| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 144/2022/00106/И |
| Дугаар | 001/ХТ2024/00291 |
| Огноо | 2024-12-10 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2024/00291
Д-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн
2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 144/ШШ2024/00063 дугаар шийдвэртэй,
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 203/МА2024/00032 дугаар магадлалтай,
Ө-т холбогдох
Гэм хорын хохирол 3,137,848 төгрөг гаргуулах тухай,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С-гийн Д-аас хүүхдийн тэтгэлэг 12,559,352 төгрөг, алданги 6,279,676 төгрөг, нийт 18,839,028 төгрөг гаргуулах, Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Х-гийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10/171 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгож, эцэг Д-аас охин У-д тэтгэлэг гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үргэлжлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Д нь Ө-т холбогдуулан гэм хорын хохирол 3,137,848 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан ба С нь Д-аас хүүхдийн тэтгэлэг 12,559,352 төгрөг, алданги 6,279,676 төгрөг, нийт 18,839,028 төгрөг гаргуулах, Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Х-гийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10/171 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгож, эцэг Д-аас охин У-д тэтгэлэг гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үргэлжлүүлэхийг даалгахаар бие даасан шаардлага гарган маргажээ.
2. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 144/ШШ2024/00063 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2 дахь хэсэгт зааснаар Ө хэлтсээс 3,137,848 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С-гийн Д-аас хүүхдийн тэтгэлэгт 12,559,352 төгрөг, алданги 6,279,676 төгрөг, нийт 18,839,028 төгрөг гаргуулах, Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Х-гийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10/171 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгож, эцэг Д-аас охин У-д тэтгэлэг гаргуулах тухай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үргэлжлүүлэхийг даалгах тухай бие даасан шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Д-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65,155 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө хэлтсээс 65,155 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д-т олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
3. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 203/МА2024/00032 дугаар магадлалаар: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 144/ШШ2024/00063 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2 дахь хэсэгт зааснаар Ө хэлтсээс 3,137,848 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д-т олгож,” гэснийг “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498. 1, Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц нарын гэм хорын хохирол 3,137,848 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С-гийн Д-аас хүүхдийн тэтгэлэгт 12,559,352 төгрөг гаргуулах, Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Х-гийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10/170 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгох, эцэг Д-аас охин У-д тэтгэлэг гаргуулах тухай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үргэлжлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хангаж, алданги 6,279,676 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” гэж өөрчлөн, 2 дахь заалтыг бүхэлд нь, 3 дахь заалтын “хариуцагч Ө хэлтсээс 65,155 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д-т олгож,” гэснийг тус тус хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ доорх хууль хэрэглээний алдааг гаргасан, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.
4.1. Давж заалдах шатны шүүх иргэний нэхэмжлэлийн үндэслэл шаардлага түүнийг нотолсон нотолгоо, цаашлаад нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарласан хууль эрх зүйн тайлбар болоод гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагын үндэслэл зэргийг маргаж буй маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээ тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн оновчтой, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй болно. Нэхэмжлэгч нь Ө хэлтэст хариуцуулан нэхэмжлэл гаргасан. Тухайн нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021.04.15-ны өдрийн 04/03 дугаартай дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол гарсныг Өмнөговь аймаг Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022.03.04-ний өдрийн 00045 тоот шийдвэрээр хүчингүй болгосон ба одоо ч шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байсан атал нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хэрхэн яаж үнэлж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх зохицуулалтыг мөн зүйлийн бусад зүйл заалтуудтай харилцан уялдаанд нь буюу 40.1, 40.2 дахь зохицуулалтуудтай харилцан уялдаанд нь хамтад нь хэрэглэнэ. Нотлох баримтыг үнэлэх талаарх шүүхийн ажиллагааны тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд нотлох баримт үнэлэх шүүхийн ажиллагааны талаарх Монгол Улсын дээд шүүхийн 2008.10.10-ны өдрийн Зөвлөмж нь нарийвчилсан зохицуулалт, тайлбарыг өөртөө агуулсан гэж ойлгоно. Уг зөвлөмжийн Нэгдүгээр зүйл “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалт буюу “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэх заалтын тухай тайлбарлахдаа “Шүүх хэргийн оролцогчийн ... нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хэргийн оролцогч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг ... ингэхдээ ... шүүхэд зүгээр нэг баримт гаргаж өгөхийн тулд гаргаж өгч байгаа биш харин тэрээр өөрийн шаардлага, татгалзлын үндэслэлийг нотлох, өөрийн ашиг сонирхолд нийцсэн баримтыг шүүхэд гаргаж өгдөг... Энэ үүднээс авч үзвэл шүүх аливаа этгээдийн гаргаж ирсэн баримтад эргэлзэхгүйгээр итгэх, түүнийг үнэлэхгүйгээр шийдвэрийн үндэслэл болгох нь нэг талын ашиг сонирхолд хөтлөгдөх, шүүхийн хөндлөнгийн байр суурийг алдах ноцтой үр дагаварт хүргэдэг... шүүх талуудын гаргаж өгсөн аливаа тайлбар, үндэслэл, нотлох баримтад эргэлзэх эрхтэй, тэдгээрийг дэнсэлж, үнэлсний эцэст өөрийн шийдлийг гаргах үүрэгтэй...” гэжээ. Мөн зүйлийн 1.2-т “...тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр...” нотлох баримтыг тал бүрээс үнэлнэ гэдэг нь хэргийн оролцогч хэн алины гаргаж буй үндэслэл, баримтыг анхаарах, нотлох баримтыг аль нэг талын байр сууриас биш харин маргааныг таслах хөндлөнгийн байр сууриас судалж, үнэлэх, ... тал бүрээс үнэлнэ гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн дүүрэн судалж, үнэлнэ гэсэн үг юм. Хэрэгт авагдсан нотлох баримт бүрийн талаар шүүх үнэлгээ өгсөн байх шаардлагатай. Энэхүү үнэлгээ нь тухайн нотлох баримтын хамаарал, ач холбогдол, зөвшөөрөгдсөн байдлаас шалтгаалан өөр өөр байх боловч үнэлэгдэхгүй орхигдох ямар ч нотлох баримт байх учиргүй... Нотлох баримтыг үнэлж буй шүүх тухайн баримтыг бусад нотлох баримттай хэрхэн дүйцэж байгаа, тэдгээрийн хооронд ямар уялдаа холбоо байгаа, баримтууд бие биеэ үгүйсгэж байгаа эсэх, нэг үйл баримтыг давхар нотолж байгаа эсэхийг тус тус шалгадаг тул “бодитойгоор харьцуулан үзэх” гэсэн ойлголт нотлох баримтыг тал бүрээс үнэлэх ажиллагааны хэсэг болдог.” гэсэн байна.
Зөвлөмжийн мөн зүйлийн 1.3-т “...нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэдэг нь зөвхөн шүүгч л нотлох баримтын болон тэдгээрт агуулагдаж буй мэдээллийн үнэн зөв, бодит эсэхийг, эрх зүйн дүгнэлт өгөхөд хангалттай эсэхийг тодорхойлно. Энэхүү тодорхойлолт нь зүгээр нэг мэдрэмж, эсхүл санал биш ба харин нотлох баримтуудыг цогцоор нарийвчлан судалж, шинжилсний дүнд гарсан үндэслэл бүхий дүгнэлт билээ. Шүүгчийн дотоод итгэлийн үндэс нотлох баримтыг үнэлэх зарчмуудаас урган гарч ирдэг. Тухайлбал, ямар ч нотлох баримт шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тооцогддоггүй, шүүх нотлох баримт бүрийг бусад нотлох баримтын адил үнэлэх ёстой гэх мэт. Ямар нотлох баримтыг үнэн зөв гэж үзэх талаар хуульчилсан шаардлага тогтоох боломжгүй юм. Шүүх ямар нотлох баримтыг хэрхэн үнэлэх вэ гэдгийг түүнд хэн ч зааварчлах эрхгүй болно. Шүүх нотлох баримтыг гадны ямар нэг нөлөөгүйгээр, зөвхөн хэрэгт цугларсан цогц байдлаар харьцуулан судалсны үндсэн дээр үнэлэх учиртай. Зөвхөн шүүгч нотлох баримтын үнэн зөв байдлыг тодорхойлж, түүнд агуулагдаж буй мэдээллийг бодит эсэхийг дүгнэж тогтооно...” гэж тайлбарласан.
Мөн зөвлөмжийн Хоёрдугаар зүйлд “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх талаар тайлбарлажээ. Тухайлбал мөн зүйлийн 2.1-д “...тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ... буюу тухайн маргаантай холбоотой үйл баримтыг тогтоох, эсхүл няцаах нотлох баримтыг хянан хэлэлцэх учиртай. Тийм учраас нотлох баримтын хамааралтай байдал гэдэг нь хэрэгт ач холбогдолтой байхыг тодорхойлох ойлголт юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай байх гэдэг нь нэхэмжлэлийн шаардлага болон түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлыг тогтооход ач холбогдолтой бөгөөд шалтгаант холбоотой байх шинжийг илэрхийлнэ.
Зөвлөмжийн Гуравдугаар зүйлд “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь заалт Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэх зохицуулалтыг “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларч буй аливаа нотлох баримтыг шүүх үнэлэх учиртай. Ямар ч нотлох баримтыг шүүх бусад нотлох баримтаас дээгүүр тавьж, илүү хүчин чадалтай гэж үзэж болохгүй...” хэмээн тайлбарласан. Эндээс үзэхэд, шүүх бүхий л баримтуудыг харьцуулан шинжилж үнэлнэ, ингэхдээ ямар ч баримтыг бусад баримтаас давуу хүчинтэй гэж үзэхгүйгээр адил хүчинтэй гэж үзэж гагцхүү хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлэх ёстой ажээ. Давж заалдах шатны шүүх хэрэгт нотлох баримтуудыг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрхэн үнэлсэн нь тодорхой бус байгаа нь магадлал хүчингүй болох нэг дэх үндэслэл болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг төлбөр төлөгч, төлбөр авагч нар өөр өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр тухайн үед дуусгавар болгосон нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогддог юм. Давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг ханган шийдвэрлэхдээ Дээд шүүхийн 2008.11.25-ны өдрийн Гэр бүлийн болон иргэний бүртгэлийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 46 тогтоолд заасан тайлбарыг дурдсан ба Д-ын хувьд тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байх цаг хугацаанд хүүхдийн тэтгэлгээ бүрэн дүүрэн төлж байсныг анхаарч үзээгүй, яагаад төлбөр төлөөгүй үндэслэл шалтгаан нөхцөлийг анхаарч үзээгүй. Цаг хугацааны явцад хоёр тал харилцан тохиролцож хүүхдийн тэтгэлгийг дуусгавар болгож бичгээр хүсэлтээ гаргасан бий. Цаашлаад төлбөр авагч, төлбөр төлөгч нар нь хүүхдийн тэтгэлгийг хэрхэн ямар хөрөнгөөр төлүүлж авсныг шүүхээс мөн анхаарч үзээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Д нь харилцан тохиролцож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон, хүүхдийн тэтгэлэг төлөх хуульд заасан үүргээ бүрэн биелүүлж дуусгавар болгосон байхаар атал, түүнийг санаачилга гаргаагүй явдал гэж эрх зүйн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит болсон нөхцөл байдалтай тохироогүй дүгнэлт хийсэн.
Цаашлаад гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбоотой бичгийн баримтуудыг болон нэхэмжлэгч талаас үгүйсгэж багаа зэрэгт давж заалдах шатны шүүхээс хэрхэн яаж үнэлсэн, яагаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах болсон шалтгаан нөхцөлөө бичээгүй, магадлалын үндэслэл болсон нотлох баримт байхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байгааг анхааран үзэж Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.07.26-ны өдрийн 00032 тоот магадлалыг хүчингүй болгож, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024.04.26-ны өдрийн 00063 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц-гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.11.14-ний өдрийн 001/ШХТ2024/01343 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгч Д нь хариуцагч Ө хэлтэст холбогдуулан гэм хорын хохиролд 3,137,848 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлээ “...сум дундын шүүхийн 2017.11.28-ны өдрийн 137 дугаар шийдвэрээр Д-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулан, дундын эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэсний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд эвлэрч, 2018.10.05-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тогтоол гарсан. Гэтэл 2021.04.15-ны өдрийн 04/03 тогтоолоор дуусгавар болсон ажиллагааг сэргээж, үүний дагуу Д-ын данснаас нийт 3,137,848 төгрөгийг суутгасан. Энэ сэргээсэн тогтоолыг эс зөвшөөрч, нэхэмжлэл гаргаснаар шүүхийн 2022.03.04-ний өдрийн 00045 шийдвэрээр уг тогтоолыг хүчингүй болгосон ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул хууль бусаар суутган авсан мөнгийг гаргуулна” гэсэн агуулгаар тайлбарласан байна.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С нь 1.Д-аас хүүхдийн тэтгэлэгт 12,559,352 төгрөг, алданги 6,279,676 төгрөг, нийт 18,839,028 төгрөг гаргуулах, 2.Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Х-гийн 2018.10.05-ны өдрийн 10/170 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгож, эцэг Д-аас охин У-д тэтгэлэг гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үргэлжлүүлэхийг даалгах тухай 2 шаардлага гаргасан байна. Тэрээр үндэслэлээ тайлбарлахдаа “...шүүхийн шийдвэрээр Д-аас охин У-д сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, эд хөрөнгийн маргаанаас 32,065,086 төгрөгийг С-д олгохоор шийдвэрлэсэн. ...шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад би Д-аас мөнгө авахгүйгээр газар, байшинг авч, дахин 30,015,561 төгрөгийн асуудлаар хандахгүй гэсэн хүсэлт гаргасан, ...хүүхдийн тэтгэлэг үүнд хамаарахгүй, бидний хооронд байшин, газрыг тус тусад нь төлбөрт тооцохоор тохирсон эвлэрлийн гэрээ байхгүй. Шүүхийн шийдвэрийг Д биелүүлэх үүрэгтэй ... гүйцэтгэх баримт бичигт зааснаар охин 18 нас хүрснээр түүний хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болох ёстой. Төлөгдөөгүй тэтгэлгийг 2017.11.28-аас тооцож, тэтгэлэг болон алданги гаргуулна” гэжээ. Түүнчлэн “...хүүхдийн тэтгэлгийн талаар эвлэрээгүй, төлбөр авагч нь Д-аас хэд хэдэн үндэслэлээр төлбөр авахаар байхад шийдвэр гүйцэтгэгчийн 10/170 тогтоолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн дуусгавар болгох үндэслэлүүдийг тодорхой заагаагүй нь хууль зөрчсөн шийдвэр болсон, ... иймээс энэ тогтоолыг хүчингүй болгож, охин У-г 18 нас хүртэл эцгээрээ тэжээн тэтгүүлэх эрхээ эдлэх боломж бүрдүүлж өгөхийг хүсье” гэжээ.
Хариуцагч Ө нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...хүүхдийн хуримтлагдсан тэтгэлгийг тэтгэлэг авагч С-д гаргуулан олгохоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.6-д заасны дагуу ажил олгогч байгууллагаас тэтгэлгийн мөнгийг татан, нийт 3,137,848 төгрөгийг С-гийн дансанд шилжүүлэн олгосон баримт байгаа, хэрэгт гуравдагч этгээдээр С-г оролцуулах хүсэлттэй, энэ иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэсэн агуулгатай тайлбар гаргасан байна.
Нэхэмжлэгч Д нь С-гийн гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, “...2018.10.05-ны өдрийн 10/170 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол хэвээр үлдсэн, ..тухайн үед бид харилцан тохиролцоод шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. ...хүүхдийн тэтгэлгийг хөрөнгөөрөө төлсөн” гэжээ.
7. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “... Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022.03.04-ний өдрийн 144/ШШ2022/00045 дугаар шийдвэрээр Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч С.Оюунчулууны 2021.04.15-ны өдрийн 04/03 дугаартай дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул Д-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй, түүнд 3,137,848 төгрөгийн хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-т зааснаар хариуцагч Ө хэлтсээс гаргуулна” гэж дүгнэсэн.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С-гийн шаардлагын тухайд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлээр “... Д-аас хүүхдийн тэтгэлэгт 12,559,352 төгрөг, алданги 6,279,676 төгрөг, нийт 18,839,028 төгрөг гаргуулах, Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Х-гийн 2018.10.05-ны өдрийн 10/171 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгож, эцэг Д-аас охин У-д тэтгэлэг гаргуулах тухай шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагааг үргэлжлүүлэхийг даалгах тухай бие даасан шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
8. Давж заалдах шатны шүүх гуравдагч этгээд С-гийн гаргасан гомдлоор хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 118 дугаар зүйлд заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр төлөгчөөс гаргуулж төлбөр авагчид олгох үүргийг хуулиар шийдвэр гүйцэтгэлийн байгууллага хүлээсэн тул шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын хүлээсэн үүргээ биелүүлэх асуудлыг хариуцагчид хамааруулан гэм хорын улмаас үүссэн үүрэг гэж үзэх боломжгүй, ...талууд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.4-т зааснаар дуусгавар болгосон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, ...шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулах чиг үүрэг бүхий байгууллага уг үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх боломжгүй тохиолдолд бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд нь шүүхэд хандаж тэтгэлгийг нөхөн гаргуулах шаардлага гаргах эрхтэй. С, Д нар нь хүүхдийн тэтгэлгийг хэрхэн төлөх талаар тусгайлан тохиролцоогүй тохиолдолд алдангийг Д-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй” гэсэн агуулгатай дүгнэлт хийж, нэхэмжлэгч Д-ын гэм хорын хохирол 3,137,848 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Х-гийн 2018.10.05-ны өдрийн 10/170 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгож, 2017-2023 оныг дуусталх хүүхдийн тэтгэлгийг нөхөн төлүүлэхээр 12,559,352 төгрөгийг нэхэмжлэгч Д-аас гаргуулан С-д олгож, алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.
9. Зохигчдын хооронд үүссэн маргааныг хоёр шатны шүүх шийдвэрлэхдээ хууль хэрэглээний өөр өөр дүгнэлт хийж, үндсэн нэхэмжлэл болон бие даасан шаардлагыг ялгаатай шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
10. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч нь 2018.08.03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017.11.28-ны өдрийн 137 дугаар шийдвэртэй 04 тоот гүйцэтгэх хуудсыг /эцэг Д-аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулах/ үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах 18160193 тоот тогтоол, мөн шийдвэртэй 05 тоот гүйцэтгэх хуудсыг /хариуцагч Д-аас 32,065,086 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 388,475 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч С-д олгох/ үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах 18160194 тоот тогтоол үйлдэн, мөн өдрөө төлбөр авагч С-тэй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээг байгуулсан байна.
11. Давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж дүгнэв. Хэргийн баримтаас үзэхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2018.10.05-ны өдрийн 10/170 тогтоолыг ...шийдвэр гүйцэтгэгч С.Оюунчулууны 2021.04.15-ны өдрийн 04/03 дугаартай “Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол”-оор хүчингүй болгосон тул “Шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийн төлөгдөөгүй хэсгийг хугацаа харгалзахгүйгээр төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулна” гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.6-д заасны дагуу ажил олгогч байгууллагаас тэтгэлгийн мөнгийг татан, төлбөр авагч С-д шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Дээрх хүчингүй болгосон тогтоолыг төлбөр төлөгч эс зөвшөөрч шүүхэд хандсанаар уг шийдвэр хүчингүй болж, нэхэмжлэгч энэ үндэслэлээр шаардлага гаргасан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 118 дугаар зүйлд заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр төлөгчөөс гаргуулж төлбөр авагчид олгох үүргийг хуулиар шийдвэр гүйцэтгэлийн байгууллага хүлээсэн байх тул “..шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын хүлээсэн үүргээ биелүүлэх асуудлыг хариуцагчид хамааруулан гэм хорын улмаас үүссэн үүрэг гэж үзэх боломжгүй, ...талууд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.4-т зааснаар дуусгавар болгосон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Түүнчлэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулах чиг үүрэг бүхий байгууллага үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх боломжгүй тохиолдолд бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд нь шүүхэд хандаж тэтгэлгийг нөхөн гаргуулах шаардлага гаргах боломжтой бөгөөд С-гийн гаргасан шаардлагаас төлөөгүй тэтгэлэгт тооцож нэхэмжилсэн алданги 6,279,676 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг буруутгахгүй, нөгөөтээгүүр энэ талаар гуравдагч этгээд гомдол гаргаагүй байна.
12. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С-гийн “шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон тогтоолыг хүчингүй болгох тухай шаардлагыг хангасан нь зөв боловч маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй тул хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, зохигчдын хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
13. Хэргийн баримтаас үзэхэд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн дундын хөрөнгө, хүүхдийн асрамж, тэтгэлгийн асуудлыг шийдвэрлэсэн, төлбөр төлөгч, төлбөр авагч нар шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлбөр тооцооны талаар тус тусдаа хүсэлт гаргасан, хүүхдийн тэтгэлэг төлөх болон дундын хөрөнгийн тухайд тус тусдаа гүйцэтгэх хуудас бичигдсэн зэргээс үзэхэд төлбөр төлөгчийн хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг дуусгавар болсон гэж үзэхээргүй байна.
14. Гуравдагч этгээд С-гийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст гаргасан өргөдөлд “...Д-аас гаргуулах 30,015,561 төгрөгийг авахгүйгээр ...газар болон байшинг 2018.04.02-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр авсан тул дахин 30,015,561 төгрөгийн асуудлаар хандахгүй болно. ..гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгож өгнө үү” гэсэн /I-xx-13/ байхын зэрэгцээ түүний мөн хэлтэст гаргасан 2022.08.17-ны өдрийн хүсэлтээс үзэхэд “...Д нь С-гийн авсан төслийн зээлийг төлбөл хүүхдийн тэтгэлгийг авахгүй гэж амаар тохиролцсоноо зөрчсөн, зөвхөн 1 сарын зээл төлөөд үлдсэнийг нь төлөөгүй” тул тэтгэлгээ гаргуулна гэжээ. /I-xx-84/
Харин Д-аас мөн байгууллагад хандаж гаргасан хүсэлтэд “...С-д нэг хүүхдийн тэтгэлэг төлөх, 30,015,561 төгрөг төлөх ёстой байснаас ...байрлах өмчлөлийн газар, ...тоосгон байшингийн хамт хүүхдийн тэтгэлэг болон төлбөртөө тооцон өгч, гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгож байна” /I-xx-174/ гэсэн баримтууд хэрэгт авагджээ.
15. Дээрх баримтуудыг харьцуулан дүгнэвэл Д нь шүүхийн шийдвэрээр өөрийнх нь өмчлөлд үлдсэн хөрөнгөөрөө шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь дуусгавар болгох хүсэл зоригийг илэрхийлсэн байх боловч нөгөө тал болох төлбөр авагч нь дээрх хашаа байшин нь хүүхдийн тэтгэлэгт хамааралгүй, зөвхөн мөнгөн төлбөрийн үүрэгт тооцсон гэсэн агуулгатай хүсэлтүүдийг гаргаж байсан байх тул гуравдагч этгээдийн хүүхдийн тэтгэлгийн асуудлаар гаргасан шаардлагыг үндэслэлтэй гэж үзлээ.
16. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчээс 12,559,352 төгрөгийг гаргуулж шийдвэрлэхдээ хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар үнэлээгүй байна. Талууд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Д-ын газар болон байшинг төлбөр авагчийн төлбөрт тооцохоор харилцан тохиролцож, төлбөр авагчийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгүүд бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжсэн үйл баримт тогтоогдсон байна. Хэрэгт газар болон байшин үнэлгээний тайлан авагдсан байх бөгөөд энэ тайланд зааснаар уг үл хөдлөх эд хөрөнгө нийт 45,538,025 төгрөгийн үнэтэй болох тогтоогдож байна. /II-xx-89-96/
Энэ дүнгээс шүүхийн шийдвэрт зааснаар Д-аас С-д төлөх дундын эд хөрөнгийн 32,065,086 төгрөгийг хасаж, зөрүү 13,472,939 төгрөгийг хүүхдийн тэтгэлэгт төлөх хэмжээ гэж тооцно. Үүнээс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд буюу 12,559,352 төгрөгийг хасаж тооцоход 913,587 төгрөг илүү гарч байна. Хүүхдийн тэтгэлгийн сард төлөх хэмжээг 272,300 төгрөгөөр тооцоход энэ нь 3 сарын тэтгэлгийн төлбөр байна. Иймээс хүүхдийн тэтгэлэг төлөх хугацааг 2024.05.01-ний өдрөөс эхлэн хуульд заасан хэмжээгээр тооцож, нэхэмжлэгч Д-аас хүүхдийн тэтгэлгийг гаргуулж, охин Уд үргэлжлүүлэн олгож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 203/МА2024/00032 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 144/ШШ2024/00063 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар нэхэмжлэгч Д-ын хариуцагч Ө хэлтэст холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 3,137,848 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С-гийн Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Х-гийн 2018.10.05-ны өдрийн 10/170 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгох, эцэг Д-аас охин У-д тэтгэлэг гаргуулах тухай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үргэлжлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хангаж, Д-аас хүүхдийн тэтгэлэгт 12,559,352 төгрөг гаргуулах, алданги 6,279,676 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн 3 дахь заалтын “хариуцагч Ө хэлтсээс 65,155 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д-т олгож” гэснийг хасч, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц-гийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 65,155 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН