| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 181/2020/02583/И |
| Дугаар | 001/хт2024/00303 |
| Огноо | 2024-12-12 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 001/хт2024/00303
Д.Б-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2024/02082 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2024/01526 дугаар магадлалтай,
Р.Э-д холбогдох,
Орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Р.Э-д холбогдуулан орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2024/02082 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ын 0000 хаягт байршилтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч Р.Э-ын эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Р.Э-ыг 0000 хаягт байршилтай, 2 (хоёр) өрөө орон сууцны хамтран өмчлөгч болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг тус тус улсын орлого болгож, нэхэмжлэгч Д.Б-аас 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөг гаргуулж хариуцагч Р.Э-д олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2024/01526 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2024/02082 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Р.Э-д холбогдох, 0000 орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай Д.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,
тогтоох хэсгийн 1 дэх заалтын дараа “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-т холбогдох, 0000 орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай Р.Э-ын сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 2 дахь заалтыг нэмж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж дугаарлалтыг өөрчилж, тус заалтад “...тус тус улсын болгож, нэхэмжлэгч Д.Б-аас 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөг гаргуулж хариуцагч Р.Э-д олгосугай” гэснийг “...тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй” гэж өөрчилж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж тус тус дугаарлалтыг өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2024.06.24-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.07.29-ний өдрийн 210/МА2024/01526 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.4-т заасан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.
4.1. Үйл явдлын товч: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.09-ний өдрийн 181/ШШ2020/02771 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх заалтыг баримтлан 0000 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцыг хариуцагч Р.Э-ын эзэмшлээс албадан чөлөөлж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.29-ний өдрийн 0266 дугаартай магадлалаар хэвээр үлдээсэн. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021.04.02-ны өдрийн 001/ШХТ2021/00021 дугаартай тогтоолоор хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн тул шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.14-ний өдрийн 181/ШШ2023/00783 дугаартай шийдвэрээр
А) Р.Э нь 0000 орон сууцны өмчлөгч агсан эх Н.Д, ах Т.Б нарын өв болох орон сууцны гуравны хоёрт ногдох хэсгийн хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоолгох,
Б) 0000 орон сууцны гуравны хоёр хэсгийн өмчлөх эрхийг өвийн журмаар хүлээн авсанд тооцуулах,
В) Д.Б-т 0000 орон сууц үл хөдлөх хөрөнгийг өвлөх гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл хууль бус болохыг тогтоож,
Г) Д.Б-т олгосон 2019.09.25-ны өдрийн 52, 53 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
Анхан шатны шүүхийн шийдвэрт гаргасан гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023.05.03-ны өдөр хянан хэлэлцэж, 210/МА2023/00920 дугаартай магадлалаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.С-аас Д.Б-т олгосон 2019.09.25-ны өдрийн 53 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нэхэмжлэгч Р.Э-ын нэхэмжлэлээс 2019.09.25-ны өдрийн 52 дугаар өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023.07.06-ны өдрийн 001/ШХТ2023/00849 тогтоолоор гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн тул шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон. Дээрх магадлалын үндэслэх хэсэгт “...өвлүүлэгч Н.Д-ийн хүүхдүүд болох Т.Б, Т.Р, Т.Б, Р.Э, Д.Б нар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгчид байна. ... Өвлүүлэгч Н.Д-ийг нас барах үед хамт амьдарч байсан өвлөгч Р.Э, Т.Б нар өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариатад мэдэгдээгүй тул өвийг хүлээн авсан гэж, ... дээрх үндэслэлээр орон сууцнаас өвлүүлэгч Н.Д-д ногдох 1/3 хэсгийг хууль ёсны өвлөгч Р.Э, Т.Б нар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт зааснаар тэнцүү хэмжээтэй буюу тус бүр 1/6 хэсгийг өвлөсөн гэж дүгнэх үндэстэй, ... хариуцагч С.С нь хүсэлт гаргагч Д.Б-аас нас барагч Н.Д-ийн өвлөгч болохоо нотолсон баримтыг ирүүлээгүй байхад “бусад өвлөгчид өв хүлээн авах өргөдөл гаргаагүй тул татгалзсан” гэх үндэслэлээр түүнд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь... хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна” гэж дүгнэсэн. Улмаар Р.Э нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.09-ны өдрийн 181/ШШ2020/02771 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.29-ний өдрийн 0266 дугаартай магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.1-д заасны дагуу хянуулах хүсэлт гаргасан ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2023.09.25-ны өдөр 210/ШТ2023/00578 дугаартай тогтоолоор дээрх шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасан.
4.2. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн болон хууль ёсны өвлөгч нь хамтран өмчлөгч болохыг тогтоолгох эрхтэй талаар хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой тухай.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024.05.21-ний өдрийн 181/ШШ2024/02082 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан 0000 хаягт байршилтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч Р.Э-ын эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Р.Э-ыг 0000хаягт байршилтай, 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгч болохыг тогтоосон. Гэвч, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024.07.29-ний өдрийн 210/МА2024/01526 дугаартай магадлалаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Р.Э-д холбогдох, 0000 орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай Д.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 1 дэх заалтын дараа “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-т холбогдох, 0000 орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай Р.Э-ын сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 2 дахь заалтыг нэмж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан. Улмаар маргаан бүхий 0000 орон сууцны 1/6 хэсгийг өвлөсөн Р.Э- нь орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх боломжгүй болсон юм. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.М нь шүүх хуралдааны үеэр “... маргаан бүхий байрны 1/6 хэсгийг өвлөсөн нь хамтран өмчлөгчөөр бүртгэх үндэслэл болохгүй, харин тухайн байрыг бусад этгээдэд худалдсан тохиолдолд 1/6 хэсгийн мөнгийг шаардах эрхтэй” гэх агуулгатай тайлбарыг хэлсэн.
Р.Э нь маргаан бүхий 0000 орон сууцны 1/6 хэсгийг өвлөснөөр тухайн байрны хамтран өмчлөгч болохыг тогтоосон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх эд хөрөнгө хуваах асуудлыг чухалчилж хамтран өмчлөгчөөр бүртгэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хууль болоод шударга ёсонд нийцэхгүй.
Тодруулбал, маргаан бүхий 0000 орон сууцны 2019.12.12-ны өдрийн 000740870 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хүчинтэй байгаа бөгөөд Д.Б нь хүссэн үедээ бусдад худалдан борлуулах боломжтой. 2020 оноос өнөөдрийг хүртэл Р.Э-ыг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлага гаргаж ирсэн Д.Б нь орон сууцыг бусдад худалдан борлуулсан тохиолдолд тухайн орлогынхоо 1/6-ийг сайн дураар Р.Э-д өгөхгүй нь илэрхий ойлгомжтой. Мөн тухайн орон сууцыг худалдан авсан этгээд нь Р.Э-ыг орон сууцнаас нь албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж, дахин Р.Э-ын хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөх боломжтой юм. Угтаа, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д “Хуульд зааснаар... хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно”, 108.4-т “Дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгээр тэдгээрийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно” гэж тус тус заасан. Энэхүү хуулийн зохицуулалтын дагуу хуульд зааснаар буюу Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д заасны дагуу маргаан бүхий байрны хууль ёсны өвлөгч болсон Р.Э нь хамтран өмчлөгчөөр тогтоолгох боломжтой. Ийнхүү хамтран өмчлөгчөөр тогтоолгож, бүртгүүлсэн тохиолдолд дээр дурдсанаар Д.Б нь Р.Э-ын зөвшөөрөлгүйгээр маргаан бүхий орон сууцыг бусдад худалдан борлуулах боломжгүй болж, Р.Э-д хуулийн хамгаалалт үүсэх юм. Түүнчлэн, орон сууцны маргаан үүсч, тухайн орон сууцны тодорхой хэсгийн өвлөгч болсон этгээд нь хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх үндэслэлтэй юу эсвэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн тухайн орон сууцыг бусдад худалдан борлуулсан орлогоос нь тодорхой хувийг шаардах эрхтэй юу гэдэг асуудалд хууль хэрэглээг Улсын Дээд шүүхээс тогтоох нийтлэг ач холбогдолтой байна.
Иймд, миний гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024.05.21-ний өдрийн 181/ШШ2024/02082 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.11.21-ний өдрийн 001/ШХТ2024/01436 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Р.Э-д холбогдуулан орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “... Д.Б нь 0000 28 м.кв талбайтай орон сууцны өмчлөгч бөгөөд 0000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй болно. Д.Б уг орон сууцанд ээж Н.Д, төрсөн ах Т.Б нарын хамт амьдарч байгаад 1996 онд АНУ-д ажиллаж амьдрахаар явсан. Ээж Н.Д 2007 онд, ах Т.Б 2010 онд нас барсан. ... Р.Э нь нэхэмжлэгч Д.Б-ын орон сууцанд амьдарсаар байгаа ба Д.Б эх орондоо ирж гэртээ амьдрах хүсэлтэй байхад суллаж өгөхгүй эрх, ашиг сонирхлыг нь ноцтой зөрчсөөр байна. Н.Т, Н.Д нар Р.Э-ыг 5-6 настай байхад нь бусдад үрчлүүлсэн. Гэр бүлийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхээ алдсан. Иймд 0000 тоот хаягт байршилтай орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү” гэж тодорхойлжээ.
8. Хариуцагч Р.Э- нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “…Миний бие Р.Э-, 1956.03.19-нд Улаанбаатар хотод төрсөн. Бид ах дүү тавуулаа, бидний төрсөн эцэг С.Т-, эх Н.Д нар, том ах Т.Б, эгч Т.Р, ах Т.Б, би Р.Э-, дүү Д.Б- юм. Миний төрсний гэрчилгээн дээр төрсөн эх Н.Д гэж бүртгэлтэй. Би өөрийн төрсөн ээж Н.Д-тэй ойр дотно байж бага дүү Д.Б-ыг АНУ явсан цагаас орон сууцанд хамт амьдарч байгаад ээжийгээ харж асарч 2007 онд өөд болоход нь энэ байранд нь үлдэж одоог хүртэл амьдарч байна. ...Манай дүү ...орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ авсан талаар би огт мэдээгүй, харин энэ нэхэмжлэлд хавсаргасан баримтаас харлаа. ...Энэ байранд 1996 оноос хойш огт амьдарч байгаагүй, өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор өв хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаж байгаагүй, өвлөх эрхийн гэрчилгээ хуульд заасан хугацаанд авч байгаагүй учир түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Энэ байранд миний ах Т.Б бас бүртгэлтэй байсан боловч эхнэр 2 хүүгийн хамт Төмөр замд өөрсдийн орон гэр, байр сууцтай байсан учир биднээс тусдаа амьдарч байгаад нас барсан. Ээж, ах хоёрыг нас барснаас хойш энэ байрыг өвлөх, өмчлөх талаар хэн ч маргаан гаргаж байгаагүй. ...Р.Э нь ээж Н.Д болон ахынхаа өвийг хүлээн авсан, ...өвийн маргааны талаар шүүхэд тусад нь нэхэмжлэл гаргаж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.05.03-ны өдрийн 920 дугаар магадлалаар Р.Э-ыг маргаан бүхий байрны зургааны нэг хэсгийн өмчлөгч болохыг тогтоосон. Намайг бусдад үрчлүүлсэн гэдэг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Өөрийнхөө овгийг сольсон. Тэгэхээр овог нэр солих болон бусдад үрчлүүлэх 2 хоорондоо ялгаатай ойлголт. Тэрний хууль зүйн үр дагавар ч гэсэн ялгаатай. ...Улмаар 53 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Нотариатын тухай хуулийг зөрчсөн гэдгийг шүүх тогтоож хүчингүй болгосон. Тэгэхээр энэ Д.Б-т олгосон 2019 оны өмчлөх эрхийн гэрчилгээ Нотариатын тухай хуулийг зөрчсөн. ...” гэж маргаж орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
9. Нэхэмжлэгч Д.Б сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Сөрөг нэхэмжлэлд дурьдсан үл хөдлөх хөрөнгө нэхэмжлэгч миний эгч н.Рэнцэнхандын хотын захиргаанд гаргасан өргөдлийн дагуу эцэг С.Т-ы гэр бүлд 1981 онд олгогдсон орон сууц бөгөөд С.Т 1982 онд нас барсан, ах Т.Б өрх тусгаарласан учир би эх Н.Д-ийн хамт амьдрах болсон. Орон сууцны хувьчлалаар хамтран өмчлөгч нар нь нэхэмжлэгч Д-ийн Б ба түүний эх Н-н Д, төрсөн ах Т-ы Б нар бичигдсэн. Эх Н.Д, ах Т.Б нар нас барсан ба үл хөдлөх хөрөнгийн тэдгээрт ногдох хэсгийг Д-ийн Б би өвлөн авснаар одоо цорын ганц өмчлөгч нь болсон юм. Р.Э уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг хэн нэгнээс өвлөн аваагүй ба орон сууцны өмчлөлийн талаар ямар нэгэн эрх эдлэж байгаагүй түр оршин сууж байгаа атлаа худал тайлбар гаргаж шүүхийг төөрөгдүүлж байна. Р.Э нь өмчлөгч тодорхой орон сууцанд удаан хугацаанд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр амьдарч, хаягийн бүртгэл хийлгэсэн нь тухайн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авах үндэслэл болохгүй. ...Р.Э нь хэдийгээр Н.Д-ийн төрсөн охин мөн боловч бусдад үрчлүүлсэн. Тэрээр үрчилж авсан эцэг н.Р, эх н.Д нарын хамт нэг өрх, ам бүл, төрүүлсэн эхийнхээс тусдаа ам бүл байсан, нэг гэр бүлийн гишүүд байгаагүй. ...” гэж маргажээ.
10. Анхан шатны шүүх “... Маргааны зүйл болсон 0000хаягт байршилтай, 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнаас өвлүүлэгч Н.Д-д ногдох 1/3 хэсгийг хууль ёсны өвлөгч Р.Э, Т.Б нар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт зааснаар тэнцүү хэмжээтэй буюу тус бүр 1/6 хэсгийг өвлөсөн гэж дүгнэж хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.05.03-ны өдрийн 210/МА2023/00920 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон. ...Мөн дээрх хуулийн хүчин төгөлдөр магадлалаар ...энэ хэргийн нэхэмжлэгч Д.Б-аас нас барагч Н.Д-ийн өвлөгч болохоо нотолсон баримтыг нотариатч С.С-т ирүүлээгүй байхад бусад өвлөгчид өв хүлээн авах өргөдөл гаргаагүй тул татгалзсан гэх үндэслэлээр хүсэлт гаргагч Д.Б-т 2019.09.25-ны өдрийн 53 дугаар өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1 дэх хэсэгт хууль ёсны өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариатчид гаргах, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д нотариатч нь өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо өвлөгч болохыг нотлох баримтыг үндэслэхээр тус тус заасныг зөрчсөн болохыг тогтоож, нотариатч С.С-ын Д.Б-т олгосон 2019.09.25-ны өдрийн 53 дугаар өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул ...30 тоот орон сууцыг нэхэмжлэгч Д.Б-ыг дангаар өмчлөх эрхтэй этгээд гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зүйл болсон 0000хаягт байршилтай, 28 м.кв талбайтай 2 (хоёр) өрөө орон сууцыг хариуцагч Р.Э-ын эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардсан нэхэмжлэгч Д.Б-ын үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй, харин ... Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1-д “Өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрд оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу ... орон сууцыг өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, ...зохих хэмжээгээр хуваарилбал зохино. Хариуцагч Р.Э нь дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ... 1/6 хэсгийг өвлөн авсан тул тухайн орон сууцны хамтран өмчлөгч болох хууль зүйн үндэслэл бүрдэнэ. ...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Р.Э-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
11. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ “...хариуцагч Р.Э-ыг маргаан бүхий орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэхгүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-ын гаргасан бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, ...хариуцагч Р.Э-ыг маргаан бүхий орон сууцны 1/6 хэсгийг өвлөсөн гэж дүгнэсэн шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр атал анхан шатны шүүх түүнийг мөн орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасантай нийцэхгүй, ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, ...-ийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн ... шийдвэр, ... байгаа гэж заасныг үндэслэн давж заалдах шатны шүүхээс хариуцагч Р.Э-ын гаргасан орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна. Түүнчлэн, анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаанд хамааралгүй буюу өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ аливаа халдлагаас хамгаалах эрхтэй тухай хуулийн зохицуулалтыг баримталсан нь оновчгүй болсон тул хассан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна.” гэсэн дүгнэлт хийжээ.
12. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх өв залгамжлалаар өмчлөх эрх олж авах үндэслэлийн талаар зөрүүтэй дүгнэлт хийж өөр өөр шийдэл гаргасан байх ба энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч хянан хэлэлцэв.
Тодруулбал, анхан болон давж заалдах шатны шүүх Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.05.03-ны өдрийн 210/МА2023/00920 дугаар магадлалыг шийдвэр, магадлалын үндэслэл болгож, хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж дүгнээгүй боловч анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарыг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 1/6 хэмжээгээр өвлөх эрхтэй тул хамтран өмчлөгчид гэж дүгнэж, давж заалдах шатны шүүх өвлөх эрхийн маргааныг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэсэн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
13. Хэргийн баримтаар нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Р.Э нар нь төрсөн эгч дүүс бөгөөд Н.Д-ийн хүүхдүүд болох нь тогтоогдсоны гадна Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.05.03-ны өдрийн 210/МА2023/00920 дугаар магадлалаар маргаан бүхий орон сууцнаас өвлүүлэгч Н.Д-д ногдох 1/3 хэсгийг хууль ёсны өвлөгч Р.Э, Т.Б нар тус бүр 1/6 хэсгийг өвлөсөн гэж дүгнэж, нотариатчаас нэхэмжлэгч Д.Б-т 2019.09.25-ны өдөр олгосон 53 дугаартай Н.Д-ийн өмчлөлд байсан Ү-0000 бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, харин 2019.09.25-ны өдөр олгосон, 52 дугаартай Т.Б-ын өмчлөх эрхэд бүртгэлтэй Ү-0000 бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай Р.Э-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба маргаан бүхий Ү-0000 бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд 2001.06.18-2019.12.12 хүртэл Н.Д, Т.Б, Д.Б нар бүртгэгдсэн, 2019.12.12-ны өдрөөс нэхэмжлэгч Д.Б бүртгэгдсэн тухай үйл баримт тогтоогджээ.
14. Нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээс үзэхэд зохигч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх өвийн журмаар үүссэн эсэх, улмаар хариуцагчийн эзэмшил хууль бус эсэх талаар маргасан.
15. Хоёр шатны шүүх өмчлөх эрх өвийн журмаар үүссэн эсэх талаар дүгнэхдээ ийнхүү үндэслэл болгосон өвийн асуудал шийдвэрлэгдсэн нөхцөл байдал нь зохигчийн өмчлөх эрхийн талаар хангалттай дүгнэлт хийх боломжтой эсэхийг анхаараагүй, мөн анхан шатны шүүх өвлөгдөх эд хөрөнгөнөөс оногдох хэсгийг тодорхойлохдоо хамтран эсхүл хэсгээр өмчлөх эрхтэй эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Тодруулбал, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.05.03-ны өдрийн 210/МА2023/00920 дугаар магадлалаар хариуцагч Р.Э-ыг өвийн зүйлийг 1/6 хэмжээгээр өвлөх эрхтэй гэж үзэхдээ тэдний төрсөн ах болох Т.Б-ын эхнэр хүүхдүүдийг мөн өвлөх эрхтэй гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, Р.Э-ын нэхэмжлэлээс Т.Б-ын өмчлөх эрхэд бүртгэлтэй Ү-0000 бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Мөн энэ хэрэгт Р.Э нь нэхэмжлэгчээр оролцож, Д.Б-т олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагыг нотариатчид холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Д.Б нь гуравдагч этгээдээр оролцож зохигч энэ хүрээнд маргасан байх бөгөөд өв залгамжлагч Т.Б-ын эхнэр хүүхдүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байна.
16. Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд өмнөх хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр өвийн асуудлыг нэг мөр шийдвэрлэсэн гэж үзэхэд учир дутагдалтай буюу зохигчийн ах болох Т.Б-ын эхнэр хүүхдүүдийн өвийн талаарх байр суурийг тодруулахгүйгээр зохигчийн хооронд үүссэн өмчлөх эрхийн маргааныг эцэслэн шийдвэрлэх нөхцөл бүрдээгүй байна.
Өөрөөр хэлбэл, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувьд зохигч ямар хэмжээгээр өвлөх эрхтэйг тогтоосноор тэдний өмчлөлд ногдох хувь хэмжээг тодорхойлох үндэслэлтэй.
Иймээс маргааны үйл баримтын талаар шүүхээс эцэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх нөхцөл бүрдээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2024/02082 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2024/01526 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-ийн 2024.09.19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН