Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01434

 

 

 

 

 

 

 

 

 

“ТХХК нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2021/01406 дугаар шийдвэртэй, “Т” ХХК нэхэмжлэлтэй, “П” ХХК холбогдох гэрээний дагуу шилжүүлэн өгсөн 8 ширхэг нэхмэлийн машиныг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ананд, Ж.Батмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сансартуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П” ХХК нь “ТХХК-д хандан 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр болон 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Япон улсын Үкомпаниас 10 ширхэг нэхмэлийн машиныг санхүүгийн түрээсийн гэрээний дагуу түрээслэн авах санал тавьсан.

Улмаар “Т” ХХК нь Япон улсын Үкомпаниас 10 ширхэг нэхмэлийн машиныг худалдан авч, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр “П” ХХК-тай хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, 10 ширхэг нэхмэлийн машиныг шилжүүлэн өгч, түрээслэгч гэрээний үнэ болох нийт 482,900 ам.доллароос урьдчилгаа төлбөрт 96,580 ам.доллар өгч, үлдэгдэл төлбөр 386,320 ам.долларыг жилийн 6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон.

Мөн “ТХХК болон “П” ХХК нар нь 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, “П” ХХК нь орлого, авлага, бараа материал болон түрээслүүлэн өгсөн 10 ширхэг нэхмэлийн машиныг тус тус “ТХХК-д барьцаалсан.

Гэтэл түрээслэгч “П” ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар санхүүгийн түрээсийн үндсэн төлбөрт 386,320 ам.доллар /1,100,807,250 төгрөг/, хүүгийн төлбөрт 29,325 ам.доллар /83,562,588 төгрөг/ алданги 9,020 ам.доллар /25,704,783 төгрөг/-ний өр төлбөртэй байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг цуцлах болон барьцааны эрх хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн болно.

“ТХХК нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрээг цуцалсан бөгөөд 10 ширхэг нэхмэлийн машинаас 2 ширхэг нэхмэлийн машиныг эзэмшилдээ шилжүүлсэн авсан ба үлдэх 8 ширхэг нэхмэлийн машиныг авч чадаагүй. Иймд барьцааны зүйлээ буцаан авах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. П” ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээний дагуу 428,900 ам.долларын үнэ бүхий тоног төхөөрөмжийг “ТХХК-аас түрээслэхээр тохиролцож, урьдчилгаанд 96,580 ам.доллар төлсөн ба одоогийн байдлаар 386,320 ам.доллараас 143,798 ам.долларын тоног төхөөрөмжийн үнэд төлсөн.

Манай байгууллага нь ноос, ноолууран хувцас бэлтгэн боловсруулж, бүтээгдэхүүнээ зөвхөн экспортод гаргаж ашиг олдог юм. Гэтэл 2019 оноос эхэлсэн цар тахлын улмаас Монгол улс хилээ хааж улс орон даяараа санхүүгийн хүнд хямралд ороод байгаа төдийгүй бидний үйл ажиллагаа зогсонги байдалд орж, төлбөрийн чадваргүй болоод байна.

Гэрээг цуцлах эрхийг зөвхөн түрээслүүлэгч талд олгосноороо түрээслэгч талын эрх, ашиг сонирхлыг илт хохироосон, тэгш бус, нэг тал нь хэтэрхий давамгай нөхцөл боломжийг бүрдүүлсэн гэж үзэж байна.

Манай компани гэрээнээс татгалзах саналыг нэхэмжлэгч талд албан ёсоор хүргүүлсэн. 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээнүүдэд манай байгууллагыг итгэмжлэлгүйгээр бүрэн төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.2, 51.5-д заасныг баримтлан хариуцагч П ХХК-иас 8 ширхэг нэхмэлийн машинууд /69878 серийн дугаартай 12 gauge LL-Hook, 69555 серийн дугаартай 12 gauge LL-Hook, 69531 серийн дугаартай 12 gauge LL-Hook, 69578 серийн дугаартай 12 gauge LL-Hook, 69532 серийн дугаартай 12 gauge LL-Hook, 69849 серийн дугаартай 12 gauge LL-Hook, 65162 серийн дугаартай 7 gauge ММ-Hook, 65126 серийн дугаартай 7 gauge ММ-Hook/-ыг гаргуулж нэхэмжлэгч Ти Ди Би Лизинг ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,661,987 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “П” ХХК-с 5,661,987 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ТХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэтэрхий нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Хариуцагчийн зүгээс хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 96,580,000 ам.доллар буюу 275,253,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж, зохих улсын тэмдэгтийн хураамжаа төлөн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд очтол Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Коронавирусын халдвар гарсны улмаас хөл хорио тогтоосон.

Ингээд 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлээ гаргасан. Гэтэл шүүх сөрөг нэхэмжлэлийг шүүх хуралдааны өмнө гаргаагүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ гэрээ цуцалсан талаар тодорхой дурдаагүй, энэ талаар 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд шүүхээс тодруулахад "цуцлаагүй" хэмээн тайлбарладаг бөгөөд мөн өдрийн 184/Ш32021/06082 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч талаас гэрээ цуцлагдсан эсэх, энэ талаар албан бичгээр мэдэгдсэн эсэх, хариуцагчаас төлөлт хийсэн баримт, дансны хуулга зэрэг нотлох баримтыг гаргуулахаар шийдвэрлэсэн юм.

Нэхэмжлэгчээс 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд "гэрээ цуцлагдсан" хэмээн тайлбарлаж албан бичиг гаргаж өгсөн. Энэхүү албан бичгийг "П" ХХК-д өмнө хүргүүлсэн гэх боловч ийнхүү тайлбарлахаас өмнө бид гэрээг албан ёсоор цуцлаагүй гэж үзэн сөрөг нэхэмжлэл гаргасан. Түүнчлэн уг мэдэгдлийг "П" ХХК-ийн эрх бүхий этгээд мэдсэн эсэх нь тодорхойгүй байна.

Түүнчлэн бидний зүгээс 8 ширхэг нэхмэлийн машиныг хурааж авах тухай мэдэгдэл ирсний дараа буюу 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гэрээнээс татгалзах санал хүргүүлсэн боловч үүний хариу болгон 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гэрээнээс татгалзах саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул бид уг гэрээг үргэлжилж байгаа хэмээн ойлгож байсан.

2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаан бүхий 8 ширхэг нэхмэлийн машины зах зээлийн үнэлгээг хийлгүүлэх, нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасан ба уг өдрийн 184/Ш32021/06082 тоот шүүгчийн захирамжид нотлох баримт гаргуулах, шинжээч томилуулах хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар дурдаагүй, харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүх санаачлагаараа нотлох баримт шаардан хурлыг хойшлуулсан.

Хариуцагчийн зүгээс санхүүгийн түрээсийн гэрээний төлөлтийн үнийн дүн дээр маргадаггүй боловч анх хүлээж авсан 10 ширхэг машинаас 2 ширхэг машиныг 29,000 ам.доллараар тооцож буцаан өгсөн байдаг.

Энэхүү үйл баримтыг нотлох үүднээс нэхэмжлэгчээс баримт гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасан боловч шүүх нэхэмжлэгч маргаагүй гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзсан. Гэтэл энэхүү баримт нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай баримт юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “ТХХК нь хариуцагч “П” ХХК-д холбогдуулан хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний дагуу шилжүүлэн өгсөн 8 ширхэг нэхмэлийн машинаа буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч “ТХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн заалтыг баримтлан талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдаж, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны эрх зүйн харилцаа үүссэн мэтээр тайлбарлажээ.

 

“ТХХК болон “П” ХХК-ийн хооронд 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ гэх нэртэй хэлцэл хийгдэж, уг хэлцэлд түрээслүүлэгч “ТХХК гэж, түрээслэгч “П” ХХК гэж, мөн талууд 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан байх ба уг гэрээнд барьцаалагч “ТХХК гэж, барьцаалуулагч “П” ХХК гэж тус тус тодорхойлжээ.

 

“ТХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотлох баримтаар авагдсан байх боловч тус компани нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхлэх этгээд мөн эсэх нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч байгууллагыг автомашин, тоног төхөөрөмжийн түрээс, даатгалын зуучлал үйл ажиллагааг явуулдаг талаар улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан байна. Тус “ТХХК-ийн эрх зүйн байдлыг тодруулах шаардлагатай бөгөөд Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.10-т “санхүүгийн түрээсийн үйл ажиллагааг банк Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр явуулах” гэж, мөн зүйлийн 6.4 дэх хэсэгт “Банкны нэгдлийн бусад оролцогч Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл авах тухай бүр Санхүүгийн зохицуулах хороо Монголбанкны саналыг урьдчилан авна” гэж тус тус заасан хамаарах этгээд мөн эсэх нь тодорхой бус байна.

 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа, эсхүл хариуцагчийн худалдан авсан эд хөрөнгийн үнийн зарим хэсэгт зээл олгож, барьцааны эсхүл фидуцийн зүйлээр үүргийг хангуулахтай холбоотой харилцаа аль нь үүссэн талаар тодруулаагүй байна. Гэрээний нэршлээс гадна талуудын бодит хүсэл зоригийн илэрхийлэл буюу тохиролцооны агуулгын хүрээнд гэрээний үүрэг шаардах эрхийн үндэслэлийг тодруулах шаардлагатай.

 

Мөн хариуцагч нь гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж байгаа бөгөөд эргэн төлөлтийн үндсэн хуваарь, нэмэлт гэрээнд “П” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантүлхүүр гарын үсэг зурсан боловч хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ болон хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээнд түүнийг төлөөлөн өөр этгээд гарын үсэг зурсан гэх үйл баримтын талаар маргааж байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний эрх чөлөөний зарчимд үндэслэн хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь эргэлзээтэй, хэргийн баримтад нийцэхгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж дүгнэхээр байна.

Түүнчлэн хариуцагч нь гэрээний дагуу урьдчилгаанд төлсөн 96,580 ам.долларыг гаргуулахаар 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх мөн сарын 21-ний өдрийн 184/ШЗ2021/06493 дугаар захирамжаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2, 62.1.3, 62.1.4-т заасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх, бүрдүүлбэрд тавигдах шаардлагыг хангаагүй, мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй хамтад нь шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.Талуудын маргааны зүйл нэг байх бөгөөд нэхэмжлэлтэй шууд холбоотой сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас буюу шийдвэрлэхээс татгалзах нь хэргийн оролцогчийн эрх зөрчсөнд тооцогдоно.

 

Учир нь талуудын хооронд маргааны зүйл болж буй нэхмэлийн машины урьдчилгаа төлбөрийг хариуцагч төлсөн, нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөрийг гуравдагч этгээд буюу Япон улсын компанид шилжүүлсэн болох нь зээлийн дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдож байна. Эдгээр эрх зүйн харилцааны агуулга тус бүрийг нарийвчлан тодорхойлж санхүүгийн түрээсийн гэрээний дагуу, үлдэгдэл төлбөрийн зээл олгож, хүү шаардаж байгаа эсэх, энэ үүрэг барьцаагаар эсхүл хуулиар хангагдсан эсэхийг тодруулах учиртай. Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.2 дахь хэсэг, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 8 дугаар зүйлд санхүүгийн түрээсийн гэрээнд тавигдах агуулгын шаардлагыг хуульчилсан. Уг гэрээ нь энэхүү шаардлагад нийцсэн эсэх талаар анхан шатны шүүх дүгнээгүй байна.

 

Уг зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2021/01406 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн төлсөн 5,661,987 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА