Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 223/МА2018/00023

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК-н нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 151/ШШ2018/00649 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “М” ХХК болон “Г” ХХК, нарт холбогдох,

2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 01 дугаартай "Худалдах, худалдан авах гэрээ", 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан "Нэмэлт гэрээ"-ний үүргийн гүйцэтгэл 567 068 580 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч “М” ХХК-ийн өмгөөлөгч Д.Нямдоржийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мягмардорж, хариуцагч “М” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэ, өмгөөлөгч К.Бауиржан, өмгөөлөгч Д.Нямдорж, хариуцагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Намнансүрэн, өмгөөлөгч Д.Түмэнжаргал, нарийн бичгийн дарга У.Золчимэг нар оролцов.

 Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Х" ХХК нь хариуцагч "М" ХХК-тай 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших 7969А дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг худалдахаар  01 дугаартай "Худалдах, худалдан авах гэрээ" байгуулсан.

Тус гэрээгээр "Х" ХХК нь "А" тал буюу худалдагч, "М" ХХК нь "Б" тал буюу худалдан авагч тал болж тусгай зөвшөөрлийн үнийг 400.000 ам доллар буюу 577.544.000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Худалдан авагч "М" ХХК нь гэрээний үнэ болох 400.000 ам доллар буюу 577.544.000 төгрөгийг гэрээний 5.2 дахь хэсэгт зааснаар 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2009 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хэсэгчилэн төлж барагдуулах, гэрээний 3.4 дэх хэсэгт зааснаар төлбөрийн хоёр дахь хэсгийг төлж дуустал барьцаа үүсгэж худалдагч талд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн барьцаалах, худалдагч тал буюу "Х" ХХК нь гэрээний зүйл болсон ашигт малтмал ашиглалтын 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг 2009 оны 02 дугаар сарын 15-ны дотор "М" ХХК-ийн нэр дээр шилжүүлэх буюу гэрээний 3.5 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийг худалдан авагчийн нэр дээр шилжүүлэх хүсэлт, өргөдлийг 2009 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хэтрүүлэлгүйгээр төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх үүргийг тус тус харилцан хүлээсэн. Талуудын дунд байгуулсан 01 дугаартай "Худалдах, худалдах авах" болон 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн "Нэмэлт гэрээ"-нүүд нь гэрээний зүйл болон төлбөрийн хэмжээ, цаг хугацаа зэрэг шинжээрээ Монгол Улсын Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан "Зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-ний хэм хэмжээг агуулсан хүчин төгөлдөр хэлцэл болсон бөгөөд дээрхи гэрээ, хэлцлүүдээс үүдэлтэй аливаа маргаан бүхий асуудлууд нь Иргэний хуулийн 262, 263, 264 дүгээр зүйлүүдэд зааснаар зохицуулагдах үндэслэлтэй юм.

 "Х" ХХК-ий зүгээс гэрээний 3.1, 3.5 дахь хэсгүүдэд заасан үүргээ бүрэн биелүүлж өөрийн эзэмшлийн ашигт малтмал ашиглалтын 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг "М" ХХК-ий нэр дээр шилжүүлэн өгсөн бөгөөд нэхэмжлэгчийн хувьд гэрээний 3.6 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөлтэй холбоотой аливаа эрх үүрэг үүгээр дуусгавар болсон. Харин хариуцагч "М" ХХК нь 01 дугаартай гэрээний 5.2 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөл худалдан авсан 400.000 ам долларын төлбөрийг хэсэгчилэн төлөх үүргээ тогтоосон хугацаанд төлөөгүй, мөн гэрээний 3.4 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах үүргээ биелүүлж чадаагүй, тус үүргээ биелүүлэхээс ноцтой зайлсхийсэн тул талууд харилцан тохиролцож 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр "Нэмэлт гэрээ" байгуулан 01 дугаартай гэрээний 5.2 дахь хэсэгт заасан төлбөр төлөх хугацаанд өөрчлөлт оруулж хугацааг 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2009 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртлэх байдлаар шинэчлэн тогтоож "Нэмэлт гэрээ"-ний 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар талуудын дунд үүссэн аливаа харилцаанд 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 01 дугаартай гэрээний бусад заалт хүчин төгөлдөр үйлчилж байхаар тогтоож өгсөн.

Монгол Улсын Их хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг баталсан бөгөөд Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг хэсэгчилэн тогтооход гэрээний зүйл болсон 7969А дугаартай талбай нь бүхэлдээ багтсан нөхцөл байдал үүссэн байдаг. Улмаар Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299, 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолуудаар батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журмын дагуу нөхөн олговор олгох компаниудын жагсаалтад 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшигч "М" ХХК бүртгэгдсэн байдаг. Гэтэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр УИХ-аас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж нөхөн олговор олгох тухай Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299; 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолууд хүчингүй болж 7969А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулах хууль зүйн үр дагавар үүсэж улмаар хариуцагч иМ" ХХК-ий зүгээс "Х" ХХК-иас худалдан авсан 7969А дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий талбайгаа хуульд заасан үндэслэл журмын дагуу ашиглах, цаашлаад худалдан авагчийн хувьд гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзаж байсан үндэслэл арилж, гэрээнд заасан үүргээ биелүүлэх нөхцөл байдал үүссэн. Гэсэн ч хариуцагч "М" ХХК нь 2015 оны 02 дугаар сараас хойш "Х" ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэх талаар ямар ч харилцаа холбоо тогтоосон зүйл байхгүй атлаа гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй, манай тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагаа явуулж, улмаар 2016 онд Г" ХХК-д 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэн 2016, 2017 онуудад ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа нь "Х" ХХК-ий хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, хууль бус үйлдэл болоод байна.

Иймд Талуудын дунд 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 01 дугаартай "Худалдах, худалдан авах гэрээ", 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан "Нэмэлт гэрээ"-нүүдийг үндэслэж  567 068 580 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “М” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ... “Х” ХХК нь манай компанид холбогдуулж талуудын хооронд байгуулагдсан 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01 тоот худалдах-худалдан авах гэрээ, 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Нэмэлт гэрээ гэсэн баримтыг үндэслэн үлдэгдэл 166 000 ам доллар буюу 567 068 580 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба үндэслэлээ дор дурьдсан байдлаар тайлбарлаж байна.

1. Манай компани нь 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Ерөө-хэрлэн гол нэртэй газарт байрлах /511 кг алтаны нөөцтэй гэх/ 265 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий “Х” ХХК-ийн эзэмшилд байсан 7969А дугаартай лицензийг 400 000 ам доллараар худалдан авахаар тохирч гэрээ байгуулмагц 15 000 ам доллар болон 03 дугаар сарын 20-ны өдөр 25 000 ам долларын төлбөрийг тус тус төлсний үндсэн дээр 2009 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тухайн лицензийг “М” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлсэн болно. Улмаар “М” ХХК нь гэрээний үүрэг ёсоор тус компанид 2010 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 221 000 ам долларын төлбөрийг төлсөн боловч 2010 оны 04 дүгээр сараас эхлэн Засгийн газар болон холбогдох байгууллагуудаас ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг хориглох болсон бөгөөд энэ нь УИХ-аас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсантай холбоотой байсан. Засгийн газар 2011 оны 174 дүгээр тогтоолоор манай компаний худалдан авсан 7969А дугаартай талбайд үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Энэ хугацаанд Х ХХК, захирал Л.Сэргэлэн нар манайхаас 221 000 ам долларыг аваад усанд хаясан чулуу мэт алга болж, манай компани олборлолт явуулан ашиглаж болохгүй хоосон лицензтэй үлдсэн.

Өөрөөр хэлбэл гэрээний зүйл болох манай компаний худалдан авсан /511 кг алтаны нөөцтэй гэх/ 265 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий 7969А лицензийг үндэслэн олборлолт явуулах боломжгүй болж цаашид талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ хэрэгжих боломжгүй болсон.

2015 онд УИХ-аас “урт нэртэй хууль”:д зохих өөрчлөлтийг оруулснаар манай компани 7969А лицензийг дахин ашиглах эрхийг “шинээр” олж авсан болно. “Шинээр” гэх болсон шалтгаан гэвэл өмнө манай компанид худалдсан 7969А дугаартай лиценз бүхий талбайн хэмжээ нийт 265 гектар гэж байсан бол 2016 оны 06 дугаар сарын 24-ны өдөр Ашигт малтмалын газраас талбайн хэмжээг 202.7 гектар болгож өөрчилсөн.  Эндээс үзэхэд Х ХХК нь 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн худалдах- худалдан авах гэрээг үндэслэн манай компаниас гэрээний үүрэг, үлдэгдэл төлбөр гэх мэтчилэн төлбөр шаардах эрхгүй болно.

2. Өмнө дурьдсанчлан нэхэмжлэгч “Х” ХХК нь 2010 оноос хойш /хамгийн сүүлд 2010 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төлбөр авсан байна/ ямар ч холбоо барихгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болчихоод “удаа дараа шаардлага тавьж байсан” гэсэн зүйлийг нэхэмжлэлдээ бичсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь 7969А дугаартай лицензийг худалдан авч 221 000 ам долларыг төлсөн нь манай компани, худалдан авсан лицензийг ашиглаж олборлолт явуулж чадахгүй 6-7 жил болж хохирсон нь мөн л манай компани бөгөөд харин ашиглаж болохгүй, хориглосон гэдгийг мэдсэн даруйдаа “Х” ХХК-ийн захирал Л.Сэргэлэнд мэдэгдэж асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг ярилцахыг хүссэн боловч тэрээр холбоо барихгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон юм. Энэ хугацаанд буюу 2010 оноос 2017 оныг хүртэл хугацаанд “Х” ХХК-ийн зүгээс манай компанид талуудын хооронд байгуулагдсан 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Нэмэлт гэрээтэй холбоотой ямар нэг шаардлагыг ирүүлж байгаагүй болно.

Гэсэн атлаа 2017 оны хавраас эхлэн залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэж цагдаагийн байгууллагаар өргөдөл гаргаж, эрүүгийн хэрэг үүсгүүлэн явсан.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлсон байдаг ба хуулийн 75 дүгээр зүйлийн 75.2.1 дэх хэсэгт “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байхаар заасан.

“М” ХХК болон “Х” ХХК-ийн хооронд байгуулагдсан худалдах- худалдан авах гэрээний шаардлага гаргах хугацааг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүссэн өдрөөс буюу 2009 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолоход 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дууссан байхаар байна.

Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан хойно ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах замаар шаардлага гаргаж байгаа нь хууль зөрчиж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд “Х” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мягмардорж Г ХХК-ийг хамтран хариуцагчаар татсан нэхэмжлэлдээ ... “Манай “Х” ХХК нь хариуцагч “М” ХХК-тай 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших 7969А дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг худалдах зорилгоор 01 дугаартай "Худалдах, худалдан авах гэрээ" байгуулсан.

Тус гэрээгээр манай "Х" ХХК нь “А” тал буюу худалдагч, “М” ХХК нь “Б” тал буюу худалдан авагч тал болж тусгай зөвшөөрлийн үнийг 400.000 ам доллар байхаар харилцан тохиролцсон. Худалдан авагч “М” ХХК нь гэрээний үнэ болох 400.000 ам долларыг гэрээний 5.2 дахь хэсэгт зааснаар 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2009 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд хэсэгчилэн төлж барагдуулах, гэрээний 3.4 дэх хэсэгт зааснаар төлбөрийн хоёр дахь хэсгийг төлж дуустал барьцаа үүсгэж худалдагч талд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн барьцаалах, худалдагч тал буюу “Х” ХХК нь гэрээний зүйл болсон ашигт малтмал ашиглалтын 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг 2009 оны 02 дугаар сарын 15-ны дотор “М” ХХК нэр дээр шилжүүлэх буюу гэрээний 3.5 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийг худалдан авагчийн нэр дээр шилжүүлэх хүсэлт, өргөдлийг 2009 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хэтрүүлэлгүйгээр төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх үүргийг тус тус харилцан хүлээсэн.

Манай “Х” ХХК-ийн зүгээс гэрээний 3.4, 3.5 дахь хэсгүүдэд заасан үүргээ биелүүлж ашигт малтмал ашиглалтын 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг “М” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгсөн бөгөөд нэхэмжлэгчийн хувьд гэрээний 3.5 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөлтэй холбоотой аливаа эрх үүрэг дуусгавар болсон.

Харин хариуцагч “М” ХХК нь 01 дугаартай гэрээний 5.2 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрлийн үнэ 400.000 ам долларыг хэсэгчилэн төлөх үүргээ тогтоосон хугацаанд төлөөгүй, мөн гэрээний 3.4 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах үүргээ биелүүлж чадаагүй, тус үүргээ биелүүлэхээс ноцтой зайлсхийсэн тул талууд харилцан тохиролцож 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “Нэмэлт гэрээ” байгуулан 01 дугаартай гэрээний 5.2 дахь хэсэгт заасан төлбөр төлөх хугацаанд өөрчлөлт оруулж хугацааг 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2009 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртлэх байдлаар шинэчлэн тогтоож “Нэмэлт гэрээ”-ний 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар талуудын дунд үүссэн аливаа харилцаанд 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 01 дугаартай гэрээний бусад заалт хүчин төгөлдөр үйлчилж байхаар тогтоож өгсөн.

Хариуцагч “М” ХХК-ийн зүгээс 01 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-ний 5.1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрлийн үнэ 400.000 ам доллараас дараахь байдлаар төлж барагдуулсан. Тодруулбал: 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 25.000 ам доллар, 04 дүгээр сарын 10-ны өдөр 85.000 ам доллар, 05 дугааар сарын 01 -ны өдөр 16.000 ам доллар, 05 дугаар сарын 26-ны өдөр 20.000 ам доллар, 05 дугаар сарын 30-ны өдөр 10.000 ам доллар, 06 дугаар сарын 18-ны өдөр 10.000 ам доллар нийт 166.000 ам долларыг худалдагч “Х” ХХК-д бэлэн мөнгөний зарлагын баримтаар олгосон бөгөөд үлдэгдэл 234.000 ам долларыг 2009 оны 06 дугаар сараас хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд огт төлж барагдуулаагүй, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч “М” ХХК-д тусгай зөвшөөрлийн төлбөрийн үлдэгдлээ төлж барагдуулан гэрээнд заасан үүргээ биелүүлэх шаардлагыг удаа дараа тавьж байсан боловч хариуцагчийн зүгээс тусгай зөвшөөрөл бүхий талбай нь урт нэртэй хуульд бүхэлдээ багтсан учир төлбөр төлөх боломжгүй гэсэн тайлбарыг тавьсаар ирсэн.

Монгол улсын Их хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг баталсан бөгөөд Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг хэсэгчилэн тогтооход гэрээний зүйл болсон 7969А дугаартай талбай нь бүхэлдээ багтсан нөхцөл байдал үүссэн байдаг. Улмаар Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299, 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолуудаар батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журмын дагуу нөхөн олговор олгох компаниудын жагсаалтанд 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшигч “М” ХХК бүртгэгдсэн байдаг.

Гэтэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр УИХ-аас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж нөхөн олговор олгох тухай Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299, 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолууд хүчингүй болж 7969А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулах хууль зүйн үр дагавар үүсэж улмаар хариуцагч “М” ХХК-ийн зүгээс “Х” ХХК-с худалдан авсан 7969А дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий талбайгаа хуульд заасан үндэслэл журмын дагуу ашиглах, цаашлаад худалдан авагчийн хувьд гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзаж байсан үндэслэл арилж, гэрээнд заасан үүргээ биелүүлэх нөхцөл байдал үүссэн.

Гэсэн ч хариуцагч “М” ХХК нь 2015 оны 02 дугаар сараас хойш нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүргээ биелүүлэх талаар ямар ч харилцаа тогтоосон зүйл байхгүй атлаа гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй, манай тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагаа явуулж улмаар 2016 онд “Г” ХХК-д 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэн 2016, 2017 онуудад ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа нь “Х” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхолыг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл болоод байна.

Иймд талуудын дунд байгуулсан 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаартай “худалдах-худалдан авах гэрээ” 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Нэмэлт гэрээ”-нүүдийг үндэслэж хариуцагч “М” ХХК болон хамтран хариуцагч “Г” ХХК-аас гэрээний үүрэгт 567.068.580 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч “М” ХХК нь гэрээний зүйл болсон 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг 2016 онд хамтран хариуцагч “Г” ХХК-д шилжүүлсэн, хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн хариу тайлбарт “...Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон тусгай зөвшөөрлийн төлбөр болон тусгай зөвшөөрөл шилжүүлэн авсан үйл баримтыг...” илтэд үгүйсгэж 7969А дугаартай тусгай зөвшөөрлийн нэхэмжлэгчид хамааралгүй мэтээр тайлбарлан маргаж байгаа тул тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд “Г” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар оролцох зайлшгүй шаадлагатай гэж үзэж байна гэжээ.

 Хариуцагч “Г” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ... “Манай “Г” ХХК-нь уг гэрээнд аль нэгэн тал болж оролцоогүй. Иймд гэрээг Х ХХК-тай байгуулсан зүйл байхгүй. Улмаар бидний хооронд уг гэрээнээс үүдэлтэй ямар нэгэн үүрэг яригдах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд үндэслэлгүйгээр гэрээний үүрэгт 567 068 380 төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийн манай компанид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мягмардорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...”Х” ХХК нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших Ерөө Хэрээн гол нэртэй газарт 265 гектар талбай бүхий газрыг 7969/А дугаартай тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эзэмшиж байсан. “М” ХХК-тай 2009 оны 02 сарын 13-ны өдөр “Х” ХХК-ийн эзэмшлийн 7969/А ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг 400 000 ам доллараар худалдахаар тохиролцож, төлбөрийг гэрээ хүчин төгөлдөр болсон даруйд 15 000 ам доллар, 2009 оны 03 сарын 10-ны өдөр 185 000 ам доллар, 2009 оны 04 сарын 15-ны дотор 100 000 ам доллар, 2009 оны 05 сарын 15-ны дотор 100 000 ам доллар бэлнээр төлөхөөр тохиролцсон.

Мөн өдөр барьцааны гэрээ байгуулсан байдаг. 2009 оны 03 сарын 20-ны өдөр нэмэлт гэрээ байгуулан төлбөрийн нөхцөлд өөрчлөлт оруулсан. Төлбөрийн нөхцөлд гэрээ хүчин төгөлдөр болсон даруйд 15000 ам доллар төлсөн. 2009 оны 03 сарын 20-ны өдөр 10 000  амдоллар, 2009 оны 03 сарын 23-ны өдөр 5000 ам доллар, 2009 оны 04 сарын 01-ний өдөр 120 000 ам доллар, 2009 оны 04 сарын 20-ны өдөр 50 000 амдоллар, 2009 оны 05 сарын 10-ны өдөр 100 000 ам доллар, 2009 оны 05 сарын 30-ны өдөр 100 000 ам доллар төлөхөөр нэмэлт оруулсан.

“М” ХХК нь 2009 оны 03 сарын 20-ны өдрөөс 2009 оны 06 сарын 18 хүртэл 166 000 ам доллар төлсөн манайх хүлээн авсан.

“Х” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлж 7969/А тусгай зөвшөөрлийг “М” ХХК-д шилжүүлсэн байтал хариуцагч 2009 оны 06 сараас хойш үлдэгдэл төлбөрийг төлөөгүй.

2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр урт нэртэй хууль батлагдаж, 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг хэсэгчилэн тогтоосон.

Энэ заагт “Х” ХХК-иас “М” ХХК-д шилжүүлсэн 7969А дугаартай талбай нь бүхэлдээ багтсан бөгөөд Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299, 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолуудаар нөхөн олговор олгох журмын дагуу нөхөн олговор олгох компаниудын жагсаалтад 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшигч "М" ХХК бүртгэгдсэн байдаг.

2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр УИХ-аас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт орж, нөхөн олговор олгох тухай Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299, 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолууд хүчингүй болж, 7969А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулах хууль зүйн үр дагавар үүсэж улмаар хариуцагч “М" ХХК-ий зүгээс "Х" ХХК-иас худалдан авсан 7969/А дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий талбайгаа хуульд заасан үндэслэл журмын дагуу ашиглаж, улмаар 2016 онд Г ХХК-д шилжүүлсэн байдаг. Иймд “М” ХХК, “Г” ХХК-иас 7969/А тусгай зөвшөөрлийг худалдан авсан гэрээний үүрэгт 234 000 ам доллар буюу нэхэмжлэл гаргах үеийн ханшаар төгрөгт тооцож 567 068 580 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Бауиржан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”Х” ХХК, М ХХК нь 2009 оны 02 сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших 265 гектар талбай бүхий 7969/А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг 400 000 ам доллараар худалдах худалдан авах гэрээ байгуулсан.Энэхүү гэрээ болон төлбөрийн нөхцлийг шинэчлэн байгуулсан нэмэлт гэрээний дагуу “М” ХХК нь тусгай зөвшөөрлийг өөрийн нэр дээр бүртгүүлэн, нийт 221 000 ам долларыг “Х” ХХК-д төлсөн байдаг. Гэтэл 2009 онд урт нэртэй хууль батлагдаж 7969/А тусгай зөвшөөрлийг ашиглах боломжгүй болсон, мөн Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Энэ үеэс эхлэн “Х” ХХК нь усанд хаясан чулуу мэт алга болсон. “М” ХХК нь ашиглаж, хэрэгжүүлэх боломжгүй 7969/А гэсэн тусгай зөвшөөрөлтэй л хоцорсон. Харин 2015 онд урт нэртэй хуульд өөрчлөлт орсноор “М” ХХК 7969/А тусгай зөвшөөрлийг шинээр эзэмших эрхтэй болсон. Өөрөөр хэлбэл “Х” ХХК-иас худалдан авсан 265 гектар талбай 2015 онд 207 гектар талбай болж өөрчлөгдсөн байгаа.

“Х” ХХК нь 2009 онд байгуулсан гэрээний үүргийг өнөөдөр нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Иргэний хуульд зааснаар гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар зохицуулсан бөгөөд Х ХХК нь 2009 онд байгуулсан гэрээний үүргийн шаардлага гаргах хугацааг 2009 оны 05 сарын 31-нээс эхэлж тоолж үзвэл  2012 оны 05 сарын 31-нд дууссан байна. Харин энэ хугацаанаас хойш 2010 оноос 2017 оны хугацаанд “М” ХХК-иас үүргээ биелүүлэх талаар шаардлага тавьж байсан эсэх талаар бичмэл нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.    

 

Хариуцагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Намнансүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа....”Х” ХХК, “М” ХХК-ийн хооронд байгуулсан  2009 оны 01 тоот гэрээ, нэмэлт гэрээ, барьцааны гэрээ, үл хөдлөх хөрөнгийн газарт гаргасан өргөдөл, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолууд болон талуудын гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаас үзэхэд зөвхөн “Х “ ХХК, “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээтэй холбогдох баримтууд байна. Эдгээр нотлох баримтуудаас харахад гэрээний үүрэг нь “Г” ХХК-д огт хамааралгүй бөгөөд Х” ХХК-тай иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байна. Иймд “Г” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

“Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мягмардорж шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа...”Х” ХХК-ийн захирал Л.Сэргэлэн нь “М” ХХК-ийн захирал Ц.Эрдэнээтэй төлбөрийн үлдэгдлийн нэхэмжилж утсаар удаа дараа ярьсан байдаг боловч үүнийгээ нотлох баримтаар баталгаажуулаагүй юм. Урт нэртэй хууль батлагдаж гэрээнээс татгалзах талаар санал тавьсан боловч “М ХХК нь тусгай зөвшөөрлийг  банкинд барьцаалсан нөхцөл үүссэн байсан. “М” ХХК нь гэрээний үүргээ бүрэн биелүүлснээр 7969/А тусгай зөвшөөрлийн хууль ёсны эзэмшигч мөн эсэхийг дүгнэх ёстой. Гэтэл гэрээний үүргээ биелүүлээгүй байж бусдад шилжүүлсэн байх тул “Г” ХХК-ийн хамтран хариуцагчаар татан оролцуулсан. Гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа, маргаан бүхий нөхцөл байдал, гэрээ байгуулсан нөхцөл байдлыг дүгнэвэл нэхэмжлэл гаргах талаар хууль зөрчсөн зүйлгүй гэж үзэж байна.” гэжээ.

 

Хариуцагч “М” ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмэлт тайлбартаа: “...”Х” ХХК-тай байгуулсан 2009 оны гэрээний зүйл болох 265 гектар талбай нь 207 гэж, мөн 511 тонн нөөц нь 284 болж тус тус өөрчлөгдөж, 2015 онд “М” ХХК нь 7969/А тусгай зөвшөөрлийг шинээр бүртгэгдсэн байгаа юм.

“Х” ХХК, “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний талаар маргаагүй, харин төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байна. 01 тоот гэрээний 3.6-д А тал нь 7969/А лицензийг Б талд шилжүүлж өгснөөр уг лицензтэй холбоотой аливаа эрх үүргээс чөлөөлөгдөнө гэж зааснаар “М” ХХК нь хууль ёсны эзэмшигч болж Г ХХК руу шилжүүлсэн байдаг. “М” ХХК нь гэрээнд заасан төлбөрөөс 221000 ам доллар төлсөн. Үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа нь  Иргэний хуулийн 74,75 дугаар зүйлд зааснаар дууссан. Харин үлдэгдэл төлбөрийг “М” ХХК-иас нэхэмжилж байсан эсэх, шаардах эрхээ хэрхэн хэрэгжүүлж байсан талаар хэрэгт нотлох баримт хэрэгт ирүүлээгүй байна. Мөн төлбөр төлөх нөхцөл байдал, төлбөрийг хойшлуулах талаар арга хэмжээ хэрэгжүүлээгүй бөгөөд гэрээ байгуулах нөхцөл байдлын улмаас шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэсэн нь нотлогдохгүй байна. Худалдах худалдан авах гэрээний шаардлага гаргах эрх нь 2009 оны 05 сарын 30-наас хэрэгжих бөгөөд Иргэний хуульд зааснаар 3 жилийн хугацаа нь дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч “Г” ХХК нэмэлт тайлбартаа: “.. Гэрээний тал, төлбөр шлжүүлэх үүрэг хэнд үүсэж байгаа нь тодорхой харагдаж байна. Гэрээнд зааснаар “Г” ХХК нь ямар нэгэн үүрэг хүлээхгүй бөгөөд нэхэмжлэгч тал энэ талаар нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул “Г” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.7, 78.3, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч М ХХК-иас 567 068 580 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, хариуцагч “Г” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 2 993 292 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, илүү төлсөн 6708 төгрөг,  хариуцагч М ХХК-иас 2 993 292 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч “М” ХХК-н өмгөөлөгч Д.Нямдорж давж заалдах гомдолдоо:  “...”Х" ХХК-ийн нэхэмжлэлтэй "М" ХХК, “Г" ХХК-д холбогдох 567 068 580 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ний өдрийн 151\ШШ2018\00649 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шицдвэрлэх тухай хуулийн 161-р зүйлийн 161.1 дэх хэсгийг баримтлан дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн 151/ШШ2018/00649 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй болно.

Шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт ... “Х” ХХК, “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан ашигт малтмал ашиглах 7969А тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах тухай 01 тоот гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ гэж үзэхээр байна. Гэрээний талаар талууд маргаагүй эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурсан байх тул тухайн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэлээ.

“Х” ХХК ашигт малтмал ашиглах 7969А тусгай зөвшөөрлийг 2009.04.03-ны өдөр худалдан авагч тал болох “М” ХХК-д шилжүүлсэн .... тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан төлбөрийг “М” ХХК-иас шаардах эрхтэй гэж үзнэ. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд 2009.05.30-иас 2012.05.30-ны өдөр нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан нь үндэслэлгүй байна.

Дээрх хууль болон Засгийн газрын тогтоолууд нь тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаанд хамааралтай байх бөгөөд нийтэд илэрхий үйл баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзнэ. Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.7-д тухайн харилцааг зохицуулж байгаа эрх зүйн актын үйлчлэлийг түдгэлзүүлсэн хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно. Мөн хуулийн 78.3-6 хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоох нөхцөл байдал арилсан үеэс эхлэн хугацааг үргэлжлүүлэн тоолно гэж тус тус заажээ.

Иймд ... 2009.02.12-ны өдрийн 01 тоот гэрээ, 2009.03.20-ны өдрийн нэмэлт гэрээнд заасан төлбөр төлөх хамгийн сүүлчийн өдрийн хугацаа болох 2009.05.30-ны өдрөөс 2009.07.16-нд гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар түр зогсож, тухайн хуульд нэмэлтт  өөрчлөлт орсон 2015.02.18-нд түр зогсоон нөхцөл байдал арилсан гэж үзэхээр байна.

Хүчин төгөлдөр үйлчилсэн 2015.02.18-ны өдрийн дээрх хуулиар гэрээний үүрэгт гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2018.02.18-нд дуусах бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд 2018.01.22-нд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж дүгнэлээ ... гэжээ.

1-т Зохигчдын хооронд 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан ашигт малтмал ашиглах 7969А тоот тусгай зөвшөөрөл, худалдах, худалдан авах 01 тоот гэрээ нь Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, 84 дүгээр зүйлийн 84.5-д заасан эрхийг мөн хуулийн 260 дугаар зүйлийн 260.1-д "...Үүргийн агуулгад харшлахгүй бол бол эрх, шаардлага бусад хөрөнгө худалдах-худалдан авахад эд хөрөнгө хүдалдах-худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн заалтүуд нэгэн адил хамаарна..." гэснийг удирдлага болгон эд хөрөнгийн эрх худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.

Уг 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01 тоот худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д “.. А тал буюу “Х” ХХК нь 7969А лицензийг Б  тал буюу “М” ХХК-д шилжүүлснээр уг лицензтэй холбоотой аливаа эрх, үүргээс чөлөөлөгдөнө ..” мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7-д "Б талд буюу “М” ХХК нь 7969А тоот лицензи шилжсэнээр уг лиценз буюу түүний орд газар, уурхайтай холбоотой эрх үүргийг дангаар хариуцна..." гэж тус тус заасан нь Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-т “ ... Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг хүдалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд  олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ..." гэж заасны дагуу 796ӨА тоот лиценз шилжсэнээс хойших аливаа эрсдэл, үр шим "М" ХХК-д хуульд тухайлан заажээ.

Гэрээ байгуулагдсанаас хойш 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль нь ашигт малтмалын 7969А тусгай зөвшөөрлийг ашиглах, хориглохтой холбоотой харилцааг хуулиар  зохицуулсан. Гэтэл худалдах, худалдан авах гэрээний үнийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг уг гэрээгээр шилжсэн гэрээний зүйлд хамаарах хуулийг, үндэслэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн мөн зохигчдын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнд 7969А тусгай эөвшөөрлийг ашигласантай холбоотой үнийг төлөх тухай талуудын тохиролцоо байхгүй болно.

 Мөн нэхэмжлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн нэхэмжлэлд ... 2009 оны 06 сараас хойш ... төлбөрийн үлдэгдлээ төлж барагдуулан гэрээнд заасан үүргээ биелүүлэх шаардлагыг удаа дараа тавьж байсан боловч хариуцагчийн зүгээс тусгай зөвшөөрөл бүхий талбай урт нэртэй хуульд бүхлээрээ багтсан учир төлбөр төлөх боломжгүй гэсэн тайлбарыг тавьсаар ирсэн ..." гэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар огт тогтоогдоогүй, улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү үндэслэлээр нэхэмжлэл нотлоогүй байгааг анхан шатны шүүх анхааран үзээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй байна.

2-т Хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Зохигчдын хооронд 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан 01 тоот 7969А тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээ, 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн "Нэмэлт гэрээ"-нд гэрээний үнийг төлөх сүүлийн хугацааг 2009 оны 05 сарын 30-ны өдөр байхаар 2 дахь зүйлд тов тодорхой заасан бөгөөд 2009 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх 3 жилийн хугацаанд шаардлага гаргах эрхийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “...гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа  гурван жил " байхаар хуульд тухайлан заажээ.

Гэтэл нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үүргийг хуулийн хугацаанд, хуульд заасан үндэслэлээр шаардах эрхийг хэрэгжүүлээгүй атал шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.7 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг түр зогссон гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Учир нь Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.7-д "...тухайн харилцааг зохицуулж байгаа эрх зүйн актыг түдгэлзүүлсэн хугацаанд..." хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох үндэслэл нь талуудын хооронд байгуулагдсан бусдын өмчлөлд, хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой гэрээг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох заалт хүчин төгөлдөр үйлчилж байхад худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хамаарахгүй, талуудын маргаагүй шаардлага буюу гэрээний зүйл болох тусгай зөвшөөрлийн хүчинтэй, хүчингүй болсон эсэх асуудлын талаар маргаагүй байхад, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэлгүй болсон.

Хэрэв шүүх хөөн хэлэлцэх хугацааг түр зогссон гэж үзэх гээд байгаа юм бол шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт 2009 оны 05 сарын 30-ны өдрөөс эхлэн тоологдох хөөн хэлэлцэх хугацааг "... 2009 оны 07 сарын 16-ны өдрийн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар ..." түр зогссон гэсэн тохиолдолд 2009 оны 05 дугаар сарын ЗО-ны өдрөөс 2009 оны 07 дугаар 16-ны өдөр хүртэл нийт 47 хоногийг шаардах эрхийн хугацаанд оруулаагүй нь учир дутагдалтай байна.

Өөрөөр хэлбэл 2009 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг дуустал нийт 47 хоногийг оруулан тооцвол нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.3 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох нөхцөл байдал армлсан үеэс буюу 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тооцоход ч нийт 3 жил 19 хоногийн дараа нэхэмжлэгч "Х" ХХК нь гэрээнмй уүрэг шаардсан нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймаг дахь, сум дундын  иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нь мөн хуулийн 82 дугаар 82.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч "М" ХХК нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах хууль зүйн үндэслэл бий  болсон гэж үзнэ.

Дээрх зүйлээс үндэслэн Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оы 06 дугаар сарын 25-ны өдрийн 151\ШШ2018\00649 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “М" ХХК-д холбогдуулан гаргасан худалдах- худалдан авах гэрээний үүрэгт 567 068 580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ” гэжээ.      

     

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой  зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн  хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж “Морьт хангай” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Х” ХХКомпани нь хариуцагч “Морьт хангай” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 567 068 580 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шаардсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд “Морьт хангай” ХХК нь тусгай зөвшөөрлийг “Г” ХХК-д худалдсан, хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хамтран хариуцагчаар “Г” ХХК-ийг татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.  

Нэхэмжлэгч “Х” ХХК нь худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд үлдэгдэл төлбөр 567 068 580 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзсан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах 265 гектар талбай бүхий 7969 А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль ёсоор эзэмшигч “Х” ХХКомпани нь уг зөвшөөрлөө “Морьт хангай” ХХК-д 400 000 ам доллараар худалдахаар хэлэлцэн тохиролцож худалдах-худалдан авах гэрээг 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдөр, гэрээний төлбөр төлөх хугацаанд өөрчлөлт оруулан нэмэлт гэрээг 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдөр тус тус байгуулжээ. 

Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.16-т “ ашиглалтын тусгай зөвшөөрөл” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг “ ойлгоно гэж тодорхойлсон, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т” Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ...холбогдох хууль тогтоомжийн дагуу ...түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно” гэж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1-т"...Үүргийн агуулгад харшлахгүй бол эрх, шаардлага бусад хөрөнгө худалдах-худалдан авахад эд хөрөнгө хүдалдах-худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн заалтууд нэгэн адил хамаарна..." гэж заажээ.

Дээрх хуулиудын зохицуулалтын дагуу талуудын хооронд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба гэрээний зүйл нь ашигт малтмал ашиглах 7969 дугаарт бүртгэгдсэн эрх  байна.

Худалдагч тал болох “Х” ХХК нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэн тусгай зөвшөөрлийг шилжүүлэх хүсэлтээ захиргааны байгууллагад хандан гаргаж, улмаар 2009 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр “М” ХХК-ийн нэр дээр тусгай зөвшөөрөл шилжиж бүртгэгдсэн, энэ тал дээр талууд маргахгүй байна.

Харин гэрээний  төлбөрийн хувьд “М “ХХК нь төлбөр төлөх үүргээ  бүрэн гүйцэт биелүүлээгүй байх бөгөөд нэхэмжлэгч “Х” ХХК нь 166 000 ам доллар төлсөн үлдэгдэл 234 000 ам долларын төлбөртэй  гэж, хариуцагч  “М “ХХК нь гэрээний үүрэгт 206 000 ам доллар төлсөн  гэж талууд маргалдаж байгаа боловч  худалдагч тал болох “Х” ХХК нь  Иргэний  хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх гурван жилийн хугацааг хэтрүүлсэн байна.

Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар Иргэний хуулийн 75.2.1-т заажээ. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсэхээр Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасан байна.

Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд бичгээр тохиролцсон үүргийн харилцааг “худалдах-худалдан авах гэрээ” гэж үзэх бөгөөд 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “ Нэмэлт гэрээ”-ний 2-т заасан 2009 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс  гэрээний үүрэгтэй холбогдуулан үлдэгдэл төлбөрөө шаардах эрх нэхэмжлэгч “Х” ХХК-д үүссэн байх ба шүүхэд 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь  Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жилийг хэтрүүлжээ. 

Гэтэл анхан шатны шүүх маргаантай  байгаа харилцаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох талаарх Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн  78.1.7, 78.3-т заасан зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэнээс гадна хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шийдвэрлэсэн  байна.

Хэргийн үйл баримт нөхцөл байдлуудаас үзвэл хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох үндэслэл буюу нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргахад саад болсон нөхцөл үүсээгүй байна.

Хөөн хэлэлцэх хугацааг түр зогсох тохиолдлын талаарх Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.7-т "тухайн харилцааг зохицуулж байгаа эрх зүйн актыг түдгэлзүүлсэн хугацаанд" гэж тусгагдсан “ түдгэлзүүлсэн “ гэдэг үгийн шууд  утгын хувьд авч үзвэл ажил, үйл ажиллагаа явуулахыг түр азнуулсан, хойш тавиулсан, байзнуулсан зэрэг утга илэрхийлдэг.

Талуудын хооронд гэрээ байгуулагдсанаас хойш Улсын Их хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хууль, 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр өөрчлөлт, нэмэлтүүд батлагдаж, уг хуулиудыг хэрэгжүүлэн Засгийн газраас 2010, 2011 ондуудад тогтоолуудыг гаргажээ.  

Дээрхи  хуулиуд болон Засгийн газрын тогтоолуудын зорилт нь гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нарыг ашигт малтмал хайх, ашиглах зэргээр үйл ажиллагаа явуулахыг хориглосон, гол усанд давхцалтай талбайн хэмжээг  багасах, нөхөн олговор олгох, хилийн зааг хэсэгчлэн тогтоохтой холбогдсон харилцааг  зохицуулсан эрх зүйн актууд байх бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа явуулахыг “ түдгэлзүүлсэн” гэх байдал тусгагдаагүй, хэргийн үйл баримтаар ч тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх дээрх хууль болон Засгийн газрын тогтоолуудыг Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.7-т заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох үндэслэлд хамаатуулсан  үндэслэлгүй байна.

Монгол Улсын их хурлаас батлагдсан дээрх хууль болон Засгийн газрын тогтоолууд нь талуудын хооронд байгуулагдсан ашигт малтмалын лиценз эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээг хэрэгжих хугацаанд гарч хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хэдий ч гэрээний талууд худалдах-худалдан авах гэрээтэй холбоотой  шаардах эрхийг хэрэгжүүлэхэд болон Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааны үйлчлэлд хуульд заасан журмаар нөлөөлсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах 265 гектар талбай бүхий 7969 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “М” ХХК нь ашиглалтын болон олборлолтын үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болсон, хуулиар хориглосон нөхцөл байдал үүссэн байна.  

Түүнчлэн дээрх хууль болон  Засгийн газрын тогтоолууд нь зөвхөн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай эзэмшигч хуулийн этгээдэд хамааралтай эрх зүйн актууд болохоос тусгай зөвшөөрлөө бусдад шилжүүлсэн  нэхэмжлэгч “Х” ХХК-д ямарч хамааралгүй /нэхэмжлэгчийн шаардах эрхийг түр зогсоосон зохицуулалттай зүйл, хэсэг, заалт энэ хуульд огт байхгүй/  болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүйн дээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргийг хориглосон зохицуулалт  тусгагдаагүй байхад  гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрийг шаардах эрхийн хугацаатай  хамаатуулж “Х” ХХК-ийн ... шаардах эрх түр зогсож, ... түр зогссон нөхцөл байдал арилсан гэж үзэхээр байна” гэж дүгнэж,   Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.7-т заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох үндэслэлд хамаатуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 Шүүх тухайн маргаантай харилцаанд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснээс гадна Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.3 дахь хэсгийн “Хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоох нөхцөл байдал арилсан үеэс эхлэн хугацааг үргэлжлүүлэн тоолно” гэсэн зохицуулалтыг хэрэглэсэн атлаа мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тооцно” гэсэн өөр зохицуулалттай хольж хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс эрх зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.  

Түүнчлэн “Х” ХХК-ийн хувьд эрхийн актууд батлагдаж мөрдөгдөж үйлчилсэн хугацаанд хариуцагчаас төлбөрөө нэхэмжлэн шаардах эрх нь нээлттэй байсан байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийн “М” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь  хангасан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол хангаж шийдвэрлэх нь  зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ

1. Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 151/ШШ2018/00649 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.7, 78.3, 243.1-д зааснаар хариуцагч “М” ХХК-иас 567 068 580 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д  олгож “ гэснийг хүчингүй болгож,”Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1-т заасныг баримтлан хариуцагч “М” ХХК болон хариуцагч “Г” ХХК-т холбогдох 567 068 580 төгрөг гаргуулах тухай “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж , шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг “ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 993 292 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 6708 төгрөгийг нэхэмжлэгч “Х” ХХК-т буцаан  олгосугай “ гэж тус тус өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар давж заалдах гомдол гаргахдаа төлсөн хариуцагч “М” ХХК-ны 2 993 293 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

ШҮҮГЧИД                                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                               

                                                                                     Т.ЭНХМАА