Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2021/02087

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Р/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Н” ХХК/РД: /,

 

Хариуцагч: “НЛ” ХХК/РД: /-д тус тус холбогдох,

 

Гуравдагч этгээд: Н.Э/РД /,

 

12 500 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Р, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одгэрэл, И.Энх-Амгалан, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Алтансүх, гуравдагч этгээд Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Р шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цэрэндорж овогтой Р би 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Япон улсаас “Toyota lite ace” маркийн арлын S412M0012751 тоот дугаартай, 2014 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн, бензин хөдөлгүүртэй автомашиныг импортлон оруулж ирсэн.

Энэхүү автомашиныг “Н”-аар дамжуулан 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 25 дугаар гудамжны 1069 тоот хаягт оршин суух, иргэн Боржигон ургийн овогт Наранцэцэг овогтой Э/РД: ФА78070517/-т 12,500,000 төгрөгөөр лизингээр худалдан борлуулсан.

Иргэн Н.Э нь “Сүхбаатар-НЛ” ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 407202733 тоот “Зээлийн гэрээ”, 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 407202733 тоот 7,500,000 төгрөгийн дүнтэй, 12 сарын хугацаатай, 2.90%-ийн хүүтэй “Фидуцийн гэрээ” байгуулах замаар худалдсан байдаг.

Ийнхүү худалдан авахдаа Н.Э урьдчилгаа төлбөрт 5,000,000 төгрөгийг “Сүхбаатар-НЛ” ХХК-д төлсөн гэдэг ба одоо сар бүр төлөлтийг хуваарийн дагуу тогтмол хариуцлагатай төлдөг байна.

Миний импортоор оруулж ирсэн дээрх автомашин 77-03 УАК улсын дугаартай замын хөдөлгөөнд оролцож байгаа.

Автомашинаа худалдан борлуулснаас хойш миний бие гар дээрээ нэг ч төгрөгийн төлбөр хүлээн аваагүй бөгөөд энэ асуудлаар Н.Этай уулзах үед “Ахаа дүү нь ямар ч асуудалгүй зээлээ банк бусдаа төлж байгаа шүү дээ, та банк бус руугаа хандаж мөнгөө авах ёстой байх” гэж ярьдаг.

Харин “Н” ХХК-тай мөнгөө авахаар утсаар удаа дараа ярих үед иргэн надад хамааралгүй шалтаг, шалтгаан хэлж хохироосоор байна. Тухайлбал: Миний бие энэхүү асуудлаар 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Нэткапитал ББСБ-ын захиргаанд өргөдөл гаргасан бөгөөд Компани 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр NC-02/134 тоот хариу бичигтээ “Н” ХХК-д ажиллаж байсан ажилтан Ц.Өсөхбаяртай холбоотой мэтээр холбон гүтгэж дотооддоо асуудлыг шийдвэрлэх боломжгүй Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгуулж байгаа, хэрэг эцэслэгдэн шийдвэрлэгдтэл хариу өгөх боломжгүй мэтээр тайлбарлаж байгаа нь шударга бус бөгөөд бусдын зардлаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөөр байна.

Иргэн Ц.Р миний хувьд хэн нэгэн иргэн Өсөхбаяр гэгчтэй ямар нэгэн байдлаар иргэний харилцаанд ороогүй бөгөөд зөвхөн “Н” ХХК-тай тохиролцсон ёсоор энэ байгууллагын орон тооны эдийн засаг, ажилтантай холбоотой ажиллаж машин тэргээ дамжуулан худалдсан. Компани миний машиныг дамжуулан борлуулахдаа хүүгийн орлогоо тооцон алдагдалгүй авч байгаа нь үнэн болно.

Иймд хариуцагч “Н” ХХК-иас иргэн надад учирсан хохирол болох 12,500,000 төгрөгийг, Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийн хамт гаргуулан өгнө үү.

Анх би Нэткапитал корпорацид өргөдөл өгсөн. Тэгээд манай ажилчны буруу байгаа юм. Та түр хүлээнэ үү гэсэн албан бичиг өгсөн. Дараа нь компанийн нэр буруу байна Сүхбаатар лизингээр явсан байна гээд буцаж ирсэн. Одоо Сүхбаатар лизингээс шаардаж байгаа.” гэв.

 

Хариуцагч “Н” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон “НЛ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энх-Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа Ц.Ргийн нэхэмжлэлтэй “Неткапитал финанс корпораци ББСБ” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа И.Энх-Амгалан миний бие шүүхэд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч нь тус компаниас 12,500,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Ингэхдээ Н.Э гэх зээлдэгчийн “Сүхбаатар-НЛ” ХХК-иас авсан зээлтэй нь холбогдуулан тус компанийг дээрх мөнгийг хариуцан төлөх ёстой гэжээ.

Гэвч манай компанийн зүгээс тус төлбөрийг хариуцан төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь Н.Э гэх зээлдэгчийн “Сүхбаатар-НЛ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ/нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурьдсан байна/-тэй холбоотой үүссэн асуудалд манай компани нь ямар ч хамааралгүй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Өмнөх хуралдаанууд дээр 12,500,000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй гэж мэдүүлдэг. Энэ нь өөрөө үндэслэлгүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байдаг. 5,000,000 төгрөг “НЛ” ХХК-ийн дансанд огт орж ирээгүй учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй. 7,500,000 төгрөгийн хувьд Н.Эт шилжүүлэх үүргээ “НЛ” ХХК-ийн зүгээс биелүүлсэн учраас мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “Н” ХХК, “НЛ” ХХК-ийн өмгөөлөгч Д.Алтансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл мөн нэхэмжлэлээ тодорхойлж байгаа байдал нэгдүгээрт маш тодорхойгүй, ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд хэргийг шийдвэрлэхэд төвөгтэй байдал үүсээд байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаар яг аль байгууллагыг татаад байгаа юм. Сүхбаатар лизингийг татаад байгаа юм уу эсхүл “Н” ХХК-ийг татаад байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй байна. Хэрвээ 2 байгууллагаас нэхэмжилж байгаа тохиолдолд аль байгууллагаас хэдэн төгрөгийг нэхэмжилж байгаа гэдэг нь ойлгомжгүй байна. 12,500,000 төгрөг гэж яриад байна, нэг болохоор 7,500,000 төгрөг гэж яриад байна. 5,000,000 төгрөгөөсөө татгалзсан юм уу гэж ойлгогдохоор байна. Өөрөөр хэлбэл хариуцагч өөрөө нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа зүйл дээр хариу тайлбар өгөх ёстой. Сая итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс төсөөллөөр ингэж яриад өмнөх хуралдаанууд дээр гаргаж байсан тайлбар үндэслэлүүдийн тодорхой хэмжээнд дурдаж тайлбараа гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхойлж чадахгүй байгаа тохиолдолд үүнийг тодорхой болгох ёстой. Өөрөөр хэлбэл хууль зүйн туслалцаа авах боломжийг шүүхээс олгож хуралдааныг хойшлуулах арга хэмжээ авах шаардлагатай юм болов уу гэж би харж байна. Шүүгч ч гэсэн өөрөө хэцүү байдалд орно. Нэхэмжлэгч яаг юу нэхэмжлээд байгаа нь өнөөдрийн хуралдааны явцад ойлгомжгүй харагдаад байна. Ц.Р гэдэг хүн  “НЛ” ХХК-тай ямар нэгэн гэрээний эрх зүйн болон аливаа иргэний эрх зүйн харилцаанд оролцоогүй. Оролцоогүй гэдгээ яаж нотолж байгаа вэ гэхээр хавтаст хэрэгт хариуцагч болоод байгаа компаниуд Ц.Ртай ямар нэгэн гэрээ контракт албан ёсоор байгуулсан баримт бичиг авагдаагүй. Энд гуравдагч этгээд гээд ороод ирсэн байна. Гуравдагч этгээдтэй зээлийн харилцаа үүсгэсэн. Автомашин худалдах, худалдан авах зориулалтаар  “НЛ” ХХК-иас 7,500,000 төгрөгийн зээл олгосон. Н.Этай Иргэний хуульд заасан зээлийн харилцаанд оролцсон. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу Зээлийн гэрээ байгуулаад оролцсон. Энэ зээлийн харилцаа дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл Н.Э зээлээ эгүүлээд төлсөн. Бид нарын зүгээс тухайн худалдан авсан машиныг Н.Эын өмчлөлд шилжүүлээд буцаагаад өгсөн. Бид нарын хооронд үүссэн харилцаа нэгэнт дууссан. Иймд Ц.Р гуай ямар хуулийн ямар шаардлагын хүрээнд шаардах эрхээ тодорхойлоод  “НЛ” ХХК-иас 12,500,000 төгрөг юм уу, 7,500,000 төгрөгийг нэхэмжлээд байна гэдэг нь ойлгомжгүй, тодорхойгүй. Хавтаст хэрэгт гуравдагч этгээд Н.Э машины үнэ болох 12,500,000 төгрөгийн 30 хувь болох 5,000,000 төгрөгийн Ц.Ргийн баримт байгаа. Өөрөөр хэлбэл 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 5011119214 дугаар данс руу Н.Э автомашины урьдчилгаа төлбөр гээд шилжүүлсэн баримт хавтаст хэрэгт авагдсан. Урьдчилгаагаа төлөх чадамжтай этгээд мөн байсан учраас зээл олгож компанийн зүгээс 7,500,000 төгрөгийн зээл олгосон. Энэ зээлийн харилцаа нэгэнт дуусгавар болсон өнөөдөр Зээлийн гэрээтэй холбоотой аливаа нэгэн эрх зүйн үр дагавар бүхий харилцаанд ороогүй учир гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Сүхбаатар НЛ болон зээлдэгч Н.Э нарын хувьд Ц.Р гуай гуравдагч этгээд болж байгаа. Гуравдагч этгээд энэ зээлийн харилцаанд оролцсон “НЛ” ХХК-иас нэхэмжлэх ямар эрх зүйн үндэслэл байна гэдэгт өмгөөлөгчийн зүгээс ойлгомжгүй байна. Олгох боломжгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна.” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Э шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Н.Э нь 2020.04.25-ны өдөр иргэн Ц.Ргаас Тоёота cate ace маркийн авто машин авсан. Нэткапиталаас зээлээр авсан. Одоо цаг тухай бүрт нь өгч байгаа. Машин борлуулсан Ц.Рд 2020.10.20 хүртэл ямар ч мөнгө өгөөгүй байна.

Нэткапиталын санхүүчтэй нь утсаар лавлахад бид нар мэдэхгүй. Төв газар л мэдэж байгаа гэсэн хариу өгөөд байгаа. Би энэхүү тайлбарыг нэхэмжлэгч талыг төлөөлж оролцож байна.

Би 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 5 цаг 35 минутад Ц.Р гуайг дагуулаад бид 2 хамт Худалдаа хөгжлийн банк дээр очоод дансаа шалгуулсан. Гэтэл Гигант брос гээд компанийн данс байж таарсан. Та нар өөрсдөө ч гэсэн шалгуулаад үзээрэй. Тэгэхээр би буруутан болох гээд байна. Компанийн данс байж байгаа мөртлөө миний нэр дээр шилжүүлсэн гээд яагаад худлаа яриад байгаа юм.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                     

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Р хариуцагч “Н” ХХК, хариуцагч “НЛ” ХХК-д холбогдуулан нийт 12 500 000/арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч “Н” ХХК нь Н.Э гэх зээлдэгчийн зээлийн гэрээтэй холбоотой үүссэн асуудалд манай компани нь ямар ч хамааралгүй болно гэж маргасан.

 

Хариуцагч “НЛ” ХХК нь зээлийн гэрээний 2.2-т заасан үүргээ биелүүлсэн, өөрөөр хэлбэл дундын түр данс нээгээд тэр дансандаа 7 500 000/долон сая таван зуу мянга/ төгрөгийг шилжүүлсэн гэж маргасан.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Э нь машин борлуулсан Ц.Рд 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ямар ч мөнгө өгөөгүй гэх тайлбар гаргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Тоёота Лайте эйсе/Toyota Lite ace/ маркийн тээврийн хэрэгслийг импортолсон болох нь Гаалийн ерөнхий  газрын 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн № 01-2/1414 албан бичиг болон түүний хавсралтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Этай Тоёота Лайте эйсе/Toyota Lite ace/ маркийн тээврийн хэрэгслийг 12 500 000/арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, №407202733 Зээлийн гэрээний болон №407202733 Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь Тоёота Лайте эйсе/Toyota Lite ace/ маркийн тээврийн хэрэгслийн урьдчилгаа төлбөрт нэхэмжлэгчид 5 000 000/таван сая/ төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, “Хаан банк” ХХК дахь 5011119214 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөр болох 7 500 000/12500000-5000000=7500000/ /долоон сая таван зуун мянга/ төгрөгийг зээл авч төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, №407202733 Зээлийн гэрээний болон №407202733 Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь хариуцагч “НЛ” ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 7 500 000/долоон сая таван зуун мянга/ төгрөгийг, сарын 2.90/хоёр зууны ер/ хувийн хүүтэй, 12/арван хоёр/ сарын хугацаатай шилжүүлэн авах Зээлийн гэрээ байгуулсан болох нь 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн №407202733 Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь №407202733 Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хариуцагч “НЛ” ХХК-ийн өмчлөлд Тоёота Лайте эйсе/Toyota Lite ace/ маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлсэн болох нь 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн №407202733 Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Э Тоёота Лайте эйсе/Toyota Lite ace/ маркийн тээврийн хэрэгслийн үнийг бүрэн төлж барагдуулаагүй байхад Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар уг тээврийн хэрэгслийг “НЛ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрсөн болох нь нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, №407202733 Зээлийн гэрээний болон №407202733 Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

№407202733 Зээлийн гэрээнд зааснаар хариуцагч “НЛ” ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд 7 500 000/долоон сая таван зуун мянга/ төгрөгийг шилжүүлэх үүрэг хүлээсэн боловч уг мөнгийг Н.Эын гэх 407202732 тоот түр дансанд байршуулсан байх боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Э нь уг мөнгийг бэлнээр аваагүй, 407202732 тоот дансанд зээлийн төлөлтийг хийж байсан болох нь 407202732 тоот Депозит дансны хуулга, 407202733 тоот Зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь 7 500 000/долоон сая таван зуун мянга/ төгрөгийн зээлийг бодитойгоор аваагүй байх боловч хариуцагч “НЛ” ХХК-д 7 500 000/долоон сая таван зуун мянга/ төгрөгийн зээлийг бүрэн төлж барагдуулсан болох нь 407202732 тоот Депозит дансны хуулга, Автотээврийн үндэсний төвийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн мэдээллээр тогтоогдож байна.

 

Хариуцагч “НЛ” ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд 7 500 000/долоон сая таван зуун мянга/ төгрөгийг бодитойгоор олгоогүй байх тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь нэхэмжлэгчид 7 500 000/долоон сая/ төгрөгийг төлөөгүй байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:”, 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд ... үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон;”, 493 дугаар зүйлийн 493.2-т “Үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас ... олж авсан этгээд түүний үнийг төлнө.гэж заасан.

 

          Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж “НЛ” ХХК-д Тоёота Лайте эйсе/Toyota Lite ace/ маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлсэн байх боловч хариуцагч “НЛ” ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд 7 500 000/долоон сая таван зуун мянга/ төгрөгийг бодитойгоор шилжүүлэлгүй, 7 500 000/долоон сая таван зуун мянга/ төгрөгийн зээлийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр төлж барагдуулуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул хариуцагч “НЛ” ХХК-иас 7 500 000/долоон сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

          Нэхэмжлэгч нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тээврийн хэрэгслийн урьдчилгаа төлбөрт төлсөн 5 000 000/таван сая/ төгрөгийг хариуцагч “НЛ” ХХК-д төлсөн гэх тайлбар гаргаж байх боловч тус тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч “НЛ” ХХК-иас 5 000 000/12500000-7500000=5000000/ /таван сая/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

          Нэхэмжлэгч нь хариуцагч “Н” ХХК-иас 12 500 000/арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байх боловч хариуцагч “Н” ХХК нь нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдтэй Тоёота Лайте эйсе/Toyota Lite ace/ маркийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой гэрээ, хэлцэл байгуулаагүй байх тул хариуцагч “Н” ХХК-иас 12 500 000/арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

          Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “НЛ” ХХК-иас нийт 7 500 000/долоон сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Рд олгож, үлдсэн 5 000 000/таван сая/ төгрөгийг гаргуулах, “Н” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “НЛ” ХХК-иас нийт 7 500 000/долоон сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Рд олгож, үлдсэн 5 000 000/таван сая/ төгрөгийг гаргуулах, “Н” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Ргийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 214 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “НЛ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 134 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Рд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ХИШИГБАТ