| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 135/2023/00653/И |
| Дугаар | 001/ХТ2024/00328 |
| Огноо | 2024-12-19 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2024/00328
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 135/ШШ2024/00821 дүгээр шийдвэр,
Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 209/МА2024/00075 дугаар магадлалтай,
З.Пгийн нэхэмжлэлтэй
М.Тд холбогдох
Бусдын хууль бус эзэмшлээс Дархан-Уул аймаг, Дархан сум, ... дугаар баг, ..... дугаар байр, ...тоот байрыг чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Дархан-Уул аймаг, Дархан сум, ... дугаар баг, ..... дугаар байр, ...тоот байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Аийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, хариуцагч М.Т /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э /цахимаар/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч З.П нь М.Тид холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс Дархан-Уул аймаг, Дархан сум, ... дугаар баг, ..... дугаар байр, ...тоот байрыг чөлөөлүүлэх, хариуцагч М.Т нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Дархан-Уул аймаг, Дархан сум, ... дугаар баг, ..... дугаар байр, ...тоот байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 135/ШШ2024/00821 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч М.Тийн эзэмшлээс Дархан-Уул аймгийн Дархан сумын ... дугаар баг, ..... дугаар байр, ...тоотод байрлах, 28 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, Ү-200............ дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулж, нэхэмжлэгч З.Пд олгож, хариуцагч М.Тийн хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч З.Пгөөс төлсөн 70,200 төгрөг, хариуцагч М.Тээс төлсөн 140,400 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Тээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч З.Пд олгож шийдвэрлэжээ.
3. Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 209/МА2024/00075 дугаар магадлалаар: Дархан-уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 135/ШШ2024/00821 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
“Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4, 56.5, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч З.П, хариуцагч М.Т нарын хооронд 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож,
Дархан сумын ... дугаар баг, ..... дугаар байр, ...тоот хаягт байршилтай 28 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг өмчлөх М.Тийн эрхийг сэргээж, түүний нэр дээр уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн газар болон нэхэмжлэгч З.П нарт даалгаж, хариуцагч М.Тээс 21,475,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Пд олгож,
нэхэмжлэгч З.Пн Дархан сумын ... дугаар баг, ..... дугаар байр, ...тоот хаягт байршилтай 28 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг хариуцагч М.Тийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай" гэж,
2 дахь заалтын "... , хариуцагч М.Тээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг... гэснийг “265,325 төгрөг” гэж, нэхэмжлэгч З.Пгөөс 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагч М.Тд олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 209/МА2024/00075 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т заасан үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Үүнд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гаргаж байгаа этгээд шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлнө” гэж заасан. Хариуцагч нь гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах болон орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан. Хуульд гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээс хуульд заасан аргачлал журмын дагуу тооцож төлөх нь хуульд нийцнэ. Үүнээс үзвэл гэрээний үнийн дүн болох 50,000,000 төгрөгөөс тооцож улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр харагдаж байна. Гэтэл хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн байхад давж заалдах шатны шүүх гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 001/ШХТ2024/01587 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Аийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Аийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдов.
7. Нэхэмжлэгч З.П нь хариуцагч М.Тд холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... М.Ттэй 2022.07.04-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан Дархан-Уул аймгийн Дархан сум, ... дугаар баг, ..... дугаар байр, ... тоот, 28 м.кв талбайтай орон сууцыг худалдан авч 2022.07.19-ний өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлд бүртгүүлсэн. Худалдан авсан байрандаа орох гэсэн боловч өнөөдрийг хүртэл суллаж өгөхгүй байгаа тул М.Тийн хууль бус эзэмшлээс байрыг чөлөөлүүлэх үндэстэй.” гэжээ.
8. Хариуцагч М.Т нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, тайлбарын үндэслэлээ “... З.Птэй өөрийн эзэмшлийн ... орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдсан боловч төлбөрийг төлөөгүй элдэв шалтаг тоочин өдийг хүрсэн. Гэтэл байрны хөлс төлөөгүй байж, байр чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй. Гэрээгээр харилцан тохиролцсон 50,000,000 төгрөгөө авсан тохиолдолд байрыг суллаж өгөх эрхтэй. Нэхэмжлэгч нь манай хүү Т.Атой хамтран арилжаа хийдэг байсан бөгөөд надтай ирж уулзахдаа танай хүүд хотод очоод 50,000,000 төгрөг эгчээсээ аваад өгнө гэж хэлээд надаар гарын үсэг зуруулж аваад явсан. Үүнээс хойш нэг ч төгрөг өгөхгүй алга болсон... гэж тайлбарласан.
9. Хариуцагч М.Т нь нэхэмжлэгч З.Пд холбогдуулан байрны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ “... Нэхэмжлэгч З.П нь хэлэлцэн тохиролцсон орон сууцны үнэ 50,000,000 төгрөгийг төлөөгүй атлаа намайг орон байрнаас албадан гаргуулах гэж шаардаж байгаа нь анхнаасаа хууран мэхэлж, үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж хийсэн хэлцэл болох нь тодорхой байна. З.П нь манай өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, хэлцлийн үр дагаврыг арилгуулж болно. Иймд 2022.07.04-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Дархан-Уул аймгийн Дархан сум, ... дугаар баг, ..... дугаар байр, ... тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлтэй.” гэж тодорхойлсон байна.
10. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ “... З.П болон М.Т нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч нь гэрээ байгуулахаас өмнө буюу 2022.06.11-ний өдрөөс 2022.06.15-ны өдрийн хооронд хариуцагч М.Тийн нэрлэн заасан данс буюу түүний хүү Т.Аын дансанд орон сууцны төлбөр 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Талууд Улаанбаатар хотод гэрээг байгуулахаар ирсэн байх үедээ мөнгийг төлсөн бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн байршлын тойргийн нотариатаар гэрчлэгдэх тул гэрээг Улаанбаатар хотод байгуулах боломжгүй болж орон сууцны үнэ 50,000,000 төгрөгийг тухайн үед төлсөн. Хариуцагч М.Т нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4, 59 дүгээр зүйлд заасан үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Дээрх гэрээг байгуулахад талуудын хэн аль нь бие биеэ хуурч мэхлээгүй үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож гэрээг байгуулаагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.” гэж тодорхойлсон.
11. Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэрт “...талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т заасны дагуу хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлснээр хариуцагч М.Тийн өмчлөх эрх дуусгавар болж, нэхэмжлэгч З.Пд өмчлөх эрх үүссэн. З.Пгөөс ... 50,000,000 төгрөгийг ... шилжүүлсэн. Гэрээг гэрчилсэн нотариатч Д.Болорчулуун "... миний дэргэд төлбөр төлсөн асуудал байхгүй. Өөрсдөө тооцоо дууссан гэж л хэлсэн. Ямар нэгэн баримт байгаагүй. ... Талуудаас тооцоо дууссан уу гэж асуухад дууссан гэж хэлсэн учраас л гэрээнд тусгагдсан...” гэж мэдүүлсэн. … зэргээс дүгнэхэд З.П нь орон сууцны үнийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгч З.П нь гэрээний дагуу орон сууцаа гаргуулахаар шаардах эрхтэй. … Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар зохигчдын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй ...” гэж дүгнэсэн.
12. Давж заалдах шатны шүүх хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, талуудын хооронд байгуулагдсан 2022.07.04-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, М.Тийн орон сууцны өмчлөх эрхийг сэргээж, түүний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэхийг Улсын бүртгэлийн газар болон З.П нарт даалгаж, М.Тээс 21,475,000 төгрөгийг гаргуулан З.Пд олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.
Магадлалд “... Зохигч нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний 3.2-т төлбөр төлөх хугацааг 2022.07.04 гэж заасан атал нэхэмжлэгч З.П нь 2022 оны 06 дугаар сарын 10-15-ны хооронд төлбөр буюу гэрээний үнэ болох 50,000,000 төгрөгийг шилжүүлж, төлбөр төлсөн гэж тайлбарласан нь хугацааны хувьд зөрүүтэй байна. … З.Пн данс руу 28,625,000 төгрөгийг хариуцагчийн хүү Т.А нь буцаан шилжүүлсэн огноо, цаг хугацааны хувьд З.Пгөөс түүний данс руу шилжиж ирсэн 50,000,000 төгрөгийн огноо, цаг хугацаатай ойролцоо байх тул З.П, Т.А нарын хооронд хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ байгуулагдаагүй хэдий ч тэд хамтарч мөнгө өсгөх арилжаа хийж байсан гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч З.П, хариуцагчийн хүү Т.А нарын хооронд мөнгөний өглөг, авлагын тооцоо байсан, энэ талаар М.Тд тодорхой ойлголт өгөлгүй, түүний өмчлөлийн орон сууцыг худалдах, худалдан авах хэлцлийн үндсэн дээр авч байгаа мэт ойлголт болон итгэл төрүүлсэн, З.П нь өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авсан нь үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй, уг хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т зааснаар хүчин төгөлдөр бус байна. Иймд З.П, хариуцагч М.Т нарын хооронд 2022.07.04-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй. хариуцагч М.Т нь нэхэмжлэгч З.Пгөөс орон сууцны төлбөр аваагүй гэх боловч түүний хүү Т.Аын данс руу 50,000,000 төгрөг шилжсэн, ... Т.Ань 28,625,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн байх тул үлдэгдэл 21,375,000 төгрөгийг хариуцагч М.Тээс гаргуулж З.Пд олгоно. ...” гэж дүгнэсэн.
13. Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд ач холбогдол бүхий үйл баримтыг адил тогтоосон боловч тэдгээрт суурилан хийсэн дүгнэлт ялгаатай байна. Үйл баримтад үндэслэн холбогдох этгээдийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг ялгаатай тодорхойлсон нь үндсэн ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн байдалд нөлөөлжээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг бүрдүүлсэн байх тул гомдлыг хүлээн авч хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэв.
14. Анхан болон давж заалдах шатны шүүх тус маргааны явцад нэхэмжлэгч З.П ба хариуцагч М.Т; нэхэмжлэгч З.П, түүний эцэг Ц.З ба хариуцагч М.Тийн хүү Т.А нарын хооронд үүссэн эрх зүйн тодорхой харилцаа хөндөгдөж байгаа талаар дурдсан.
Анхан шатны шүүх З.П, М.Т нарын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээ болон З.П, Т.А нарын хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний уялдаа хамаарлын талаар зөв дүгнэлт хийж чадаагүй бол давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний хэрэгжилтэд нэхэмжлэгч З.П ба хариуцагчийн хүү Т.Аын хооронд үүссэн хөрөнгө оруулалтын гэрээний харилцаа нөлөөлсөн болохыг зөв тодорхойлжээ.
Тодруулбал, З.П, Т.А нарын хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний дагуу харилцан шилжсэн мөнгөн төлбөрийг Т.Аын эцэг М.Т ба З.П нарын хооронд байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээний үнийг төлсөн үйлдэл гэж үзсэн анхан шатны шүүхийн алдааг залруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон.
15. Нэхэмжлэлийн үндсэн ба сөрөг шаардлагын маргааны зүйл нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-........ дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын ..-р баг, .. ... байрны ...тоот 28 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болох тухайд зохигч маргаагүй. Тус тогтоолд уг хөрөнгийг орон сууц хэмээн дурдах болно.
16. Нэхэмжлэгч З.П нь хариуцагч М.Тийн эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ худалдах-худалдан авах гэрээний үнэ 50,000,000 төгрөгийг шилжүүлж, өмчлөх эрх олж авсан тул орон сууцыг эзэмшилдээ авах үндэстэй гэж үзсэнийг хариуцагч М.Т орон сууцны үнэ 50,000,000 төлөөгүй, төлнө гэж итгүүлсэн атлаа төлсөн мэтээр дурдаж гэрээ байгуулсан нь хуурч мэхэлсэн явдал гэж үзэн хэлцлийг хүчингүйд тооцуулахаар сөрөг шаардлага гаргасан байна.
Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангахдаа хэлцэл хүчин төгөлдөр гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж хийсэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл дүгнэжээ. Зохигчийн хооронд 2022.07.04-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй. Өөрөөр хэлбэл, зохигчийн хэн аль нь хэлцэл байгуулах тухайн мөчид хэлцлийн агуулга, сэдэлт, хэлцэл байгуулах хүсэл зориг, үр дагаврын тухайд алдаа гаргаагүй, төөрөгдөөгүй, хэлцэл байгуулах үнэнхүү хүсэл зориггүй байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Гэрээ байгуулахдаа худалдагч үл хөдлөх эд хөрөнгөө 50,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч үнийг төлж, өмчлөх эрхийг шилжүүлэн авах хүсэл зоригтой байж, энэхүү хүсэл зоригоо харилцан илэрхийлэн хэлцлийг байгуулжээ.
Иймд дээрх хэлцэл хүчин төгөлдөр гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй.
17. Харин тус хэлцлийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийн үнийг шилжүүлэх үүргээ худалдан авагч биелүүлсэн эсэх талаар зохигч маргаж байна. Нэхэмжлэгч хэлцэл байгуулах тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлчихсөн байсан гэж тайлбарлан 50,000,000 төгрөгийг хариуцагч М.Тийн хүү Т.Аын дансанд шилжүүлсэн гүйлгээний хуулгыг үндэслэн маргаж байгаа бол хариуцагч үнийг огт төлөөгүй бөгөөд Т.А, З.П нарын харилцааг тус гэрээнээс тусдаа зүйл гэж мэтгэлцэн маргасан байна.
Хоёр шатны шүүх хариуцагчийн хүү Т.Ань зээлдүүлэгч нараас шилжүүлсэн мөнгийг олон улсын хөрөнгийн зах зээл дээр эргэлтэд оруулж ашиг олох, мөнгөн дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний хүү тооцон үндсэн мөнгөн дээр нэмж буцаан төлөх үйл ажиллагаа эрхэлдэг, нэхэмжлэгчийн эцэг Ц.З нь найз Ч.Дээр дамжуулан Т.Атой анх харилцаж мөнгөө өсгүүлэхээр шилжүүлж байсан үйл баримтыг Т.А, Ч.Д нарын хооронд 2022.05.05-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ, Ц.Згоос Ч.Дгийн дансаар дамжуулан 25,000,000 (нийт 35,000,000 төгрөг байх ба үүнээс 10,000,000 төгрөгийг Ч.Д өөртөө авч үлдсэн гэх) төгрөгийг Т.Аод шилжүүлсэн талаарх 3 дансны хооронд харилцсан хуулгууд, Ц.З, Ч.Д нарын болсон үйл явдлын талаарх гэрчийн мэдүүлэгт үндэслэн тус тус зөв тогтоосон.
Улмаар Ц.Згийн хүү нэхэмжлэгч З.П нь 2022.06.10-ны өдрөөс 2022.06.16-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 60,000,000 төгрөгийг 6 удаагийн удаагийн гүйлгээгээр “П”, “Ө” гэх утгаар Т.Аын дансанд шилжүүлж байсан үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх тогтоосон байна. Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тайлбарт суурилан эдгээр 6 удаагийн гүйлгээнээс дунд хэсгийн 2, 3, 4, 5 дугаар гүйлгээ буюу 2022.06.11, 13, 14, 15-ны өдрийн нийт 50,000,000 төгрөгийн 4 гүйлгээг сонгон З.П болон М.Т нарын хооронд хожим байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үнэ гэж үзсэн нь алдаатай болжээ.
Учир нь З.Пгөөс Т.Аод дээр дурдсан байдлаар мөнгө шилжүүлж байх тухайн цаг мөчид Т.Аоос З.Пд хариу мөнгөн төлбөр шилжүүлж байсан нь дансны хуулгаар тогтоогдсон байна. Тодруулбал, 2022.06.13, 29-ний өдрүүдэд “П ашиг”, “ХОЗ эргэн төлөлт П”, “ХОЗ эргэн төлөлт З” гэх утгатай 3 удаагийн гүйлгээгээр нийт 28,625,000 төгрөгийг Т.Аоос З.Пд шилжүүлж байсан нь тогтоогдсон.
Дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нь эцэг Ц.З болон өөрийн шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг өсгөх зорилгоор Т.Атой идэвхитэй харилцаж байсан гэж үзэхээр байна.
18. Дээрх үйл явдлаас хойш буюу 2022.07.04-ний өдөр З.П нь Т.Аын эцэг М.Ттэй 50,000,000 төгрөгөөр түүний үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг худалдаж худалдан авахаар хэлцэл байгуулсан байх ба тухайн үед байраа худалдах хүсэл зоригтой байсан, үнийг худалдан авагчаас хүлээн авна гэж итгэж байсан, өөрийн хүү Т.Аын үйл ажиллагаатай энэ гэрээг аливаа хэлбэрээр холбож ойлгоогүй талаараа хариуцагч М.Т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарласан байна. Тэрээр орон сууцны үнийг хүлээн авсан эсэх тухай шүүгчийн асуултад “... 2022.07.04-ний өдрөөс хойш мөнгө орсон бол зөвшөөрнө. /хх-ийн 111 дүгээр тал/ ... миний байрыг зарж өрөө төлөх талаар хүү надтай яриагүй. ... З.П хот ороод 50,000,000 төгрөг өгье гэсэн. ... хүү надад загнуулаад гадаад явсан, энэ асуудлаас хойш эцэг хүү биш болоод байна. ...” /хх-ийн 238, 239 дүгээр тал/ гэж хариулсан байна.
19. Зохигчийн хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний 3.2-т төлбөр төлөх хугацааг “2022.07.04” гэж заан “төлбөр төлөгдсөн” гэж дурдсан, тус гэрээг нотариатчаар гэрчлүүлсэн талаар тайлбарлаж, нотариатч “баримт байгаагүй, ... асуухад төлбөр төлсөн гэж хэлсэн” гэх мэдүүлэг өгсөн байх боловч худалдагч М.Т тухайлан байрны үнэ хүлээж аваагүйн зэрэгцээ хүү Т.Аын бусдын өмнө үүсгэсэн байж болох өр төлбөрийн тооцоонд түүний байр шилжиж байгааг эргэлзээгүй ойлгосон гэх нөхцөл байдал нотариатчийн мэдүүлгээр тогтоогдсонгүй. Гэрээнд заасан “төлбөр төлөгдсөн” гэх үгийн ард “бусдын өглөгийг байрны төлбөрт тооцож байгаа тул худалдагч ирээдүйд аливаа үнэ хүлээж авахгүй тухай” агуулга туссан бол энэ талаар худалдагч М.Т бүрэн дүүрэн ойлголттой байсныг эргэлзээгүй нотлох нь энэ замаар төлбөрөө шилжүүлсэн гэж маргаж буй худалдан авагч буюу нэхэмжлэгч З.Пн үүрэг байна. Нэхэмжлэгч энэ үүргээ хангалттай биелүүлээгүй гэж үзнэ.
20. Эдгээр үйл баримтын дүнд Т.А, З.П, Ц.З нарын харилцааны явцад тэдгээрийн хооронд 2022 оны 06 дугаар сард мөнгө төгрөг харилцан шилжсэн нөхцөл байдлыг 2022.07.04-ний өдөр М.Т, З.П нарын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний төлбөрт тооцохыг худалдагч М.Т хүлээн зөвшөөрсөн гэх боломжгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
21. Иймд зохигчийн хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр, гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ худалдагч тал биелүүлсэн, харин худалдан авагч тал гэрээний үнэ 50,000,000 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдан авагч худалдан авсан эд зүйлийнхээ үнийг төлөх үндсэн үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. Мөн хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүн гарахгүй нь илт бол нэмэлт хугацаа тогтоолгүй татгалзах хууль зүйн боломжтой гэжээ.
Нэхэмжлэгч өөрийгөө хууль ёсоор өмчлөх эрхтэй бөгөөд гэрээний үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх үүссэн гэж дүгнэн хариуцагчийн эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан, өөрөөр хэлбэл хариуцагчийн хүү Т.Аын үүсгэсэн байж болох өрийг хариуцагч М.Тийн байрны үнэд тооцуулах эрхтэй, 50,000,000 төгрөг хариуцагчид төлөх үүрэггүй гэж тайлбарлан шүүхэд эхлэн нэхэмжлэл гаргасан нөхцөл байдлыг Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д заасан нэмэлт хугацаа тогтоосноор үр дүн гарахгүй нь илт гэж үзэн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу худалдагч буюу хариуцагч М.Т гэрээнээс татгалзах эрхтэй гэж дүгнэв.
22. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй. Нэгэнт худалдагч М.Т аливаа төлбөр хүлээж аваагүй, харин худалдан авагч төлбөрөө төлөөгүй боловч эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан байх тул гагцхүү худалдан авагч тал буюу нэхэмжлэгч З.П орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч М.Тид буцаан шилжүүлэх замаар татгалзлын үр дагаврыг арилгах нь зүйтэй.
23. Дээрх агуулгаар нэхэмжлэгчийн бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардан гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч М.Тийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцыг буцаан өөрийн өмчлөлд шилжүүлэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
24. Давж заалдах шатны шүүх тус маргаанд тодорхойлоогүй шаардлагыг дүгнэж, хариуцагч М.Тээс 21,475,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Пд олгуулахаар шийдвэрлэсэн байх ба энэ талаар хариуцагч М.Т хяналтын журмаар гомдол гаргаагүй байх тул гомдол гаргагчийн эрх ашгийг дордуулахгүй байх зарчмын хүрээнд магадлалын энэ шийдлийг хэвээр үлдээснийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 209/МА2024/00075 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 135/ШШ2024/00821 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
“Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 56 дугаар зүйлийн 56.1.4-т заасны дагуу нэхэмжлэгч З.Пгийн хариуцагч М.Тд холбогдуулан гаргасан бусдын хууль бус эзэмшлээс орон сууцыг шаардан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-........дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын ... дугаар баг, ..... дугаар байрны ... тоот 28 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр хариуцагч М.Тийг тогтоож, түүний нэр дээр өмчлөх эрхийг бүртгэхийг Улсын бүртгэлийн газарт даалгасугай.” гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг
“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч З.Пгөөс төлсөн 70,200 төгрөг, хариуцагч М.Тээс төлсөн 140,400 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч З.Пгөөс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, хариуцагч М.Тд олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч З.П нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.10.21-ний өдөр 70,200 төгрөг болон 407,950 төгрөг тус тус төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД