Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 215/МА2022/00009

 

 

Б.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ч.Э, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 133/ШШ2022/00105 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг, Т сум, Дээд шанд 601- ... тоотод оршин суух, Д овгийн Б.Э-ын /РД: ДЙ............../ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Т сумын ЗДТГ-т холбогдох,

Говь-Алтай аймгийн Т сумын ЗДТГ даргын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/05 дугаартай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ж-ы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, түүний өмгөөлөгч М.Э, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Э нь Т сумын ЗДТГ-т 2009 оны 03 сараас эхэлж нягтлан бодогчоор тасралтгүй 11 жил ажиллаж байна. Энэ хугацаанд ажлын ямар нэгэн алдаа дутагдал, зөрчил гаргаагүй гэтэл 2021 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн Б/05 Тамгын газрын даргын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх заалтыг үндэслэн сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Говь-Алтай аймгийн Т сумын ЗДТГ даргын 2021 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн Б/05 дугаартай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Б.Э итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Б.Э нь Т сумын ЗДТГ 2021 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн Б/05 дугаартай Тамгын газрын даргын тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан байгаа. Ингэхдээ тодорхой хуулийн заалтыг барьсан ч гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн ажиллаагүй ажилтанд цалин бодож олгосон гэдэг үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл оногдуулсан байгаа. Хавтаст хэрэгт цугларсан хөдөлмөрийн гэрээ, дотоод журам дээр ажил үүргийн хуваарьт нь цаг бүртгэх, цагийн бүртгэлийн тооцоо хийх, шалгах, хянах үүрэг байхгүй. Цагийн бүртгэлийг цаг бүртгэгч бүртгэж ирүүлснээр нягтлан бодогч цалин олгодог байгаа. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн сануулах сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Сануулах сахилгын шийтгэл оногдуулсан тушаалаас харах юм бол нягтлан бодогч Б.Э нь ажиллаагүй ажилтанд цалин олгосон гэж байна. Ямар ажилтан ажиллаагүй байсан юм бэ? Энэ хүн хөдөлмөрийн гэрээ, дотоод журмын ямар заалтыг зөрчсөн талаар тушаал дээр тодорхой дурдсан зүйл байхгүй. Өөрөөр бол Б.Э ажил үүргийн онцлогтой холбоотой гаргасан зөрчил нь нотлогдсон байх шаардлагатай. Тэгэхээр энэ талаар хэргийн материалд бэхжигдээгүй байгаа. Цалин олгох хүсэлт дээр нэгдүгээр гарын үсэг дээр Засаг дарга гарын үсэг зурсан байдаг. Сахилгын шийтгэлийг хүчингүй болгож өгнө үү? гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна. Хууль зүйн үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл оногдуулсан байна гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.О нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т сумын ЗДТГ нягтлан бодогч Б.Э-д сануулах сахилгын арга хэмжээ авсан байгаа. Тухайн үед багийн Засаг даргаар ажиллаж байсан П.М нь архидан согтуураад ажлын цагаар ажлын байранд агсам согтуу тавиад тухайн үед ажиллаж байсан Иргэдийн Хурлын даргын биед халдсан ноцтой зөрчил гаргасан байдаг. Энэ дээр төсвийн ерөнхийлөн захирагч буюу сумын Засаг дарга Б.Ч багийн Засаг дарга П.М-т цалингийн 20 хувиар арга хэмжээ авсан байдаг. Тэр арга хэмжээг нягтлан бодогч арга хэмжээ авсан шийдвэрийг өгсөөр байтал цалингийн суутгал хийлгүй үлдээсэн. Өөрөөр хэлбэл дээд шатны албан тушаалтны шийдвэрийг биелүүлээгүй. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Төсвийн тухай хуульд нягтлан бодогчийн үүрэг дээр байж байгаа. Холбогдох албан тушаалтны эрх хэмжээнд гаргасан үүрэг даалгаврыг биелүүлнэ гэж байдаг. Үүнийг биелүүлээгүй. Хоёрт нь мөн багийн Засаг дарга П.М 2021 оны 1 сард ажил албан тушаалаа гүйцэтгэсээр байтал өөр газар ажиллаад явж байсан. Энд бол тухайн Тамгын газар дээр ажиллаагүй. Тэрийг ажилласан мэтээр цалинг бүтэн олгосон. Цагийн бүртгэлийг бичээч, бичиг хэргийн эрхлэгч бүтнээр ажилласан мэтээр цагийн бүртгэлийг гаргаад өгөхөд нягтлан бодогч тэрийг хянаж байж анхан шатны санхүүгийн баримтыг тулгаж байж цалин бодох үүрэгтэй. Бас л Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хууль үүрэг хариуцлага дээр бүрэн тусгагдсан байж байдаг. Гэтэл тэрийг мэдсээр байж байгууллага хамт олны хуралдаанд энэ хүн агсам согтуу тавьсан гэдгийг ярилцаад хамт олны хурал дээр тэр буруугаа хүлээгээд гарсан нягтлан бодогч. Тэрийгээ мэдсээр байж гараад цалинг бүтэн олгочихсон байж байгаа юм. Ийм алдаа дутагдал гаргасан. Дээрээс нь нягтлан бодогч тухайн үед ёс зүйн зөрчил гаргаж байсан. Засаг даргаас Т сумын ёс зүйн хороо уучлал хүсэх сахилгын арга хэмжээг ногдуулж байсан. Ёс зүйн алдаа дутагдал давхар давхар гаргаж байсан. Энэ байдал дээр тухайн үед ажиллаж байсан албан тушаалтан сануулах арга хэмжээ авсан. Надаас өмнө тухайн үед ажиллаж байсан хүн авсан байдаг юм. Арга хэмжээ нь тухайн үеийн гаргасан алдаа дутагдалд тохирсон, тэр битгий хэл тэрнээс цаадах арга хэмжээг авахаар алдаа дутагдлыг тухайн хүн гаргасан. Тэр хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ биелүүлээгүй, энийг тушаал дээр дурдаагүй мөртлөө гэж байна. Энэ бол Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дээр байж байгаа. Байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ биелүүлээгүй албан тушаалтанд дараах арга хэмжээг авна гээд тодорхой байж байгаа учраас тушаал шийдвэрт тусгах шаардлагагүй гэж үзэж байна. Тийм учраас тушаал дээр оруулаагүй байгаа. Нягтлан бодогч өөрөө хамт олны хурал дээр өөрийнхөө алдаа дутагдлыг ойлгоод гарсан. Дараа нь ямар хүний ятгалгаар ингээд шүүхэд өгөөд ийм нэхэмжлэл гаргаад явааг ойлгохгүй байна. Түүнээс биш өөрөө алдаа дутагдлаа бүрэн ухамсарлаад ойлгоод хурал дээр ийм юм хэлсэн байгаа. Ийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Т сумын ЗДТГ-т холбогдох, Говь-Алтай аймгийн Т сумын ЗДТГ даргын 2021 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн Б/05 дугаартай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Э нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 133/ШШ2022/00105 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Б.Э миний нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Миний бие нягтлан бодогчийн гүйцэтгэх үүрэгт цаг бүртгэх цагийн бүртгэлийн тооцоо хийх, шалгах хянах үүрэг ажил үүргийн хуваарь хөдөлмөрийн гэрээ байгууллагын дотоод журамд байхгүй. Ялангуяа багийн Засаг дарга тэр бүр үзэгдээд цагаа бүртгүүлээд байдаггүй. Энэ үүргийг цаг бүртгэгч гүйцэтгэх ажлынхаа эрх үүргээр хариуцдаг байхад нягтлан бодогчийг буруутгаж байгааг ойлгохгүй байна. П.М нь давхар ажил хийж байсныг би мэдэх ямар ч боломжгүй, анхан шатны цагийн бүртгэлд цаг бүртгэгч нь ирц бүрэн гэдгээр бичигдэж ирдэг байсан. Цаг бүртгэгчийн ажлын хариуцлагыг надад хамааруулж байгааг ойлгохгүй байна. Иймд дээр дурьдсан нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянаж, үнэн мөнийг олж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.О давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 133/ШШ2022/00105 тоот шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангасан, хавтаст хэрэгт цугласан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж дүгнэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтуудыг хангасан үндэслэлтэй шийдвэр учраас нэхэмжлэгч Б.Э гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нягтлан бодогч нь анхан шатны баримтуудыг хууль тогтоомжийн дагуу хянаж, шалгах, тулгах ажил гүйлгээг гарахаас нь өмнө хянан баталгаажуулах, байгууллагын хөрөнгийг аривлан хэмнэж, зохих анхан шатны материалын дагуу зарцуулах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй.

Байгууллагын дотоод журам, нягтлан бодогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн. Харин ч бүр ажлын байрандаа архидан согтуурч, танхайрсан, ажил хийгээгүй, ажлын байрандаа байхгүй байсан хүнтэй хуйвалдаж байгууллагын санхүүд хохирол учруулсан нь үнэн болно.

Алдаа, зөрчил гаргасан цаг бүртгэгч, нягтлан бодогч, ЗДТГ даргад арга хэмжээ авсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Э нь Говь-Алтай аймгийн Т сумын ЗДТГ-т холбогдуулан тус Тамгын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн нягтлан бодогч Б.Э-д сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Т сумын ЗДТГ-ын дарга нь 2021 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн Б/05 дугаар тушаалаараа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх заалтыг үндэслэн нягтлан бодогч Б.Э-ыг ажиллаагүй ажилтанд цалин бодож олгосон гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч байгууллагын төлөөлөгч нь нягтлан бодогч Б.Э-ыг байгууллагын дотоод журам, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг зөрчиж 2021 оны 01 дүгээр сард ажиллаагүй 2 дугаар багийн Засаг дарга П.М-т цалин бодож олгосон учраас сумын ЗДТГ даргын тушаалаар түүнд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарлаж байгаа боловч дээрх хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод нягтлан бодогчийн хийж гүйцэтгэх ажлыг нарийвчлан заагаагүй буюу ажлын цагийн тооцоог хэн, хэзээ хэрхэн шалгах талаар тухайлан заасан заалт байхгүй байна.

 

Б.Э-д сахилгын шийтгэл ногдуулахдаа хариуцагч Т сумын ЗДТГ дарга Б.М нь уг зөрчлийг шалган тогтоогоогүй байна. Мөн багийн дарга П.М-т цалин бодож олгох шийдвэрийг гаргаж П.М-т цалинг бүтнээр нь бодож олгохыг өөрөө зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан атлаа Т сумын ЗДТГ даргын 2021 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн Б/05 тушаалаар нягтлан бодогч Б.Э-д сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

 

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна.

 

Тухайн байгууллагын мөрдөж байсан хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд ажиллаагүй ажилтанд цалин бодож олгосон тохиолдолд хэнд хэрхэн хариуцлага тооцох талаар тухайлан зааж оролцогч тохиролцоогүй байхад ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэж нягтлан бодогч Б.Э-д сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байх бөгөөд нягтлан бодогч нь анхан шатны баримт хуурамчаар бүрдүүлж, эрх бүхий дээд шатны албан тушаалтны зохих шийдвэргүйгээр ажил хийгээгүй ажилтанд дур мэдэн цалин хөлс бодож олгосон гэдэг байдал тогтоогдоогүй байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь сумын Засаг даргын шийдвэрийн биелэлтийг дотоод ажил хариуцсан мэргэжилтэн хариуцдаг бөгөөд “тэрээр цалин бууруулах шийдвэрийг нягтлан бодогчид өгсөн гэсэн” гэж тайлбарлаж байгаа боловч энэ байдлаа баримтаар нотлоогүй, тухайн сарын цалин бодохоос өмнө багийн дарга П.М-ын цалинг 20 хувиар бууруулах тухай Засаг даргын шийдвэрийг нягтлан бодогч Б.Э-д хүргүүлсэн байдал тогтоогдоогүй байна.

 

Нягтлан бодогч Б.Э нь П.М-ын цалинг хасах Засаг даргын шийдвэрийг хүргүүлсээр байхад цалинг бүтнээр бодож олгосон гэдэг байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

Өөрөөр хэлбэл Б.Э нь байгууллагын ажлын цагийн тооцоог хянаж шалгах үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлж санхүүгийн болон мэдээллийн эх үүсвэрийг хувийн зорилгоор ашиглаж бусадтай үгсэн хуйвалдаж байгууллагад хохирол учруулсан ёс зүйн зөрчил гаргасан гэх байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Харин нэхэмжлэгч би анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шалтгаан нь би цаг бүртгэдэг хүн биш бөгөөд байгууллагын дотоод журамд ч гэсэн бичиг хэрэг, архивын ажилтан цаг бүртгэнэ гээд заасан байгаа. Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт зааснаар байгууллагын даргын тушаалаар ажиллагсдын ажлын цагийг бүртгэх асуудлыг хариуцсан ажилтан гүйцэтгэх ёстой. Ажилтан цагийн бүртгэлийг үнэн зөв бүртгэж байгаа эсэхэд байгууллагын дарга эсхүл түүний төлөөллийн хүн, дотоод хяналтын нэгжийн зүгээс хяналт тавих ёстой. Цагийн бүртгэл хариуцсан ажилтан цагийн бүртгэлийг гаргаж байгууллагын даргаар батлуулсны дараа нягтлан бодогчид чөлөөний хуудас, эмчийн магадалгаа, ээлжийн амралтын мэдэгдэл зэрэг бусад нотлох баримтын хамт хүлээлгэж өгөх ба нягтлан бодогч зөвхөн батлагдсан цагийн бүртгэлийг үндэслэн цалин бодож олгоно гэж заасан байгаа. Нягтлан бодогч ажиллагсдын цалин бодсоны дараа цалингийн тооцооны карт 2 хувь, төлбөрийн хүсэлт 2 хувь бэлтгэж байгууллагын даргаар батлуулна. Дарга цалингийн тооцооны картыг батлахдаа ажиллагсдын ажилласан цаг, албан тушаалын цалин, нэмэгдэл болон гарт олгосон цалинг олгож цалин олгох хүснэгтийг батлахдаа цалингийн тооцооны  картууд дээр гарт олгох дүнгүүд дээр тохирч байгаа эсэхийг хянаж батална гэж заасан байгаа.

Тиймээс би цагийн бүртгэлийн дагуу П.М гэдэг хүнийг ажлаа хийж байсан гэж үзээд цалин бодож олгосон. Удирдлагын зүгээс П.М-т үр дүнгийн урамшуулал олгосон байгаа. Ажил хийгээгүй хүн үр дүнгийн урамшуулал авахгүй. 2021 оны 01 дүгээр сарын 24-нд багийн Засаг дарга нарын, 26-нд манай байгууллагын ажилтнуудын цалин тогтоолтыг надад ирүүлсэн байгаа. Цалин тогтоолтыг үндэслээд цагийн балансыг авсан байгаа. Энэ хоёрыг хооронд нь тулгасан. Цалин тогтоолтоо үндэслээд хүний нөөцийн системд бүх цалингаа шивж олгосон. Хүний нөөцийн системээс цалингийн сан руу татсан. 01 дүгээр сарын 26-нд цалингийн баланс ирсэн, 01 дүгээр сарын 28-нд цалингаа бүтэн бодож олгосон байгаа. Тэгэхдээ би цалингийн цэсийг Тамгын газрын даргаар батлуулсны дараа төлбөрийн хүсэлтээ үйлддэг. Ийм дарааллаар явагддаг.

 

Тиймээс ажиллаагүй ажилтанд цалин бодож олгосон гэж надад сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэлгүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж холбогдох нотлох баримт буюу эрх бүхий албан тушаалтан болох Засаг даргын цалин тогтоосон хүснэгт, төлбөрийн хүсэлт зэрэг нотлох баримт ирүүлснийг хариуцагч нотлох баримтаар няцаагаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож,     нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 133/ШШ2022/00105 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, “...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Т сумын ЗДТГ даргын 2021 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн Б/05 дугаартай Б.Э-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай...” гэж,

 

2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар 70.200 төгрөгийг Т сумын ЗДТГ-аас гаргуулж улсын орлогод оруулсугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.Б

 

           ШҮҮГЧИД                                Ч.Э

 

                                                                     Т.Ж