Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2021/01827

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х.М/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Б/РД: /-д холбогдох,

 

Газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал, хариуцагч Б.Б, гэрч Ж.Лутбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2004 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу Б.Бы эзэмшлийн Гоодойн аманд байрлах газарт 7*8 метр бүхий харьцаатай 2 давхар зуслангийн байшин барьж өгөх, хариуд нь Баянгол дүүргийн 16-р хороо, Туулын 5-78 тоот хаягт байрлах 194,4 м.кв талбай бүхий газрыг шилжүүлэхээр тохиролцсон. Гэрээний дагуу Х.М нь 2004 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ажлыг хүлээлцэн өгч, акт үйлдсэн байдаг. Гэтэл Б.Б нь өнөөдрийг хүртэл Баянгол үүргийн 16-р хороо, Туулын 5-78 тоот хаягт байрлах 194,4 м.кв талбай бүхий газрыг шилжүүлж өгөөгүй болно.

2004 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 16-р хорооны Засаг даргад “...тус газрыг Х.Мт шилжүүлэх тухай” хүсэлтийг гаргасны дагуу Засаг даргын тодорхойлолт гарсан. Гэтэл яг шилжүүлэх болохоор Б.Б нь утсаа авахгүй, бүртгэлийн газар ирэхгүй худал хэлж, маргааш, нөгөөдөр гэсээр байгаад өнөөдрийг хүрлээ. Иймд, худал хэлж, шилжүүлэх бодолгүй байсан талаар 2018 онд мэдсэн учир шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байх тул нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч Х.Мын өмгөөлөгч Ч.Өнөржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2004 онд Б.Б, Х.М нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. 12 000 000 төгрөгийн байшин барина гэсэн. Гэрээний захиалагч тал төлбөрийг нөхцөлийг Баянгол дүүргийн 16-р Туулын 5-78 тоот хаягт орших хашааны газрыг захиран зарцуулах эрхийг шилжүүлэн өгөх, гүйцэтгэгч өөрөөс материал гаргаж 2 давхар байшин барьж захиалагчид хүлээлгэн өгч н.Батчулуун болон н.Бадарч нарын нэр дээр байсан газрыг нэр дээр нь шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон байгаа. Газар өмчлөх эрх бүхий этгээдээс итгэмжлэл авч Б.Б гэрээг хийсэн байгаа. Газрыг захиран зарцуулах эрх байсан. Төлбөрийг хэрэгсэл нь өмчлөх эрхийг шилжүүлэх байсан. Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байсан гэдэг нь харагдаж байна. Үр дүнгийн талаар саналыг хэлж байсан гэдэг боловч талуудын хооронд бичигийн баримт байхгүй боловч яригдсан байгаа. Гүйцэтгэгчийг оролцуулахгүйгээр баримтыг 2010 онд хийсэн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Тэр хүртэл хугацаанд тухайн барилга доголдолтой байгаа талаар мэдэгдэж байсан зүйл байдаггүй. Доголдолтой холбоотой шаардлага гаргаж байгаагүй. Захиалагчаас ажлын хөлсийг шаардаж байсан байдаг.” гэв.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Халтарын М нь Баянгол дүүргийн 16-р хороо, Туулын 5-78 хаягт орших 194,4 кв.м газрын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

Манай гэр бүлийнхэн 2004 оны эхээр зуслангийн байшинтай болохоор ярилцаж тухайн үед ШШБЕГ-т хурандаа цолтой ажиллаж байсан нэхэмжпэгч Х.Мыг бидэнд 7*8-ын суурьтай мансардтай зуслангийн байшин барьж, хариуд нь талийгч аавын минь өмчлөлд байсан Баянгол дүүргийн 16-р Туулын 5-78 тоот хаягт орших хашааны газрыг дээрхи өвлийн байшингийн хамтаар шилжүүлж өгөхөөр тохиролцсон болно.

Гэтэл нэхэмжлэгч Х.М нь анх 2004 онд Гоодой дахь манай зуслангийн газар дээр шоронгийн ялтан хоригдлуудаар уулынхаа уруу тал руу 38см-45см хазгай суурьтай байшин бариулсныгаа дотор талдаа шал модоор нь тэгшхэн мэт харагдахаар болгочихсон байсныг нь бид байшинг хүлээлгэн өгөх үед мэдээгүй бөгөөд сүүлд нь мэдээд Х.Мт хэлж тэрээр хүлээн зөвшөөрч засч өгөхөөр болсон юм.

Эхэн үедээ Х.М нь уг байшинг кран болон домократаар өргөж суурийг нь тэгшлээд янзлаад өгнө гэж тохирсон боловч засч өгөлгүй 2010 оны зун хүргэсэн.

2004 оны 6-р сарын сүүлээр УИХ-ын сонгууль болсон бөгөөд миний бие УИХ-д нэр дэвшигчийн менежерээр ажилласан тул байшин баригдах явцад 1 ч газар дээр нь очиж танилцаагүй нэхэмжпэгч Х.Мт шаардлага хангасан байшин барьж өгнө гэдэгт нь бүрэн итгэж байсан юм.

Бид 2010 он хүртэл засч өгөхийг удаа дараа хэлж хүлээсэн боловч нэхэмжлэгч Х.М нь манай байшинг засч өгөөгүй бөгөөд уг барьсан гэх чанаргүй, шаардлага хангаагүй байшин нь хазайлт өгч нурах байдалтай болж эхэлсэн болно.

Манай гэр бүл 2010 оны зун байшинг буулгах хүртэл хугацаанд уг байшинд 1 ч хоног амьдраагүй болно.

Х.М нь амьдрах боломжгүй байшин барьж өгсөн тул миний эцэг газар өмчлөх гэрчилгээгээ шилжүүлж өгөөгүй харин засч өгөхийг нь хүлээж дийлэлгүй зусланд ч гарж чадахгүй байсаар 2010-5-31-нд нас барсан юм.

Хэрвээ тухайн үед нь уг байшинг засаад өгсөн бол аав маань газар өмчлөх гэрчилгээгээ шилжүүлж өгөхөд бэлэн байсан.

Аавыгаа талийгч болсны дараа 2010 оны зун аргагүйн эрхэнд бид аавынхаа захисанчлан өөрсдийн хөрөнгөөр уг байшинг өөр дадлага туршлагатай хүмүүсээр буулгуулж суурийг нь өндөрлүүлэн хүчитгүүлсэн боловч хуучин муу зах банз, палк моднууд нь хазайлтын улмаас муруйж шинээр өндөрлөж тэгшилсэн суурин дээр ашиглах боломжгүй болсон тул бүх палк модуудыг болон хаалга цонх, дээврийн материалуудыг шинээр худалдан авч байшингаа дахиж шинээр бариулсан.

38 см-45 см хазгай суурьтай хуучин байшинг буулгуулж дахин шинээр бариулахад бидний зүгээс ихээхэн хэмжээний зардал мөнгө гарсан.

Түүнчлэн анхнаасаа суурь нь муу хийгдсэний улмаас уулынхаа талаасаа ус нэвчиж гарч ирээд шал мод нь хөгцөрч мөөгөнцөртөн цөмөрдөг байдал нь байшинг дахин буулгаж шинээр шаардлага хангасан суурь цутгаж хийж байж л арилах тул биднээс дахиад ихээхэн зардал мөнгө гарахаар болчихоод байна.

Уг нь бид байшингийнхаа ар тал буюу уул талд нь гүн нүх ухаж бетон зуурмагаар цутгалт хийн ус нэвчихээс хамгаалах гэж оролдоод ч энэ байдал арилахгүй байгаа юм.

Баянгол дүүргийн 16-р хороо, Туулын 5-78 тоот хаягт орших уг газар маань анх 400 мкв байсныг хөрш Х.М нар нь 2 хажуу талаас ил далд хулгайлж хашаануудаа сунган барьснаар 194 кв.м болж багассан.

Мөн нэхэмжлэгч Х.М нь Баянгол дүүргийн 16-р хороо, Туулын 5-78 тоот хаягт орших уг хашааны газар дээр байсан өвлийн байшин, модон жорлонг бидний зөвшөөрөлгүйгээр буулгаж 2004 оноос хойш манай газрыг ашиглаж байгаа ч бид ашиглуулсны төлбөр гэж 1 төгрөг ч аваагүй.

Манай гэр бүл болон миний бие нэхэмжлэгч Х.Мт худлаа ярьж харин зохих ёсны шаардлага буюу Гоодой зуслан дахь түүний барьсан 38 см-45 см хазгай суурьтай байшингийн суурийг тэгшилж өгөхийг улмаар амьдрах боломжтой, аюулгүй байшинтай болгож өгөхийг л шаардсан боловч харамсалтай Х.М нь энэ зохих ёсны шаардлагыг биелүүлээгүй, уг байшинг засч өгөөгүй тул бид өөрсдөө хазгай суурьтай байшинг буулган дахин шинээр барьсан учраас газар өмчлөх эрхээ шилжүүлээгүй. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.М хариуцагч Б.Бд холбогдуулан Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туулын 5-р гудамж, 78 тоот хаягт байршилтай, 194.4/нэг зуун ерэн дөрөв аравны дөрөв/ м.кв газрын өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.Б нь байшинг засч өгөөгүй тул бид өөрсдөө хазгай суурьтай байшинг буулган дахин шинээр барьсан учраас газар өмчлөх эрхээ шилжүүлээгүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2004 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болох нь тус Ажил гүйцэтгэх гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Тус гэрээний ерөнхий зүйл, 1-т зааснаар нэхэмжлэгч нь “Гоодойн ам”-д байрлах газарт өөрийн зардлаар зуслангийн байшин барьж, хариуцагчид шилжүүлэн өгөх, хариуцагч нь хөлсөнд Баянгол дүүрэг, 16-р хороо, Туулын 5-р гудамж, 78 тоот хаягт байршилтай газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байх тул Ажил гүйцэтгэх гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ... хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Гэрээний ерөнхий зүйл, 1, 2-ын 2.8, 3-ын 3.1, 3.2, 5-д зааснаар нэхэмжлэгч нь “Гоодойн ам”-д байрлах газарт өөрийн зардлаар Гэрээний хавсралтад заасан нөхцлийг хангасан зуслангийн байшинг 2004 оны 9 сарыг хүртэл барьж хүлээлгэн өгөх, хариуцагч нь Баянгол дүүрэг, 16-р хороо, Туулын 5-р гудамж, 78 тоот хаягт байршилтай газрын захиран зарцуулах буюу өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх үүрэг хүлээж, нэхэмжлэгч нь 2004 оны 8 дугаар сарын 16-ны өдөр зуслангийн байшинг хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь Гэрээний болон хавсралтын хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь зуслангийн байшинг хүлээн авсан боловч 78 тоот хаягт байршилтай газрыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөөгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь зуслангийн байшин уулийн уруу баригдсан байсан, байшингийн суурь хазгай байсан, Х.М гуай засаж өгнө гэсэн боловч засаж өгөөгүй тул газрын өмчлөх эрхийг шижлүүлж өгөөгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь хазайлтын тухайд тэр үед шил эргүүлсэн, бөмбөг тоглож байсан хүүхдийн бөмбөгийг тавьж үзэхэд хазайлт огт байгаагүй гэж маргаж байна.

Тус зуслангийн байшингийн нүүрэн тал ертөнцийн зүгээр хойшоо харсан буюу хаалга нь хойшоо харсан, байшингийн хаалгаггүй хойд талын зүүн тал 45/дөчин тав/ см, баруун тал 38/гучин найм/ см хазайлттай нэг тэгш хэмтэй байгаагүй болох нь гэрч Ж.Лутбаатарын гэрчийн мэдүүлэг, “Топ сүрвэй” ХХК-ийн 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Барилгын суурийн өндөржилтийг тогтоосон актын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т “Гэрээнд заасан ... чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ.” гэж заасан.

 

Гэрээний 3-ын 3.3-т “Зуслангийн байшинг чанарын зохих түвшинд барьж  ... хүлээлгэн өгөх” гэжээ.

 

Тус зуслангийн байшингийн суурь хазайлттай байсан байх тул Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг биет байдлын доголдолтой гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т “Захиалагч дараахь шаардлага гаргах эрхтэй:”, 352.2.2-т “доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх;” гэж заасан.

 

Хариуцагч нь тус зуслангийн байшингийн доголдлыг иргэн Ж.Лутбаатараар 2010 оны 6 дугаар сараас 2010 оны 10 дугаар сарын хооронд арилгуулсан болох нь гэрч Ж.Лутбаатарын гэрчийн мэдүүлэг, Хаан банкны 2010 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2010 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх Мөнгөн шилжүүлгийн болон Орлогын мэдүүлгийн хуулбар, “Орд констракшн” ХХК-ийн 2010 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Зарлагын баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь заалтад зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид доголдлыг арилгах хугацаа олгосон болох нь гэрч Ж.Лутбаатарын гэрчийн мэдүүлэг, Хаан банкны 2010 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2010 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх Мөнгөн шилжүүлгийн болон Орлогын мэдүүлгийн хуулбар, “Орд констракшн” ХХК-ийн 2010 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Зарлагын баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2, 352.2.2 дахь заалтад зааснаар хариуцагч нь доголдлыг арилгасантай холбогдсон зардлаа нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1-т “Захиалагч дараахь үүрэг хүлээнэ:”, 351.1.1-т “гэрээнд ... ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх;” гэж заасан.

 

Гэрээний 1-т зааснаар хариуцагч нь зуслангийн байшинг нэхэмжлэгчээс хүлээн авсан байх боловч 78 тоот байршилтай газрыг шилжүүлэн өгөөгүй байх тул Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1, 351.1.1 дэх заалтад зааснаар Баянгол дүүрэг, 16-р хороо, Туулын 5-р гудамж, 78 тоот хаягт байршилтай газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1, 351.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч нь Баянгол дүүрэг, 16-р хороо, Туулын 5-р гудамж, 78 тоот хаягт байршилтай, 194/нэг зуун ерэн дөрөв/ м.кв газрын өмчлөгч болохыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэл болон зохигчийн тайлбарт дурдагдсан 78 тоот хаягт байршилтай, 194.4/нэг зуун ерэн дөрөв аравны дөрөв/ м.кв гэх газрын талбай нийт 194/нэг зуун ерэн дөрөв/ м.кв болох нь 000051846 дугаар Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Б.Батчулуун агсан, Д.Бадарч нартай 2006 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Газрын бэлэглэлийн гэрээгээр Баянгол дүүрэг, 16-р хороо, Туулын 5-р гудамж, 78 тоот хаягт байршилтай 194/нэг зуун ерэн дөрөв/ м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлэн авсан болох нь 2006 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Газрын бэлэглэлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргаж байна.

 

Зохигчид нэхэмжлэгч нь 2004 оноос хойш 78 тоот хаягт байршилтай 194/нэг зуун ерэн дөрөв/ м.кв газрыг эзэмшиж, ашиглаж байгаа талаар маргахгүй байх ба нэхэмжлэгч нь 2019 онд цагдаагийн байгууллагад Б.Б нь газрыг шилжүүлэн өгөхгүй байгаа тухай өргөдөл гаргаж байсан болох нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 194/нэг зуун ерэн дөрөв/ м.кв газрыг эзэмшиж, ашиглаж байсан байх бөгөөд эрх нь зөрчигдсөн тухай цагдаагийн байгууллагад хандсан 2019 онд мэдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1, 351.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Мыг Баянгол дүүрэг, 16-р хороо, Туулын 5-р гудамж, 78 тоот хаягт байршилтай 194/нэг зуун ерэн дөрөв/ м.кв газрын өмчлөгч болохыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1, 351.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Мыг Баянгол дүүрэг, 16-р хороо, Туулын 5-р гудамж, 78 тоот хаягт байршилтай 194/нэг зуун ерэн дөрөв/ м.кв газрын өмчлөгч болохыг тогтоосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Мын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэлээр үлдээж, хариуцагч Б.Баас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Мт олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ХИШИГБАТ