Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2021/00289

 

Хангарьд ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 151/ШШ2019/00611 дүгээр шийдвэртэй,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 223/МА2019/00028 дугаар магадлалтай,

Хангарьд ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Морьтхангай ХХК болон Ганбат тулга ХХК-д тус тус холбогдох

2009.02.13-ны байгуулсан Худалдах-худалдан авах гэрээ, 2009.03.20-ны өдөр байгуулсан Нэмэлт гэрээ-ний үүргийн биелэлтэд үлдэгдэл төлбөр 567,068,580 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүрэгт илүү төлсөн 166,591,408 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Бауиржан, өмгөөлөгч Д.Нямдорж нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Бауиржан, хариуцагчийн өмгөөлөгч Д.Нямдорж, Д.Түмэнжаргал, нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.

Нэхэмжлэгч Хангарьд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хангарьд ХХК нь хариуцагч Морьтхангай ХХК-тай 2009.02.13-ны өдөр өөрийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших 7969А дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг худалдахаар 01 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Хангарьд ХХК нь А тал буюу худалдагч, Морьтхангай ХХК нь Б тал буюу худалдан авагч тал болж тусгай зөвшөөрлийн үнийг 400,000 ам.доллар буюу 577,544,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Худалдан авагч Морьтхангай ХХК нь гэрээний үнэ болох 400,000 ам.доллар буюу 577,544,000 төгрөгийг гэрээний 5.2 дахь хэсэгт зааснаар 2009.02.13-ны өдрөөс 2009.05.15-ны өдрийг хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах, гэрээний 3.4 дэх хэсэгт зааснаар төлбөрийн хоёр дахь хэсгийг төлж дуустал барьцаа үүсгэж худалдагч талд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн барьцаалах, худалдагч тал буюу Хангарьд ХХК нь гэрээний зүйл болсон ашигт малтмал ашиглалтын 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг 2009.02.15-ны дотор Морьтхангай ХХК-ийн нэр дээр шилжүүлэх буюу гэрээний 3.5 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийг худалдан авагчийн нэр дээр шилжүүлэх хүсэлт, өргөдлийг 2009.02.15-ны өдрөөс хэтрүүлэлгүйгээр төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх үүргийг тус тус харилцан хүлээсэн. Хангарьд ХХК-ийн зүгээс гэрээний 3.1, 3.5 дахь хэсгүүдэд заасан үүргээ бүрэн биелүүлж өөрийн эзэмшлийн ашигт малтмал ашиглалтын 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг Морьтхангай ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгсөн бөгөөд нэхэмжлэгчийн хувьд гэрээний 3.6 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөлтэй холбоотой аливаа эрх үүрэг үүгээр дуусгавар болсон. Харин хариуцагч Морьтхангай ХХК нь 01 дугаартай гэрээний 5.2 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөл худалдан авсан 400,000 ам долларын төлбөрийг хэсэгчлэн төлөх үүргээ тогтоосон хугацаанд төлөөгүй, мөн гэрээний 3.4 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах үүргээ биелүүлж чадаагүй, тус үүргээ биелүүлэхээс ноцтой зайлсхийсэн тул талууд харилцан тохиролцож 2009.03.20-ны өдөр Нэмэлт гэрээ байгуулан 01 дугаартай гэрээний 5.2 дахь хэсэгт заасан төлбөр төлөх хугацаанд өөрчлөлт оруулж хугацааг 2009.03.20-ны өдрөөс 2009.05.30-ны өдрийг хүртэлх байдлаар шинэчлэн тогтоож Нэмэлт гэрээ-ний 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар талуудын дунд үүссэн аливаа харилцаанд 2009.02.13-ны өдөр байгуулсан 01 дугаартай гэрээний бусад заалт хүчин төгөлдөр үйлчилж байхаар тогтоож өгсөн. Хариуцагч Морьтхангай ХХК-ийн зүгээс 01 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний 5.1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрлийн үнэ 400,000 ам.доллараас дараах байдлаар төлж барагдуулсан. Тодруулбал:

1. 2009.03.20-ны өдөр 25,000 ам.доллар.

2. 2009.04.10-ны өдөр 85,000 ам.доллар.

3. 2009.05.01-ний өдөр 16,000 ам.доллар.

4. 2009.05.26-ны өдөр 20,000 ам.доллар.

5. 2009.05.30-ны өдөр 10,000 ам.доллар.

6. 2009.06.18-ны өдөр 10,000 ам.доллар нийт 166,000 ам.долларыг худалдагч Хангарьд ХХК-д бэлэн мөнгөний зарлагын баримтаар олгосон бөгөөд үлдэгдэл 234,000 ам.долларыг 2009.06 сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд огт төлж барагдуулаагүй, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Морьтхангай ХХК-д тусгай зөвшөөрлийн төлбөрийн үлдэгдлээ төлж барагдуулан гэрээнд заасан үүргээ биелүүлэх шаардлагыг удаа дараа тавьж байсан боловч хариуцагчийн зүгээс тусгай зөвшөөрөл бүхий талбай нь урт нэртэй хуульд бүхэлдээ багтсан учир төлбөр төлөх боломжгүй гэсэн тайлбарыг тавьсаар ирсэн.

Монгол Улсын Их хурлаас 2009.07.16-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг баталсан бөгөөд Засгийн газрын 2011.06.08-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг хэсэгчлэн тогтооход гэрээний зүйл болсон 7969А дугаартай талбай нь бүхэлдээ багтсан нөхцөл байдал үүссэн байдаг. Улмаар Засгийн газрын 2010.11.17-ны өдрийн 299, 2011.06.08-ны өдрийн 174 дүгээр тогтоолуудаар батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журмын дагуу нөхөн олговор олгох компаниудын жагсаалтад 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшигч Морьтхангай ХХК бүртгэгдсэн байдаг. Гэтэл 2015.02.18-ны өдөр УИХ-аас 2009.07.16-ны өдрийн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж нөхөн олговор олгох тухай Засгийн газрын 2010.11.17-ны өдрийн 299, 2011.06.08-ны өдрийн 174 дүгээр тогтоолууд хүчингүй болж 7969А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулах хууль зүйн үр дагавар үүсч, улмаар хариуцагч Морьтхангай ХХК-ийн зүгээс Хангарьд ХХК-аас худалдан авсан 7969А дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий талбайгаа хуульд заасан үндэслэл журмын дагуу ашиглах, цаашлаад худалдан авагчийн хувьд гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзаж байсан үндэслэл арилж, гэрээнд заасан үүргээ биелүүлэх нөхцөл байдал үүссэн. Гэсэн ч хариуцагч Морьтхангай ХХК нь 2015.02 дугаар сараас хойш Хангарьд ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэх талаар ямар ч харилцаа холбоо тогтоосон зүйл байхгүй атлаа гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй, манай тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагаа явуулж, улмаар 2016 онд Ганбат тулга ХХК-д 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэн 2016, 2017 онуудад ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа нь Хангарьд ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, хууль бус үйлдэл болоод байна.

Иймд талуудын дунд 2009.02.13-ны өдөр байгуулсан 01 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ, 2009.03.20-ны өдөр байгуулсан Нэмэлт гэрээнүүдийг үндэслэж хариуцагч Морьтхангай ХХК-аас гэрээний үүрэгт 567,068,580 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Хангарьд ХХК нь Ганбат тулга ХХК-ийг хамтран хариуцагчаар татсан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Морьтхангай ХХК нь гэрээний зүйл болсон 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг 2016 онд хамтран хариуцагч Ганбат тулга ХХК-д шилжүүлсэн, хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн хариу тайлбарт ...Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон тусгай зөвшөөрлийн төлбөр болон тусгай зөвшөөрөл шилжүүлэн авсан үйл баримтыг... илтэд үгүйсгэж 7969А дугаартай тусгай зөвшөөрлийн нэхэмжлэгчид хамааралгүй мэтээр тайлбарлан маргаж байгаа тул тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Ганбат тулга ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар оролцох зайлшгүй шаадлагатай гэж үзэж байна. 

Иймд талуудын дунд байгуулсан 2009.02.13-ны өдрийн 01 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ 2009.03.20-ны өдрийн Нэмэлт гэрээ-үүдийг үндэслэж хариуцагч Морьтхангай ХХК болон хамтран хариуцагч Ганбат тулга ХХК-аас гэрээний үүрэгт 567,068,580 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Морьтхангай ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хангарьд ХХК нь манай компанид холбогдуулж талуудын хооронд байгуулагдсан 2009.02.13-ны өдрийн 01 тоот Худалдах, худалдан авах гэрээ, 2009.03.20-ны өдрийн Нэмэлт гэрээ гэсэн баримтыг үндэслэн үлдэгдэл 166,000 ам.доллар буюу 567,068,580 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргажээ. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба үндэслэлээ дор дурдсан байдлаар тайлбарлаж байна.

1. Манай компани нь 2009.02.13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Ерөө-хэрлэн гол нэртэй газарт байрлах /511 кг алтны нөөцтэй гэх/ 265 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий Хангарьд ХХК-ийн эзэмшилд байсан 7969А дугаартай лицензийг 400,000 ам.доллараар худалдан авахаар тохирч гэрээ байгуулмагц 15,000 ам.доллар болон 3 дугаар сарын 20-ны өдөр 25,000 ам.долларын төлбөрийг тус тус төлсний үндсэн дээр 2009.04.03-ны өдөр тухайн лицензийг Морьтхангай ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлсэн болно. Улмаар Морьтхангай ХХК нь гэрээний үүрэг ёсоор тус компанид 2010.03.22-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 221,000 ам.долларын төлбөрийг төлсөн боловч 2010.04 дүгээр сараас эхлэн Засгийн газар болон холбогдох байгууллагуудаас ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг хориглох болсон бөгөөд энэ нь УИХ-аас 2009.07.16-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсантай холбоотой байсан. Засгийн газар 2011 оны 174 дүгээр тогтоолоор манай компанийн худалдан авсан 7969А дугаартай талбайд үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Энэ хугацаанд Хангарьд ХХК, захирал Л.Сэргэлэн нар манайхаас 221,000 ам.долларыг аваад усанд хаясан чулуу мэт алга болж, манай компани олборлолт явуулан ашиглаж болохгүй хоосон лицензтэй үлдсэн. Өөрөөр хэлбэл гэрээний зүйл болох манай компанийн худалдан авсан /511 кг алтны нөөцтэй гэх/ 265 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий 7969А лицензийг үндэслэн олборлолт явуулах боломжгүй болж цаашид талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ хэрэгжих боломжгүй болсон. 2015 онд УИХ-аас урт нэртэй хуульд зохих өөрчлөлтийг оруулснаар манай компани 7969А лицензийг дахин ашиглах эрхийг шинээр олж авсан болно. Шинээр гэх болсон шалтгаан гэвэл өмнө манай компанид худалдсан 7969А дугаартай лиценз бүхий талбайн хэмжээ нийт 265 гектар гэж байсан бол 2016.06.24-ний өдөр Ашигт малтмалын газраас талбайн хэмжээг 202.7 гектар болгож өөрчилсөн. Эндээс үзэхэд Хангарьд ХХК нь 2009.02.13-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээг үндэслэн манай компаниас гэрээний үүрэг, үлдэгдэл төлбөр гэх мэтчилэн төлбөр шаардах эрхгүй болно.

2. Өмнө дурдсанчлан нэхэмжлэгч Хангарьд ХХК нь 2010 оноос хойш /хамгийн сүүлд 2010.03.22-ны өдөр төлбөр авсан байна/ ямар ч холбоо барихгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болчихоод удаа дараа шаардлага тавьж байсан гэсэн зүйлийг нэхэмжлэлдээ бичсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь 7969А дугаартай лицензийг худалдан авч 221,000 ам.долларыг төлсөн нь манай компани, худалдан авсан лицензийг ашиглаж олборлолт явуулж чадахгүй 6-7 жил болж хохирсон нь мөн л манай компани бөгөөд харин ашиглаж болохгүй, хориглосон гэдгийг мэдсэн даруйдаа Хангарьд ХХК-ийн захирал Л.Сэргэлэнд мэдэгдэж асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг ярилцахыг хүссэн боловч тэрээр холбоо барихгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон юм. Энэ хугацаанд буюу 2010 оноос 2017 оныг хүртэл хугацаанд Хангарьд ХХК-ийн зүгээс манай компанид талуудын хооронд байгуулагдсан 2009.02.13-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, 2009.03.20-ны өдрийн Нэмэлт гэрээтэй холбоотой ямар нэг шаардлагыг ирүүлж байгаагүй болно. Гэсэн атлаа 2017 оны хавраас эхлэн залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэж цагдаагийн байгууллагаар өргөдөл гаргаж, эрүүгийн хэрэг үүсгүүлэн явсан. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлсон байдаг ба хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан. Морьтхангай ХХК болон Хангарьд ХХК-ийн хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээний шаардлага гаргах хугацааг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүссэн өдрөөс буюу 2009.05.30-ны өдрөөс эхлэн тоолоход 2012.05.30-ны өдөр дууссан байхаар байна. Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан хойно ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах замаар шаардлага гаргаж байгаа нь хууль зөрчиж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд Хангарьд ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ганбат тулга ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Худалдагч тал болох Хангарьд ХХК болон худалдан авагч тал буюу Морьтхангай ХХК нарын хооронд байгуулсан 2009.02.13-ны өдрийн 01 дугаартай худалдах, худалдан авах гэрээ, 2009.03.20-ны өдрийн нэмэлт гэрээнүүдийг үндэслэн гэрээний үүрэгт 567,068,580 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Манай Ганбат тулга ХХК-нь уг гэрээнд аль нэгэн тал болж оролцоогүй. Гэрээг Хангарьд ХХК-тай байгуулсан зүйл байхгүй. Улмаар бидний хооронд уг гэрээнээс үүдэлтэй ямар нэгэн үүрэг яригдах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд манай компанийг хамтран хариуцагчаар тодорхойлж, үндэслэлгүйгээр гэрээний үүрэгт 567,068,380 төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийн манай компанид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Морьтхангай ХХК нь Хангарьд ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Морьтхангай ХХК нь 2009.02.13-ны өдөр Хангарьд ХХК-тай 01 дугаартай Худалдах худалдан авах гэрээ, 2009.03.20-ны өдрийн Нэмэлт гэрээ байгуулах замаар тус компанийн эзэмшилд байсан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших Хүнгүйч-Зүр хүзүүгийн хэсэгт орших нийт 265 гектар талбай бүхий 530 кг алтны /511 кг-ын цэвэр нөөц/ нөөц бүхий алтны шороон орд ашиглах ашигт малтмал ашиглах эрхийн 7969А дугаартай лицензийг 400,000 ам.доллараар худалдан авахаар тохирсон болно. Улмаар Худалдах худалдан авах гэрээ-ний 5 дугаар зүйл, Нэмэлт гэрээ-ний 2 дугаар зүйлд заасны дагуу 2009.03.20-ны өдрөөс 2010.03.22-ны өдрийн хооронд нийт 206,000 ам долларыг төлсөн ба энэ хугацаанд 7969А дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл манай компанийн нэр дээр шилжсэн. Ийнхүү талуудын хувьд харилцан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байх явцад 2010.04 дүгээр сараас эхлэн Засгийн газар болон холбогдох байгууллагуудаас ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг хориглох болсон бөгөөд энэ нь Улсын Их Хурлаас 2009.07.16-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсантай холбоотой байсан. Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор манай компанийн худалдан авсан 7969А дугаартай талбайд үйл ажиллагаа явуулахыг хориглосон ба энэ нь урт нэртэй хууль болон Засгийн газраас ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж болохгүй хориглосон бүсэд уг тусгай зөвшөөрөл бүхий талбай хамрагдаж байсантай холбоотой юм. Энэ хугацаанд Хангарьд ХХК болон тус компанийн захирал Л.Сэргэлэн нар манайхаас 206,000 ам.долларыг аваад усанд хаясан чулуу мэт алга болж, манай компани олборлолт явуулах боломжгүй хоосон лицензтэй хоцорсон. Гэхдээ 2015 онд Улсын Их Хурлаас урт нэртэй хууль-д зохих өөрчлөлтийг оруулснаар манай компани 7969А лицензийг дахин ашиглах эрхийг шинээр олж авсан болно. Шинээр гэх болсон шалтгаан гэвэл өмнө манай компанид худалдсан 7969А дугаартай лиценз бүхий талбайн хэмжээ нийт 265 гектар гэж байсан бол 2016.06.24-ний өдөр Ашигт малтмалын газраас талбайн хэмжээг 202,7 гектар болгож өөрчилсөн, улмаар Уул уурхайн яам, Ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2016.07.07-ны өдрийн 16-13-05 дугаартай дүгнэлтээр ашигт малтмалын нөөцийн хэмжээг багасгаж 189,2 кг болгон баталсан. Манай компанийн хувьд бүх эрсдэлийг дангаараа үүрч холбогдох яам, газруудад удаа дараалан хүсэлт гаргаж байсан ч 2010.04 дүгээр сараас 2016 он хүртэл хугацаанд Хангарьд ХХК болон захирал Л.Сэргэлэнтэй нэг ч удаа холбогдож чадаагүй болно. Гэсэн хэдий боловч бид уг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг дахин гаргуулж авч чадсан бөгөөд тусгай зөвшөөрлийн талбай болон нөөцийн хэмжээ тус бүр дээр дурдсан шалтгаанаар бага хэмжээтэй болсон. Өөрөөр хэлбэл Хангарьд ХХК-тай байгуулсан гэрээний зүйл өөрчлөгдөж багассан болно. Энэ тохиолдолд бид анхны тохиролцоо ёсоор тухайн лицензийг худалдан авсны төлбөр 400,000 ам.доллар биш, харин 142,000 ам.доллар төлөх ёстой болж, илүү /206,000-142,800=63,200/ 63,200 ам.доллар төлсөн байдаг. Иймд нэхэмжлэгч тал буюу худалдагч тал болох Хангарьд ХХК-аас 2009.02.13-ны өдрийн 01 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ, 2009.03.20-ны өдрийн Нэмэлт гэрээ-ний дагуу худалдан авсан лицензийн төлбөрт илүү төлсөн 63,200 ам.доллар буюу 166,591,408 төгрөг /1 ам.доллар=28,632.94 төгрөг/ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 990,908 төгрөгийн хамт буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хангарьд ХХК нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэг: Хариуцагч Морьтхангай ХХК гаргаж буй дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлага, шаардлагаа нотлон гаргаж буй үндэслэлүүд нь гэрээ болон бодит байдалд нийцэхгүй үндэслэлгүй шаардлага болсон байна. Талуудын дунд байгуулсан 2009.02.13-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ болон 2009.03.20-ны өдрийн Нэмэлт гэрээ-нд ...ашигт малтмал ашиглалтын 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг 265 гектар талбайтай 530 кг алтны нөөцтэй ... тусгасан нэг ч заалт тодорхойлолт байхгүй. Өөрөөр хэлбэл талууд 2009.02 дугаар сард харилцан тохиролцож гэрээ байгуулахдаа гэрээний үнийн дүнг тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ болон алтны нөөцөд үндэслэж байгуулаагүй болохыг дээр дурдсан гэрээний заалт нэг бүрээс тодорхой харж болно. Нэхэмжлэгч Хангарьд ХХК-ийн зүгээс хариуцагч Морьтхангай ХХК-д 2009.02.13-ны өдөр байгуулсан Худалдах, худалдан авах гэрээгээр ...Ашигт малтмал ашиглах 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн... бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл нь төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр баталгаажсан ашигт малтмал ашиглах эрх юм. Гэтэл хариуцагч Морьтхангай ХХК нь тусгай зөвшөөрлийн нөөцийн тайлангаар тодорхойлогдсон 530 кг алтны нөөцийг шууд үнэлж гэрээний зүйл мэтээр тайлбарлаж илүү төлөлт хийсэн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Ашигт малтмал ашиглах болон хайх тусгай зөвшөөрөл гэдэг нь аливаа компани хуулийн этгээдийн хувьд ашиглах, хайх эрх олгосон төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр бөгөөд тухайн тусгай зөвшөөрлийн хүрээнд цэвэр болон бохир байдлаар тодорхойлогдож байгаа ашигт малтмалын нөөц нь тухайн тусгай зөвшөөрлийг сонирхогч этгээдэд зөвхөн үндэслэл бүхий мэдээлэл болдог хууль зүйн зохицуулалттай. Тиймээс ч талуудын дунд байгуулагдсан 2009.02.13-ны өдрийн 01 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-нд 7969А дугаартай тусгай зөвшөөрлийн талбай болон нөөцийн хэмжээг дурдаагүй, дурдах ч хууль зүйн үндэслэлгүй гэдгийг анхаарч үзэх шаардлагатай юм.

Хоёр: Хууль зүйн үндэслэлийн хувьд хариуцагч Морьтхангай ХХК нь нөөцийн болон талбайн хэмжээ багассан үйл баримттай холбоотойгоор шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлж байгаа нь хууль бус байна. Төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр тодруулбал 2009.07 дугаар сард УИХ-аас Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдаж ашигт малтмал ашиглалтын 7969А дугаартай талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон цаг хугацаанаас эхлэн цаашлаад Засгийн газраас 2011 оны 174 дүгээр тогтоол гарсан цаг хугацаанаас эхлэн Морьхангай ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж эхэлсэн гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл, 2009 он болон 2011 онуудад Улсын Их Хурал, Засгийн газраас гаргаж байсан хууль, тогтоолууд нь талуудын дунд байгуулсан гэрээний зүйлд шууд байдлаар нөлөөлж хариуцагч гэрээгээр худалдан авсан тусгай зөвшөөрлийн дагуу хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, гэрээний зүйл болох тусгай зөвшөөрөл нь хууль зүйн хувьд эрхийн зөрчилтэй болон хувирч байхад хариуцагчийн зүгээс 2019.04 дүгээр сарыг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Хангарьд ХХК-д холбогдуулж ямар ч шаардлага гаргаж байгаагүй байдал хариуцагчийг гэрээний үүрэгтэй холбоотой байдлаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн болохыг нотлон харуулна. 2016 он болон 2017 онуудад Ашигт малтмалын газар болон Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлүүдээс талбай болон нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоож байгаа үйл баримт нь Морьтхангай ХХК-д шинээр үүсч байгаа нөхцөл байдал биш бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нийт компани аж ахуй нэгжүүдэд 2009 оноос хойш нэгэнт тодорхой болсон үйл баримт учир хариуцагчийн зүгээс талуудын хооронд байгуулсан гэрээний хүрээнд хохирол учирсан гэж үзвэл 2009.07 дугаар сараас эхлэн шаардлага гаргах үндэслэл бүрдэж нэхэмжлэгчийн хувьд гэрээний 3.6 дахь хэсэгт зааснаар эс зөвшөөрч маргах зохицуулалтай бөгөөд хариуцагч Морьтхангай ХХК нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд хариуцагч Морьтхангай ХХК-ийн зүгээс гаргаж буй ...Талуудын хооронд байгуулагдсан 2009.02.13-ны өдрийн 01 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ болон 2009.03.20-ны өдрийн Нэмэлт гэрээ-ний зүйл болох ашигт малтмал ашиглах 7969А дугаартай тусгай зөвшөөрлөөр ашигт малтмал олборлох талбайн хэмжээ, ашигт малтмалын нөөцийн хэмжээ төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр багассантай холбогдуулж гэрээний дагуу илүү төлсөн 63,200 ам.доллартай тэнцэх 166,591,408 төгрөгийг гаргуулах... сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.16-ны өдрийн 151/ШШ2019/00611 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т заасныг баримтлан Морьтхангай ХХК, Хангарьд ХХК нарын хооронд 2009.02.13-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээ, 2009.03.20-ны өдрийн нэмэлт гэрээний үүргийг шаардах, сөрөг шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1-д заасныг баримтлан хариуцагч Морьтхангай ХХК-аас 470,133,780 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хангарьд ХХК-д олгож, Хангарьд ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Хангарьд ХХК нь хариуцагч Ганбат тулга ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, Ганбат тулга ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч Хангарьд ХХК-аас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,993,292 төгрөг, сөрөг нэхэмжлэлд хариуцагч Морьтхангай ХХК-аас төлсөн 990,908 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 6,708 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Морьтхангай ХХК-аас 2,508,619 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хангарьд ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.27-ны өдрийн 223/МА2019/00028 дугаар магадлалаар: Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.16-ны өдрийн 151/ШШ2019/00611 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас сөрөг шаардлага гаргах гэснийг хасаж, 2 дахь заалтын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 гэсний дараа 254 дүгээр зүйлийн 254.2-т гэж нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Морьтхангай ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Морьтхангай ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 2,508,619 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Бауиржан, өмгөөлөгч Д.Нямдорж нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт заасны дагуу Хангарьд ХХК-ийн шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлтэй хэмээн дүгнэж давж заалдах шатны шүүх гэрээний үүргийн биелэлтийг шаардах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн нь дээрх хуулийн заалтад нийцсэн хэмээн дүгнэж шийдвэрийг хэвээр үлдээсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй болох нь дараах үндэслэлээр нотлогдоно. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн үндэслэлээ ...эрхийн доголдолгүй шилжүүлэх үүргээ худалдагч тал биелүүлсэн гэж үзэх боломжгүй,...эрхийн доголдол нь талуудын хүсэл зоригоос үл хамааран хожим үүссэн, ...2009.07.16-ны өдрөөс 2015.02.18-ний өдрийг хүртэлх хугацаанд талууд гэрээний үүргийг биелүүлэхийг харилцан шаардах эсэх нь шууд хамааралтай, .... гэрээний зүйл болох ашигт малтмал ашиглах 7969А дугаарт бүртгэгдсэн эрхийг гэрээний хэн аль тал нь ашиглах боломжгүй, хориглосон нөхцөл байдал дээрх хугацаанд үргэлжилсэн нь давагдашгүй хүчин зүйлд хамаарна гэж тайлбарлажээ. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж бопно гэж заасан бөгөөд уг хуулийн зохицуулалтыг шүүх хэрэглэхдээ хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч ямар шалтгаанаар хэтрүүлсэн болохыг тодруулан, тус шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаан мөн эсэхийг шалгах, тогтоох шаардлагатай юм. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан онцгой нөхцөл байдлыг ойлгох бөгөөд уг нөхцөл байдал нь нотлох баримтаар нотлогдсон байх, мөн хүндэтгэн үзэх шалтгаан нь хөөн хэлэлцэх хугацаа дуусах тэр цаг мөчид байх асуудал нь дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх гол нөхцөл болох юм. Нэхэмжлэгч 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн худапдах, худалдан авах гэрээ болон 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн нэмэлт гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн бөгөөд Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1-т Үүргийн агуулгад харшлахгүй бол эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах-худалдан авахад эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн заалтууд нэгэн адил хамаарна гэж зааснаар гэрээний зүйл нь 7969А дугаарт бүртгэгдсэн ашигт малтмал ашиглах эрх буюу тусгай зөвшөөрөл болно. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-т "ашиглалтын тусгай зөвшөөрөл гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг" ойлгох бөгөөд талуудын хооронд Иргэний хуульд заасан худапдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүсч, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21-т тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх авсан, эсхүл түүнийг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу шилжүүлэн авсан хуулийн этгээдийг хэлнэ гэж зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсанаар Морьтхангай ХХК тусгай зөвшөөрөл эзэмшигч болсон. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Засгийн газрын тогтоолын зорилт нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нарыг гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх эзэмших зэргээр үйл ажиллагаа явуулахыг хориглосон, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулсан. Дээрх хууль батлагдсан нь зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд болох Морьтхангай ХХК-д хамааралтай байхад тусгай зөвшөөрлөө худалдсан 7969А дугаартай тусгай зөвшөөрөлтэй хамааралгүй этгээд болох Хангарьд ХХК-ийн гэрээний үүргийг шаардах эрхэд шууд хамааралтай хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Нөгөөтэйгүүр талуудын байгуулсан 2009.02.13-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн, 3.3-т А тал нь Б талаас гэрээний дагуу тохиролцсон хуваарьт хугацааны дотор төлбөрийг шаардах эрхтэй, 3.6-д А тал нь 7969А лицензийг Б талд шилжүүлсэн өгснөөр уг лицензтэй холбоотой аливаа эрх үүргээс чөлөөлөгдөнө 4 дүгээр зүйлийн 4.7-д Б талд 7969А лиценз шилжсэнээр уг лицензи буюу түүний орд газар, уурхайтай холбоотой эрх үүргийг дангаараа хариуцна гэж зааснаар Хангарьд ХХК нь уг лицензтэй холбоотой аливаа эрх үүргээс бүрэн чөлөөлөгдсөн байхад маргаан бүхий тусгай зөвшөөрлийг хэн аль тал нь ашиглах боломжгүй болсон гэж дүгнэсэн нь талуудын гэрээгээр тохирсон чөлөөт зарчмыг хөндсөн, тусгай зөвшөөрлийг ашиглах эрхтэй этгээдийг буруу тодорхойлон дүгнэсэн шийдвэр болсон. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна" гэж заасан. Талуудын байгуулсан гэрээнд Б тал буюу Морьтхангай ХХК нь хайгуулын үйл ажиллагаа эрхлэн ашигт малтмал олборлосон тохиолдолд төлбөр төлөгдөх эсэх талаар зохицуулалт байхгүй тул Хангарьд ХХК нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхээ хуульд заасан хугацаанд хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан. Мөн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Засгийн газрын тогтоолууд батлагдсан нь хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй бөгөөд Хангарьд ХХК нь 2019.01 cap хүртэл шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байгаа хугацааг нарийвчлан тооцолгүй 2009.07.16-ны өдрөөс 2015.02.18-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн хуулийн зохицуулалттай хамаатуулан хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн нь үндэслэлгүй болсон.

Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухайд: 2009.02.13-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ээр Морьтхангай ХХК нь 7969А дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг худалдан авсан ба тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд дурдсан хүчин төгөлдөр талбайн хэмжээ 265.33 га байгаа тул гэрээний зүйл нь 265.33 га талбай бүхий 7969А дугаар лиценз болох бөгөөд Ашигт малтмалын газраас талбайн хэмжээг 265.33га-202.7га болгон өөрчилснөөр гэрээний зүйлийн хэмжээ илтэд багассан болох нь хэрэгт авагдсан тусгай зөвшөөрлийн гэрчилгээ болон түүний хавсралт, Ашигт малтмалын газрын 2016.06.24-ний өдрийн 457 дугаар шийдвэрээр нотлогдоно. Анхан шатны шүүх Хангарьд ХХК-ийн ямар буруутай үйл ажиллагаанаас ямар хэмжээний бодит хохирол учирсан нь нотлогдохгүй гэж дүгнэсэн нь хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг буруу тодорхойлж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй болно. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-т Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй гэсний дагуу Морьтхангай ХХК-ийн ашигт малтмал олборлох талбай болон нөөцийн хэмжээ илтэд багассан тул өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ" гэж зааснаар талуудын тохирсон гэрээний зүйл багассан хэмжээгээр нийцүүлэн шаардлага байхад ямар хэмжээний бодит хохирол учирсан нь нотлогдохгүй гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй байна. Өөрөөр хэлбэл Морьтхангай ХХК нь Хангарьд ХХК-ийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол хэмээн нэхэмжпэлийн шаардлагаа тодорхойлоогүй бөгөөд гэрээ өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэн шаардлага гаргасныг шүүх анхаарч үзээгүй, мөн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ нэхэмжпэгч Хангарьд ХХК-ийг ...эрхийн доголдолгүй шилжүүлэх үүргээ худалдагч тал биелүүлсэн гэж үзэх боломжгүй" гэж дүгнэсэн атлаа сөрөг нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ийнхүү шийдвэрлэсэн нь зөв хэмээн дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал бүхэлдээ үндэслэлгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт заасны дагуу Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.16-ны өдрийн 151/ШШ2019/00611 дугаар шийдвэр, Төв аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.27-ны өдрийн 223/МА2019/00028 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Хангарьд ХХК нь Морьтхангай ХХК болон Ганбат тулга ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 567,068,580 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зөвшөөрөөгүй маргаж, хариуцагч Морьтхангай ХХК нь 166,591,408 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ганбат тулга ХХК-д холбогдох нэхэмжлэлээс татгалзсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Морьтхангай ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаад шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Хэрэгт баримтаар Хангарьд ХХК, Морьтхангай ХХК-ийн хооронд байгуулсан 2009.02.13-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээ, 2009.03.20-ны өдрийн Нэмэлт гэрээ авагджээ.

2009.02.13-ны өдрийн гэрээний зүйл нь нэхэмжлэгч Хангарьд ХХК эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших 7969А дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл ажээ.

Гэрээний 3.1-д худалдагч /нэхэмжлэгч/ 7969А лицензийг хайгуулын ажлын тайлан, уулын ажлын төлөвлөгөө болон бусад бичиг баримтын хамт 2009.02.15-ны дотор шилжүүлнэ гэж, гэрээний 5.1-д тусгай зөвшөөрлийн үнэ 400,000 ам.доллар гэж, гэрээний 5.2т худалдан авагч үнийг 2009.02.13-ны өдрөөс 2009.05.15-ны өдрийг хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар талууд гэрээний гол нөхцөлийг тохирсон байна.

Энэ хугацаанд талууд хэн аль үүргээ биелүүлж чадахгүй байгаад дүгнэлт хийж 2009.03.20-ны өдөр Нэмэлт гэрээ байгуулж, өмнөх гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг сунгаж, 2009.03.20-ны өдрөөс 2009.05.30-ны өдрийг хүртэл төлбөрийг төлж дуусгахаар тохиролцжээ.

2. Талуудын хооронд байгуулсан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 260 дугаар зүйлд заасан зохицуулалтад нийцсэн мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Эрх худалдах гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаарх Иргэний хуулийн заалтууд нэгэн адил хамаарна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, ... худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг байна.

Нэхэмжлэгч Хангарьд ХХК гэрээний дагуу өөрийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших 7969А дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлийг Морьтхангай ХХК-ийн нэр дээр 2009.04.03-ны өдөр шилжүүлэн өгч бүртгүүлсэн, харин хариуцагч гэрээний үнээс 2009.05.30-ны өдрийг хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөх үүрэг хүлээж, 206,000 ам доллар төлсөн, үлдэгдэл 194,000 ам.долларыг төлөөгүй нь хэргийн баримтаар тогтоогдсон байна. /1хх-24-25/ 

3. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж заасан ба мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж зохицуулжээ.

Иймд талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний хөөн хэлэлцэх хугацааг гурван жил гэж үзнэ.

Харин хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх, эрх нь зөрчигдөж буйг мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан хугацаа дууссан үеэс үүсдэг. Өөрөөр хэлбэл гэрээний үүрэг биелүүлэх хугацаа хэтэрч эхэлснээр үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг биелүүлэхийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй болно.

Талуудын байгуулсан Нэмэлт гэрээ-нд зааснаар Морьтхангай ХХК-ийн төлбөр төлөх үүрэг биелүүлэх сүүлчийн хугацаа 2009.05.30-ны өдөр дууссан байна.

Энэ үеэс эхлэн нэхэмжлэгч Хангарьд ХХК-д гэрээний үнийн үлдэгдэл төлбөрийг шаардах эрх үүсэж байгаа бөгөөд уг хугацааг хуульд зааснаар гурван жилээр тооцвол 2012.05.30-ны өдөр дуусчээ.

Дурдсан хугацаанд нэхэмжлэгч тал гэрээний үлдэгдэл төлбөрийг барагдуулах талаар хариуцагч талд шаардлага, мэдэгдэл хүргүүлж төлбөрийг нэхэмжилсэн баримт хэрэгт байхгүй байна.

Хариуцагчийн ...2010 оны 3 дугаар сард хамгийн сүүлчийн төлбөр төлснөөс хойш холбоо барихгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болчихоод удаа дараа шаардлага тавьж байсан гэсэн зүйлийг нэхэмжлэлдээ бичсэнийг зөвшөөрөх боломжгүй гэсэн тайлбарыг нэхэмжлэгч тал баримтаар няцааж, үгүйсгэж чадаагүй байна.

Хэрэгт 2017 оны 02 дугаар сард цагдаагийн байгууллагад хандаж шалгуулсан тухай баримтууд байгаа боловч цаг хугацааны хувьд шаардлага гаргах эрхийн хугацаа дууссанаас хойш хугацаанд хамаарч байна.

Иймд хэргийн дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч Хангарьд ХХК-ийн Морьтхангай ХХК-нд холбогдуулан гэрээний үүрэгт 567,068,580 төгрөг гаргуулах шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

4. Нэхэмжлэгч Хангарьд ХХК нэхэмжлэлийн шаардлага хожуу хугацааны дараа гаргасан шалтгааныг Морьтхангай ХХК-тай 7969А дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл худалдах тухай 2009.02.13-ны өдрийн гэрээ байгуулсны дараа 2009.07.16-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль гарч улмаар Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг хэсэгчлэн тогтооход гэрээний зүйл болсон 7969А дугаартай талбай бүхэлдээ багтсан нөхцөл байдал үүссэн гэж тайлбарлажээ.

а/ Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талууд 2009.02.13-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээ-г байгуулах үед гэрээний зүйл болох 7969А дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл нь эрхийн зөрчилгүй байсан, энэ үндэслэлээр нэхэмжлэгч гэрээний үүргийг биелүүлж худалдан авагч тал болох хариуцагч компанид уг тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг 2009.04.03-ны өдөр шилжүүлэн өгч, нэхэмжлэгч гэрээний үүргийг биелүүлсэн байна. Гэрээнд заасан хугацаанд нэхэмжлэгч гэрээний үүргийг биелүүлсэн, харин хариуцагч төлбөрийг хугацаандаа төлөөгүй байх тул тэрээр хариуцагчаас шилжүүлэн өгсөн эд хөрөнгийн үнийг шаардана.

б/ Гэрээг байгуулах үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн гэсэн үндэслэлээр талууд гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах, эсхүл эрх ашиг нь хөндөгдсөн гэж байгаа тал гэрээнээс татгалзах талаар Иргэний хуулийн 220 дугаар зүйлд зохицуулжээ. Талууд энэ талаар хэн аль нь санал гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

в/ Анхан шатны шүүх хэргийн дээрх нөхцөл байдлын талаар хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй ба Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4.-т зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.

Хуулийн уг заалтад Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно. гэж заажээ.

Нэхэмжлэгч тал, хариуцагчаас үүргээ биелүүлэх шаардлага гаргахад нэхэмжлэгчид ямар нэгэн саад бэрхшээлтэй, хүсэл зоригоос гадуур даван туулж чадахааргүй нөхцөл байдал үүссэн нь тогтоогдоогүй ба харин тухайн үед шинэ хууль батлагдаж нөхцөл байдал өөрчлөгдсөнийг талууд хуулийн дагуу харилцан зохицуулах боломжтой байжээ.

Иймд нэхэмжлэгчид хүндэтгэн үзэх шалтгаан гарсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн нь хэргийн баримтад тулгуурлаагүй, хууль хэрэглээний алдаатай байна.

Түүнчлэн үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа мөн дуусгавар болсон гэж үзэв.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг залруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх бөгөөд дээр дурдсан үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 151/ШШ2019/00611 дүгээр шийдвэр, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 223/МА2019/00028 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Морьтхангай ХХК-с 567,068,580 төгрөг гаргуулах тухай Хангарьд ХХК-ийн нэхэмжлэл болон нэхэмжлэгчээс 166,591,408 төгрөг гаргуулах хариуцагч Морьтхангай ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Бауиржан, өмгөөлөгч Д.Нямдорж нар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 2,508,619 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЦОЛМОН

                                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                               ШҮҮГЧИД                                               П.ЗОЛЗАЯА

                                                                                                               Х.СОНИНБАЯР

                                                                                                               Г.ЦАГААНЦООЖ