Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2024/00306

 

“Ү” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2024/02074 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2024/01683 дугаар магадлалтай,

“Ү” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Х” ХХК, БНХАУ-ын Хж, “А” ГХОХХК-д тус тус холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,599,571,667 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, М.Ц, Д.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, М.Ц, Д.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.“Ү” ХХК нь “Х” ХХК, БНХАУ-ын Хж, “А” ГХОХХК-д тус тус холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,599,571,667 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2024/02074 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч “Х” ХХК, БНХАУ-ын хуулийн этгээд Хж-с чанарын баталгааны мөнгө 106,593 ам.доллар буюу 362,181,126 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ү” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ажлын гүйцэтгэлийн төлбөр, нэмэлт ажлын төлбөр 364,175 ам.доллар буюу 1,237,390,541 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “Ү” ХХК нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг батлаж, хариуцагч “А” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,197,830 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК, БНХАУ-ын хуулийн этгээд Хж нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,968,856 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2024/01683 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2024/02074 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Х” ХХК, БНХАУ-ын хуулийн этгээд Хж-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,599,571,667 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Ү” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын “үлдээж, хариуцагч “Х” ХХК, БНХАУ-ын хуулийн этгээд Хж-с улсын тэмдэгтийн хураамжид 1,968,856 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” гэснийг “үлдээсүгэй.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 6,345,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас төлсөн 1,968,856 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, М.Ц, Д.Б нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т зааснаар гомдол гаргаж байна.

4.1.Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний 45.1, 45.2-т зааснаар 362,181,126 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардсан нь үндэслэлтэй гэж үзсэн ч давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчид олгох 314,566.25 ам.долларт оруулан тооцоод уг дүнгээс 173,648.7 ам.долларыг чанарын шаардлага хангаагүй хэсгийг засварлах мөнгө болгон суутган авсан болох нь дээрх хэлэлцээр гэх баримтаар тогтоогдож байна гэж зөрүүтэй дүгнэлт хийсэн байна. Хавтаст хэргийн 2хх 75, 76-д байх “Тооцоо нийлсэн хэлэлцээр”, 2хх 78-д байх тооцоо нийлсэн акт зэргээр нэхэмжлэгчид олгох 314,566.25 ам.долларт оруулан тооцоогүй болох нь нотлогдож байхад нотлох баримтуудыг буруу үнэлж дүгнэн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн.

4.2.Давж заалдах шатны шүүх нотлох баримтуудыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, 167 дугаар зүйлийн 167.2-т тус тус заасныг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Үүнд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтууд болох 2020.04.01-ний өдрийн 04/424-19, 2020.02.17-ны өдрийн 02/378-19, 2020.03.24-ний өдрийн 03/414-19 тоот албан бичиг, 2021.01.07-ны тооцоо нийлсэн акт, 2024.04.22-ны 075 албан бичиг зэрэг нь гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой боловч уг доголдлыг хариуцагч компани арилгах ажлыг хийж гүйцэтгэж, гүйцэтгэхэд гаргасан зардлыг З-с доголдолтой холбоотой мөнгө суутгаагүй ажил гүйцэтгэх гэрээний дагуу санхүүжилтийг бүрэн олгосон гэх үйл баримтуудыг хөдөлшгүйгээр нотолдог бөгөөд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар эдгээр баримтууд хэрхэн, ямар нотлох баримтаар няцаагдаж байгаа талаар дүгнэлт хийгээгүй нь хууль зүйн үндэслэлгүй.

...2019.06.16-ны өдрийн Г-01/79 дугаартай гэрээний 1.4-т заасны дагуу манай компаниас ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхийн тулд зайлшгүй нэмэлт ажил хийх шаардлагатай болсон тул зөвлөх компаниар хянан баталгаажуулж гүйцэтгэсэн талаар “А” ГХОХХК-ийн ажилтан Ж.Ө гэрчээр оролцохдоо мэдүүлснээс гадна 2021.01.07-ны өдрийн тооцоо нийлсэн актаар нотлогддог. Гэтэл хариуцагч компани нь захиалагч компаниар батлуулах үүргээ биелүүлээгүйгээс нэмэлт ажлын санхүүжилт олгогдоогүй байх тул ажил гүйцэтгэх гэрээний хариуцлагын дагуу хариуцагч манай компанид олгох үүрэгтэй байхад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, М.Ц, Д.Б нарын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.11.21-ний өдрийн 001/ШХТ2024/01400 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

7.Нэхэмжлэгч “Ү” ХХК нь хариуцагч БНХАУ-ын хуулийн этгээд “Хж, Монгол Улсын хуулийн этгээд “Х” ХХК, “А” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ хэд хэдэн удаа өөрчилсөн ба эцсийн байдлаар “ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 590,020,080 төгрөг, 2020 онд хийж гүйцэтгэсэн нэмэлт ажлын төлбөр 647,370,461 төгрөг, чанарын баталгааны барьцаанд үлдээсэн 362,181,126 төгрөг, нийт 1,599,571,667 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч “А” ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзжээ.

Нэхэмжлэлийн үндэслэлээ “...гэрээнд заасан замын ажлыг гүйцэтгэж, 2019 оны 9, 10 сард хариуцагчтай тооцоо нийлсэн, үүний дараа 2021.01.07-ны өдөр мөн тооцоо нийлсэн бөгөөд үүгээр “...хариуцагч нь гүйцэтгэсэн ажлын зөрүү 140,917.55 ам.долларыг манайд олгох, ...ажлын доголдлыг гүйцэтгэж холбогдох газруудаар шалгуулсны дараа З-аас суутган авсан 173,648 ам.доллар буюу 590,020,080 төгрөгийг хариуцагчийн дансанд ормогц нэхэмжлэгчид шилжүүлэх, ...мөн 2020 оны нэмэлт ажлын төлбөр 647,370,461 төгрөг, чанарын баталгааны барьцаа 362,181,126 төгрөгийг өгөх”-өөр баталгаажуулсан гэж тодорхойлжээ.

Хариуцагч компаниуд нэхэмжлэлийг эс зөвшөөрч, БНХАУ-ын хуулийн этгээд “Хж-ийн охин компани болох Монгол Улсын хуулийн этгээд “Х” ХХК нь гэрээний тал биш учраас үүрэг үүсээгүй боловч Монголд явагдаж буй замын ажлыг манай өмнөөс хариуцан ажилласан, ажил гүйцэтгэх гэрээний 2.3-т “эхний 1,5 хувийн санхүүжилтийг олгосны дараа сар бүр ажлын гүйцэтгэлийг Зөвлөх (“А” ХХК болон захиалагчаас З) баталгаажуулсан тоо хэмжээнд үндэслэн төлбөрийн гэрчилгээгээр баталгаажуулж, хөлсийг туслан гүйцэтгэгчид шилжүүлнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг доголдолтой гүйцэтгэсэн тул гэрээг цуцалсан, гаргасан доголдол нь захиалагчийн хяналт, улсын байцаагчийн шаардлагаар тогтоогдсон тул зөвлөх болон захиалагч нар ажлын хөлснөөс 173,648 ам.долларыг суутган өгөөгүй, гэрээний 4.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ доголдлоо засаж хянуулсны дараа дээрх төлбөрөө авах боломжтой боловч доголдлыг засаагүй, бид өөр туслан гүйцэтгэгчээр доголдлыг засуулсан, ...хоёр талын тооцоо нийлсэн хэлэлцээрээр ажлаа дүгнэж нэхэмжлэгчид гүйцэтгэсэн ажлын хэмжээнд төлбөрийг нь бүрэн шилжүүлсэн гэж маргажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З шүүхэд гаргасан тайлбартаа “...нэхэмжлэлийн шаардлага нь зөвхөн хоёр талын хооронд үүссэн гэрээтэй холбоотой маргаан тул захиалагч байгуулага нь хамааралгүй бөгөөд гэрээнд дурдагдсан замын автозамын ажил бүрэн дуусгавар болоогүй, улсын комисс хүлээн аваагүй байгаа...” гэсэн байна.

8.Анхан шатны шүүх хариуцагч нараас баталгааны мөнгө 106,593 ам.доллар буюу 362,181,126 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ү” ХХК-д олгож, үлдэх нэхэмжлэлийг болон хариуцагч “А” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо “...2021.01.07-ны өдрийн талуудын “Тооцоо нийлсэн хэлэлцээр”-ээр гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээний дүн 314,566 ам.доллар болсон, 2019 онд хийж гүйцэтгэсэн ажлын чанарт асуудал гарсан гэж үзэн З-с 2019 оны 10 дугаар сард ажлын гүйцэтгэлийн дүнгээс 173,648.7 ам.долларыг чанарын шаардлага хангаагүй хэсгийг засварлах мөнгө болгон суутган авсан тул үлдэх 140,917.55 ам.долларыг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх, хэрэв “Ү” ХХК 2021.05.31-ний өдрөөс өмнө гүйцэтгэгч талын тавьсан шаардлагын дагуу засвар үйлчилгээ хийж холбогдох газруудаар тэнцсэн эсэхийг шалгуулсны дараа З-с суутган авсан мөнгө гүйцэтгэгч талын дансанд буцаан олгомогц “Ү” ХХК-д цаг алдалгүй шилжүүлэхээр тохирсон үйл баримтаас үзэхэд чанарын баталгаанд суутгасан 106,593 ам.доллар буюу 362,181,126 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, харин дээрх тооцоо нийлсэн баримтаар ажлын гүйцэтгэлийн хөлсний хэмжээг дүгнэсэн, уг мөнгийг захиалагч нь төлсөн тул ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 560,970,647 төгрөг, нэмэлт ажил гүйцэтгэсэн нь нотлогдоогүй тул төлбөр 364,175 ам.доллар буюу 1,237,390,541 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй ...” гэж дүгнэжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулсан ба “...талууд гэрээг дүгнэж тооцоо нийлэн, хэлэлцээр хийснээс хойш ажил гүйцэтгэгч “Ү” ХХК ажил үүрэг гүйцэтгээгүй, мөн хэлэлцээрт дурдсан ажлын доголдлыг арилгаагүй, улмаар талууд гэрээнээс татгалзсан байх ба доголдлыг арилгаагүй тул ажлын хөлснөөс суутгасан 173,648.7 ам.доллар буюу 590,020,080 төгрөг, нэмэлт ажил гүйцэтгэсэн болох нь нотлогдоогүй учир 2020 оны нэмэлт ажлын төлбөрт 190,527.48 ам.доллар буюу 647,370,461 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдлийг үндэслэлтэй гэж үзэж, харин тооцоо нийлсэн актын 1 дэх хүснэгтэд гүйцэтгэсэн ажлаас чанарын баталгааны барьцаа болгож 5%-иар тооцож суутгасан 106,593.46 ам.долларыг нэхэмжлэгчид олгох 314,566.25 ам.долларт оруулан тооцсон байхад хариуцагчаас гаргуулсан нь алдаатай байх тул барьцаа болох 362,181,126 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй...” гэж дүгнэсэн байна.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч талын гомдлыг хүлээн авч, хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх ажлын гүйцэтгэлийн баталгаа болох барьцаа хөрөнгийг буцаан шаардах эрхийн талаар зөрүүтэй дүгнэлт хийж, өөр өөр шийдэл гаргасан байх ба ажлын хөлсний үлдэгдэл, нэмэлт ажлын хөлс гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тухайд ижил дүгнэлт хийсэн байна.

10.Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч “Ү” ХХК болон хариуцагч БНХАУ-ын хуулийн этгээд “Хж нар 2019.06.16-ны өдөр Г-01/79 тоот Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг сэргээн засварлах: Б-Х хүртэл замыг сэргээн засварлах нийт 37,26 км замын ажлаас “Ү” ХХК нь ПК17,26-ээс ПК37,26 хүртэлх 20 км хатуу хучилттай замын ажлыг 2019.06.16-2019.11.01 дотор бүрэн дуусган ашиглалтад оруулах, захиалагч “Хж нь 5,264,474.12 тооцох нэгж (ам.долларын) ажлын хөлс төлөхөөр харилцан тохиролцжээ.

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг сэргээн засварлах нийт 37,26 км замын ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөлд гэрээт ажлын захиалагч нь Монгол Улсын З, санхүүжүүлэгч байгууллага нь АХ, гүйцэтгэгч нь БНХАУ-ын хуулийн этгээд “Хж, зөвлөхөөр “А” ХХК, туслан гүйцэтгэгч нь “Ү” ХХК байна гэж заажээ. Хариуцагч Монгол Улсын хуулийн этгээд болох “Х” ХХК нь дээрх гэрээний гүйцэтгэгч тал болох БНХАУ-ын хуулийн этгээд “Хж-ийн охин компани гэх бөгөөд дээрх гэрээг хариуцан ажилласан талаар маргаагүй.

Нэхэмжлэгч “Ү” ХХК нь туслан гүйцэтгэгчийн хувьд ажлыг эхлүүлсэн боловч талууд гэрээг цуцалж, 2021.01.07-ны өдөр “Тооцоо нийлсэн хэлэлцээр” гэх баримтаар ажлын гүйцэтгэлийг дүгнэсэн байна.

Уг баримтад “...“Ү” ХХК-ийн нийт хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээний дүн 314,566 ам.доллар болсон боловч 2019 онд хийж гүйцэтгэсэн ажлын чанарт асуудал гарсан гэж үзэн З-с 2019 оны 10 дугаар сард нийт ажлын гүйцэтгэлийн дүнгээс 173,648.7 ам.долларыг суутган авсан тул ажлын гүйцэтгэлийн дүн 314,566 ам.доллараас 173,648.7 ам.долларыг хасаж 140,917,55 ам.долларыг төлөх, чанарын шаардлага хангаагүй хэсгийг “Ү” ХХК 2021.05.31-нээс өмнө гүйцэтгэгч талын тавьсан шаардлагын дагуу засвар үйлчилгээ хийж холбогдох газруудаас тэнцсэн эсэхийг шалгасны дараа З-с суутган авсан мөнгө гүйцэтгэгч талын дансанд буцаан олгомогц “Ү” ХХК-д цаг алдалгүй шилжүүлэх, ...“Ү” ХХК-ийн нэмэлт ажлын гүйцэтгэл болох 190,527.48 ам.доллар дээрх дүнд ороогүй. Энэ нь холбогдох газруудаар баталгаажаагүй дүн юм… талууд холбогдох газруудаар батлуулсны дараа “Ү” ХХК-д гүйцэтгэгч тал нэгж үнийн дагуу төлбөрийг төлнө.” гэсэн тохиролцоо тусгагджээ.

Уг хэлэлцээрийн дагуу хариуцагч нь нэхэмжлэгч “Ү” ХХК-д 2021.01.07-ны өдөр 140,917.55 ам.долларыг шилжүүлсэн байна.

Дээрх үйл баримтыг талууд маргаагүй ба гагцхүү ажлын үлдэгдэл төлбөр, чанарын баталгаа, нэмэлт ажлын хөлс төлөх эсэх талаар маргажээ.

11.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 347 дугаар зүйлийн 347.1-д “ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд (туслан гүйцэтгэгч)-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно” гэж заасан хэм хэмжээг нэхэмжлэлийн үндэслэл гэж үзсэн шүүхийн хууль хэрэглээ оновчтой болсон байна.

Хоёр шатны шүүх гэрээний төрөл, гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээг цуцалсан хийгээд үр дагаврыг Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэх замаар, хууль зүйн дүгнэлт хийжээ.

11.1.Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх, ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг хариуцах үндсэн үүрэгтэй.

Шийдвэрийн үндэслэл болсон ажил гүйцэтгэх гэрээ, түүнчлэн гэрээг цуцалж, ажлаа дүгнэсэн агуулгатай талуудын байгуулсан 2021.01.07-ны өдрийн тооцоо нийлсэн баримтад тусгаснаар нэхэмжлэгч нь ажлын доголдлыг засаж, холбогдох байгууллагаар хянуулсны дараа хөлс 173,648 ам.долларыг авах эрхтэй байсан байна.

Нэхэмжлэгч “Ү” ХХК нь тогтоосон хугацаанд доголдлыг арилгаагүй болох нь Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2021.07.29-ний өдрийн 01-07-035/91 тоот албан шаардлага, 2022.05.25-ны өдрийн Асфальтбетон хучилтад үүссэн гэмтлийг урт хугацаанд засварлах батлагдсан аргачлал хойшлогдоод байгаа тухай лавлагаа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, гэрээнд заасан авто замын ажлыг улсын комисс хүлээж аваагүй баримтуудаар тогтоогдсон байх тул 173,648 ам.доллар буюу 590,020,080 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй талаарх шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

11.2.Нэхэмжлэгч “Ү” ХХК нь хариуцагч нараас 2020 онд нэмэлтээр хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 190,527.48 ам.доллар буюу 647,370,461 төгрөгийг гаргуулахаар шаардаж, уг нэмэлт ажлын санхүүжилтийг гэрээний талууд харилцан тохиролцоод зөвлөхөөр баталгаажуулсан гэж тайлбарлажээ.

Талуудын байгуулсан 2019.06.16-ны өдрийн Г-01/79 тоот ажил гүйцэтгэх гэрээний 1.4-т “гэрээний хавсралтад заагдсан ажлын хэмжээнд нэмэлт ажил гарч ирэх, мөн ажлын хэмжээнд өөрчлөлт орох бол гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч хоёр талын инженерүүд тоо хэмжээг гаргаж, хоёр талын захирлууд нэмэлт ажлын хөлс, гэрээнд нэмэлтээр оруулах эсэхийг тохиролцсоны дараа нэмэлт ажил хийж гүйцэтгэнэ” гэж тохиролцжээ.

2021.01.07-ны өдрийн “Тооцоо нийлсэн хэлэлцээр”-т “...нэхэмжлэгчийн нэмэлт ажлын гүйцэтгэл 190,527.48 ам.доллар гэх дүн нь холбогдох газруудаар баталгаажаагүй дүн юм, хэрэв талууд холбогдох газруудаар батлуулсны дараа хариуцагч нь нэхэмжлэгч талд нэгж үнийн дагуу төлбөрийг төлнө” гэж заасан байх боловч ямар нэмэлт ажил байсан, хэн шалгаж тогтоосон, ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлаас “өөр ажил” эсэхийг нотолсон баримт хэрэгт байхгүй байв.

Түүнчлэн, нэхэмжлэгч “Ү” ХХК-аас 2022.05.16-ны өдөр хариуцагч “Хж-д 01/68 дугаар Нэмэлт ажлын санхүүжилт шийдүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн, “Хж нь 2022.05.25-ны өдөр 05/144-22 албан бичгээр зөвлөх “А” ХХК-д нэмэлт ажил батлуулах тухай албан бичгийг тус тус хүргүүлсэн (2хх 126, 127, 125) хэдий ч гэрээний зөвлөх “А” ХХК нь гүйцэтгэгч нэмэлт ажилтай холбоотой ямар ч бичиг баримт ирүүлээгүй, гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргаагүй, гүйцэтгэгч нь инженерийн зааварчилгаа, өөрчлөлтийг батлахаас бусад тохиолдолд байнгын ажилд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй зэрэг үндэслэлүүдийг дурдан 2022.05.31-ний албан бичгээр татгалзсан байна.

Зөвхөн эдгээр бичгийн баримтуудаар нэмэлт ажил гүйцэтгэсэн гэх үйл баримт нотлогдохгүй бөгөөд нэмэлт ямар ажил бодитой хийгдсэн болохыг нэхэмжлэгч нотлоогүй учир 2020 оны нэмэлт ажлын хөлс 190,527.48 ам.доллар буюу 647,370,126 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

11.3.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний ерөнхий нөхцөлийн 45.1, 45.2-т “гүйцэтгэгч тал нь туслан гүйцэтгэгчид төлөх гүйцэтгэлийн төлбөрөөс 5 хувийг суутган үлдээнэ. Ажил бүрэн дууссан тухай мэдэгдлийг үндэслэн суутгасан үнийн дүнгийн 50 хувийг туслан гүйцэтгэгчид төлөх бөгөөд үлдсэн хэсгийг чанарын баталгаат хугацаа дууссаны дараа тэр хугацаанд гарсан бүх зөрчил, гологдлыг туслан гүйцэтгэгч арилгасан тухай гүйцэтгэгч талын мэдэгдлийг үндэслэн төлнө” гэж харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх хариуцагч нараас чанарын баталгааны барьцаа болох 106,593.46 ам.доллар буюу 362,181,126 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ “...талууд тооцоо нийлсэн актаар гүйцэтгэсэн ажлын чанарт асуудал гарсан гэж үзэн доголдлыг засварлах зорилгоор 173,648.7 ам.долларыг хасаж тооцсон байх тул үүнээс гадна чанарын баталгаанд суутгасан мөнгийг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй...” гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх “тооцоо нийлсэн хэлэлцээрийн 1-р хавсралт болох хоёр талын гаргасан тооцоо бүхий хүснэгтэд нэхэмжлэгчид төлөх төлбөр 314,566 ам.долларт барьцааны 106,593.46 ам.доллар багтсан байхад хариуцагчаас гаргуулсан нь буруу...” гэж өөрөөр дүгнэн, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосноор нэхэмжлэл бүхэлдээ хэрэгсэхгүй болсон.

Тооцоо нийлсэн хэлэлцээрийн 1-р хавсралт болох хүснэгтэд нийт олгох санхүүжилт 2,131,869.10 ам.доллар, нийт зардал буюу олгосон мөнгөн хөрөнгийн хэмжээг 1,817,302.86 ам.доллар болохыг тусгаж, энэ зардлын хэмжээнд барьцааны 106,593.46 ам.долларыг оруулан тооцсон байх тул нэхэмжлэгч нь барьцааны мөнгийг шаардах эрхгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх баримтыг хуульд зааснаар үнэлсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулах”-ыг хүссэн гомдлыг энэ тогтоолын 11-д заасан үндэслэлээр хангах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2024/01683 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч “Ү” ХХК-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.09.27-ны өдөр төлсөн 8,155,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАЯРМАА

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                                                     Н.БАТЧИМЭГ

                                                                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                          Д.ЦОЛМОН