Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/00163

 

Х.М-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2021/01827 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х.М-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Б-д холбогдох,

Газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.М-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ө, хариуцагч Б.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Б.Б-ы эзэмшлийн Гоодойн аманд байрлах газарт 2004 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу 7х8 метр бүхий харьцаатай 2 давхар зуслангийн байшин барьж өгөх, хариуд нь Баянгол дүүргийн 16-р хороо, Туулын 5-78 тоот хаягт байрлах 194,4 м.кв талбай бүхий газрыг шилжүүлэхээр тохиролцсон. Гэрээгээр Х.М- нь 2004 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ажлыг хүлээлгэн өгч, акт үйлдсэн. Б.Б- нь өнөөдрийг хүртэл Баянгол үүргийн 16-р хороо, Туулын 5-78 тоот хаягт байрлах 194,4 м.кв талбай бүхий газрыг шилжүүлж өгөөгүй.

Б.Б- нь 2004 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргад тус газрыг Х.М-т шилжүүлэх тухай хүсэлтийг гаргасны дагуу Засаг даргын тодорхойлолт гарсан. Гэтэл яг шилжүүлэх болохоор Б.Б- нь утсаа авахгүй, бүртгэлийн газар ирэхгүй худал хэлж, маргааш, нөгөөдөр гэсээр өнөөдрийг хүрлээ. Иймд, худал хэлж, шилжүүлэх бодолгүй байсан талаар 2018 онд мэдсэн учир шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй.

Доголдолтой холбоотой шаардлага гаргаж байгаагүй. Захиалагчаас ажлын хөлсийг шаардаж байсан. Баянгол дүүргийн 16-р хороо, Туулын 5-78 тоот хаягт байрлах 194,4 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга: Манай гэр бүлийнхэн 2004 оны эхээр зуслангийн байшинтай болохоор ярилцаж тухайн үед ШШБЕГ-т хурандаа цолтой ажиллаж байсан Х.М-ыг бидэнд 7х8-ын суурьтай мансардтай зуслангийн байшин барьж, хариуд нь талийгч аавын минь өмчлөлд байсан Баянгол дүүргийн 16-р Туулын 5-78 тоот хаягт орших хашааны газрыг дээрх өвлийн байшингийн хамтаар шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Гэтэл Х.М- нь анх 2004 онд Гоодой дахь манай зуслангийн газар дээр ялтангуудаар уулынхаа уруу тал руу 38 см-45 см хазгай суурьтай байшин бариулсныгаа дотор талдаа шал модоор нь тэгшхэн мэт харагдахаар болгочихсон байсныг нь бид байшинг хүлээлгэн өгөх үед мэдээгүй бөгөөд сүүлд нь мэдээд Х.М-т хэлж тэрээр хүлээн зөвшөөрч засч өгөхөөр болсон юм. Эхэндээ Х.М- нь уг байшинг кран болон домократаар өргөж суурийг нь тэгшлээд янзлаад өгнө гэж тохирсон боловч засч өгөлгүй 2010 оны зун хүргэсэн. Бид 2010 он хүртэл засч өгөхийг удаа дараа хэлж хүлээсэн боловч нэхэмжлэгч нь байшинг засч өгөөгүй бөгөөд уг барьсан гэх чанаргүй, шаардлага хангаагүй байшин нь хазайлт өгч нурах байдалтай болж эхэлсэн.

Манай гэр бүл 2010 оны зун байшинг буулгах хүртэл хугацаанд уг байшинд 1 ч хоног амьдраагүй болно. Х.М- нь амьдрах боломжгүй байшин барьж өгсөн тул миний эцэг газар өмчлөх гэрчилгээгээ шилжүүлж өгөөгүй. Засварлаж өгөхийг нь хүлээж дийлэхгүй зусланд гарч чадахгүй байсаар 2010 оны 05 дугаар сарын 31-нд нас барсан. Хэрвээ тухайн үед нь уг байшинг засаад өгсөн бол аав маань газар өмчлөх гэрчилгээгээ шилжүүлж өгөхөд бэлэн байсан. Улмаар 2010 оны зун аргагүйн эрхэнд өөрсдийн хөрөнгөөр уг байшинг өөр дадлага туршлагатай хүмүүсээр буулгуулж суурийг нь өндөрлүүлэн хүчитгүүлсэн боловч хуучин муу зах банз, палк моднууд нь хазайлтын улмаас муруйж шинээр өндөрлөж тэгшилсэн суурин дээр ашиглах боломжгүй болсон тул бүх палк модыг болон хаалга цонх, дээврийн материалуудыг шинээр худалдан авч байшингаа дахиж шинээр бариулсан.

Хуучин 38 см-45 см хазгай суурьтай байшинг буулгуулж дахин шинээр бариулахад ихээхэн зардал гарсан. Түүнчлэн анхнаасаа суурь нь муу хийгдсэний улмаас уулынхаа талаасаа ус нэвчиж гарч ирээд шал мод нь хөгцөрч мөөгөнцөртөн цөмөрдөг байдал нь байшинг дахин буулгаж шинээр шаардлага хангасан суурь цутгаж хийж байж л арилах тул дахиад ихээхэн зардал гарахаар болчихоод байна.

Уг нь бид байшингийнхаа ар тал буюу уул талд нь гүн нүх ухаж бетон зуурмагаар цутгалт хийн ус нэвчихээс хамгаалах гэж оролдоод ч энэ байдал арилахгүй байгаа юм.

Баянгол дүүргийн 16-р хороо, Туулын 5-78 тоот хаягт орших уг газар маань анх 400 м.кв байсныг хөрш Х.М- нар нь 2 хажуу талаас ил далд хулгайлж хашаануудаа сунган барьснаар 194 кв.м болж багассан.

Мөн нэхэмжлэгч Х.М- нь Баянгол дүүргийн 16-р хороо, Туулын 5-78 тоот хаягт орших уг хашааны газар дээр байсан өвлийн байшин, модон жорлонг бидний зөвшөөрөлгүйгээр буулгаж 2004 оноос хойш манай газрыг ашиглаж байгаа ч бид ашиглуулсны төлбөр гэж 1 төгрөг ч аваагүй. Нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1, 351.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Х.М-ыг Баянгол дүүрэг, 16-р хороо, Туулын 5-р гудамж, 78 тоот хаягт байршилтай 194/нэг зуун ерэн дөрөв/ м.кв газрын өмчлөгч болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.М-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэлээр үлдээж, хариуцагч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.М-т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4.1. Хариуцагчийн барьсан байшин нь гэрээнд заасан шаардлагыг хангаагүй тул шаардлагад нийцүүлэхийг шаардаж, ажлын хөлсийг төлөхөөс татгалзсан.

4.2. Х.М- нь барьж өгсөн байшин нь шаардлага хангасан эсэх талаар маргаагүй бөгөөд өөрийн зардлаар засаж, шинэчилж өгнө гэсээр 6 жилийн хугацаа өнгөрсөн. Х.М-ын барьсан байшинг 2010 онд буулгахдаа түүнд өөрт нь мэдэгдсэн бөгөөд тэрээр газар дээр нь эхнэрийн хамт ирж үзэж танилцаж байсан. Үүнийгээ өөрөө мөн л үгүйсгэдэггүй ба гэрч мөн нотолдог. Ийнхүү 6 жил өнгөрсний дараа 2010 онд захиалагчдын зүгээс арга буюу өөрийн зардлаар буулгаж шинээр байшин барьсан

4.3. Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө., 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. гэж тус тус заасан. Х.М- гүйцэтгэсэн ажлаа гэрээнд заасан шаардлага ханган бүрэн гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн гэж үзвэл түүний ажлын төлбөр хөлс шаардах эрх нь 2004 оны 8 дугаар сарын 16-ны өдөр буюу зуслангийн байшинг хүлээлгэн өгсөн өдрөөс эхэлнэ. Гэтэл анхан шатны шүүхээс Ажил гүйцэтгэх гэрээ-ний гүйцэтгэгч Х.М-ын шаардах эрх нь 2004 оны 8 дугаар сарын 16-ны өдөр буюу зуслангийн байшинг хүлээлгэн өгсөн өдөр-өөс бус эрх нь зөрчигдсөн тухай цагдаагийн байгууллагад хандсан 2019 онд мэдсэн өдрөөс үүснэ гэсэн үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж үзсэнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 76.2-т заасныг баримтлан ...нэхэмжлэгч нь 194 мкв газрыг эзэмшиж, ашиглаж байсан байх бөгөөд эрх нь зөрчигдсөн тухай цагдаагийн байгууллагад хандсан 2019 онд мэдсэн гэж үзэх үндэслэлтэй... гээд нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацаа зөрчөөгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 74.1, 76.1-д нийцэхгүй юм. Х.М- нь ямар нэг нэхэмжлэл гаргаагүй болно. Бид Ажил гүйцэтгэх гэрээ-ний хөлс төлөх хугацааг хуульд зааснаас өөрөөр тогтоогоогүй буюу ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлөхөөр тохирсон байсан тул Гоодойн аман дахь зуслангийн байшин хүлээлцсэн акт үйлдэгдсэнээр түүний шаардах эрх үүснэ. Миний аав Б.Б- ээж Д.Бадарч нар ажлын хөлсийг төлөхөөс татгалзсан буюу БГД-ийн 16-р хорооны Туулын 5-78 тоот хашааны газар-ын өмчлөх эрх шилжүүлэх талаар шаардлагатай баримт бичгүүдийг түүний нэр дээр шилжүүлэхээс татгалзсаныг дээр дурдсан.Гэрээний хөлсийг төлөхөөс татгалзсан байхад Х.М- нь хуулиар тогтоосон хугацаанд багтаан шаардлага гаргаагүй атлаа 15 жилийн дараа шаардлага гаргаж түүнийг нь шүүх хангаж шийдвэрлэсэнд гомдолтой. Х.М- өмчлөх эрхээ зөрчигдсөн талаар 2019 онд цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа мэдсэн гэдэг нь үндэслэлгүй.

4.4. Х.М-ын нэхэмжлэл нь ажлын хөлсийг захиалагчаас гаргуулах тухай бус шууд Б.Б-ы өмчлөх эрхэд байгаа үл хөдлөх хөрөнгийг Х.М- өмчлөгч гэдгийг тогтоолгох гэсэн агуулгатай байсан. Б.Б- миний нэр дээр гэрчилгээ бүртгэлтэй байгаа. Х.М-т өмчлөх эрхийг шилжүүлэн өгөөгүй. Х.М- өмчлөх эрхтэй гэж тогтоосон нь Б.Б- миний өмчлөх эрхэд нийцэхгүй байна.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Надад бүх бичиг баримтуудыг өгсөн учраас Б.Б- надад газрыг хүлээлгэж өгнө гэж итгэж найдсан бөгөөд түүнтэй уулзсан он, сар, өдрүүдээ анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулсан. Гэтэл Б.Б-тай яриад шаардахаар өгөөгүй тул 2015 онд бичгээр шаардсан ба үүнд хариу өгөөгүй тул 2016, 2017 онуудад түүнээс шаардсан. Нэг удаа түүнтэй утсаар ярихад ...би танд Гоодойн ам дахь барилга болон Гандангийн хашааг өгөхгүй, та цагдаагийн байгууллага, шүүхэд ханд гэж хэлсэн. Тухайн үед миний уур хүрч биеийн байдал муудсан ба Б.Б-д залилуулж байгаа болохыг тэр үеэс мэдсэн. Улмаар 2017 онд Баянгол дүүргийн газрын албанаас газрыг хэний өмчлөлд байгаа болохыг тодруулахад өмчлөх эрх Б.Б-д шилжсэн байсан. Цагдаагийн байгууллагад дээр дурдсан газруудыг Б.Б-ы өмчлөлд байгаа эсэхийг тодруулж өгнө үү гэх агуулгаар хандсан. Б.Б- нь 2004 оноос хойш хашааг надад хүлээлгэж өгсөн ба үүнийг 79 тоотын оршин суугч гэрчилнэ. Анхан шатны шүүхэд тухайн хүнийг гэрчээр дуудах гэтэл шүүхээс гэрч дуудах хэрэггүй, бүх материалууд байгаа учраас асуудлыг шийдвэрлэж болно гэж хэлсэн. Би 2019 он хүртэл газрыг Б.Б- надад шилжүүлж өгнө гэж итгэж байсан.

Ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг Б.Б- хүлээж авсан. Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гэрч асуулгах хүсэлтийг хариуцагч гаргасныг шүүх хангаагүй боловч нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн хүрээнд хангаж шийдвэрлэсэн. Х.М- нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийг гүйцэтгэж хариуцагч талд хүлээлгэн өгсөн ба гэрээний төлбөрийг үл хөдлөх хөрөнгөөр төлөх үүргээ нөгөө талаас биелүүлээгүй учраас энэ гэрээний нэг талын үүрэг дуусгавар болоогүй учраас шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдахгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нөхцөл байдал байна.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Нэхэмжлэгч Х.М- хариуцагч Б.Б-д холбогдуулан Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туулын 5 дугаар гудамж, 78 тоот хаягт байршилтай, 194.4 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт 2004 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ бичгээр авагдсан. Гэрээгээр Х.М- нь Гоодойн аманд байрлах зуслангийн газарт 7х8 метр бүхий харьцаатай 2 давхар зуслангийн байшин барьж өгөх, ажлын хөлсөнд Б.Б- нь Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 5-78 тоот хаягт байрлах 194.4 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцжээ.

 

Ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч Х.М- нь ажлыг гүйцэтгэж үр дүнг 2004 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээлцэн, акт үйлдсэн, ажлын хөлсөнд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 5-78 тоот хаягт байрлах 194.4 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхийг шилжүүлэн өгөөгүй үйл баримт тогтоогджээ.

 

Хариуцагч Б.Б- нь 2004 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны засаг даргад хүсэлт гаргасны дагуу Засаг даргын тодорхойлолт гарсан боловч хариуцагч газрыг шилжүүлээгүй.

 

Маргааны зүйл болох газрыг Б.Б- нь эцэг Б.Б-аас 2006 онд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан өмчлөгч болох нь эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогджээ.

 

Хариуцагч Ажлын үр дүнд доголдол илэрсэн тул ажлын хөлсийг төлөхөөс татгалзаж, өөрийн зардлаар засварлахыг 2010 он хүртэл шаардсан гэж тайлбарласныг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй байна.

 

Хариуцагч ажлын үр дүнгийн доголдлыг ... уулын уруу 38 см-45 см хазгай суурьтай, дотор талдаа шал модоор нь тэгшхэн мэт харагдахаар болгочихсон байсныг нь байшинг хүлээлгэн өгөх үед нь мэдээгүй. Байшин хазайлт өгч нурах байдалтай болж эхэлсэн гэж тодорхойлж суурийн налууг хэмжүүлсэн гэх баримтыг гаргаж, гэрчээр Ж.Л-ыг асуулгажээ.

 

Нэхэмжлэгч түүний ажлын үр дүн далд доголдолгүй, шаардлага хангасан болохыг нотлоогүй.

 

Хэрэгт маргааны зүйл болох зуслангийн байшинг хариуцагч тал 2010 оны зун Ж.Л-аар, өөрийн зардлаар засварлуулсан болох нь гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбараар тогтоогдсон.

 

Талууд зуслангийн байшин доголдолтой эсэх, ажлын хөлс шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх асуудлаар маргажээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно.

 

Талууд Туулын 5-78 тоот хаягт байрлах 194.4 м.кв талбай бүхий газрын захиран зарцуулах эрхийг шилжүүлэн авснаар гэрээ дуусгавар болохоор, зуслангийн байшингаа хүлээн авснаар газрын өмчлөх эрхтэй холбоотой бичиг баримтуудыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон.

 

Гүйцэтгэсэн ажлын үр дүнд доголдол илэрвэл захиалагч хуульд заасан шаардлагыг гаргах эрхтэй.

 

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч гэрээний нөхцлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно.

 

Хариуцагчийн тайлбар, хэргийн баримтаас үзэхэд талууд 2010 оны зуныг хүртэл үүргийн гүйцэтгэлийг хойшлуулж, зуслангийн байшингийн доголдлыг арилгаад хөлсөө авахыг хариуцагч нэхэмжлэгчид санал болгож байсан.

 

Талуудын гэрээний 5 дугаар зүйлд гэрээний хугацаа, гэрээ дуусгавар болох нөхцлийг тусгайлан тохиролцсон. /хх 6/ Уг нөхцлөөс үзэхэд газрыг захиран зарцуулах эрхийг шилжүүлэн авснаар гэрээ дуусгавар болохоор байна.

 

Талууд Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд зааснаар хугацааг хуанлийн хуанлийн он, сар, өдрөөр эсхүл зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж болно. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч Туулын 5-78 тоот хаягт байрлах 194.4 м.кв талбай бүхий газрын захиран зарцуулах эрхийг өөртөө шилжүүлэн аваагүй байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэх үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй. Гэвч зуслангийн байшин нэхэмжлэгч Х.М-ын зардлаар баригдсан, захиалагч ажлын хөлс урьдчилж төлөөгүй, урьдчилж зардал гаргаагүй байсан үйл баримтын хувьд талууд маргаангүй. Нэгэнт ажлын үр дүн доголдолтой байсан тул нэхэмжлэгч нь Туулын 5-78 тоот хаягт байрлах 194.4 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрх буюу ажлын хөлсийг бүрэн шаардах эрхгүй. Харин зуслангийн байшингийн материалын үнэ, учирсан хохирол, ажлын хөлсний тодорхой хэсгийг нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүй.

 

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын 4.3-д зааснаас бусад үндэслэлийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2021/01827 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Х.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД