Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2021/00692

 

 

 

 

 

 

                  2021       03          25  

                                181/ШШ2021/00692

          

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч: “ТИ” ХК-ийн

хариуцагч: “МД” ХХК-д холбогдох

гэрэний үүрэгт 5,905,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бүжинлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан тайлбартаа: “МД” ХХК нь 2017 онд “ТИ”ХК-иас цемент зээлээр худалдан авсан ба 2018 оны 8 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт эхлүүлж буй “Эрдэнэт эко хороолол”төслийн хүрээнд баригдаж буй амины орон сууцны барилгын ажилд зориулан дахин цемент зээлээр худалдан авсан. 20.905.900 төгрөгийн үлдэгдэл өр төлбөрөө яаралтай барагдуулахыг шаардаж удаа дараа “МД” ХХК-д албан бичиг өгсөн. “Монголдайван”ХХК-ийн захирал Дэлгэрбаяр, нягтлан бодогч нар танай өр авлагыг барагдуулна, мөнгө олж төлнө гэдэг, Дэлгэрбаяр захирлын гарын үсэгтэй албан бичгийг 2 удаа ирүүлсэн. Тус албан бичигт өр авлагыг барагдуулах талаар ажиллаж байна, өр төлбөрөө барагдуулахаа албан ёсоор илэрхийлж байна гэж бичсэн байгаа. Сүүлд ирсэн албан бичигт хуваарийн дагуу төлж дуусгана гэж бичсэн. Гэвч өр төлбөрөөс 5,905,900 төгрөг барагдуулаагүй. Манай компани нэхэмжлэл гаргахын өмнө ч гэсэн “МД”ХХК-д өр төлбөрөө барагдуулах талаар албан бичиг өгсөн. Ингээд төлөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.

МД ХХК-иас нэхэмжилж байгаа үнийн дүн бол зүгээр нэг зохиогоод бичсэн зүйл биш. Манайх хувьцаат компани учраас жил бүр Санхүүгийн зохицуулах хороо болон Хөрөнгийн биржид санхүүгийн тайлангаа улирал, жилээр нь тайлагнаж ажилладаг. Манай компани Монгол Улсын Олон улсын стандартад нийцсэн санхүүгийн программ хэрэглэдэг. Нэхэмжлэлийн дүн бол тус программын дагуу гарсан үнийн дүн. “МД”ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч “МД” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Дэлгэрбаяр шүүхэд нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “ТИ” ХК нь “МД” ХХК-д холбогдуулан худалдан авсан цементийн үлдэгдэл төлбөр гэх 5,905,900 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч “МД” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж, тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ ийнхүү илэрхийлж байгаа болно. Хариуцагч талын зүгээс тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа, үндэслэлээ уг хэргийн хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр дэлгэрэнгүй тайлбарлах болно гэжээ.  

Зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл баримтын хуулийн шаардлага хангасан нотлох баримт зэргийг шинжлэн судлаад                                               

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ТИ” ХК нь хариуцагч “МД” ХХК-д холбогдуулан, гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 5 905 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн үндэслэлээ зээлээр худалдаж авсан цементийн үлдэгдэл төлбөрийг төлнө гэсэн хэдий ч төлөөгүй гэж гаргуулахаар шаардлагаа дэмжиж оролцлоо.

Хариуцагч “МД” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргана.

Шүүх хуралдаанд хариуцагч тал хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэлийг гардан аваад шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлсэн.

Хариуцагч компанийн захирлаас 2020 оны 5 сарын 26-ны өдөр олгосон итгэмжлэлээр компанийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргээ итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туяажаргалд шилжүүлсэн.

Шүүх 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийн талаар тайлбарлан, нэхэмжлэлийн хувийг гардуулж, нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн 6 хуудас баримттай танилцуулан, 2020 оны 06 сарын 09-ний өдрийн дотор хариу тайлбар болон холбогдох баримтыг хуулийн шаардлага хангасан хэлбэрээр ирүүлэхийг даалгасан.

Хариуцагч 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлд хариу тайлбар бичиж ирүүлснээр хэргийг хэлэлцэхээр шийдвэрлэж, зохигч талууд 2020 оны 09 сарын 11-ний өдөр шүүхэд товлосон хуралдаанд хүрэлцэн ирснээр талуудыг хэрэгтэй танилцуулсан ба хуралдааны явцад талуудаас гаргасан хүсэлтийг хэлэлцэн нэхэмжлэгч талын шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахуулах хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул зохигчдод гомдол гаргах эрх боломжийг хуульд зааснаар олгож, хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн.

2020 оны 03 сарын 19-ний өдөр шүүх хуралдааныг 2021 оны 03 сарын 25-ны өдрийн 11 цаг 30 минутад товлон, энэ өдрөө хариуцагчийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн тухай хуралдааны товыг итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туяажаргалын гар утсаар мэдэгдэхэд хүлээн авсан, мөн 2021 оны 3 сарын 20-ны өдөр хариуцагч “МД”ХХК-д шүүхийн мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлсэн болох нь шүүхийн мэдэгдэх хуудас, шүүхийн ажилтны тэмдэглэл/хэргийн 69-72/ баримтуудаар нотлогдоно.

Мэдэгдэх хуудсанд нэхэмжлэлд дурдсан болон хариуцагчийн төлөөлөгч өөрийн гараар шүүхэд бичиж өгсөн, хариу тайлбарын баримтад оршин байрлах хаягийг бичсэн хаягаар хариуцагч компанийг дуудах ажиллагаа хийгдсэн, “Монгол шуудан”компанийн тэмдэг дарагдаж шуудангийн хүргэлтийн ажилтны тэмдэглэлд бичигдсэнээр, “уг хаягт “МД”ХХК оршин байрлахаа больсон, нүүсэн”гэж тэмдэглэсэн байх ба тус Сүхбаатар дүүргийн 5-р хорооны засаг даргын тодорхойлолтоор хариуцагч“МД”ХХК-ийг уг хаягт бүртгэлгүй оршин байрладаггүй тухай тэмдэглэжээ.

Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх хуульд заасан үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, түүний байрлаж байсан хорооны Засаг даргад хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцохоор зохицуулснаар харриуцагч“МД”ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас хүргэгдсэн гэж үзэх үндэслэл болно.

Шүүх хуралдааны товыг хариуцагч талд мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ямар нэг шалтгаангүй хүрэлцэн ирээгүй байгаа нь хариуцагчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж үзэх үндэстэй.

Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж, хариуцагч талын эзгүйд хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т нийцнэ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Талуудын хооронд цемент худалдах худалдан авах хэлцлүүд хийгдэж байсан ба нэхэмжлэгч “ТИ” ХК хариуцагч “МД” ХХК-тай 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр цемент нийлүүлэх гэрээ байгуулж, худалдагч цементээ нийлүүлсэн, худалдан авагч “МД” ХХК-ийн захирлын 2017 оны 8 сарын 15-ны өдрийн 168 дугаартай албан бичгээр, тус компани Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт эхлүүлж буй “Эрдэнэт эко хороолол”төслийн хүрээнд баригдаж буй амины орон сууцны барилгын ажилд зориулан зээлээр худалдан авсан цементний үлдэгдэл төлбөр 20 905 900 төгрөгийг орон сууцны 8 хувийн ипотекийн зээлийн санхүүжилт зогссонтой холбоотойгоор төлбөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байгаа, төслийн хөрөнгө оруулалт хийсэн арилжааны банкуудтай тохиролцож ипотекийн зээлд хамруулах ажлыг зохион байгуулсны үндсэн дээр нэн даруй төлж барагдуулах тухай, мөн “МД” ХХК-ийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 199 дугаартай албан бичигт, нийт өглөг 20 905 900 төгрөгөөс  2017 оны 10 сарын 02-ны өдөр 10.000.000 төгрөг, үлдэгдэл 10.905.000 төгрөгийг 2017 оны 11 сарын дотор барагдуулах..”-ыг тус тус бичиж хүргүүлсэн үйл баримтад талууд маргаагүй.

Энэ нь талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.”Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.”гэж заасан агуулга бүхий худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна. 

Хариуцагч,түүний төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж бичсэн үндэслэлээ тайлбарлаагүй, шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй Иргэний хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 25 дугаар  зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн буруутай гэж үзэх үндэслэл болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл, 100 дугаар зүйлд тус тус зааснаар, шүүх нэхэмжлэгчээс гаргасан болон хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон бусад хэрэгт цугларсан баримт нотолгоог бичмэл баримтын хуулийн шаардлага хангасан баримтад үндэслэн үнэлж, дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс ирүүлсэн ХААН интернет банкны харилцагчийн 5024205007 дугаарын дансны хуулга/хэргийн 17-19дөх тал/ баримтад, харилцагч “ТИ”ХК гээд “лавлагаа Оюундэлгэр”гэсэн бичвэр бичигдсэн байгааг нэхэмжлэгч тал данс нь “ТИ”ХК-ийн харилцах данс, харин Оюундэлгэр гэж санхүүгийн ажилтан нь лавлагаа гаргуулсан нэр нь бичигдсэн болохыг тайлбарлаж байх ба нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн “ТИ”ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “ХААН Сансар ТТ 502420500дугаар төгрөгийн данс бүртгэгдсэн байгаа нь тус компанийн хрилцах данс болох нь нотлогдоно.

Нэхэмжлэгч“ТИ” ХК-ийн ХААН интернет банкны 5024205007 дугаарын дансны хуулгад, 2017 оны 01 сарын 25-ны өдөр “Дайвингаас цементний үнэ” утгатай 20 000 000 төгрөг, 2017 оны 10 сарын 03-ны өдөр “МД”-аас Дэлгэрбаяр Сүхээ” утга бичигдэн 10000000 төгрөг, 2017 оны 12 сарын 25-ны өдөр “mongoldaivin” утга бичигдэн 5.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна.

            Хариуцагч “МД” ХХК-ийн маргаагүй баримт болох “МД” ХХК-ийн албан бичигт,“..нийт өглөг 20 905 900 төгрөгөөс  2017 оны 10 сарын 02-ны өдөр 10.000.000 төгрөг, үлдэгдэл 10.905.000 төгрөгийг 2017 оны 11 сарын дотор барагдуулах..”гэж бичсэнээр, хариуцагч нь нэхэмжлэгчид цементний үнэнд 2017 оны 8 сарын 15-ны өдрийн байдлаар нийт өглөг 20 905 900 төгрөг байсан, үүнээс нэхэмжлэгчийн дансанд 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 10 000 000 төгрөг, 2017 оны 12 сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөгийг тус тус шилжүүлэн төлсөн, 5 905 900 төгрөгийг нь төлөөгүй үлдсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, “ТИ” ХК-ийн харилцагчийн дансны хуулга, хариуцагч компанийн 2017 оны 8 сарын 15-ны өдрийн 168, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 199 дугаартай /хэргийн 5, 20дох тал/ албан бичгүүдээр тус тус нотлогдож, нэхэмжлэгч төлөгдөөгүй мөнгөө Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар шаардах эрхтэй  байна.

            Хариуцагч “МД” ХХК нь нэхэмжлэлийг үл зөвшөөрч байгаа үндэслэл тайлбар гаргаагүй, нэхэмжлэлийг үгүгйсгэх холбогдох баримт нотлогоо ирүүлэлгүй хуулиар хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлээгүй буруутай, нэхэмжлэл үгүйсгэгдэхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэл болж байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тооцон зохигч талуудад хариуцуулах үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3., 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118-д тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн  243.1-д заасныг баримтлан хариуцагч “МДХХК-иас 5,905,900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч“ТИ” ХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн 2020 оны 05 сарын 08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,444 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагч “МД”ХХК-иас 109,444 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ТИ”ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.УРАНЧИМЭГ