Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 215/МА2021/00020

 

Б.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Б даргалж, шүүгч Т.Ж, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 133/ШШ2021/00211 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг, Төгрөг сум, 4 дүгээр баг, Цагаан хайрханд оршин суух, Д овогт Б.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Төгрөг сумын ЗДТГ холбогдох,

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын ЗДТГ-ын даргын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/05 дугаартай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Э нь Төгрөг сумын ЗДТГ 2009 оны 03 сараас эхэлж нягтлан бодогчоор тасралтгүй 11 жил ажиллаж байна. Энэ хугацаанд ажлын ямар нэгэн алдаа дутагдал, зөрчил гаргаагүй гэтэл 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/05 Тамгын газрын даргын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх заалтыг үндэслэн сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/05 дугаартай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Э нь Төгрөг сумын ЗДТГ 2009 оны 03 дугаар сараас эхлэн нягтлан бодогчоор тасралтгүй 11 жил ажилласан байгаа. Энэ хугацаанд ажлын ямар нэгэн алдаа, зөрчил гаргаж байгаагүй. 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/05 дугаартай Тамгын газрын даргын тушаалаар Хөдөлмөийн тухай хуулийн 131.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн сахилгын шийтгэл оногдуулсан байгаа. Нэхэмжлэгч бол би цаг бүртгэх эрх байхгүй, ямар нэгэн сахилгын шийтгэл гаргаагүй байхад үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан байна. Иймд 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/05 дугаартай сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү? гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.О нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр энэ ажлыг авсан. Нэхэмжлэл гаргаж байгаа Б.Э-д авсан арга хэмжээг миний өмнө ажиллаж байсан Засаг даргын Тамгын газрын дарга авсан байгаа. Энэ тушаалыг үндэслэлтэй гэж бодож байгаа. Учир нь нягтлан бодогч нь төсвийг ариг гамтай, зориулалтын дагуу, төрийн албан хаагчийн өргөсөн тангарагийн дагуу, ажлын байрны тодорхойлолтын дагуу зүйл хэсэг бүрээр нь баримтуудыг хянан шалгаж, санхүүгийн ажил гүйлгээг баримтжуулах, цалинг ажилд ирсэн байдал, цагийн бүртгэл, ажлын цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж байгаа байдал зэргийг хянан олгох ёстой. Б.Э нь авсан арга хэмжээнээс 4 хоногийн өмнө ёс зүйн арга хэмжээ авагдсан. Мөн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар арга хэмжээ авагдсан байсан. Энэ хүн ажилдаа хянамгай, нягт, нямбай, үнэнч байх, бусадтай үгсэн хуйвалдан байгууллагад хохирол учруулах хуурамч бичиг баримт үйлдэхгүй байх нягтлан бодогчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн. Өөрөөр бол хөдөлмөрийн гэрээний 4.2 дахь хэсэгт заасан байгууллагын дотоод журмыг чанд сахих, гүйцэтгэх ажил үүрэг буюу ажлын байрны тодорхойлолтод заасан, албан тушаалын лавлахад дурдсан үүргээ чанартай бүрэн биелүүлэх, байгууллагын дотоод журмын 13.1.1 дэх хэсэг буюу үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй ажилтанд сахилгын шийтгэл оногдуулна. Сахилгын шийтгэл нь ажил сайжруулахыг сануулах, сарын үндсэн цалинг 3 сар хүртэлх хугацаагаар 20 хувь хүртэл бууруулах, үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг холбогдох газарт нь хүргэн шийдвэрлүүлэх, ажлаас халах гэсэн төрөлтэй байна. 13.1.3 дахь хэсэгт ажилтан нь дараах хөдөлмөрийн сахилгыг 2 буюу түүнээс дээш удаа биелүүлээгүй тохиолдолд ноцтой зөрчилд тооцож ажлаас шууд халах буюу чөлөөлнө. Үүнд: Албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн, Санхүүгийн болон мэдээллийн эх үүсвэрийг хувийн зорилгоор ашиглах, албан тушаалын давуу талыг ашиглан хуурамч бичиг баримтыг санаатайгаар үйлдэх, хувийн ашиг сонирхлоор бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт гаргах гэсэн заалтуудыг зөрчсөн учраас Тамгын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/05 дугаартай тушаал гарсан гэж үзэж байна. П.М-ын үйлдлийг Тамгын газрын бүх албан тушаалтан мэдэж байсан. Бүхэл бүтэн хагас сар ажил таслаад Өмнөговь аймагт ажиллаж байгааг хүн бүр мэдэж байсан. Өөрөө ч тэр газар ажиллаж байгаагаа Засаг даргын Тамгын газрын ажилчдад ярьж байсан. Гэтэл түүнийг мэдсээр байж бүтэн ажилласан мэтээр цалинг бүтэн бодож мөн арга хэмжээ авсан 20 хувийг ч суутгалгүй байгууллагад 465.324 төгрөгийн хохирол учруулсан байсан. Хурал хийж сахилгын шийтгэл оногдуулсны орой П.М нь сахилгын шийтгэлээр хасуулсан 20 хувь болох 130.530 төгрөгийг буцаан тушаасан байх жишээтэй байна. Б.Э нь бусадтай нийлж байгууллагын төсвийг эрх мэдлээ хэтрүүлэн үрэн таран хийсэнд тохирсон шийтгэл гэж үзэж байна. Тийм учир Б.Э-ын гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү. Харин ч Б.Э-ын энэ үйлдлийг ажлаас халах үндэслэл болно гэж үзэж байгаа гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 129 дүгээр зүйлийн 129.1, 63 дугаар зүйлийн 63.3, 63.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Төгрөг сумын ЗДТГ-ын даргын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/05 дугаартай Б.Э-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүйд тооцож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох 70.200 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Төгрөг сумын ЗДТГ-аас гаргуулан улсын орлогод оруулж ..... шийдвэрлэжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч Говь-Алтай аймгийн Төгрөг сумын ЗДТГ, түүнийг төлөөлж Тамгын газрын дарга ажилтай Б овогтой О би Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 133/ШШ2021/00211 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг давж заалдах журмаар гаргаж байна.

 

Хариуцагч Б.О би уг шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн заалт, мөн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан: “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Төгрөг сумын ЗДТГ-ын нягтлан бодогч Б овогтой Э нь ажил тасалж, эзэнгүй байсан, өөр газарт давхар ажил эрхэлж байсан албан хаагчийн цалинг ажилласан мэтээр бүтэн олгож, ажлын цагаар ажлын байр нь дээр агсам согтуу тавьж, байгууллагын эд хогшилыг эвдэж, албан хаагчийн биед гар хүрч танхайрсан албан хаагчид авсан цалинг 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээний шийдвэрийг нягтлан бодогчид өгсөн байхад, арга хэмжээг суутгалгүй цалинг бүтэн олгож байгууллагад хохирол учруулсан. Гэтэл үүнийг засаж залруулахын оронд дэмжиж, буруу шүүхийн шийдвэр гарсантай санал нийлэхгүй байна

 

Хариуцагч Б.О би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-д заасан эрхээ эдэлж 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг няцаах шаардлагатай нотлох баримт гаргаж өгсөн. Тухайн үед тус сумд нотариатын үүрэг гүйцэтгэгч байхгүй, “Ковид-19” цар тахал өвчин гарч, бүх нийтийн хөл хориотой байсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасны дагуу нотлох баримтад байгууллагын архивын “хуулбар үнэн” тэмдэг дарж, нотлох баримтаа гаргаж өгсөн болно. Гэтэл үүнийг шүүх буруу талаас нь үнэлсэнтэй санал нийлэхгүй, гомдолтой байна.

 

Б.Э-д ёс зүйн зөрчил гаргасны улмаас ногдуулсан уучлал гуйх ёс зүйн хариуцлага ногдуулсан нь Төрийн албаны тухай хуульд заасан шударга ёсны зарчмыг баримталж гаргасан болно. Энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг няцаах нотлох баримт болно.

 

Байгууллагын дотоод журамд байнга тодотгол хийгддэг бөгөөд шүүгчийн захирамжийн дагуу нотлох баримт гаргаж өгөхдөө тодотгол хийгдээгүй дотоод журмыг тухайн ажил хариуцсан албан тушаалтан явуулсан байсныг шүүх хуралдаан дээр мэдэж, тодотгол хийсэн дотоод журмыг өгч, танилцуулах гэтэл шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй. Уг тодотгол хийсэн дотоод журам болон тодотгол хийгдээгүй дотоод журмуудын хариуцлага хүлээх заалтууд нь ижил байсан, зөвхөн дугаар нь зөрж байгааг шүүх хуралдаан дээр тайлбарлаж ярьсаар байтал хүлээж аваагүй, хэтэрхий нэг талыг баримталж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-ийг үндэслэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 133/ШШ2021/00211 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагч Б.О би Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 133/ШШ2021/00211 дугаар шийдвэрийг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээж аваад энэхүү гомдлыг гаргаж байгаа болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Э нь Говь-Алтай аймгийн Төгрөг сумын ЗДТГ-ын даргын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тус байгууллагын нягтлан бодогч Б.Э-д сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ нягтлан бодогч нь тухайн байгууллагын ажилтнуудын цагийг бүртгэх үүрэггүй гэж тайлбарлан маргажээ.

 

Хариуцагч Говь-Алтай аймгийн ЗДТГ шүүхэд гаргасан тайлбартаа: “Нягтлан бодогч Б.Э нь байгууллагын дотоод журмын 13.1.1 дэх хэсэг, ажил олгогчоос түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2 дэх хэсэгт заасныг зөрчиж ажлын цагаар архи ууж, агсам тавьж, ажил тасалж явсан П.М-ыг  бүтэн ажилласанаар тооцон цалин олгож, цалин бууруулах сахилгын шийтэлийн дагуу цалингийн 20 хувийг суутгалгүй байгууллагад 465 324 төгрөгийн хохирол учруулаад, хурал хийж сахилгын шийтгэл ногдуулсаны дараа П.М-ын цалингийн 20 хувь болох 130 530 төгрөгийг буцаан тушаасан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн гэрээний 4.2 дахь хэсэгт “Байгууллагын дотоод журмыг чанд сахих, гүйцэтгэх ажил үүрэг буюу ажлын байрны тодорхойлолт, албан тушаалын лавлахад дурдсан үүргээ чанартай биелүүлэх” гэж заасан бөгөөд нягтлан бодогчийн гүйцэтгэх ажлыг нарийвчлан заагаагүй, ажлын цагийн тооцоог хэн, хэзээ шалгах талаар тодорхой тусгаагүй.

 

2013 онд тухайн байгууллагад дагаж мөрдсөн хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлд хөдөлмөрийн сахилга эд хөрөнгийн хариуцлагын хэсгийг тусгасан, 13.1.3 дахь хэсэгт үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй ажилтанд сахилгын шийтгэл оногдуулна гэж заасан боловч ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ямар үүргээ биелүүлээгүй тохиолдолд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах талаар тусгаагүй.

 

Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд ажиллаагүй ажилтанд цалин бодож олгосон тохиолдолд хэнд хэрхэн хариуцлага тооцох талаар тухайлан зааж оролцогч тохиролцоогүй байхад ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэж Б.Э-д сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж дүгнэжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.О анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нягтлан бодогч Б.Э байгууллагын дотоод журмын 13.1.3 дахь хэсэгт заасан албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн, санхүүгийн болон мэдээллийн эх үүсвэрийг хувийн зорилгоор ашиглах, албан тушаалын давуу талыг ашиглан хуурамч бичиг баримт санаатайгаар үйлдэх, хувийн ашиг сонирхлоор бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт гаргахгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн гэж тайлбарласан нь хариуцагчаас гаргаж өгсөн Хөдөлмөрийн дотоод журмын 13.1.3 дахь хэсэгт зааснаас ялгаатай байхад шүүх энэ талаар нөгөө талын байр суурийг сонсолгүй, талуудад энэ талаар мэтгэлцэх, шинэ нотлох баримт бүрдүүлэх боломж олголгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болохоор заасан.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах эрхийг шүүх эдлэхээр зохицуулсан байна.

 

Тиймээс шүүх байгууллагын дотоод журмын ялгаатай байдлын талаар тодруулж, хариуцагч нь нэмэлт өөрчлөлт оруулсан байгууллагын дотоод журмыг шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх, уг нотлох баримтыг шинжлэн судлах үндэслэлтэй эсэхийг шүүх хэлэлцэн шийдвэрлэж шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болохоор хуульд тусгайлан зохицуулсан байна.

 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж буйг заахаар зохицуулжээ.

 

Шүүхийн дүгнэлт нь хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурласан байх учиртай.

 

Эдгээр нь шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гаргах зарчмыг хэрэгжүүлэхтэй холбоотой бөгөөд шүүх шаардлагатай нотлох баримтыг гаргах, цуглуулах, бүрдүүлэх боломжийг зохигчдод олгохын тулд шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болдгийг дурдах нь зүйтэй.

 

Тиймээс шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 211 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Говь-Алтай аймгийн Төгрөг сумын ЗДТГ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 
 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.Б

 

                         ШҮҮГЧИД                            Т.Ж

 

                                                       Ч.Э