Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2021/00105

 

 

 

2021 01 28

001/ХТ2021/00105

 

 

 

Х.Мөнхбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/01261 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1369 дүгээр магадлалтай,

Х.Мөнхбаярын нэхэмжлэлтэй,

Б.Баярсайханд холбогдох

 

Газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюундарь, хариуцагч Б.Баярсайхан, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Х.Мөнхбаяр нь 2004 оны 07 сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг Б.Баярсайхантай байгуулсан. Тус гэрээгээр Гоодойн аман дахь газарт 7х8 харьцаа бүхий 2 давхар зуслангийн байр барьж гүйцэтгэж, нийт 6.791.120 төгрөгийн зардал гарч, ажлыг 2004 оны 08 сарын 16-ны өдөр хүлээлгэж өгсөн. Х.Мөнхбаяр гэрээний дагуу ажлыг хүлээлгэж өгсний дараа Б.Баярсайханыг гэрээгээр тохирсны дагуу 194,04 м.кв талбай бүхий Баянгол дүүрэгт байрлах газрыг Х.Мөнхбаярын өмчлөлд шилжүүлэхээр тохирсон боловч шилжүүлж өгөөгүй. Иймд ажил гүйцэтгэх гэрээний дагуу Б.Баярсайханыг төлбөрөө төлөөгүй гэж үзэж байна. Улмаар 2004 оны 08 сарын 16-ны өдөр Б.Баярсайханаас Баянгол дүүргийн 16-р хорооны Засаг дарга газрын өмчлөх эрхийг шилжүүлж өгөх өөрийн хүсэлтийг гэрчилгээний хамт өгч, Засаг дарга зохих бичилт хийхийг даалгасан цохолт хийсэн байдаг. Ингээд Улсын бүртгэлд бүртгүүлэх гэхэд Б.Баярсайхан ирдэггүй, утсаа авахгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Утсаар маш олон удаа холбогдож шилжүүлэх талаар ярьсан. 2015 онд мэдэгдэх хуудас өгсөн. Иймд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: Х.Мөнхбаяр нь манай Баянгол дүүрэг дэх газрын хөрш айл. Би зуслангийн байртай нь танилцаад ийм байр барьж өгөх юм бол манайх газраа өгье гэж тохирч ажил эхэлсэн. 2004 онд сонгууль болж, би н.Гантөмөрийн менежерээр ажиллаж байсан. Ажил хүлээлцэх үед танилцаагүй. Хөршүүд танай байрыг шоронгийн хоригдлуудаар бариулж байна гэж хэлсэн. Сонгуулийн дараа танай байшин бэлэн болсон гэж хэлсэн. Гаднаас нь харахад дажгүй харагдсан. Шал нь далий харагдахад бөмбөг өнхрүүлж үзүүлээд тэгш гэж хэлсэн. Сүүлд мэргэжлийн хүнд үзүүлэхэд суурь хазгай байна, шалаар тэгшилсэн байна гэж хэлсэн. Ингээд бид чанарын шаардлага хангаагүй учир газар шилжүүлэхгүй гэж хэлсэн. Тэгтэл Х.Мөнхбаяр тэгшилж өгнө гэж хэлсэн. Ингээд тэгшилж өгөхийг 2012 оны зун хүртэл хүлээсэн. Тэр хүртэл манайх тус байранд ороогүй. Тиймээс газар өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй гэж хэлж байсан. 2012 онд манай аав нас барсан. Нас барахаасаа өмнө байшингаа өөрсдөө буулгаж, баръя гэж хэлсэн. Нэг талдаа 38-аас 45 см-ийн хазгай суурьтай байшин барьчихсан байсан. Сүүлдээ нуралт өгөх хэмжээнд болчихсон байсан. Ингээд бид байшингаа буулгаад дахин бариулсан. Тэгэхэд хуучин материалыг ашиглах боломжгүй байсан учир шинээр барьсан. 2018 онд мөнгөний хэрэгцээ гарч, тус газрыг зарах гэж уулзсан. Бидний хувьд чанарын шаардлага хангасан байр барьсан байсан бол өмчлөх эрх шилжүүлэхэд татгалзах зүйл байгаагүй. Чанарын шаардлага хангаагүй учир бид шилжүүлж өгөөгүй. Тиймээс бид буулгаж, илүү зардал гаргаж ашиглаж байгаа. Анхнаасаа мэргэжлийн бус хүмүүсээр хийлгэсэн байсан учраас доороосоо усанд нэвчиж, муудсан. Тиймээс тухайн байрыг буулгаж, дахин барихаас өөр аргагүйд хүрсэн. Иймд нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/01261 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 5-78 тоотод байрлах 194.4 м.кв талбайтай газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1369 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/01261 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Давж заалдах шатны шүүх 1369 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснийг эс зөвшөөрч байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасны дагуу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгт ... нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргах эрхээ алдсан талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэжээ. Гэвч тус үндэслэл нь хуульд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд дараах байдлаар хэргийн бодит үйл баримт болон хуулийн зүйл, заалтад нийцээгүй тайлбар юм.

Нэг. Үйл баримтын тухайд: Талуудын хооронд 2004.07.15-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Тус гэрээгээр Х.Мөнхбаяр нь Гоодойн аманд байрлах газарт зуслангийн байшин барьж өгөх үүргийг хүлээж, харин Б.Баярсайхан нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 16-р хорооны 5-78 тоотын хашааны 194.4 м.кв газрыг ажлын хөлсөнд тооцож өгөхөөр тохиролцсон. Х.Мөнхбаяр нь 2004.08.16-ны өдөр ажлыг гүйцэтгэж өгч, талууд Ажил хүлээлцсэн акт үйлдсэн байдаг. Улмаар Б.Баярсайхан нь 2004.08.16-ны өдөр Баянгол дүүргийн 16-р хорооны Засаг даргад тус газрыг Х.Мөнхбаярт шилжүүлэх тухай хүсэлтийг гаргасны дагуу Засаг даргын тодорхойлолт гарсан. Гэтэл яг шилжүүлэх үед хариуцагч Б.Баярсайхан нь утсаа авахгүй, бүртгэлийн газар ирэхгүй худал хэлж, маргааш, нөгөөдөр гэсээр байгаад өнөөдрийг хүргэсэн байдаг.

Хоёр. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тухайд: Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан байдагчлан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй. Учир нь талуудын хооронд 2004.07.15-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-ний 5 дахь хэсэгт 2004 оны 9 сарыг хүртэл зуслангийн байшинг барьж хүлээлгэн өгч, Баянгол дүүрргийн 16-р хороо, Туулын 5-78 тоот хашааны 194.4м2, 2,566,080 төгрөгийн үнэтэй газрын захиран зарцуулах эрхийг шилжүүлэн авснаар уг гэрээ дуусгавар болно гэж тохиролцсон. Өөрөөр хэлбэл, тус гэрээ нь газрыг шижлүүлэн авснаар дуусгавар болох бөгөөд шилжүүлэн өгөөгүй байгаа тул гэрээ одоог хүртэл дуусгавар болоогүй хүчин төгөлдөр хэвээр байгаа нь талуудын тохиролцоо юм. Улмаар дуусгавар болоогүй гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусч, гэрээний нэг талын үүрэг дуусгавар болно гэсэн ойлголт байхгүй юм. Үүний дагуу нэхэмжлэгч Х.Мөнхбаяр нь ажлын үр дүнг 2004.08.16-ны өдөр хариуцагч Б.Баярсайханд хүлээлгэж өгсөн үеэс эхлэн хүчин төгөлдөр гэрээний дагуу газрын өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардсаар ирсэн болох нь дараах нөхцөл байдлаас харагдана. Үүнд:

1. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй гэж заасан байдаг. Тус зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид үүргээ гүйцэтгэхийг сануулж утсаар болон бичгээр мэдэгдэл хүргүүлсээр ирсэн бөгөөд хариуцагч нь тухайн үе бүрт нь шилжүүлнэ гэсэн тайлбарыг хэлж байсан бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр хэлсэн тайлбараас үзвэл ...эхэндээ Х.Мөнхбаяр уг байшинг кран болон домократаар өргөж байгаад суурийг нь тэгшлээд янзлаад өгнө гэж тохирсон боловч засч өгөлгүй 2010 оны зун хүргэсэн бөгөөд чанарын шаардлага хангаагүй байшин нь хазайлт өгч нурах байдалтай болж эхэлсэн гэх мэтээр шүүхэд тайлбар өгснөөс үзвэл тус байшинг засах болон хүлээлгэн өгөх талаар 2010 онд яригдаж байсан нь тодорхой байна. Мөн 2019.05.28-ны өдрийн шүүх хуралдааны үеэр Б.Баярсайхан нь хэлэхдээ Би Х.Мөнхбаяр луу Баянгол дүүрэгт байрлах 5-78 тоот 194.4 м.кв талбай бүхий газрыг авах хүсэлтэй байна уу? Авахаар бол зөрүү төлбөрийг өгөөд аваарай гэсэн саналыг тавьсан гэдэг. Үүнээс харахад Б.Баярсайхан нь өөрийн хүсэлтээр гэрээний үүргийг Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн байна. Энэ шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагдаж байх бөгөөд хариуцагч нь хэдийгээр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэхээс үл хамааран үүргээ гүйцэтгэх ёстойг мэдэж байна. 2015.06.29-ний өдөр Б.Баярсайханд мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Мэдэгдлийг хүргүүлж утсаар ярихаар шилжүүлж өгнө, би сонгуулийн ажилтай байна гэсэн тайлбарыг өгдөг байсан. Бид түүний ажил төрөлд хүндэтгэлтэй хандаж дандаа хүлээдэг байсан. Өнөөдрийг хүртэл харилцахад Б.Баярсайхан нь нэг ч удаа доголдлын талаар ярьж байгаагүй бөгөөд бүгдийг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгч О.Аюурзана нь 2019.01.21-ний өдрийн гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэлдээ Гэрээний дагуух маргаан учир шүүхээр шийдвэрлүүлэх болно гэсэн мэдүүлэг. Б.Баярсайхан нь хөөн хэлэлцэх хугацааны талаар огт маргаагүй гагцхүү доголдолтой байсан гэсэн зүйл дээр маргадаг. Б.Баярсайханы хариу тайлбарт хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй байх бөгөөд зөвхөн доголдолтой зүйл шилжүүлж өгсөн гэсэн тайлбарыг тавьдаг. Тус зуслангийн байшинг барихад Х.Мөнхбаярын зүгээс нийт 6,791,120 төгрөгийн бараа, материал гарсан байдаг ба өнөөдрийг тэр үед энэ хүний хүч хөдөлмөрийг урсган байж бариулсан зуслангийн байшинг үнэгүй болгож, Б.Баярсайхан нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих үндэслэл байгаа эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Б.Баярсайхан нь доголдолтой байшинг нурааж би дахиж шинээр барьсан гэсэн тайлбарыг тавьдаг боловч Х.Мөнхбаярт нэг ч удаа мэдэгдэж байгаагүй. Хэрвээ үнэхээр нурааж өөр шинээр байшин барьсан бол нураасан байшингийн материал болох банз, төмөр, хадаас, барилгын материалыг яагаад буцааж өгөх боломжтой нөхцөл байдал байсан боловч нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчин үндэслэлгүйгээр хөрөнгөжсөөр байна. Иймд, хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 82.4-т заасны дагуу Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно. гэж заасны дагуу сэргээн өгч, 2019.05.28-ны өдрийн 181/ШШ2019/01261 тоот Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон 2019.07.24-ний өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1369 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Х.Мөнхбаяр нь Б.Баярсайханд холбогдуулан байшин барьсны хөлсөнд өгөхөөр тохиролцсон гэж Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 5-78 тоотод байрлах 194,4 м.кв талбайтай газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, чанарын шаардлага хангаагүй байшин барьсан тул буулгаж дахин шинээр барьж ашиглаж байгаа, газрыг шилжүүлэхгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

 

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

1. Хэргийн баримтаас үзэхэд 2004 оны 7 сарын 15-ны өдөр нэхэмжлэгч нь Гоодойн аманд байрлах газарт зуслангийн байшин барьж өгөх, хариуцагч нь ажлын хөлсөнд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 5-78 тоотод байрлах, 194.4 м.кв талбайтай газрыг шилжүүлэхээр тохиролцож, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэжээ. /хх-5-6/

 

2. Нэхэмжлэгч Х.Мөнхбаяр нь ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүнг 2004 оны 8 сарын 16-ны өдөр хүлээлгэн өгч, акт үйлдсэн, газрын албанд хүсэлт гаргасан баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

Маргааны зүйл болж буй Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 5-78 тоотод байрлах, 194.4 м.кв талбайтай газрын эзэмшил, өмчлөлийн талаарх улсын бүртгэлийн баримт хэрэгт авагдаагүй байхад хариуцагчийн өмчлөлийн зүйл гэсэн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх нь хууль зүйн хувьд буруу юм.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ.

 

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч нь ...чанарын шаардлага хангасан байр барьсан байсан бол өмчлөх эрх шилжүүлэхэд татгалзах зүйл байгаагүй. Чанарын шаардлага хангаагүй учир бид шилжүүлж өгөөгүй, байрыг буулгаж дахиж барьсан ... нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан, талууд хөөн хэлэлцэх хугацааны тухайд мэтгэлцээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан эрхийг бүрэн хэрэгжсэн гэж үзэхэд учир дутагдалтай, маргааны зүйл болж буй газрын баримт хэрэгт авагдаагүй, анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байхад давж заалдах шатны шүүх энэ алдааг залруулаагүй байна.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүх хэргийг шийдэхдээ нотлох баримт, талуудын тайлбарыг үнэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/01261 дүгээр шийдвэр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1369 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

 

   ШҮҮГЧ Д.ЦОЛМОН