Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01488

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 18-ны өдрийн 184/ШШ2022/01670 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П ХХК-д холбогдох, гэрээний үүрэгт 8 ширхэг нэхмэлийн машиныг буцаан авах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, гэрээний төлбөрт шилжүүлсэн 768,828,597 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, М.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Тус компани нь 2018 оны 09 сарын 24-ний өдөр П ХХК-тай ... 000/0000 тоот Хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу түрээслүүлэгч Т ХХК нь 10 ширхэг нэхмэлийн машиныг Япон улсын Ш ХХК-аас худалдан авч, шилжүүлэн өгөх, түрээслэгч П ХХК нь урьдчилгаа төлбөрт 96,580 ам.доллар өгч, үлдэгдэл төлбөр 386,320 ам.долларыг жилийн 6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд 2018 оны 09 сарын 24-ний өдөр ... 000/0000 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, П ХХК-ийн орлого, авлага, бараа материал болон түрээслүүлэн өгсөн 10 ширхэг нэхмэлийн машиныг тус тус барьцаалсан. Улмаар дээрх гэрээний дагуу түрээслүүлэгч Т ХХК-тай 2018 оны 12 сарын 06-ны өдөр 10 ширхэг нэхмэлийн машиныг түрээслэгч П ХХК-д хүлээлгэн өгсөн. Гэтэл П ХХК нь 2020 оны 09 сарын 25-ны өдрөөс эхлэн хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд 2021 оны 03 сарын 12-ны өдрийн байдлаар санхүүгийн түрээсийн үндсэн төлбөр 386,320 ам.доллар, хүү 29,325.66 ам.доллар, алданги 9,020.90 ам.долларын төлбөртэй байна. Иймд санхүүгийн түрээсийн гэрээний 13.2, 13.2.2, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний 5.1.8-д зааснаар түрээсийн гэрээг цуцлах болон барьцааны эрх хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн. Т ХХК нь 2020 оны 11 сарын 02-ны өдөр 2 ширхэг нэхмэлийн машиныг актаар эзэмшилдээ шилжүүлэн авсан. Төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч П " ХХК төлөлт хийгээгүй. Иймд түрээсийн гэрээ, барьцааны гэрээний дагуу шилжүүлэн өгсөн 00000, 00000,  00000, 00000, 00000, 00000 серийн дугаартай 12 gauge LL-Hook машин, 00000, 00000 серийн дугаартай 7 gauge ММ-Ноок машин, нийт 8 ширхэг нэхмэлийн машиныг буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Тус компани нь 2018 оны 09 сарын 24-ний өдөр ... 000/0000 Хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ-ний дагуу 428,900 ам.долларын үнэ бүхий тоног төхөөрөмжийг түрээслэхээр харилцан тохиролцож, урьдчилгаанд 96,580 ам.доллар төлсөн билээ. Одоогийн байдлаар үндсэн төлбөр болох 386,320 ам.доллараас 143,798 ам.долларын үндсэн төлбөрийг тоног төхөөрөмжийн үнэд төлсөн байна. Манай компани нь ноос, ноолууран хувцас бэлтгэн боловсруулж, бүтээгдэхүүнээ зөвхөн экспортод гаргаж ашиг олдог юм. Гэтэл 2019 оноос эхэлсэн цар тахлын улмаас Монгол улс хилээ хааж бидний үйл ажиллагаа зогсонги байдалд орж, төлбөрийн чадваргүй болоод байна. Энэхүү нөхцөл байдал нь талуудаас хамааралгүй гэнэтийн хүчин зүйл болсон ч бидний зүгээс 2020 оны 09 сар хүртэл эргэн төлөлтөө хуваарийн дагуу хийж, тоног төхөөрөмжөө алдахгүйг хичээж ирсэн. Бидний хооронд байгуулагдсан гэрээнд түрээслэгч талаас гэрээг цуцлах, эсхүл татгалзах үндэслэлийг огт оруулаагүй. Бидний үзэж байгаагаар стандарт нөхцөл бүхий хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, гэрээг цуцлах эрхийг зөвхөн түрээслүүлэгч талд олгосноороо түрээслэгч талын эрх, ашиг сонирхлыг илт хохироосон, тэгш бус, нэг тал нь хэтэрхий давамгай байх боломжийг бүрдүүлсэн гэрээ байна. Бид өдийг хүртэл их хэмжээний мөнгө төлчихсөн байгаа боловч дахиад дээрээс нь бүх тоног төхөөрөмжөө алдах болоод байгаа нь хариуцагч талд илтэд хохиролтой байна. Хэрэв манай компани үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсан бол бид одоогийн ийм байдалтай нүүр тулахгүй бөгөөд бидний зүгээс энэхүү гэрээг үргэлжлүүлэх биелүүлэх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Сөрөг нэхэмжлэлийн агуулга: Тус компани нь Т ХХК-тай байгуулсан 2018 оны 09 сарын 24-ний өдрийн ... 000/0000 тоот Хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ-ний дагуу урьдчилгаанд 96,580 ам.доллар, түрээсийн төлбөрт 143,798 ам.доллар, нийт 240,378 ам.доллар төлсөн байна. Манай байгууллага төлбөрийн чадваргүй болсон нөхцөл байдал нь гэрээний талуудаас хамааралгүй гэнэтийн хүчин зүйл болсон. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2 дахь хэсэгт тус тус зааснаар манай компани дээрх гэрээнээс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаанаас өмнө татгалзаж байна. Бид санхүүгийн түрээсийн гэрээ байгуулахдаа тоног төхөөрөмжийг гэрээ дуусахад өмчлөлдөө авахаар тохиролцсон бөгөөд энэ нь энгийн санхүүгийн түрээсийн гэрээнээс ялгаатай билээ. Гэрээ дуусахад өмчлөхөөр хийсэн учраас энэхүү гэрээний үнэд түрээсийн зүйлийг өмчлөхөд гарах зардал багтсан байдаг. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу П ХХК нь өнөөдрийг хүртэлх бүхий л төлбөрөө гаргуулах нь хуульд нийцэж байна. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн Санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн төлбөр, алдангийн тооцоолол-ын дагуу үндсэн төлбөрт 143,798 ам.доллар, хүүнд 29,325.66 ам.доллар, алдангид 60.76 ам.доллар төлөгдсөн байна. Иймд Т ХХК-аас 96,580 ам.доллар буюу 275,253,000 төгрөг, 173,184.42 ам.доллар буюу 493,575,597 төгрөг, нийт 768,828,597 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

4.   Сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарын агуулга: 2018 оны 09 сарын 24-ний өдрийн ... 000/0000 тоот Хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ-ний хугацаа 2021 оны 12 сарын 19-ний өдөр дуусгавар болсон бөгөөд түүнээс өмнө талууд 2020 оны 11 сарын 02-ны өдөр санхүүгийн түрээсийн гэрээг цуцалж 2 техникийг шилжүүлэн авсан. Иймд 2020 оны 11 сарын 02-ны өдөр цуцлагдсан болон хугацаа дууссан гэрээний харилцаанаас татгалзах ойлголт байхгүй юм. Тус компанийн 2019 оны 12 сарын 27-ны өдрийн 00/000 тоот албан бичиг Т ХХК-д огт ирж байгаагүй бөгөөд түүнээс хойш П ХХК нь талуудын хооронд 2019 оны 11 сарын 25-ны өдрийн нэмэлт гэрээгээр тохирсон графикийн дагуу мөнгөн төлбөрийн үүргийг хэвийн гүйцэтгэж байснаас үзвэл тухайн үед гэрээнээс татгалзсан гэж үзэх боломжгүй. Хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ-ний 13 дугаар зүйлд гэрээний харилцааг дуусгавар болгох буюу түүнийг цуцлах гэж, Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 16 дугаар зүйлд Санхүүгийн түрээсийн гэрээ дуусгавар болох, гэрээнээс татгалзах гэж тус тус зааснаар гэрээ дуусгавар болох, татгалзах тухай энэхүү нарийвчилсан хуулийг хэрэглэнэ. Гэрээ дуусгавар болгох тухай нарийвчилсан зохицуулалт тусгайлсан хуулиар болон гэрээгээр байх тул Иргэний хуулийн 221.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэхгүй. Талуудын байгуулсан 2018 оны 09 сарын 24-ний өдрийн ... 000/0000 тоот Хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ-ний дагуу П ХХК нь түрээсийн төлбөрт 143,797 ам.доллар төлсөн боловч санхүүгийн түрээсийн гэрээний онцлогийн дагуу түрээслэгч нь түрээсийн төлбөрийг тохиролцсон хуваарийн дагуу төлж чадаагүй тул түрээсийн зүйлийг түрээслүүлэгч буцаан авах ба түрээслэгчийн төлсөн төлбөр нь түрээсэлсэн хугацааны төлбөрт тооцогдох онцлогтой. Энэ тухай гэрээний 13 дугаар зүйлийн 13.5-д зохицуулсан. Тиймээс түрээслэгчийн төлсөн төлбөр бол нэхмэлийн машиныг тодорхой хугацаанд ашигласны түрээсийн төлбөр болох тул гэрээнээс татгалзахад урьдчилгаа төлбөр, үндсэн төлбөрийг буцаан шаардах үндэслэлгүй юм. Иймд П ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.1 дэх зааснаар хариуцагч П ХХК-аас 00000 бүртгэлийн дугаартай 7 gauge MM-Hook, 00000 бүртгэлийн дугаартай 7 gauge MM-Hook, 00000 бүртгэлийн дугаартай 12 gauge LL-Hook, 00000 бүртгэлийн дугаартай 12 gauge LL-Hook, 00000 бүртгэлийн дугаартай 12 gauge LL-Hook, 00000 бүртгэлийн дугаартай 12 gauge LL-Hook, 00000 бүртгэлийн дугаартай 12 gauge LL-Hook, 00000 бүртгэлийн дугаартай 12 gauge LL-Hook нийт 8 ширхэг сүлжмэлийн /нэхмэлийн/ машиныг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д, Т ХХК-аас 410,068,825 төгрөг гаргуулан П ХХК-д тус тус олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 358,759,772 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,661,987 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П ХХК-аас 4,002,092 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн.

 

6.   Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

6.а. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс ...Т ХХК нь П ХХК үнийг төлөхөөс өмнө 10 ширхэг нэхмэлийн машиныг худалдан авагч П ХХК-д шилжүүлсэн, П ХХК нь урьдчилгаа төлбөр 96,580 ам.доллар буюу түүнтэй тэнцэх төгрөгийг төлж, үлдэх 386,320 ам.доллар, нийт 425,029.73 ам.доллар буюу түүнтэй тэнцэх төгрөгийг 2018 оны 12 сарын 06-ны өдрөөс 2021 оны 12 сарын 06-ны өдөр хүртэл 36 сарын турш төлж барагдуулахаар тохиролцсоноор талууд зээлээр худалдах, худалдан авах хүчин төгөлдөр гэрээ байгуулжээ гэж дүгнэсэн нь талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг тодорхойлохдоо хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй гэж үзэхээр байна. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний гол шинж нь гэрээний зүйлийг худалдах, худалдан авах зорилготой боловч гэрээний үнийг нэг дор биш, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байдаг. Харин санхүүгийн түрээсийн гэрээ нь бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон буюу түрээсийн зүйлийг худалдан борлуулах зорилгогүй зөвхөн ашиглалтад шилжүүлэх зорилготой, түрээслэгч нь аж ахуйн буюу ашиг олох зориулалтаар түрээсийн зүйлийг эзэмшиж, ашигладаг байдлаар дээрх гэрээнээс ялгаатай. Нэхэмжлэгч Т ХХК-ийн эрхлэх үндсэн үйл ажиллагааны чиглэл нь автомашин тоног төхөөрөмжийн түрээс бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэсэн шиг импортын барааг дамлан худалдах, гадаад худалдааны үйл ажиллагаа явуулдаггүй. Зохигчдын хэн аль нь талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан эсэх болон түүний хүчин төгөлдөр байдлын тухай маргаагүй, нэхэмжлэл гаргаагүй байхад шүүхээс зохигчдын байр суурийг харгалзаагүй шийдвэр гаргасан нь гэрээний чөлөөт байдлын зарчим болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна.

6.б. Т ХХК-ийн 2020 оны 01 сарын 31-ний өдрийн 00/0000 дугаар албан бичиг нь П ХХК-ийг 01 сарын 25-ны өдрийн байдлаар бодогдсон түрээсийн төлбөрийг төлж барагдуулах буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсан агуулгатай байна. Энэхүү шаардлагын дагуу хариуцагч нь түрээсийн төлбөр болон 9 ам.долларын алдангийн хамт төлөх үүргээ биелүүлж, цаашид 2020 оны 08 сарын 25-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөрийг хэвийн төлж байсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талд гэрээнээс татгалзах хүсэл зориг байгаагүй, тийнхүү агуулгыг илэрхийлээгүй, тус албан бичгээс хойшид 8 сарын хугацаанд гэрээний харилцаа хэрэгжсэн буюу хариуцагч түрээсийн зүйлийг хэвийн ашиглаж, түрээсийн төлбөрийг төлсөн үйл баримт байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсан гэж илэрхий үндэслэлгүй, хэргийн нөхцөл байдалд огт тохирохгүй дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

6.в. Хариуцагч нь санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж түрээсийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тул нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээний 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2-т заасны дагуу нэг талын санаачилгаар гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй болно. Улмаар Т ХХК-ийн 2020 оны 10 сарын 27-ны өдрийн 000/0000 дугаар албан бичгээр хариуцагчид мэдэгдэж, 2020 оны 11 сарын 02-ны өдөр санхүүгийн түрээсийн гэрээг цуцалж 2 техникийг актаар шилжүүлэн авсан. Иймд нэхэмжлэгч нь санхүүгийн түрээсийн гэрээг цуцлах хүртэлх түрээсийн төлбөр нэхэмжлэгчид, түрээсийн зүйлийг зориулалтын дагуу ашигласны үр шим нь хариуцагчид тус тус хэвээр үлдэж, цуцалснаас хойших үр дагавар буюу түрээсийн зүйлийн эзэмшил, ашиглалтыг шилжүүлэхийг шаардсан нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхээс талуудын хооронд үүссэн харилцаанд татгалзах буюу гэрээгээр олж авсан зүйлийг харилцан буцааж, анхны байдалд эргүүлэн авчрах боломжгүй, нэхмэлийн машин хариуцагч аж ахуйн зориулалтаар ашиглаж үр шим олсон, элэгдэл, хорогдолд орсон болохыг анхаараагүй алдаатай дүгнэлт хийжээ.

6.г. Нэхэмжлэгч Т ХХК нь санхүүгийн түрээсийн гэрээнээс огт татгалзаагүй, татгалзсан үйл баримт байхгүй тухай дээр тайлбарласан. Харин хариуцагч П ХХК нь шүүхийн шатанд санхүүгийн түрээсийн гэрээнээс татгалзах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч гэрээ нь 2018 оны 09 сарын 24-ний өдрөөс 2021 оны 12 сарын 06-ны өдрийг хүртэл буюу 36 сарын хугацаатай байгуулагдсан бөгөөд гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө талууд 2020 оны 11 сарын 02-ны өдөр санхүүгийн түрээсийн гэрээг цуцалж 2 техникийг шилжүүлэн авсан. Иймд 2020 оны 11 сарын 02-ны өдрөөр нэг талын санаачилгаар цуцлагдсан болон 2021 оны 12 сарын 06-ны өдрөөр дуусгавар болсон гэрээнд татгалзах ойлголт яригдахгүй юм. Анхан шатны шүүхээс П ХХК-ийн үүргийн зөрчилтэй холбогдуулан Т ХХК-ийг гэрээнээс татгалзах эрхтэй гэж дүгнэсэн боловч П ХХК-ийг гэрээнээс татгалзах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан эсхүл хэрэгсэхгүй болгосон тухай дүгнээгүй. Зөвхөн Т ХХК-ийг гэрээнээс татгалзсан тул талууд өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах буюу үндсэн нэхэмжлэлийн үр дагаврыг хэрэгжүүлэх замаар сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь ойлгомжгүй болжээ.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, Т ХХК-аас 410,068,825 төгрөг гаргуулан П ХХК-д олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож буюу хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

7.   Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсэг буюу 358,759,772 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснийг зассанаар шүүхийн хийсэн тооцоолол яаж өөрчлөгдөх вэ гэдэг агуулга гомдолд байхгүй. Шүүх зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэснээр Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт заасныг хэрэглэн талууд авсан, өгснөө харилцаа буцаах асуудал яригдсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээнээс татгалзсан учраас авсан, өгснөө буцаая гэдэг агуулгатай. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг хэрэглэхгүй бол шүүх санхүүгийн түрээсийн гэрээ гэж дүгнэн өөр ямар заалтыг хэрэглэх ёстой талаар тодорхой дурдах ёстой. Анхан шатны шүүх ...хариуцагч талын хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг асуудлаар гэрээнээс татгалзаагүй, нэхэмжлэгч талын гэрээ цуцлах мэдэгдлийн дагуу гэрээнээс татгалзсан... гэх ерөнхий агуулгаар дүгнэсэн. Анхан шатны шүүх Т ХХК-ийг хохиролгүй буюу эрх ашгийг хөндсөн байдлаар бус хохирлыг бүхэлд нь гаргаж шийдвэрлэсэн болохыг шүүх анхаарч үзнэ үү. 2019 оны 12 сард гэрээнээс татгалзах санал гаргасныг хүлээж аваагүй. 2019 оны 10 сараас 2020 оны 08 сар хүртэл 1,000 ам.доллараар төлбөрийн боломжгүй байна гэж бага зардлаар төлбөрөө төлж ирсэн. Гэрээнээс татгалзах санал удаа дараа гаргасан боловч нэхэмжлэгч тал хүлээж авахгүй байсны улмаас маргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт Ковид-19 цар тахалтай холбоотой нийтэд илэрхий нөхцөл байдал гэх байдлаар дүгнэлт хийсэн болохоос Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас гарсан сертификатыг үндэслэлтэй, нотолно гэх байдлаар уг нотлох баримтыг үнэлж дүгнээгүй. Хууль хэрэглээний асуудлаар давж заалдах гомдол нэхэмжлэгч тал гаргасан боловч энэ асуудлаар талуудын тооцоолол буюу анхан шатны шүүхийн шийдвэрт ямар өөрчлөлт орох талаар дурдагдаагүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч П ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 8 ширхэг нэхмэлийн машиныг буцаан авах тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, гэрээний дагуу төлсөн нийт 269,764.42 ам.доллар буюу 768,828,597 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг шаардлага гарган маргажээ.

 

3.   Хэргийн 10-20-р талд Т ХХК, П ХХК-иудын хооронд 2018 оны 09 сарын 24-ний өдөр байгуулагдсан ... 000/0000 тоот Хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ авагдсан, уг гэрээгээр Т ХХК нь бизнесийн үйл ажиллагаанд нь зориулж 8 ширхэг SSR112-SV (12 gauge LL-Hook) маркийн, 2 ширхэг SVR122-SV (7 gauge MM-Hook) маркийн, нийт 482,900 ам.долларын үнэ бүхий 10 ширхэг нэхмэлийн машиныг Япон улсын Шима Сейки Эм Ар Жи ХХК-аас худалдан авч П ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгөх, П ХХК нь урьдчилгаа төлбөр 96,580 ам.долларыг төлж, үлдэх 386,320 ам.доллар буюу түүнтэй тэнцэх төгрөгийг жилийн 6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай Т ХХК-д төлөх, гэрээний зүйлийн үнийг хуваарийн дагуу бүрэн төлсөн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэн авах нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ.

Дээрх гэрээний шинж, талуудын гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг зэргийг харьцуулан үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхээр байна. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь оновчгүй болжээ. Учир нь, Т ХХК нь 10 ширхэг нэхмэлийн машиныг П ХХК-ийн өмчлөлд бус харин тодорхой болзол нөхцөлтэйгээр эзэмшил, ашиглалтад нь шилжүүлэн өгсөн байдаг.

 

4.   Талууд мөн өдөр буюу 2018 оны 09 сарын 24-ний өдөр ... 000/0000 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, ирээдүйд орж ирэх орлого, сүлжих машин зэргийг үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалсан байх боловч нэхэмжлэгч уг гэрээтэй холбоотой шаардлага гаргаагүй тул энэ талаар тусгайлан хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

5.   Хэргийн 39-р талд авагдсан Санхүүгийн түрээсийн үндсэн төлбөр, хүү, алдангийн тооцоолол гэх баримт, түүнд дурдагдсан мөнгөний дүн зэрэгт зохигчид маргаагүй.

 

Тус баримтаас үзвэл Т ХХК нь 2018 оны 12 сарын 06-ны өдөр 386,320 ам.долларын санхүүжилтийг олгосон, П ХХК нь үндсэн төлбөрт 143,797.60 ам.доллар, хүүгийн төлбөрт 29,325.66 ам.доллар, алдангид 60.76 ам.доллар, нийт 173,184.02 ам.долларыг төлсөн, 2020 оны 08 сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд гэрээний үүргээ биелүүлж байсан, уг хугацаанаас хойш аливаа төлбөр төлөөгүй болох нь тогтоогдож байна. Түүнчлэн, түрээслүүлэгч талын зүгээс гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг түрээслэгч талд удаа дараа албан бичгээр мэдэгдэж байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон.

Иймд нэхэмжлэгч Т ХХК нь 2018 оны 09 сарын 24-ний өдөр байгуулагдсан ... 000/0000 тоот Хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ-ний 13.2.2, 13.2.7, 13.2.11, 13.4.1, Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1, Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.4, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу санхүүгийн түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн зүйлийг буцаан авахаар хариуцагч П ХХК-аас шаардах эрхтэй.

Дээрх үндэслэлээр П ХХК-д холбогдох 8 ширхэг нэхмэлийн машиныг буцаан авах тухай Т ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

 

6.   Т ХХК-д холбогдох, гэрээний дагуу төлсөн 269,764.42 ам.доллар буюу нийт 768,828,597 төгрөгийг буцаан гаргуулах тухай П ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

6.а. П ХХК нь 10 ширхэг нэхмэлийн машины урьдчилгаа төлбөрт 96,580 ам.доллар төлсөн, улмаар гэрээ цуцлагдаж хууль болон гэрээнд заасны дагуу Т ХХК нь 2 ширхэг нэхмэлийн машиныг өмнө нь буцаан авсан, үлдэх 8 ширхэг нэхмэлийн машиныг буцаан авах шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн тул П ХХК-аас гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 96,580 ам.долларыг буцаан өгөх нь зүйтэй. Учир нь, Т ХХК-ийн эзэмшилд буцаан шилжиж буй нийт 10 ширхэг нэхмэлийн машины үнэд П ХХК-ийн төлсөн урьдчилгаа төлбөр шингэсэн байгаа болно.

Иймд сөрөг нэхэмжлэл анх гаргасан 2021 оны 06 сарын 14-ний өдрийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тооцож 96,580 х 2,849.03 = 275,159,317.4 төгрөгийг Т ХХК-аас буцаан гаргуулж П ХХК-д олгох нь зүйтэй.

6.б. П ХХК нь гэрээний үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, алдангид 2020 оны 08 сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 143,797.60 ам.доллар төлсөн үйл баримт тогтоогдсон боловч уг төлбөрийг П ХХК буцаан шаардах эрхгүй гэж үзлээ.

Учир нь, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн гэрээний онцлог нь түрээслэгчээс хуваарийн дагуу хэсэгчлэн төлсөн төлбөр гэрээ цуцлагдах үед тухайн хугацааны түрээсийн төлбөрт тооцогддогт оршино. Энэ талаар нэхэмжлэгчийн гаргасан ...санхүүгийн түрээсийн гэрээг цуцлах хүртэлх түрээсийн төлбөр нэхэмжлэгчид, түрээсийн зүйлийг зориулалтын дагуу ашигласны үр шим нь хариуцагчид тус тус хэвээр үлдэнэ... гэх тайлбар, давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

 

7.   Талуудын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээ нь хариуцагч П ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбоотой цуцлагдсан буюу гэрээний харилцаа дуусгавар болоход нэхэмжлэгч Т ХХК буруугүй байна. Иймд хариуцагч талын гаргасан ...Бид гэрээнээс татгалзах талаар удаа дараа мэдэгдсэн. Түрээсийн гэрээг түрээслэгч цуцлах эрхгүй байхаар гэрээнд тусгасан нь бидний эрх, ашгийг хохироож байна... гэх агуулгатай тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

8.   Анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

9.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удиртгал болгон ТОГТООХ нь:

 

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 18-ны өдрийн 184/ШШ2022/01670 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 294 дүгээр зүйлийн 294.2.1, Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.4, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч П ХХК-аас 00000, 00000, 00000, 00000, 00000, 00000 серийн дугаартай 12 gauge LL-Hook загварын 6 ширхэг, 00000 , 00000 серийн дугаартай 7 gauge MM-Hook загварын 2 ширхэг, нийт 8 ширхэг нэхмэлийн/сүлжмэлийн машиныг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэгч Т ХХК-аас 275,159,317.4 төгрөгийг гаргуулан хариуцагч П ХХК-д буцаан олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 493,669,279.6 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,661,987 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч П ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 5,661,987 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д буцаан олгож, сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч П ХХК-аас 2,468,346 төгрөг, нэхэмжлэгч Т ХХК-аас 1,533,747 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт оруулсугай гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 06 сарын 17-ны өдөр урьдчилан төлсөн 2,208,295 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

Д.НЯМБАЗАР