цэргийн үйл ажиллагааг ойлгоно гэжээ. Энэ нь гэрээний үүргээ гүйцэтгэхгүй байх, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл биш юм. /хх-24 тал, 130-132/

 

Иймд дээр хууль зүйн үндэслэл, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд “хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ”, “хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцаа гэрээ”-ний дагуу хариуцагч “П” ХХК-иас 8 ширхэг нэхмэлийн машиныг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож шийдвэрлэв.

Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШЗ2021/00000 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан бөгөөд нэхэмжлэгч 4 ширхэг  нэхмэлийн тоног төхөөрөмжийг хүлээн авсан болно. Энэ хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, мөн хуулийн 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.5-д заасныг баримтлан хариуцагч “П“ ХХК-иас барьцааны зүйл болох 8 ширхэг нэхмэлийн тоног төхөөрөмж /69878 серийн дугаартай 12 gauge *******, 69555 серийн дугаартай 12 gauge *******, 69531 серийн дугаартай 12 gauge *******, 69578 серийн дугаартай 12 gauge *******, 69532 серийн дугаартай 12 gauge *******, 69849 серийн дугаартай 12 gauge *******, 65162 серийн дугаартай 7 gauge ММ-Hook, 65126 серийн дугаартай 7 gauge ММ-Hook/-ийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн, худалдан борлуулах зөвшөөрлийг олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,661,987 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “П” ХХК-с 5,661,987 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       В.АМАРТҮВШИН