Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 133/ШШ2021/00211

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 133/ШШ2021/00211

Говь-Алтай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг, Төгрөг сум, Дээд шанд 601-8 тоотод оршин суух, Д овогт Б.Э-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох,

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/05 дугаартай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөрхүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Э нь Төгрөг сумын Засаг даргын Тамгын газарт 2009 оны 03 сараас эхэлж нягтлан бодогчоор тасралтгүй 11 жил ажиллаж байна. Энэ хугацаанд ажлын ямар нэгэн алдаа дутагдал, зөрчил гаргаагүй гэтэл 2021 оны 02 сарын 09-ний өдрийн Б/05 Тамгын газрын даргын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх заалтыг үндэслэн сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/05 дугаартай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Э нь Төгрөг сумын Засаг даргын Тамгын газарт 2009 оны 03 дугаар сараас эхлэн нягтлан бодогчоор тасралтгүй 11 жил ажилласан байгаа. Энэ хугацаанд ажлын ямар нэгэн алдаа, зөрчил гаргаж байгаагүй. 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/05 дугаартай Тамгын газрын даргын тушаалаар хөдөлмөийн тухай хуулийн 131.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн сахилгын шийтгэл оногдуулсан байгаа. Нэхэмжлэгч бол би цаг бүртгэх эрх байхгүй, ямар нэгэн сахилгын шийтгэл гаргаагүй байхад үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан байна. Иймд 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/05 дугаартай сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү? гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.О нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр энэ ажлыг авсан. Нэхэмжлэл гаргаж байгаа Б.Э-д авсан арга хэмжээг миний өмнө ажиллаж байсан Засаг даргын Тамгын газрын дарга авсан байгаа. Энэ тушаалыг үндэслэлтэй гэж бодож байгаа. Учир нь нягтлан бодогч нь төвсийг ариг гамтай, зориулалтын дагуу, төрийн албан хаагчийн өргөсөн тангарагийн дагуу, ажлын байрны тодорхойлолтын дагуу зүйл хэсэг бүрээр нь баримтуудыг хянан шалгаж, санхүүгийн ажил гүйлгээг баримтжуулах, цалинг ажилд ирсэн байдал, цагийн бүртгэл, ажлын цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж байгаа байдал зэргийг хянан олгох ёстой. Б.Э нь авсан арга хэмжээнээс 4 хоногийн өмнө ёс зүйн арга хэмжээ авагдсан. Мөн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар арга хэмжээ авагдсан байсан. Энэ хүн ажилдаа хянамгай, нягт, нямбай, үнэнч байх, бусадтай үгсэн хуйвалдан байгууллагад хохирол учруулах хуурамч бичиг баримт үйлдэхгүй байх нягтлан бодогчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн. Өөрөөр бол хөдөлмөрийн гэрээний 4.2 дахь хэсэгт заасан байгууллагын дотоод журмыг чанд сахих, гүйцэтгэх ажил үүрэг буюу ажлын байрны тодорхойлолтод заасан, албан тушаалын лавлахад дурдсан үүргээ чанартай бүрэн биелүүлэх, байгууллагын дотоод журмын 13.1.1 дэх хэсэг буюу үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй ажилтанд сахилгын шийтгэл оногдуулана. Сахилгын шийтгэл нь ажил сайжруулахыг сануулах, сарын үндсэн цалинг 3 сар хүртэлх хугацаагаар 20 хувь хүртэл бууруулах, үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг холбогдох газарт нь хүргэн шийдвэрлүүлэх, ажлаас халах гэсэн төрөлтэй байна. 13.1.3 дахь хэсэгт Ажилтан нь дараах хөдөлмөрийн сахилгыг 2 буюу түүнээс дээш удаа биелүүлээгүй тохиолдолд ноцтой зөрчилд тооцож ажлаас шууд халах буюу чөлөөлнө. Үүнд: Албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн, Санхүгийн болон мэдээллийн эх үүсвэрийг хувийн зорилгоор ашиглах, албан тушаалын давуу талыг ашиглан хуурамч бичиг баримтыг санаатайгаар үйлдэх, хувийн ашиг сонирхлоор бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт гаргах гэсэн заалтуудыг зөрчсөн учраас Тамгын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/05 дугаартай тушаал гарсан гэж үзэж байна. П.М-ын үйлдлийг Тамгын газрын бүх албан тушаалтан мэдэж байсан. Бүхэл бүтэн хагас сар ажил таслаад Өмнөговь аймагт ажиллаж байгааг хүн бүр мэдэж байсан. Өөрөө ч тэр газар ажиллаж байгаагаа Засаг даргын Тамгын газрын ажилчдад ярьж байсан. Гэтэл түүнийг мэдсээр байж бүтэн ажилласан мэтээр цалинг бүтэн бодож мөн арга хэмжээ авсан 20 хувийг ч суутгалгүй байгууллагад 465.324 төгрөгийн хохирол учруулсан байсан. Хурал хийж сахилгын шийтгэл оногдуулсны орой П.М нь сахилгын шийтгэлээр хасуулсан 20 хувь болох 130.530 төгрөгийг буцаан тушаасан байх жишээтэй байна. Б.Э нь бусадтай нийлж байгууллагын төсвийг эрх мэдлээ хэтрүүлэн үрэн таран хийсэнд тохирсон шийтгэл гэж үзэж байна. Тийм учир Б.Э-ын гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү. Харин ч Б.Э-ын энэ үйлдлийг ажлаас халах үндэслэл болно гэж үзэж байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э нь Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан Тамгын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/05 дугаартай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.О нь ...Б.Э нь ёс зүйн зөрчил гарган, Тамгын газрын албан хаагчдын цагийн бүртгэлийг хянаж, шалган үзэж цалин бодох ёстой байтал 2-р багийн Засаг дарга П.М-ыг ажил тасласан мөн ажлын цагаар архи ууж, ажлын байранд ирж, агсам согтуу тавьж, ажил тасалж явсныг мэдсээр байж цалинг бүтэн бичиж байгууллагад хохирол учруулсан. Б.Э нь ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, хайнга хандсан, бусдын төрийн албаны ёс зүйн дүрмийг зөрчсөн үйлдлийг нүдээр үзэж, харж, сонссон мөртлөө өөхшүүлж, түүнтэй үйлдлээрээ нэгдэн нийлж, хууль тогтоомж зөрчсөн учир хамт олны хурлаар хэлэлцэж сахилгын арга хэмжээ авсан гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Б.Э нь Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газарт нягтлан бодогчоор 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс одоог хүртэл ажиллаж байгаа болох нь нэхэмжлэгчийн 0094996 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, тус аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Нягтлан бодогч нарыг ажилд томилох тухай тушаал болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдлыг шүүх хянан шийдвэрлэхээр заасан байх тул нэхэмжлэгч Б.Э нь сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Б.Э нь Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан төвийн даргын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийг шүүхэд 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/05 тоот тушаалдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх заалтыг үндэслэн нягтлан бодогч Б.Э-ыг ажиллаагүй ажилтанд цалин бодож олгосон гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна /хх-3/.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.О нь тушаалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа ...нягтлан бодогч Б.Э нь байгууллагын дотоод журмын 13.1.1 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 4.2-т заасныг зөрчиж ажиллаагүй ажилтанд цалин бодож олгосон тул сануулах сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарлаж байна.

Хэлэлцэгдэж буй хэргийн хувьд нэхэмжлэгч Б.Э-ыг ажиллаагүй ажилтанд цалин бодож олгосон үндэслэлээр сануулах сахилын шийтгэл ногдуулсан байх бөгөөд хэрэгт нотлох баримтаар авагдсан тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Ажлын цагийн тооцоо-ны хүснэгтийн 2-рт П.М хуанлийн хүн өдөр-31, амралт баяр ёслолын өдөр 11, өдөр 20, цаг 8, өдөр 20, цаг 160 гэж бүртгээд цаг бүртгэгч Л.Түмэндэмбэрэл, шалгасан нягтлан бодогч Б.Э, хянаж баталгаажуулсан Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мянганбаяр гээд гарын үсэг зурж, тэмдэг даржээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар заасан байх бөгөөд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчийн албан тушаал нь байнгын орон тоо байх тул хэрэгт нотлох баримтаар авагдсан Б.Э, Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.М нарын 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хүчин төгөлдөр байна.

Гэтэл зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нягтлан бодогчийн гүйцэтгэх ажлыг нарийвчлан заагаагүй буюу ажлын цагийн тооцоог хэн, хэзээ шалгах талаар тодорхой тусгаагүй байх бөгөөд 2013 онд дагаж мөрдсөн хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр хэсэг дэх Хөдөлмөрийн сахилга эд хөрөнгийн хариуцлага-д ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заасан ямар үүргээ биелүүлээгүй нь хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болох талаар тусгаагүй байна.

Ийнхүү хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд ажиллаагүй ажилтанд цалин бодож олгосон тохиолдолд хэнд, хэрхэн арга хэмжээ тооцох талаар тухайлан зааж оролцогч талууд тохиролцоогүй байхад ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч Б.Э-д сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна гээд хуулийн 131.1.1-д сануулах гэж заажээ.

Өөрөөр хэлбэл ажилтан Б.Э ажил олгогчтой 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2-т заасан Байгууллагын дотоод журмыг чанд сахих, Гүйцэтгэх ажил үүрэг буюу ажлын байрны тодорхойлолт, албан тушаалын лавлахад дурдсан үүргээ чанартай, бүрэн биелүүлэх гэж заасан бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тул 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын байгууллагын дотоод журмын 13.1.3-т заасан үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй ажилтанд сахилгын шийтгэл оногдуулана гэж зааснаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байгаа нь ойлгомжгүй тодорхойгүй байна.

Түүнчлэн хариуцагч байгууллагаас хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын байгууллагын дотоод журмын 13 дугаар зүйл нь Ажил олгогчийн эрх, үүрэг гэсэн хэсэг байх бөгөөд 13.1.3-т Үр дүнгийн гэрээг 12 дугаар сарын 31-ний дотор эцэслэн дүгнэж дараа жилийн үр дүнгийн гэрээг 01 сарын 10-ны дотор байгуулна гэж заасан буюу ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл биш ажил олгогчийн эрх, үүргийг тодорхойлсон заалт байх бөгөөд хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.О-ын тушаалын үндэслэл болгон тайлбарлаж байгаа

Мөн хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.О нь шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар арга хэмжээ авагдсан байсан. Энэ хүн ажилдаа хянамгай, нягт, нямбай, үнэнч байх, бусадтай үгсэн хуйвалдан байгууллагад хохирол учруулах хуурамч бичиг баримт үйлдэхгүй байх нягтлан бодогчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж тайлбарлаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж, 131.4-т Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно гэж тус тус заасан.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.О нь нэхэмжлэгч Б.Э-д 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 дугаартай Б.Э-д ёс зүйн хариуцлага хүлээлгэх тухай арга хэмжээг тус тус авсан гэж тайлбарлаж, тушаалуудыг байгууллагын хуулбар үнэн тэмдэг даран нотлох баримтаар ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасан байх бөгөөд дээрх тушаалууд нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж заасан ба төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд гэдэгт энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан тухайн хэргийн нэхэмжлэгч, эсхүл хариуцагч тал өөрийн байгууллагын хуулбар үнэн гэх тэмдэглэгээ дарснаар уг хуулбарыг нотариатаар гэрчлүүлэх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

Өөрөөр хэлбэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх..., 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн өмгөөлөгч буюу төлөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч байгууллага болох Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газар нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан нь хөдөлмөрийн харилцаанд дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсний төлөө сахилгын хариуцлага хүлээдэг бөгөөд сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал юм. Өөрөөр хэлбэл сахилгын зөрчил гаргагч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтан, зөрчилд арга хэмжээ авах эрх бүхий этгээд нь ажил олгогч этгээд байдаг бөгөөд ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэрэг үйлдэл, эс үйлдэхгүй байна.

Тиймээс ажил олгогч нь сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байхаас гадна сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд заасан зөрчлийг шалгасан талаарх материал, тухайн зөрчлийг хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг ажил олгогч өөрөө гаргаж өгөөгүй тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэл нотлогдоогүй гэж үзэхээр байна.

Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар үндэслэл, татгалзлаа нотлох, нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамраалтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сахилгын шийтгэл ногдуулсан Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/05 тушаалын үндэслэл хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 129 дүгээр зүйлийн 129.1, 63 дугаар зүйлийн 63.3, 63.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/05 дугаартай Б.Э-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүйд тооцсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох 70.200 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ