Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01789

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01789

 

Т ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2021/01900 дугаар шийдвэртэй

Т ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М ХХК-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5 905 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бүжинлхам шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ганцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бүжинлхам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХК М ХХК-тай 2016 онд гурван удаа буюу 2016 оны 6 дугаар сарын 03, 2016 оны 7 дугаар сарын 19, 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр тус тус цемент нийлүүлэх гэрээ байгуулсан. Дээрх гэрээнүүдэд зааснаар Хөтөл цементийн нэгжийн үнийг тонн тутамд 162 000 төгрөг байхаар тохиролцсон тул уг үнээр нийтдээ 2016 онд 219 783 300 төгрөгийн цемент нийлүүлсэн. Хариуцагч байгууллага энэ хугацаанд 213 877 000 төгрөгийг бэлэн, бэлэн бусаар төлсөн. Үлдэх 5 905 900 төгрөгийг өнөөг хүртэл төлөөгүй байгаа тул гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хамгийн сүүлд хариуцагч байгууллагаас 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн албан бичгээр төлбөрийн үлдэгдэл 20 905 900 төгрөг байгаагаас 10 000 000 төгрөгийг төлж, үлдэх 10 905 900 төгрөгийг удахгүй төлөхөө илэрхийлж байсан. Үүнээс хойш 2017 оны 12 дугаар сарын 25-нд 5 000 000 төгрөгийг төлж үлдэх хэсгийг төлөөгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туяажаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 5 дугаар сард нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч байгууллага үлдэгдэл үлдсэн бараа материал авсан эсэх талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй буюу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй болно. Нэхэмжлэгч үндэслэлээ хариуцагч байгууллагын албан бичиг дэх дүн болон тооцоо нийлсэн актыг үндэслэл болгож байх хэдий ч тооцоо нийлсэн актад хариуцагч гарын үсэг зураагүй. Гурван гэрээний дагуу цемент хүлээн авсан гэдгийг зөвшөөрч байна. Төлсөн дүнд мөн маргахгүй. Харин хамгийн сүүлд 7 290 000 төгрөгийн цемент хүссэн албан бичгийг манайх өгсөн нь үнэн ч энэ цементийг манайд өгөөгүй болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар М ХХК-аас 5 905 900 /таван сая есөн зуун таван мянга есөн зуун/ төгрөг гаргуулж, Техник- импорт ХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109 444 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 109 444 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШЗ2020/11677 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.  

Хариуцагчийн төлөөлөгч С.Дэлгэрбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч Техник Импорт ХК нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 16 тоот Цемент нийлүүлэх гэрээ-гээр 650 тонн цементийг тонн тутамд 162 000 төгрөгөөр тооцож 105 300 000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч уг гэрээгээр 320 тонн 51 840 000 төгрөгийн цемент нийлүүлсэн, мөн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 20 тоот Цемент нийлүүлэх гэрээ-гээр 640 тонн цементийг тонн тутамд 162 000 төгрөгөөр тооцож 103 680 000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч уг гэрээгээр 150 тонн 24 540 000 төгрөгийн цемент нийлүүлсэн, мөн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 27 тоот Цемент нийлүүлэх гэрээ-гээр 1024 тонн цементийг тонн тутамд 162 000 төгрөгөөр тооцож 165 888 000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч уг гэрээгээр 597,07 тонн 94 992 300 төгрөгийн цемент тус тус нийлүүлсэн. Ингээд дээрх 3 гэрээний дагуу нийт 171 372 300 төгрөгийн цемент нийлүүлэгдсэн. Харин дээрх 3 гэрээнээс гадуур М ХХК-н 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 217 тоот албан бичгийг үндэслэж 21 060 000 төгрөгийн цементийг, мөн 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн падаанаар 20 061 000 төгрөгийн цементийг, мөн М ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 301 тоот албан бичгийг үндэслэж 7 290 000 төгрөгийн цементийг тус тус нийлүүлж энэ нь гэрээнээс гадуур нийт 48 411 000 төгрөгийн үнэ бүхий цемент нийлүүлэгдсэн. Нийт гэрээгээр болон гэрээгүйгээр 219 783 300 төгрөгийн цемент нийлүүлснээс М ХХК нь өнгөрсөн хугацаанд 213 877 400 төгрөгийн цементийн үнийг төлж, одоо 5 905 900 төгрөгийн цементийн төлбөрийг төлөөгүй үлдсэн байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байдаг. Ингээд дээрх 3 гэрээний дагуу нийлүүлэгдсэн цементийн падаанууд болон мөн гэрээгүйгээр нийлүүлэгдсэн гэх 21 060 000 төгрөг болон 20 061 000 төгрөгийн цементийн падааныг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч харин гэрээгүйгээр нийлүүлэгдсэн гэх 7 290 000 төгрөгийн цементийн падааныг шүүхэд гаргаж өгөөгүй буюу уг цемент нийлүүлэгдсэн гэдгийг нэхэмжлэгч тал баримтаар нотолж чадаагүй юм. Гэтэл анхан шатны шүүх уг маргааны зүйл болж буй 7 290 000 төгрөгийн цементийг талуудын хооронд байгуулагдсан дээрх 3 гэрээний дагуу нийлүүлсэн гэж дүгнэж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 211 дүгээр зүйлийн 211.2, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн тайлбарлаж, манай М ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 301 тоот албан бичигт Х ХХК-н захирал Р.Мөнгөншагайд 45 тонн 7 290 000 төгрөгийн цементийг танай компанитай хийсэн гэрээний дүнгээс шилжүүлж өгөхийг хүссэн гэж үзэж 7 290 000 төгрөгийн цементийг гэрээний дагуу хүлээн авсан байна хэмээн нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага болох 5 905 900 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь хэдийгээр манай М ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дээрх албан бичгийг Техник Импорт ХХК-руу хүргүүлж байсан нь үнэн боловч яг уг албан бичгийн дагуу манай компанид болон уг албан бичигт дурдагдсан Х ХХК-д дээрх 7 290 000 төгрөгийн үнэ бүхий цемент нийлүүлсэнийг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй буюу нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа хангалттай нотлоогүй байтал нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5 905 900 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч байгууллагад 219 783 300 төгрөгийн цемент нийлүүлсэн, цементийн үнэд 213 847 000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар төлсөн, үлдэх 5 905 900 төгрөгийг төлөөгүй гэж,

хариуцагч байгууллага ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотлоогүй, манай байгууллага 7 290 000 төгрөгийн цемент хүссэн албан бичгийг өгсөн нь үнэн ч цементийг хүлээж аваагүй гэж тус тус тайлбарласан байна.

Зохигчид 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 27 тоот Цемент нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч Хөтөл, OPS42.5 маркийн 650 тонн цементийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр, худалдан авагч тонныг нь 162 000 төгрөгөөр тооцож 105 300 000 төгрөг төлөх,

мөн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 20 тоот Цемент нийлүүлэх гэрээ байгуулж, тонныг нь 162 000 төгрөгөөр тооцон 103 680 000 төгрөгийн үнэ бүхий 640 тонн цемент нийлүүлэх,

2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 27 тоот Цемент нийлүүлэх гэрээ-ээр тонныг нь 162 000 төгрөгөөр тооцон 165 888 000 төгрөгийн үнэ бүхий 1024 тонн цемент нийлүүлэхээр тус тус тохиролцжээ. /хх.21, 22, 132-135/

Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан, зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд худалдан авагч худалдан авсан эд хөрөнгийн үнийг төлөөгүй тохиолдолд худалдагч нь худалдан авагчаас худалдсан эд хөрөнгийн үнээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Хариуцагч М ХХК-аас Т ХК хүргүүлсэн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 168 тоот албан бичгээр үлдэгдэл төлбөр 20 905 900 төгрөгийг, мөн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 199 тоот албан бичгээр манай компанийн нийт өглөг 20 905 900 төгрөгөөс 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 10 000 000 төгрөг төлөгдсөн, үлдэгдэл 10 905 900 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын дотор төлж барагдуулах талаар мэдэгдэж байжээ. /хх.5, 17-19, 20/

Түүнчлэн хэргийн 131 дүгээр талд М ХХК-аас Т ХК-д 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 301 тоот албан бичгээр Х ХХК-ийн захирал Р.Мөнгөншагайд 45 тонн 7 290 000 төгрөгийн цементийг манай компанитай хийсэн гэрээний дүнгээс шилжүүлж өгнө үү гэсэн албан бичгийг хүргүүлж байжээ.

Хаан банк ХХК-ийн харилцагчийн дансны хуулгаас үзэхэд М ХХК-аас Т ХК-д 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 10 000 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөг шилжүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй. /хх.18-19/

Дээрх бичгийн баримтуудаас үзэхэд хариуцагч байгууллага 20 905 900 төгрөгийн үлдэгдэлтэй болохоо хүлээн зөвшөөрч, 15 000 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 5 905 900 төгрөгийг төлөхөө илэрхийлж байсан болох нь тогтоогджээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэж хариуцагч байгууллагаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5 905 900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид байгууллагад олгосон нь хууль зүйн үндэслэлтэй.

Хариуцагчийн төлөөлөгчийн ...Х ХХК-д нийлүүлсэн цементийн үнийг гаргуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэсэн гомдлыг хангах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2021/01900 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч М ХХК-ийн төлсөн 109 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ц.ИЧИНХОРЛОО