Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/01067

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/01067

 

 

 

 

 

 

“Т.И” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/00692 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Т.И” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “М.Д” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 5 905 900  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:М.Д” ХХК  2018 оны 8 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр суманд Эрдэнэт эко хороололын барилгын ажилд зориулан дахин цемент зээлээр худалдан авсан. Үлдэгдэл төлбөр 20 905 900 төгрөгийг яаралтай барагдуулахыг удаа дараа шаардаж албан бичиг хүргүүлсэн. “М.Д” ХХК-ийн захирал н.Д-ын гарын үсэгтэй албан бичигт өр авлагыг барагдуулна, төлбөрийг хуваарийн дагуу төлж дуусгана гэх хариу ирүүлсэн боловч төлбөрөө барагдуулаагүй байна. Хариуцагч “М.Д” ХХК-аас худалдан авсан цементийн үлдэгдэл 5 905 900 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй, үндэслэлээ уг хэргийн хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр дэлгэрэнгүй тайлбарлах болно гэжээ.

Шүүх:  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “М.Д”ХХК-иас 5 905 900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т.И” ХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн 2020 оны 05 сарын 08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109 444 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагч “М.Д” ХХК-иас 109 444 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  “Т.И” ХК-д олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагч давж заалдах гомдолдоо: 1.Нэхэмжлэлийн шаардлагад “Т.И”-ийн гүйцэтгэх захирал Д.Г гэх хүн гарын үсэг зурсан байдаг бөгөөд Д.Гийг тус компаний захирал болох талаарх баримт хэрэгт авагдаагүй, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдээгүй байна. Д.Гийг гүйцэтгэх захиралаар томилогдсон гэх тус компанийн ТУЗ-ийн 9 хүний гарын үсэгтэй “Гүйцэтгэх захирал томилох тухай” тушаалыг нотлох баримтаар хавсаргаж өгсөн боловч мөн л тухайн компанийн ТУЗ нь дээрх нэр бүхий 9 гишүүн мөн гэдгийг нотолсон баримт байхгүй. Иймд нэхэмжлэлийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд гаргасан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй юм. Гэтэл нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            2.2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шүүх хуралдаан товлогдсон бөгөөд хурлыг шүүхийн санаачлагаар хойшлуулсан. Дараагийн шүүх хуралдааныг 7 хоногийн дараа буюу 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 10:00 цагт зарлаж, гарын үсэг зуруулж авсан боловч тухайн өдөр хурал болоогүй, шүүхийн зүгээс ямар шалтгаанаар шүүх хуралдаан болоогүй тухайгаа хэлээгүй бөгөөд дараагийн хуралдааныг жич товлоно гээд хойшлуулсан тул дараагийн шүүх хуралдааныг товлон зарлаж, албан ёсоор мэдэгдэхийг хүлээж байсан юм. Гэтэл хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүйгээр, хэргийн материалыг танилцуулаагүй, хариуцагчийн эзгүйд шүүх хуралдаан хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсгийн заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч “Т.И” ХК хариуцагч “М” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 5 905 900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч тал хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны үеэр “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэх үндэслэл заан, маргасан байна. /хх-38-39/

 

Анхан шатны шүүх уг маргаж буй асуудалтай холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан ажиллагаа явуулж, Улсын бүртгэлийн ерөнхий газраас хуулийн этгээдийн лавлагааг нотлох баримтаар гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулжээ. /хх-43-44/

 

Улсын бүртэлийн ерөнхий газраас шүүгчийн захирамжаар шаардсан нэхэмжлэгч “Т.И” ХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн шүүхэд ирүүлсэн байхаас гадна нэхэмжлэгч талаас компанийн дүрэм, зарлагын баримт зэрэг бичгийн баримтуудыг мөн шүүхэд гарган өгсөн байна. /хх-46,48-58, 63-64/

 

Шүүх дээрх шинээр ирсэн бичгийн нотлох баримтуудтай танилцах талаар хариуцагчид мэдэгдэх ажиллагаа явуулсан гэдэг нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрхийг хангасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлзэх зарчим хэрэгжсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Уг зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлд хамаарах учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг өөрөө мартсаны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болох нь хэргийн 73 дахь талд буй утсаар ярьсан тэмдэглэл гэх баримтаар нотлогдсон учир “шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.  

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/00692 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

           

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож,  14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

             

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                      ШҮҮГЧИД                                        Д.НЯМБАЗАР

                                                                                                Ч.ЦЭНД